"Шувуун хээр" МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Галайрав: ХОТОН БУУСАН ГАЗАР ХУРДАН УДМЫН АДУУ ТӨРДӨГ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 24 -нд

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Бүрэн багийн харьяат,"Шувуун хээр" МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Галайравын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1956 онд Өндөр дов хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд
-Байгаль орчны Тэргүүний ажилтан
-Мэргэжлийн хяналтын Тэргүүний ажилтан
-Төрийн албан Тэргүүний ажилтан
-Алтангадас одон
-МУ-ын Залуу аварга малчин /1973 он/
-МУ-ын Тэргүүний уран сайханч ажээ.

-Таны нэр их өвөрмөц юм аа?
- Миний буурал аав өндөр Бэгз гэж 1888 онд төрсөн хүн. Мундаг зурхайч лам байсан юм. Өвөөгийн маань өгсөн нэр л дээ. Номын нэр гэдэг. 
-Жаргалан сумын уяачдын холбооны нэр болсон Шувуун хээр азарганы тухай манай уншигчдад ярьж өгөөч?
-Жаргалан сумын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш 1575 м өндөрт, Хасагт хайрханы хажууд сүндэрлэн байна. Энэ хайрханд буга, согоо, ирвэс, шилүүс зэрэг ан амьтдаас гадна олон төрлийн эмийн ургамал ургадаг юм. Тэр утгаараа өвсний сайныг эндэхийн мал шилж сонгож байгаад иддэг. Нэмж ярихад Хасагт хайрхан уул нь Монголын дархан цаазтай таван уулын хоёр дахь нь. Харин голын хувьд Богд Очирвааниас эх авч урссан Завхан гол манай нутаг руу  90 гаруй км урсдаг. Эндээс 10 гаруй гол горхи эх авдаг. Өнөө дуунд гардаг алдарт “Эрээн нуур”, “Ажиг нуур” гээд байгалийн сайхан бүхэн бүрдсэн юм болохоор манай нутгаас сайн бөх, хурдан морь төрөх ёстой гэж хөгшчүүл ярьдаг. Жишээ нь Дархан аварга Шаравын Батсуурь гэдэг хүн бол яг энэ нутаг усны хүүхэд байгаа юм. Түүний араас Шоовдойхүү, Шинэбаяр нарын хоёр, гурван ч начин төржээ. Өөр  хөгшчүүл Увсын Завхан сум, Айраг сум, Дөрвөлжин багтсан Монголын өргөн элсийг жороо морины савдагтай газар гэж ярьдаг. Тэр утгаараа Завхан уулыг хурдан морь төрөх ёстой газар гэлцдэг. Бас нэгэн цагт Эрээн нууранд хотон ирж бууна. Хотон буусан газар хурдан удмын адуу төрдөг юм. 
-Өнөө шувуун хээр маань яалаа?
-Манай суманд 1990 он хүртэл “Бат найрамдал” гэж нэгдэл байлаа. Хавартаа нэгдлийн адууг дэллэнэ л дээ. Бүрэн багт нэг метр гаруй өндөр, өргөөшөө 50-60 см хашаанд тоолж дэллэнэ. Тэгж байтал нэг даага хашаан дээгүүр харайгаад гараад явчихгүй юу. Хаврын цагт торолгүй хашаагаар даваад гарчихаж байгаа дааганы чадлыг хүмүүс гайхаж байсан гэлцдэг. Тэгээд өнөөхийг чинь дахин оруулж ирээд, Лхагвадорж гэж хүн суран ногтоор бугуйлдаж барьж аваад уясан ч бугуйлыг нь тас татаад дахиад хашаан дээгүүрээ гараад явчихаж. Араас нь морьдоор хөөгөөд гүйцээгүй аж. Ингээд олдоогүй. Гэтэл зун нь ганц хээр адуу Эрээний ард элснээс ирж ус уучихаад алга болжээ. Элсэн дотор ямар ч хурдан мориор хөөгөөд гүйцдэггүй. Тэгсэн дараагийн жил нь ганц хоёр гүү хураагаад эхлэв. Их эрэлхэг энд тэндээс гүүнүүд ирэхээр нь тасдаж аваад хураачихна. Соёолонд нь манай нутгийн адуучид шөнө хээр хонож хүлээсэн. Би хүртэл жоохон хүүхэд хамт явсан юм. Үүрээр өнөө адуу ирсэн ч Шувуун хээр байхгүй зугтчихсан. Гүүнүүдээ ус ууж байхад өнөө азарга харуулд зогсож байна шүү дээ. Тэгээд гүүнүүд нь ус ууж ханаад голын ширгэ зулгаагаад явахад хээр азарга ганцаараа очиж ус ууна. Хагалбар дэлтэй, гараад явахад хоёр дэл нь далавч шиг  тийм гоё, нарийхан улаан хээр азарга байсан юм. Тэрний хурдтай, бяртай, аагтай байгааг харахад гайхалтай. Тэгж анх хөөсөн бол дараа нь би хүмүүстэй хоёр, гурван ч удаа хөөж үзсэн л дээ. Бараагүй юм. Нутгийн улсууд хээр азарганы адуун дотроос барьсан адуугаараа уралдах болсон. Үүнээс Цэдэнбэл нэгдлээс 100 төгрөгөөр хонгор даага авсан нь тэр жилээ сумандаа түрүүлсэн. Түүнээс хойш тогтмол айрагдсан. За тэгээд Дагвадорж, Зэнээгийн гээд нэлээд хэдэн үрээнүүд айрагдсан. Харин өнөө алдарт Шувуун хээр чинь 1980 хэдэн оны үед алга болсон. Элсэн дотор л үхсэн болов уу. Тэрний дараагаар нөгөө гүүнүүдээс нь гарсан үрээнүүд болох залуу сайхан азарганууд гарч ирсэн. Хээр азаргатай адуу, сартай хүрэн азаргатай адуу, усан унаганы хээр гэж бас өөр нэг хээр азаргатай адуу, Монголын хээр гэж халтар азаргатай адуу гээд л тасарсан ч төдөлгүй устсан. 
-Шувуун хээрийн эх, эцэг нь ямар адуунууд байсан юм бол оо?
-Шувуун хээрийн яриа ид байх үед би гурав, дөрөвдүгээр ангийн хүүхэд явлаа. Тийм болохоор сонсоогүй. Ер нь говийг ороо морины савдагтай газар гэж хөгшчүүл ярьдаг байсан юм. Тэр нь  нөлөөлсөн юм болов уу. Өмнө нь ч тэр элс рүү орчихдог адуу их байлаа. Паламын Тонгоон хар морь, Нанжидын хонгор зэрэг. Ингэж ганц нэг адуу явдаг байсан ч  азаргаараа явж байгаагүй ээ. 
-Энэ нутаг усны нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдээр яриагаа үргэлжлүүлье?
-Балтангийн Зэнээ гэж хүний шар хээр морь 1965-1967 онд сумандаа дарааллан түрүүлсэн. 1968 онд Говь-Алтай аймгийн наадамд аваачиж 41км газраас уралдаж түрүүлсэн байдаг. Дараа нь 1969 онд Завхан аймагт очиж уралдаад бас түрүүлсэн. Энэ бол алдартай шандастай хурдан хүлэг л дээ. Энэ нутаг усны адуу байгаа юм. Зэнээ гэж хүн цэргээс ирчихээд нагац ах  Доржсүрэн дээрээ очоод энэ шар халтарыг чинь худалдаж авъя гээд бүдүүн бор морь өгөөд авчээ. Тэр бол мундаг морь шинжээч хүн. Бүүр энд тэндэхийн наадамд очоод түрүүлж айрагдсан морьдыг саравчилж хараад л сайн адуу байна гэхэд сумандаа хоёр түрүүлчихсэн байх жишээний.
-Өөр?
-Бэгзийн хүрэн халзан гэж сумандаа 10 түрүүлсэн морь байна. Бэгз гэж хүн цэргээс ирээд Цэрэнбалжид гэгчтэй нагац ах Дамаажүнийдээ очиж. Ах нь ч “миний хоёр хүү цэргийн албаа сайн хаагаад ирэв үү” гэсээр угтан авч, айраг цагаа, хоол унд болжээ. Тэгээд “за та хоёр гар. Нэг халиун, нэг хүрэн халзан даага байна. Өөрсдөө уургалаад ав” гэжээ. Нөгөө хөгшин өөрөө сайн уургач л даа. Цэрэнбалжид нь арай жоохон том биетэй халиун даагыг уургалсан бол Бэгз гуай үлдсэнээр нь хүрэн халзан даагыг авчээ. Ингээд сургаад сумын наадамд мордуулбал хүрэн халзан даага нь түрүүлжээ. Тэрнээс хойш соёолон хүртлээ тасралтгүй 10 удаа түрүүлж, тав зургаан удаа айрагдсан. Сайхан өндөр биетэй чацархуу том сартай морь байсан юм. 
-Тухайн үедээ тэр хүрэн халзантай өгөө аваатай уралддаг ямар морьд байв?
-Манай аав Дамдинсүрэнгийн хоёр бор халзан морь айргаар л ирнэ. Энэ хоёр бор халзан нь нэг насны нэг гүүний унага байгаа юм. Аавын бор халзан сумандаа дөрөв түрүүлсэн. 1955 онд Завхан аймагт манай аавын том бор халзан түрүүлж байлаа. 
-Дараагийнх нь хэний ямар морь байна вэ?
-Дараагийнх нь Завханы Алдархааны Шарваа хээр байна. Жаргалан сумын 8,9-р багийн улсууд байгаад шилжчихсэн юм. Шарваа хээр бол яг энэ голд төрсөн унага гэлцдэг. Завхан аймагт 10 түрүүлсэн энэ хурдан хүлгийн хөшөө нь ч бий. Нэлээн харьчихсан манай суманд ирж түрүүлэхэд би хүүхэд байлаа. Миний Баян-Уулд очиж морийг нь унадаг байсан Чойжмоо, Пүрэвдорж гэж улс Шарваа хээрийн дүү нэг халтар морийг Баян-Уулд аваачиж түрүүлгэсэн юм. Тухайн үед бид булгийн хаяанд орой ирээд хонохгүй юу. Цэрэндорж гэж хүн Шарваа хээрийнхээ дэлийг нь засаагүй согсоог нь ч боогоогүй байж. Наана нь согсоог нь боочихсон хээр морь байж. Тэгсэн томчуудын ярьж байгааг сонссон айлын эхнэр гараад явчихав. Хэсэг азнаад орж ирснээ дэлийг нь засаагүй, сүүл согсоог нь боогоогүй хээр морь байна. Тэр л биз гээд яг таачихаж  билээ. Би лав хоёр ч удаа түрүүлж байхыг нь харсан. Биеэр их жижигхэн ч ёстой шарвана даа. Ганцын даваа өгсдөг байхгүй юу. Тэгэхэд хоёр морь тасархай орж ирсэн ч  гуядахтай зэрэг сүүл нь дээшээ болж дугуйрч шарваад түрүүлсэн. Бас л харьж явсан үедээ шүү дээ. Сүүлд хөөрхий Бор хайрханд босоогоороо хад түшээд үхсэн байсан гэдэг. Тэрийг нь зорьж очиж олон ч хүн үзсэн байгаа юм. Гэхдээ би сонссоноос үзээгүй ээ. Өөр Бэгз гэж Монголын ам гээд чацарганатай бургасан шугуйтай газар нутагладаг байв. Тэгээд гүүгээ барьсан нэг алаг унага хэвтэж байгаа газраа ухаад байж. Өөр газар аваачсан ч ухчихна. Хүмүүс ч гайхаад. Тэгсэн нэг өдөр Бэгз гэж хүн малын буян заяа дуудах жасаа гэж юм уншжээ. Гэтэл орой нь авга ах Гонгоо гэдэг хүн ирээд хүрэн гүүг чинь алаг унагатай нь авъя. Долоон адуу чамд өгье гэж. Ингээд наймаа тохирч аваад явсан. Харин орой нь Бэгзийн ах Балдан ирээд “нөгөө хүрэн гүү, алаг унага яасан” гэвэл “долоон адуунаас өгчихлөө” гэсэн байгаа юм. Тэгтэл ах нь загнаад наймаа буцах болж, найман адуу өгч хүрэн гүүгээ авсан. Ер нь хурдны шинж унагандаа байдаг юм билээ. Хэвтэхээрээ 4 туурайгаа наранд ээдэг тийм унага байсан. Тэгээд дааганаасаа эхлээд Бэлчирийн овоо энэ тэрүүгээр болсон наадмуудад олонтаа түрүүлж, 31 хүрсэн. 30-тайд нь уяагүй байхад морь дагаад яваад байхаар нь Бушхүү гээд эмэгтэй хүүхэд унуулаад, наадамд түрүүлээд иржээ. Тэгээд 31 хүрээд элс рүү ороод үхсээн.
-Дараагийн ярих хурд байна уу?
-Түүхтэй морьд бол нэг иймэрхүү. Харин одоо уяачдынхаа тухай ярих уу.
-Тэгээч?
- Аймгийн Алдарт уяач Лхангаасүрэн гэж хүн буурал мориороо нэлээд олон түрүү, айраг авсан. 1991,92 онд түрүүлгэж байсан бол 1989 онд гуравлуулж, 1993,94 онд аман хүзүүдүүлсэн. Ер нь уяач нарыг харж байхад нэг л уяагаар морио уяна. Харин тэр хүн бол өвөл голын захад шон зоож, зэл татаад мөсөн дээр нөгөө буурал морио уядаг байлаа. Их сонин арга байгаа биз. Өөр Базархүү гэж уяачийг хөгшчүүл их хатуу уяатай гэж ярьцгаадаг юм. Түүний уяаны арга адилхан мөртлөө шар махыг нь тасдана гээч юм болдог. Тэгээд эргүүлээд хүч нэмж уядаг. Нэг ёсондоо гэдсийг нь бүгдийг нь юүлнэ. Одоо тэр хөвөө гээд байгааг жинхэнэ утгаар нь хийнэ. Энэ хүн зургаа, долоон  түрүү, 10-аад айрагтай. Хоёр гурван  морь уядаг байсан юм. Дараагийнх нь Жамбалын Ганбат гэж хүн байна. Миний багад аав нь алаг нүдэн Жамбал гэж цагаан дэлтэй цавьдар азаргатай хүн байлаа. Өнөөхөө унаад айл амьтнаар ороод явна. Би өнөөх азаргыг нь хараад гоё дэлтэй юм бэ гэж дандаа л боддогсон. Сүүлд нь хүмүүсийн ярих нь Ханхөхийн адуу гэцгээх юм билээ. Тэсээс нэг хүрэн азарга авчирсан нь  бараг 10-аад удаа айрагдаж түрүүлсэн. Сар хайрханы даншигт 11 дээр ирж байсан. Бас 1961 онд Одтэмбүүлээ гэж хүн Говь-Алтай аймагт сартай хүрэн морь түрүүлгэж байв. Тэрээр маш олон хонгор адуутай. Тэднээс нь бага нас нь онцгой давхина. Бүүр 60, 70 хүрчихээд ихээ тарган хүн морио уяад л  явдагсан.  Дараагийнх нь аймгийн Алдарт уяач Баярмагнайн хүрэн морь байна. Айраг түрүү олонтаа хүртэж байсан энэ адуу Дарив хүрэн нэртэй. Одоо түүний хүүхдүүд удам залган уяа сойлго тааруулж байна. Аймгийн Алдарт уяач Дамдинжамцын Чулуунбат нэг  бор азарга худалдаж авсан. Хэнтий аймгийн Галшарын энэ адуу Чулуунбатад ирээд суманд хоёр, гурван удаа түрүүлсэн. Тэр бор азарганаас нэг хээр унага гарч, даагандаа 1999 онд Баян-Уул суманд түрүүлсэн. Тэр жил хэд хэдэн наадам болсон юм. Халиун сумын 70 жилийн ой болж, тэнд түрүүлээд, Отгонтэнгэрийн тахилгат гуравласан. 2000 онд сумандаа түрүүлчихээд, аймгийн 60 жилийн ойгоор долдугаар сарын 11-нд мөн л түрүүлсэн. Тэрнээс хойш нэлээд хэдэн удаа түрүүлсэн удаатай. Харин 2003 оны сумын наадамд азарга тавлаж, 2005-2007 онд аман хүзүүдээд, 2008 онд түрүүлсэн. Энэ сайн уяач өдгөө хот руу шилжчихсэн. Түүнчлэн сумын Алдарт уяач Данхарын Бямбаагийн аав Данхар, авга ах Сандаг нар хурдан адуутай улс байлаа. Түүний хурдан алаг морь болох Зээнээгийн шар хээр морь 41км-т түрүүлсэн. Тэгэхэд хамт уралдсан байгаа юм. Хоёулаа тасраад нэг нь зам мэдэхгүй буруу газраар ороод хул алаг морь нь тав дээр ирсэн. Хул үрээ 1968 онд аймагт бас түрүүлсэн. Ийм л хурдтай улсын үр хойч Бямбаа байгаа юм. За бас Товуудайн Бадамраа гэж хүн  Баян-Уул суманд хоёр түрүү, гурван  айраг авч байсан. Энэ хүн Баян-Уул руу их явж уралдана. 1973-1977 онд Жаргаланд хоёр хонгор морь, буурал үрээгээрээ 6 түрүү, 6 айраг авч байлаа. Эдний ийш тийшээ өгсөн морьд нь ч их сайн уралдана. Завханы Алдархаанд очсон буурал морь нь хоёр түрүүлсэн. 
-Одтой нааддаг хийморьтой уяач олон юм аа?
-Ингээд дуусахгүй ээ. Найдан гэж хүн их олон морь уяж байснаас алаг үрээ нь дааганаасаа соёолон хүртлээ дарааллан тасархай түрүүлсэн. Даанч дараа нь эндчихсэн юмаа. Даагаараа алдартай Ноост гэж хүн байна. Бага насны голцуу их олон морь уяна. Сүүлдээ ч хүрэн халзан, хүрэн гээд их насны морьд нь сайн давхисан. Ноост хаврын шар үснээсээ салаагүй тийм даагыг уяхгүй юу. Тэр нь шар үстэй ноостой чигээрээ уралдсаар сумандаа түрүүлсэн. Энэ бас л соёолон хүртлээ түрүүлж байлаа. Ах дүү Даваажав, Жадамбаа нар хоёр сайхан хар морьтой. Даваажав нь хар, халиун, буурал морьдоо уяж, олон ч айраг түрүү авсан. Харин Жадамбаагийн хар гурван түрүү, зургаан айрагтай. Гомбын Пүрэвжав, Гомбын Палам гэж ах дүү уяачид Тэсээс адуу авчирч байсан гэж байгаа юм. Түүний Годон морь нь 1964 онд тасархай түрүүлсэн. Намайг хүүхэд байхад “Годонг олон жил уялаа. Ерөөсөө түрүүлсэнгүй. Энэ жил уяад ахиж уяхаа больё” гэж байсан. Тэгтэл тэр жилээ түрүүлчихдэг юм.  Харин 1962 онд ногоон морь нь түрүүлсэн. Тэр нь уяа нь таараад ирэхээр бүтэн өдөр шон дээрээ унтчихна, их сонин. Газар хэвтээд бүрсийсэн хүний нүдэнд өртөхөөргүй амьтан болчихно. Яг уралдах өдрөө бол гялалзсан хар юм болно. Даваацэндийн Лхаасүрэн гэж уяач болохоор хоёр, гурван хул морь уяна. Тэгээд 1989,1993 онд хул морио түрүүлгэж байсан. Нийт 4 айраг, 4 түрүүтэй уяач даа. Дээр үед Эрдэнэбүгээгийн хул гэж адуу суманд нэг түрүүлээд, Баян-Уулд нэг түрүүлсэн. Бас их гоё тийм хар голтой хул морь байсан. Санжмятав гэж хүн бор морь, халтар морь хоёр уралдуулж байлаа. Тэгсэн 1970 хэдэн онд морь будлихгүй юу. Шар халтар морь нь түрүүлээд иртэл замаас эргэсэн учраас дахин уралдана гэж. Санжмятав “дахиад уралдуул. Ажигийн хаяагаас тавьсан ч миний морь түрүүлнэ” гэжээ. Маргааш нь тавьсан ахиад түрүүлсэн. Бажигийн Бадарчхүүгийн хээр морь 1970-аад оны үед их сайн давхисан. Бүүр суманд 3, 4 түрүүлсэн. Завхан аймгийн наадамд нэг түрүүлсэн удаатай. Ер нь манайхан чинь зөөлөн газар аваачиж их тавьдаг юм. Сономбалжаагийн хээр морь 1990,91 онд сумандаа түрүүлж, 1992 онд Завханд айрагдсан. Говь-Алтай аймагт очоод аман хүзүүдсэн. Одоо энэ суманд яг нутгийн угшлын ганцхан адуу байна. Тэр нь Наранбаярын хээр. Суманд 3, 4 түрүүлж, Завханы Шилүүстэй, Завхан аймагт очиж түрүүлсэн. Энэ бол хамгийн сүүлийн үеийн Жаргалан сумын нутгийн унаган адуу байгаа юм. Аймгийн Алдарт уяач Рагчаагийн эцэг өвөг нь Дамаажүний гэж сайн уяач явлаа. Энд Шувуун хээрийн удмын хээр даага байсан нь одоо ч өтлөж байх шив дээ. Тэр нь суманд 2, 3 айрагдсан. 11 түрүү, 8 айргийн амжилтаараа аймгийн Алдарт уяач болсон Баасанжав гэж бий. Халтар азарга, хээр морьтой тэрээр 1997 онд Дэлгэрийн даншигт оролцож халтар азаргаа зургаа дээр ирүүлж, Их хурдын урилга авч байлаа. Даанч хөдөөний малчин хүн учраас мань эр явж чадаагүй л дээ. 
-Та ч нутаг орныхоо хурдан морьдыг сайн мэдэх юм. Хурдан морины салбар комисст их олон жил ажилласан юм аа даа?
-Би 32 жил морины комисст ажиллалаа. Энэ бүгдийг архиваас авч судалгаануудыг хувиараа хийсэн юм. Би товчлоод ярихад энэ шүү дээ. Цааш нь үргэлжлүүлэхэд Доржийн Сүхбаатарын хээр морь 3, 4 айраг түрүүтэй. Даанч эрт осолдчихсон. Хэрвээ уяад байсан бол нэлээд хэдэн айраг түрүү авчихаар хурдан хүлэг. Махгардаагийн хээр мөн л суманд 3 түрүүлж, 3 айрагдсан их  гоё цэвэрхэн морь байлаа. Энийг Мандуулай Доржсүрэн гэж хүн унаж байсан юм. Чээсэрэгийн халтар морь ерөөсөө  айраг алдаж байгаагүй. 17,18 удаа суманд айрагдсан. Саарай гэж саарал адуу сүүлд Төв аймгийн Баянчандманьд очоод хоёр түрүүлсэн байгаа юм. Баясгалан, Золзаяа гэж хоёрын буурал морь нь суманд айрагдсан. Тэр үед нь Завханы Алдархааны Соомын Бадарч гэж хүн харчихаад “хэд хазуулчихаад тавьсан бол тасархай ирэх байлаа. Даанч өлдчихөж” гэж хэлж байж. Золоогийн тэр буурал морь нэг удаа түрүүлэх байсан чинь хүүхэд нь буруу замаар орж товчилж яваад их чулуун дунд ороод чадаагүй. Тэгээд тав дээр баригдсан. Дээр үед Сэд гэж хүний морь маш их сайн давхиж байсан. Гэхдээ энэ улсууд Шарваа хээртэй хамт Алдархаан руу явчихсан. Тэр Сэднээгийн хүрэн маш хашин морь. Уралдаагүй үед нь бараг явуулж чадахгүй гуядаад л байна. Харин уяа сойлго нь таараад ирэхээрээ янзын хурдан. Завхан аймгийн баяр наадамд хоёр айрагдсан. Наана нь нэг хул морь нь 2 түрүүлж, нэг айрагдсан. Тэр бас л манай сумын нутгийн унага. Сэдийн хэлтгий хүрэн гэж адуу Завхан аймагт нэг түрүүлж, хоёр айрагдсан. Манай суманд бүүр харьчихсан хойноо ирж байлаа. Уралдаж ирээд гишгэж чадахгүй, амьсгаа авахгүй шууд хэвтээд өгнө. Дээр үед Тээлийн Дарамбазар гэж хүн байсан юм. Тэрний соёолон халтар үрээ 1960 хэдэн онд их хол тасарч ирсэн. Тэрнээс өөр хол тасарч ирсэн адуу байхгүй. Манай ах Болдын дааганаасаа соёолон хүртлээ түрүүлсэн хээр морь байна. Гэвч хулгайд алдаад байхгүй болсоон. Завхан голын уяач Самбуугийн хээр, хүрэн хоёр морь мөн  л  сайн давхисан. Нанжидын Баянмөнх гэж жоохон залуу 1994 оноос эхлэн морь уясан. Даагандаа хонгор даага нь түрүүлж байсан. 2004 онд сумын 80 жилийн ойгоор түрүүлж, Шаргын ойгоор очиж түрүүлээд, Ховд аймгийн Зэрэгийн ойд мөн л түрүүлэн, Ховдын Дарви сумын ойд гуравласан. Нэг жил таван том ойд хурдалсан нь тэр. Лхасүрэнгийн Ядамсүрэнгийн бор, шар хээр морьд 3, 4 түрүүлж, 3, 4 айрагдсан. Гэвч бас л хулгайд алдчихсан. Дашаа Шархүүгийн буурал морь Завхан аймгийн Алдархаан сумын наадамд түрүүлсэн бол сумандаа ч мөн нэг түрүүлсэн. Өөр Баярбилэгийн буурал морь 1984 онд суманд түрүүлж, Сономдаржаагийн хээр морь аман хүзүүдсэн. Баярбилэгийн буурал гэж ёстой л энэ нутгийн унаган адуу даа. Балган Балиагийн цавьдар морь суманд 3, 4 түрүүлж байсан юм гэнэ лээ.
-Таны аавын нэрийг гаргасан ямар хурдан хурц хүлгэд байна вэ?
-Аавын аав Дамдинсүрэн, миний аав өндөр Бэгз гэж улс байлаа. Аав маань цэрэгт явж ирснээсээ хойш морь уясан. Тухайн үедээ хоёр бор халзан морийг уяж, 1955 онд Завхан аймагт түрүүлгэсэн. Суманд 6 түрүү, 6 айрагтай. 1992 онд сумын Алдарт уяач болж байлаа. Халзан морио нэмнээтэй уядаг байсан юм. Тэрнээс өмнө орой тавиад өглөө аваад өдөртөө үсэргээ гээч юм хийгээд өнгөрдөг байхгүй юу. Тэр үед би үнэхээр их гайхдаг байлаа. Нэмнээд явж байхад амьтан хүн үзвэл муухай юм даа гэж ичисхийнэ. Аав маань мундаг ажилтай хүн л дээ. Гарын ч их дүйтэй. Модоор гэрийн хана, унь, тооно, өлгүүр, ширээ, сандал, төмрөөр зуух гээд гэрт хэрэгтэй бүгдийг хийчихнэ. Мал маллагааны их ухаантай. Намайг залуу аварга малчин болоход аавын заавар зөвлөгөө их нөлөөлсөн. Бас морь их сайхан уургална. Бүүр хүний амь ч аварч явлаа. Тэшүүрээр ч бас гулгана шүү дээ. 
-Сумынхаа баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Зургаан түрүү, зургаан айрагтай. 
-Та морь мал уяж байв уу?
-За бараг л үгүй дээ. Хөдөө мал маллаж байхдаа нэг халиун морь уядаг байсан ч айрагдаж байгаагүй. Өөр нэг хээр морь уядаг байлаа. Гурван жил мал маллахдаа хоёр л морь уясан. Бас нэг үрээ уяж байсан ч алдчихсан. Сайн давхих үрээ байсан болохоор мэдээд авчихсан юм байлгүй. 
-Хүүхдүүд морь уях уу?
-Би гурван охин, нэг хүүтэй. Бүгдээрээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. 
-Та аймгийн тэргүүний уран сайханч гэсэн байх аа?
-Ховдод ХАА-н техникум төгсөж ирээд энд малын эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгсэн 1984 онд манай суманд ой болох гээд цахилгаан хөгжим авч ирдэг юм. Соёлын төвийн эрхлэгч нь цахилгаан хөгжимнүүдээ ажилд оруулах гэсэн тоглодог хүн байдаггүй. Аймгаас ирсэн Ганболд, Сайханжав, Батхүү гэж эмэгтэй бол манай хөгжмийн багийнхан. Би эдэн дээр бөмбөрчнөөр нэмэгдэж, долоо, найман  жил тоглосон. Тэгээд 1991 онд аймгийн тэргүүний уран сайханч болж байлаа.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
- Ерөөл бат оршиг ээ. Алс хол газраас биднийг зорин ирж, сайхан мэдээллийг Монгол даяар түгээж байгаа та бүхэнд ч баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна