“ШУВУУН ХЭЭР” МСУХ-НЫ ТЭРГҮҮН П.АВИРМЭД: ХИЧНЭЭН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА Ч ТӨР ТҮМНИЙГ ЦЭНГҮҮЛЭХ ТӨРИЙН АЖИЛ ЯВЖ БАЙГААГ МАРТАЖ БОЛОХГҮЙ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 17 -нд

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач, "Шувуун хээр" МСУХ-ны тэргүүн Пүрэвжавын Авирмэдийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1966 онд Улаан чулуу хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн.
-ММСУХ-ны "Уяачийн алдар" одон
-ММСУХ-ны 20 жилийн ойн хүндэт тэмдэг
-ХХАА-н Тэргүүний ажилтан
-Алтангадас одонгоор шагнуулжээ.

-“Шувуун хээр” гэж ямар учиртай нэр вэ?
- Социализмын үед манай сумын Бүрэн багийн Эрээн нуурын байгалийн үзэсгэлэнт газраас нэг зуугуул адуу гарсан байгаа юм. Нуураас ус ууж хойшоо гараад зэрлэгшсэн адуу. Сум нэгдлийн дарга нар чинь нэг ч адуу зуугуул байхыг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм учраас барьж авах гэж нэлээн хүн хүч гаргасан ч чадалгүй хэдэн жил өнгөрчээ. Харин өнөөх нь байдсан гүү “элсүүлээд” өсч үржээд 20 гаруй тооны болчихож. Тэгж Шувуун хээр нэртэй зэрлэг адуу бий болсон. Болоогүй эднээс адуучид, малчид үүрээр юмуу харанхуй бүрийгээр усанд ирэхэд нь барьж авдаг байж. Тэгээд хамгийн сүүлийнхийг 1990 онд барьж авч гаршуулсан гэдэг юм. Ийм л түүхтэй. 
-Шувуун хээрийг өөрийг нь барьж чадаагүй юм уу?
-Чадаагүй. Нутгийн ардууд Шувуун хээр хэмээн нэрийдэж, өөр хоорондоо ярьдаг болсон. Үүнээс үүдээд холбоогоо нэрийдсэн юм. Манай уяачдын холбоо 2008 оны гуравдугаар сарын 3-нд байгуулагдсан түүхтэй. 
-Шувуун хээрийн төлөөс гаршуулснаа уяж байсан юм болов уу?
-Гаршуулаад азарга тавьсан. Ер нь Шувуун хээрийн нутаглаж байсан газраар хурдтай шүү. Тэр утгаараа 1950,60-аад оны үед Бүрэн багийн адуу ноёлж уралддаг байлаа. Ер нь шөрмөстэй шандастай адуунууд санаа алстай, хийтэй байдаг. Тэрний үр садаас л давхиж байсан гэж би ойлгодог. Одоо манай Бүрэнгийн адуу хурдан шүү.
-Холбоог үүсгэн байгуулагчид нь хэн, хэн гэж хүмүүс байв?
-Холбоо байгуулагдахаас өмнө Монгол адуу нийгэмлэг гэж байлаа шүү дээ. Тэр үед одоогийн холбооны нарийн бичгийн дарга Галайрав гэж хөгшин ажиллаж байсан юм. Дээрээс нэг чиглэлээр үйл ажиллагаа явдаг тухайн цагт хурдан морины уралдааны хөгжил хувь хүн рүүгээ чиглээгүй тийм үе байлаа. Үүнийг эрчимжүүлэх даалгаврыг аймгийн МСУХ-ны тэргүүлэгч гишүүн Түмэндэмбэрэл авч, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчид нэг, нэг сум хариуцан ажиллах болсон. Энэ ажлыг зохион байгуулалт их сайтай хийсэн л дээ. Тэр дундаа манай Гомбожав гуай маш зөв удирдан ажилласан гэж би боддог юм. Улмаар Түмэндэмбэрэл гуай ирж уяачдыг цуглуулж хуралдан,  2008 оны гуравдугаар сарын 3-нд 100 хувийн саналаар дэмжигдэж уяачдын холбоо байгуулагдсан түүхтэй. 
-Холбоо байгуулагдаад  ямар, ямар ажлыг төлөвлөж байв. Өнөөдөр биеллээ олсон ажлуудаа сонирхуулаач?
-Уяачдын холбоо анх байгуулагдаж байхад уяачид өөр өөрсдийн хурдан морьтой болохыг хүсч байсан. Үүний тулд бодлогын чанартай адуугаа хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 360 гаруй адуу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь гэхчилэн аймгуудаас ирсэн байна. Бид групп болж, эдгээр аймгууд руу явсан. Тэгэхдээ тооны төлөө биш үржлийн удам угшил сайтай, эрүүл адууг илүүтэй хайсан. Энэ бол бидний эхлүүлсэн том ажил. Харин өнөөх нь уралдах адуутай болсон учраас сум орон нутгийнхаа нэрийг гаргаж, амжилтаа ахиулах ажил байв. Үүний тулд уяачид маань гал болж, бие биедээ харамгүй зөвлөгөө өгдөг боллоо. Ер нь уяачдын амжилтанд их анхаарсан.  Дараагийнх нь унаач хүүхдийн аюулгүй байдал, морин уралдааны зам харгуй, уралдааны зохион байгуулалт, ахуй хангамж, холбоо ажлаа явуулах байрны асуудал гээд богино хугацаанд олон ажлыг шийдсэн. Барианы хашлага хайштай боллоо, уралдааны замаа засдаг боллоо, хурдан морины төхөөрөмжтэй боллоо, морь уралдаад ирэхэд  сууж байх уяачдын суудалтай боллоо, өндөр цамхагаас бичлэг хийх төхөөрөмжтэй боллоо. Холбооноос жил бүр шилдэг унаач хүүхдийг шалгаруулдаг боллоо. Одоогоор 14 сумын хараацай унаачтай болсон. Түүнчлэн Уяачдынхаа өргөөг сумын 90 жилийн ойн хүрээнд ашиглалтанд орууллаа. Энэчлэн ажил үйлс маань өөдрөг сайхан байна. Энэ ажлыг маань үнэлж, 2011 онд аймгийн Шилдэг салбар холбоо, 2014 онд МУ-ын Тэргүүний салбар холбоо болгосон. Ирж байгаа 2017 онд Говь-Алтай аймгийн хойд сумдын бүсийн уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орчихоод явна. 
-Жаргалан сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
-Холбоо албан ёсны 110 гишүүн, 15 тэргүүлэгчтэй. Үүнээс Монгол улсын Алдарт Ариунсайхан, Нийслэлийн Алдарт Зандансүрэн, Тулгабаатар нарын цолтнуудаас гадна аймгийн Алдарт 22, сумын Алдарт 24 уяач бий. Үүн дээр ахмадуудаа нэмбэл аймгийн цолтон 28 болно. Тэгэхдээ өдгөө сум орон нутагтаа амжилттай наадаж буй 16 аймгийн Алдарт, 32 хавьцаа сумын цолтон байна. Ер нь сүүлийн жилүүдэд манайхан залуусаар их хүрээгээ тэлээд байгаа юм. Уяаны арга барил ч их өөрчлөгдчихлөө. Дээхнэ цагтаа цагаан өвсөөр уядаг, дөрвөн улирлын засал гэж хийхгүй. Наадам дөхөхөөр л морио бариад уячихдаг байлаа. Тэгвэл ингэж богино хугацаанд бэлдээд амжилт үзүүлдэг цаг өнгөрчээ. Өнөөдөр өвөл зунгүй уралдахын тулд уяачаас их хичээл зүтгэл хэрэгтэй болсон цаг. Ямартаа ч манай уяачид зуны төдийгүй өвлийн уяанд гаршиж байгаа нь дараах амжилтуудас харагдана. 2015 онд манай уяачид аймаг бүсийн уралдаанаас 32 айраг түрүү авсан бол 2016 онд 23-ыг авлаа. Мөн 2016 онд гадны сумдын баяр наадмаас 15 айргийг авсан байна. Нэгэнтээ сумынхаа баяр наадмын айраг түрүүг гадныханд алдчихаад гонсойж үлддэг байсан цаг ард үлдсэн шүү. 
-Аймгийнхаа баяр наадамд тогтмол очиж оролцдог уу?
-Уяачдын холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш бол аймгийн наадамд оролцох уяачдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Ямар ч байсан жилдээ арваас дээш уяач явна шүү. Тэр чинээгээрээ залуучуудын амжилт нэмэгдэнэ. Бүүр тогтмол очиж уралддаг хурдан хүлгүүд бий. Түвшингийн бүүдэн соёолон гэхэд аймгийн чанартай уралдаанаас таван айраг, түрүү авсан. Бат-Эрдэнийн наадамд Түвшингийн хонгор шүдлэн нь айрагдсан байхад хаврын уралдаанд миний бор халзан морь айрагдлаа. Бас Дамдинбазарын хул азарга жил дамнаад л орно.
-Ер нь Жаргалан сумын хурд аль талдаа илүү вэ?
-Нэг хэсэгтээ Бүрэн чиглэлдээ илүү байлаа. Нөгөө Шувуун хээрийн гаралтай сумынхан айраг түрүүгээр илүүрхдэг байсан. Харин өдгөө Завхан голынхон илүү байна. 30 айраг, түрүүний 24, 25-ыг нь авчихаж байгаа юм. 
-Жилдээ сумын чанартай хичнээн уралдаан зохион байгуулах уу?
-Сумын чанартай наадмыг Уяачдын баяраар зохион байгуулдаг. Чанар чансааг нь дээшлүүлэх үүднээс гурван жилд нэг удаа хийдэг болохоор үнэхээр чансаатай наадам болдог.
-Уяачдын холбоо бол төрийн бус байгууллага. Тэр утгаараа аль ч газрын уяачдын холбоонд санхүүгийн асуудал байх ч өөрсдийн түвшинд шийдээд явдаг. Энэ тал дээр?
-Мэдээж санхүүгийн асуудал амаргүй л дээ. Моринд элэгтэй уяачид, морины зүтгэлтнүүд, нутаг орны уугуул суугуул иргэдийнхээ хандив тусламжаар зохицуулж ирлээ. Бид гишүүдээсээ татвар авдаггүй. Өнөөдрийн нөхцөлд морь мал уяна гэдэг хэцүү болсон цаг. Их хэмжээний зардал мөнгө орно. За нөгөө талаасаа хийхээсээ илүү ярьдаг нь олширсон энэ үед татвар авдаг, нөгөө мөнгөөр чинь Авирмэд машин авчихаж, хурдан морь авчихаж гэж яривал хэцүү. Тийм учраас тэргүүлэгч болон уяач нартаа хэлдэг юм, цаг үеийн ажил дээр дайчилна шүү гэж. Энэ тухай журмандаа ч тусгаад өгчихсөн. Хичнээн төрийн бус байгууллага ч гэсэн цаана нь төр түмнийг цэнгүүлэх төрийн ажил явж байгааг мартаж болохгүй л дээ. 
-Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?
-Ойрын үед гэвэл хаврын бүсийн уралдаан байна. Олон юманд самгардахгүй нэг ажлаа дорвитой сайн хийчихье л гэж боддог юм. 
-Албаны яриагаа энэ хэсэгт өндөрлөөд, Авирмэд уяачийн моринд орсон түүхээр үргэлжлүүлмээр байна?
-Миний аав Сандагийн Пүрэвжав гэж хүн байлаа. Би чинь 1966 оны арваннэгдүгээр сарын 18-нд төрсөн. Өвлийн эхэн сарын хөр цаснаар амжуулах ажил их байна шүү дээ. Гэтэл ээж маань эмнэлэгт очиж амжилгүй Улаанчулуу гэх газар төржээ. Намайг сумын ахмад уяач Базархүү эх барьж авсан байгаа юм. Насаараа л хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан тэрээр моринд их хайртай, морийг их хатуу уядаг. Морийг алдалж хоолыг нь өгдөг. Тийм хүн байсан байгаа юм. Би жил бүр авсан ээж дээрээ очиж золгоно. Аав маань адуу маллаж явсан бол авсан ээж сумандаа толгой цохьсон уяач явлаа. Тиймдээ ч золгоод очиход гэр дүүрэн цугласан улс морь л ярина. Ингэж мэдээ орсон цагаасаа адуутай “нөхөрлөсөн” нь хожмоо уяа сойлго тааруулахын эхлэл болсон. Аавд Нарийн хээр, Мэнгэт хээр гэхчилэн сайхан хурдан буянгууд байсан. Адууны захад өссөн би хурдны морины унаач явлаа гээд моринд орох олон шалтгаан байжээ. Миний мордсон болгон айрагддаг болохоор уяач нар их булаацалдана гээч. 
-Уралдаанчийнхаа хувьд ямар амжилт гаргаж байв?
-Бүрэнгийн Чулуунбатын өнчин хээр, Магвандоржийн саарал, өөрийнхөө Нарийн хээр, Мэнгэт хээрийг унаж уралдана. Мэнгэт хээр нь суманд хоёр айрагдсан бол Нарийн хээр нь суманд нэг орсон. Бас баг бригадын наадамд олонтаа орж байлаа. Тэр үед чинь хол явж наадахгүй. Наадам ч цөөхөн. Сумын наадмаас гадна сонгууль болбол уралдана. Дээр нь хаа нэг бригадын өдөрлөгөөр уралдана. Би 10-тайгаасаа эхлээд зургаан жил морь унасан. Мориноос хасагдахын өмнөхөн 16-тай өөрөө морь уяж, өөрөө унаад уралдаж байлаа. Уях ч гэж дээ, хөөрхий. Аав минь 1982 онд бурхан болоод, би оролдож байгаа нь тэр. Нарийн хээрээ барьж аваад долоо хоногийн бэлтгэлтэй л оруулсан байхаа. Тэр үед нэмнэж хөлс авна гэдгийг мэдэхгүй. Хамгийн гол нь үсэргээ сунгаа л гэж боддог байсан юм. Гэхдээ яахав ээ 20 гаргаж ирсэн юмдаг. Түүнээс хойш Ховд руу ХАА-н техникумд яваад, 1985 төгсөөд Баян-Уул суманд нэгдэлд нэг жил ажиллаад цэрэгт явлаа. Албаа хааж ирээд морь уясанаас хойш 30 шахам жил болж байна уу даа. 
-Анхны айраг ч бас сайхан дурсамжийг өгүүлэх байх даа?
-Манайх чинь халиун голдуу адуутай айл. Насаараа бодын хөл харсан аав маань адуундаа их анхаарч байсан. Олон ч газраас адуу авч байсан болохоор үлдсэн хэдэн адуу нь шөрмөстэй. Бас намайг цэргээс ирэхэд ах маань арав гаруй тооны адуу тасалж өгсөн. Угшил нь байгаа хойно хурдалдаг л юм билээ. Эндээс миний нэг хул морь арав гаргаж давхиж байгаад, 1990 онд хязаалан үрээ сумандаа айрагдсан. Ер нь нас нь таарах юм бол хурдан түргэн нь хамаагүй уяад л явдаг байлаа. Дараа нь 1998 онд халиуны угшлын нэг даага түрүүлж яваад дөрвөлсөн. 2002 онд бас л тэр халиун гүүний хүүхэд нэг халтар соёолон айрагддаг юм. Ингээд 2000 он гарчихаад байхад ерөөсөө гуравхан л айрагтай явлаа. Түүнээс хойш уяаны ажлаа таслаагүй ч 2012 оныг хүртэл айраг нэмэгддэггүй ээ. Зургаагаар ороод таслуулсан нь олон. Хөөрхий айраг авахгүй мөртлөө л хэдэн морьдоо чирээд явна. Хүний сонирхол гэдэг дийлддэггүй юм билээ. Миний нэг тийм зан байдаг. Хийе гэсэн бол хийж байж санаа амардаг. Тэгэхгүй бол бие өвдөөд ч байх сэтгэл гэгэлзээд хэцүү дээ. Ингээд нэг жил найз Банзрагчтайгаа ярьж байгаад зүүн тийшээ адуунд явлаа, 2006 онд. Тэр үедээ томчуул дээр нь очиж чаддаггүй. Мөнгө төгрөг нь хомс болохоор ёстой л санаа байвч сачий хүрэхгүй юм болох болов уу гэж эмээсэн хэрэг. Тэгээд Сүхбаатарын Түмэнцогтод амьдрах хуурай ах дээрээ яваад очлоо. Малын эмч хүн л дээ. Дараа нь Мөнххааны хэдэн айлаар орж, замдаа отрын адуутай ч таарлаа. Тэгж яваад гайгүй удам угшилтай хэдэн адуу авчирсан. Тэр жилээ бүгдийг нь сургаад, нэг алаг азаргаа сайхан давхиуллаа. Мөн Баян-Уулын Алтангэрэлд өгсөн, саяны даншгаар айрагддаг саарал үрээний эцэг хонгор үрээ айрагддаг юм. Мөн суманд түрүүлээд дөрөв, тав айрагдчихсан хээр азарга байгаа. Ингэж морьд ч давхиж, урам орсон би ахиад адуунд явж, Хэнтийн Цэнхэрмандалаас хэдэн адуу авсан. Арай л адууны ченж болоогүй. 
-Хэнтийн аль аль сумдаар орсон бэ?
-Хэнтийн Цэнхэрмандалын аймгийн Алдарт уяач Аз, Буянтогтох нар миний хуурай дүү нар байгаа юм. Энд тэндээс сайн ч адуу цуглуулсан улс. Би чинь Хэнтийгээс голцуу адуу авчирсан. Бас Максын адууны цустай адуунууд ч бий. Дорнодын Дашбалбараас байна. Өнөөдөр Дорнод, Сүхбаатар, Хэнтий зүгээс авсан адууны төлүүд сайн хурдалж байна. Нэг жил л гэхэд сумын наадмын 13, 14 айраг түрүүг авч байлаа. 
-Өнгөрсөн хугацаанд хичнээн адуу авчирсан байна вэ?
-50, 60-аад болсон байхаа. Гүү голдуу авчирч, гарсан төлүүд их сайн байна. Азарганууд маань бүгд зүүн талынх.  Сум орон нутгийнхандаа ч тэгш хүртээнэ. Ер нь миний хүнд өгсөн адуу бүгд л давхисан. 
-Аймгийн Алдарт уяачийн амжилтанд жин дарж амжилт үзүүлсэн ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Сүхбаатарын Түмэнцогтоос малын эмч, хуурай ах Энхээгээс авсан бор халзан морь байна. Энэ бол 2012 оноос хойш аймгийн чанартай наадамд таван жил дарааллан орлоо. Одоо 12 настай. 2006 оны даага ирсэн жилээ сумандаа зургаалсан. Харин 2007 онд аймгийн уяачдын холбооноос анхны бүсийн наадмыг Хөхморьт суманд хийхэд дөрөвлөсөн. Дараа жил нь сумандаа зургаалж, 2009 онд соёолон аман хүзүүдсэн. 2010 онд хавчиг морь айргийн гурваар ирж, 2011 онд тавласан. 2012 онд аймгийн хаврын бүсийн уралдаанд дөрөвлөж, суманд айрагдсан. 2013 онд аймгийн хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхиад, сумандаа тавласан. 2014 онд ах дүү Тод манлайн наадамд аймагт тавлаад, сумынхаа түүхт 90 жилийн ойгоор түрүүлсэн. 2015 онд Говь-Алтайн баруун бүсийн наадамд дөрөвлөж, сумандаа аман хүзүүдсэн. 2016 онд сумандаа аман хүзүүдэж, аймгийн хаврын бүсийн уралдаанд тавласан. Нийт суманд хоёр түрүү, 10 айраг, аймагт зургаан айрагтай. 
-Алдартын нэрийг гаргасан өөр ямар хурдан хурц хүлэг байна даа?
-Хэнтийн Цэнхэрмандалаас ирсэн миний жижиг хул морь байна. Сумандаа даага, шүдлэн, соёолон түрүүлсэн. Таван айрагтай. 2011 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд соёолон таваар давхиж, тэр жилээ аймгийн Шигшмэл хурдад тавласан. Харин 2013 онд аймгийн хойд бүс Дарив суманд болоход дөрөвлөж, сумандаа ч айргийн дөрвөөр давхисан. Өөр Хэнтийн Цэнхэрмандалын аймгийн Алдарт уяач Буянтогтохоос авсан Зул халзан гэж хурдан хүлэг бий. Даага, шүдлэн, соёолондоо түрүүлсэн бол хязааландаа аймагт очсон уралдсан. Аймгийн хаврын уралдаанд гурваар нэг ирсэн. Чандмань суманд болсон урд сумын бүсийн уралдаанд гурваар ирээд таваар баригдсан. Баян-Уул сумын хойд бүсийн уралдаанд хязаалан үрээ аман хүзүүдсэн. Аймагт хоёр орсон юм байна. Улсын баяраар нэг гуравлаад, нэг аман хүзүүдсэн.
-Аймгийн баяр наадмын айраг түрүү хэд хүрсэн байх юм?
-Би чинь 2012 онд аймгийн Алдарт уяач болж байлаа. Одоогоор аймгийн 16, 17 айрагтай бол сумын айраг түрүү 50 гараад явж байна. 
-Магнай хагартал баярлуулсан наадам хэдэн оных вэ? Дурсах тоолонд бас л сайхан биз?
-2008 онд “Алтайн бахархал-1” гэж их том наадам болсон. Тэр жил чинь манайхнаас гарьд, заан, начингууд олон төрсөн. Энд миний хул морь хязаалан насанд гуравлахад үнэхээр их баярлаж билээ. Бас л омголон үрээ байж билээ. Мөнххааны үрээ. Надад ирсэн жилээ сумандаа баян ходоод болдог юм. Харин шүдлэн, хязаалан, соёолон, хавчигтаа дөрвөн жил дарааллан түрүүлсэн. Ингэж газар газрын томчууд цугласан аймгийн хэмжээний наадмаас айраг амсуулж, уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн түүхтэй. Хөөрхий одоо байхгүй ээ, эндчихсэн. 
-Үр хүүхдүүд нь моринд дуртай юу?
-Морь хурдлаад ирэхээр гэр бүлийн хүн ч морь яриад эхлэдэг. Бас санаа зовдог болдог юм билээ. Сүүлдээ хэвшил болоод нийлээд ярьдаг болсон. Хань маань намайг байхгүй хойгуур хүүхдүүдэд зөвлөгөө өгч, морь малны ажилдаа оролцчихно. Ер нь энэ олон жил би ганцаараа морьд уяад яваа юм биш шүү дээ. Асууж сурахаас эхлээд хэлэлцэж зөвлөх юм бишгүй их гарна. Манайх нэг хүү, хоёр охинтой. Наадам болоход бүгд сэтгэл зүрхээрээ хамт  зүтгэнэ. Хүү маань багаасаа морь унасан. Сумын анхны хараацай байгаа юм. Одоо Санхүү эдийн засгийн сургуулийн гуравдугаар курст суралцдаг. Сургуулиа төгсөөд Америкт очиж морь уянаа л гэдэг юм. Сэтгэл хүрсэн газар бие хүрэлгүй яахав. Ерөөлөөр болог оо л гэж залбирч суух юм. Бас үе үеийн унаач хүүхдүүдийн маань түрүүч нь морь уяад уралдуулж байна. Энэчлэн моринд дуртай олны тоо нэмэгдээд л явна даа. 
-Бидний урилгыг хүлээн авч, ажлыг маань хүндэтгэн уяач нараа сайхан зохион байгуулж, тусалсанд баярлалаа. Амьдралд тань аз жаргалыг хүсье. Жаргалан сумын морьд үе удмаараа хурдалж байх болтугай.
-Баярлалаа. Морины босоо цагаан хийморь монголчуудыг тэгш дүүрэн сайхан ивээх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2018 он

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.