УЯАЧ О.МӨНХБААТАР: МОРИНЫ ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 30 -нд

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, уяач Ойзонгийн Мөнхбаатарын ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1963 онд төржээ.

-Уяачдын дийлэнх нь удам дамжсан хүмүүс байх юм. Таны хувьд?
-Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын унаган иргэн. Миний өвөг дээдэс малчин улс. Малаа маллаад, морио уяад, сайхан нааддаг л байсан. Миний аав, ээжийн үед социализмын үе таарч, сумын төвд албан ажилтай байсан учир мал ахуйгаас жаахан холдсон юм билээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа бас л малаа бараадсан. Миний дүү бас моринд хорхойтой хүүхэд байсан юм. 1990 оноос хойш морь малтай ноцолдож байгаад даанч эрт бурхан болчихсон. Энэ ч утгаараа би “дүүгийнхээ гүйцэлдээгүй хүсэл мөрөөдлийг гүйцээх” гэж 2007 оноос адуутай холбогдсон. Анх улсын Начин Нэмэхбаяр, өөрийн баз Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Баярсайхан хоёртой хамт Сүхбаатараас дөрвөн морь авч ирж байлаа. Хавар дөрөвдүгээр сард авч ирээд, Төв аймгийн наадамд их насанд уралдуулсан.
-Танай өвөг дээдэс ямар зүсмийн голдуу адуутай байв. Танай удамд морь уядаг хүн хэр олон бэ?
-Миний нагац талын Бэгзээ гэж сайн уяач байсан. Бэгзээ эмбээгийн хоёр алаг морь сумандаа сайн  давхиж байсан. Мөн ойрын хамаатнуудаас аймгийн Алдарт уяач Гавааням гэж аймаг, сумын наадмаас олон айраг, түрүү авсан хүн бий. Би анх Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нэгдлийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед манай сумаас аймгийн Алдарт уяач цолтон анх дөрвөөрөө төрж байлаа. Ер нь бид хот суурин газар бараадаж, малчин ахуйгаасаа холдоод байна. Цаг үе, нөхцөл байдал нь ч их нөлөөлж байна. Хааяахан эхнэр хүүхэд, найз нөхдөө дагуулан адуун дээрээ очиж л жинхэнэ монгол гэдгээ мэдрэх юм байна шүү дээ. Даанч тийм өдөр нь цөөхөн юм. Морь сүрхий уяж, уралдаж наадаад байдаггүй ч уяа, сунгаа, унага тамгалах найруудаар адуун дээрээ байж, Монгол хүн гэдгээрээ бахархан омогшдог.
-Морьдоо Төв аймгийн баяр наадамд л голдуу уралдуулж байна уу?
-Тийм ээ, анх 2007 онд их морь дөрвөөр давхисан. Түүндээ урамшаад, морьдынхоо чанарыг сайжруулахаар зорьж, ОХУ-ын Халимагаас англи азарга авсан юм. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Самбуугийн Баярсайхан гэдэг базаасаа гүүнүүд авлаа. Өнгөрсөн хоёр жилд Төв аймгийнхаа наадмаас айраг авсан. Мөн миний нэг эрлийз азарга “Дүнжингаравын хурд”-д гараа алдаж гарсан боловч эхний хэдтэй зэрэгцэж давхисаар байгаад сууж, 12-оор ирж байлаа. Шүдлэн морь маань улсын баяр наадамд ханиадтай байсан ч 32-оор ирсэн. Энэ мэтээр уяач болох гээд л явж байгаа хүн дээ. Ажлын чөлөө зав гарахгүй болохоор нэг их шунан дурлаж ч чадахгүй юм.
-Та хурдан морьтой холбогдсоноо дүүтэйгээ холбож ярилаа. Танд адууны хийморио өвлүүлж үлдээсэн дүүгийнхээ талаар дурсаач?
-Миний дүү Батхишиг наймдугаар ангиа төгсөөд л мал дээр гарч, аав, ээжийнхээ мал аж ахуйн ажилд тусалсан юм. Улмаар морьд цуглуулж, сумын наадамд уралдуулж эхэлсэн. Дүү маань залуудаа харамсалтайгаар эндсэн юм. Эцсийн мөчид дэргэд нь байсан эмч, сувилагч нар “дүү чинь сүүлчийн мөч хүртлээ л морь ярьсаар байсан” гэж хэлдэг. Дүү минь багаасаа моринд хорхойтой, шилмэл сайхан адуун сүрэгтэй болохыг л мөрөөдөж явсан хүн л дээ. Тэгээд л “хүсэл мөрөөдлийг нь үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх ёстой хүн нь би юм байна” гэж бодсон.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?
-Би хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. Сумандаа эдийн засагч, нэгдлийн даргаар ажиллаж байсан. 
-Анх морьд худалдаж авахаар Сүхбаатар аймгийг зорих болсон нь цаанаа бас нарийн учир шалтгаантай юу?
-Хамгийн түрүүнд Халзан сумын Батсүх гэдэг залуугаас морь худалдаж авсан. Батсүхийн өвөө аав нь хувилгаан Жамсран гэж байсан бөгөөд тэднийх их хурдтай айл. Хоёр морь авч ирээд, нэгийг нь наадамд уралдуулж байх зуур нөгөөх нь гүйгээд явчихсан. Гүйчихсэн нь бүүр илүү давхих байсан байх.
-Нэгийг нь хаана уралдуулсан юм бэ. Төв аймагт уу?
-Тийм ээ. Төв аймгийн баяр наадмын их насанд 280-аад морь давхисан. Дагаж яваад нэг хартал 100 гаруй дээр давхиж явсан. Дараахан нь дахиад хартал 60-аад руу ороод ирсэн. Хэсэг хугацааны дараа хартал аман хүзүүн дээр давхиж явна. Би ч баярлаад, нүдний нулимс сул асгараад л эхэлдэг юм байна. Тэр хүлэг маань л намайг их урамшуулж, зоригжуулсан юм даа.
-Төв аймгийн баяр наадам ч бас “чанга” болдог шүү?
-Чанга шүү. Уралдаж байгаа морьдын тооны хувьд ч улсын баяр наадмаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Томчууд ч заавал нэг морь авч үлдэж, уралдуулна. Бүсийн наадамтай дүйцэхүйц л чансаатай наадам болдог гэж би боддог юм. 
-Та адууныхаа цусыг сэлбэх талаар их анхаардаг юм байна. Гүүнүүдээ хаанаас авдаг вэ?
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Төв аймаг гээд нутаг нутгийн холимог гүүнүүд бий. Уг нь сайхан удам угшилтай хүлгүүд цуглуулсан. Даанч идэвхитэй уяж уралдуулж амжихгүй юм. Хамгийн сүүлд, ноднин Төв аймгийн баяр наадамд хязаалан айрагдууллаа. 
-Таны унаган адуу юу, эсвэл худалдаж авсан хязаалан уу?
-Эхийг нь худалдаж авсан юм. Өмнө нь Төв аймагт шүдлэндээ бас айрагдсан. Төв аймгийн том наадмаас гурван айраг авахдаа Говь-Алтай аймгийн Дэлгэр сум гэж нутгийнхаа нэрээр дуудуулсандаа маш их баяртай байгаа.
-Дүнжингаравт уралдаж байсан халтар азарга тань англи азарганы төл  үү. Англи азарганы төлүүд хаана, хаана уралдаж байгаа вэ?
-Тийм ээ. Говь-Алтайд аймгийн Алдарт уяач Ганзориг, Дорнодод Мөнхтөр, Говьсүмбэрт Баасандорж нар англи азарганы төлүүдийг авсан. Дорноговьд ч бас байгаа.
-Танд олон төл үлдсэн үү?
-Надад одоо гурван гал төл азарга байна. Энэ ч утгаараа азарга нь олон болчих гээд англи азарганыхаа зарим төлийг засчихсан. Охин төлүүд нь бол олон бий. Охин төлүүдээс нь ганц, хоёрыг нь л хүн авсан юм.
-Уяачдын дийлэнх нь морь гайгүй давхиад ирэхээр нутагтаа л очиж наадъя гэсэн зорилго тавьдаг юм шиг санагддаг. Та нутагтаа очиж наадаж байв уу?
-Би уг нь Дэлгэр сумын нутгийн зөвлөлийн даргаар долоон жил ажиллаад, өнгөрсөн жил ажлаа өгсөн юм. Энэ ч утгаараа нутаг устайгаа маш ойр байдаг. Би морьдоо нэлээд эрлийзжүүлчихсэн болохоор нутагтаа очиж наадахаас жаахан санаа зовдог юм. Өөрөөр хэлбэл, нутгийн унаган хүлгүүдтэй эрлийз хүлэг уралдуулах нь ёс зүйд нийцэхгүй л дээ. Яваандаа сайхан монгол морьдоороо нутагтаа очиж уралдана аа гэж боддог.
-Улсын наадамд хурдан хүлгүүдээ сойж байв уу?
-Мордуулсан. 2011 онд миний нэг шүдлэн үрээ их сайн давхиж байсан юм. Урд талын хэдэн сумын наадмын түрүүг аваад, дунд сунгаан дээр ч хязаалан эрлийзүүдээс хүртэл хол түрүүлж ирсэн. Даанч наадмын өмнөхөн ханиад хүрчихсэн. 
-Дөрвөн ой давхацсан тэр жил Хүйн долоон худаг нэлэнхүйдээ л ханиадтай байсан л даа?
-Тиймээ. Шүдлэн үрээ маань ханиадтай хэрнээ Төв аймгийн наадамдаа уралдаад наймаар ирсэн. Тэгээд тариа хийлгэсэн чинь долдугаар сарын 9-ний өглөө овоо сэргэчихэж.  Улсын наадамд хүүхдээ солиод том хүүхэд унуулаад уралдуулчихсан чинь ханиадтай хэрнээ л 320 орчим адуунаас 32-оор ирсэн дээ. Мөн “Нийслэлийн хурд”-д 15-аар ирж байлаа.
-Төв аймгаас гарч нааддаг уу?
-Дархан, Дорнод, Булган, Төв аймаг гэсэн дөрвөн аймагт нааддаг. Ажлын онцлогоос шалтгаалаад зуны бүсийн уралдаануудад оролцож амждаггүй юм.
-Газар тариалангийн ажлаас шалтгаалаад уу?
-Тийм ээ.
-Таныг холбооны үйл ажиллагаанд нэлээд идэвхи зүтгэлтэй оролцдог гэж нутгийнхан тань үнэлдэг юм билээ?
-Оролцолгүй яах вэ. Сумын уяачдын холбооноос зохион байгуулж байгаа бүх ажилд идэвхитэй оролцдог. Мөн сумынхаа галуудын галын товогийг хийж өгсөн. Ойр дотны хүмүүстээ өөрийнхөө адуунаас үржлийн үрээ ч өгч байсан. 
-Таны өгсөн үрээнүүд хэр давхиж байна?
-Олон газраар тэнэдэг, ажлын цаг зав муутай байдаг учраас хэр давхиж байгааг нь судалж амжаагүй л байна. Өнөөдөр ч гэсэн ажил ихтэй, амьсгаа дээгүүр л явна. Цаашдаа морины тэжээлийн үйлдвэр байгуулах санаатай. Тухайлбал, манайхаас бэлтгэн худалдаалж байгаа ногоон тэжээлийг уяачид нэлээд таашаадаг юм. Учир нь, царгас уургаар баялаг тэжээл л дээ. Морь гэдэг амьтан уягдаж сойгдсоор байгаад уургийн алдагдалд их ордог. Үүнийг нөхдөг хамгийн их уургийн агууламжтай бодис бол царгас юм. 
-Ногоон тэжээлийн орцонд царгасаас өөр юу орох вэ?
-Би өнгөрсөн жил Төв аймгийн Батсүмбэрт байдаг тариалангийн талбайдаа овъёос, хөх тариа, цагаан арвай, царгас хольж тарьсан юм. Царгас нь хоёр см-т суудаг, харин нөгөөдүүл нь 7-8 см хөрсөнд суудаг юм. Тэгээд алтан дундажийг нь олоод л суулгачихсан. Царгасаа ургахгүй болов уу гэж бодож байсан ч янзын сайхан ургасан шүү. Хүмүүс ч дуртай авч байна. Энэ мэтээр царгасыг хурдан морины тэжээлэнд нэлээд оруулж өгье гэж бодож байна. Цаашид ямар төрлийн тэжээл бэлтгэвэл хурдан морьдод маань үр дүнтэй байх вэ гэдгийг өдөр шөнөгүй л бодож явна.
-Сайхан санаа байна. Ийм шим тэжээлтэй тэжээлээр уягдсан адуу хурдан байлгүй яахав. Энэ он гарсаар та хэрхэн наадсан бэ?
-“Хутагтын хурд-2017” уралдаанд  миний шар хээр соёолон түрүүлсэн.
-Гараагаа сайхан эхэлжээ. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна