АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ЭНХТӨР: "АЙМГИЙН БАЯР НААДАМД ТЭЖЭЭЛГҮЙ МОРЬ ТҮРҮҮЛЧИХЛЭЭ" ГЭЖ ГАЙХАЦГААЖ Л БАЙСАН

Бадрал
2018 оны 1-р сарын 19 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн харьяат, аймгийн Алдарт уяач Балжингийн Энхтөрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1968 онд төрсөн тэрээр ММСУХ-ны 20, Манлай сумын 80, 90 жилийн ойн медалиуд болон, ХХАА-н Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байжээ.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Аавынхаа талаар ярьж өгөөч?
-Ямар ч хүн эцэг эхийнхээ талаар дурсах шиг сайхан зүйл үгүй. Миний аав Балжин аймгийн Алдарт уяач хүн байсан. .  Яг хэдэн онд төрснийг нь бол сайн мэдэхгүй ээ, морин жилд л төрсөн гэдэг юм. Ардын хувьсгал ялаад удаагүй байх тэр л цаг үед юм шиг байна лээ. Аав маань хорвоогийн мөнх бусыг үзүүлээд олон жил болж байна аа. Аав маань эцэг, эхээс наймуулаа. 11 жил адуу маллаж байгаад, хожим ямаа малласан юм. Тэр цагаас л  би гэдэг хүн хүлгийн дөрөөнд хүрч морь унаж эхэлсэн дээ. Бодвол аав маань хүүгээ морь унах насанд хүрэхэд морь уяж эхэлсэн байх. Хурдан морины хүүхэд моринд дуртай болчихдог болохоор уяаны эрдэмд аяндаа л суралцчихдаг шүү дээ. Би ингэж л морьтой холбогдсон хүн. Морь уяж уралдуулах гэдэг бол монгол эр хүний л ажил. Аав маань 11 жил адуу маллахдаа “Алтан унаганы эзэн”, аймгийн “Аварга адуучин”-аар шалгарч байсан түүхтэй. 
-Аавын тань нэрийг дуурсгасан ямар, ямар хурдан хүлгүүд байв?
-Аав 1980 онд нутгийнхаа Агь гэдэг өвгөнөөс тэр үеийн ханшаар 2000 төгрөгөөр хар морь авсан юм билээ. Бас хээр үрээ ч авсан. Түүнийгээ сургаж сүргийн манлай азарга тавьсан. Аав, адуу хоёр холбогдсон түүх гэвэл ийм. Миний хувьд ч мөн хурдны удам буянт сүргээ дагах хувь зохиол маань ингэж эхэлсэн гэхэд болно. Ааваас надад ирсэн хээр азарганы төлийг би одоо ч уяж уралдуулж байна.
-Хонгор морь нь ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хонгор морь аймгийн баяр наадамд түрүүлж, бүсийн шахуу наадамд дөрөвлөөд, суманд зургаалсан гээд ярьвал олон давхилыг нь дурдаж болно. Би айл гэр болоод удаагүй байхдаа аймгийн наадамд гурван адуутай очоод нэгийг нь 14-өөр, нэгийг нь гурваар, нэгийг нь түрүүлгээд ирж байлаа. Тэгээд хойтон жил нь Хархорины “Их хурд 1”-д урилгаар оролцсон юм. 
-“Их хурд”-д ямар насны хэдэн адуутай очсон бэ?
-Аймагт түрүүлж, айрагдсан морьдод урилга өгч байсан юм. Тэгээд гуравт орсон хээр морио аваад очсон. Тэр үед тэжээл тариа байгаагүй.  Говийн ургамал, хангайн ургамал гэдэг шал ондоо юм билээ. Түүнээсээ ч болсон уу морь маань 110-н хэдээр ирсэн. 
-Айхтар усан бороотой тэр жилийн наадам говийн адуунд яггүй байсан байх аа?
-Яг тийм. Тийм нөхцөлд говийн адуу эсэн мэнд уралдаад ирсэн нь  сайн хэрэг л дээ. Хүйтэн бороонд  олон сайхан хүлэг эндсэн шүү дээ. Манай уралдаанч хүүхэд хашир тулдаа давгүй давхиад ирсэн байна лээ. Түүнээс хойш аймаг, сум, баг, ойр зуурын наадмаас 30-н түрүү, 70 гаруй айраг авсан. Тэр амжилтаараа аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн дээ.  Цолоо авснаас хойш аймагт уралдалгүй байж байгаад 2009 онд ганц хээр морьтой очиж түрүүлгэсэн. 
-Хээр зүсмийн хурдан хүлэг танд хичнээн заяасан юм бэ?
-Бурхан надад гурван хээр морь заяасан юм. Нутгийнхаа наадамд 1997, 2009 онд нэг нь гуравлаж, нөгөө нь түрүүлж байлаа. Хурдынхаа заяаг дээдлэж бурхан тэнгэртээ л сүслэж явах юм байна шүү дээ. Адуу гэдэг үгийг сонсохоор л хийморь сэргэм сайхан байдгийг монгол эр хүнээс өөр хэн мэдрэх вэ дээ, тийм үү.
-Тэгэлгүй яахав. Түрүүлдэг хээр морь нь ямар удам угшилтай вэ?
-1997 онд даагандаа түрүүлсэн хээр морины байнд нь Номгоны охин хээр даага ирсэн. Түүний удам угшлаас бий болсон адуу л даа. Нутгийн өвгөчүүлийн захиж хэлсний дагуу  аль дээр гэсэн азарганд охин хээрээ тавьж гарсан үр төлийг нь уяж сойн эрдэм ухааныг уралдуулж нутгийн наадамд торгон жолоогоо өргүүлж явна.
-Нутгийнхаа наадамд түрүүлэхээсээ өмнө уралдаж байсан уу?
-Суманд хоёр түрүүлж, Цэцийд айрагдаж байсан. Мөн сумын наадамд хэд хэдэн удаа цээжинд давхисан. Ер нь 2009 онд түрүүлдэг хээр морь минь зургаан алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Хөөрхий тэгээд даанч хөлгүй болсон л доо. Дааганаасаа эхэлж уягдсан ч шүдлэн, хязаалан, соёолондоо айрагдаагүй. Найман настай морь анх сумын 80 жилийн ойн наадамд түрүүлсэнээс хойш айраг, түрүү алдаагүй.
-Гурван хээрийн нөгөөх хээр нь хэрхэн давхиж байв. Тодруулбал, 1997 айрагдсан хээрийн тухай асууж байна л даа?
-Хархорины наадамд явж ирээд гэдсэнд нь оёг суусныг мэдэлгүй хойтон жил нь “Говьшанхын хурд 1”-д уяад алдчихсан. Юм мэддэггүйн гай л даа. Тэр наадмаас өвөр дүүрэн нулимстай л ирсэн дээ. Хээр маань шүдлэн үрээндээ суманд түрүүлж, соёолондоо айрагдсан. Багийн наадамд хавчиг зургаа, долоон настайдаа хоёр түрүүлж, нэг айрагдсан. Долоотойд нь аймагт аваачиж гуравт хурдлуулж, найман настайд нь Хархорины наадамд давхиулж, есөн настайд нь эндүүлчихсэн юм. Ер нь адуучин байна гэдэг уяж уралдуулахаасаа өмнө адуу малаа эмнэж домнох үйл хэрэгт машид сайн суралцахаас эхэлдэг гэдгийг залуу уяачдадаа хэлмээр байна. Адуу малаа хэр хайрлана, буян хишиг нь тэр хэрээр ирдэг юм. 
-Адууныхаа цусыг сэлбэж, үүлдэр угсааг нь сайжруулах ажилд хэр их ач холбогдол өгдөг вэ?
-Ааваасаа  хойш удам угшлаа сэлбэхгүй явсаар байгаад 2011 онд хүрэн азарга Дорноговийн Айраг сумаас авсан юм. Түүнээс хойш Дорноговийн Айраг сумын аймгийн Алдарт уяач Бужгар Амараа гэдэг залуугаас хээр үрээ авч ирээд азарга тавиад явж байна.
Эцгийн маань адууны удам угшил  яг л тэр хэвээрээ байна даа. Аавын үед морь малын цус сэлбэх, хойноос адуу зөөх асуудал байгаагүй. Нэгдлийн олон мал маллах нөр их ажлын хажуугаар Монгол наадамдаа сайхан наадах гэж морио уяад л явдаг байж. Одоо бол үгүй. Бидэн шиг тоосонд дарагдсан уяачид сумандаа л хорхойгоо дарах гэж морь уралдуулна уу гэхээс бусдаар бол уралдах арга байхгүй цаг иржээ. Өөрөөр хэлбэл томчууд, компанийн захирлууд л өөр хоорондоо наадахаас биш мань мэт шиг бор зүрхээрээ яваа уяачид морио уралдуулна гэдэг хэцүү болж байна. Зөвхөн сумын наадамд л гэхэд хураамж авна шүү дээ.  Мянгат гээд арай нэг бэлтэй хүмүүс нь ганц хоёр адуу уяна.  Тэгэвч  гайгүй давхиулах нь ховор.
Одоо тэгээд эрлийз адуу л голдуухан уралддаг болчихлоо.  Энэ янзаараа 10 жилийн дараа малчин хүний морь улсын битгий хэл, сумын наадамд айрагдана гэдэг үгүй болно гэж би боддог. Дээхнэ үеийнх шиг ургамлаараа, мориныхоо чадлаар, ир, хурдаар нь уралддаг үе нэгэнт өнгөрчээ.
Би морь тэжээж үзээгүй. Эрлийз, хурлийз янз бүрийн адуугаар адууныхаа цусыг сэлбээгүй. Тэр бол бэлтэй хүмүүсийн зан. Тэгж тэжээлгэсэн адуу ганц шөнө цасанд уруудахад л амьд үлдэнэ гэж байхгүй. Харин монгол адуу гэдэг бол үнэхээр тэсвэр тэвчээртэй. Өлссөн ч цангасан ч, зуд турхан, цасанд ч тэр торойгоод л үлддэг. Тиймээс ах нь адуугаа эрлийзжүүлдэггүй юмаа.
-Гурван хээрээс өөр ямар, ямар хурдан шандаст ажнайгаар наадмын дэвжээнээ торгон жолоо өргүүлж байв?
-Сумандаа гайгүй давхиж байсан адуунууд бий бий. Олон наадамд сүрхий хурдлаагүй ч нэг бус удаа  айрагдаж, түрүүлэх үе олон тохиолгүй яахав.
Гэвч айраг, түрүүгээ тоолж үзээгүй юм байна. Барагцаагаар айл болсноосоо хойш гэж тооцвол 36 түрүү, 67 айраг авсан боловуу.
-Тэдгээрээс аймгийн чанартай нь хэд вэ?
-Аймагт хоёрхон удаа л очиж уралдсан. Мөн Говьшанхад очиж уралдсан. Гурван удаа очиж уралдаад хоёр түрүү, нэг айраг хүртсэн.
-Аймгийн наадмын хэмжээний бүсийн уралдаануудад оролцож байв уу?
-1997 оноос хойш аймгийн хэмжээний наадмуудыг тойрсон шүү. Харин тэжээл, тариа хэрэглэдэг болсноос хойш айраг, түрүү аваагүй. 2009 онд тэжээлгүй морь аймагт түрүүлгэлээ гэж хүмүүс цуурав. Миний морийг хэлж байгаа юм. 2009 он гэдэг чинь бүгд морьдоо тэжээдэг болчихсон үе л дээ. Эхний 50 морийг судлахад бүгд тэжээлтэй байсан. Тэгэхэд миний хээр морь тэжээлгүй түрүүлсэн юм.
-Удам угшил сайтай гээд хүмүүс танай адуунаас сонирхоно биз?
-Манайх адуугаа хүнд нэг их өгдөггүй. Би ч гэсэн заръя гэж бодсонгүй өдий хүрлээ. Ганц нэг солъё гэсэн найз нөхөд байж л байсан. 
-Танаас өөр аавыгаа залгаж морь уяж байгаа хүн байна уу?
-Байна аа. Хоёр дүү маань малчин. Нэг нь энэ жил аймгийн Аварга малчин цол хүртсэн. Дүү маань морь тэжээж, уях гэж оролдож байгаа. Бас ганц нэг айраг, түрүү аваад эхэлсэн болохоор одоо мориндоо бүр л хорхойсч байна. 90 жилийн ойгоор би өөрөө морь уясан. Яг зурхай дээр ирээд нам дайруулаад зургаалсан. Тэжээлгүй адуу уралдахад хэцүү болж гэдгийг наадмаас наадамд харж л сууна даа. Сайн давхилаа гэхэд л  зургаа, долоо шүү дээ.
-Аавыгаа ихэд баярлуулсан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-1997 онд аав маань Цэцийгээс өөр газар нэг их яваагүй. Сумандаа л нааддаг байлаа. Засгийн маланд дарагдсан өвгөн  байж дээ. Тэгээд 1997 онд намайг аймаг явахад эхнэр нялх биетэй, их л дургүй байсан. Би  гурван адуу хөтлөөд л гарсан. Аймгийн наана очиж 27 хоног уямар аядчихаад, тэр үед телевиз гэж байхгүй радио л чагнана. Аймгийн нэвтрүүлэг гэж хоёр дахь өдрийн 12 цагаас явдаг байсан юм. Аав тэрийг чагнаж суусан чинь Балжингийн Энхтөрийн морь гуравт орлоо гэж. “Миний хүү арай биш байлгүй дээ“ гээд нулимсаа арчиж байсан гэж эхнэр хуучилж байлаа. Тэгээд намайг ирэхэд их л баяртай угтсан даа, аав маань. Хээр даага түрүүлснийг манай дүү дуулаагүй байсан. Би наадам дөнгөж тарангуут дүүгээ нааш нь давхиулчихаад, өөрөө морио хөтлөөд зургаа, долоо хоноод ирж байгаа юм. Тэгж ирэхэд аав маань намайг нулимстай угтаад үнсэж байсан. Тэр л дүр төрх сэтгэлд их тод байхыг бодоход тэр наадмаар л муу аавыгаа би жаахан баярлуулж чадсан юм болов уу. Түүнээс хойш сумын 80 жилд ганц хээр морь уясан. Би ер нь цөөхөн морь уядаг. Зургаан наснаас харж байгаад за энэ жил айрагдах байх гэснээ л уядаг. Үсрээд хоёр морь уяна. Тэр нь айраг, түрүүнээс мултарч байсангүй. Сумын 80 жилээр аав маань “миний хүү сайн уяач болно оо чадна, чадна“ гэж урамшуулж байлаа. 
-Одоо танай хүүхдүүд морь мал уяж байна уу?
-Би гурван охин, нэг хүүтэй. Би ганц хүүгээ сургууль соёлд явуулалгүй хөдөөний малчин болгоно гэж хөөцөлдөөд болгож авсан. Хүү маань гал голомтоо сахиж морь мал дагахдаа дуртай болохоор сэтгэл өег л байх юм. Охид яахав ээ эрдэм номын мөр хөөсөн. Одоо цагт нэг гэм нь хөдөөний залууст ажил сайтар эхнэр олдоно гэдэг өдрийн од л болчихоод байгаа үе дээ. Тэгээд овоо мал дагах гэж байсан малд нүдтэй зарим нь үерхэж нийлж байгаа хүүхнүүдийнхээ үгэнд орж төв суурин бараадчих юм. Хүү маань уул уурхай гэж яваад нээх их амжилт гаргасангүй. Тэгээд дэргэд минь ирж аавдаа нөмөр болж малаа дагаж байгаад ах нь баярлаж л сууна. Одоо адууныхаа цусыг сэлбэе, хүүгээ давгүй сайхан уяач болгоё гэх бодол цээж холгоод байна даа. Амьдрал сайхан шүү дээ. Тэр тусмаа адуучин байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.

"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна