СУМЫН АЛДАРТ УЯАЧ Б.НОРОВ: ХАТУУ ГАЗАР ТӨРСӨН УНАГА ТАВАГ САЙТАЙ БАЙДАГ
Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн харьяат сумын Алдарт уяач, ахмад адуучин Батын Норов 1936 оны хавар Цаа гүн шанд хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд насаараа адуу маллаж зургаан удаа хөөвөр, хялгасны аваргаар шалгарч , аймаг, сумын шилдэг адуучнаар тодорч явжээ. Ардын тэргүүний авъяастан түүнд Манлай сум удирдлагууд 80, 90 жилийн ойн медалиа хадгалуулж , ХХААЯ-наас Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан аж.
-Түмэн адууны баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Та бол олон жил нэгдлийн адуу малласан хүн. Энэ наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Манай сум Түмэн адууны баярыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. “Адуучин” тэмцээнийг харж байхад сэтгэл жаахан дундуур л санагдлаа. Учир нь, өнөөгийн залуус морь сайн унаж чадахгүй, уурга, бугуйл гэх мэт адуучин хүний наад захын эрдмүүдэд муу суралцсан байна. Сумаас ирж байгаа залуус нь л гэхэд бүгд мотоцикльтой. Түмэн адууны баярт оролцож байгаагийнх сайхан морь унаад ирсэн бол бахархалтай байхгүй юу. Адуутай ноцолдох хийгээд сайхан морь унаад явж байхад сэтгэл нэг л сайхан өөдрөг байдаг шүү.
-“Залуу байсан бол хэрхэн яаж бугуйлдаж, уургалдагийг энэ залууст үзүүлэх байлаа” гэж бодогдов уу?
-Тийм. Би тийм сайн уургач биш л дээ. Гэвч өвөлжин ганцаараа адуугаа маллаж, морьдоо уургалж, унаагаа сэлгээд л явдаг байлаа. Занданбал агсны өргөмөл хүү Гэндэнсүрэн өмнөх “Адуучин” тэмцээний үeэр “Норов эд нар байсан бол их дээгүүр байрт орох байжээ” гэж байсан гэдэг. Миний хувьд явганаас морь уургалахдаа сайн байсан. Дайраад л зөв талаар нь ороод урд хөлөнд нь гар хүрээд, жолоог нь хойд бүүргэнд нь өлгөөд, бүснээс нь нэг шавхарч ногтлоод л, нуруун дээгүүрээ хөндлөн тэгнээд тийрэхэд морь ч хамт зогсож л байдаг байлаа.
-Танай сум адууныхаа тоогоор сүүлийн хэдэн жилийн турш аймагтаа тэргүүлж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулаач?
-Тийм. Манай адуу одоо 10 мянга гаруй тоо толгой хүрээд байна. Аймгийн хэмжээнд адуу мал өсгөхөд хамгийн тохиромжтой сайхан байгаль цаг агаарын зохицолтой газар нь манай сум гэдэг юм. Гэтэл энэ жил гуравдугаар сарын 23-нд цас ороод, сумын төв дээр жижиг машин бол цасанд суучихаад явж чадахгүй байлаа. Урагшаа Ханбогд, Баян-Овоо, Номгон, Хүрмэн, Өлзийт гээд зуншлага маш муутай байна. Харин Цэцийн наад тал руу бол сайхан зуншлагатай байна. Манай сумын хувьд харьцангуй зуншлага сайн байна.
-Та хэдэн жил нэгдлийн адуу малласан бэ?
-Би одоо 83 настай. Тэтгэвэрт гарахаасаа өмнөх 20 жилд “Хоёр Өлзийт” нэгдлийн адууг малласан. Энэ хугацаанд Хөөвөр, хялгасны аваргаар зургаан жил дараалан шалгарч байлаа.
-“Сайн адуучин” гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Ус, бэлчээрээ сайн тааруулж, өвөлдөө их цантуулахгүй, хавартаа гүү унагалахад адуундаа их ойрхон явах хэрэгтэй.
-Говьд цаг агаар хүндэрвэл хэцүү юу, адуу зүтгэх үү?
-Тэгнэ. Урагшаа Тэгштийн зоо гэдэг жинхэнэ адууны нутаг бий. Хонхор, гүдгэртэй сайхан зоо байгаа юм. Манай сумын нутаг ч тэгш сайхан хөрстэй болохоор адуунд таатай л даа.
-Таныг адуу маллаж байх он жилүүдэд цаг агаар, байгалийн бэрхшээл олон тулгарч байв уу?
-2008, 2009 онд цаг их муу байлаа. Дорноговь аймгийн Мандах сум манай сумтай залгаа оршдог юм. Бид тийшээ нүүж очсон. Дандаа баруун, зүүн, өмнөөс шуурга тавина. Мундаг сайхан өвстэй газар очиход л мал идэх юмгүй болж байсан шүү. Азаар манай багийн адуу мундаг тэсвэр хатуужилтай, барагтай шуурганд уруудаад явчихдаггүй байсан тулдаа мэнд сайн орсон.
-Энэ хавийн адуу, тэр дундаа Манлай сумын адуу ямар онцлогтой вэ?
-Манай сумын адуу нэрт уяач Занданбал агсаны адууны угшилтай. Занданбал агсан бол адууг нэг хараад л таньдаг хүн байсан гэдэг юм. Би нэгэн түүх ярьж өгьe. Баян-Овоогийн наадамд Цэцийн Норовдорж гэж хурдан бор азаргатай хүн очсон юм байна л даа. Тэгээд Занданбал гуайтай хамт “түрүүлэх даага харъя” гээд л явж. Гэтэл нэг гүү шээсэн гэж байгаа юм. Тэгэхээр нь Занданбал гуай” Хоёулаа энэ гүүний даагыг олж харсангүй дээ. Энийг л харж байгаарай” гэжээ. Гэтэл үнэхээр тэр гүүний даага түрүүлсэн гэдэг. Бас нэгэн удаа адуу тууж яваа хүн гэрт нь иржээ. Занданбал гуай гэрийнхээ хаяаг сөхөж харсанаа “Чиний унаж яваа чинь морь уу, гүү юу” гэж асуусан байна. Нөгөө хүн ч “гүү” л гэж. Гэтэл Занданбал гуай шууд гарч үзээд хоёр морь, нэг атаар сольж авч байсан гэдэг. Хурдан төл гарах гүүг хүртэл анддаггүй байсан байгаа биз. Занданбал гуай өөрөө хоёр халзан азаргатай. Нарийн халзангийнх нь хөшөөг сая наадмын талбайд босголоо. Манай суманд одоо Нарийн халзан, Өргөн халзан, Мундаг хар зэрэг мундаг хурдуудын угшилтай адуунууд сайн давхиж байна. Eр нь манай сум бараан зүсмийн голдуу адуутай. Биe сайхантай.
-Элсний адуу бяртай байдаг л гэлцдэг?
-Бяртай. Манай сумын адууны нутагладаг газар нь нилээд хад асга, уултай. Хатуу газар гарсан унага таваг сайтай байдаг юм. Элсний унага бол хавтгай тавагтай. Гэвч улдаад суучихдаггүй л юм. Манай нутагладаг зооны үзүүрт говь цагаан тэгш байдаг юм. Говьд идээшилдэг адуу өлчир байдаг учраас өвөл их сайн байдаг талтай.
-Таны маллаж байсан нэгдлийн адуунаас ямар ямар хурдан хурц хүлгүүд тодорч байв?
-Би Дундговийн Дэрэнгээс бүүдэн азарга, хонгор үрээ хоёр авч исрэн юм. Тэдний үр төлүүд одоо ч бий. Мөн миний хээр, хүрэн, саарал морьд сайн давхиж байлаа. Саарал морь даага, шүдлэндээ сумын баяр наадамд түрүүлж, соёолондоо гуравлаж байсан. Бас нэг хүрэн үрээ даагандаа сургуулийн 50 жилийн ойн наадамд дөрөвлөж, хязаалангаасаа хойш их сайн давхисан. Мөн их хурдан хөөрхөн хээр азарга байлаа. Би даанч уяад сайн хурдлуулж чадаагүй юм.
-Дээхнэ үеийн хүмүүс адууны эдлэл хэрэглэлээр хэр гангардаг байсан юм бол. Тухайлбал, танай нутагт морины эдлэлээр илүүрхдэг ямар, ямар хүмүүс байв?
-Морины эдлэл хэрэглэлээрээ гангардаг, илүүрхдэг хүмүүс олон байсан шүү. Содномпил, Шагдарсүрэн, Дандар, Лувсан-Иш, Түдэв гээд сайхан эмээл, хазаартай эрчүүд байлаа. Дандар бол хурдан сайхан морьдоороо илт илүүрхдэг байсан юм. Лувсан-Иш бас хээр, халиун хоёр азаргаараа гангарна. Жанжийн Саран гэж их гоё азарга байлаа. Соёолондоо сумын баяр наадамд түрүүлж байсан даа. Лхамхүү гэж их сайхан эмээл, хазаартай, морь сайн шинжиж таньдаг хүн байлаа. Морины сайхан эдлэл хэрэглэлтэй хүмүүс ч жил бүрийн наадмаар л гангарч, нутгийнхаа олны нүдийг хужирладаг байлаа шүү дээ. Өнөөгийн хүүхдүүд ч өөрсдөө морь бараг унаж чадахгүй болохоор сайхан эмээл, хазаарт ч ач холбогдол өгөхөө больсон шиг байна аа.
-Адуунд иртэй, сайн адуучин ч цөөнгүй л байсан байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Хурдан алаг азаргатай Дандар гэж мундаг адуучин байлаа. Гүү унагалах цагаар бол гэртээ тоотой л үзэгддэг хүн байсан даа.
-Та өөрөө хэзээнээс морины уяа эвлүүлж эхэлсэн билээ?
-Би 1967, 1968 оноос л морины уяа эвлүүлж эхэлсэн дээ. Морь уях хугацаандаа сумын наадмаас 11 айраг, түрүү хүртсэн. Дээр хальт дурдсан саарал морины ах нь хар морь байсан юм. Тэр хар морь сумын баяр наадамд шүдлэндээ аман хүзүүдэж, соёолондоо гуравлаж байлаа. 2003 оны зуднаар 12 морь алдахад саарал морио хамт алдаад, олоогүй юм. Номхон сайхан амьтан байсан л даа. Хар морь бол өвчин тусаад уначихсан юм. Бас нэг хүрэн морь байлаа. Би эхийг нь дааганд нь адуундаа авч ирж, тавьсан юм. Маамаа гэдэг хүнээс шүдлэн байдас, охин даага хоёр авч байлаа. Улаан хээр даага байсан даа. Авч ирээд хүрэн азарганд хураалгасан. Тэр хүрэн азарга сумын баяр наадамд 1990 онд дөрвөөр давхиж, 1993 онд аман хүзүүдэж байлаа.
-Монголчууд эртнээс морь уях арга барилд үе дамжин суралцсаар ирсэн. Таныг залгамжлах дараагийн үеийн уяачид бэлтгэгдэж байна уу?
-Бараг л тасарчих гээд байна даа. Нэг хүү маань эмнэг сургадаг байсан юм. Одоо Ханбогдод эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч байна. Нэг хүү маань Оюутолгойд ажиллаж байна. Нэг хүү маань нутагтаа байгаа ч морь мал уяхгүй л байна. Харин хүүгийн хүү адуунд их хорхойтой. Одоо 60-аад адуутай болчихоод байна. Гайгүй ч унаж эдэлж байгаа харагддаг юм. Энэ жил би хурдан удамтай даага өгсөн. Уяна даа л гээд байсан. Гэхдээ энэ жил морь уяагүй. Тэр хүүг л уяаны эрдмийг минь залгамжилж авах хүн гэж хараад сууж байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна