Шинэжинст сумын “Цомбон туурайт” МСУХ-ны тэргүүн Ж.Цэдэнсодном: Сумын хэмжээнд адууны угшил сайжруулах компанит ажил өрнүүлсэн нь үр дүнгээ өгч байна

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 23 -нд

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Цомбон туурайт” МСУХ-ны тэргүүн Ж.Цэдэнсодномын ярилцлагыг хүргэе.

-Танай сумын МСУХ хэдэн жилийн түүхтэй байгууллага вэ? Таны хувьд хэд дэх тэргүүн нь вэ? 
-Манай уяачдын холбоо ММСУХ байгуулагдсаны дараагаар 1995 онд анх байгуулагдсан. Ер нь хаа сайгүй уяачдын холбоо үүсч байна, сумандаа холбоо байгуулъя гээд хэсэг хүмүүс ярилцаад уяачдадаа урилга өгч, 4 сард 30 гаруй уяач цуглан анхны хурлаа хийж холбоогоо байгуулсан. Тухайн үед сумын Засаг дарга Баярмагнай, Иргэдийн хурлын дарга нь Жамбал гэж хүмүүс байлаа.
Хурлаар тэргүүнээр нь намайг, нарийн бичгээр нь Төмөрбат, нэгдүгээр бригадаас Чойжилжав, хоёрдугаар бригадаас Эрдэнэ-Очир, дөрөвдүгээр бригадаас Ганбаатарыг сонгож, таван тэргүүлэгчтэй болсон. Холбоо байгуулах санаачлагыг гаргасан хүмүүсийн дунд манай сумын анхны Аймгийн Аварга уяачид болох Чойжилжав, Шоовой, Хорол гэдэг хүмүүс бас байсныг хэлэх хэрэгтэй. Холбоогоо өөрийн гэсэн сантай болгоё гээд Чойжилжав, Бадамжавын Тэгшээбаатар, Бадамжавын Дэлгэрсайхан нарын хүмүүс даага, хоёрдугаар бригадын Даваахүү зэрэг улсууд 5000 төгрөгийн хандив өгч сан байгуулж байлаа. Миний хувьд холбооны тэргүүнээр  21 жил тасралтгүй ажиллаж байна. 
-Холбоо байгуулагдсан даруйдаа юун дээр илүү анхаарч ажиллаж байсан бол оо?
-Хэдий бид алслагдсан нутагт ч гэсэн өвөг дээдсээсээ уламжлан ирсэн уяачдаа алдаршуулж цол зэргийг нь олгоё, сум орон нутгийнхаа 40 жилийн ойн хурдан морины уралдааныг сайхан хийе гэж зорьсон. Тэр жил 1996 онд манай сумын 40 жил болсон юм. Тэгээд хандиваа цуглуулж ойн бэлтгэлээ хийж, орон нутагт хурдалсан хурдан хүлгүүд, ахмад уяачдаа ойн номонд алдаршуулан оруулж, хурдан морины уралдааны дөрвөн насны түрүүг даагаар байлсан. 
-Анх хэдэн хүнд Аймгийн Алдарт уяач цолыг олгож байсан бэ? Ер нь Шинэжинст сумын хэмжээнд хурдан морь уяж сойдог хичнээн уяач байдаг вэ?
-Хамгийн анх аймгийн Аварга уяач гэдгийг Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгээс манай сумын О.Чойжилжав, Д.Хорол, Шоовой гэсэн гурван хүнд өгсөн. Аймгийн МСУХ-ын Мөнх-Эрдэнэ даргаас өмнө манайд Алдарт уяач болсон хүн байгаагүй. Тэгээд Мөнх-Эрдэнэ дарга сонгогдоод бүх сумуудаар тойроод “за өндөр настай, олон жил морь уясан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлье” гээд тэгээд манайд эхний ээлжинд долоо, дараа нь мөн долоон хүн энэ цолыг авч байсан.  Одоо манай сумын хэмжээнд 24 аймгийн Алдарт уяач, 27 сумын Алдарт уяач байна. Нийт 70 орчим уяач тогтмол морь уяж байна.  
-Сумын баяр наадмаас гаднах уралдааныг хэдий үеэс зохион байгуулж эхэлсэн бэ?
-2001 оноос хойш жил бүрийн 7 сарын 1-нд “Залаа жинст ирээдүйн түмэн эхүүд” гэдэг дааганы уралдааныг  зохион байгуулаад 15 жил болж байна. Эхлээд зөвхөн даага уралддаг байгаад манай уяачид санаачилж их нас уралдуулж жил бүр өөрсдөө ивээн тэтгэе гээд аймгийн Алдартууд нь нэг нэг жилээр их насны уралдааныг ивээн тэтгэж явуулдаг боллоо. Сүүлд нь даагыг “Хаан” банк, соёолонг “Төрийн банк” ивээн тэтгэдэг болсноос хойш 7 сарын 1-ний энэ уралдаан сумын баяр наадмын өмнөх зургаан насны сорилго наадам болж өргөжсөн. Энд зэргэлдээх Баянцагаан, Баян-Өндөр, Жинст, Баянговь гээд таван сумынхан ирж уралддаг.  
-Сорилго уралдаан сумын статустай уралдаанд тооцогдож байна уу?
-Таван жилийн өмнө Засаг даргын захирамж гарч, шилжин явдаг цомтой болсон. Тэр бол аль ч сум тойрсон манай сумын уламжлал болсон уралдаан. Уяачдын холбооны 60 жилийн номонд ч энэ уралдааны тухай орсон байгаа. Манай Алдарт уяач Амар гэж залуу анх хаврын уралдааныг суманд зохион байгуулж, эхний удаа долоон морь уралдаж байсан. Энэ уралдаан бас жил бүр уламжлал болсон. Энэ жил тэр уралдааны 10 жилийн ой болж, Амар өөрийнхөө нэрэмжит болгож хийлээ. Бас л зэргэлдээ Баянцагаан, Баянговь, Баянлигээс хурдан морьд ирсэн том уралдаан боллоо. Энэ хоёр уралдаан бол тогтмол хийгддэг, улсууд ч хэзээ вэ гээд хүлээдэг болсон.  
-Цомбон туурайт хүрнүүд гэдэг дээр үеэсээ алдартай хурдан хүлгүүдийн нэрээр холбоогоо нэрлэсэн гэсэн. Эндээс харахад танай сум дээр үеэсээ хурдтай нутаг болов уу?
-Би бол яг энэ нутгийн хүн биш л дээ. Энэ нутгийн хүргэн болоод 20 жил болж байна. Цомбон туурайт гэдэг бол манай сумын нэг, хоёрдугаар багт өвөг дээдсээсээ хурдалж ирсэн хүлэг гэсэн. Тиймээс бид ярилцаад уяачдын холбоогоо Цомбон туурайт гэж нэрлэсэн. Ер нь манай сум хурдтай байсан. Одоо энэ Өвөрхангайн Арвагар хээр гэдэг бол манай сумын унаган адуу. Өвөрхангайнхан хөшөөг нь яг манай Залаа Жинстийн зүг рүү хандуулж босгосон байдаг.
-Шинэжинст сум байгаль, газарзүйн ямар онцлогтой нутаг вэ? 
-Манай сумын нутагт говийн алтайн нурууны салбар уулстай, цаад тал руугаа говьтой, наад уулархаг талдаа сэрүүн. Өвс тэжээлийн хувьд говь руугаа таана хөмөөл, уул нуруун дээрээ бол сайхан нарийн өвстэй. Морь уяхад тааламжтай энэ газар өвөг дээдсээсээ морь малаа уяад ирсэн. Говь руу халуун учраас морь уядаггүй, нуруун дээрээ морь уядаг. Манай сум хүрэн, зээрд зүсмийн голцуу адуутай. Би тамгын газрын даргын албыг 15 жил хашлаа. Сумын удирдлагын хувьд ч, сумын уяачдын холбооны тэргүүний хувьд ч нутгийнхаа адууг сайжруулах зорилгоор хоёр ч удаа 2 сая төгрөгийг Иргэдийн хурлаараа батлуулж гаргаж өгсөн. Энэ мөнгөөр Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг руу явах замын  зардал хийж, уяачдаа дагуулаад зүүн аймгууд руу явж хурдан адуу авчирсан. Тэрний хүчинд сүүлийн үед манай сумын морь хаана ч уралдахаар болсон. 
-Сумын хэмжээнд зохион байгуулалттайгаар компанит ажил өрнүүлсэн юм байна шүү дээ. Тэгээд хичнээн тооны адуу авчирч байсан бэ?
-Засаг дарга Бямбатогоо тэргүүтэй аймгийн Алдарт уяач Лхагвасүрэн, Буянтогтох, сумын Алдарт уяач Болдбаатар бидний долоон хүн яваад Сүхбаатар аймгийн Асгатаас 13 адуу авчирсан. Би ч гэсэн гурван даага, нэг шүдлэн үрээ, нийт дөрвөн адуу авчирснаас хоёр нь сайн давхисан. Нэг нь гүү, нэгээр нь азарга тавьчихсан байгаа. Миний тэр шүдлэн үрээ ноднин хавчиг морь Баянхонгорын шигшмэл хурдад түрүүлсэн. Тэр хязаалан бор азарга болохоор сумын наадамд гурав түрүүлээд байгаа. Ноднин сумын наадамд түрүүлээд, Шигшмэл хурдад 22-т ирсэн. Тэр авчирсан адуунуудаас аймгийн Алдарт болсон Энхдалайгийн бор морь ноднин манай сумын говийн хаврын бүсэд түрүүлсэн. Аймгийн Алдарт Болдбаатарын хүрэн соёолон ноднин аман хүзүүлсэн. Зүүн талаас авчирсан адуунуудын төлөөс гэвэл Энхдалайгийн хүрэн, Мөнхбаатарын хул хоёр сайн давхиж байгаа. Хул нь аймаг бүсээс дөрвөн айраг авчихсан байгаа. Лхагвасүрэнгийн цоохор азарга, Буянтогтохын алаг, буурал, Дагвасамбуугийн зээрд гээд авчирсан олон сайхан адуу хурдалж байна. Зүүн талын адуугаар цус сэлбэгдээд сүүлийн үед манай Залаа Жинст аль ч суманд очсон айхааргүй хэмжээнд болчихоод байгаа. Өмнө нь суман дотроо л байснаас гадагшаа гарахад бол арай боломгүй байсан. Тэгээд ч манай аймгийн уяачдын холбооноос уяачдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэхийн тулд хавар, зуны гээд хоёр удаа бүсийн уралдааныг говь, хангайгаар нь долоо долоон сумаар хувааж уралдаан зохион байгуулдаг болсноос хойш уяачдын цол хэргэм авахад их дөхөм боллоо. Эндээс манайх нэг л удаа аймгийн статустай бүсийн уралдааныг зохион байгуулсан. 
-Ер нь Шинэжинстийн морь томоохон уралдаануудад ямар амжилт үзүүлсэн бэ?
-Манай Шинэжинстийн сүүлийн үеийн түүхэн амжилт бол Баянхонгор аймгийнхаа баяр наадамд аймгийн Алдарт уяач Амартүвшингийн хар хязаалан аман хүзүүлж, Даваахүүгийн Мөнхбаатарын хул даага тавд орж байсан. Тэр жил нь Баянговийн 90 жилтэй хамт болсон зуны бүсэд Даваахүүгийн Түвшинтулгын Мөнгөн зээрд түрүүлж, Амартүвшингийн хар хязаалан бас түрүүлж, Мөнхбаатарын хул аман хүзүүлсэн. Дараа жил нь Баянцагааны говийн бүсэд миний зээрд хязаалан аман хүзүүлж, Мөнхбаатарын хул шүдлэн айргийн дөрөвт давхиж байсан. Тэрний дараа жил аймагт хамгийн анхны Шигшмэл хурд зохион байгуулахад манай сумын Засаг даргын тамгын газраас дэмжиж, унааны зардлыг нь олгоод бидний хэсэг уяач долоон морьтой очоод аймгийн Алдарт уяач Гантөмөрийн бор соёолон 12-т, бусад нь 31,32,33-т ирж байсан. Анхных гэхэд муугүй амжилт. Тэрнээс дөрвөн жилийн дараа буюу энэ жил Баянхонгорын шигшмэл хурд-2 уралдаан, МУ-ын Алдарт уяач Золбоотын цолны мялаалга наадамд манай сумаас 14 морьтой арван хэдэн уяач явсан. Тэнд миний хавчиг соёолон морь аймгийн шигшмэл хурдын түрүү авч, Хүрэлбаатарын хул соёолон 10-т давхиж календарт зураг нь орсон. Бусад морьд нь 20 гаргаж ирсэн. Ноднин Говь-Алтай аймгийн Чандмань сумын 90 жил болоход манай сумын Алдарт уяач Вандангоогоогийн Амартүвшиний хар соёолон аман хүзүүлж, Баацагааны 90 жилд Энхдалайгийн бор морь наймд давхиж байсан. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд бас манай сумаас 10-н хэдэн морьтой бид хэд очиж уралдаад Энхдалайгийн бор гуравт, Түвшингийн хар зургаад ирж байсан. Ингээд манай сум зэргэлдээх Говь-Алтайн Чандмань, Эрдэнэ, Өмнөговийн Гурвантэс рүү явж уралддаг, бас чиг муугүй амжилт гаргадаг боллоо. Бас аймагтаа хамгийн сайн уралдаан зохион байгуулдаг Богд суманд очиж уралддаг. Уржнан Ламын гэгээн Лувсанданзанжанцаны 375 жилийн ойд очиж миний зээрд соёолон 21-т давхиж, бусад нь 50 гаргаж ирсэн. Тэр бол улсын хурд учраас манай сумын хувьд чамлахааргүй амжилт.  
-Энэ жил сумын 60 жилийн ой болно. Ойн баяр наадмын гол нь морины уралдаан, бөхийн барилдаан байдаг. Энэ сум орон нутгийн ойд уяачид болоод, холбооны зүгээс хэрхэн бэлтгэж байгаа бол?
-Бид сумын 60 жилдээ хурдан морины уралдааныг будилаангүй, сайхан  зохион байгуулж оролцох үүрэгтэй. Энэ жил Баянхонгор аймаг хоёрхон сум ойтой учраас гадна дотноос олон хүн ирнэ. Тэр олон түмний баяр наадмыг сайн хийхийн тулд уралдааны замаа засна, шинэ гарааны төхөөрөмж хийлгэж байна, унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана. Манайх таван жил гарааны төхөөрөмж ашиглаж байна. Ер нь сүүлийн үед уралдааныг төхөөрөмжгүйгээр төсөөлшгүй болсон.
-Хүүхдүүд 100 хувь хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй уралддаг биз дээ? 
-Бүгд хамгаалалтын хувцастай, даатгалтай уралддаг. Одоо бүсийн уралдаан, аль ч зэргэлдээ суманд наадамд очсон хамгаалалтын хувцас, даатгалгүй бол уралдахгүй. Манай аймагт хамгийн сайн хэрэгжиж байгаа юм бол хамгаалалтын хувцас, даатгал. Бид нар жил болгон Бодь даатгал, Монгол даатгал, Практикал гэсэн гурван даатгалуудад даатгуулна. Сая манайх Баянговьд уралдахдаа бүгдээрээ Монгол даатгалд даатгуулсан. Энэ жил гурван сард авсан бол дараа жил гурван сард даатгалаа даатгуулна. 10-аас доош насны хүүхдүүд өндөр үнэтэй даатгуулж, 10-аас дээш насны хүүхдүүдийн даатгал арай хөнгөн байдаг. Одооны улсуудын ухамсар нийгмээ дагаад сайн болчихсон. Аль ч уралдаан дээр, бооцоотой жижиг уралдаан дээр ч бүрэн сайхан хувцастай оролцдог болчихсон. Үүнээс арай өмнө цаанаасаа ийм юм шаардаж байна гэхээр “чи л тэгэхгүй юу, уяачдын холбоо хийх ёстой” гэдэг байлаа. Нэгэнт өөрөө моринд орсон хүн гарч байгаа зардал мөнгийг тоохоо больчихсон. 
-Албаны яриаг хойш тавиад хувь хүн талаас ярилцлагаа үргэлжлүүлье. Таны өвөг дээдэс морь мал уяж байв уу?
-Миний буурал аав Баянхонгор аймгийн Жаргалант сум, дээр үеийнхээр Архангай аймгийн Чулуут сумын шулга Бямбажав гэж удмаараа уяач хүн байлаа. Буурал аавын төрсөн дүү Алагаа Найдан, Дагвадоо гээд уяачид байсан. Ваша гуай номон дээрээ тэдний тухай бичсэн байна билээ. Миний аав ч гэсэн морь уясан. Аавын хар морь Баянхонгор аймгийн Галуут суманд 1952 онд нэг аман хүзүүдэж, нэг түрүүлж байсан морь. Оргой гэж миний аавын төрсөн дүүгийн шийр цагаан хүрэн морь Жаргалант суманд дөрөв түрүүлсэн, алаг морь нь нэг түрүүлсэн байдаг юм. Миний буурал аав бол жинхэнэ уяач хүн байсан. Ямар сайндаа “Баянхонгорын шулга Бямбажав ирж байна, наадмаа наана цаана болго” гэдэг байж. Тэгэхээр нь “Та нар яахав зүгээр тавьчих, би өрөөлдөөд чөдөрлөөд тавья” гээд зургаан насаа зургууланг нь түрүүлгэдэг тийм хүн байсан. Дээр нь бас морь танихдаа ч гаргуун. 
-Хаанаас ямар морь таньж, авч хурдлуулж байсан юм бол?
-Уяачдаа ахлаад Архангайн Чулуут руу наадамд явж байтал Галын дэнж дээр хонь хариулсан хүн явж байж. Буурал аав арилжаа морьтойгоо нөгөөн хүн дээр давхиж хүрээд “Ахдаа наад морио зарчих” гэж. “Би хонины ганц морио зарчихаад юугаа унах юм” гэхэд нь унаж яваа арилжаа морин дээрээ 20 янчаан өгөөд тэр морийг нь авчихжээ. Хажуудах улсууд нь “Шулга Бямбажав морь мэддэг мэддэг гэхэд хонины морь аваад арай ч дэндэж байнаа” гэцгээж байсан гэдэг. Тэр морийг аваад 10 хоногийн дараа Чулуут сумын наадамд түрүүлгэж байсан гэдэг юм. Буурал аавын эдлэл хэрэглэл нь ааваар дамжаад бүгд надад ирсэн. Тэгээд буурал аавынхаа удмыг залгуулаад олон жил морины төлөө зүтгэж, би өөрөө аймгийн Алдарт уяач, манай дүү сумын Алдарт уяач болоод байна. Миний ах бас аймгийн Алдарт уяач. 
-Уяачийнхаа гарааг хэдэн онд анх ямар нас, зүсний мориор эхэлж байсан бэ?
-Би Архангайд төрсөн боловч говьд 40 жил ажиллаж амьдарч байна. Миний мэргэжил малын эмч. Мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаад, тэрнээс хойш дандаа дарга хийсэн. Гэхдээ энэ хугацаанд би морь малнаас огтхон ч хөндийрөөгүй. Анхандаа дандаа л айраг авдаг байлаа. Тэгээд зүүн талын адуунаас цус сэлбэснээс хойших сүүлийн зургаан жилд аль ч наадамд жилдээ гурван түрүү авч байна. Сүүлийн зургаан жилд л миний том амжилтууд бий. Тэрнээс өмнөх 20-оод жил ерөөсөө түрүү авч үзээгүй. 
-Гэхдээ л айрагт тавхан морь л багтана гэдэг чинь чамлаад байх амжилт биш. Яг өөрийн чинь нэртэй морьдууд хэдэн оноос уралдсан юм?
-1999 оноос л уяж эхэлсэн.  Тэр үед би хоёр азарга адуутай, дүүгийнх нэг азарга адуутай, наадамдаа ганц нэг айрагтай нааддаг байлаа. Тэгээд 2000 оны зуднаар Цагаанбогд адуунд ээлтэй нутаг гэхээр нь тийшээ очоод, хоёрхон гүүтэй үлддэг юм. Тэгээд Галуут сум, Байдрагт очиж хоёр Пургон машин зарж, гурван азарга адуу авчирч, манай сум адуутай болсон. Тэрнээс дөрвөн жилийн дараанаас дахиж морь уясан. Би ажил албатай болохоор морио гардаж уядаггүй, миний морийг аймгийн Алдарт уяач Лхагваа уядаг байсан юм. Лхагваагийнд хоёр хээр гүү өгсний удам сайн байна. Одоо миний морийг түүний хүү аймгийн Алдарт уяач Амарзаяа уяж байгаа. 
-Манай сэтгүүлийн зочин уяач хамгийн олон удаа хурдалж, олонтоо баярлуулсан хурдан хүлгийнхээ тухай ярих ёстой.
-Миний аварга зээрд гэж үнэн сайн морь. Ирсэн жил нь шүдлэнд тавиад түрүүлж яваад суугаад хамгийн сүүлд ирж байсан. Ямар сайндаа Цэдэнсодном дарга хоёр үрээ авчраад тэр нь хоёулаа хамгийн сүүлд ирлээ гэсэн яриа гарч  байлаа. Хойтон жил нь баяр наадамд шүдлэн, хязаалан хоёулаа түрүүлж ирсэн. Түүнээс хойш тэр хоёр тасралтгүй жил бүр түрүүлж байна. Том нь энэ жил нийлж байгаа, нөгөөх нь азарган соёолон байна. -Таны оролцож байсан хамгийн чансаа өндөр наадам? 
-Ламын гэгээний ойн наадам хамгийн чанартай наадам. Монгол улсын дөрвөн зүг, найман зовхисоос уяачид хурдан хүлэгтэйгээ ирсэн. Ганцхан Баян-Өлгийгөөс ирээгүй байсан. Миний хавчиг морь Шинэжинстийн наадамд гурав түрүүлж, бүсийн наадамд нэг аман хүзүүлчихээд тэнд очиж байсан. Урд жил нь Баянцагааны бүсэд миний хязаалан үрээ аман хүзүүлээд, хүрэн соёолон түрүүлсэн. Миний хамгийн том амжилт бол Баянхонгорын Бууцагаанд болсон Шигшмэл хурд-2 уралдаанаас аварга зээрдийн маань авсан түрүү. Энэ түрүү Шинэжинстийн ард түмнийг баярлуулсан. Тэгэхэд цолны мялаалгаа хамтатган хийж байсан Улсын Алдарт уяач Золбоот “Хаа хол говийн 300 км газраас 10 гаруй морьтой баахан уяачтай ирчихдэг. Шинэжинст сум ганц айраг авчихдаг болоосой гэсэн чинь бүр их насны түрүү авчихдаг байна шүү. Та гурван жилдээ манай хойморьт уригдана. Дараагийн шигшмэл Их хурд-3 болтол та хүндлэгдэх болно” гээд тэр наадмыг дуустал би хүндлэгдсэн. Тэр надад их гоё урам өгсөн, хамгийн бахархалтай үе байлаа.
-Гурван үе дамжсан уяач танаар тасрах ёсгүй билээ. Дөрөв дэх үеийн уяач хэр бэлтгэгдэж байна вэ? 
-Миний үр хүүхдүүд моринд сонирхолтой. Миний морийг унадаг зээ хүү Чингүүнзоригт маань хэн хүнээс илүү сонирхолтой. Улаанбаатар хотын  Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн долоодугаар ангид сурдаг. Сүүлийн үед уяаны ажилд тусалж морь уяж байна. Одоо сургууль тарахыг л хүлээсэн хүүхэд. Бусад нь ч сургууль соёл дамжаад надтай хоцрох хүүхэд олдохгүй юм шиг байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Манай сумын 60 жилийг угтаж танай "Тод магнай" сэтгүүлийн хамт олон хүрэлцэн ирж бидэнтэй уулзаж байгаад баяртай байна. Цаашид холбоотой ажиллая. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна