АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.АЛТАНГЭРЭЛ: МАРГААШИЙН НААДАМД МИНИЙ ХОНГОР ҮРЭЭ ТҮРҮҮЛЭХГҮЙ БОЛ НАМАЙГ АЖЛААС ХАЛСАН Ч ГОМДОЛГҮЙ ГЭЖ ХЯНАЛТЫН ДАРГАДАА АМ ГАРЧ ЯВЛАА

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 10 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, "Алтангадас" багийн харьяат, аймгийн Алдарт уяач Баасанжавын Алтангэрэлийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1957 онд Хөхморьт сумын нутаг Сайн ус гэдэг газар айлын гурав дахь хүү болон мэндэлжээ.
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
-АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль
-Төрийн удирдлагын дээд шагнал Соёмбо одон
-ХХАА-н тэргүүний ажилтан
-Онц тээвэрчин аж.

-Нэгэнтээ та “Хэнтий аймагт байдаг нагацуудаасаа адуу авчирсан нь хурдалж байгаа”-гаа ярьж байлаа. Харин өнөөдөр ахын тань адуунаас Төрийн түмэн эх боллоо. Бахдалтай энэ зүйлээс яриагаа эхэлье?
-Хэнтий аймгийн Мөрөн суманд ээжийн маань том ах Дамдинсүрэн, бага дүү Ядам нар амьдарч байлаа. Одоо ч бурхан болцгоосон л доо. Удам залган морь уяж байгаа хүүхдүүдийнх нь морьд их хурдан байгаа. Өнгөрсөн онд /2016 он/ гэхэд Дамдинсүрэнгийн хүү зүүн бүсийн Алдарт уяач Амармөнхийн хээр соёолон Хэнтийн хойд бүс болсон Өмнөдэлгэрт түрүүлж, саарал азарга нь айрагдлаа. Цэцэнханы хурдад хээр хязаалан нь түрүүлж, саарал азарга нь айрагдсан. Ядам дүүгийнх нь адуунаас Төрийн наадмын түрүү магнай тодорлоо. Өвөрхангай аймгийн Энхбатын хонгор халзан морь бол манай нагацын зээ Авиа гэж хүний унаган адуу юм. Ер нь олон сайхан хурдан буянтай л даа. Түрүүчийнх нь Батхүүгийн Бал алаг ч байна. Торгоны замын Гантөмөрийн авч байсан Морины шүтээнд түрүүлсэн хээр морь байна. Зах зухаас мэддэгээ дурдахад ийм. 
-Танайхан чинь яагаад Хэнтийд очоод төвхнөчихсөн юм бэ?
-Том нагац Дамдинсүрэн гуай л цэрэгт явж халагдаад Хэнтийн Мөрөнд суурьшсан. Араас нь дүү нь очсон юм. Одоо чинь Хэнтий аймгийн Мөрөнд Цэрэг адуу гэж нэртэй тусдаа угшил хүртэл бий боллоо. 
-Цэрэг адууг энэ нутгаасаа аваачиж бий болгосон юм уу. Эсвэл тэнд очоод уу?
-Очоод бий болгосон. Зүүн талын хурдууд чуулсан Галшар, Дорнод, Сүхбаатараас адуу авсан гэдэг. Бага нагац маань хөл нь муудсан азаргыг хүнээс үнэ хайрлалгүй авдаг байсан байгаа юм. Тухайн үед нэгдлийн хэдэн адууг энэ Ядам зарж үрж байна гэж хардаад тооллого хийхэд нэг ч адуу дутаагүй гэсэн. Болоогүй нэг хурдан хонгор азарга байсныг нь тэгж ярихад “адуу гээч амьтан азарганыхаа нэрээр явдаг. Айл бол гэрийн эзнийхээ нэрээр явдаг” гээд хэлэх үггүй болгож байв. Энэ хонгор азарганы төл их хурдан байсан даа. 
-Та нагацаасаа ямар ямар адуу авч байв?
-Гурван ч удаа очиж авсан. Анх 2004 онд очоод бэлэглэсэн хэдэн адууг нь аваад буцаж байлаа. Эндээс нэг бор морь сайн давхисан. Тэр үед чинь би албаны ажилтай болохоор өөрөө уяж чадахгүй. Ховдын Булганд хадам аав МУ-ын Алдарт уяач Булганы хүүхдүүдэд аваачаад өгчихсөн. Тэгсэн Алтайн баруун гурван суманд зургаа уралдсанаас нэг аман хүзүүдэж, тав түрүүлсэн. Дараа нь эндээ авчирч уяулсан. Хурдан  байсан. Даанч би ажил ихтэй байгаад очиж чадалгүй “усан ногоо битгий идүүлээрэй” гэж хэлээд явуулсан юм. Тэгээд нэг заваараа очсон ширгэн дээр уяж,  уяаг нь алдуулаад Ховдын даншигт 20 гаргаж ирсэн. Өөр гэвэл Ядам гуайн том хүү Алтайхүү гурван үрээ үзүүлдэг юм.  Би ч хүрэн үрээг нь сонговол “та нүдтэй юмаа” гээд инээж байна. Наадах чинь өнгөрсөн жил сургуулийн наадамд айрагдсан юм гэнэ. 2008 онд л доо. Тэгсэн олон хүн наймаа хийе гэж ирлээ. Надад ч мөнгөний хэрэг гараад 1,5 саяд ав. Гэхдээ би уяж өгч чадахгүй. Яахав манайд цуг уяад өөрийнхөө нэр дээр уралдуулаад, арав дотор ирэхгүй бол тал үнийг нь буцаагаад аваарай л гэсэн. Тэгэхэд би  Дорнод ороод Матадаас бас хэдэн адуу авчирсан юм. Цэрэнням гэж манай аймгийн Чандмань гаралтай ХААИС төгсөөд тэнд хуваарилагдан суурьшсан хүн. Түүнээс хэдэн адуу авсны дотор нэг хонгор халзан шүдлэн үрээ ирсэн юм. Тэрийг манай эндхийн нэг залуу аваад наадмаас өмнө багийн наадамд түрүүлгэсэн байсан. Их сунгаан дээр яваад очсон хонгор халзан үрээний уяа ханачихсан байх нь тэр. Сонгуулийн жил байсан болохоор манай хүү морьдоо уяж байсан. Хэдийгээр тэр залууд зарсан ч ялгаагүй миний л адуу шүү дээ. Тэр сунгаан дээр хонгор халзан үрээ нь хүүхдийн дөрөөгөөр түрүүлээд, миний цавьдар үрээ аман хүзүүдсэн. Орой нь үрээндээ торгон тар хийгээд явуулсан, сумандаа их хол түрүүлсэн. Дараагаар нь улсууд авъя гээд ирэхээр нь одоо бол 2,5 сая л гэсэн. Улмаар Цэрэнлхагва гэж миний үеийн уяач хүүдээ авч өгөөд, Ховдын даншигт явж байгаад замдаа уяж байсан азаргаа алдчихсан.  Хайсаар яваад олж, шөнө дунд Ховдод очжээ. Тэнд их гантай, хоол муутай явуулсан ч хүрэн үрээ долоогоор давхисан даа. Нэг соёолон хул морь авчирсан нь Ховдын Булганы ойд гурав хадуураад гуравласан. Наана нь нэг хээр соёолон авчирсныг  Ховдын Баттөмөр авсан. Сонсохнээ Жаргалантын ойд айрагдуулаад, Ховдод хоёр гурван удаа айрагдаж түрүүлсэн. 
-Та яг хэдэн оноос зүүн зүгээс адуу авч эхэлсэн бэ. Авчирсан адуунууд хэр давхих уу?
-2000-гаад оны эхээс болж байна уу даа. Би наймаа хийх гэж аваагүй л дээ. 2004 онд Тамгын газрын дарга хийж байхдаа хот руу семинар сургалтанд очдог юм. Буцах гэж байтал Улаанхуаранд Сүхбаатарын Асгатаас адуу ирсэн байна гэж дуулдахаар очвол Отгоннасан Манлай, манай аймгийн уяачдын холбооны тэргүүн Гомбожав, аймгийн Алдарт уяач шар Батаа, Батжаргал нарын улс байна. Би тэнд байсан 10-аад адуунаас хонгор даага, бор халзан соёолон, цавьдар азарган соёолон үрээг авч байлаа. Гэртээ ирээд эхнэртээ “хэнз охиндоо энэ дотроос дуртайгаа аваад өг” гэвэл хонгор даагыг сонгосон. Түүнийг шүдлэн болоход нь манай суманд хоёр гайхалтай хурдан шүдлэн байсан юм. Тэгээд Алтангэрэлийн хонгорын хурдыг үзнэ гээд гуравдугаар сарын 18-нд Бор хайрхан гэдэг газар бооцоот уралдаан зохион байгуулсан. Би хонгор үрээгээ пургонд ачиж очоод түрүүлгэсэн. Хавар нь зургаан сард ахиад Далантүрүүнд болсон мотоциклийн байтай уралдаан болно гэнэ. Тэгсэн аймгийн мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд гарч чаддаггүй. Бүүр уралдахын өмнөх өдөр барьж авчраад аймгийн мэргэжлийн хяналтын дарга Гаваад “алдаа гаргасан бол уучлаарай. Эр хүний хувьд гуйя. Маргаашийн наадамд миний хонгор үрээ түрүүлэхгүй бол намайг ажлаас халсан ч гомдохгүй. Түрүүлбэл аймгийн даргад мэдээллээ оруулалгүй Монгол эр хүний жудаг гаргаад намайг үлдээгээрэй” гэж гуйлаа. Хариуд нь загнууллаа. “Чи яасан даварсан амтай юм. Морио дөнгөж барьж ирчихээд маргааш уралдана гэж байдаг. Бусад нь адуугүй юмуу” гэж. Ингээд маргааш нь үрээгээ ачиж очоод уралдуулсан 500м хол түрүүлсэн. Тэр хонгор үрээтэй Дорнодын Матадаас авчирсан барга шар халтар үрээ айрагдаж байлаа. Өнгөрсөн 20-иод  шахуу жилийн хугацаанд 40, 50-иад адуу авчирчээ. Үүнээс  100 хувь гэж хэлэхгүй ч 60, 70 хувь нь айрагдаж түрүүлсэн.
Сонирхуулахад, 2008 онд Матадаас хоёр шарга морь, хонгор даагатай 10 гаран адуу авч, тавдугаар сарын 9-нд суманд ирж буулгасан. Тэгэхэд миний түрүүчийн хонгор шүдлэн байсан юм. Ингээд хонгор даагаа сургаад зургадугаар сарын 1-нд бага гурван насны уралдаанд хоёр хонгороо хоёуланг нь аман хүзүүдүүлсэн. Түрүүний Асгатын адуунаас авчирсан бор үрээг Батсуурь гэдэг залуу аваад ойрын сумдаар бас сайхан наадсан. Одоо ч үр төл нь давхиж байна. Харин наад соёолон зээрд үрээг аймгийн Алдарт уяач Энхбаяр гэж залуу авч олонтаа айраг түрүүгээр хурдлуулсан. Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурор Батсүх найз маань надаас нэг буурал даага авсан. Тэр нь зургадугаар сарын 1-нд Баян-Өлгийдөө түрүүлээд, Толбын наадамд ахиад түрүүлж, аймгийнхаа наадамд түрүү магнай болж, Баян-Өлгийн уяачдын наадамд бас түрүүлсэн. 
-Халхын ямар удам угшилтай адуунууд танайд байна?
-Сүхбаатарын Мөнххааны гүү, үрээ бий. Хэнтийн Мөрөнгөөс авсан нагацын адуунаас байна. Дорнодын Матадаас гүү, бас бус адуу авлаа. Дорноговийн Мандахаас одоо тэр Балдандоржийн хонгорын нутгаас авлаа. Дундговийн Шил адуунаас ганцын зэрэг байна. Энэчлэн хурдтай гэсэн газруудаас цуглуулсан. 
-Олон жил адуу зөөлөө. Одоо бол унаган адуугаараа наадаж байгаа биз дээ?
-Унаган адуугаараа наадаж байна. Гэхдээ дандаа түрүүлнэ ч гэж юу байхав. Ямар ч байсан уясан байхад 10 дотор хурдлаад л байна даа. 
-Одоогоор аймаг болон сумын наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-Аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, тав, зургаан айрагтай. Сумын наадмынх бол олоон. Морь уясан цагаасаа тооцоход 60 гаруй айраг түрүү байгаа байх шүү. 
-Та бас жороо мориор нааддаг гэсэн байх аа?
-Манай суманд чинь нэгэнтээ  жороо морь уралддаг байлаа. Одоо л больчихоод байна. Би Ховдын Булганы хүргэн. Монголын жороо, Торгуудын жороо тэнд л байна. Манай хадам аав чинь жороо мориор Улсын анхны Алдарт болсон хүн байгаа юм. Тэдний адуунаас ирсэн хул, хүрэн жороонууд байлаа. Өөр нэг хүрэн морь байсан.  Бас Ховдын Булганы Хөхөөгийн хээр гэж сумандаа алдартай том хээр морь ч байв. Миний аав ч олон сайхан жороо морьдтой. Гэхдээ ямар цаг үед амьдраад байгаа юм бэ дээ. Жороо морь уралдуулсан чинь өөрийнхөө жороог түрүүлгэх гэлээ гэсэн яриа гардаг байгаа. Үүнээс болоод больсон.
-Олон газрын хурдан адуугаар наадлаа. Танай Баян-Уулын морьд альхан хавьд нь явах юм?
-Тиймээ, Баян-Уул чинь хурдтай нутаг шүү. Манай сумын 90 жилийн ойгоор Тод манлай уяач Ганбаатар шарга, Цэрэнжигмэд халтар, М.Ганболд улсад хязааландаа гурвалж байсан хул морьдтойгоо ирсэн юм. Бас Винтовын морь ч байлаа. Бүгд Монголын нэртэй хурдан буянгууд байгаа биз. Тэгэхэд миний төрсөн дүү Баярбилэгийн жижигхэн хээр морь гарч хөтөлсөөр барианы доор ердөө 1800 м дутуу байхад нь Максын шарга түрүүлж, өнөөх нь аман хүзүүдсэн. Харин айргийн гурваар Цэрэнжигмэдийн халтар орж, дөрөв дээр манай сумын унаган морь Мөнгөнтогоогийн хүрэн морь ирсэн. Мундаг байгаа биз. Дараа нь Геннисийн амжилт тогтоох уралдаанд би тэр хээр морио аваад очсон. 90 гаргаад ирсэн. Маргааш нь буцах гэж байтал Атарт Батмөнх зааны наадам болж байлаа. Тэнд тавьсан 114 мориноос түрүүлсэн. Гэхдээ хүүхдээ булгиж шидчихээд сул ирсэн л дээ. Ер нь манай Баян-Уулын морь хаана ч очоод уралдахад хурдан л даа. Үүний нууц гэвэл өвөг дээдэс маань адуугаа чанаржуулах ажлыг сайн хийснийх. Манайх Дөрвөлжингөөс, Увсын Зүүнхангай, Өндөрхангайгаас хүртэл азарга авчирч байлаа. 
-Та өмнө нь ярьж байсан даа. Баян-Уул дундаа Алтангадас багийн адуу илүүрхдэг гэж?
-Тиймээ, ажаад байхад үе удам, үр төлөөрөө давхидаг азарга бас байна. Гэтэл бас өөрөө хурдан атлаа төл нь давхидаггүй нь ч байна. Тухайлбал манай суманд Арслангийн гарлын Содномдаржаагийн бор гэж Хөхморьтод давхиж байсан бол төл нь болох Дашчийравын бор Баян-Уулд даага, шүдлэн, хязааландаа түрүүлчихсэн. Бор үрээг 3000 төгрөгөн дээр гурван медалинд нь зуу зуун төгрөг нэмээд 3300-аар Дашчийрав гуай авчирч байсан юм. Тэр бор азарганы төлөөс Галтын бор гэж азарга нь ч сайн давхисан. Мөн тэдгээрийн төл Жаргалангийн Баясгалангийн бор азарга, Алтангадасын Пүрэвдоржийн хүрэн азарга болон төлүүд нь ч хурдан. Хүйсийн голын Цэрэндагвын халтар азарганы эр төл бүхэн нь давхисан. Алтангадас зүг бол Монголын элстэй, уултай хэсэг. Өвөлдөө адуу элсэнд нь орж өвөлждөг. Тийм учраас бярлаг талдаа. 
-Аав тань олон жил адуу малласан уу?
-Миний аав уяач, морь, бөх цоллооч хүн байлаа. Нэгдлийн адууг олон ч жил малласан. 1927 онд төрсөн туулайтай хүн л дээ. Дээрээ ганц эгчтэй айлын ганц хүү. Бага насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрөөж, өөрийн идэвхи сонирхлоор шинэ үсэг, монгол бичиг хоёрт тайлагдаад цэрэгт дөрвөн жил алба хаасан. Ирээд багийн дарга хийж байгаад нэгдэлд бог хариулж, адуу маллаж байлаа. Бараг арваад жил адуу малласан байх шүү. Дээр нь өөрөө л бичиж тэмдэглэдэггүй байсан болохоос бэлэн цэцэн үгтэй ерөөл магтаал хэлчихнэ. Сумын магтаал хүртэл бичиж байсан удаатай. Бид эцэг эхээсээ наймуулаа. Үүнээс гурав нь морь уяж байна. Одоо дүү Баярбилэгийн хүү Сумъяабаатар бас морь уяж байна. Өөрөөр хэлбэл гурав дахь үеийн уяачид гарч байна гэх үү дээ. 
-Та ч бас ерөөл, магтаал хэлчихнэ биз?
-Би ч бас бичиж тэмдэглэхгүй байна.Тэрнээс ганц нэг юм байнаа. 1996 онд Түмэн адууны баяраар азарганы цол бичиж байлаа. Онх начны наадам, бага олимпоор УИХ-ын гишүүн асан Цогтбаатар азарганы цолыг Алтангэрэлээр дуудуул гээд дуудаж байсан юм. Морины комиссийн хүн “Хөхморьт сумын унаган хүүхэд, Баян-Уул сумын уугуул Алтангэрэл азарганы цол дуудна” гэж зарлаж байсан юмдаг. Цагаанхайрхан гэж манай сумын хойд талд бий. Тэгээд сумын 80 жилийн ойгоор баг бүрээс дөрвөн мөрт бичих болдог юм. Энд,  ...Хүн ард нь хормойд нь нойрссон
Хүндэтгэл хайрын бурхан уул
Хүний нутгаас тодхон харагдах
Хүрэн уулсын зүрхэн уул Цагаанхайрхан мину
Цай сүүний дээж нь
Цагаан болсон гэх юм
Цагийн уртад хүндлэгдэж хайрхан болсон... гэхчилэн бичсэн юм. Тэгсэн манай Засаг дарга нойрссон гэдэг үгээ соль гээд мөргөсөн болгосон. Ингэж Цагаан хайрхан шүлэгтэй болсон. Бас Цагаанхайрханы тухай дуу хийлээ. 
-Яриагаа таны сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадмын дурсамжаар үргэлжлүүлье?
-Сайхаан сайхан, хүүхэд эсэн мэнд ирэх сайхан. Тэр дундаа уясан морь давхиад ирэх бүүр ч сайхан. Би ч их уян хүн шүү дээ. Аав маань хэлж байсан. Өөрийгөө усан нүдтэй, цусан зүрхтэй хүн гэж. Би ч аавынхаа тэрийг дагасан уу уярамтгай талдаа. Гэхдээ болж өгвөл гадагшлуулахгүй гүрийнэ л дээ. Харин морин дээр бол тэсдэггүй юм билээ.Түрүүн ярьсан хоёр хонгорыг ачиж очоод л давхиулдаг байлаа. Хондон үрээг сумандаа хэдхэн хоногийн өмнө авчраад л түрүүлгэсэн. 1996 онд Төгрөг сумын 70 жилээр 170 гаруй км газар  Хүйсийн говь, Шаргын говь хоёрыг гатлаад очиж л байлаа. Гантай ч жил байв. Очоод хол явах гэхээр морьд улдчих гээд болдоггүй. Хамрын ард бөөгнөрсөн жоохон шар хялганы ар дээр морьдоо уяад, амаргүй байсан л даа. Тэр жил бас Дарвийн ой болох байлаа. Хамт явсан нөхөд маань Дарви сум руу явъя гэнэ. Тэгэхээр нь нэг суманд нэг насанд нэг морь түрүүлдэг юм. Дарвид тэртээ тэргүй зургаан насанд нь Баян-Уулын морь түрүүлнэ гэж хэлээд үлдсэн. Ингээд Төгрөг рүү Одсүрэн, Сугар, Ганболд, Мөнх, дүү Тэгшсүрэн нартайгаа явлаа. Тэнд Тэгшсүрэнгийн хул морь аман хүзүүдээд, миний алаг морь тавлаж, Сугарын хүрэн азарга түрүүлэн, миний жороо хээр морь гурвалсан. Тэр хол газар бага насны морь авч явах боломжгүй учраас үлдээчихсэн байлаа. Гурван соёолон авч явсан нь 6,7,9-өөр ирсэн. Гурван азаргын нэг нь түрүүлж, нэг нь зургаад, нөгөө нь наймаар ирсэн. Бас л сайхан наадам шүү. Харин харамсалтай наадам гэвэл 2008 онд Ховдын даншигт очоод хондон үрээгээ долоолуулж, Матадаас авчирсан хонгор даага зургаалсан. Дээр ярьсан даа. Хурдан хонгор үрээ, Очирхүү гишүүний суманд бэлэглэсэн хүрэн азарга, Матадаас авчирсан шарга соёолон гурваа би ер нь л хурдан гэж боддог юм. Тиймдээ ч аваад очсон зурхай дээрээс сул хул хязаалан үрээ тавьж явуулаад,  ганцаараа зугтаачихсан. Араас нь хүүхдүүд хөөсөөр байгаад хонгор үрээ наймаар орсон. Шарга үрээ болохоор гарцаагүй л соёолон үрээ байв. Гэвч хүний нутаг бол хүний л нутаг юм билээ. Соёолон биш байна гээд хавьтуулдаггүй. Тэгэхээр би хүүхэддээ аваад ирсэн юм байна мордуулчихъя. Битгий айрагдуулаарай гэж хэлсэн. Одоо тэр бичлэгэн дээр харагддаг. Тугтай чиглүүлж байгаа 69-ийн хажуугаар амгай дараад шудраад ороод ирдэг. Тайлбарлагч 69-нөөс хурдан хүлэг байна гэж байлаа. Гэхдээ би татуулсаар есөөр орсон. Харин хүрэн азарга 20 гаргаж орсон. Тэр ч миний алдаа болсон. Өглөө үүрээр 30 минут унтах хооронд алдаж ус руу оруулаад, уяаг нь задалчихсан. Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэж. Ингэж наадаж явлаа бас. 
-Таны хүүхдүүдээс морь мал уяж байна уу?
-Би гурван охин, нэг хүүтэй. Хүү маань хар нялхаасаа л намайг дагаж халуунд халж, хүйтэнд хөрч өслөө. Би ч хатуудуу гараар өсгөе гэж бодсон. Ямар сайндаа Хөхморьт сумын наадамд хамт очоод “морио аваад гарч бай” гээд буцааж байхав. Анх удаа явж байгаа нь тэр ш дээ. Тэгсэн ээж, хань хоёр маань загнаад. Хүн чинь тэгээд нас хамаагүй эх эцэгтээ л туньдаг юм билээ. Тэр үед ээждээ “би энэ байтугай  бороонд хонь хариулаад, шөнөжин хонож явсан” гээд очих байлгүй гэчихлээ. Тэгсэн өглөө нь 11 өнгөрч байхад дөнгөж 3-р ангийн хүүхэд эрэгний нөмөрт морио хөлнөөсөө уяж унтчихаад хүрээд ирж байлаа. 2008 онд хондон үрээг түрүүлэхэд, би ам заавар өгөөд миний хүү уясан. Энэчлэн өөрийн хэмжээнд амьдралд сургаад л явна. Ямар ч байсан морь малаа гайгүй уяад явчих байхаа. Одоо бас манай том хүргэний хүүхэд зээ хүү байна. Тэр маань бас надад туслаад морь маланд явдаг юм. 
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Монголын нийт уяачдыг холбох гүүр байж, танилцах, туршлага судлахаас эхлээд Монголын хурдын морины хөгжилд оруулж байгаа ажил үйлс тань цагаан мөртэй байг.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.