Аймгийн Алдарт уяач Л.Өлзийбүрэн: Бор хээр морио гамнаж байгаад нэг түрүүлгэмээр байна
Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, Лүнлхаагийн Өлзийбүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1983 онд төрсөн залуу Алдарт бөгөөд залуучуудын "Авьяаслаг залуу" алтан медаль, ММСУХ-ны Хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ.
-Таны аав Лүнлхаагийн морь 10 гаруй удаа түрүүлсэн гэж та хэлж байсан. Аавынхаа талаар бидэнд танилцуулаач.
-Манай аав Лүнлхаа, Дамдин гэж хүний ууган хүү болж 1967 онд энэ суманд мэндэлсэн. Манай өвөө Дамдингийн хувьд Тамч сумын үед морь уяж байсан хүн. Өөрийнх нь хотгор хээр сумынхаа баяр наадмаас олон айраг, түрүү хүртсэн хурдан морь байсан юм гэнэ лээ. Харин миний аав Лүнлхаа 10 гаруй настайгаасаа эхлэн морь уясан уяач хүн юм. Нийт 40 гаруй жил морь уяхдаа олон айраг, түрүүг авсан байдаг. Миний хувьд гурав дахь үеийн уяач.
-Аавын тань уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь хөшөөний эзэн хээр морь юм уу?
-Тиймээ. Түмний эх дархан хээр морь юм. Энэ хээр морь Тонхил сумын баяр наадамд дааганаасаа соёолон хүртэл завсаргүй түрүүлчихээд нийлсэн жилээ нэг өнжсөн. Тэгээд найман настайгаасаа дахиж уралдаад завсаргүй тав, завсартай хоёр түрүүлсэн. Нийт 11 түрүүлж, зургаа айрагдсан морь юм. Мөн Дарив суманд айрагдсан. Өөр гадагшаа гарч уралдаагүй юм байна лээ. Одоогоор Тонхил суманд 11 түрүүлсэн морь гараагүй байна.
-Хээр морь хаанахын удам угшилтай вэ?
-Хээр морь нэгдлийн адууны унага юм. Эхээсээ хаягдсан өнчин унага Хавчигийн голд явж байсныг Түвд гуай олж авсан байгаа юм. Хээр морь маань шүдлэн хүртлээ Түвд гуайд байж байгаад сүүлд манай аавд ирсэн.
-Тухайн үед аав тань ямар үнэ ханшаар хээр морийг худалдаж авч байсан бол?
-Хээр морийг өндөр үнээр авсан гэж ярьдаг. Миний дуулж байснаар 2500 төгрөг дээр таван бод нэмж өгсөн гэсэн. Тухайн үеийн чамгүй л өндөр ханш л даа.
-Хээр морь хэд хүрч насласан бэ. Хамгийн сүүлд хэдтэй уралдав?
-25 нас хүрсэн. Хамгийн сүүлд 20 настай дархлаад 21 настай баталж түрүүлж байлаа.
-Дархлаад гэдэг нь...?
-10 түрүүлэхэд нь дархан цол өгсөн юм. Тэгээд 21 настай дахин түрүүлсэн. Аав 22 настайд нь уяж байгаад уралдуулаагүй юм. Учир нь наадмын өглөө бид хэд мотоцикльтой явж байгаад осолд орчихсон чинь манай аав хээр морины цаг нь болжээ гэж бодоод уяанаасаа мулталсан түүхтэй. Хээр морийг 25 настай байхад Тонхил сумын 70 жилийн ойд гаргаж өгсөн.
-Зодог тайлж байгаа юм уу?
-Тиймээ. Тэгээд хээр морийг залгаж аавын минь алаг морь уралдаж эхэлсэн.
-Хээр морины хөшөөг харахад бие нь их нарийхан цустай адуу шиг харагдаж байна лээ. Хөшөөгөөр нь хээр морины хэлбэр хийцийг дуурайлгаж чадсан уу. Ер нь ямар онцлогтой адуу байсан бэ?
-Хээр морь чац өндөртэй их урт морь байсан. Таны хэлж буй шиг цустай адуу шиг харагддаг нь үнэн шүү. Хөшөөгөөр нь 50 хувьтай дуурайлгаж хийсэн байх.
-Ямар уяатай адуу байсан бэ?
-Маш урт, хатуу уяатай адуу байсан. Сар гаруй уяж байж уяа нь ордог. Морины сунгаанд арав дотор орсон тохиолдолд л наадамд уралдуулдаг байсан. Хээр морины хоол ундыг нь хасч, их хатуу гараар уядаг байсан гэж аав ярьдаг байлаа. Тэгээд гарын ая ч их сайн даадаг адуу байж дээ хөөрхий. Хээр морь уралдахаараа бусад морьдоосоо хол салдаггүй байсан гэсэн. Тэгээд бариа руу орохын үед л түрүүлээд давхичихдаг байсан гэдэг. Дээхнэ үед Тамчийн таван хээр гэж яригдаж байсан адууны нэг л дээ.
-Тэр хэн, хэний хээр морьд байв?
-Сарт хээр, Шараваа хээр, хонины хээр, их хээр, Бямбасүрэнгийн хээр морьдыг Тамчийн таван хээр гэж нэрлэдэг байсан гэсэн. Найман хээр морь байснаас тав нь сайн давхидаг байсан гэнэ лээ. Тэгээд Тонхил сумын наадамд Тамчийнхан дийлж уралддаг байсан түүх байдаг. Аав минь бурхан болоод эдгээр морьдынх нь амжилт завсардаж өөр багийн морьдууд түрүүлсэн тохиолдол байдаг. Гэхдээ нэг их удаан биш л дээ дөрөв, таван жил л завсардсан. Тэгээд хээр морийг залгамжилж миний бор хээр сайн давхиж эхэлсэн.
-Бусад сумын уяачид өөрийнхөө морийг хээр морьтой уралдуулахаар Тонхилд ирж байв уу. Хээр морины хувьд арван жил түрүүлсэн зартай хурдан хүлэг учраас тийм тохиолдол байсан байх.
-Хөх морьт сумын Баавгай халтар морь энд ирж “Буман хонь, ямааны баяр”-т уралдаад түрүүлж байсан гэдэг. Тэр чамгүй хурдан морь байсан. Харин манай хээр морь аман хүзүүдсэн. Гэхдээ тэр наадам жаахан будилаантай болсон гэсээн. Бид аавыгаа бурхан болсны дараа 75 насных нь ойг хийчихээд хээр мориныхоо гарал үүслээр “Их хээр” гэж гал байгуулсан. Түүнээс таван жилийн дараа Тонхил сумын 90 жилийн ой болоход хээр мориныхоо хөшөөг босгосон юм. Хөшөөний нээлтэд зориулж наадам хийгээд хоёр насны морь уралдуулсан. Мөн аавынхаа насны ойг тохиолдуулан сумтайгаа хамтраад наадам хийсэн. Тэр наадмын их морины түрүүг би авсандаа их баярладаг. Их хээр мориныхоо хөшөөг босгочихоод сумынхаа 90 жилийн ойтой хамтраад наадамд хийе гэхэд нутгийн түмэн олон “Аавынхаа насны ойг өмнөх ойтой хамтарч хийсэн юм чинь энэ удаа малынхаа өнгө үүдийг тодорхойлоод урд нь наадмаа хийчих” гээд байсан юм. Тэгээд олон түмний хүсэлтээр даага, их насны морь уралдуулсан. Дааганы уралдаанд нь миний уясан морь түрүүлсэн юм. Тэгэхэд би их баярласан. Харин их насны морины хувьд өөрийнхөө зохион байгуулсан наадамд морио түрүүлүүлэх сонин биш байсан. Тэгсэн, тэгээгүй түмэн уяачид морио уяж байгаа шүү дээ. Энэ наадамд миний уясан хоёр дааганы нэг нь түрүүлж, нөгөө нь айргийн таваар ирсэн. Гэхдээ хоёулаа миний хоёр ахын даага байсан.
-Аавын тань их хээр морийг залгамжилсан алаг морины удам, угшлын талаар ярьж өгөөч.
-Тэр алаг морины хувьд Тонхил нутгийн Бүс хайрхан уулын унаган адуу. Аав Цагаан сараар нэг найзындаа золгох гэж яваад айлын адуунаас тэр алаг морийг олж харсан гэсэн. Их хурдлахаар адуу байна гэдгийг нь мэдээд авсан байгаа юм. Манай аав морийг их сайн шинжиж, таньдаг байсан хүн л дээ. Тэгээд тэр алаг морь манай аавд ирээд энэ суманд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Нэг түүх ярихад, Завханы Сар хайрханы даншиг наадамд би алаг морио унаад уралдсан юм. Би хүүхэд байсан гэхээр их холын үйл явдал юм уу даа. Тэр наадамд алаг морь хол түрүүлж яваад барианд орохын эцэст сонин болоод амнаас нь том, том хөөс унаж байсан. Хажуугаар морьд гарч давхиад л... Би алаг морио яасан юм бол удахгүй уначихвий дээ гэж бодоод цээж, ам руу нь алгадаад агаар сөрүүлж зогсож байж арай л унагалгүй тогтоож авсан. Тэгсэн уухлуур гэж айхтар хортой өвсийг идчихсэн байсан юм байна лээ. Тэгээд наадмын өглөө Завхан голын усанд хөрвөөх гээд самардаж унаад байхад нь манай аав оруулаагүй гэсэн. Тэгэхэд аав “Миний алаг морь яахаа мэдэж байсан байна. Хөрвөөлгөсөн бол...” гэж санаа алдаж байлаа. Барианаас дөрөвхөн км ийн зайд татсан шүү дээ. Дараа нь Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд “Морин эрдэнэ бат оршил” гэж даншиг наадам болсон. Тэр наадмын өмнө том сунгаа болж 180 орчим морь уралдахад холхон түрүүлж байлаа. Манай аав хоёр даншгийн наадам үзсэн хүн.
-Тэгээд яг даншиг наадамдаа хэдээр давхисан бэ?
-Дэлгэрийн даншиг наадамд 54-өөр давхисан. 700 гаруй их морь мордоход эхний 250 нь дутуу эргэсэн. Тэр 250 их мориноос алаг морь өнгөлж ирэхэд замаас нь буцаагаад 16 км хол хөөгөөд дараагийн 450 морьтой эргүүлсэн. Тэгсэн мөртлөө л өнгөний морьтой хамт явж байсан. Яг барианд орохын үед л муудчихсан юм. Тэгээд тэр наадмаас нутаг руугаа ирж явахдаа машин дээрээс үсрээд осолдчихсон. Есөн настай байхдаа шүү дээ. Хэрвээ тэгж осолдоогүй бол чамгүй амжилт гаргах байсан гэж Тонхил нутгийнхан ярьдаг юм. Энэ алаг морь Тонхил сумын 70 жилийн ойд их хол түрүүлсэн. Харин 60 жилийн ойд манай аавын их хээр морь түрүүлсэн.
-80 жилийн ойд морьдоо яаж давхиулсан бэ?
-Би Тонхил сумын 80 жилийн ойд соёолон морио айргийн гурваар давхиулсан. Аав маань 80 жилийн ойг үзэж чадаагүй нь харамсалтай.
-90 жилийн ойд таны морь түрүүлсэн. Тийм үү?
-Тэгсэн. Уяачийн аз тохиосон юм болов уу.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Танаас өөр хүн морь уяж байна уу?
-Бид эцэг, эхээс арвуулаа. 10 хүүхдийн 9 дэх нь би. Дөрөв нь эрэгтэй. Гурван хүү нь морь уяж байна даа. Би нэг эгчтэйгээ хамт энэ нутаг орондоо байдаг. Бусад нь өөр газарт амьдарч байна даа.
-Таны хувьд хэзээнээс эхэлж морь мал уяж байна. Ямар удам угшилтай, ямар нас, зүсний мориор уяачийн гараагаа эхэлсэн бэ?
-Би 1998 онд аавыгаа бурхан болсны зунаас л морь уяж эхэлсэн. Аавынхаа уяж байсан цавьдар морийг Тонхил сумын наадамд айрагдуулж байлаа. Тэгж миний уяачийн гараа эхэлсэн дээ. Мөн тэр жилээ аавынхаа уяж байсан Эрдэнэбат гэж хүний хээр морийг айрагдуулсан. Түүнээс хойш хоёр жил бид айраг, түрүү авч чадалгүй завсардсан. Би ч бага хүүхэд байсан болохоор морио сайн уяж чадахгүй байсан байх. Тэгээд 2000 онд Цэцэг сумаас нэг шар хээр морь авч уяад аймагт болсон Алтайн 60 жилийн наадамд уралдуулсан. Тэгэхэд морь будилсан, миний шар хээр морь түрүүчийн морьтой хүрээд ирсэн. Тэгээд дахин уралдуулж чадаагүй. Түүнээс хойш хараахан айраг авч чадалгүй байгаад 2004 онд Бугат сумаас бор хээр морио авсан.
-Бор хээр морь өөрт тань ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байв?
-Бугат сумандаа шүдлэн, хязааландаа түрүүлснээс гадна соёолондоо Алтай сумын 90 жилд түрүүлсэн. Ийм амжилттай хавчиг зургаан настай морийг авч байлаа. Тухайн үед нэг сая таван зуун мянган төгрөгөөр авсан. Надад ирээд Тонхил сумын наадамд аман хүзүүдсэн. Дараа жил нь сумынхаа наадамд хол түрүүлсэн. Тэгэхээр нь аймгийн баяр наадамд очиж уралдуулсан юм. Тэнд наймаар ирсэн дээ. Уг нь айрагдах боломж байсан ч би хүүхэд байсан болохоор уяаны алдаа дутагдал гаргасан байх. Энэ хээр морио би тойргийн бүх суманд уралдуулахад бүгдээс нь айраг, түрүү авсан.
-Тонхил сумандаа гурав түрүүлж, гурав аман хүзүүдсэн гэсэн. Тийм үү?
-Тэгсэн. Мөн Бугат суманд хоёр түрүүлж, хоёр айрагдсан. Ховд аймгийн Цэцэг суманд бас хоёр түрүүлсэн. Мөн 2008 онд Ховд аймгийн Сутай хайрханы анхны тахилгад түрүүлсэн.Ингээд хээр морь нийтдээ 10 түрүүлчихээд байгаа юм. Тийм болохоор бор хээр мориндоо бас л дархан цол өгчихөөд байна. Түүнийгээ батлаад наадам хийж чадаагүй. Өнгөрсөн жил 18 настайдаа Тонхил сумынхаа наадамд айргийн таваар давхисан. Миний энэ морь сумын наадамд айрагдаагүй тохиолдол ганц л байдаг нь буман хонь, ямааны баяраар зургаалсан нь. Би хээр морио 23 нас хүртэл нь уях болов уу гэж бодож байна. Олон уралдаанд оролцуулахгүй гамнаж байгаад ганц л баталж нэг түрүүлүүлмээр байна. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг шиг дахин түрүүлчих болов уу гэсэн горьдлого байна.
-Хөл гар, нуруу туруу нь бүтэн үү?
-Хөл гар, нуруу бүтэн. Нуруу туруундаа ганц цагаан ноос ч байхгүй.
-Та бор хээрээс өөр нэг сартай хээр мориор сайхан наадаж байсан юм байна. Энэ морины тухайд ямар түүхтэй вэ?
-Сартай хээр морь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Улсын сайн малчин Цоггэрэл гэж хүний унаган адуу. Энэ хээр морийг би 2006 онд Говь-Алтай аймгийн даншиг наадмын өмнөхөн соёолонд нь авч байсан юм. Ирсэн жилээ сумын наадмын соёолон морины уралдаанд түрүүлсэн.
-Яагаад?
-Манай нутгийн газар хатуу болохоор зүүн талын адуу улдаад байх юм. Нэг сарын дараа аймгийн бүсийн наадам болох гэж байсан болохоор ул турууг нь эмчилчихнэ гэж бодож байтал чадаагүй. Тэр үед морийг дөнгөж тэжээж сурч байж. Тэжээл өгөхөөс л бус яаж тэжээхийг мэддэггүй байлаа. Тэгээд энэ мориныхоо улыг нь гамнаад тэжээл өгөөд байсан чинь ааг суугаад уяаны алдаа орчихсон юм. Сүүлдээ нам дороос өөдөө тарлуулж үзтэл хүүхдээ авч уяа руугаа шуугаад дахиад нөгөө хөлөө эвгүйтдүүлчихсэн. Эцэст нь хөлд нь эмгэг суулгаад уралдуулж чадаагүй дээ. Түүнээс хойш хөлийг нь гамнаж байгаад Говь-Алтай аймгийн шигшмэл хурдад уралдуулахад есөөр ирсэн. Мөн тэр жилээ Ховд аймгийн 80 жилийн ойд уралдахад хол түрүүлж ирээд бариан дээрээ алдаад есөөр орсон.
-Аймгийн чанартай бүсийн уралдаанд хоёр түрүүлсэн гэсэн байна. Энэ хэдэн онд хаана болсон уралдаан бэ?
-2012 онд Ховд аймгийн Цэцэг суманд болсон хаврын бүсийн уралдаанд сарт хээр морь хол түрүүлсэн. Тэгээд нэг жил өнжөөд 2014 онд Баян-Уул суманд болсон бүсийн уралдаанд бас холхон түрүүлсэн.
-Сумдад найм түрүүлж, 5 айрагдсан гэсэн байна. Аль сумдад түрүүлж байв?
- Дарив, Тонхил, Цэцэг сумдад түрүүлсэн. Гурван суманд найм түрүүлсэн.
-Тэгвэл хаана айрагдсан бэ?
-Мөн л энэ Дарив, Тонхилд айрагдсан.
-Одоо хэдтэй морь билээ?
-Одоо 12 настай.
-Уралдаж байна уу?
-Уралдангүй байгаа. Хөлийг нь гамнаад л байж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, Улсын сайн малчин Цоггэрэлээс авсан бас нэг алаг морь маань Ховд аймагт болсон “Алтайн унага” уралдаанд соёолондоо аман хүзүүдсэн. Мөн Тонхил сумандаа нэг түрүүлж байлаа. Бусад сумдаас нийлээд 10 орчим айрагтай.
-Та аймгийн чанартай уралдаанаас хэдэн, айраг түрүүтэй вэ?
-Би аймгийн хаврын бүсийн уралдаанаас хоёр түрүү, нэг аман хүзүү, сумдын ойгоос найман айрагтай. Тэгээд 2011 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Давамгай амжилт гаргасан морьд гэвэл дээр ярьсан хэд байх. Тийм үү?
-Тийм. Бас Таван цагаан, Асгат халзан гэж үрээнүүд байна.
-Сүхбаатар аймгийн адуунууд уу?
-Тиймээ. Би энэ сум, орон нутгийн болон өөрийнхөө адууны хөгжилд чамгүй хувь нэмэр оруулсан хүн юм. Жишээлбэл, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас хурдан угшлын адуунууд авч ирсэн. УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж гуайн санаачилсан “Адуужуулах төсөл”-ийн хүрээнд зүүн зүг рүү адуунд яваад дөрвөн адуу авч ирж байсан. Тэр дөрөв маань сайн давхисан. Бас зүүн талаас авчраад хүмүүст өгчихсөн адуунууд маань хүртэл сайн давхиж байгаа. Бүх азарга маань Сүхбаатар, Дорнод угшилтай. Бага шиг адуунууд эхнээсээ сум, орон нутгийн уралдаанаас айраг, түрүү авч байна. Ингэж адууны угшлаа сайжруулсан.
-Таны хувьд Тамч багт харьяалагддаг юм байна. Өөрийнхөө багийг танилцуулаач?
-Манай Тамч багт мөр зэрэгцээд морь уяж буй олон сайхан залуу байна. Тухайлбал, аймгийн Алдарт уяач Сүхийн Нямдаваа гэж залуу сум, орон нутгийнхаа наадмаас олон айраг, түрүү авсан. Мөн Лхагвасүрэнгийн Содбаяр, Содномдоржийн Батзориг, Жүгдэрийн Баттөр, Д.Баярсайхан, А.Тэгшбаяр гэж сайн уяачид манай багийнх. Ж.Баттөрийн хувьд олон азаргаа сайхан давхиулж байгаа. Өвөг дээдсээсээ морь уясан ийм залуус байна. Энэ залуусынхаа амжилтаас дурсахад, энэ жил /2016 он/ Сутай хайрхан уулыг тахих ёслолд хоёр насны морь уралдахад Содбаярын их морь, соёолон хоёр хоёуланд нь түрүүлсэн. Хязаалан морь соёолонд давхиулаад түрүүлүүлсэн юм. Нямдаваа гэж миний найзын хар морь бас төрийн тахилгаас айраг авч байсан. Одоо ч сайн залуу уяачид олон болсон байна. Мөн боломжтой болгон нь морь уях гэдэг сонирхолтой болсон нь сайшаалтай. Нэмж хэлэхэд, өнөөдөр уралдаад түрүүлж, айрагдаж буй морьдын 50 хувь нь цустай адуу байна. Тэгэхээр цэвэр монгол адуу, эрлийз адууг ялгаж уралдуулмаар байна. Хөдөөний уяачид маань энэ тал дээр арай хоцрогдсон. Манай баг аймгаас алслагдмал болохоор бидний өвөг дээдэс хараахан аймгийн наадамд очиж уралдаж чаддаггүй байсан юм байна лээ. Одоо бид зүтгээд уралдсан ч морьдоо 10, 20 гаргаад л давхиулж байна. 200 гаруй км шороон замаар адуугаа ачаад очдог ч зүдэргээ, ядаргааг нь гаргаж чаддаггүй. Энэ тал дээр залуу уяачид жаахан алдаад байх шиг байна. Энэ мэт шалтгаанаас болоод улс, бүсийн чанартай уралдаанаас амжилт гаргасан уяач манай суманд одоохондоо байхгүй байна. Тиймээс цаашдаа улс, бүсийн уралдаанд амжилт гаргах л зорилготой байгаа.
-Харьцангуй залуу уяач гэхэд сум орон нутагтаа сайхан амжилт үзүүлсэн байна. Таны хамгийн сайхан наадмын дурсамжаар тань яриагаа өндөрлөе.
-Би хөдөө баг, орон нутагт нэг өдөр таван насны морь түрүүлүүлсэн. Тэр л их бахдалтай сайхан санагддаг шүү. Мөн аавынхаа 75 насны ойн баярын жил хээр мориороо хоёр сумын их насны түрүүг авсан. Тэгэхэд надад бахдалтай байсан. Тонхил сумын АХ-ын 90 жилийн түүхт их ойд морио түрүүлүүлчихээд өөрийнхөө галын баярыг давхцуулж хийгээд бас түрүүлгэхэд аав минь тэнгэрээс харж байгаа юм болов уу гэсэн бодол төрж байлаа. Тэгээд үнэхээр би чадаж байна уу гэдгээ батлах гээд маргааш нь Ховд аймгийн Цэцэг сумын наадамд уралдуулахад мөн л түрүүлсэн.
-Ийм бахдалт наадам олон байх болтугай.
-Баярлалаа. Таны ажил үйлсэд тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна