СУМЫН АЛДАРТ УЯАЧ Б.ТӨМӨРГАРЬД: Ах дүү хоёрыг нэг өдөр айрагдуулан сайхан наадаж байлаа

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 05 -нд

Говь-Алтай аймгийн Алтай сумын хийморилог уяачдын төлөөлөл тус сумын Баянцагааны 9 дүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Буянжаргалын Төмөргарьдыг ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Сумын уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг гэж сонссон.
-Тиймээ, 2006 оны 1 сард Баянцагаан багийнхаа Засаг даргын ажлыг саналаараа өгөөд суманд ирж суурьшсан. Тэгсэн манай нагац ах Өөлд “Одоо юу хийе гэж бодож байна” гэж асуусан. Тэгэхээр нь би “миний ганц эрхэмлэж явдаг зүйл бол адуу. Ах дүүсээрээ морь уяж, сайхан унаж эдэлдэг. Адуу ч  сайн хатгадаг. Сумандаа МСУХ байгуулъя л гэж боддог доо. Харин та намайг дэмжээрэй” гэсэн. “Ахын чинь нас сүүдэр өндөр боллоо. Манай хүү наадахыг чинь бараг оюутан байхаасаа ярьж байгаа юм. Чи Энхтайвантай очиж уулз” гэсэн. Би тэр эрчээрээ гүйж очиж Энхтайвантай уулзаад малчны календар гаргаж ирээд морь нохой ивээл гэдэг утгаар нь шар нохой өдрийг сонгосон. Адуу гэдэг амьтан өөрөө хийморьтой болохоор бидний ажил үйлс ч сэтгэлчлэн бүтэж, уяачдын баяраараа их насны морь уралдуулан уяачдынхаа хандив дэмжлэгээр байлж байлаа. 
-Холбоо байгуулагдсан цагаас хойш тэргүүлэгчээр ажиллаж байгаа билүү?
-Одоо бол тэргүүлэгч гишүүн.Түүнээс өмнө дэд тэргүүнээр зургаан жил ажиллаад Ганбаатарт хүлээлгэн өгч, баяр наадмын үеэр тэргүүлэгчийнхээ хувиар шүдэлгээн дээр ажилладаг. Манай хоёр авга ах хатгуурчин. Тэд маань адууг ардын эмчилгээ, монгол аргаар эмчилдэг. Манай аав болон ахмад хүмүүс “за Гарьдаа өөрөө чи морь уячихаад битгий улаан гарлаад бай. Ээ дээ морь мал хатгах бол уяа эхлэхээс өмнө хатгаарай” гэдэг юм. Би зөвхөн ханаж хатгах бус өөр олон аргыг ашигланаа. 
-Жишээлбэл...
-Манай энд зэл өвс гэж ургамал бий.  Маш хортой ургамал. Адуу идвэл хордлогонд ордог. Би 100 гр цэвэр цагаан архи, монгол үнээний халуун баасыг зуурч өгөөд дарчихаад байдаг юм. Мөн хорыг хороор гэж зэл өвсийг шатаагаад үнсийг нь архиар зуурч өгч болно. Энэ мэтчилэн өөрийн чадах мэдэхээ харамгүй хуваалцдаг учраас сумын ард түмэн намайг үнэлж, бас их хайрланаа. 
-Олондоо тустай явахад аргагүй шүү дээ?
-Мэддэг, чаддаг зүйл байвал харамлахгүй ээ. За миний дүү өнөөдөр наад морь чинь уралдахгүй ээ, ингэхээр байна. Хоол нь арай багадчихаж гэх мэтээр өөрийн санасан бодсоноо шулуухан хэлчихдэг. Тийм болохоор мал эмнэлэг үржлийн албанаас надад “Зөвлөх малчин” гэдэг гэрчилгээ олгосон. Би ганц морь гэлтгүй тэмээний баярын үеэр хэмжиж шүүгчээр оролцдог юм. 
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна.Таны хувьд ямархан түүхтэй бол...
-Миний аав уяач. Хар, халиун, хээр зүсмийн хурдан морьдтой. Сумын наадмаасаа айраг алдалгүй нааддаг байсан гэдэг. Одоо нас сүүдэр 78, 79 хүрчихсэн. Морь уях эрдмээ үр хүүхдүүд бидэндээ өвлүүлж үлдээсэн буянтай буурал байна даа. Бид эцэг эхээс арвуулаа. Үүнээс зургаа нь хөдөө мал маллаж, гурав нь сумын Алдарт уяач цол хүртээд байна. Миний хувьд 1990 онд наймдугаар анги төгсөөд 1992 оноос эхэлж морины сүүл боосон. Тэр үед манай аавын адуу үнэхээр чанартай байж. Гурав дөрөвхөн хоногийн өмнө хонинд унаж байсан мориныхоо эмээлийг нь авч хүүхэд мордуулаад явуулахад айрагдчихдаг байсан. Хүн гэдэг сонин шүү. Нэг удаа морь айрагдуулаад л хөтлөгдчихсөн. Нэг л мэдэхэд сумын Алдарт уяач цолныхоо болзлыг давуулан биелүүлж нэг түрүү, 15 айраг хүртсэн байсан. 
-Хэдэн онд Алдарт уяач цол хүртсэн билээ?
-2013 онд. Хүний өөрийн морь уяад том жижиг наадмаас айраг алдалгүй сайхан наадчихдаг юмаа.
-Уяж сойн хурдлуулж байсан хүлгүүдээ танилцуулаач?
-Олон сайхан хүлгүүд байлаа. Алтай суманд хамгийн анх адууг үнэлж авсан хүн бол би. Одоо ч авч л байна.Тэдний нэг нь Тайшир сумын Чинзориг гэж хүнээс авсан хул халтар морь маань байна. Говь-Алтай аймаг, Төгрөг, Тайшир сумдад нийт таван удаа айрагдсан 12 настай морь. Би 2006 онд хоёр ат, хоёр морь, 500.000 төгрөгөөр авч хүмүүст зэмлүүлж байлаа. Надад ирснээсээ хойш халтар морь 10 жил уралдаж 22 настай 17,18 медальтай зодог тайлсан. Хүүхэдгүй ирээд дүрмийн дагуу ухарч, айргаас мултарч байсан нь олон. Үүнээс гадна халтар азарга маань байна. Би Төгрөгийн Дашбал гэдэг наймаа хийдэг хүнд азарга тавьчихаар үрээ захисан  нурууг нь аваад, улдчихсан хариугүй туранхай халтар үрээ үзүүлдэг юм. Нөгөөхийг нь голоод авсангүй. Би хойтон жил нь /2001 онд/ зуданд азаргагүй болчихлоо.Тэгсэн манай дүү “би танд нэг азарга олоод өгье” гэж байна.Тэгээ л гэлээ. Манай аавынх нэлээд зайтай. Нэг удаа аавындаа хонох гээд очсон аав “дүү чинь чамд нэг азарга авчирсан” гээд үзүүлсэн нөгөө буцаадаг халтар мөөн.Тэгэхээр нь “би наадахыг чинь авахгүй” гэсэн аав “хүүхэд арайхийж олж байхад чинь ав” гэж загнаад нэг атаар авахуулчихлаа. Юм сонин шүү. Тэр халтар азарганы төл дандаа эр гардаг. Эр болгон нь хурдалдаг. Өөрөө хүртэл уралдаж надад анхны медалийг авчирч байлаа. 2004, 2005 оныг хүртэл багийн өдөрлөг, сумын баяр наадамд түрүүлж айрагдсан моринд медаль өгдөггүй байсан. Тухайн үед би багийн даргаар ажиллаж байгаад анхны медальтай өдөрлөгийг хийгээд дөрвөн насны морь мордуулан дөрвүүлээ дөрөвт ирээд дөрвөн хүрэл медаль авсан. Айрагдсан морьдын нэг нь халтар азарга байсан. 
-Дөрвийн тооны давхцлууд... Сонин л юм.
-Эхнэрийнхээ өмчинд ирсэн гүүг халтар азаргандаа хураалгаад шар хээр унага гарлаа. Нөгөөхийг дааганд нь уясан суманд аман хүзүүдээд, хоёр аймгийн 11 сумын нийлсэн 90 гаруй даага уралдсан дархан газрын 30 жилийн ойд 14-т ирдэг юм. Дараа жил шүдлэнд нь уялаа. Дээр ярьсан авга ахын хүү тэр жил сумын Алдарт уяач цолны болзол хангаад, захиа бичиж дуудууллаа. Манай уяа Рашаан булаг гээд сумын төвийн наахна. Авга ахыгаа уяан дээрээ урьж авчраад хонуулах гэсэн “хөдөө гадаа ан гөрөө хийж яваад ирсэн, хономооргүй байна” гэнэ.Тэгэхээр нь би тийм юм тоодоггүй, та зүгээр хоно гэсээр хонуулахаар боллоо. Орой нь морьдоо тавихдаа шар хээрийгээ хөтөлж авчраад “миний баталгаатай түрүүлэх үрээ. Өнөө шөнийн хоолыг миний ах хийгээд өгчих” гээд өгчихлөө. Үүрээр бүдүүн морьдоо татчихаад ах шар хээрт ямархуу хоол өгч гээд харсан хазаартайгаа, аргамжаатай байж байдаг юм. Цээж өөд нэг юм өгсөөд дотор муухайраад л явчихсан. Тэгээд эргэж ирээд л авга ахыгаа “насаар морь уяачихаад” гээд хангиналаа, дуугүй л байна. Үдээс хойш шүдлэн мордоно тэр болтол жаахан ширгэлүүлээдэхье гэсэн ах “одоо татчих” гээд байдаг. Яалт ч үгүй үгэнд нь ороод татлаа. Шар хээрийнхээ дүү шар үсээ гээгээгүй өнчин хул даагыг бас уралдуулах гээд аваад ирсэн. Даага мордоход хөтлөөд очсон 40-н хэдэн үрээ ирчихсэн долоон исгэлтэй даага байна. Миний хул  хажууд нь хяргачихсан сарлагийн бяруу шиг юм. “Ингэж мал зовоогоод яахав, мордуулахаа болъё тамир муутай байна” гэсэн ах “дуугүй явуул” гэсээр мордуулчихлаа. Удаа ч үгүй даага ирж байна. За миний хул ч харалтгүй гээд сууж байсан манай нэг зээ харайж ирснээ “Гарьд ахаа таны хул даага дөрөв, тав дээр явна” гэдэг юм. Дурандсан нээрээ мөөн. “Тэр олон исгэлтэй дааган дунд яаж миний муу хул ороод ирэв” гэж бодсон тэр чигээрээ явсаар байгаад тавлачихсан. Ах баяр хүргээд “өнөөдөр миний дүүгийн морьд бүгд айрагдана” гээд их урам өглөө. Өдөр нь шүдлэн мордоход шар хээрийгээ их том хүүхэд унаад мордууллаа.
  Яагаад, шүдлэн үрээ биз дээ?
-Аймаар булгидаг. Хөтөлж яваагаа ч доош нь дарна. Тэгэхээр нь зориуд том хүүхэд мордуулаад “за миний хүү цээжинд гаргаж болохгүй шүү. Шавхардах юм бол дээшээ явчихна. Газрын тал ортол дараад л яваарай” гэж захисан. Морьд эргэсэн гэснээс хойш дүү нь айрагдчихсан, өөрөө өнгөрсөн жил нь аман хүзүүдчихсэн юм чинь гэж бодоод горьдоод хүлээгээд байгаа. Эхний найман адуун дотор алгаа. Гурван км дутуу байхад зургаа дээр зарлагдаад 500 метр дутуу байхад тарлаад түрүүчийн адуу шогшоод орж байхад ташааг нь дэрлээд аман хүзүүдсэн. Ингэж  нэг жил ах дүү хоёрыг айрагдуулж байлаа.
-Дарж яваарай гээгүй бол түрүүлэх байсан гэж боддог бололтой?
-Тийм. Сүүлдээ өөрөө шар хээрийгээ хүчрэхээ байгаад дүүгийнхээ хүүхдэд даахины найраар нь бэлэглэчихсэн. Дүү маань уяад бас харайж байнаа. Ямар ч байсан 15,16 медальтай болчихсон байна лээ. Хул халтар, шар хээр хоёроосоо гадна Бөндгөрийгөө ярихгүй бол болохгүй. Миний өөрийн унаган адуу. Өдөр хүүхэд унаж их насанд уралдаж 17,18-аар давхиулаад орой нь би өөрөө унаж хатиртай моринд уралдуулахад айрагддаг тийм сайхан буян байлаа. Энэ дашрамд та бүхнээр дамжуулан уламжлахад төрийн наадмаар уралдаж буй хатирч, жороо морины амжилтыг тооцдог болмоор байна. 
-Алдар цолны болзолд оруулж тооцдог болооч гэсэн санаа юу?
-Тийм. Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад үүнийг тусгаж өгмөөр байгаа юм. Тэгэхгүй бол энэ чигээрээ яваад байвал жороо хатирч уралдахаа болино шүү. 
-Уламжилъя аа. Найр ахалдаг гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Манай нутаг хэдийгээр зах хязгаар ч гэсэн найрын дэг ёсоороо хэзээнээсээ зартай. Миний аав олон найр ахалсан ардын авьяастан. Манай ээжийн дүү нар ч ялгаагүй найр ахалдаг. Аав минь “аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг юм. Намайг байгаа дээр юм сурч, нүүр хагар” гээд зааж өгч байсан. Одоогоор 40-өөд айлын гал голомтыг бадрааж найр ахалсан байна лээ.
-Хүүхдүүд морь уях болоод бусад эрдмийг тань өвлөж байна уу?
-Би гурван охинтой. Гурвуулаа моринд  дуртай. Ямар ч байсан морь хөлсөлчихнө. Адуунд явуулахад туугаад ирнэ. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.  
Өндөр сайхан Аж богд уулын
Өвөр дулаан бэлд
Өргөн шаргал хянганы
Өндөр саруул дэнжид
Өнөөдрийн энэ өдөр уяач бидэнтэй уулзаж буй танай сэтгүүлийн хамт олонд талархлаа илэрхийлж, үзэг чинь хурц, хүлэг чинь хурдан байхын ерөөлийг өргөе өө. 
-Баярлалаа. Тэр ерөөл бат сайхан орших болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна