Аймгийн Алдарт уяач С.Доржпалам: ДЭЭР ҮЕИЙН УЯАЧИД УЯА МОРИНДОО МӨӨГНИЙ ХҮРЭЭНИЙ ӨВС ИДҮҮЛДЭГ БАЙСАН

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 30 -нд

Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Санжжамцын Доржпалам гуайн ярицлагыг уншигч танаа хүргэж байна.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Баянхонгор аймгийн Жаргалант сумын нэгдүгээр багт 1937 онд төрсөн Санжжамцын Доржпалам гэдэг хүн байна. Манай аав морь уядаг хүн байсан болохоор би долоо наймтайгаасаа морь унаж, хорин хэдтэйгээсээ морь уясан. Тэрнээс хойш морь уясаар 2010 онд сумын Алдарт уяач болоод 2011 онд Аймгийн Алдарт уяач цолыг хүртлээ. 
-Аав тань аль нутгийн хүн бэ. Хаагуур нутагладаг байв?
-Манай аав бол Гурванбулагийн тавдугаар бригадын хүн. Цаашаа Билүүтийн нарийн, Цэнгэл, Түргэн гээд л Завханы Отгонтой залгаа нутгаар нутагладаг. Аав маань сайн уяач төдийгүй морь сайн уургалдаг. Балдан гэдэг хүнээс гүүгээр уургын сайхан хондон зээрд морь авч байсан юм. Аавын халтар үрээ, сайхан цэнхэр бор морь гээд хурдан морьд байлаа. Уургын хондон зээрд морио бас ойр зуурын наадамд уячихна. Тэр халтар үрээ бол байнга айрагддаг, айргийн таваас мултардаггүй. Ягаан бор морь нь заримдаа түрүүлдэг, заримдаа түрүүлдэггүй. Манай аавын адууны удам Гурванбулагийн оосой Сандаг, Самбуу залан, манай хүргэний адуутай нэг удамтай юм байгаа юм.
-Тэр нь яг ямар учиртай билээ?
-Самбуу залангийнх  их сайн давхидаг орог саарал голдуу зүстэй адуутай байсан гэдэг. Тэдний адуунаас оосой Сандаг гэдэг хүн азарга авч тавьж, адуу нь их сайн давхидаг болсон юм. Манайх бас Самбуу залангийн хүү Чадраагаас хулгар чихтэй халтар азарга авч, тэрний хүүхдүүд их сайн давхисан. Тэгээд 1959 онд нэгдэлд хамаг малаа өгчихөөд, би сангийн аж ахуйд ажилласан юм. Тэр хугацаандаа нэгдлийн ганц нэг юм уяад айраг, түрүү авч байлаа. Ялангуяа Сангийн хээр гэж морь уяад, олон айраг, түрүү авсан.
-Сангийн хээр хэдтэйгээсээ уягдаж, хичнээн айраг, түрүү авсан бэ? 
-Сангийн хээрийг анх эмнэг соёолон үрээ сургаад, хавчиг соёолон сангийн аж ахуйн дарга уяж байсан юм билээ. 1964 онд тэр хүн рашаанд яваад, би сангийн аж ахуйн хоёр бор, нэг хээрийг уясан юм. Дээр үед бид нар ахмад уяач нараасаа их айдаг байлаа. Хүчийг нь буулгахгүй хүний морь алах гэлээ гээд томчууд аашилдаг байхгүй юу. Тэгээд маргааш үсэргээ болно гэж байхад энэ шандны Цагаан овоо гэдгийн ар дээр атийсан юм авчраад “чи хүний морь усанд уячихсан байна. Хүний морь алах гээ юу?” гээд хөгшчүүлд ахиад аашлуулдаг юм. Тэр үсэргээнд шар хээр морь түрүүлж ирээд, их наадамд хоёрлож ирж байлаа. Тэрнээс хойш над дээр уягдаж тав түрүүлж, зургаа айрагдсан. Манай сангийн аж ахуйн дарга, зоо техникч хоёр “энэ хөгшин хээр морь өөр дээр чинь байж байгаад үхэг. Үхэхээр нь хэлчихээрэй” гэсэн юм. Тэгтэл Өртөөний адуу маллаж байсан хүн “Шар хээрийг бригадын дарга аваад ир гэж байна” гэж худлаа хэлээд надаас аваад явсан. Би нэгэнт хүний юмыг булаацалдаад яахав гээд өгөөд явуулчихсан чинь харин агтанд явуулчихсан байдаг юм. 
-Ямар мөс муутай хүн бэ. Сангийн хээрийн дараа та ямар морь уяж хурдлуулж байв?
-Тэрний дараа миний нэг хээр морь гурав түрүүлж, гурав айрагдсан юм. Хээр морио борооноор үсэргэж байгаад хальтраад зоог нь авчихсан юм зайлуул. Дараа нь ягаан морь, буурал халзан морь, цагаан хул морь, халзан морь гээд олон морь уясан.
  Таны уяачийн өм нээгдсэн, юу ч бариад уясан айрагт орчихдог оргил үе нь хэзээ вэ?
-Залуу байхдаа дөрвөлжин уяа хийчихээд олон амьтны морь уядаг байлаа. Манайх төвийн доод голоор нутагладаг, хүн амьтны нийлсэн зургаан насны бараг 20-иод морь уядаг. Тэрнээс гурван түрүү, нэлээд нь айргаар давхиж байсан юм даг. Миний гэхэд бор үрээ хоёрлоод, хээр үрээ түрүүлж байсан. Тэр бол миний оргил үе юмдаа. Сүүлдээ өөрийнхөө хээр морь, Сангийн хээр морьтой ойр зуур баг, Жаргалант, Байдрагаар яваад л, нөгөө хоёр хээр морь дараалаад л хүрээд ирнэ. Хүмүүс “Чи энэ хоёр хээр морин дээр юу мордуулаад явуулж байнаа”  гэхээр нь  “Та нарыг харахад хүн байгаа. Намайг харахад наадах чинь сул явдаг юм” гэж би хариулдаг байсан юм. Ямар сайндаа нэг удаа морьд гарчихаад байхад миний хоёр хээр морийг хүн бариад хоцорч байсан удаатай. 
-Зориуд барьж үлдэж байгаа юм уу?
-Тийм. Тэгээд түрүүчийн морь км орчим холдсоны дараа хүүхэд нь барьж байгаа хүний гарыг ташуураараа цохиж тавиулаад араас нь нэхэж байсан. Уг нь Цохиотын гүүрээр гарч ирдэг байсан юм. Шар нь хөдөлсөн хүүхдүүд гүүрээр гаралгүй голын сайран дундуур хоёулхнаа тасархай ороод л ирж байсан юм. Мягмар гэдэг сангийн аж ахуйн адуучнаас би нэг эмнэг шүдлэн үрээ авч уяад шүдлэн, хязааланд нь аман хүзүүдүүлсэн. Нас гүйцсэн жил нь манай сангийн аж ахуйн дарга байсан Галсан гэж хүн морь эргэчихээд байхад бас цагдаагаар бариулж зогсоогоод, морьд 200-гаад метр явсны дараа тавьж, 10 дээр орж ирж байлаа. Хурдан моринд чинь бас тиймэрхүү атаа жөтөө байдаг.
-Адуунд ийм атаа жөтөө байна гэдэг муухай юм даа. Хоёр хээр морь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Хоёр хээр морь зургаан жил цуг уралдав уу даа. Миний хээр гурав түрүүлж, шар хээр нь зургаа түрүүлж байсан. Би Загийн 20 жилд хээр морьтойгоо очиж түрүүлж л байсан юм. Одоо нэг халтар үрээ бий. Даагандаа манай дүүгийн хүүхэд уяж Загт хоёрлоод, энд тавлаж байсан. Мөн хоёр удаа тавласан зурвас халзан морь бий. Жоохон буурал морь бас сайн давхина, ер нь л таваас буухгүй санаатай шүү. Одоо миний ганц уядаг хул морь бий. Надтай адил өтөлж байгаа ч бас л айлгадаг морины нэг дээ.
-Сангийн аж ахуйд ямар ажил хийж байсан юм бэ? Тэр үед албатай хүмүүс барагтай морь уяж чаддаггүй байсан гэдэг юм билээ?
- 1959 онд нэгдэлд малаа өгчихөөд Сангийн аж ахуйд ирж, эхлээд хонь малласан. Дараагаар нь нярав хийсэн. Дараа нь адуу үрэгдээд байна гээд адуун дээр, сувай үхэр солигдоод байна гээд сувай үхэр маллаж, хонь үхлээ гээд хонь хариулж байлаа. Нэг хэсэг хаана юу доголдоно тэнд Доржпаламыг тавь гэдэг байлаа. Шуудан, агент гээд ер нь хийгээгүй ажил байхгүй.  Үгүй гэх эрх байхгүй, юм болгоныг л хийнэ. Адууг гэхэд 11 жил малласан байна.
-Сангийн аж ахуйн тариа будаа тарьдаг газрын адуу эрт тэжээл идсэндээ тэр юмуу их хурдан байдаг. Танай ийшээ поолинд адуу оруулдаг уу? Ер нь поолинд орсон адуу хурдалсан жишээ байна уу?
-Оруулалгүй яахав. Хадаж аваад л адуугаа оруулчихдаг. Поолинд байгаа нуруулдсан өвсөндөө адуу оруулахгүй гэж манаж хонодог байлаа. Миний нэг зээрд үрээг сангийн аж ахуй авч азарга тавьсан юм. Тэрийг шүдлэнд нь гүү саадаг хүн уяад, Сойдог хондон нэртэй болтлоо хэдэн жил давхисан шүү. Тэрний хүүхэд алаг үрээ урьд аймагт очиж түрүүлээд, Галуутын ойд түрүүлж байсан. Хондон азарганы бас нэг төл Нагвачомбын хондон үрээ олон жил түрүүлээд, Заг руу зарагдсан. Манай сангийн адуу ер нь хурдтай. Сүүлд хувьчлалаар тараад алга болсон. Одоо Эрдэнэтэд байгаа Лхүндэнжавын Батсайхан гээд, хувилгаан Батсайхан ч гэдэг. Тэрний бор азарга гэхэд сангийн аж ахуйн адуу байсан. Бор азарганы хүүхдүүд дандаа толботой ягаан бор морьдууд гарч, бас их сайн давхисан. 
-Жаргалант Байдрагийн тогтмол амжилттай уралдаж байсан ямар ямар сайн азарганууд байсан бэ?
-Гончигсүрэн гэж хүний хар азарга байсан. Би Загаас нэг хавчиг  цээжтэй хар үрээ авчирсныг тэр өвгөн авч азарга тавиад, 11 түрүүлсэн шиг санагдана. Аймгийн Алдарт уяач Чимэдсүрэнгийн долоо, найм түрүүлсэн халтар азарга байлаа. Довчингомбо гэж одоо өөд болчихсон хүний бор азарга байсан. Сангийн аж ахуйн нэг айл 16 толгой малтай, 10 бог, хоёр тугалтай үнээ, хоёр морьтой. Тийм болохоор нэг үе манай суманд тавхан азарга, хорьхон морь уралдаж байсан түүх бий. Жаргалантад Гүржавын бор гэдэг сайн азарга байсан. Манай засаг дарга Сайнаагийн бор азарга энд гурав түрүүлэв үү дээ. Тийм адууны удам манай энд бий. Сүүлийн үеийн банди нар Сүхбаатар, Хэнтийн адуу гэж ярих юм. Уг нь манай Баянхонгорт хурд байгаа шүү дээ. Их насны морьд гэвэл дээр үед Базарын бор, ягаан хоёр морь байдаг байсан. Омоогийн хар азарга, хар морь хоёр сайн давхидаг байлаа. Аймгийн Алдарт уяач Дэмчиг гэдэг хүний нэг хээр морь бол уралдвал  л түрүүлдэг ёстой аварга морь байсан юм шүү. 
-Тэр үед уясан болгоноо айрагдуулдаг эрдэмтэй уяачид хэр олон байв? 
-Дээхнэ үед Дооёо панз, Хоёрын Цэрэндорж, Базар, Дэмчиг гээд сайн уяач олон байсан. Манай багаас бол Гончигсүрэн гэж сайн уяач байлаа. Донжийн Бавуу гэж сайхан хээр морьтой хүн, хөх Чойжилжав гэж өвгөн, шарга морьтой Лувсандондог гэх мэт нэрлэвэл олон сайн уяачид байна. Дээр үед чинь морь уядаг нь ахмад голдуу хүмүүс байж дээ. Одоо бол голдуу залуучууд уяж байна. 
-Ахмад настай хүмүүсийн үзэж, дуулсан нь их. Тэр ч утгаараа уяа сойлгоны тухайд тэднээс дуулсан үг их бий биз. Дээр үеийн хөгшчүүл уяаны ямар арга барилтай, уяанд юуг цээрлэдэг байсан бэ?
-Дээр үеийн уяач нар бэлчээрээ их нарийн их сонгоно. Их нарийн өвстэй газар юмуу мөөгний хүрээний өвс мориндоо идүүлдэг. Морийг тавьж сойхгүй, дандаа аргамжиж мөөгний хүрээний өвс идүүлж сойдог байсан. Мөөгний хүрээний өвс чанартай байдаг юм байна л даа. Орой чийг унахаас өмнө морь аргамжих газраа бүтээдэг. Мориндоо чийгтэй өвс идүүлэхгүй гэсэндээ тэр. Хөлсөн дээр их нарийн анхаардаг байсан. Уяан дээр тэр болгон хүн очуулахгүй, уяж байгаа моринд бусдын хөлстэй тохом тавих, өөр хүн очиж хөлсийг нь хусахаас их цээрлэдэг. Одоо  чинь ерөөсөө хүн бүхэн очоод л морийг нь ноолж байх юм байна шүү дээ. Дээр үед тэрний тэр түрүүлэх нь, энэ түрүүлэх нь гээд байдаггүй, цагаан хэл ам хүрнэ гээд хэлдэггүй байсан. Ирж байгаа морьд дурандаад тийм, ийм морь ирж байна гэхээр Дамжинбавуу гэдэг өвгөн “Дуугүй бай чи” гээд л аашилж байж билээ. Одоо бол миний морь түрүүлнэ гээд түрүүлээд бооцоо тавьж байх юм байна шүү дээ. 
-Таны дараагийн үеийг залгах залгамж уяачид бэлтгэгдэж байгаа байлгүй?
-Миний зээ хүү л байна. Нэг хүү маань бас ганц нэг юм уяна. Тэгээд бас бүл зав нь болохгүй, дамаа тэжээлээ хүчрэхгүй байх шиг байна даа. Хөдөөний улсууд чинь тэжээл байтугай гурилаа муухан залгуулж байхад. Хүүхдүүд бас олны жишгээр Баянбулагаас Хэнтийнх гэж нэг азарга хамаатан садны хүнээр дамжуулаад аваад ирсэн. Ноднин бас Сүхбаатараас цагаан тамгатай адуу авчирсан.  
-Адуу малтай холбогдсоны баяр бахдал, уяач гэж хэлэгдсэний жаргалыг эдэлсэн тийм сайхан наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би өөрийнхөө хээр морио анх битүү үрээ уяад сумын наадамд тавьтал түрүүлээд ирсэн. Тэгтэл нэгийн пайз барьсан хүн өөрийнхөө морь руу яваад миний морийг бариагүй хоцорсон юм. Улс амьтан хэлээч, аваач гэлцээд, би морин дээр хэл ам хийх дургүй болохоор тэгээд өнгөрсөн. Нийлсэн жил нь наадамд тавьчихаад дурандаж байсан миний хээр морь мөн дөө. Мордоод л бариан дээр буухын хооронд л хүрээд ирж байсан. Хойтон жил нь бас тасархай ганцаараа ирж байснаа хадуураад өөдөө явахад нь гурван дугуйттай хүн хөөгөөд гүйцээгүй. Арай хийж эргүүлтэл сангийн шар хээрийн дараа хоёр дээр ороод ирсэн. Гурван дугуйттай нь манай ерөнхий зоо Авирмэд гэж хүн байсан юм. “Би чинь хараа муутай 40 милиэс илүү явуулж чадахгүй, хүүхдийг нь хашгираад дуулахгүй юм. Ёстой хурдан адуу юмаа” гэж байсан. Тэгэхэд би мориороо  их бахдаж байж билээ. 
-За бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-За дүү нартаа ажилд нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна