СУМЫН АЛДАРТ УЯАЧ, МАЛЫН ИХ ЭМЧ Н.АЛТАНГЭРЭЛ: САЙН МОРИЙГ УЯЖ, САЙН УЯАЧ БОЛДОГ ГЭЖ АРГАГҮЙ ҮНЭН
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянбогд нэгдүгээр багийн харьяат, малын их эмч, сумыг Алдарт уяач Нагважавын Алтангэрэлийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1966 оны өвөл Баянбогдын нутаг Мандаст хэмээх газар төрсөн тэрээр ХХАА-н тэргүүний ажилтан, 2009 онд сумын аварга мал аж ахуйн мэргэжилтэн, 2011 онд аймгийн аварга мал аж ахуйн мэргэжилтэн болжээ.
-2016 онд Засгийн газрын тогтоолт баруун бүсийн уралдаанд соёолон айрагдууллаа. Таны унаган адуу юу?
-Тиймээ, өнгөрсөн жил одтой сайхан наадлаа. Өөрийн унаган адуу болох саарал үрээ маань баруун бүсийн уралдаанаас айраг хүртлээ. Энэ үрээний эх нь миний унаган гүү, харин эцэг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малын эх эмч Энхбаатарын адуу. Манай Жаргалан сумын уяачдын холбооны тэргүүн Авирмэд шүдлэн үрээ байхад нь надад авчирч өгсөн хонгор азарга байдаг. Саарал үрээ маань даагандаа зургаа уралдаж дөрөв аман хүзүүдсэн. Шүдлэндээ нэг бэсрэг наадамд түрүүлээд хөл нь жоохон эвгүйрхээд амраачихсан бол хязааландаа Тонхил суманд болсон зуны баруун бүсийн уралдаанд дөрөвлөж, соёолон болоод мөн нэг бэсрэг наадамд аман хүзүүдсэн. Үргэлжлүүлээд Дарви сумын 80 жилийн ойд долоогоор давхиж, түүнээс арваад хоногийн дараа даншиг наадамдаа айргийн гурваар давхиж баярлуулаад байгаа юм. Үүнээс 10-аад хоногийн дараа Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн наадамд зургаагаар давхисан.
-Говь-Алтай аймагт болсон Засгийн газрын тогтоолт наадмуудад тогтмол оролцож байв уу?
-Би ч аймагт болж байгаа наадмуудад цөөн оролцдог хүн л дээ. Анх 2006 оны даншгаар цагаан азаргаа тавьж, 120-иод адуунаас 30 хэдээр ирсэн. Тэр жил даншгаас тав хоногийн өмнө улсын Начин Отгонбаярын Алдар тэмдэглэх наадам болж, цагаан азарга дөрөвлөөд байлаа. Түүнээс зургаан жилийн дараа буюу 2012 оны наадмаар хүрэн азаргаа уралдуулж, 20 гаргаж ирсэн. Ноднин хавар аймгийн хаврын бүсийн уралдаанд саарал морь 20 гаргаж давхилаа. Тэгээд 2016 онд баруун бүсээс айраг амслаа.
-Олуулаа явсан уу?
-Олуулаа явсан. Бүүр хотоос хоёр Тод манлай, Алдарт Алтансүх нарын улс ч ирсэн. Ер нь манай сум чинь тойргийн даншгуудад айраг алддаггүй л дээ. 1995 оны Сар хайрханы даншигт манай аймгийн Алдарт уяач О.Мөнхбатын хулгар халтар азарга хязааланд долоогоор давхисан. 1997 онд болохоор Дэлгэрийн даншигт аймгийн Алдарт уяач Ундрахын халтар соёолон гуравлалаа. 2006 оны даншигт Хадбаатарын хээр үрээ хязааланд дөрөвлөж, аймгийн Алдарт уяач Галбадрахын хар үрээ тавлан, Цэрэндагвын хул даага тавласан. 2008 онд Ховдод болсон даншигт Отгонбаярын хээр даага аман хүзүү, Мөнхбатын хар шүдлэн үрээ, Батжаргалын бор даага, Хадбаатарын хээр азарга тус тус гуравт хурдалсан. Цэрэнлхагвын хондон шүдлэн, одоо энэ аймгийн Алдарт уяач Буяндалайн хээр азарга хязааланд тус тус зургаалж байлаа. 2009 оны Завханы даншигт аймгийн Алдарт уяач Гунаажавын хүрэн азарга айрагдсан бол 2010 онд Говь-Алтайн даншигт Батжаргалын Онгуу халтар морь дөрвөөр, бор азарга нь аман хүзүүдэж байлаа. 2012 онд Баян-Өлгийн даншигт аймгийн Алдарт уяач Буяндалайн хээр азарга түрүүлсэн. 2013 оны Завханы даншигт аймгийн Алдарт уяач Батжаргалын халиун шүдлэн түрүүлж, сумын Алдарт уяач Баатархүүгийн хар бор шүдлэн гурвалж байсан. Түүний дараа 2014 онд Ховдод болсон даншигт Галбаатарын хар азарга тавлаж, 2015 оны Увсын даншигт энэ хар азарга нь түрүүллээ. Харин өнгөрсөн жилийнхэд миний ээлж таарч соёолон маань гуравлалаа.
-Соёолонгоо айргаар ороод ирнэ гэж бодож байв уу?
-Дарви сумын ойд жоохон дутуу байсан болохоор даншигт гүйцэх байхаа гэж бодсон. Өглөө харсан зарим нь цээжинд давхихын хувьд давхинаа л гэж байсан. Гэхдээ гараан дээрээ нэлээн хойхно гарсан болохоор битүүхэн түгшсэн ч туулсаар айраг руу ороод ирсэн. 30, 40 хавьцаа яваад Мандалт өөд өгсөөд ирэхэд нь Балбаатар, Дарви сумын саарал үрээтэй Ганбаатар гурвуулаа дагалаа. Яруу саарал гараад явчихлаа. Миний саарал байдаггүй ээ. Тэгсэн газрын дундаас буюу 8, 9 км-т араас гараад ирэхэд нь сандарч эхэлсэн л дээ. Уралдаанч хүү маань Цэрэнсумъяа гэж туршлагатай нөхөр байгаа юм. Дааганд нь унаж Дарвид болсон аймгийн зуны даншигт аман хүзүүдүүлж байсан.
-Баруун бүсийн уралдааныг чанга болсон гэж уяачид ярих юм билээ. Соёолонд танигдсан хурдууд их байв уу?
-Соёолонд “Торгоны зам”-ын Гантөмөрийн хүрэн үрээ түрүүлж, Начингийн Баасанжав эмчийн бор үрээ аман хүзүүдэн, миний саарал гуравлаж, Яруу саарал дөрөвлөсөн. Яруу саарал бол манай аймгийн довтой үрээ. Харин айргийн таваар Хөвсгөл аймгийн даншигт айрагдсан, Онон Тод манлайн тамгатай хар алаг үрээ ирсэн. Өөр бас Отгоннасан Манлайн хондон соёолон уралдсан гээд довтой үрээнүүд олон харагдана лээ.
-Та хэдэн насны морьтой очсон юм?
-Би ганцхан соёолонтойгоо очсон. Даншгийн эхний өдөр азарга, соёолонгийн уралдаан болсон.
-Та хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад удаж байна уу? Эртнээсээ аймагтаа хурдтай Баян-Уулчууд дунд удамт уяач олон бололтой.
-Тийм шүү манай суманд удам дамжсан уяач олон. Гэхдээ миний хувьд тийм бишээ. Миний аав цэрэгт насаараа алба хашсан, энэ Монгол улсын хилийн хэдэн отрядыг дуусгасан дарга хүн. Анх Завханы 32-р Морьт хороо гэж байхад цэргийн албанд очсон гэдэг юм. Тэнд офицер болж, улмаар Ховдын Булганд тавдугаар отрядын штабын даргаар томилогдсон. Тэр үед Монгол улсын хамгийн баруун цэг Хүйтний оргилоос Баянхонгор хүртэл ганцхан отряд байж л дээ. Тэрийг чинь бүтэн эргэдэг байсан гэж байгаа юм. Гэвч хүч хүрэхгүй гамингууд дайрч орж ирээд нэмж зургадугаар отрядыг байгуулсан гэсэн. Өвөлдөө тэмээгээр, зундаа мориор л ажлаа амжуулна. Тийм болохоор адуунд их эрэмгий, ямар ч морийг унадаг, шинждэг хүн байсан ч өөрөө уяж байгаагүй. Цэргээс халагдаад аймгийн хэлтсийн дарга, суманд нярав, нягтлан, бригад, багийн дарга явлаа. Хөөрхий 1980 онд бурхан болсон. Цэргийн гавьяаны одон, Алтангадас болон ойн медалиудаар шагнагдаж явлаа. Харин ээжийн талд малчин улс олон. Ээж маань ч багадаа хурдан морь унаж өссөн. Түүний нагац ах Гочоо гэж панз үсэргэчихдэг нэлээн чинээлэг хүн байсан гэдэг. Ээж энэ ахынхаа мухар халтар морийг унаж, олон ч удаа түрүүлгэсэн гэдэг. Их хадуурдаг морь байгаад том хүүхдээр унуулдаг байж.
-Яагаад ...?
-Нарийн учирсаад байх юмгүй ээ. Яахав занг нь илүү мэддэг гэж л тэр байхгүй юу. Ээж маань жижигхэн биетэй, овсгоотой охин байж. Тэгээд нас нэлээн яваад санаа суучихсан морийг хадуурахад эргүүлж чаддаг байсан байгаа юм. Манай Баян-Уул Хөхморьт хоёрыг Алтангадас гэж нэгдэл байхад Баян овооны тахилгын наадам хийдэг. Энэ наадмаар Алтангадас нэгдлийн цуутай хүрэн халзан морьтой ээжийн унасан морь цуг л гардаг байсан гэсэн. Бүүр нэг удаа өнөө халтар морь нь хадуураад Баян овоо тойроод явчихаж. Хүрэн халзанг унаж явсан хүү Сүх “Гочоогийн морь хадуураад явчихлаа. Би баараггүй түрүүлсэн дээ” гэж баярлан бодож явтал гэнэт хажуугаас давж орж ирээд түрүүлчихэж. Тэгэхэд олон ч хүн “үгүй мөн адтай охин юмаа” гэж дуу алдсан гэнэ лээ.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ. Бусад тань морь уяж байна уу?
-Бид эцэг эхээс зургуулаа. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй. Би эрэгтэйгээс хамгийн бага нь. Доороо нэг охин дүүтэй. Том ах маань морь сонирхдог ч уядаггүй. Харин дүүгийн нөхөр, дүү хоёр моринд их хорхойтой улс байгаа юм.
-Та багадаа морь мал унаж байсан уу?
-Овоо хэдэн жил морь унасаан. Хүргэн ах Ч.Баатар гэж олон жил адуу малласан хүн байдаг. Түүний уясан морьдоос унаж, айрагт багтахгүй ч мэнд сайн давхиад ирдэг байлаа. Бас манай энэ урдхан Чулуунбат гэж 28 жил адуу малласан хүн байсан юм. Би хар азаргыг нь унаж дөрөвлүүлж байсан удаатай. Нэгдлийн адуу л даа. Хожмоо намайг малын эмч болоод ирэхэд Чулуунбат гуай хатгуур заасан багш маань байгаа юм.
-Тэр үед танай сумын наадам хэр өтгөн болдог байв?
-Өтгөн болно шүү. Даага, их нас бол 100 гарна. Манайхан чинь хэзээний их олон морь уралдуулдаг. Одоо ч уяачдын тоо цөөрөөд, чанар нь сайжраад тэр үү нэг их олон морь уралдахаа байж. Бидний багад сургуулийн амралт боллоо, хөдөө гарч нэгдлийн адуунаас нэг, нэг даага бариад авна. Болоогүй өнөөдүүлээ явсан яваагүй бүгдийг нь авчраад тавьчихна. Есдүгээр сарын 1-нд болдог дааганы уралдаанд сургасан даагаа бас мордуулна. Энэчлэн зуны амралт хүртэл зугаатай өнгөрдөг байжээ. Ингээд 1981 онд наймдугаар ангиа төгсөөд Алтанбулагийн ХАА-н техникумд малын бага эмч мэргэжлээр гурван жил суралцаж 1984 онд төгссөн. Тэгээд 1984-1985 онд Жаргалан суманд малын эмчээр ажиллаж байгаад цэрэгт татагдаж, гурван жил алба хаалаа. Хамгийн сүүлчийн гурван жилийн албыг хааж явлаа шүү дээ. Улмаар 1988 онд халагдаж, сумандаа мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллалаа. Хурдан морины сүүл боохын тухайд 1990 оноос эхтэй юм. Анх нагац ахынхаа хонгор морийг худалдаж авч уяа эхлүүлсэн юмдаг. Хөөрхий тэр хонгор морь надад их ч юм зааж өгсөн. Уг нь их хурдан адуу байсан ч, би “балчирдсан” л даа. Сайн морь уяж байж сайн уяач болдог гэж аргагүй үнэн.
-Юу юу зааж өгсөн байна вэ. Жишээлбэл?
-Тэр үед чинь унааны морьдоо л хааяа тэжээдэг. Уяа морьдыг тэжээдэггүй байлаа. Тэгэхэд хонгор морь чөдөртэй морин дээр очиж зогсчихно, хивэг ч хамаагүй зэрэг идчихнэ. Би ч гайхалтай сайн давхиулж чадаагүй юмаа. Хоёр, гурван бага наадамд түрүүлгэж, Жаргалан сумын наадамд айрагдуулсан. Жаргаланд наадах дуртай л даа, би. Манай хадмын нутаг надад ээлтэй санагддаг юм.
-Анхны айргаа хэзээ авч байсан бэ?
-Өөрийн унаган хүрэн мориороо анхны айргаа авч байлаа. Эндээс хурдан моринд илүү хорхойсч эхэлсэн. Миний энэ хүрэн морь намайг амжилтын дээдэд хүргэсэн буянтай амьтан. Их насны морь түрүүлгэнэ гэдэг сайхан шүү. Манай сумын наадамд олонтаа түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан буянгууд олон бий. Далхсүрэнгийн хурдан бор морь гэхэд бага наснаасаа давхиж, бүдүүрээд хоёр, гурван ч удаа түрүүлсэн. Бас Батболдын буурал, Насанбатын халиун байна. Дээр хэлсэн дээ, Алтангадас, Баянбогд хоёр нэг бригад байсан гэж. Алтангадас багийн Өртөө зээрд гэж морь долоон жил түрүүлсэн түүхтэй. Жаргалан сумын Шар-Усны унага болох хурдан буяныг дээдэлж, манай “Алтан гадас” багийнхан галаа “Алтан зээрд” гэж нэрийддэг юм.
-Шар-Усны унаганууд хурдан уу?
-Тиймээ, дээр үеэсээ хурдтай. Бэгзийн халзан, Бадарч өвгөний хээр гээд л хурдан адуунууд байсан гэдэг юм. Зээрд морь гэхэд их сонин түүхтэй. Балт гэж хүний унаган адуу байгаад хүргэн дүүд нь өмчинд ирсэн юм билээ. Гэвч өнөөх нь хонь маланд унаад, мал ч гүйцдэггүй юм гээд манай сумын Соном гэж хүнд заржээ. Гэтэл дахиад л энэ ёстой юу ч гүйцдэггүй хог байна гээд өртөөнд өгчихөж. Тухайн үедээ өртөөний адуу чинь сумын албыг залгуулдаг одоогоор машин, мотоцикль байлаа шүү дээ. Бадарч гэж манай суманд 10 түрүүлсэн бөх, өртөөний адуучин хийдэг байсан. Харин малын эмчээр Гаанжуур гэдэг хүн ажиллана. Манай энд анхны малын эмнэлгийг байгуулсан хүн л дээ. Тэгээд нэг өдөр дуудлаганд явж байтал өртөөний адуучны гаднаас эмээлтэй морио алдчихаж. Харвал шон дээр өртөө зээрд л зогсож байхаар нь “энэ ч явах биш дээ” хэмээн жоохон голонгуй чөдөр бариад мордсон гэж байгаа юм. Улмаар мориныхоо араас мордсон сүрхий цогиод байхаар нь хэд хэд гуядвал яах ийхийн зуургүй л эмээлтэй морин дээрээ оччихжээ. Ингээд эмээлтэй морио барьж ирээд өнөө адуучинд “өртөө зээрдийг уралдуул. Хурдан морь байна” гэж хэлжээ. Түүнээс хойш сумандаа 10 жил түрүүлж, насан эцэс болтол нь түрүү морины бай өгдөг болсон түүхтэй юм гэнэ лээ. Сүүлийн жилүүдэд нь аймгийн Алдарт уяач Мөнхбатын аав Ойдов уяа сойлгыг нь тааруулж байгаад зодог тайлсан. Тэр үед медаль гэж байсангүй. Хударга өмсүүлээд зодог тайлж, нэгдлийн даргын зөвшөөрлөөр түрүү морины бай өгч байх шийдвэрийг гаргасан гэдэг.
-Танд анхны айргийг авчирсан хүрэн морь тань хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Даагандаа нэг жижиг наадамд түрүүлээд, шүдлэн аман хүзүүдээд, их нас түрүүлж, хэд хэд айрагдсан. 2013 онд байхаа нэг бүсийн наадамд хөөрхий хөгшин морь сумынхаа морьд дунд нэлээн дээгүүр давхисан шүү. Тэр наадамд 11,12-оор ирсэн бол, яг өөрийнхөө сумын морьд дотроо тавласан. Тэр жил Ховд аймгийн Дарви суманд Мөнхтөр Манлайн наадамд 300 гаруй их нас мордсон. Манай сумаас гэхэд 10-аад бүдүүн морь явсан. Тэрэнд Ургамалын хүрэн морь түрүүлж, манай улсын начин Ду.Батбаярын хул морь аман хүзүүдэж, Энхсайханы саарал морь айрагдсан. Цаана нь Мөнхийн Үст халтар 19-өөр, миний хүрэн 20 дээр ирж байлаа. Тэрнээс хойш нэг их шалиагүй ээ.
-Таны нэрийг гарган хурдалж байсан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн ойд манай сумаас 11 морь очиж мундаг сайхан наадсан. Бараг бүх айраг түрүүг нь түүсэн. Лав хоёр даага явснаас нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. Би хоёр шүдлэнтэй яваад саарал алаг нь түрүүлж, хүрэн нь тавласан. Харин ганц хязаалан явсан нь Атарбаянгийн шар хээр үрээ. Тэр ганцаараа түрүүлж яваад, яг зурхайн үзүүр дээр үргээд хүүхдээ авч хаяад аман хүзүүдсэн. Харин хоёр соёолонгоос нэг нь түрүүлж, нэг нь долоогоор орсон. Азарганд Атарбаянгийн хул түрүүлж, миний саарал гурваар давхисан. Их насны гурван морь явж, Атарбаянгийн шарга тавлаж, Амгалангийн хар морь есөөр давхисан. Ингэж таван түрүүг нь авч байлаа шүү дээ. Манай Атарбаянгийн хул азарга ч хурдан байгаад түрүүлж ерөнхийлөгчийн халтар азарга аман хүзүүдэж байсан.
-Таны хоёр шүдлэн хаанахын удам угшилтай юм бэ?
-2009 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас Аз, Буяа гэж хоёр залуугаас авч байсан юм. Тэр үедээ дааганд нь зүслэчихээд л ирсэн. Тэгсэн хавар нь нэг даага чинь шүдлэн болоод эхийгээ хөхчихлөө, эхтэй нь аваарай гэнэ. Энэ нь миний бага хүрэн морь байгаа юм. Надад ирээд хоёулаа сумын наадамд айргийн араар давхичихаад Ховдын Зэрэгт очсон нь тэр. Дараа нь одоо нас нийлчихсэн алаг мориор наадсан. Даанч сүүлийн хоёр жил хөл нь болохгүй, амралт өгчихөөд ойр зуурын эдэлгээтэй л байна. Харин наад хүрэн морь нь соёолондоо Жаргалан суманд аман хүзүүдээд, Мөнхтөр манлайн наадамд очиж долоогоор давхиад энд гуравласан. Сүүлийн үед унаарын хүүхэд олдохгүй ихэнхдээ морио өнжөөчихдөг боллоо. Дараа нь саарал азарга Цэнхэрмандалаас авсан юм. Энэ азарга Ховд аймгийн Зэрэг суманд айргийн гурваар давхиад Жаргалд очиж долоолсон. Тэгээд би Завханы Цагаанчулуут руу арилжчихсан. За мөн Дорнод аймгийн Сэргэлэн сумаас нэг азарга авч байлаа. Одоо харин Дорнод, Сүхбаатарын хоёр азаргатай. Гүүнүүд бол Хэнтийнх. Өөр Увсын Тэсийн хоёр гурван гүү ч бий.
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуу дээр үеэсээ хурдтай. Таны авсан азарга ямар удам угшилтай юм бэ?
-Түмэнцогтын Орлойн хонгоруудын угшилтай. Надад шүдлэн эмнэг үрээ ирж байлаа. Тэгээд шүдлэнд нь сургачихаад, хязааланд нь Жаргалан сумын баяр наадамд айргийн таваар давхиад, соёолондоо сумандаа тавлаад ахиж уралдаагүй.
-Хөл гар нь гэмтсэн юм уу?
-Холын адуу болохоор төлийг нь авах гээд уяхаа больсон. 2007 онд хязаалан үрээ айрагдахад их насны унаган хүрэн морь маань түрүүлж, хязаалан тавлаад, азарга зургаалж үнэхээр одтой наадсан. Манай хүргэн дүү болох Жаргалан сумын уяачдын холбооны тэргүүн Авирмэд энэ хонгор азаргыг авчирч өгсөн юм. Болоогүй тэр наадамд Авирмэд дүүгийн даага түрүүлж, хоёр шүдлэн нь түрүү, аман хүзүүгээр орсон. Харин хязааланд өөрийнх нь алаг хязаалан түрүүлчихдэг юм. Тэр үед хүмүүс хадам, хүргэн хоёрын наадамд боллоо хэмээн жиг жуг гэлцэж байлаа.
-Хурдан адуунд удам угшил чухал тухай уяачид ярьдаг. Зүүн зүгээс ирсэн хурдтай адуунд өгч байгаа гүү бас хоосонгүй биз?
-Би өөрөө малын эмч хүн шүү дээ. Нарийн өндөр азарганд бол бүдүүн лаглагар гүү, зузаан тарган азарганд нарийхан хийц сайтай гүү тавих жишээний. Миний хонгор азарга бол өндөр, цустай ч юмуу гэж харагдахаар. Тийм болохоор би бүдүүн гүү тавьдаг.
-Харин таны унаган адуунуудын хувьд ямар амжилттай байна даа?
-Миний алаг, хүрэн морь хоёр л Хэнтийнх. Өнгөрсөн жил соёолондоо айрагддаг саарал үрээ, ноднингийн сумын наадмын дааганы түрүү хонгор халзан хоёр бол миний унаган адуунууд. Ноднин би уяачдынхаа баяраар хоёр даага мордуулаад хоёуланг нь оруулж байлаа. Энд хонгор халзан нь аман хүзүүдээд, саарал морины дүү хээр даага дөрөвлөсөн.
-Нэг насны морьдыг ижилсүүлж уявал илүү байна уу?
-Хүүхдийн бололцоо байвал цуг ажил хийчихээр нэг уяаны адуунууд биесээ дагачихдаг юм.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач боллоо. Тэгэхэд хичнээн айраг түрүүтэй байв?
-Би 2008 онд сумын Алдарт уяач болсон. Тухайн үедээ гурван түрүү, таван айрагтай байсан бол өнөөдөр даншгийн нэг, бүсийн хоёр айрагтай. Сум орон нутгийнх бол 40-өөд юмтай болжээ.
-Морь уяхад эзэмшсэн мэргэжил давуу тал болно биз?
-Тэгэлгүй яахав. Наймдугаар анги төгсөөд сурлага ч гайгүй байлаа. 10-р ангид хуваарилагдчихлаа. Тэгэхээр нь хэдэн малаа аваад ээжтэйгээ хөдөө гарна гээд зөрүүдлэчихлээ. Аав бурхан болчихсон, ээж хөдөө амьдардаг байсан юм л даа. Тэгсэн ээж хүргэн ах руу “энэ нөхөр илгээлт авна гээд байна” гээд ярьчихаж. Яг илгээлт бичүүлэх гэж байтал хүргэн ах ирээд Шарын гол руу техникумын хуваарь авах болчихлоо. Энэ нь надад таалагдаагүй болохоор ”би тэрэнд чинь явахгүй. Явбал малын эмчийн сургуульд л орно” гэж хэллээ. Ингээд аймаг руу явж, техникумын шалгалт өгөөд тэнцчихлээ. Аз таарч бүүр болоогүй Алтанбулагийн малын эмчийн ангийн нэг хүүхэд сургуулиа солъё гэнэ. Ингээд Сэлэнгэ явж номын дуу сонсож, 2005 онд ХААИС-ийг тус тус төгссөн. Нийт 28 жил малын эмчээр ажиллалаа. 2006 онд малын эмч нарын сургалтын тестэн шалгалтанд түрүүлээд хурдан морины семинарт суух эрхээр шагнуулдаг юм. Тэр моринд ороход бас их нөлөөлсөн шүү. Хурдан моринд хийх шингэн, хөлөнд түрхэх гель, өвчин намдаах тарилгын тухай мэддэг ч үгүй байхад уг семинараас мэдэж авсан. Улмаар энийгээ нутагтаа ирж хэрэгжүүлж байлаа.
-Баян-Уул бол мал аж ахуй түшиглэсэн сум. Газар нутгийн онцлогоос хамааран гарах өвчин гэж байх уу?
-Хангай газрыг бодвол өвчлөл багатай. 1983-1984 оны үед гэдэсний халдварт өвчин гарч сандаргасан гэсэн. Дотрын халдварт өвчинтэй адилхан бактераар үүсгэгддэг энэ өвчний бактер нь газрын хөрс, малын сэг зэмэнд хадгалагддаг. Баатар гуай анх эхэлж оношлож байсан юм байна лээ.
-Онолыг нь сонсчихсон хүмүүс ардын уламжлалт эмчилгээнээс татгалзаад байх шиг харагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Би бол аль алийг нь хослуулдаг. Зарим хүмүүс хатгаж ханаж болохгүй л гэдэг. Би бол “Хятад мал эмнэлгийн онолын суурь, зүү төөнөлт” номыг нэлээд ашигладаг. 1988 онд малын эмч болж ирээд номын дэлгүүрээс Өвөрмонголын малын эмчийн ангид заадаг хичээлүүд бүхий уг номыг авч байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна