АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ЦЭРЭНДАГВА: Айраг түрүү хүртсэн, хүртээгүй наадам болгоноос сэтгэл хангалуун буцдаг

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 09 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн харьяат аймгийн Алдарт уяач Бүдийн Цэрэндагва 1952 оны зун Цэнхэр толгой хэмээх газар төрсөн бөгөөд АХ-ын 80, 90, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, Уяачийн алдар одонгоор тус тус шагнагдаж байжээ.
-Таны хувьд морины уяа эвлүүлэх үүтгэл нь хаанаас эхлэлтэй вэ?
-Би удам дамжсан уяач биш. Аав маань багийн дарга болон шүүх, цэргийн ангид ажиллаж байгаад эрт өөд болсон. Хойд эцэг маань ч бас цэргийн хүн байлаа. Би айлын ганц хүүхэд л дээ.
Багадаа хурдан морь унаж байсан болохоор моринд хорхойтой болсон юм байлгүй дээ. Дөрөвдүгээр ангиасаа сургуулиа орхиж, адуу цуглуулж эхэлсэн. 
-Хаанахын ямар угшилтай адуунууд цуглуулсан бэ?
-Нутгаасаа л цуглуулсан даа. Тэгэх тэгэхдээ бүр эмнэг хангалуудыг нь голчлон цуглуулж эхэлсэн. Учир нь, эмнэг сургаж өгсөний шагналд даага өгдөг байлаа шүү дээ. Ингэж л хүний өгсөн адуугаар адуужсан. Харин хожим нас биeд хүрээд энд тэндээс азарга олныг цуглуулсан.
-Өөрийн гэсэн адуутай хүн морь уяхаас яахав.
-Өө тэгэлгүй яахав. Би 1974 оноос биe даан морь уяж,  Манлай сумын 50 жилийн ойд алаг даагаа гуравлуулж, азаргаа 16-гаар давхиулж байлаа. 
-Сайхан эхлэл. Хойтон жил нь ч бас амжилтын буухиа үргэлжилсэн биз?
-Тийм ээ. Сумын 51 жилийн ойн баяр наадмаар хүрэн шүдлэн үрээгээ түрүүлгэсэн. 
-Анхны айраг авч ирсэн алаг даага булган сүүлтэй байжээ. Алаг даага өөрөө хэрхэн давхисан бэ?
-Цаг тааруухан жил байж таараад, алаг даагаа алдчихсан юм. Тэгээд ганц эмнэг үрээ унаж байгаад давхиулчихсан чинь түрүүлчихсэн.
Даанч түүнээс хойш хоёр, гурван жил олигтой давхиагүй. Гэхдээ баг, бригадын наадам өнжилгүй л давхиулдаг байлаа. Харин жижиг наадмуудаас айраг, түрүү тасралтгүй авч байсаан. 
-Таныг Манлай сумын анхны Алдарт уяач цолтон гэж сонслоо?
-Тийм ээ. Ах нь сумын баяр наадмаас 30-аад айраг, түрүү хүртэн сумын Алдарт уяач цолны №01 гэсэн дугаартай үнэмлэхийг гардаж байлаа. Мөн “сумын Шилдэг уяач”-аар хоёр удаа шалгарсан.
2014 онд бил үү дээ, ямар ч байсан сумдын 90 жилийн ой давхацсан жил байсан юмдаг. Аймагт очиж, ойр хавийн бүх сумдын уяачид, хурдан хүлгүүд цугласан уралдаанаас хоёр айраг хүртээд, Хүрмэн суманд очиж 90 жилийн ойн наадмаас нь бас хоёр айраг хүртсэн. Тэгээд тэр жилээ аймгийн Алдарт уяач цол хүртсэн. 
-Уяж хурдлуулж байсан хүлгүүдээс тань хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу байв?
-Суманд уяж байсан морьд тун цөөхөн дөө. Сүүлд нэг цагаан мориор олон айраг хүртсэн. Нэг жилийн дотор 12 удаа уралдсанаас зургаан айраг хүртэж, 11-ээр болон наймаар давхиж, бусдад нь зургаагаар ирж байлаа. Манай унаган адуу байгаа юм. 13, 14-тэйгээс нь уяж эхэлсэн. Одоо 19-тэй морь байна. 
-Багад нь яагаад уяагүй юм бэ?
-Оролдоод нэг л болж өгөхгүй байсан юм. Тэгээд дөрвөн жил өнжөөгөөд, охиндоо өгчихсөн. Хүргэн маань унахгүй дөрвөн жил болчихоор нь буцааж аваад уяж эхэлсэн юм.
Уясанаас хойш нэг түрүүлсэн. Анхных нь түрүүг давхар орсон морь нь авсанаас хойш “миний аз харьсан” гэж боддог юм. Хоёр, дөрөв, таваар л давхиад байсан. Одоо 11 медальтай. Хоёр, гурван жилийн дотор л цуглуулсан даа.
Ноднин уях гэж жаахан оролдож байгаад тавьчихсан. Энэ жил уях гэж оролдож ч амжаагүй байна. Учиргүй тарган учраас их холын уяатай л даа.
-Цагаан морины дараа ямар адуу уясан бэ?
-Бор үрээ, хээр даага хоёр уяад нэг жил дөрөв, дөрөв айрагдуулаад, хоёулангийнх нь хөлийг авчихсан.
-Зарим жил уяа эвлэг, морь хурдан, уясан болгон л айрагдаж, түрүүлээд байдаг даа. Тийм сайхан бахтай наадам олон тохиож байв уу?
-Байлгүй яах вэ. Миний хээр, халзан хоёр морь байлаа. Байнга л айрагдаж, айрагнаас мултарлаа гэхэд зургаа, долоогоор давхидаг. Хамтад нь болон ганц ганцаар нь уядаг байсан юм. Сүүлдээ халзан морь маань хөгшрөөд, уяхаа больсон. 18-тайдаа багийн өдөрлөгийн уралдаанд түрүүлж байлаа. 
-Та түрүүн “энд тэндээс азарга цөөнгүй цуглуулсан” гэсэн. Энэ тухайгаа тодруулж яриач?
-Нэлээд адуу цуглуулж, цус сэлбэсэн. Мандах, Өлзийтөөс авч л байлаа. Өнгөрсөн өвөл л гэхэд Сайхандулааны аварга Жамбалын хөгшин Цолмонгоос хоёр байдас, нэг азарган үрээ, нэг морь авсан. Сая бас хүргэнийхээсээ хязаалан үрээ авч ирлээ. 
-Улс, бүсийн чанартай уралдаануудад оролцож байв уу?
-Тун цөөхөн оролцсон доо. “Говьшанхын хурд”-д оролцож, их насны морь 20-н хэдээр, даага наймаар, азарга  50-иар давхиулж байлаа. Түүнээс өөр улс, бүсийн чанартай уралдаанд оролцоогүй ээ.
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байв?
-Олон жил тэмээ хариулсан.
-Тэмээ уяж байв уу?
-Засгийн мал маллаж байхдаа ганц, хоёр тэмээ уяж, жонждог л байлаа. Одоо бол морь л уяж байна.
-Хүүхдүүд тань адуу малд хэр хорхойтой вэ?
-Бүгдээрээ л хурдан морь унаж өссөн. Гэвч сургууль соёл, ажил төрөл гээд одоо төвд амьдарцгааж байна. Бага нь л хөдөө малаа малладаг. Тэрээс морины уяа эвлүүлж байгаа хүн алга.
-Сэтгэлд тань хамгийн сайхан дурсамж үлдээсэн наадмаа дурсаач?
-Наадам болгон л сайхан. Уяач хүн айраг, түрүү хүртсэн хүртээгүй хамаагүй, наадам болгоноос сэтгэл хангалуун буцдаг. 
-Түмэн адууны баярт зориулсан зүүн бүсийн уралдаанд хэдэн насны морьдтой ирсэн бэ?
-Жороо морь, хоёр  даагатай ирсэн. Жороо морь нь эмнэг юм аа. Сая уг нь түрүүлчих шиг л болсон. Гэхдээ хоёроор барих сураг дуулдав уу даа.
-Жил бүр л жороо мориор нааддаг уу?
-Манай сум жороо морь бараг уралдуулдаггүй юм. Энд миний жороо морь хоёр ч аман хүзүүдчихлээ. Уржнан Хатан сумын 90 жилийн ойн наадамд 28 морь уралдахад аман хүзүүдсэн. Мандахад бас очиж түрүүлээд, хоёроор бариулж байлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан шандаст хүлгүүдийнхээ тоосыг олон удаа өргөх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна