БАЯР НААДМЫН ТҮҮХЭНД ДАРИВ СУМААР БҮРТГЭГДСЭН АНХНЫ ХУРДАН МОРИНЫ ЭЗЭН

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 29 -нд

Хүн болгон унасан газар угаасан усаараа бахархаж, нэрийг нь өндөрт өргөж явахыг хичээдэг нь хөх толбот Монгол хүний онцлог билээ. Говь-Алтай аймгийн  Дарив сумын нэрийг өргөж яваа уяачдын нэг нь Сэр-Одын Нэргүйбаатар. Улсын олон наадамд Дарив сумаараа овоглон зарлуулдаг олон сайхан хурдан буянгийн эзэн онцлох шалтгаан олон.
 Говь-Алтай аймгийн Дарив сумаас Улсын баяр наадам / баяр наадмын түүхэн баримтанд Дарив сумаараа бүртгэгдсэн/-д морио айрагдуулсан анхны уяач бол С.Нэргүйбаатар юм. Уяачдын түүхийг эргүүлж суухад өнөөдрийн байдлаар Улс, бүсийн наадмаас хамгийн олон айраг авсан Дарив сумын уяач бол тэр бөгөөд Алдарт уяачаас гадна Хилийн  цэргийн хурандаа, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан Монгол Улсын тэргүүний барилгачин хүн юм.
Сэр-Одын Нэргүйбаатар нь 1969 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Дарив сумын хүн эмнэлэгт төрж улмаар сумын цэцэрлэгт хүмүүжин 1977 онд сургуульд орж гуравдугаар ангиа төгсөөд 1980 оны намраас Алтай хотын арван жилийн нэгдүгээр сургуульд шилжин суралцаж, 1987 онд аравдугаар ангиа дүүргэсэн байна. 1987 онд Политехникийн дээд сургуульд элсч, 1992 онд Техникийн их сургуулийг иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгсчээ. С.Нэргүйбаатар эдүгээ Хил хамгаалах ерөнхий газрын Хөрөнгө оруулалт, барилгын албаны даргаар ажиллаж байна. Тэрбээр 1992-1996 онд хилийн 0214 дүгээр ангиЙН Барилга орон сууцны албаны дарга, 1996-1997 онд Хилийн цэргийн удирдах газрын ар талд Барилга орон сууцны албаны дарга, 1997-2004 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хөрөнгө оруулалт барилгын албанд захиалагчийн хяналтын ахлах инженер, 2004 оны 5 дугаар сараас ХХЕГ-ын Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байгаа хил хамгаалах байгууллагын тогтвор суурьшилтай ажилладаг тэргүүний алба хаагчдын нэг билээ.
Тэрбээр хил хамгаалах байгууллагын удирдлага, Яам, командлалаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, таван отрядын 86 барилга байгууламж, 30 гаруй заставын 160 барилга байгууламж шинээр барьж, 20 гаруй анги, отрядын 58 барилга байгууламж 40 гаруй заставын 130 гаруй барилгад их засвар хийж ашиглалтад оруулсанаар хилчдийн ажиллаж амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлсэн нэгэн.
Хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт “Хилчин” хотхоны 692 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд “Харуул алтай” хотхоны 786 айлын орон сууц, нийт 1478 айлын орон сууц, Үндэсний архивын ерөнхий газрын барилга, Хууль сахиулах их сургуулийн 3000 сонсогч, оюутны хичээлийн байрны барилгыг хариуцан бариулж ашиглалтад оруулсан байна.
С.Нэргүйбаатарын хөдөлмөрийг төр засаг, яам командлал нь үнэлж Алтангадас одон, Цэргийн хүндэт медаль, Ардын Хувьсгалын 80,90 жилийн ой медаль, Монгол хятадын хилийг хамтран шалгасан медаль, Хилчний алдарт 1,2,3 дугаар зэргийн медаль, Дайчин алдар 2,3 дугаар зэргийн медаль, Монгол улсын Тэргүүний барилгачин цол тэмдэг, Онц хилчин, Хүндэт хилчин цол тэмдэг, Сангийн яамны 100 жилийн ойн Хүндэт тэмдэг, Хил хамгаалах байгуулагын 60,70,80 жилийн ойн Хүндэт тэмдэг, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө  тэмдгээр тус тус шагнасан байна.
С.Нэргүйбаатар нь төрийн албыг нэр төртэй хашихын зэрэгцээ ажил төрлөө зохицуулан хурдан морь уях, Монгол адууны үржил, удмыг дээшлүүлэхэд байнга анхаарч явдаг нэгэн. Нэгэн түүхээс өгүүлбэл, 1973 онд дөрвөн настай Нэргүйбаатар хүү Сайнбулагт зусландаа гарсан хөгшин ижийндээ зуссан гэдэг. Айлын ганц хүү хэмээгдэн багагүй дураараа өссөн түүнийг  уурлаж уйлан сумын төвд байх гэртээ очно гэж зөрүүдлэн хөгшин ээж, Г.Цэвлээ аажаа нарыгаа сандаргасан гэдэг. Дураараа өссөн жаахан  хүүгээ аргалж дийлээгүй хөгшчүүл хотын айл болох адуучин Ч.Рэнцэндорж том ахад хандаж тусламж гуйхад “чи морь унаад сум явж чадах уу? Чадвал чамайг гэрт чинь хүргэж өгнө” гэсэн адуучин ахын асуултанд “чадна” гэж хариулаад гэртээ очихоор болсон гэдэг.
Нэгдлийн адуун дундаас муруй сүүлтэй цагаан халиун морь барин хөтөлж ирээд “за явъя” гэхэд огт морь унаж үзээгүй хэрнээ гүйж очжээ. Моринд мордуулаад хөтлөөд алхахад гайгүй тогтоод байсан боловч хүний хүүхэд унагаачихвий гээд өөрөө бас номхон морь унаж, мориноосоо унахаар болбол өөрөө барьж авахаар богинохон хөтлөж яваад нуурын урд талын хар хөдөөд ирэхэд дажгүй байсан тул шогшиж, цогиулж үзсэн ч дажгүй сайн тогтож байсан учраас цааш хөтөлж цогиулсаар сумын төвд орших гэрт нь хүргэсэн гэдэг. Гэрээ их санасан дөрөвхөн настай хүү харихын тулд морийг нь маш амархан унаж сурсан түүх энэ. Тэр өдрөөс эхлэн морь унахын амтанд орсон жаахан хүү адуучны гарын үзүүрт зарагдаж, морь унахаар гүйх болж. Нэгдлийн нэртэй адуучин нутгийнхандаа Том ах хэмээн хүндлэгддэг Рэнцэндорж гуай хөлд нь тээглэн тоодогнох жаахан хүүг ихэд тоон эргүүлж, сав л хийвэл морь барьж өгч унуулдаг болсон төдийгүй нэг л мэдэхэд муруй сүүлтэй цагаан халиун морийг нь өөрийн морь шиг санаж унах хүүд “нормын морь” сайн дураараа гаргаж унуулдаг болсон гэдэг.
Дөрвөн настай морь унаж сурсан хүү 1975 онд үсэргээнд хурдан морь унаж, 1976 оноос наадамд хурдан морь унасан түүхтэй. С.Нэргүйбаатар аавынхаа нэгэн чадварыг өвлөж авсан нь морь уях соёл юм. 1976 онд Дарив сум байгуулагдсаны 50 жил, Ундрал нэгдэл байгуулагдсаны 20 жилийн ойгоор сумын наадамд авга ах Ю.Майдарын улаан даагыг унаснаар хурдан морьтой амьдралаа холбосон зам эхэлсэн түүхтэй. 1976 оноос эхэлж хурдан морь унасан тэрбээр 1983 оноос даага, уяж, хусуур шуулт бүсэндээ зүүж эхэлсэн гэдэг. 1976 онд сунгаанд авга ах Ю.Цанлигийн хар морийг унаж байсан түүнийг сумын тэгш ойтой наадамд зэргэлдээх сумдын олон хурдан морьд ирсэн тул “анх унаж байгаа хүүхдэд аюултай, унах эрсдэлтэй” хэмээсэн шалтгаанаар уралдах эрхийг нь хасч байсан гэдэг. Яг үнэндээ сумынхаа нэр болсон өнгө болон хурдан хар морийг туршлагатай хүүхдэд унуулж, түрүүгээ хамгаалах гэсэн нутгийн уяачдын саналаар “анх удаа наадамд оролцох гэж байгаа” гэдэг шалтгаанаар жийгдсэн хэрэг. Арга ч үгүй байх. 10 жилд ганц тохиох тэгш ойтой жилээ сумандаа тав түрүүлж, нэг айрагдсан амжилттай хурдан хар мориндоо түрүү морины найдвар тавих уяачийн зөв хойно.
Ингээд үсэргээ эхэлсэн цагаас унаж уралдаж байсан хурдан хар морийг “олон жил унасан туршлагатай” гэдэг шалтгаанаар отгон авга Ю.Гүржав нь унаж уралдахаар болж, харин “морь унана” гэж уйлаад дуугүй болохгүй байгаа Нэргүйбаатарт улаан даага унаж уралдах эрх өгч, амыг нь хаасан гэдэг. Уралдсан даага, унасан эзний туршлага дутсан анхны уралдаан болохоор хожуу эргэж, шороонд даруулан нус нулимстайгаа холилдсон “хөгийн царайтай” ирсэнээ дурсан инээх С.Нэргүйбаатар уяачтай ярилцахад олон сайхан дурсамж хөглөсний нэг нь энэ билээ.
...Энэ цагаас хойш Нэргүйбаатар хурдан морь унаач болох гараагаа эхэлж Рэнцэндорж /адуучин/ том ахын бор, Дашням даалаагийн хонгор морь, Идшин-Иеэгийн хээр үрээ, Цанлигийн хар морь, Бямбаа аамаагийн Нарангэрэлийн гуурст бор үрээ, Базар лам ахын Энхбаатарын хар зэрэг хурдан буянг нутгийн наадамд унаж уралдсан байдаг. 1977 онд сумынхаа наадамд өөрийн унаган адуу болох өмчний цавьдар даагаа унаж айргийн таваар давхиулсан нь хурдан морь унасан анхны айраг болж морь унах урам зориг нь улам нэмэгдсэн түүхтэй.
1982 оноос аймгийн төвд авга ах аймгийн Арслан “гүзээ” Батмөнхийн бор морийг унасанаар нутгаас гарч морь унах, уях гараа нь эхэлжээ. 1982 оны аймгийн баяр наадамд Баян Бадарчийн шар хээр хязаалан үрээг түрүүлгэж, соёолон хүрэн халзан үрээг аман хүзүүдүүлсэн амжилтаар аймгийн наадмын гарааг эхлүүлсэн байна. Дараа жил нь 1983 онд Баян Бадарчийн соёолон шар хээр айргийн гурав, Батмөнхийн шүдлэн хар үрээг айргийн дөрвөөр давхиулж, Баян Бадарчийн халиун даагыг өөрөө сурган, өөрөө уяж аймгийн наадамд түрүүлгэж аавын адууны эрдмийн шимийг хүртэж эхэлсэн аж. Халиун даага нь шүдлэндээ аймгийн наадамд дахин түрүүлж, хязаалан аман хүзүүдэж, соёолон зургаалаад Дарив сумын уугуул, Доржготовын Бадрахад зарагдсан байдаг.
С.Нэргүйбаатар төрийн албанаас шалтгаалан морь уях ажлаас жаахан хөндийрч байгаад Жижээ /Аав Ю.Сэр-Одыг нутгийнхан Жижээ гэж авгайлдаг бөгөөд 2003 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн/-г өнгөрсний дараа адуугаа өөртөө ойртуулан Улаанбаатар хотын орчим татаж ирсэнээр төрийн наадамд морь уях ажлаа эхлүүлжээ.
2004-2006 онд Дарив сумын унага, өөрийн өмчний адуугаар Улс, бүсийн наадамд уралдсанаар сайн давхисан нь улсын баяраар 35-д давхиулсан аж. Олон жил морь уяж, хээр гадаа хонож явсан Нэргүйбаатарт нэгэн бодол төрсөн нь “зүүн чигийн хурдан адуу авч уях”. Тиймээс найз Жамцын Энхболдоос Дорнодын хурдан адуу олоход туслах, эсвэл 2005 онд Дорнод аймагт даагандаа айрагдсан борлог үрээгээ зарахыг гуйхад, найз Энхболд нь өөрийн уяач Түвдэнжаажидын Батзоригтой танилцуулаад “энэ залуу нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаанд гурав, дөрвөн бага адуутай ирсэн байгаа, өөртэй нь сайн ярь” гэж захижээ. Залуу уяач Т.Батзоригийн морьдыг сонирхтол хоёр бор үрээ, нэг халзан үрээ, нэг шар хээр үрээ, хоёр даага, нэг халтар азарга байснаас хамгийн их таалагдсан бор үрээг асуутал “зарнаа, зарна. Жаахан үнэтэй шүү, баталгаатай хурдан адуу даа” гэж. Хэсэг байзнаж байгаад үнийг нь дахин асуухад “10 орчим саяар өгнө” гэхэд нь халаас нимгэн, төрийн албан хаагч хичнээн хүсэл байгаад хэрхэн дийлэх билээ дээ. Тиймээс дахин асуух зүрх нь хүрсэнгүй гэнэ. Орой нь хотын төвд Ж.Энхболд, Т.Батзориг, дүү Т.Батсайхан нартай хооллох үеэр Т.Батзориг “та адуунд их дуртай хүн юм. Өдрийн асуугаад байсан борын нөгөө борыг нь хямдхан авахгүй юу даа. Манай энэ дүүгийнх байгаа юм” гэж байна гэнэ.
Гэтэл Ж.Энхболд яриан дундуур орж “за Зоригоо чи халзан үрээгээ надад өгчих, би найздаа / С.Нэргүйбаатарт/ нэг нутгийн адуу өгчихье” гэхэд бас л Сайханаагийн /Пүүгээ хэлэв/ адуу өөртөө нь ярь” гэж. Харин дүү Т.Батсайхан нь “тэг тэг” гэж халзан үрээ /сүүлд Даривт Б.Осорнямд ирж их морь болсон хойноо хэд хэд айрагдсан/-г авахыг зөвшөөрч, найзаасаа нэг адуу бэлгэнд аваад хундага тулгаж нөгөө бор үрээг наймаа хийж авахаар болсоноор Нэргүйбаатар уяачийн олон жил бодсон зүүн зүгийн адуу цуглуулж эхлэх үндэс тавигдсан түүхтэй.
Гурав хоногийн дараа Т.Батсайханаас авсан бор үрээ нийслэлийн тэргүүн Магнай хүлэг шалгаруулах уралдаанд 11-р давхиж, халзан үрээ нь 15-р давхиснаар зүүн зүгийн адуунд дурлах нөхцөл бүрджээ. Мөн авах гэж сонирхоод үнийг нь дийлээгүй бор үрээ 2007 оны зун Говьсүмбэр  аймагт болсон Боржигоны даншиг наадмын хязааланд түрүүлсэн Түвдэнжаажидын Батзоригийн бор үрээ юм.
С.Нэргүйбаатар 2006 оноос улсын баяр наадамд тасралтгүй хурдан, хурц хүлэг морьдоо уясанаар 2008 онд АХ-ын 87 жилийн ойн баяр наадмаар хурдан саарал даагаа айргийн дөрөвт, давхар уяагаар “Алтан Дарь овооны сүлдэн их тахилга-4” наадамд аман хүзүүдүүлж, 2009 онд АХ-ын 88 жилийн ойн баяр наадмаар хурдан саарал үрээгээ наймд давхиулж, давхар уяагаар Дорнод аймагт болсон “Дорнод талын хурд-2” зүүн бүсийн даншиг наадамд айргийн тавд давхиулсан төдийгүй аймаг сумдын бүсийн болон ойн наадмуудад олон айраг, түрүү хүртсэн амжилтын эзэн уяач юм.
Улсад 2006 оноос хойш жил өнжилгүй морь уяж байгаа бөгөөд сүүлийн үед Дүнжингаравын хурд хаврын бүсийн уралдаан, зуны төвийн бүс болон хангайн бүсийн уралдаанд тогтмол оролцож, Архангайд хоёр удаа, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Өвөрхангай аймагт тус бүр очиж, хурдан адууныхаа тоосыг өргөж, хийморио сэргээн нутгийнхаа нэрийг дуудуулсаар явна. Б.Цогтбаатарын бичсэн “Зуун жилийн наадам” номонд бичигдсэнээр улсын баяр наадмын түүхэнд Говь-Алтай аймгийн Дарив сумаар бүртгэгдсэн анхны хурдан морь АХ-ын 87 жилийн ойгоор айргийн дөрөвт давхисан Сэр-Одын Нэргүйбаатарын хурдан саарал даага билээ. С.Нэргүйбаатарын хурдан саарал азарга Дорнод аймгийн Чулуун хороот сумын буюу Эрээнцавын иргэн Даваагийн Төмөрбатын унаган адуу. 2008 оны хавар Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаад Ж.Энхболд, Т.Батзориг, Төмөрсүх нартаа уулзаж хамт хооллож. Хоол идэх зуур морь ярьж суутал Т.Батзориг “өнөөдөр энд зуун мянган төгрөгний хамаатай /бооцоотой гэсэн үг/ дааганы уралдаан боллоо. Танай хилийн цэргийн ахлагчийн адуу гэж Эрээнцаваас ирсэн саарал даага түрүүлж байна. Торгоны замын Гантөмөр, Тод манлай уяач Г.Сандуйжав нарын хүмүүс ирж уралдаан үзэж явна. Янз нь морь авах санаатай юмдаг аа” гэж ярьжээ. Удалгүй Батзоригийн дүү Батсайхан ирэн “хоёулаа түрүүлсэн саарал даагыг үзээд ирье” гэж яаруулсанаар аймгийн баруун талд орших гэр хороололд айлын хашаанд очиход саарал даага, хул даага хоёр портерийн тэвшнээс уяатай байж таарав.
Нэргүйбаатар саарал дааганы уяаг тайлж шөрмөсний сиймхий, эрүүний углуурга богино хавирга зэргийг барьж үзэж байтал нэг залуу ирээд үг дуугүй булааж аваад аваачаад уячихаж. Үг дуугүй, омогтой тэр залуу саарал дааганы эзний хүргэн ах болох Уламбаяр гэдэг залуу байж. Хул даага, саарал даага хоёр нэг азарганы төл бөгөөд Уламбаяр хул дааганы эзэн байж. Хул даага сүүлд соёолондоо Эрээнцавд түрүүлсэн байдаг. Портерийн кабинд сууж байсан нусгай бор бандитай уулзахад “би саарал даагыг унаж түрүүлсэн” гэж томорч. Ингээд “улам сайн унаарай” гээд 10000 төгрөг авч өгөөд нэг үнсчихээд буудал руугаа буцлаа.
Буцаж явах замд Батсайхан “наад саарал дааганы эзэн нь Ульханы заставын жагсаалын дарга ахлагч Төмөрбарс гэдэг залуу байгаа, та яриад надад нэг сая төгрөгөөр аваад өг” гэж байна гэнэ. Саарал даага Нэргүйбаатарт ихэд таалагдсан тул “сүүлний цацаг нь их доошоо буучихсан юм байна, эрт гарсан унага уях гэхээр шүд нь гараад ирэхгүй биз, би ярьж үзье” гээд тодорхой юм ярилгүй цааргалж яриаг өөр тийш нь хандуулжээ. Орой буудалд унтахаар хэвтэхэд нойр нь хүрч өгөхгүй саарал даага нүдэнд нь харагдаад байсан тул шөнө хагаслаад Эрээнцавын застав уруу хөдөлжээ. Замдаа Авдар хараатын застав дээр ангийн малын эмч ирчихсэн үрээнүүд агталж байгаатай тааралдаж нэг үрээний төмсөг нурманд булж идчихээд цааш яаран давхиж, очих газраа очжээ.
Эрээнцавын заставт очиход өмнө ярьж тохирсоны дагуу ангийн захирагч хурандаа Батхүү хүлээж байлаа. Ажил эхлэхийн өмнө заставын буудалд хоол идэнгээ ажлаа ярьж суух далимаараа Ульханы заставын жагсаалын дарга Төмөрбарстай уулзаж ярих асуудал байгаа талаар ангийн захирагчид уламжиллаа. Хурандаа Батхүү тэр дор нь саналыг хүлээн авч заставт шинэ барилга байшин барихаар ирж байгаа даргын хүсэлтийг биелүүлэлгүй яахав гээд жижүүрийг дуудаж, холбоогоор ахлах ахлагч Төмөрбарсыг өөрийн мотоциклиор ирэх үүрэг дамжуулахыг даалгав.
Юуны өмнө албаны ажлаа амжуулахаар гарч дөрвөн айлын сууц, гэрээт цэргийн байр, гражийн барилгын улаан шугамыг тавих ажлыг хийгээд дуусч байтал үдийн алдад ахлах ахлагч Д.Төмөрбарс ирлээ. Барсаа ахлагч ирсэн тухайгаа илтгэсний дараа буудалд орж үдийн хоол идлээ. Энэ үеэр ангийн захирагч Батхүү “Та хоёр ажлаа ярь” гээд хоёуланг нь орхиж буудлаас гарсан байна. Нэргүйбаатар зорьсон зорилгоо хэлэхэд Төмөрбарс ямар нэгэн юм бодох юмгүй шууд л “зарна аа зарна” гэж. Үнийг нь асуухад “нэг сая таван зуун мянгад өгнөө” гэж. Ингээд “хот оронгуутаа мөнгийг чинь шилжүүлнэ, чи нэг унаа олоод ачуулчихаарай” гэхэд Барсаа “миний хувьд унаа олж ачуулна гэдэг бүтэхгүй, танд итгэж байна, та өөрөө аваад яв” гэжээ. Ингээд халаасандаа явсан Солонгосын Чэжү арлын морин тойруулгын уралдаанд бооцоо тавьж хожсон 20 ам доллар, 10000 вон, 100000 төгрөгийг гар цайлгаж өгөөд, хотод очингуутаа хэлсэн үнийн дүнг дансанд нь шилжүүлэхээр тохиролцсоноор саарал адуу С.Нэргүйбаатарын гэж уралдах болсон түүхтэй.
Саарлын эцэг Төмөрбарсын унаган адуу Дархан ухаа гэдэг хул азарга байжээ. Хул азарга гурван насандаа ес уралдаж ес түрүүлсэн. Уралдах болгондоо түрүүлсэн учир нутгийнхан дархан түрүүлдэг. “Дархан ухаа” гэж нэрлэсэн гэдэг. Дархан ухаагийн эцэг Эрээнцав, Баяндунгаар олон түрүүлж, айрагдсан Даваадоржийн ухаа гэдэг азарга байсан. Харин саарлын эх Барсаагийн өмч хувьчлалаар авсан том хар хүрэн гүү байсан бөгөөд 10 гаруй унагалахдаа хоёрхон эр унага гаргасан. Хоёулаа хурдан байсан төл нь болон төлийн төл нь давхисан удамтай гүү юм. Сүүлд нь Монгол Улсын Манлай уяач цол хүртсэн Өмнөговийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ 2008 оны намар худалдаж авсан гэдэг.
Саарал даагыг Улс, бүсэд айрагдахад Баярбаатар /Бааяба гэж дууддаг/ гэдэг унасан бөгөөд тэр маш адтай хүү байв. Тэр 2008 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Нэргүйбаатар саарал даагаа мордуулаад “за миний хүү сайн уралдаад ирээрэй” гээд үнсэхэд нь өөдөөс “та хоншоортой бол бид хоёр айрагдана даа” гэхэд Нэргүйбаатар “чамайг айрагдуулбал 100 мянган төгрөгөөр, 10 дотор ирвэл 50000 төгрөгөөр, 20 дотор ирвэл 20000 төгрөгөөр, 20-оос хойш ирвэл 10000 төгрөгөөр шагнана” гэхэд за гээд шогшоод явсан гэдэг. Даага ирж Нэргүй маань айргийн тавын цэнхэр хашаанд даагаа хусаж байтал  унаач хүү Баярбаатар “100000-аа авъя” гэж нэхэж, унаач хүү уяачаасаа бооцооны 100000 төгрөгөө авч, уяач эзэн улсад даагаа айрагдуулсан тэр жилийн наадам Нэргүйбаатар уяачийн сэтгэлд өчигдөр мэт үргэлж тод байдаг наадмуудын нэг гэсэн. Хурдан морийг авхаалжтай хүүхэд сайн унах нь үнэхээр чухал гэдэг.
Саарлыг уралдаж байх үед эрлийз, монгол гэж ялгадаггүй байсан болохоор дандаа шинэ цагийн монгол гэж ярьдаг эрлийз даага, үрээтэй уралдаж айрагдсан байдаг. 2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд дааганд уралдаж түрүүлсэн Д.Ганбаатарын зээрд даага нэгдүгээр үеийн эрлийз, аман хүзүүнд давхисан П.Энхмөнхийн хонгор халзан даага Ганбатын халзан гэдэг англи азарганы төл, айргийн гуравт давхисан Э.Галбадрахын хүрэн халзан даага Билэгдэмбэрэлийн Өндөр халзан гэдэг араб азарганы төл, айргийн таваар давхисан Билэгдэмбэрэлийн хүрэн даага Ганхуяг Тод манлайн Сматбул гэдэг англи азарганы төл байсан билээ. Шүдлэндээ мөн л түрүүлсэн Бадрахын сартай хонгор Буддённый азарганы төл, аман хүзүүлсэн Д.Баяраагийн бор Олонбаярын араб бор азарганы төл, айргийн гуравт давхисан Т.Энхтайваны хээр, өөрийнх нь араб хээр азарганы төл, айргийн дөрөвт давхисан Э.Галбадрахын хүрэн халзан даага Өндөр халзан гэдэг араб азарганы төл, айргийн таваар давхисан Ж.Энхболдын хүрэн халзан Онон Тод манлайн Итгэлд өгсөн араб бор халзан азарганы төл гэх мэтээр дандаа шинэ цагийн монголтой уралдаж байсан байдаг.
Нэргүйбаатар дээрх байдлаас дүгнэлт хийж өөрийн гэсэн цэвэр цусны азарга худалдан авч адууныхаа угшлыг хурдны чиглэл рүү оруулахаар шийдэж Летун гэдэг дуудлагатай англи Буддёный хээр азарга 2010 оны эхээр худалдан авч гүү хураалгасан байна. Уг азарганы анхны жилийн төлүүд ихэвчлэн охин гарсан бөгөөд Дундговь аймгийн уяач Ганхүү нэг хонгор байдас тавьснаас эр хонгор халзан унага гарсан нь  даагандаа улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалсан байдаг. “Хээр азарганы төлүүдээс хүний тавьсан гүүнээс гарсан болгон давхисан ч өөрийн гүүнээс гарсан төлүүд харсан хүний нүд булаах эрлийз морьд харагдавч хурдалж өгөхгүй байсныг нарийн судалж үзэхэд гүүний удам угшил дутагдаж байгааг анзаарч гүүгээ сайжруулах ажлыг эрчимжүүлсэн байна. Ер нь “Хурдны удам эхийгээ дагадаг гүүнд онцгой анхаарах хэрэгтэй” гэдэг аавынхаа захиасыг мартсанаа санаж сүүлийн жилүүдэд цөөнгүй гүү худалдаж авсан байна. ингэснээр Летун, Эфизот, Хөөрхөнөө, Мик, Жигем, Азамат, Стамбул, Оонон хар, Шинэ хүрэн гэх цэвэр цусны 10 азарганы нэгдүгээр үеийн 17 эрлийз гүүтэй болж, улс бүсэд айрагдаж түрүүлсэн дөрвөн монгол азарганы төл гүү ес байгаагаас үзэхэд цаашид өөрийн унаган адуугаар уралдах бүрэн боломж бүрдсэн гэсэн үг. 2016 оны наадамд уралдах боломжтой 12 эр даага, найман шүдлэн үрээ байгаа гэж бодохоор адуу цуглуулсаны үр дүн гарсан гэж бодож байгаа” хэмээн нийслэлийн Алдарт уяач С.Нэргүйбаатар өгүүлсэн.
С.Нэргүйбаатарын онцлох бас нэгэн зан нь өөртөө адуу цуглуулаад зогсохгүй, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө бэлэглэдэг сайхан зуршилтай. Түүний бэлэглэсэн адуу болгон нь өгсөн хүнийг баярлуулдаг нь гайхалтай. Жишээлбэл: өөрийн бүл болох Баавгайн Осорнямд өгсөн халзан морь Дарив суманд нэг аман хүзүүдэж, хоёр айрагдан Ховд аймгийн Дарив суманд нэг аман хүзүүдсэн байна.бүл хүргэн ах бо
лох Н.Буяндэлгэрт шарга үрээ бэлэглэсэн нь Ховд аймгийн 90 жилд түрүүлэн эзэндээ УАЗ-469 машин унуулсан. Унаган багийн найз Г.Батбилэгт цавьдар морь бэлэглэсэн нь Дарив суманд нэг аман хүзүүдэж, хоёр айрагдсан. Хадам аав Ч.Отгонбаяртаа өөрийн унаган монгол үрээ нэг, эрлийз үрээ нэгийг өгсөн нь хоёр жилийн дотор Булган, Хөвсгөл, Орхон аймагт зургаа түрүүлж, дөрөв айрагдан уясан эзнээ аймгийн Алдарт уяач болгосон байна.
С.Нэргүйбаатар “аавынхаа буянаар адууг жаахан гадарлана. Өөрөө энэ тэнд явж байгаад хурдан морь болно гэсэн адуугаа авчихдаг. Анзаарч харж явсан морьд маань нас насандаа давхиж баярлуулна. 2009 онд “Дорнын унага” галынхаа морьдоо ёслоод нийлж сунгах гээд байж байтал Тод манлай Бандгаа Ганхуягийн уяан дээр байгаа хар даага нүдэнд нь тусаад болдоггүй. Тэгээд Батзориг уяач дээр очоод “Бандгаатай уулзъя. Би энэ хар даагыг авъя. Надад саарал морь зарсан таван сая төгрөг байна. ноднин саарлыг 1,5 саяар авч болсон юм чинь хэлээд үзвэл өгөх байлгүй” гэлээ. Зоригоо “За тэг уулзаад үзэхгүй юу” гээд Бандгаа дээр очлоо. Гэтэл Бандгаа “аа тийм үү?” гээд хэсэг чимээгүй сууснаа “Эрдэнэтийн нэг хүн авчихсан юм. би уяж өгөх үүрэгтэй байгаа хүн дээ” гээд инээсэн гэдэг. Орой нь бөөнөөрөө хоол идэж суухад Зоригоо “Манай Нэргүй ах ална шүү. хүний 20000 ам доллараар авчихсан даагыг таван сая төгрөгөөр авна гэдэг. Дандаа хямдхан даага авч давхиула гэж бодсон юм биш биздээ” гэж бөөн инээдэм болсон гэдэг. Тэр хар даага хожмоо төрийн наадамд бага дөрвөн насандаа айрагдаж, түрүүлсэн Ганзоригийн Тэмүүлэнгийн Дөлгөөн хар юм.
Бас нэг удаа Дорнодын Цагаан-Овоонд хаврын уралдаан үзэхээр очоод нэг саарал хязаалан үрээг авахаар санал тавихадмЦэндбаатар, Батзориг нар “та саарал адуу л харагдвал авах гэдэг өвчин тусаж байгаа юм биш биз” гэжээ. Эзнээс нь үнийг нь асуухад бас л дийлэхээргүй тоо хэлсэн тул аваагүй өнгөрчээ. Саарал үрээг дараахан нь Өмнөговь аймгийн Булган сумын харьяат “Дорнын унага” галын Манлай уяач Намдагийн хүрлээ авч бүсийн наадамд нэг түрүү, таван айраг хүртсэн хурдан Яруу саарал морь юм.
Адууны наймаа хийхдээ хүний үгийг сонсоод байдаггүй өөртөө таалагдсан морио л авна. Тэгээд өөрийн галын уяач нар болох С.Ганхуяг Тод манлай, Т.Батзориг Алдарт, Б.Цэндбаатар Алдарт нарыг шүүмжлэхээр “Эдэнд үнэ байдаггүй, дуранд үнэ байдаг юм” гэж баяд өвгөн хэлсэн юм гэнэ лээ, миний дур хөдөлбөл хонины морь байсан ч авна гэж зөрүүдлэнэ. Энэ нь бага даа хүний ганц хүү дураараа өссөний дутагдал бас аавын минь заасан морины шинжийг илүү гэж үздэг зэрэгт байдаг бололтой. 1999 онд Даривт болсон зууны бахархал наадамд очоод аавтай ярьж сууж байгаад манай сум наадмаа алдчихаж гэхэд “чи яаж мэдээд байна вэ?” гэж аав нь асуухад “яах юу байхав Ховдын Дарвийн жижиг Төгсийн хул морь сайн зөв уяатай мордлоо, энэ түрүүлнэ дээ” гэхэд “хүнд ярьж өвчигнөөд яах вэ, чимээгүй” гэжээ. Нэргүйбаатар өөрийн найз Доржийн Энхтүвшинд энэ санаагаа бас хэлсэн гэдэг. Их насны морь ирэхэд миний хэлснээр Төгсийн хул морь сайхан түрүүлсэн. Аав “миний хүү одоо л баримжаатай болж байгаа юм байна, морь харснаа хүнд битгий хэлж бай, өөрөө л өөртөө хадгалж, анализ шинжилгээ хийж бай, өнөөдрийнх чинь зөв л байна. сайн харахгүй бол худал хэлнэ шүү дээ. сайн бодож бай” гэж захиж билээ.
Энэ ч утгаар Дорнодын Матадаас авсан хул морь, шар хээр моь, сүхбаатарын Халзангаас авсан Сэнс хээр морь, сүхбаатарын Онгоноос авсан Буган халтар морь зэргийг хэнээс ч асуулгүй өөрөө л дур мэдэж авсан. Адууны наймаа хийж явахад алдаж онох юм зөндөө л байдаг ч адууныхаа үр шимийг хүртэж яваа болохоор үнэхээр л адуунд дуртай хүн шүү гэж “Дорнын унага” галынхан намайг хаяа өмөөрнө” хэмээн зөөлөн инээх хүн бол Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач, хилийн цэргийн хурандаа, албаны дарга С.Нэргүйбаатар юм.
С.Нэргүйбаатар, “морь уяхгүй, наадам үзэж чаддаггүй хүн чинь хүмүүсийн морь харж шүлсээ залгиж, нүдээ унагаж зогсохгүйн тулд заавал нэг юм уяхгүй бол сэтгэл нь амрахгүй шүү дээ” гэх. Түүнийг морь уядаг, уяач гэдгийг нь хилчид андахгүй. Түүний тухай 2007 оны наадмын өмнөхөн “Эх орны манаа” сонины сурвалжлагч Ж.Оюун-Эрдэнэ “Далбаан бор минь давхих байлгүй” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байв. С.Нэргүйбаатар уяач,”Тэр жил шүдлэн насанд бор үрээ их хурдан байсан юм. хоёр сунгаа өнгөлчихсөн бор үрээгээ магтаал сэтгүүлчид ярилцлага өгчихсөн чинь наадмаар 25-аар давхисан. Энэ талаар сонссон,  ахмад уяачид “морь уяж байгаа хүн морио тагтдаггүй юм. Магтахаар цагаан хэл ам иддэг, муулахаар хутагтдаг” гээд “чи бас болоогүй байна шүү” гэж шүүмжилж билээ. Түүнээс хойш ярилцлага өгөөгүй хэмээн инээмсэглэх.
Ер нь морь уядаг, сонирхдог хүнийг хамт ажилладаг хүмүүс нь сайн мэддэггүй байж байгаад амжилт гаргаад эхлэхээр мэддэг болдог юм билээ. 2008 онд АХ-ын 87 жилийн ойгоор саарал даагаа төрийн наадамд дөрвөөр давхиулснаас хойш манайхан сайн мэддэг болсон. тэр өдөр нь тухайн үеийн Хилийн хэлтсийн дарга, хурандаа Дамбын Баатар /одоо ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн/ Хүйн долоон худагт очиж “40 жил ухамсартайгаар  наадам үзэхдээ ийм сайхан наадам үзсэнгүй энэ жил үнэхээр сайхан боллоо. Миний нутгийн дүүгийн морь айрагдсан үнэхээр их баярлаж байна. бүр Говь-Алтай аймгийн Дарив сум гэж зарлуулаад” гэж хэлж байсан нь мартагллаггүй юм. /2008 онд Говь-Алтай аймгийн харьяат гурван бөх улсын цол авч, таван уяачийн морь улсын баяр наадамд айрагдсан юм/ Тэр үед хилийн  24 отрядын дарга хурандаа Ш.Лхачинжав /Одоо ХХЕГ-ын дарга хошууч генерал/ утасдаж баяр хүргээд улсын цол аваарай гэж ерөөж байлаа. Маргааш нь ажил цугласан өдөр бригадын генерал Д.Ганбаатар Ар талын техникийн газрын хамт олныг цуглуулж баяр хүргээд хамт олны зүгээс шагнал өгч байжээ.
Аливаа амжилт гэр бүлээс их шалтгаалдаг. С.Нэргүйбаатарын гэргий Отгонбаярын Бадмаа моринд дуртай нэгэн. Тийм ч учраас нөхрөө адуу малны наймаа хийх, наадам хэсч хэдэн сараар алга болоход хориглодоггүй нэгэн. Бадмаагийн аав Ч.Отгонбаяр моринд дуртай  сайхан Монгол эр хүн. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Түнэл, Тариалан сумын намын дарга, нэгдэл, сангийн аж ахуйн дарга зэрэг хариуцлагатай ажил хийж байхдаа морь их дагаж үздэг байснаас охин нь моринд чамгүй дуртай болсон түүхтэй. Отгонбаяр гуай аймгийн Алдарт уяач болсон.
2003 онд Нэргүйбаатар уяачийн аав нь тэнгэрт хальсан учир тэр жилийн наадмаар морь уялгүй өнжиж. Наадмын өглөө Яармагийн ногоон дэнжид гэргийтэйгээ морь үзэж яваад хурандаа Д.Ганбаатарын уяан дээр очжээ. Д.Ганбаатар хурандаагийн уяагаас гэрийн зүг явж байхдаа эхнэртээ “Ганбаа даргын хул соёолон маргааш айрагдана” гэж. Наадмын хоёр дахь өдрийн уралдаанаар Ганбаа хурандаагийн хул соёолон гурваар давхихыг хараад Бадмаа хань ижлээ морины асуудал дээр нэг удаа ч хорихгүй байхаар шийдсэн гэдэг. Үүний үр дүнд Нэргүйбаатар уяач адууныхаа үржил удмыг ихэд сайжруулж, 100 хол гарсан адуутай болж, одоо өөрийнхөө унаган адуугаар улс, бүсийн наадамд уралдаж эхлээд байна. энэний нэг жишээ нь өнөө жил өөрийнх нь унаган буурал соёолон морь “Дүнжингарав-2016” уралдаанд 13-аар, Өвөрхангайд болсон “Арвай хээрийн хурд-2016” 11-ээр давхиад байна.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна