"ХӨХ УНАГА" МСУХ-НЫ ТЭРГҮҮН, АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.ЭНХСАЙХАН: МАНАЙ СУМЫН ЭЛСНИЙ АДУУ ИЛҮҮ ХУРДАН БАЙДАГ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 19 -нд

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын "Сангийн далай" гуравдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач, "Хөх унага" МСУХ-ны тэргүүн Жамбалын Энхсайханы ярилцлагы уншигч танаа хүргэж байна. Хурдан морь сонирхогчдод ягаан мориороо танигдсан Алдарт маань 1965 онд төрсөн бөгөөд "Уяачийн алдар" одон, АХ-ын 80, 90 жилийн ойн медалиар шагнагдсан аж.

-“Хөх унага” МСУХ-ны тэргүүний албыг хэзээнээс хашиж байгаа вэ? Энэ сумын МСУХ хэдэн онд үүсгэн байгуулагдсан байдаг юм бэ?
-Манай сумын МСУХ 10 жилийн түүхтэй. Анхны тэргүүн нь одоогийн нарийн бичгийн дарга Аварзэд. Би хоёр дахь тэргүүн нь. 2015 онд уяачдын ээлжит хурлаар миний бие тэргүүнээр сонгогдсон. Гурав, дөрвөн хүн нэр дэвшээд нутгийн олон маань надад итгэл хүлээлгэсэн. Энэ албыг аваад хамгийн түрүүнд дотоод дүрмээ баталж, тамга тэмдэгтэй болсон. Мөн хаврын бүсийн уралдаануудыг хийж хэвшсэн. Энэхүү уралдаан нь сумын статустай бөгөөд Алдарт уяачийн болзолд тооцогдох юм. Манай нутаг харьцангуй эрт дулаарчихдаг. Дээр нь уралдааны зам хачин сайхан. Ёстой даншиг наадам хийж байхаар сайхан замтай ш дээ, манайх. 
-Уралдаан зохион байгуулах санаачлага гаргах нэг хэрэг. Зохион байгуулах дүрэм журам, стандартыг мөрдөх өөр хэрэг. Холбоо үүн дээр хэр анхаарч байна вэ?
-Нуугаад яахав. Манай сумын уяачдын холбоо гарааны төхөөрөмж ашигладаггүй. Олс татаж байгаад л гаргачихдаг. Зам сайхандаа найдаад уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцсыг нэг бүрчлэн шаарддаггүй. Гэхдээ гадагшаа гарч уралддаг уяачдын хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй. Түүнийгээ өмсөж хэрэглэдэг.
-Даатгалд хамруулдаг уу?
-Хавар эрт томхон наадамд явахдаа даатгуулчихсан байдаг юм даа. 
-Хөхморьт сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
-Манай холбоо 200-гаад гишүүнтэй. Манай сумаас аймгийн Алдарт уяач 25, сумын Алдарт уяач цолтой 56 хүн байна. Уяачдын ихэнхи нь 30-50 насны эрчүүд байдаг.  
-Холбооны тэргүүнүүдэд тохиолддог хамгийн том асуудал бол санхүүжилт. Энхсайхан тэргүүн үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Уралдаанууд ихэвчлэн бооцоотой зохион байгуулагдах юм даа. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээр тэргүүлэгчид нь 50000, аймгийн Алдарт уяач 30000, сумын Алдарт уяач 20000, гишүүд нь 10000 төгрөгний татвар төлж байхаар журам баталсан ч гүйцэд хэрэгжихгүй л байна.
-Хөхморьтын хурдан борууд хэмээн ярих юм билээ. Ер нь танай сумын аль баг илүү хурдтай вэ? Тэр нь юутай холбоотой вэ?
-Дээр үеийн улс Завхан гол, хойд Элстэйн багийн адуу их хурдан байсан гэдэг. Нээрэн ч элсэнд тэнцсэн унага хурдан байдаг юм билээ. Яагаад тэгж санагддаг вэ гэхээр элсэнд морины ажил хийж байгаад гадагшаа гараад уралдахад хамаагүй өөр шүү. Завхан гол багаас олон сайн уяач, олон сайхан хүлэг морьд төрсөн. Жишээлбэл, Лодойн цэнхэр гэж хоёр цэнхэр морь 1950-1960-аад оны үед ид хурдалж байж. Гэлэгээхүүгийн хээр, Лхүндэвийн бор зэрэг хурдан морьд байсан гэнэ лээ. Бор морь нь сүүлдээ говь руу баян Дондов гэдэг хүнд зарагдаад сайн давхисан гэгддэг. За бас Бадаа Заан буюу эмнэг сургалтын спортын мастер  Бадарчийн улаан, Цамбын хонгор, Дамиран Гангаагийн бор шарга гэсэн гурван морь чацуу. Бадаа Зааны улаан морь манай суманд дөрөв түрүүлсэн. Нөгөө хоёр нь мөн түрүүлж байсан ч улааныхаа хэмжээнд арай хүрэхгүй байх. Нэгэн үе энэ гурван морь цээжинд уралддаг байсан хэмээн хөгшчүүл ярьдаг. Сүүлийн үеийнхнээс гэвэл Энхээгийн /Энхтөр/ Шодон халтар морь Сар хайрханы даншигт зургаалсан. Бас л элсний адуу. Пүүшкиний хээр Сар хайрханы даншигт долоолсон. Ер нь элсний адуунууд арга байхгүй сайн л даа. 
-Элсний гэлтгүй Хөхморьт сумандаа сайн хурдалж байсан морьдыг дурдаач?
-Намайг морь унадаг хүүхэд байхад Гонгорын шарга, Занын саарал, Самданхүүгийн халтар, Доржийн бор, Нямсүрэнгийн бор зэрэг морьд яригддаг байлаа.Сангийн далай багийн адуунууд. Харин мориноос хасагдахад манай сумын хурд баруун тийш эргэчихсэн. Тэгээд Ширнэнгийн халтар, хүрэн, Жадамбаагийн хул, саарал, Төмөрхуягийн хул алаг зэрэг морьд хурдан гэгдэж байлаа. Гонгорын шарга морь гэхэд Баян-Уул сумын наадамд дөрөв түрүүлсэн. Манай сумын адуу энэ бүсдээ хурдаараа илүүрхэнэ шүү. Жаргалан сумын 40, 50 жилийн ойгоор дандаа манай сумын морьд түрүүлсэн гэж ярьдаг юм. 
-Хөхморьт сумын гурван үеийн төлөөлөл болсон уяачдыг нэрлээч?
-Дээхнэ үеийн уяачдаас гэвэл Бадаа Заан, шар Гүржав гэж сайн уяачид байлаа. Гүржавын буруу хээр гэж сохор хээр морь Лхам жаажаагийн унаган адуу юм гэнэ лээ. 1952 онд манай сумын наадамд түрүүлчихээд байхад нь Ховдын Дарвиас нүүж явсан улс худалдаж аваад явсан гэдэг. Тэгээд хот руу туувраар явж байхдаа замдаа Архангай аймагт болсон наадамд түрүүлгэчихээд, дараа жил нь улсад гурваар хурдлуулсан гэж ярьдаг. Гэхдээ манай сумын нэрээр биш, чухам Дарвийн хэн гэж хүнд зарагдаад тийнхүү улсад айрагдсан нь тодорхойгүй. Өөр энэ нутгийн нэрийг гаргаж байсан дээхнэ үеийн уяачид гэвэл Гонгор, Ширнэн жийжээ, Гүндсамбуу, Аюурзана, Сумъяа, Баасандорж, Гомбо, Дашпунцаг нарыг нэрлэж болно. Сүүлийн үеэс гэвэл “Алтайн шигшмэл хурд”-д азарга түрүүлгэж, Ховд аймгийн 80 жилийн ойгоор хүрэн азарга, борлог соёолонгоо гурваар давхиулсан аймгийн Алдарт уяач Цэцэнбанди гэж хүн байна. За мөн одоо аймагт байгаа Зандансүрэн эмчийн бор соёолон 2013 оны Очирваанийн хурдад таваар давхисан. Хоёр даншигт дарааллан соёолон түрүүлгэсэн Түвдэннямын Ганзориг гэж хүн байна. Улсын цолонд ойрхон яваа уяачийн нэг. 2006 оны баруун бүсийн уралдаанд хул шүдлэнгээ дөрвөөр давхиулсан Балбаатар байна. Энэ мэтчилэн дурдаад байвал олон доо. 
-Цаашдаа хийхээр зорьж төлөвлөж буй ажлаасаа дуулгаач?
-Нутгийн адуугаа сайжруулж, угшил бий болгох том зорилготой байна даа. 
-Ярилцлагаа Энхсайхан Алдартын талаар үргэлжлүүлье. Хурдан морь сонирхогчдод ягаан мориороо танигдсан Алдарт хэд дэх үеийн уяач вэ?
-Миний нагац, авга нар морь уядаг. Харин  аав, ээж маань суурин газрын улс учраас миний хувьд зуныхаа амралтаар л морь унадаг хүүхэд байлаа. Намайг цэргээс халагдаж ирсний дараа нагац ах маань соёолон морь өгч өөрөө түүнийгээ уяад Ховд аймгийн 70 жилийн ойгоор айрагдуулан миний нэр дээр цоллуулж байсан. Энэ бол миний нэртэй хамгийн анхны айраг. Сүүлд морь сонирхож уях болсон нь ийм учиртай. 2001, 2002 онуудыг дамнасан зуднаар манай сумын 100 гаруй мянган толгой малнаас ердөө 25, 26 мянга л үлдсэн. Дөрөвний гурав нь үгүй болсон гэсэн үг. Үүнийг дуулаад Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хуралдаж манай сумын нэгдлийн даргаар ажиллаж байсан Лхагвасүрэн гуай “адууныхаа удам угшлыг сайжруулаарай” хэмээн таван адуу бэлэглэснийг би очиж авчрахаар боллоо. Би тэр үед ЗИЛ-130-тай байсан юм. Яваад очсон “таван багтаа нэг нэгээр нь өгөөрэй” гээд Сангийн далай Өгөөмөр багийн адууг надад өглөө. Тэгснээ “тэр холоос ирсэн хүн байна. Адуу худалдаж аваач” гээд таван адуу заахаар нь би саарал морио сонгосон. Миний саарал морь надад ирсэн товч түүх энэ. 
-Морь сонирхогчид Энхсайханы ягаан л гэж мэднэ. Та өөрөө саарал гэдэг юм уу?
-Тиймээ, би манай нутгийнхан цөм саарал морь гэдэг. Саарал морины эх нь манай сумын  харьяат Цоохорын Дашпунцаг гэдэг хүний унаган адуу. Эцэг нь болохоор Хэнтийн азарга юм гэнэ лээ. 
-Та битүү үрээ авч байсан уу?
-Тийм. Шүдлэн үрээ аваад нагацдаа хүлээлгэж өгсөн. Дараа жил нь хязааландаа манай сумын 80 жилийн ойд /2004 онд/ их хол түрүүлээд соёолондоо ч мөн ялгаагүй хол түрүүлсний  дараа нагац маань аймаг руу шилжээд явчихсан. Ингээд би өөрөө уяхаас өөр аргагүй боллоо. Тэр жил Ховд аймгийн Чандмань сумын 80 жилийн ой болохоор нь аваад очсон ахиад түрүүллээ. Хоёр хоногийн дараа улсын Заан Батзоригийн мялаалга наадамд мордуулсан бас түрүүллээ. Манай нутагт “гурав түрүүлэхээр морины аз харьдаг” гэсэн яриа бий. Тэгээд спорт заалны нээлтийн наадамд мордуулж дөрөв дэхээ түрүүлгэсэн.
-Уралдсан болгондоо л түрүүлж байжээ дээ?
-Тэгсэн. Би туршлага муутай шинэ уяач. Хавчигт нь нутгийнхнаа дагаад уялаа. Төгрөг сумын 80 жилийн ойд уралдахаар болоод 20-н хэдэн адуу, 20-н хэдэн хүн аччихаад тийшээ явлаа. Завхан гол багийн уяач С.Даваажавын даага түрүүлж, Жамц болон Даваажавын хүүгийн даага айрагддаг юм. Хязааланд Жамцын хондон, соёолонд Нацагийн хээр түрүүлж, Завхан гол багийн Батсүхийн хээр соёолон гурваар ирлээ. Тэгээд их нас мордсон миний саарал түрүүлж, Нямгэрэлийн халтар аман хүзүүдлээ. Бөөн баяр сууцгааж байсан аймгийн дарга Цогтбаатар, одоогийн ИТХ-ын дарга Ганзориг нар ирээд “манай сумын морьд сайн байгаа юм байна. Тав хоногийн дараа болох даншигт очиж уралд” гэлээ. Хөөрсөн улс тэр дор нь зөвшөөрөөд тэндээсээ шууд аймаг руу явцгаадаг юм. Очоод морьдоо хоёр хоног амраагаад уралдууллаа. Төгрөгт түрүүлсэн Нацагийн хээр соёолон зургаа, Даваажавын бор даага 10-аар давхиад миний саарал морь тавладаг юм. Баян-Уул суманд наадчихаад очсон манай сумын хэсэг уяачдын морьдоос Дашравдангийн хээр шүдлэн /Баян-Уулд түрүүлсэн/ найм, Цэрэнбалжирын хар соёолон 10-аар давхиж, манайхан даншигт сайхан наадлаа. Баруун бүсийн уралдаанд саарал морь маань айрагдчихаар урам ороод уяж болох юм байна гэсэн итгэл төрсөн дөө.
-2007 онд яаж давхисан бэ?
-Ховд аймгийн Чандмань суманд болсон улсын Начин Мөнхбаатарын мялаалга наадамд түрүүлээд суманд болсон аймгийн хойд бүсийн уралдаанд 13-аар ирсэн. Яагаад гэхээр тэр жил манай сум их гантай байсан. Тэжээлгүй адуу гантай жил олон уралдах аргагүй шүү дээ. Тэгээд тэр жилийн уралдаанаа отголсон. Дараа жил нь Ховд аймагт болсон баруун бүсийн даншигт очиж 380 гаруй мориноос түрүүлсэн. Манай сумынхан гурван машинтай 20 гаруй адуутай очиж миний саарал морь түрүүлээд, аймагт түрүүлсэн Балбаатарын хул соёолон 11-ээр давхисан.
-2008 онд суманд уралдаагүй юм уу?
-Сумын наадамд мордуулалгүй баруун бүсэд түрүүлгээд дахин уралдуулаагүй. 2008 оныг хүртэл би ерөөсөө мориндоо тэжээл өгдөггүй байсан. Тэжээлгүй байхдаа ийм сайн байгаа юм чинь тэжээгээд үзвэл илүү хурдлах байх гэж бодоод 2008 оны өвөл тэжээлээ. Хот хүрээ явдаг байсан болохоор өвс тэжээл авчирч буулгачихаад дүүдээ “тэжээгээд байгаарай” гээд захичихсан. Анх удаа тэжээж байгаа улс чинь сайн мэдэхгүй. Унаж эдэлж, онгойлгодоггүй, хорыг нь гаргалгүй тэжээсээр байгаад таргалуулчихсан. Тэгээд тэр жилээ ерөөсөө давхиагүй. 2010 онд манай аймагт баруун бүсийн даншиг болоход 40-н хэдээр давхисан. Ирээд сумын сургуулийн ойд мордуулсан түрүүлсэн. 2011 онд баруун бүсийн даншиг Увс аймагт болсон яваагүй. Харин Ховд аймгийн 80 жилийн ойд мордуулж дөрвөөр давхиулсан. Саарал морьтойгоо хамт шарга даага авч явсан нь гурваар давхисан. 
-2012 онд баруун бүсийн уралдаан Баян-Өлгий аймагт болсон. Тийшээ явсан уу?
-Явсаан. Хоёр машин, 20-иод морьтой яваад санаанд хүртлээ наадаж чадаагүй. Эхлээд азарга мордсон  будилаад түрүүчийн азаргануудыг хөөгөөд ирэхгүй юу. Тэнд манай сумын азарганууд орчихсон. Тэгэхээр нь хүүхдүүдээ загнаад “та нар дохио өгөөгүй, төхөөрөмж буугаагүй байхад явлаа. Их насан дээр тэгж болохгүй шүү” гэж хэлээд мордуулсан. Тэгсэн их нас дахиад дутуу эргэж. Өмнө нь загнуулчихсан хүүхдүүд чинь татаад үлдчихэлгүй яахав. Гэтэл тэр чигээр нь явуулаад саарал морь яг барианд 10 дээр ирээд хадуураад 12-т баригдсан. Уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн тэр наадамд жаахан харамсаж явдаг. Зэрэг тавиад уралдсан бол миний саарал морь айрагдах л байсан байх.
  Морь дутуу эргэж, наадам будилаантах шиг таагүй зүйл байдаггүй хэмээн уяачид ярьдаг? 
-Бүтэн жилийн хөдөлмөр хэдхэн минутанд үнэгүйдэхэд дуртай хэн байхав. Баян-Өлгийгөөс буцах замдаа Ховд аймгийн Дарви суманд болсон Тод манлай уяач Б.Мөнхтөрийн Манлайн мялаалга наадамд уралдаж гурваар давхисан. 2013 оны хувьд  би саарал морио аваад, улсын наадамд очиж 47-гоор давхиулсан. Хол ачина, ядарчих байх гээд их ажил хийгээгүй нь буруудсан байна лээ. Таргадаад гол цохиод дэлсчихсэн. Жаахан амрааж ажил хийгээд давхар уяагаар Завханы даншигт мордуулсан ч ахиагүй. 
-“Их хурд” уралдаануудад яагаад оролцдоггүй юм бэ?
-Надад урилга ирж байгаагүй. 2007 онд урилга ирвэл явчихъя гэж бодож байсан ч ирээгүй. 
-2014 онд Ховдод болсон баруун бүсийн уралдаанд айрагдсан. Ховдын дэвжээ танд их ээлтэй юмаа даа гэж анзаараад байсан чинь?
-Тийм шүү. Говь-Алтай аймгийн Дарив сумын ойд их хол, бараг км гаруй тасарч түрүүлэхэд Даншиг алаг ард нь ирж байсан. 2009 онд тэжээгээд буруудсанаас хойш би дахин тэжээл өгөөгүй. Өвөл нь бага зэрэг тэжээл өгч байгаад зун өвсөөр нь уралдуулчихдаг. Тэр жил Дарив ногоо муутай байсан. Тэжээлгүй давхар уяаны морь Ховдын даншигт очоод өнгөнд хэсэг явсан. Түрүүлдэг хээр морьтой нэг хэсэг яваад сууж таваар орсон доо. 2015 онд уяаны алдаа гаргаж хордлогонд оруулаад түүнээс болоод Увсад болсон даншигт ахиагүй. Өнгөрсөн жил Говь-Алтайд болсон даншигт аман хүзүүдсэн саарал соёолон миний үрээ. Хөдөлмөрийн баатар Баасанжав эмчид зарчихсан юм. 2015 оны Увсын даншгаар энэ саарал үрээг шүдний будилаантай байна гээд мордуулаагүй. Уг нь тийм байх ямар ч үндэс байхгүй. Бас нэг алаг даагатай очсон мордуулаагүй. Тэр ч яахав сэрвээ өндөр. Гэхдээ монгол даага. Өндөр бие сайтай монгол даагыг тэгээд хасчих л юм билээ. Алаг үрээ маань нутагтаа ирээд Наро Ванчин Гэгээнтний наадамд түрүүлсэн. 
-Саарал морины тань хордлого тайлагдаа юу?
-Чандманьд ч уралдсан ахиагүй. Хордлого нь гүйцэд тайлагдахгүй байх шиг байна. Увсын даншигт 20 гаргаж давхиад өнгөрсөн жил бас л болохгүй болохоор нь даншигт мордуулаагүй. Тэгээд Дөргөнд аваачиж хэсэг ногоонд тавьж цатгаж байгаад гэдсийг нь солиод тавьсан 12-оор ирнэ лээ. Дараа нь Бат-Эрдэнэ Тод манлайн наадамд долоолсон. Хоол ундных нь энэ асуудал гайгүй болчихвол миний саарал морь чинь хөлөндөө ямар ч асуудалгүй ахиад хэдэн жил уралдах адуу. 
-Одоо хэдтэй вэ?
-Энэ жил 16-тай. Гэхдээ ганц хоёр жил уралдчих байхаа.
-Уралдаан олширсон энэ цаг үед арав гаруй жил тасралтгүй уралдана гэдэг том амжилт шүү. Түрүү ярьсан алаг үрээ хаанахын адуу вэ?
-Сүхбаатарын Эрдэнэцагааны Шинэцэрэг гэдэг хүний адуу. Хөдөлмөрийн баатарт зарсан саарал нь болохоор Асгатын Цэвэгжав гэдэг өвгөний адуу. Дааганд нь авч Завханы даншигт 24-т давхиулаад, шүдлэнд нь Ховдод 60-н хэдээр оруулсан. Хязаалан шүдээр хасагдаад уралдаж чадаагүй. Тэгээд Баасанжав эмчид зарсан. Өнгөрсөн жил соёолондоо  баруун бүсэд аман хүзүүдсэн. 
-Та түрүүн бас нэг шарга үрээний талаар дурдсан. Тэр хаанахын адуу вэ?
-2011 онд дааганд нь  Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Эрдэнэбаяр гэдэг хүнээс авч байсан юм. Нутгийнхан Маамуу л гэдэг юм билээ. Шарга үрээ манай суманд гурав түрүүлсэн. Ховд аймгийн Хөшөөтийн 40 жилийн ойд түрүүлсэн. Мөстийн 80 жилд бас түрүүлж, Ховдын ойгоор гурвалсан. “Алтайн шигшмэл хурд”-д 10-аар ирсэн. Шүдлэндээ Баян-Өлгийн даншигт 24 билүү 26-аар, хязааландаа Завханы даншигт 30-н хэдээр, соёолондоо Ховдын даншигт 15-аар давхисан. Өнгөрсөн жил хөл нь жаахан доголоод уралдаж чадсангүй. 
-Хаана ч очсон зүүн зүгийн адуу давамгайлж байна. Нутгийн адуунаас хамгийн дээгүүр амжилт гаргасан нь ямар морь вэ?
-Нэг хүрэн морь бий. Одоо хөгширчихсөн. Тэр даагандаа сумандаа зургаалаад, шүдлэн, хязаалан, соёолондоо гурван жил дарааллан түрүүлсэн. Соёолондоо Ховд аймгийн 70 жилийн ойгоор айргийн таваар ирсэн. Нийлсэн жилээ сумандаа аман хүзүүдсэн. Үүнээс гадна сумын наадам, багийн өдөрлөгт олон түрүүлж, айрагдсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-Саарал морь Ховдын даншигт түрүүлсэний дараа 2008 онд аймгийн Алдарт уяач болсон. 
-Хурдан саарлаараа одтой сайхан наадагч эрхэм танд улсын цолонд хүрч төрийн хишигт уяач болох бэлгэтэй ерөөлийг өргөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна