АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Х.НЯМЛХАГВА: МОРЬ ДАГАСАН ХЭЛ АМЫГ ДААДАГ, ДААДАГГҮЙ ХҮН ГЭЖ БАЙДАГ НЬ ҮНЭН ЮМ БИЛЭЭ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 27 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хавхын Нямлхагватай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1967 онд Цайдам хэмээх газар төрсөн бөгөөд АХ-ын 90 жилийн ойн медаль, аймгийн Засаг даргын Хүндэт жуухаар шагнуулжээ.

-Нямлхагва уяачийн нэрийг гаргасан хурдан хүлгэдээсээ сонирхуулаач. Таныг шигшмэл морьдын уралдааны урилга авч байсан гэж сонслоо.
-1997 онд аймагт азаргаа эхний тавд оруулж, Өвөрхангай аймгийн Шигшмэл хурдад уригдаж байлаа. Харин хоёр дахь удаад нь 1998 онд дахин түрүүлгэж, эгчийн нэг морийг уяж мөн түрүүлгэсэн. Тэгээд хоёр дахь удаагаа мандатыг нь авсан ч тэр жил сайхан охиноо алдаад юу тийшээ явах манатай л юм болсон. 
-Хаанахын азарга вэ. Жаахан дэлгэрүүлээч?
-Манай Баацагааны адуу. Ээжийн маань талын хамаатан Дүүдээ гэж хурдан морь уядаг байсан. Түүний адууны тав дахь азарга миний хүрэн азарганы эцэг нь байгаа юм. Намайг нэгдэлд адуу хариулж байхад нэг өвөл гурван адуучин нийлээд 700 гаруй адуу хариулсан юм. Тэгэхэд нэг жижигхэн хүрэн үрээ арав гаруй гүү хураачихсан хүрээд ирдэг байхгүй юу. Хэний үрээ юм бол доо гэж бодож байтал хамаатны найз нөгөө хүрэн азаргыг чинь сурдаг юм. Би ч хариулж байгаагаа хэлээд надаа өгчих гэвэл “чи тэр ааштай адуугаар яах гэж байгаа юм” гэлээ. “Хөгшин чинь азарга тавъя” гэж хэлээд авч байлаа. Ингээд 1994 онд манай сумын 70 жил болж, хавчиг соёолон уяж гуравлуулсан. Дараа жил нь аймагт аваачиж уяад хоёрт баригдсан. Харин 1996 онд гантай байгаад завсарлаад, 97,98 онд завсаргүй түрүүлээд, 1998 ондоо Баян-Өндөрийн даншигт бас түрүүлсэн. Харин 2000 онд бор азаргаа Бөмбөгөрийн сургуулийн 60 жилд түрүүлгэснээс хойш морь уяхаа больсон.
-2000 оноос хойш уралдаагүй юм уу?
-2000 оны зуднаар адуугаа бүтнээр нь алдчихсан. 
-Тэгээд сураг ажиг гараагүй юу?
-Гараагүй ээ. Хулгайн гараар л орчих шиг болсон. Тэр зуднаас өмнө бас 70 гаруй адуугаа алдчихаад сар яваад олоогүй ирсэн, тун харамсалтай.
-Хүрэн азарганы төлөөс үлдээгүй хэрэг үү?
-Нэг азарга адуу үлдсэний дотор нэг гүү байсан юм. Энэ гүү дандаа охин төл гаргаж байгаад хөгширсөн хойноо хоёр эр унага төрүүлсэн. Тэрний нэгээр нь азарга тавьж адуужсан. Одоо миний адуунууд тэр хүрэн азарганы угшилтай.
-Хүрэн азарга ямар онцлогтой, хэлбэр хийцтэй адуу байв. Ер нь нутгийн адуу ямар онцлогтой юм бэ?
-Манай энэ газар орны түрүү үеийн ургамал арай л өөр байсан юм даа. Мань мэт тэр үед одооных шиг ингэж хивэг овъёос хэрэглэдэггүй байлаа. Гэтэл өнөөдөр ургамал нь сайн гарахаа байчихлаа. Эндээс манай эндэхийн адуу дээхнэдээ сайн байсан нь өвс ногоотой холбоотой. Нөгөө талаар сумын маань уяачид хөдөлмөрч улс л даа. Ер нь хөдөлмөрлөсөн хүн л амжилтанд хүрдэг юм чинь. Хүрэн азарга бол бяртай, бусад адуунаас илүү туруу сайтай, өндөр чацтай адуу байлаа.  Нэг сонин нь дэлний нь орчим хуруу дарам газар хуруу орчихдог гуурстай байсан. Амьсгаагүй юм шиг л явна гээч. Ерөөсөө давхар уяанд их сайн явна. Одоо шиг ийм олон наадамд яг тохирох азарга байсан. 
-Тэр гуурсыг нь хүмүүс мэддэг байв уу?
-Хүн ойртуулахгүй л дээ, ааштай. Би ч өөрөө буруу талаас нь хөлсийг нь хусаж чаддаггүй байлаа. Доогуур, дээгүүрээр нь зүүн талынх нь хөлсийг хусна. Хүүхдээ бол би өөрөө өргөж мордуулж, өргөж авна. 
-Ийм болохоор л өнөө хүн “ааштай адуугаар яах гээд байгаа юм” гэжээ. Сургасан адуу байсан юм уу?
-Эмнэг адуу. Би соёолон авч сургаад хойтон жил нь хавчиг азарга уясан юм. Би ч залуу байж. Мордож булгиулаад л сургах гэж хөөрхөн юм болсон. Шарандаа азарга тавина л гэж бодсон шүү. Гэхдээ хурдыг нь таньсан улс наймаа хийх үү гэж асууж байлаа. Нэг удаа манай найзыг унаад явж байсан Баянхонгорын Жамбал гуай  харчихаад “энэ хүрэн азаргыг аваад өгөөч, эзэн нь ямар хүн байдаг юм” гэж асууж л дээ. Тэр 1991 онд чинь гурил ховордсон үе байсныг ч хэлэх үү. “10 шуудай гурил дээр нэг морь өгье” өгөх болов уу гэсэн юм байна лээ. Би юу гэж гурилаас өгөхөв. 700 гаруй адуунаас сонгож, найздаа хоёр насных нь соёолон адууг өгч байж авсан юм чинь. Хожмоо хурдлаад ирэхээр нь удмыг нь судлаад явсан манай Баацагаан гарлын Дүүдээ гэж хүний адууны тав дахь үе дээр төрсөнийг мэдсэн. 
-Онцгой хурдан байсан нь хэдэн он байв?
-Аймагт 1997 ,98 онд түрүүлэхэд Шаргалжуутын Амарсанаагийн хонгор азарга хоёр жил аман хүзүүдсэн. Ер нь 1998 онд сайн байсан л даа. Аймагт түрүүлээд, Баян-Өндөрт түрүүлээд Баян-Өндөрийн даншигт түрүүлсэн. Тэр даншгаар Говь-Алтайн таван алтан медальтай Шамгайн халтар азарганы өмнө гарч түрүү магнай болсон юм. Таван таван алтан медальтай адууг орхиод гараад ирэхэд нь нулимс гэдэг чинь сул асгараад л ирсэн. 
-Тэр наадамд хэдэн азарга мордсон юм?
-70 гаруй азарга мордож минийх хол түрүүлж, Шамгайн халтар азарга аман хүзүүдсэн. Түүнээс хоёр жилийн дараанаас би морь уяхаа больсон.  
-Яагаад?
-Би дөрөв хүүхэдтэйгээс одоо хүү, охин хоёртой. Хоёр нь эндчихсэн. Морийг дагасан хэл амыг даадаг, даадаггүй хүн гэж байдаг юм болов уу даа. Тэрнээс миний адуунд хурд байсан л даа. Харин сүүлийн үед тэмээ сонирхдог болсон. Мөн л аавын тэмээний угшилтай тэмээнүүд байгаа юм. Уржнан эхнэртэйгээ тэмээтэй сайхан хосоор шалгарсан. Би ч морь шиг л тэмээг уядаг болсон. Одоогоор зургаан алтан медальтай. 
-Уралдуулахгүй ч гэсэн унаа сайхан морьдтой биз дээ?
-Тиймээ. Надад хатиртай морьд ч байсан. Хээр алаг морио хатиртай моринд хоёрлуулж, Баянцагаанд түрүүлгэсэн. Харин жороо бол байгаагүй.
-Ярианы эхэнд 1998 онд эгчийнхээ хүрэн морийг айрагдуулсан гэсэн дээ. Тэр тухайгаа үргэлжлүүлэн ярьж өгөөч?
-Манай дээд талын эгчийн нөхөр нь өөд болохынхоо өмнө “миний нэрийг аймагт нэг гаргаадахаач” гэж гуйсан юм. Энэ хүрэн морь нь 16,17 хүрчихсэн хөгшин амьтан л даа. Тэр ярианаас хойш дахин уулзаж чадаагүй.  Тэр жил би морь уях болсон нөгөө хүрэн морийг “чамд хэлсэн” гээд аваад ирсэн. Тэгсэн аймагт мандаттай адуу уралдуулахгүй мандатгүйг уралдуулна гэсэн Засаг даргын захирамж гарчихдаг юм. Би ч гуйсаар байгаад уралдуулсан. Би Өвөрхангай явж, Баянхонгорын нэрийг гаргах гэж байна. Энд хүрэн азаргаа сунгаа хийгээд аймагт тавьчихъя гэж морины комиссыг гуйсан юм. Тэгсэн хүрэн азарга түрүүлээд, маргааш нь хүрэн морь түрүүлсэн. Тэгэхэд хүрэн морь 19-тэй байсан. Уг нь би гэрээсээ гарахдаа хүрэн мориороо аймагт наадчихаад, хүрэн азаргаа Өвөрхангай руу аваад явъя гэж бодсон юм. Эндээс Алдарт уяач Буян хээр азаргатайгаа, Баянцагааны Норов гуай хар азарга, хээр морьтойгоо хамтдаа Өвөрхангай явахаар болсон. Манайд долоо хоночихоод замдаа гарч явтал аймгийн наад талын Намагт гэнэтхэн талийдаг хүүхэд маань зүүдэнд орж ирсэн. Тэгэхээр нь маргааш өглөө өнөө хэддээ азарга, морио аймагт тавьчихъя гэвэл “яаж байгаа юм чи” гэж байна. Миний хүрэн азарга түрүүлдэг юм бол чиний халтар азарга хоёрлоно гэж Буянгаа  гуйлаа. Тэгсэн “үгүй ээ, би Өвөрхангай явна” гээд тавьсангүй.Норов гуай ч бас. 
-Их хурд  л явна гээд байгаа юм уу?
-Тэд яваад Норов, Буянтын морьд хойхнуур л ирсэн.Өвөрхангайгаас Норов гуай анх удаа ачиж ирсэн хүн дээ. Харин би аймагт зөрөөд тавьчихгүй юу. Тэгэхэд морины комиссынхон тавиулахгүй гэсэн ч манай эндэхийн анхны улсын Алдарт уяач Сод гуайд “та хамгийн ойрхон Манлай уяач байна. Та миний азарганы багцаа мэдэж байгаа. Одоо ч гэсэн хар даа. Хүрэн азаргаа тавих гэсэн юм” гэвэл “хол явах гэж байгаа адуу ийм тарган ирдэггүй, наадах чинь дэндүү тарган байна, тавиул наадахаа” гэж комиссынхонд хэлж байж тавиулсан нь тэр. Ингээд түрүүлсэн. Манайхан Өвөрхангай руу хөлөөрөө хөтөлж орж байлаа. Тэр үед машин тэрэг гэж байхгүй ш дээ. Тэгээд Өвөрхангай явж байгаад Сод гуай замдаа нас барчихсан. Гэтэл гэрээс ч хүүхэд нас барчихлаа гэж хэл ирээд хүрэн морь цоллуулж чадаагүй. 
-Уучлаарай, тэр үед таны зүүдэнд юу гэж орж ирсэн юм бэ?
-Замд гарахынхаа өмнө өвөртлөж унтаад маргааш нь хээр очиж хонож байгаа нь тэр. Гэрээсээ “аав нь хол явлаа. Миний хүү дүүгээ сайн харж байгаарай, ээждээ сайн туслаарай” гэж хэлээд л гарсан. Тэгээд хээр хонож байсан зүүдэнд орж ирээд “та битгий Өвөрхангай яв, болохгүй шүү” л гээд байсан. Өмнө нь энд тэнд засал хийлгэж, ном уншуулж явахад нэг хөгшин лам хэлж байсан юмаа.  Тулгамдаад нэрийг нь санадаггүй ээ. “Хүний мууг унаа хийж болдоггүй” гэж. Тэр үед залуу ч байж дээ. Айхтар юм бодоогүй. Тэгсэн хөгшин зайлуул намайг байхгүйд хоёр ч ирээд манай эхнэрт “хүрэн азаргаа аймагт битгий үзүүл” гэж хэлсэн байсан. Дараа нь эхнэр хэлсэн л дээ. Тэгээд нэг удаа би тэмээнд яваад ирсэн өнөө хөгшин дахиад ирчихэж. Ахиад л “аймагт наад азаргаа тавьж болохгүй. Наана нь очоод шөнө нь шууд цаад талд нь гарчих. Өвөрхангайд чиний азарга түрүүлнэ” гэлээ. Тэр чинь наадмаас бүүр өмнө шүү дээ. Яахав залуу насны аагаар үгэнд нь оролгүй аймагт тавьсан, түрүүлсэн.
-Азарга уралддаг өдөр эндчихсэн юм уу?
-Эхний өдөр азарга уралдаад ирчихээд, маргааш нь мориныхоо хөлсийг хусаад зогсож байсан саахалтын улсууд дуулгасан. 
-Тэр өдөр ямар хүнд байсан нь мэдээж. Гэхдээ ахынхаа сүүлийн хүслийг гүйцээгээд, харьчихсан адууг түрүүлгэсэн нь нэгийг бодогдуулдаг байх даа?
-Ямар ч байсан сүүлийн хүслийг нь гүйцээж, аймагт нэрийг нь гаргачихсан даа гэж боддог л юм. Түүний ганц банди нь медалийг нь гэрийн хоймортоо тавьсан байгааг нь харахад сайхан л санагддаг. 
-Ахиж тэр хүрэн морь уралдаагүй юу?
-Хойтон жил нь 1008 морь уралдахад 39-д давхисан. 20-той адуу шүү дээ. Нутгийн адуу байсан юм. 
-Их бэрх юм болжээ?
-Тиймээ, Даваахүү Тод манлайн хэлдэг даадаг, даадаггүй хүн байдаг гэж үнэн шүү. Морины хэл амыг туурайн хурд үнэндээ хурцалдаг юм.  1999 оны даншигт миний хүрэн азарга хоёр гурав хөлөө цохиод доголчихсон. Тэгээд л том наадам ерөөсөө надад зохихгүй юм байна гэж бодсон. Ингээд аймагт том наадам болох гэж байхад хүрэн азарга доголон болчихсон. Дотор бачимдаж, давчдаад хэцүү байсан л даа. Тэгээд  дүүгийн нэг хээр морийг “ах нь уяад аймагт давхиулъя, чи намайг бараадаад явчихаач” гэвэл дуртай дургүйн хооронд зөвшөөрсөн. Тэгээд бид 19,20 км-т сунгаа хийсэн түрүүний хоёр морь хоёулхнаа ирсэн.  20-той морь, наадах нь 17,18-тай байсан байх. Аймагт очсоных нь зарим нэгтэй уулзахаар яваад иртэл миний хүрэн азарга л ганцаараа шон дээр байна. Бусад нь байдаггүй. Энэ чинь яачихваа гэсэн “дүү чинь хүрэн морь, хээр морь хоёроо аваад явчихсан” гэнэ. Тэгсэн бүс уралдсан байна ойд манай хоёр морь явчихсан байгаа байхгүй юу. Хээр нь түрүүлээд, хүрэн морь нь хоёрлоод ирсэн. Хүмүүсийн хэл ам гэдэг аймаар шүү. Баянхонгор аймгийн Нямлхагвын хүрэн азарга хөл нь цохиод дүүгийнхээ хээр морийг уяад ирсэн байна гэсэн яриа тэр дороо л тарчихаж. Би ч дүүгээр ганц шөнийн нойрыг тэвчээд өнгөрөөж чаддаггүй юм гээд барьж аваад алгадсан л даа. Тэгээд маргааш нь хээр морь 38-д, хүрэн морь 39-д ирсэн. Өмнө нь уралдуулаагүй бол хээр морь өнгөлөөд л гараад ирэх байсан юм.
-Хүрэн азарга уралдаагүй юм уу?
-Тэгэхэд Архангайн Доржпалам гэж хүний азарга түрүүлж, Сувд гуайн хүрэн азарга хоёрлосон юм. Харин хүрэн азарга 315 азарганаас 17-д ирсэн. Доголон байж шүү дээ. Ясны адуу байсан л даа. 
-Адуу хөлөөрөө биш зүрхээрээ уралддаг гэж ярьдаг даа. Зоригтой адуу уяаны бага зэргийн алдааг тоохгүйгээр л уралдчихаж?
-Тиймээ тоохгүй байгаа байхгүй юу. Энэ шартай хүн шүү гэдэг шиг адуу бас яг тийм. Миний хүрэн азарга үнэхээр шандастай ч  ааштай ч. 
-Энэ хүрэн азарганы төлүүдээс нь уяж байгаа хүн байна уу?
-Хэн ч уяхгүй байгаа. 
-Таны адуу хурдан болохоор наймаа ярих гэсэн уяачид ирнэ биз дээ?
-Авъя л гэдэг. Гэхдээ би заръя гэж боддоггүй. Яахав өөрсдийн ах дүү нартаа авбал ав л гэдэг юм. Тэрнээс би өөрөө уях цаг нь болоогүй. Ганц хүүгээ эхнэр хүүхэдтэй болж, тусдаа гарахаар л болно. Тэр цагт унаган адуу байгаа юм чинь болох байлгүй дээ л гэж бодох юм. Би гаднаас ч адуу авдаггүй. Баянхонгор аймгийн Бууцагааны Түдэв гэж байгаа улсын Алдартаас л нэг азарган үрээ авч тавьсан. 
-Нэгдлийн үедээ хэдэн жил адуу малласан юм бэ?
-Шалиагүй ээ хоёр жил л малласан. Тэгээд хувьчлал болж нэгдэл тарчихсан. 
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан уяач байдаг. Таны өвөг дээдэс морь мал уяж байв уу?
-Морь мал уяж байгаагүй ээ. Миний аав чинь их хөдөлмөрч, малч хүн байсан. Бид чинь ээж ааваасаа 20-уулаа  төрснөөс 18 нь хүн болсон байдаг юм. Одоо 16-гаас зургаан нь эрэгтэй, 10 нь эмэгтэй байна.  Аав их эртэч хүн. Өглөө босоод “миний хүү хургаа хариул, миний охин үхрийн баасаа цэвэрлэ, дүү нь тэмээний хорголоо түү” гээд том жижиг гэлтгүй ажил хуваарилаад өгчихдөгсөн. Тиймдээ ч манайхан эртэч их ажилсаг улс болж төлөвшсөн гэж боддог юм. Бахархахгүй байхын аргагүй мундаг хүмүүс л дээ, миний ээж аав. Хүүгийн хувьд аавыгаа амьдад нь нэрийг гаргаж чадаагүй ч хэзээ нэгэнтээ дуурсгана гэсэн хүсэл цээжний мухарт яваад л байсан юм. Түүнийг маань хүрэн азарга биелүүлж өгсөн. 
-Ач зээ хэд хүрэх үү?
-Тоогоо алдсан. Манайхан дээд тал нь найм, доод тал нь хоёр хүүхэдтэй. Энэ жил  ургийн баяраа хийнэ гэж бодож байгаа. 
-Зургаан бандиас нь хэд нь морь уяж байна вэ?
-Дүү бид хоёр нэг хэсэг уясан. Дүүгийн хээр морь нь Баацагаанд гурвалж, Жинстэд нэг орсон. 
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна