СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.ЛУВСАНЦЭРЭН: ААВЫН МИНЬ ЖОРОО ЗЭЭРД МОРЬ ХАЛХАД ГАЙХАГДСАН ХүЛЭГ БАЙСАН
Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, сумын Алдарт уяач Лэгмэндаваагийн Лувсанцэрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1943 оны хавар Баруун сайр хэмээх газар айлын 10 дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр 40 жил багшилсан /монгол хэл, уран зохиолын багш/ бөгөөд
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
-Алтангадас
-Хөдөлмөрийн хүндэт медаль
-АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль
-Ардын боловсролын Тэргүүний ажилтан
-"Багшийн алдар" одон
-"Багшийн гавьяа" медаль
-Аймгийн тэргүүний багш хүртэж байжээ.
-Удам дамжсан уяачдын нэг юм байна. Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн дээдчүүлийнхээ талаар ярьж өгөөч?
-Манайхан цугаараа уяачид. Аав, ах, дүү гээд цөмөөрөө морь уядаг. Цэрэнбалжир, Аюуш, Дашцэрэн гээд ах нар маань байна. Даваацэрэн, Цэрэндаш гээд дүү нар маань байна. Надаас өмнөх уяачид. Би л багшийн ажил хийж байгаад хожуу буюу тэтгэвэртээ гарсан хойноо морь уясан хүн. Дунд нь бас нэг үе жаахан тасарсаан. Тэгээд 2004 оноос хойш мориноос холдсонгүй дээ. Миний уясан зээрд соёолон сумандаа түрүүлж байлаа. Сүүлд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас авсан гүүний гурван төл их сайн давхисан. Ялангуяа нэг шаазгай нь. Дааганаасаа эхлээд тав уралдаж, гурав түрүүлэн, нэг айрагдсан. Шүдлэн, хязааландаа тус бүр хоёр түрүүлж, хэд хэд айрагдсан. Соёолон жилээ Баянхонгор аймгийн Богд болон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумдын наадамд аман хүзүүдсэн. Ноднин нас нийлэхээр нь өнжөөгөөд энэ жил уяж байгаа. Сая сумандаа болсон хаврын бооцоот уралдаанд дөрөвт давхиад, Баянговь суманд болсон говийн сумын бүсийн уралдаанд зургаалсан.
-Таны аавын жороо зээрдийн тухай домог мэт хуучууд үлдсэн байх. Тэр талаар яриач?
-Манай нутгийнхан хэзээнээсээ жороо морь сонирхдог улс. Миний хувьд гэхэд л мэдээ орсон цагаасаа л хурдан, жороо морьдыг сонирхож өнөөдрийг хүртэл түүнээсээ холдоогүй л явна. Бидний залууд жороо морь шиг үнэтэй мал байсангүй. Тэр дундаа манай Богд сум бол жороо мориороо аймагтаа алдартай. Хаана ч очсон манай сумын жороо морь л түрүүлж, айрагдаж байдаг. Миний аав Лэгмэндаваагийн жороо зээрд гэж халхад алдартай хүлэг байлаа. Халхад алдартай гэж хэлж байгаагийн учир нь манай аав жин тээдэг хүн байсан. Нэг удаа нутгийнхаа Гаваа гэдэг хүнтэй жин тээж яваад ачаанаасаа түрүүлж айлд цай уухаар явж л дээ.Төв аймгийн нутагт. Орсон айлд нь тав, зургаан хүн суучихсан дан жороо морины тухай л ярих юм гэнэ. Аав, Гаваа гуай хоёрыг тоож байгаа янз алга тавагтай идээ түлхчихээд морь яриад суух юм гэнэ. Тэгсэн нэг нь ”энэ говьд нисдэг шахуу жороо зээрд морь байна гэнэ. Эзэн нь Мэгмэн гэсэн байхаа” гэж. Тэгсэн Гаваа гуай “тэр чинь Мэгмэн биш Лэгмэндаваа. Яриад байгаа жороо зээрдийн чинь эзэн энэ хүн байна” гээд хэлээдэхсэн чинь цай, хоол хийгээд сүйд болсон гэдэг юм. Үүгээр нь би Халхад алдартай гэж байгаа юм.
-Жороо нь дотроо олон янз гэдэг. Таны аавын зээрд аль жороо нь байсан юм бэ?
-Агуу адуу. Жороо, ороо гэж жигтэйхэн. Жороогоороо гарсан бол ямар ч моринд гүйцэгддэггүй. Харин жаахан алдаад гарсан бол ганц нэг моринд гүйцэгддэг тийм хурдан хүлэг байсан юм билээ. Цэрэнбалжир ах саваагүйтээд сүрхий давхидаг нохойтой айлын хажуугаар зориудаар давхиж гардаг байж. Тэгэхэд айлын ноход барааддаггүй байсан гэдэг. Жороогоороо морь уургална. Манайхан дээхэн үедээ Бажийнхан гээд энэ хавьдаа бас нэлээд мал хөрөнгөтэйд тооцогддог байсан улс. Аюуш ах жороо зээрдийг, Цэрэнбалжир ах өөр морио уначихсан явтал хүмүүс нэг морь барих гээд унаагаа юүлээд л давхиад байх юм гэнэ. Тэгэхээр нь Аюуш ах “алив уургаа нааш нь өгөөдөх” гэж хэлээд жороо зээрдээрээ хөөж дор нь уургалаадахсан улс гайхаж байсан гэдэг. Энэ мэтчилэн зээрд морины хурдыг гайхуулсан олон сайхан түүх бий.
-Сонирхолтой юм. Ганц нэгээс нь ярьж өгөөч?
-Жинст суманд Сүхийн буурал гэж алдартай жороо морь байлаа. Нэг жил Сүх буурал морьтойгоо ирж манай зээрдтэй уралдах болж. Тэгсэн буурал морь зээрдээсээ ерөөсөө салдаггүй. Холбоотой явсаар байгаад барианд орохдоо буурал нь зөв талаар нь ороод түрүүлчихлээ. Нутгийнхан ахыг зэмлээд сүйд. “Урдаа адуу оруулдаггүй морийг түрүүлгэсэнгүй” гээд. Дараа жил нь буурал морь дахиад ирлээ. Ахиад л хоёулаа зэрэгцэж гараад цуг яваад байдаг. Ах бодож “яадаг билээ” гээд. Тэгж байсан тээр цаана малын хүүр байна гэнэ. Манай зээрд бусгана барина гэж мэдэхгүй номхон адуу л даа. “За энүүгээр л явъя. Буурал морь холбоотойгоороо дагах биз. Би зээрдтэйгээ харайя. Буурал тойрох биз”гэж бодож. Бодож байснаараа хүүрэнд тулж ирээд “ чүү” гэсэн зээрд морь харайгаад гарчихсан. Харин нөгөөх нь үргээд тойрч. Тэгж сумын наадмын түрүүгээ авч байсан юм билээ. Манай Баянхонгор чинь 1941 онд Өвөрхангайгаас тасарч байгуулагдсан аймаг. 1941 оноос өмнөх манай зээрдийн амжилт Өвөрхангай аймагт тооцогддог юм. 1942 онд Баянхонгор аймаг байгуулагдсаны нэг жилийн ойд очоод түрүүлж байлаа. Үндсэндээ Баянхонгор,Өвөрхангай гээд хоёр аймагт түрүүлсэн морь. Сумандаа бол замбараагүй олон түрүүлсээн.
-Зээрд морь хаанахын адуу юм бэ?
-Шинэжинст сумын гаралтай адуу юм гэнэ лээ. Бөгтөр Ерэндаваа гэж Баянлиг сумын хүн л дээ.Панз наймаа их хийдэг. Манай аав тэр Ерөндаваатай их найз. Тэгээд “чи надад жороо морь олж өгөөрэй” гэж захисан юм билээ.Тэгсэн хавар нь хоёр жороо үрээ авчраад дуудаж. Нэг сайхан халтар үрээ, нөгөө жижигхэн зээрд үрээ хоёр уячихсан. Дуртайгаа сонго. Би бол чамд халтрыг нь өгчихмөөр байна” гэж. Аав жаахан харж байгаад “за энэ жаахан зээрдийг авъя” гээд таван эр тэмээгээр наймаалцсан юм гэнэ лээ. Зээрд морь 22,23 хүртлээ уралдсан. 1952 он гэхээр би долоо найман настай байж л дээ. Ах аавд “миний зээрд амьсгаадаж байна, өтөлж байгаа юм байлгүй” гэж хэлээд түүнээс хойш дахин уралдуулаагүй. Түүнээс хойш ёстой нөгөө салхинаас өөрийг хүргэлгүй байгаад талийсан даа, хөөрхий. Шаазгай даага дагуулчихаад л Бор овоогоор явж байдаг байсан.Нэг удаа тэр хавийн уургачид уулзаад “зээрд морийг барьж чадвал гурав хоног унахаар” болж. Залуучууд саваагүйтэж л байхгүй юу. Тэгээд Баруунбаян-Улааны Дорж гэж мундаг уургач уургын морио хоёр, гурав хоног хөнгөрүүлээд таван алдын уургатай ирж. Манай ах ч шөнө сарны саруулд адуугаа бөөгнүүлчихээд хүлээж байж. Нөгөө хүн уургаа духанд нь хийж аваад л алдсан. Тэгээд дахин гүйцээгүй гэдэг.
-Жороогоороо хөдөлжээ дээ?
-Тийм. Тэр үед нутгийн Хайдав гээд хүн “зээрд морь жороогоороо хөдөлбөл гүйцэгдэхгүй дээ” гээд сануулж байсан гэдэг. Би өөрийн дурсамж номондоо энэ тухай оруулсан байгаа. Миний аавын зээрд шиг жороо морь дахин төрөх хэцүү байхаа. Хөгшчүүл “тийм морь ахиж төрөхгүй ээ. Одооны жороо морь гэдэг зүгээр дууриамал юм шүү дээ” гэж ярихыг нэг бус удаа сонссон.
-Богд сум жороо морьдоороо алдартай байсан гэсэн. Аавын тань зээрдээс гадна ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Манай сум жороо морьдоороо алдартай. Дуламдоржийн халтар, Ойдовын Доржийн цагаан, Рэнцэндоржийн хоёр халиун, Ломбын хээр, Сэрээнэндоржийн хээр, Дамбын хээр, Цэрэнбалжирын бор гээд олон сайхан жороо морьд байлаа. Нэгэн үе Ломбын хээрийг гүйцэх адуу байсангүй. Дамбын хээр, Сэрээнэндоржийн хээр, Цэрэнбалжирын бор гурвын аль сайн байгаа нь ард нь ирж аман хүзүүддэг байлаа.
-Цөм энэ нутгийн адуу юу?
-Ер нь тийм. Манай ахын бор морь Баруунбаян-Улааных, Дамбын хээр болохоор шуурганд уруудаж ирсэн адуу юм гэнэ лээ. Өртөөнд хадгалагдаж байсан адууг намын үүрийн дарга байсан Дамба гэж жороо моринд хорхойтой хүн 800 төгрөгөөр худалдаж авч олон жил сайхан уралдсан. Сэрээнэндоржийн хээрийг сүүлд Дашдулам гэж хүн худалдаж авч бас давхиулсан. Нэгэн үеийн дөрвөн сайхан хурдан хүлгийг Чимэдийн жороогууд залгасан. Тэднийхээс их олон жороо гарсан даа. Жороо морины амжилтанд унаж байгаа хүний ур чадвар ихээхэн нөлөөтэй. Манай уяачдын холбооны тэргүүн Ганзоригийн эцэг Дашдулам гэж жороо морь сайн унадаг, хурдан хээр морьтой хүн байлаа. Мөн энэ Төмөрийн эцэг Бямба хурдан хээр морьтой байсан. Энэ мэтчилэн яриад байвал олоон, олон. Тулгамдаад зарим нэгийг нь үлдээсэн байж ч мэднэ шүү.
-Алхаатай моринд жороо оруулдаг эрдэмтэй эрчүүд цөөнгүй байсан дуулддаг. Танай нутагт тийм хүмүүс байв уу?
-Жороо моринд явдал оруулдаг, жороо морь унадаг хүмүүс чинь онцгой шүү дээ. Цэрэнчангайн Цэрэндаш, Гончигдоржийн Сангидорж, Дуламдоржийн Батдаваа нарын адуунд жороо оруулдаг улсууд байлаа. Миний хувьд ч гэсэн жороо морь их сонирхоноо. Ноднин 73-тай жороо морь унаж аман хүзүүдлээ. Түрүүчийн жил нь дөрвөлсөн. Сайн жороо морь унах ч ээ дээ сайхан шүү дээ.
-Ер нь энэ хавьд хамгийн үнэтэй жороо морь хэд хүрч байв?
-12 атны үнэтэй жороо морь байсан. Дээр үед атан тэмээ, амбан шараар л наймаалцдаг байлаа шүү дээ.
-Таны аав хурдан морь уядаг байв уу?
-Уянаа. Татанхай хонгот гээд чононд ноцуулчихсан хурдан хээр морьтой байлаа. Унагандаа чононд бариулчихсан тэр хээр морь хоёр гурван ч удаа сумынхаа наадамд түрүүлсэн. Бас бага хар морь нь хоёр гурван удаа түрүүлсэн. Сүүлдээ аав маань нас нь өндөр болоод ирэхээр хүүхдүүддээ найдчихдаг болсон доо. Миний төрсөн ах Цэрэнбалжир жороог ч, хурдныг ч уядаг байсан.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-13-лаа. Зургаан бандийн тав нь морь уяна. Харамсалтай нь надаас бусад нь алдар цол олгохоос өмнө бурхан болцгоосон. Би зуданд хэдийгээ бараад 2004 оноос дахин адуужсан. Манай хүргэн Хэнтийн Өмнөдэлгэрээс хүүд маань нэг зээрд үрээ авчирч өгөөд, нөгөөдөхийг нь уясан. Уг нь гайхалтай хурдан адуу. Өөрөө ажилтай болохоороо хүнээр унуулдаг байсан. Эвийг нь олохгүй байсан уу олон жил давхиулж чадаагүй ээ. Би тэрэндээ одоо ч харамсдаг юм.
-Түүний дараа гүү авчээ дээ?
-Тэгсэн.
-Таны хүүхдүүд удам залган уяа эвлүүлж байна уу?
-Би долоон хүүхэдтэй. Дөрөв нь хүү, гурав нь охин. Нэг хүү маань морь уянаа. Шаазгай морийг бид хамт уядаг юм. Аймагт байдаг хүү маань бас морь уянаа. Одоогоор амжилт гаргаагүй л байна.
-40 жил багшилсан гэсэн. Шавь нараас олон уяачид төрж байна уу?
-Би уг нь Улаанбаатар хотын багшийн сургууль төгссөн. Бага ангийн багшийн мэргэжилтэй. Дөрвөн жил багшлаад монгол хэлний багшийн курст суралцаж, түүнээсээ хойш дандаа монгол хэлний багш хийсэн. Багшилж байх хугацаанд муу нэр авсангүй ээ. Зурагтаар хоёр гурван удаа, сонин сэтгүүл дээр нэлээн хэдэн удаа гарлаа. Би Булган аймгийн Тэшиг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуулийн монгол хэлний багш Рэнцэндорж гэдэг хүний арга туршлагаас сургалтандаа ашигладаг. “Тайлбартай дасгал” гэж мундаг арга гаргаж Гавьяат багш болсон хүн. Надаар хичээл заалгаж байсан хүүхдүүдээс нэлээд нь морь уяж байнаа. Жишээлбэл энэ Дашлхүмбэ, Төмөрбат нар байна. Нэгэн үе эдэндээ хичээл зааж байсан бол одоо эргээд эднээсээ морь уях талаар суралцаж байна./инээв/ Ямар сайндаа клубт үзвэр үзчихээд шөнө гэрлүүгээ алхаж явтал машин ирээд зогсчихлоо. Харсан Дашлхүмбэ “хөөе шавь суугаарай” гэж инээдэм болж байхгүй юу.
-Нутгийн ахмад уяачийн хувьд Богд сумын адууны онцлог хийгээд энэ нутгийн нэрийн хуудас болсон эрдэмт уяачдын талаар ярьж өгөөч?
-Балигийн Дашдулам гэж мундаг уяач байлаа. Энэ нутгийн аргагүй нүүр царай болж байсан уяач. Дашдуламын ах Сангидорж гэж бас сайн уяач байлаа. Одоо манай сумын дэргэд хөшөө нь босчихсон байгаа. Суманд найман жил завсаргүй түрүүлсэн хурдан шаазгай морьтой байсан хүн. За тэгээд хоёр хурдан хар морьтой Дуламдоржийн Баттогоо гэж хүн бий. Доржийн Батсуурь гэж сайн уяач байна. Сүүлийн үед гэвэл Төмөрбат, Бибиш, Дашлхүмбэ гээд сайн уяж байгаа залуучууд олон байна.
-Нутгийн адууны онцлогын тухайд?
-Манай нутгийн адуу холч, тэсвэр хатуужил сайтай. Бие жижигтэй, бяр сайтай. Сүүлийн үед залуучууд Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговиос адуу авчран холын цус сэлбэж байна. Түүнийг дагаад найр наадмынхаа түрүүг алдахаа больж, харин ч бүр “Богдын адуу хурдан“ гэгддэг болоод байна. Ганцхан жишээ хэлэхэд л хаврын говийн бүсийн уралдааны соёолонгийн эхний дөрвөн адуу Богдынх байх жишээтэй. Дээр нь их насны түрүү, гурав, дөрвийг Богдын морьд авлаа. Ингэхээр гурван насны морьдын 15 айраг, түрүүгээс долоог нь манай сум дангаараа авлаа. Цаашид залуучууд маань улам их хичээж, улс, бүсийн дэвжээнд гарч уралдах байхаа.
-Тэгэлгүй яахав. Хүлэг морио дээдлэгч залуусынхаа дөрөөнд сүүн ерөөл өргөсөн танд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Тэр ерөөл бат оршиг. Та бүхний ажил үйлс үргэлж бүтэж явах болтгуай. Олон түмнийг баярлуулсан энэ ажил тань үргэлж зөв энерги авчирч байх болно. Өвчин зовлонгүй, өөдрөг сайхан инээж амьдраарай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна