СУМЫН АЛДАРТ УЯАЧ С.АРВИН: МАНАЙХАН ЧИНЬ ДЭГЭЭ ЛАМЗАВ ГЭЖ НУТАГ ОРОНДОО ЯРИГДСАН БАЯНЫ УДМЫНХАН БАЙГАА ЮМ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 26 -нд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, сумын Алдарт уяач Сэр-Одын Арвин гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1933 оны намар Улаан үзүүр хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Алтангадас /2012 он/, Есөн эрдэнэ одонгийн эзэн аж.

-Таны аав Сэр-Од хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг байв уу?
-Дээр үедээ морь уяж байсан гэдэг. Аав жороо голдуу адуутай нэгэн явсан. Манайхан чинь дэгээ Ламзав гэж нутаг орондоо яригдсан баяны удмынхан байгаа юм.  
-Тэгвэл Төрийн Соёрхолт Д.Сосорбарам гуайтай хамаатан болж таарах нь ээ?
-Тиймээ, Сосорбарам бид хоёр эгчийн дүүсийн хүүхдүүд бол зохиолч Цэдэвтэй ах дүүсийн хүүхэд. Манай Булуу дэгээ удмынхан таван жилд нэг удаа ургийн баяраа хийдэг уламжлалтай. 
-Баян Ламзав таны өвөө байх нь ээ?
-Тиймээ, Дэгээ Ламзав чинь миний өвгөн аав байхгүй юу. Тав, зургаан эхнэртэй хүн байсан юм гэнэ лээ. 
-Танай аав аль эхнэрийнх нь хүүхэд үү?
-Манай аав хоёр дахь эхнэрийнх нь хүүхэд. Өвөөгийн анхны эхнэр Долгор гэж эмэгтэй байсан. Харин дараа нь манай аавын ээжтэй гэрлэж, хамтдаа Утай Гүмбэн явж байж. Эмээ гурван банди, хоёр хүүхэн төрүүлсэн. Харин өөр нэг эхнэрийнх нь хүүхэд Сосорбарамын эмэг ээж байгаа юм. 
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Би чинь айлын том хүү. Дээрээ нэг эгч, доороо тав, зургаан дүүтэй. 
-Нэгдэл нийгмийн үед аав тань адуу мал хандивлаж байв уу?
-1920-н хэдэн онд “Санаачлага” нэгдэл гэж байгуулагдахад олон ч мал хандивласан гэдэг юм. Харин өөрөө сүүлд нэгдэлд орсон хүн л дээ. 
-Харин та нэгдэлд ажиллаж байв уу?
-Ажиллалгүй яахав. Би чинь нэгдлийн ууган гишүүн байгаа юм. Тухайн үеийн өртөөний адууг олон жил малласан. Энд тэндээс зочид ирлээ гэхэд дарга нар манайд л авчирна. Одоо энэ Гүррагчаа баатар, барилгын яамны сайд байсан Телейхан, Лувсанбалдан гуай нар ирж байсан. Манайх чинь ижилхэн ногоон гөлөмтэй морьдтой очиж тосно. Байнгын бэлэн байдалд байна гэсэн үг. Энд сонирхуулахад манай аймаг якутынхантай шиф болдог юм. Тэгсэн  аймагт ирсэн төлөөлөгчдийг хүлээн авах ажлыг Баян-Овоогийн дарга нарт үүрэгджээ. Манайх энүүхэн хойно байсан юм. Тэр чинь 10 сар гарчихсан. Болоогүй гүү уяж байгаа юм чинь. Эхнэр маань тогоо шиг гэдэстэй. Дэлхийн аварга Уранцэцэгийн аав гэдсэнд нь байсан үе.  
-Уранцэцэгийн аав аа?
-Тиймээ. Уранцэцэгийн аав чинь манай долоо дахь хүүхэд байгаа юм. Би чинь 12 банди, нэг охинтой хүн.
-Якутын төлөөлөгчид хэр удав?
-Аймгаас даалгавар өгөөд долоо хоног шахуу бэлтгэсэн. Сумаас манайд нэг цоохор гэр барьж өгөөд, Сүхбаатар гэж малын эмчийн хоёр цоохор авдрыг тавьчихаж байгаа юм. Би гэрээсээ нэг тэрлэг, хэдэн зураг нэмсэн. Тогоо шанага энэ тэрийг сумаас бэлдээд өгчихсөн. Ингээд сумаас долоо хоног бэлдсэний дараа аймгаас ирж шалгалаа. “Ирсэн улсад яаж үйлчлэх үү” л гэнэ. Болоогүй аймгаас ахлах тогооч нар авчирсан байгаа юм. Би чинь шинэ гэртээ, шинэ эхнэртэй болчихсон. Одоо бодоход их инээдтэй ээ. Якутчууд их сонин. Би чинь малгайгаа аваад, үүдээ сөхөөд тэднийг гэртээ оруултал суудаггүй, нам зогсчихсон. Тэгээд намайг суухаар сууж байгаа юм. Архи өгсөн уудаггүй. Би өөрөө эхэлж татаад өгсөн уусан. Хамрын тамхиа эхлээд орчуулагчид нь өгч тамхилсан. Энэ тухай өмнө нь манай намын хорооны дарга зөвлөгөө өгсөн юм. Тэр гадаадын нэг эмнэлэгт хэвтэж байхдаа гадны нэг нөхөртэй тамхилж л дээ. Тэгсэн өнөөх нь шууд аваад энгэрийн хармаанд хийчихсэн гэсэн. 
-Бүр хөөргийг нь халаасандаа хийчихэж байгаа юм уу?
-Тийм гэсэн. Тэгээд дарга “та хөөргөө эхлээд орчуулагчид нь өгөөрэй” гэж аминчлан захисан юмдаг. Тэд чинь тамхи татаад найтаадаг ч үгүй юм байна лээ. Ингэж тамхилсныхаа дараа би гараа спирттэй хөвөнгөөр арчаад бэлдэж чанасан ууцнаасаа огтлоод өгсөн царай алгаа. Тэр олон хүнд нэг бүрчлэн огтолж өгөөд байх хэцүү юм билээ. Тэгэхээр нь мөч мөчөөр нь нэг хутгатай өгчихсөн. Өөрсдөө зулгаагаад идчихнэ лээ. 
-Заавал спиртээр гараа арчаад өгөөрэй гэсэн юм уу?
-Тэгсэн. Нүдэн дээр нь гараа ариутгаад ууцнаасаа аваад өгөөрэй гэж даалгавар өгсөн юм. 
-Өнөө “шинэ” эхнэрийг хаанаас авчирсан юм?
-Сумын төв дээрх “Үржил” станцын мотор асаадаг эмэгтэй байсан. Өнөө “хиймэл” гэрт маань гурав, дөрөв хоносон. Тэгэхэд гурван гэр барьсан л даа. Нэг нь аймгаас ирсэн улс, нөгөөд нь өнөө гайхал якутууд, гурав дахь манайх болж байгаа юм. 
-Эхнэрийг тань жирэмсэн гээд явуулчихаж байгаа юм уу. Хүүхдүүд чинь ч явсан уу?
-Нэг хүү үлдсэн. Би чинь гэрээсээ нэг тэрлэг, хэдэн баярын бичигтэй л ирсэн хүн юм чинь. 
-Якутын зочид хэд хоносон юм?
-Хоноогүй ээ. Өдөртөө буцсан. Гэхдээ баахан тэмээ авчраад хураачихсан чинь хивсэн тохош тохоод зургаа авахуулаад салахгүй юм болсон. Энэ тал чинь дүүрэн хонь. Болоогүй манай гадаа мотоцикль авчраад тавьчихсан. Гэрийн нэг тал ногоон гөлөмтэй эмээл, нөгөө тал нь хивсэн тохош улс амьтнаас цуглуулаад авчирчихаж байлаа. Харин Гүррагчаа баатрыг ирэхэд тэгж айхтар бэлдээгүй. Сумын төв дээр ирэхэд нэг гоё эмээлтэй, дэлийг нь зассан морьтой тосч байлаа.  
-Та олон зочид угтаж авч байв уу?
-Олоон олон. Тухайн үед гурван жил болоод депутатууд солигдоно. Шинээр сонгогдох тоолонд нь би морь уургалж харуулна. Би ч морь сайн уургалдаг байсан юм. Бас зүсэлсэн морийг нь харуулж үзүүлнэ гээд ажил мундахгүй. 
-Их хөлтэй айл байжээ?
-Тиймээ. 
-Өртөөний морьдоо зориуд зүсээр нь ижилсүүлдэг байсан юм уу?
-Дарга нар хэлнэ л дээ. Сумын хэмжээний тэр олон айлаас цоохор морь цуглуулж бэлдэж байсан. 
-Хичнээн тооны адуу өртөөнд байх уу?
-200 шахуу адуу байна. Би  чинь нэгдэл байгуулагдахад ороод тартал нь мал малласан. Нийт 50 гаруй жил болсон байх шүү. Ингээд хувьчлалаар хэдэн адуу аваад гарсан. 
-Тэгвэл өртөөний адууг хэдэн жил малласан юм бэ?
-Нэр нь л өртөө болохоос яг биш л дээ. Дарга нарын унааны морийг малладаг байсан гэх юмуу. Тэр үед дарга нар машингүй. Хэн нэг дарга сургуулиа төгсөж ирээд хамгийн түрүүнд дэлгүүрээс ногт чөдөр авна. Дараа нь морио зүслэж авна. Би сумын төв дээр адуугаа хураачихаад хүлээж байдаг байлаа. 
-Та түрүүн Өмнөговьд болсон спартикиадад морь уургалж оролцож байсан тухай цухас дурдсан даа. Тэрийг дэлгэрүүлж ярьж өгөөч?
-1972 онд суманд хоёрдугаар спартикиад гэж болсон. Тэндээс шалгараад, аймагт очиж улмаар аймгаасаа шалгараад Өмнөговьд очиж байлаа. Хоёр машин шахуу хүн, волейвол теннис, шатар, даам, морин спортоор өрсөлдөхөөр явж байгаа нь тэр.  Дараа нь манайхнаас хот руу явцгаасан. Харин би яваагүй ээ. Хотын тэмцээнд морин спорт байхгүй гээд буцсан. 
-Өмнөговьд очоод ямар амжилт гаргасан билээ?
-Морин спорт нь бараг 10 дахь хоног дээрээ болсон санагдана. Өмнөговь аймаг гантай зарим жилээ наадмаа хийж чаддаггүй юм байна лээ. Харин тэр жил наадмаа цуг хийсэн нь их гоё болсон. Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн залуустай өрсөлдөж нэгдүгээр байранд орж байлаа.
-Одоо та 83 настай гэхэд морь унаад л явна даа, тиймээ?
-Эвийг нь олбол юм өлгөчих санаатай.
-Эмнэг сургах тал дээр хэр байв?
-Эмнэг сургахдаа ч сайн байлаа. Залуудаа өвчтэй юм шиг л уургын цоохор морьтойгоо бага шиг адуу хөөгөөд явчихна. Уургын морь нь хазаар ногтгүй хэрнээ бүүр сурчихсан. Морин дээрээсээ сүүлдэж татаж унагачихаад, унаад шуугиад ирдэг байлаа шүү дээ.  Тэр үед морь уургалж сайн татдаг, дээр нь эмнэг тохох барихдаа зүгээр л тоглочихдог байж дээ. Урд хөлөн доор нь хөлөө оруулж байгаад л тонгорчихдог байсан. Дараа нь том хүүтэйгээ бужигнуулсан л даа. Хүү маань илгээлтээр гарч, дөч гаруй эмнэг сургаж байлаа. Аавдаа туслаад адуу маллаж байгаад, дараа нь техникум, их сургууль гээд явчихсан. 
-Арай барилдаж явсан юм биш биз дээ?
-Бас хоосонгүй ээ. Гэхдээ амжилт гээд гайхуулаад байх юм байхгүй. Сумын начин хийж  явлаа. 
-Та хүүхдүүдээ хэдэн наснаас нь морь унуулж сургах уу?
-Бараг хэлд орохоос нь номхон морины нуруун дээр гаргадаг байлаа. Тэгээд тавтайгаас нь хурдан морь унуулна. Зарим нь ч айгаад уйлна. Тэгэхээр нь хангинаад мордуулчихад ойчилгүй хүрээд л ирдэг байсан. Адуу чинь ухаантай амьтан шүү дээ. 
-Та хэдий үеэс морь уяж эхэлсэн юм бэ?
-Жаран хэдэн оноос л морь уясан санагдана. Аймагт хоёр гурван удаа азарга түрүүлгэсэн. Ер нь хүрэн, хээр хоёр азаргаараа сайн наадсан л даа. Харин их морь тэгж давхиулж байгаагүй. Дээд амжилт нь аман хүзүүдсэн л байх. Тухайн үед даага уяж сүйд болдоггүй байсан юм. Аймгийн наадамд долоон даага уралдаж байсан удаатай. Харин сүүл рүүгээ л даага уяж уралдуулдаг болсон юм шүү дээ. 
-Аймаг, сумандаа л наадаж байв уу?
-Аймаг сумын наадам сүүлдээ нэг болсон. Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогтынхонтой аймагтаа наадчихдаг байлаа. Манай сум чинь бөх, морины байг нь даана. Тэгээд нөгөө сайхан адуунаасаа л өгнө шүү дээ. Энэ Сононбал гэж хүнд нэг их догшин, сайхан морь өгч байсан. Манай аймгийн бөх Шаравсамбуу бол ногттойгоо ирж барилдана гээч. 
-Таны хувьд хамгийн одтой наадсан жил нь хэзээ байсан бэ?
-Аймагт азарга түрүүлгэх сайхан байлаа. Бас дараа нь даага айрагдуулсан юмдаг. Аймгийн баяр наадам сайхан болно л доо. Хүрэн азарга намайг олон баярлуулсаан, хөөрхий. 
-Жил болгон уясан морио уралдуулж байв уу?
-Тиймээ жил болгон уралдуулдаг байсан. Тэр үедээ баярын бичиг л авдаг байлаа.
-Таны хөвгүүдээс удам залган морь уяцгааж байна уу?
-Одоогоор алга. Гэхдээ малчин бол бий. Энэ жил Түмэннасан хүү маань аймгийн сайн малчин болсон. Бас нэг охин хөдөө амьдарч байна. Харин бусад нь Улаанбаатар хот явцгаасан. 
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Хол газраас ирж өвгөн надтай яриа өрнүүлсэнд та бүхэнд ч баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна