МУ-ын Аварга малчин, сумын Алдарт уяач Н.БААТАР: МАНАЙ ХҮЙСИЙН ГОВЬД ХАЛТАР ЗҮСМИЙН АДУУ ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАСАН БАЙДАГ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 11 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, "Хүйсийн говь" багийн харьяат, Монгол улсын Аварга малчин, сумын Алдарт уяач Нанзадын Баатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1945 онд Аараг хэмээх газар айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. 1990 онд Монгол улсын Аварга малчин болж, мөн Онц хилчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар шагнуулж байжээ.

-Таны аав Нанзад морь мал уяж байв уу?
- Миний аав дээхнэ үедээ нэгдлийн тэмээ таван жил, дараа нь хонь маллаж байсан. Эцэг эх маань их ч ажилсаг хөдөлмөрч улс  байлаа. Тэр зан чанараараа үр хүүхэд биднээ өсгөж хүмүүжүүлсэн болохоор манайхан дундаас Хөдөлмөрийн баатар, Тэргүүний мянгат малчин төржээ. 
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Дөрвүүлээ. Доороо нэг эрэгтэй, дээрээ эгч, ах хоёртой байлаа. Даанч хорвоогийн жамаар тэд маань явж, би л үлдэх шив дээ. 
-Аав тань морь уяж байв уу?
-Уялгүй яахав. Уясан морьд нь ч нэлээн сайн давхина. Түүнээс халтар морь нь уралдсандаа л түрүүлнэ гээч. Би багадаа уясан морьдыг нь унадаг байлаа. Ингэж яваад 14-тэй анх морь уялаа шүү дээ. Суманд голдуу нааддаг байсан. Даага, шүдлэн гээд янз бүрийн морь уялаа. Гэхдээ онцгой амжилт гаргасан нь ховор. Нэгдлийн мал маллаж байсан болохоор зав зай  ч маруухан байлаа. Манай Хүйсийн говьд халтар зүсмийн адуу илүү амжилт гаргасан түүхтэй. Ахад маань ч хоёр халтар морь байлаа. Даага, шүдлэнгээсээ хурдалсан. Энд Өндөр хүрэн гэж сайхан ганц уул бий. Олон ч сайхан хурдан буян төрсөн ээлтэй газар. Тэрнийг тойрсон айлуудын мал нь олон, морьд нь хурдан, дандаа халтар голдуу зүстэй. Дашбалжирын халтар, Батзоригийн халтар гээд л үргэлжилнэ шүү дээ. Тиймдээ ч манай гал чинь “Ажнай халтар” нэртэй юм байгаа юм.  Би энэ холбоонд элсээд 10-аад жил болж байна. “Ажнай халтар” нэрийн тухайд дээр үеэсээ олон халтар морь давхиж байсан манай энд. Мөн 1997 онд Дэлгэрийн даншигт манай энэ нутгийн халтар соёолон айргийн гуравт хурдалж байсан. Батзоригийн Ундрахын халтар гэж. Тэгээд бид нар галдаа энэ нэрийг өгсөн юм. Одоо галын ахлагчаар сумын Алдарт уяач Ж.Дашхүү ажиллаж байна.
-Хүүхэд байхын малчин болно гэж бодож байв уу?
-Тэгж болно оо. Ухаан орохын малын захад өссөн хүн чинь тэгж бодохоос ч яахав.  Би 1954 онд сургуульд орж, дөрөвдүгээр ангиа төгсөөд ээж аавтайгаа нэгдлийн мал маллаж эхэлсэн. Болоогүй нэг, хоёр жил жин тээж явлаа. Тэгээд 1966 онд цэрэгт татагдаж, хил дээр Алтай суманд алба хаасан. Тухайн үедээ хятадын нэг тагнуулыг барьж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж явлаа. Харуулд гарч байтал олон тэмээний дотор нэг гутлын мөр байдаг юм. Заставт мэдэгдээд мөрийг нь хөөж явсаар барьсан. Тэр үед цэрэгт сайшаалын нэг, сахилгын нэг үнэмлэхтэй. Миний сайшаалынх нь дүүрээд, сахилгынх дээрээ бичүүлж байлаа. Биеийн тамираар илүүрхсэн,  хил зөрчигч илрүүлсэн, хилийг үлгэр жишээ сайн эргэсэн, хичээлдээ  сайн, онц буудагч, онц хилчин гээд л. Ингээд халагдаж нутагтаа ирээд малаа маллаж аймаг, сумын Аварга, нэг удаа улсын Аварга болж байсан юм. Тухайн үедээ 500-600 эм хонь маллаж, 100-115 хувиар төлөө бойжуулан, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж сумын Аваргаар шалгарч явлаа.
-Цэрэгт үлдэх боломж байв уу?
-Тиймээ, удирдлагууд үлдээх сонирхолтой байсан. Гэвч тэр үед аав бурхан болчихсон, ээж хөлөө гэмтээчихээд харихаас өөр арга байгаагүй. Хэрвээ байдал өөр байсан бол үлдээд, өдийд малчин биш цэргийн хүн болчихсон байсан ч юм билүү. Хүнийг хувь тавилан хөтөлдөг гэж үнэн шүү. Мал дагаад муудах юу байхав. Алдар нэрээ дуудуулан сайхан л амьдарч байна. Цэргээс ирээд Дарви, Шарга хоёрын заагаас айл гэр болж голомтоо бадраалаа. 
-Хэдэн удаа сумын Аварга болж байсан бэ?
-Сумын Аваргаар тав зургаа, аймгийн Аваргаар гурав, дөрвөн удаа тодорсон. 1980 оноос хойш улсад тодорхойлогдсон ч хойшилсоор 10 жилийн дараа улсын Аварга болсон. Одоо шиг арын хаалга энэ тэр гэж байсан ч биш. Яг л хийсэн ажил хөдөлмөрөө үнэлүүлдэг байлаа шүү дээ. Тэр үед Аварга малчин болоход 200 төгрөг, улсын Аваргад хүндэт медаль өгдөг байсан. 
-15 жил нэгдлийн мал маллахдаа нийт хэдэн төл авсан бол оо?
-Жилд дунджаар 630-аар бодоход төлийн хувьд 9450 болж байжээ. Хатуу жил энэ нормдоо арай хүрэхгүй ээ. Тэр нь дөрөв, таван жил л болсон байх. Бусдаар яг төлөвлөгөө нормоор нь төлөө авчихдаг байсан.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүү авсан байдаг юм бэ?
-Сумандаа наадахаас гадна Дарви суманд очиж хоёр, гурван айраг түрүү авсан удаатай. Тэгэхэд соёолон, хязаалан, нэг бүдүүн морь айрагдсан. Бүдүүн морь нь бүүр багийн наадамд хоёр, гурван удаа түрүүлсэн. Энэ дээр сумын амжилт нэмэгдээд сумын Алдарт уяач цолыг авсан.
-“Хүйсийн говь” багийн нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгэд байв?
-Намайг дөнгөж арван хэдтэйд Жамбалжав гэж хүний хурдан зээрд, хонгор гэж хоёр дархан морь байлаа. Бас Загджав гэж хүний хар морь хаана ч очсон түрүүлнэ. Тэрний дараа манай ахын хоёр халтар морь орох болов уу. Ар дээр нь улсын хошой Аварга малчин Төврагчаагийн хар, хүрэн алаг, бор гээд жил дарааллан дээгүүр давхидаг морьд байлаа. Залгаад Монхорын халтар, Цэрэнсономын халтар гээд л.  Цааш нь гэвэл манай ганц хүүгийн хадам загал Шөнхөн гэж нэг их  сахалтай хүн морь уургалах, танихдаа гаргуун, сайн ч уядаг хүн байлаа. Түүний аав баян Бадарч гэж олон адуутай бас морь сайн уургалдаг хөгшин явлаа. Баян Бадарчийн улаан гэж энэ сум орон нутагтаа төдийгүй ойролцоох сумдад ч нэртэй хурдан хүлэг байсан юм. Мөн манайтай айл зэргэлдээ нутагладаг сахалт Балжир гэж алаг голцуу адуутай нэгэн байна. Тэрний ар дээр Дашбалжир гэж миний үеийн хүний халтар морьд илүү хурдалсан. Ер нь манай энэ Хүйсийн говиор морь уядаггүй хүн ч гэж байхгүй, морь нь ч давхихгүй байна гэж үгүй. 
-Учир юу байна?
-Хойд говийн адуунууд их алсаас усанд гүйдэг болохоор багаасаа хатуужил суучихдаг. Дээр үед Өндөр хүрэнгийн адууг хятадын шинжээч “хурдан мориор тасрахгүй юм байна” гэж хэлсэн юм гэнэлээ.
 Морийг уях нь шинжиж танихаас эхэлдэг шүү дээ.
- Одоо ч манай говьд бол шинжиж таньдаг нь ховор болж. Түрүүн ярьсан загал Шөнхөн, түүний аав баян Бадарч нар адуу сайн шинждэг. Загал Шөнхөн бид хоёр чинь адуунд их хамт явнаа. Тэр хүн бол адуун дээгүүр шагайж хараад явснаа манай Хүйсийн говь охин голцуу хурдан морьдтой болж байгаа юм байна даа гэж ярьсан удаатай. Даанч бидний дунд болсон тэр ярианаас нэг их удалгүй бурхан болсон доо, хөөрхий.
-Уяачийнхаа хувьд таны хамгийн мартагдашгүй наадам хэзээнийх вэ?
-За байз, 2003 онд юм байна. Өөрийнхөө нэг соёолон, халтар морийг гурван давхар уяагаар уралдуулж, бүгдэнд нь их онцгой хурдан байж, нэг хоногийн өнжөөтэй хоёр удаа түрүүлж, дараа нь бас нэг наадамд түрүүлсэн. манай аймгийн Дарви сумын улсын Сайн малчин Осорхүүгийн нэрэмжит наадамд түрүүлэхэд нь хоёр аймаг, таван сумын морьд цугласан байсан. Сум тус бүрт түрүүлсэн соёолонгууд бүгд ирсэн байсан. Тийм морьдыг дийлж түрүүлсэн. Хоёр нь багийн наадам, нөгөөх нь ургийн баяр байсан юм. Одоо ч маниусын үеийн юм байхаа больж. Бид чинь цагаан өвсөөрөө уяад л уралдуулчихдаг байлаа. Цаг явахын хэрээр юм их өөрчлөгдөх юм. Морь, тэмээгээ унаад хонио хариулдаг байсан. Тэгэхэд одоо морь, тэмээ унадаг хүн алга. Дан мотоциклиор л яваа харагдана. Малыг мотоциклиор хариулна ч гэж юу байхав ээ. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Насан туршдаа л мал дагаж яваа хүний хувьд бодлоо хэлэх  гэсэн юм. Дээр үед сүргийн бүтэц гэж их чухал байлаа. Жишээ нь 500 хонинд 100 ямаанаас дээш гарахгүй. Би л гэхэд 600 хонь малладаг ч миний өөрийн 20, 30 ямаа хонин дотор явна. Тэр үед ямаа, хонь дагуулж явна гэж байхгүй. Тэгэхэд одооны ямаа нь тасраад хонь нь араас нь явна. Үнэндээ сүргийн бүтэц гээч юм байхгүй болчихоод байна. Өнөөдөр малчдын амьдралыг ямааны ноолуур л атгаж байна. Дээр үед бол үхэр ямаа ядарсан хүний мал гээд нэг айлд цөөн тоотой байсан. Хонь илүү үнэ хүрдэг байв. Болоогүй нэгдлийн хонь бол төлөгнөөсөө эхлээд л борлогдоно. Мөнгөний ханш ч сайн байж. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр сүргийн бүтцээ эргээд нэг харахад гэмгүй болов уу. 
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна