“ИХ БОГДЫН ХУРД” ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Д.ГАНЗОРИГ: ТОЙРГИЙН ХЭДЭН СУМАНДАА БОГДЫН МОРЬ АЛДАРТАЙ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 10 -нд

Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, "Их Богдын хурд" МСУХ-ны тэргүүн Дашдуламын Ганзоригийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1982 оных бөгөөд Байгаль орчны яамны хүндэт жуух, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнуулжээ.

-“Их Богдын хурд” холбооны  тэргүүний албыг хашаад удаж байна уу?
-Манай холбоо 2006 онд байгуулагдсан түүхтэй. Тухайн үед холбоо байгуулах санаачлагыг одоогийн Богд сумын Засаг дарга Л.Ганаа гаргаж, 2015 оны гуравдугаар сар хүртэл тэргүүлсэн.  Анх Дашдуламын Ганболд, Сүхцэрэнгийн Дашдулам, Дэндэвийн Ганбат, Дэмбэрэл нарын долоон тэргүүлэгч, Дашцэрэнгийн Дандар гэж нарийн бичгийн даргатай ажиллаж байсан юм билээ. Харин миний хувьд тэргүүнээр ажиллаад нэг жилийн нүүрийг үзэж байна. Өнөөдөр “Их Богдын хурд“ МСУХ маань 120 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 
-Одоо та бүхэн хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Бид есүүлээ. Нарийн  бичгийн дарга Мөнхболд болон Д.Алтан-Очир, Б.Сумъяа, Д.Ганхуяг, А.Цогтцэнд-Аюуш, Ө.Бибиш, Ц.Ганбат, Г.Төмөрхуяг нарын тэргүүлэгч гишүүдтэй. 
-Тэргүүлэгч гишүүд нь багийн төлөөлөл үү. Албаа аваад  та ямар ажлыг амжуулав?
-Ерөнхийдөө бол тийм. Манай сум чинь засаг захиргааны зургаан нэгжтэй болохоор зарим багаас давхардсан нь бий. Шинэ бүрэлдэхүүн ажлаа аваад анхны хуралдаанаараа баг болгонд нэг, нэг тэргүүлэгчийг томилон ажиллуулахаар болсон. Энэ тэргүүлэгч нь уяачдаас татвараа цуглуулахын сацуу тэдэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Бид ажлаа аваад дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Баянхонгор аймгийн ”Хонгорын шигшмэл хурд”-д багаараа оролцож тусгай буюу дөрөвдүгээр байрыг эзэллээ. Мөн уяачдын  баяраа тогтмол хийхээр болж, 2015 онд шүдлэн, хязаалан, соёолон гурван насны морьдын уралдааныг явууллаа. Түүнчлэн зөвхөн уралдаан зохион байгуулах биш уяачдынхаа алдрыг өргөх, амжилтыг нь үнэлж алдаршуулах ажлыг хийж байна. 2015 оны босгон дээр сумын дөрвөн Алдарт уяач төрсөн бол хоёр хүнийг  аймгийн Алдарт уяачид тодорхойлолтыг нь явуулчихаад байна. 2016 он гарсаар манай сумын уяачид одтой сайхан наадаж байгаа.
Баруунбаян-Улааны хаврын уралдаанд дээд гурван нас уралдаж, гурван насны түрүүг нь авлаа. Баянхонгор аймаг маань төв, говь, хангайн гурван бүсийн уралдаан зохион байгуулж, тухайн жилийнхээ шигшмэл хурдан морьдыг шалгаруулдаг. Манайх говийн бүсэд хамаардаг юм. Говийн бүсийн хаврын дээд гурван насны уралдаанд соёолон насанд нэгээс дөрөв нь манай сумын морьд ирсэн. Харин их насанд нэг түрүү, хоёр айраг авлаа. Мөнхбатын зээрд морь Бууцагаан сумын төвийн бүсийн наадамд гуравлалаа. Бас Баянхонгор аймгийн Номгон хайрхны уралдаанд нэг соёолон гурваар, нэг соёолон таваар орж, их насны морь түрүүлж, хоёр морь гурав, дөрвөөр ирлээ. Энэ мэт 2016 он амжилт дүүрэн эхэлсэн болохоор энэ зун сайхан наадах байхаа. Зохион байгуулалтанд ороод ирэхээр илүү амжилт гаргадаг юм байна гэдгийг уяачид маань сайн ойлгодог болсон. 
-120 гишүүнээс хэд нь аймаг, сумын цолтой уяачид байна вэ?
-Мэдээж нас насны л төлөөлөл байна. Нийтдээ аймгийн Алдарт уяач 13, сумын Алдарт уяач 34 холбоонд бүртгэлтэй байна. Энд онцлоход сүүлийн үед залуучууд морь уях, сойх эрдэм ухаанд сэтгэл гарган шамдан суралцаж байгаа нь олзуурхууштай. Ер нь уяачдын холбоо их залуужсан шүү. Бууцагаанд  төвийн бүсэд морь айрагдуулсан уяач гэхэд 25,26 настай залуу байх жишээний.
-Богдын уяачид улс, бүсийн наадмаас ямар амжилттай вэ?
-Манай сумын Дэлгэрдалайн халтар халзан морь ЗГ-ын тогтоолт хангайн бүсийн хурдан морины уралдаанд айргийн дөрвөөр давхиж байлаа. За бас Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 375 жилийн  ойгоор  түрүү авсан. Нийслэлийн Алдарт уяач Цогнойжамц гэж байгаа. Түүний аав Цэрэндаш гэж хүн манай сумын хүн. Миний авга ах байгаа юм. Тийм болохоор сумынхан маань манайхны Богдын морь гэж ойлгодог. Та нар мэдэж байгаа бизээ. Хул морь 2004 онд улсын их баяр наадамд айрагдсан бол түүний өмнө Хархоринд болсон Шигшмэл хурдад таваар давхисан шүү дээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд аймгийн чанартай наадмуудад Богдын морьд амжилттай уралдаж байгаа. Манай сумаас аймагт их насны морь айрагдаж байгаагүй. Харин 1996 онд миний  аав олноо их Богдын Алдарт уяач гэж алдаршсан, аймгийн Алдарт уяач Балигийн Дашдулам эрээн гуятай хүрэн морио айргийн дөрвөөр давхиулж байлаа. Энэ айраг булган сүүлтэй байж түүнээс хойш Дашдэлэгийн хар, хүрэн халзан морьд, Нарангийн Мөнхбатын зээрд, Далайн Төмөрбатын хээр, Өнгөөгийн Бибишийн халзан, Бямбын Төмөрийн том, бага хоёр хонгор, Дэндэвийн Ганхуягийн хонгор халзан морьд, Батсуурийн хээр, Төмөрбатын сартай зээрд, цавьдар Зулын шарга, Сумъяагийн  бор, Аварга зээрд, азарганууд, Дашлхүмбийн зээрд халзан морь, хул азарга гээд аймаг, аймгийн бүсийн наадмаас айраг түрүү хүртсэн хурдан хүлгүүд олон болжээ. 
-Суманд сумын статустай хичнээн уралдаан болдог вэ?
-Баяр наадмын тухай хуулиар сум, аймгийн Засаг даргын захирамжаар болсон наадмыг л уяачийн амжилтанд хамруулна гэдэг. Одоо хөдөө суманд АХ-ын ой, аймгийн бүсийн наадмыг аймгийн Засаг даргын захирамжаар хийж байна. Бид жил бүрийн гуравдугаар сарын 18-нд “Их Богдын хурд” хаврын бооцоот уралдаанаа хийдэг байлаа. Харин энэ жилээс сумын удирдлагуудтайгаа ярилцаж байгаад Засаг даргын захирамжтайгаар хийх болсон.
Үнэндээ өнөөдөр морь айрагдуулна гэдэг амаргүй болж. Уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л сая нэг айрагдуулж байна. Гаднаас хурдан хурц адуу ч их авчирч наадах болж. Тэгэхээр шинэ залуу уяачид маань тэр болгон морио айрагдуулж чаддаггүй. Иймээс бид залуу уяачдаа дэмжих үүднээс гурван сарын 18-ны наадмын амжилтыг сумын цол авахад тооцохоор болсон. Үүнээс гадна жил бүр овоо тахилга, ургийн баяр, сургууль цэцэрлэгийн ой гэхчилэн наадаж байна. Манайх чинь  Баянхонгорын сумдадаа анх удаа гарааны төхөөрөмжийг хэрэглэж, өнөөдөр хэвшил болгосон. 2012 онд говийн бүсийн  хаврын уралдааныг манай сум зохион байгуулахдаа ийнхүү гарааны төхөөрөмжийг ашигласан  юм. 
-Үүлдэрлэг байдлыг тогтоосон анхны сум гэсэн байх аа?
-Манай Баянхонгор аймагт эрлийз, монгол гэж ялгадаггүй. Хаанаас  ч ирсэн гадна, дотны ямар ч адуу байсан уралдаж л байдаг байлаа. Харин өнгөрсөн жил бид сумынхаа ойгоор уяачдын холбоо, засаг даргатайгаа зөвшилцөөд эрлийз адууг хасаж байхаар болсон. Энэ түргэн хөлтэй адууг манай бага насны адуу гүйцэхгүй, дийлэхгүй шүү дээ. Нөгөө талаас монгол адууныхаа удам угшлыг авч үлдмээр байна. Хэрвээ бүгдээрээ эрлийзжүүлээд байвал бэлчээрийн адуу яах билээ. Ойн дараа янз бүрийн л юм сонссон. Мэдээж морио хасуулсан хүн сайхан юм хэлэхгүй шүү дээ. Сайшаах нэг нь байхад гомдолтой нь ч цөөнгүй байлаа. Ийнхүү бид ялгалтыг аймагтаа анх удаа хийсэн. Энэ жишгээр Бууцагаан суманд “Хонгорын шигшмэл хурд-2”  найман сард болоход эрлийзийг хасаж байна лээ. Бас аймаг “Номгон хайрхныхаа хурд”-аар эрлийзийг хассан. 
-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Анхааралгүй яахав. Сумын Засаг даргын тамгын газар, уяачдын холбоо хамтарсан хүүхэд хамгааллын баг ажилладаг. Наадмын өмнө хүүхэд даатгуулсан эсэх, эцэг эх нь морь мал унахыг зөвшөөрсөн батламж, уяачтай хийсэн гурвалсан гэрээ, хүүхдийн хамгаалалтын хувцас зэргийг шалгадаг. 
-Сумын 90 жилийн ойгоор нутгийн дэвжээнээ Богдынхон ямар амжилт гаргав?
-Ой маань чанарын хувьд улсын бүсийн дайтай наадам болсон. Яагаад улсын хэмжээний гэж байна гэхээр манайд түрүүлсэн даага Хархоринд болсон баруун бүсийн даншгаар түрүүллээ. Энд гурваар давхисан соёолон тэнд мөн түрүүлсэн бол энд  түрүүлсэн хязаалан мөн тэнд түрүүллээ. Энэ тухай аймгийнхан ч ярьж байна лээ. Бид өөрсдөө азарганы түрүү, аман хүзүүг авсан бол их насны түрүү, хоёр айрагтай. Харин соёолон айрагдаж, хязаалан түрүүлж, хоёр хязаалан айрагдсан. Шүдлэн насанд хоёр  айраг, дааганд нэг айрагтай наадлаа. Ер нас болгоноос айраг түрүү авсан. Ойн баяр наадамд МУ--ын Манлай уяач Отгоннасан гуай ирж наадан, хүрэн даага түрүүлгэж, буурал соёолонгоо гуравлуулсан. Хоёулаа Өндөргэгээн Занабазарын баруун бүсийн наадамд түрүүлсэн морьд байсан. 
-Энэ нутагт тэнцсэн унаган хүлгүүд яаж давхив?
-Нутгийн унаган хүлгэдээс Цэрэнжагаагийн Батмөнхийн хар морь 17,18-аар давхисан. Бусад нь зүүн тал ын гаралтай адуунууд байлаа.
-“Их Богдын хурд” МСУХ-ны цаашдын томоохон төлөвлөгөөний зарим нэгийг сонирхуулаач?
-Төлөвлөсөн ажил их байна.Эртнээс гайхуулж ирсэн жороо морь сүүлийн үед ховордоод байгаа юм. Тэгэхээр энэ мориныхоо угшлыг сэргээх талаар бодлого барьж ажиллана. Нөгөө талаар бид эрлийз адууг уяачдын холбооны зүгээс нэг их сонирхдоггүй. Гэхдээ зүүн чигийн сайн угшлын адуугаар цус сэлбээд эхэлчихсэн. Энийгээ илүү сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
ААВТАЙГАА АНХНЫ “ИХ ХУРД”-Д 400 ГАРУЙ КМ ГАЗАР, САР  ЯВЖ ОРОЛЦОЖ БАЙЛАА
-Удам дамжсан уяачид олонтой юу?
-Эцэг эх, ах, өвөг дээдсээсээ өвлөн морь уяж байгаа олон хүн бий. Гэхдээ энд голчилж ярихад тухайн үедээ одтой нааддаг байсан сайн уяачид их байсан. Говийн бүсэд их нас, соёолон түрүүлгэсэн Өнгөөгийн Бибишийн аав мундаг уяач явлаа. Мөн Сумъяа гэж залуу сүүлийн үед сайн уяж байгаа. Энэ хүний аав, өвөө нар бас л уяачид. Аав нь сумын Алдарт уяач бол өөрөө аймгийн Алдарт уяач байгаа юм. Хавар Дүнжингаравт, Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд оролцоод ирсэн. Ер нь улсын хэмжээнд уралдахаар бяр суусан нэгэн дээ. За бас Бямбын Гантөмөрийн аав ч уяач. Энэчлэн олон уяачийг нэрлэж болно. 
-Та ч эдний нэг, тиймээ?
-Миний өвөө Балиг гэж уяач байсан. Түүний хүү болох Сангидорж, охиных нь хүү Цэрэндорж, манай аав Дашдулам нарын их насны морь Богд суманд хамгийн дээд амжилтыг гаргаж байсан юм. Балигийн Сангидоржийн Шаазгай морь зургаан жил сумын АХ-ын ойн баяр наадмаар тасархай түрүүлсэн. Нэгдэлжих хөдөлгөөний 20 жилийн ойгоор давхар түрүүлсэн байдаг. Ингээд нийтдээ их насандаа долоо түрүүлж, бага насандаа хоёр, гурав айрагдсан. Шаазгай морины уяа сойлгыг миний аав Балигийн Дашдулам тааруулж ирсэн. Миний аавыг Богдынхон хурдан морины загалмайлсан эцэг гэж хэлдэг. Говийн хэдэн сумдаар ч андахгүй дээ. Бас барилдана. Сумын заан цолтой. Аавынхаа амжилтын жагсаалтыг бичиж суухад наадам ховор цагт АХ-ын ойгоос 46 түрүү, 78 айраг авсан байна лээ. Энэ дотроос бараг 50 хувь нь их насны морины амжилт бичигддэг. Жороо морь бас уралдуулдаг байсан. Аавын уясан морьдоос Дашдуламын хар гэхээр говийнхон андахгүй ээ, АХ-ын ойд 20 жил уралдсан морь байдаг юм. Дааган цагаасаа уралдаж, бага насандаа гурав, дээд насандаа гурав, нийтдээ зургаа түрүүлж, тав аман хүзүүдэн, дөрөв айрагдсан морь байгаа юм. 1998 оны анхны Их хурдад урилгаар очиж байлаа. Одоо яривал хүн итгэхгүй дээ. 400 гаруй км газар, хөлөөр нь сар гаруй явж хүрсэн. Тэгээд 260 гаруй мориноос 80 гаргаж хурдалсан түүхтэй. Одоо хүртэл хар морины АХ-ын баяр наадмаар 14 орсон амжилтыг эвдээгүй л байна. 
-Аавын тань унаган адуу юм уу?
-Тиймээ, өөрийнх нь унаган адуу. Бас манай жоохон сарт гэж сартай хээр морь байлаа. Сумын баяр наадамд дөрвөн жил айрагдсан бол Том сарт нь олон айрагтай. Мөн хонгор хондон  морь ч айраг түрүүгээр хурдалдаг адуу.  Эрээн гуят ч АХ-ын 74 жилийн ой,  1995 онд болсон сумын түүхт 70 жилээр дөрөвлөж, хар  морь гуравласан. Эрээн гуят Баянхонгор аймгийн наадамд айргийн дөрвөөр давхиж байсан. Энэ мэт олон сайхан хурдан хүлгүүдийг нэрлэж болон. Аав Шаазгай морио түрүүлгэхэд шагналд нь зээрд  даага ирсэн. Тэр их насны морь болоод 1975 онд АХ-ын ойд түрүүлж, өөр нэг жороо морь нь түрүүлсэн. Болоогүй өөрөө барилдаж сумын заан болж байлаа. Нэг өдөр сумынхаа баяр наадмын гурван том түрүүг хүртсэн тэр жилийг би ч дурсах дуртай. 
-Ер нь танайд хурд тарьсан ямар адуу байсан бэ?
-Аав маань багаасаа л адуунд хорхойтой нэгэн байсан.  Эрийн гурван наадмынхаа хоёроор сайхан наадчихна. Морь уяна, бөх барилдана. Тухайн үедээ Луугар гээд адуу голлодог багийн Засаг дарга байсан.  Хуучин чинь манай сумын Алтайн хэсэг нь ямаа, Хүрмэн хэсэгт нь адууных гэж хуваадаг байсан. Тийм болохоор адууныхаа цусыг сайжруулахыг илүүд үздэг байлаа.  Аав ярих нь манай сумын Батсүх гэж хүн Өлзийтийн хүргэн болж, өмчинд нь хүрэн үрээ иржээ. Ус дагаж хурд ирдэг гэж ярьдаг болохоор тэднийхээс жижигхэн хүрэн үрээ авсан гэдэг. Би хальтхан санадаг юм, урт жижигхэн хүрэн азарга байсныг. Тэр хүрэн азарганы төлөөс хар , эрээн гуя, жоохон сарт, хондон морь, том толгойт гээд л олон сайн морьд гарсан. Одоо ч хүрэн азарганы үргэлжлэлээс манай адуунд жижигхэвтэр биетэй нэг зээрд морь бий. 2012 онд Баянхонгор аймгийн говийн бүсийн зуны хурдан морины уралдаан Баянговь суманд болсон. Тэгэхэд миний зээрд морь зүүн чигийн адуутай уралдаж айргийн доор давхиж байсан юм. Бас хүрэн азарганы төл нэг хар морь байна. 
-Аав тань жороо мориор сайн нааддаг байсан гэсэн дээ. Тэр амжилтаас нь сонирхуулбал?
-Олон сайхан жороо морь байсан. Лав хэлтийн ташаат гэж жороо хээр морь байсан. Тэр бол Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баянлиг, Баянговь, Өлзийт, Жинст гэхчилэн сумдад түрүүлж байсныг олон хүн мэддэг юм билээ. Нэг үе  Ломбын хээр, Душдуламын хээр, Бямбын хээр гэж нутаг орондоо яригдсан гурван жороо хээр морь байсан. Эндээс манай хээр Баянхонгор аймгийн наадамд хоёр түрүүлсэн. 
-Танай жороо морьд хаанаас эхтэй байна?
-Сайн хүний үр, сүүт гүүний унага гэгчээр би нэг сонин юм яръя. Манай жороо хээрийн эх нь хээр гүү байсан юм. Манай ээжийн ахаас ирсэн адуу л даа. Энэ жороо хээрийн төрсөн дүү хээр гүү байгаад түүнээс их олон хурдан адуу төрсөн. Аймагт тавладаг хүрэн, жоохон сарт, хондон гээд гурав, дөрвөн морь энэ хээр гүүнээс төрсөн. Ах нь тийм мундаг жороо хэрнээ дүүгээс нь жороо гараагүй. Харин хурдан адуунууд гарсан. Сонин байгаа биз. 
-Дашдулам гуай хэдэн хүүтэй юм бэ?
-Аав маань 10 охин, дөрвөн хүүтэй. Би хамгийн бага  хүү нь байгаа юм.
-Хөвгүүдээс нь хэд нь морь мал уяж байна вэ?
-Бүгдээрээ  л уядаг. Гэхдээ том ах маань одоо бурхны оронд бий. Талийгч морь сайн уядаг байсан. Үеийнхэн нь ярьдаг юм. Жороо морийг хэрийн хүн унадаггүй. Хэрийн хүн ч жороо болгож чаддаггүй. Харин энэ Цэрэнчангаа жороо моринд үнэхээр авьяастай хүн юм гэж. Харин нөгөө ах аавын өвөлжөө бууцан дээр морь мал уяад байж байгаа. Одоогоор хараахан сум аймгийн цолонд хүрээгүй л байна.  Ах маань сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хийдэг. Бас морь уядаг сонирхоно. Том ахын хүү бас сумын Алдарт уяач Батмөнх гэж сайхан залуу байна. Түрүүн би ярьсан даа. Яг энэ нутгийн хөрсөн дээр унасан адуунаас гэвэл түүний хар морь л давхиж байна. Мөн л Дашдулам гэж хүний адууны угшилтай адуу байгаа юм.
1995 ОНД ЧИНЬ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ АЙМГИЙН АВАРГА УЯАЧ НЭРЭЭР ОЛГОДОГ БАЙЛАА
-Тэгвэл таны нэртэй морьд хэдий үеэс эхэлж хурдалсан бэ?
-Би чинь 1998 онд нэг халиун шүдлэн сумандаа түрүүлгэсэн. Тэрнээс хойш оюутан болоод нэг хэсэг мориноос хөндийрсөн. Ингээд сургуулиа төгсөөд 2009 оны зунаас  ирж, дахин морь уяж эхэлсэн. Тэгээд зээрд морь даага, хязааланд суманд гуравлуулаад, соёолонд нь зургаагаар оруулсан. Тэгээд тэр жилээ бүсийн наадамд очиж айрагдсан. Нийслэлийн  Алдарт уяач Чогнойжамц гуай надад нэг хар шүдлэн үрээ өгсөн юм. Тэр соёолондоо Жинст, Богд сумдад айрагдсан. Баянговь суманд болсон аймгийн Арслан Бат-Амгалангийн нэрэмжит хүндэтгэлийн мялаалга наадамд бас айрагдсан. Надад мөн Бүжин хүрэн нэртэй нэг жороо морь байсан юм. Сумандаа нэг түрүүлж, зургаа айрагдсан.
-Зүүн зүгээс адуу мал авч байна уу?
-Зүүнтээгээс нэг шарга азарга авчирсан. Энэ жилээс нийлж байгаа залуухан азарга байгаа юм. 
-Аавынхаа уяж байсан морьдыг багадаа  унаж байв уу?
-Би зургаатайгаасаа эхлэн хурдан морь унаж сурсан. Аавынхаа уясан морьдоос харыг нь илүү унадаг байлаа. Бүүр хоёр ч удаа аман хүзүүдүүлж, нэг гурваар, нэг таваар оруулсан. Их нас болсон хойно нь хоёр түрүүлсэн юм. Надаас гадна олон ч хүүхэд унасан даа. 20 жил уралдсан гэхээр мундаг байгаа биз. Манайхнаас Ганболд, Гантогтох, би, миний дараа эгчийн хүү Цэвээндорж, ахын хүү Мөнхзаяа, эгчийн хүү Ганбаатар “өв уламжлан” унаж хурдлуулсан юмдаг. 
-Аавтайгаа наадсан хамгийн сайхан дурсамжаар яриагаа үргэлжлүүлье?
-1995 онд манай Эрээн гуят, хар  морь хоёр  сумын ойгоор гурав, дөрвөөр холбоод орж ирсэн юм. Хойтон жил нь аав морь гайгүй байна гээд Баянхонгорын аймгийнхаа наадамд очиж уралдахаар бид хамтдаа гарч байлаа. Тэр жил унаачийн хувьд “зодог тайлж” байсан юм. Ингээд туслах уяачаар бэлтгэгдэж эхэлсэн. Аав нас ахиад мотоциклиор явчихна. Би морь малаа хөтлөөд дагаад явдаг байсан. Аймгаас доохно Намаг гээд морь барианы газар байрлаж, наадмын урд шөнө аавтайгаа морио манаад хоносон юм.  Би 14,15-тай л байсан. Нэг зүүрмэглээд сэрсэн аав ирчихсэн хар морийг бариад зогсчихож. Тэгснээ “эрээн гуятай морь чинь хаачсан юм” гэнэ. Би ч сандарсандаа огло үсрээд л боссон. Тэгээд шөнөжингөө гар чийдэн бариад гүйсээр морио олоод ирсэн аав “миний хүү нэг морийг нь чөдөрлөж эмээллээд, хүрэн морио хүзүүнд нь уячих” гэлээ. Хүрэн морио хүзүүнд  уячихаад сууж байсан хойшоо саваад уначихлаа. 
-Морь чинь уу?
-Тиймээ. Морь тэгж сайхан амардаг юм байна лээ. Тэгээд 10 минут унтсан уу, босож ирээд суниахад нь аав “өнөөдөр Эрээн гуятай морь чинь ямар ч байсан юм дуулгах нь дээ” гэж билээ. Үнэхээр ч хэлснээр нь болж, Баянхонгор аймгийн наадамд айргийн дөрвөөр одавхисан. Тэр бол аавтайгаа наадсан сайхан наадмуудын нэг байгаа юм. Мөн 1998 онд  Хархорин руу долоон морьтой дөрвөн хүн, хоёр хүүхэд долдугаар сарын 3-нд гэрээсээ гараад сарын дараа ирж байлаа. 
-Талдаа хэд хонох уу?
-Ирэхдээ шулуун ирсэн. Харин эндээс явахдаа морь малаа амраасаар бараг 20 орчим хоног явсан.  Очоод бас дөрөв тав хоногт газар усанд нь морь малаа дасгасан. Сайхан дурсамж үлдсэн байдаг юм.
-Та түрүүн манай аав Их Богдын Алдарт гэж түмэндээ үнэлэгдсэн хүн гэж ярьсан. Аав тань ямархан уяач байсан бэ?
-Мэдээж  бусадтай л адил уяаны ажлаа хийнэ. Гэхдээ минийхээр хурдан морьдоо өвөл, хавар их унуулдаг байсан. Манайх чинь таван хошуу малтай. 11 сар гараад 12 сар дөхүүлээд адуугаа тавиад л тэмээгээ барьж унана. Тухайн үед энэ нь надад их ядаргаатай санагддаг байлаа. Өвөл тэмээ унаж байхад чинь “адуу  туугаад ир. Энэ морийг ингэж уна, тэгж уна” гэнэ. Тэмээний хажуугаар бас адуу мал гэлээ гэж төвөгшөөнө. Харин өнөөдөр бодоход тэр ч бас морины уяаны ажлын нэг хэсэг байжээ. Хавар морь уралдахаас сарын өмнө барьж аваад уях биш бүтэн жилийн уяаны ажлыг хийдэг байж гэдгийг ойлгосон. За тэгээд морь мал уяж байхдаа цээрийг чанд сахина. Уяан дээр муу үг гаргахгүй, хүн амьтантай хэрэлдэхгүй. Согтуу хөлчүү байж болохгүй, тамхи татахгүй гээд. Аав тарваганы махыг ёстой ойртуулдаггүй байсан.
Энд сонирхуулахад 1995 онд чинь аймгийн Алдарт уяач цолыг аймгийн Аварга уяач нэрээр олгодог байсан юм. Тэр жил сумын ойн баяр наадмаар манай аав Дашдулам, Даваадорж гуай хоёр анхны аймгийн Аварга болзлыг хангаж  авч байлаа. 
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Боломж олгож байгаад баярлалаа. Минийхээр манай сумынхан адууны үржил угсааг сайжруулах ажлыг их эртнээс хийсэн гэж боддог. 1977,78 оны үед манай сумын Дуламын Сүхбат гэж хүн Сүхбаатарт хадамласан юм билээ. Харамсалтай нь эхнэр нь өөд болж, хүүгээ өвөртлөөд хэдэн адуугаа туугаад сумандаа ирсэн. Ингэж тэр хүний авчирсан морьд нь сайн давхиж, улмаар үр төлүүдээс нь нутгийнхан авсан. Дахиад Чулуунбат гэж тухайн үедээ олон сайхан их насны морьд давхиулж байсан нэгэн. 1988 онд түүний хагархай чихтэй хар морь түрүүлж, цоохор толгойтой хар морь аман хүзүүдсэн юм. Энэ нь хоёулаа Сүхбат гэдэг хүний адууны угшилтай. Тэгэхээр Чулуунбат, Сүхбат гэж улсыг зайлшгүй ярих хэрэгтэй. Мөн Доржийн Лувсандагва гэж хүн байна. Түүний хурдан хээр морь 1995 онд Өлзийт сумын 70 жилийн ойгоор түрүүлж анхны  мотоциклийн байг авч байлаа. Ингээд гурван жилийн дараа буюу 1998 онд болсон сумын ургийн баяраар мөн түрүүлсэн. Өмнө жил нь АХ-ын ойгоор түрүүлж байлаа. Бас л болохоор адуу даа. Цааш нь Монголын Явуугийн загал гэж Жинст сумын 70 жилийн ойд түрүүлж, ахиад таван жилийн дараа Жинстийн сургуулийн 70 жилийн ой, Богд сумын сургуулийн 70 жилийн ойгоор тус тус түрүүлсэн. Бас л олон айраг түрүүтэй хурдан хүлэг. Монгол Явуу гэж алдартай уяач Өсгий цагаан хүрэн соёолонгоо их хурдлуулсан. Бавгарын Даваадорж гэж мундаг уяачийн нэрийг гаргасан ягаан морь, Засмал зээрд морь, Согоо зээрд гээд хурдан хүлгүүд байлаа. Түүний сартай хонгор морь дөнгөж нас нийлж байхдаа сумын 70 жилийн ойгоор хол сайхан тасархай түрүүлсэн бол сумынхаа ойд ч түрүүлсэн. Өдгөө үр хүүхдүүдээс нь Мөнхбаяр, Нармандах, Отгонбаяр  нарын аймгийн Алдартууд, Энх-Амгалан гэж сумын Алдарт одтой наадаж байна. 
-Та  ч сайн мэдэх юмаа?
-Тийм айхтар биш ээ. /инээв/ Яриагаа үргэлжлүүлэн сумандаа домог болсон хэдэн морьдыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Тавхүүгийн хонгор гэж мундаг морь Өвөрхангай, Баянхонгорыг нэг байхад. Өвөрхангайн баяр наадамд түрүүлсэн байдаг. Харин сүүлийн үед Лувсанцэрэнгийн Төмөрбаатарын Аварга зээрд гэж алдаршсан зээрд морь Богд сумын хурдан хүлгэдийн тэргүүнд бичигдэнэ. 2005,2006 оны үед зүүн талын хурдууд орж ирж байхад ана мана уралддаг байлаа. Сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, мөн ч олон удаа айрагдсан. Даанч одоо уралдахаа больсон байна. Түүнчлэн Батсүхийн хээр морь Нарийнтээл суманд түрүүлж, сумынхаа баяр наадамд айраг түрүүгээр ордог байлаа. Дахиад Чойндонгийн Цэдэндоржийн хүрэн морь сумын наадамд олон айрагдаж түрүүлсэн. Нарийнтээлд ч айргийн тавд л багтаж ирнэ. Цааш нь Рэгзээгийн Батжаргалын Шанхат гэж зээрд морь мөн л сумын баяр наадамд данстай хүлэг. Нягтлан Доржийн буурал морь ч сайн давхидаг. За бас Даваацэрэнгийн Сүхбаатарын алаг гэж хар алаг морь уяачдын дунд яригддаг л хүлэг. Энэ мэтчилэн яриад байвал олон сайхан хурдан хурц хүлгүүд байна. Манай  суманд чинь янз бүрийн наадам, ой болж, гаднаас олон ч морьд ирдэг. Гэсэн ч бид их насны түрүүгээ алдаж үзээгүй. Ер нь их насаараа аймагтаа гэхгүй ч говийн тойргийн хэдэн сумандаа Богдын их насны морь, жороо хоёр алдартай. 
-Сайхан яриа дэлгэсэнд баярлалаа. Та бүхний уясан хүлэг нь хурдан байж, айраг түрүү олонтой сайхан наадах болтугай.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын их амжилт хүсье. Түмэн олон маань их Богд уул шиг минь сүндэрлэж, Ноён нуур шиг минь бялхаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна