Сумын Алдарт уяач Д.Ганбаатар: ЦЭРГИЙН БУУРАЛ ОН ЦАГААС ТҮРҮҮЛЭЭД ТӨРЧИХСӨН ХҮЛЭГ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 27 -нд

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, Алтай сумын Баян-Овоо багийн харьяат, сумын Алдарт уяач Д.Ганбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1970 онд Төгрөгийн голд айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр
-Цэргийн хүндэт медаль
-ХХААЯ-ны тэргүүний ажилтан
-МУ-ын онц хилчин
-Хилийн алдар 1, 2, 3 дугаар зэргийн медаль
-МЗХ-ны залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч
-Цэргийн алдар
-Хил хамгаалалтанд амжилт гаргасны төлөө медаль
-Цэргийн дэд хурандаа цолтой аж.

-МУ-ын Онц хилчин тэмдгээр шагнагдаж байж. Ямар нэг онцгой үйл явдлын гэрч үү?
-Онц хилчин цол тэмдгийг олгохдоо хоёр гурван нөхцөл байдлыг авч үздэг. Нэгдэх нь хил зөрчигчийг саатуулан баривчилж, хил хамгаалалтанд амжилт гаргасан хүмүүст өгнө. Хоёр дахь нь олон жилийн ажлын үр дүнгээ үнэлүүлж энэхүү хүндэт тэмдгээр шагнагддаг. Миний хувьд 1988 оноос хойш хил хамгаалах байгууллага тэр тусмаа хилийн цэргийн 0214 дүгээр ангид тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байна. Найман жилийн өмнө МУ-ын Онц хилчин цол тэмдгээр шагнуулсан. Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа хүн “МУ-ын онц хилчин” гэж хэлүүлэх хамгийн сайхан. 
-Хилийн зурваст ажиллах амаргүй биз?
-18,19-тэй цэргийн албанд татагдаж ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. МУ-ынхаа амар амгалан байдал, өөрийн гэр бүлийн аз жаргалыг хамгаалж байгаагаараа цаг үргэлж бахархдаг. Мэдээж энэ сайхан бахархал, омогшлын зэрэгцээ бэрхшээл байлгүй л яахав. Гэхдээ энэ бол бидний өөрсдийн сонгосон амьдрал, сонгосон зам мөр. Ямар ч үед хил хамгаалах байгууллага, хилийн цэрэгтэй үнэнч үлдэнэ. 
-Хил зөрчих тохиолдол гарч байсан биз?
-1990-ээд оны сүүл, 2000-гаад оны эхэн үеэр бидний хариуцдаг Бургастайн боомтоор луйварчдын гар хөл бологсод, спиртын наймаа эрхлэгсэд хууль зөрчсөн үйлдэл гаргаж байсан. Үүнд манай зарим нэг офицер ахлагч нар холбогдож, зохих ёсны хариуцлагаа хүлээсэн. Манай энэ хавь бусад хилийн ангиудтай харьцуулахад харьцангуй тайван шүү. 
-Хилийн цэргийн дэд хурандаа Ганбаатараас асуух асуултаа жаргааж, уяач Ганбаатарын тухайд дэлгэрэнгүй ярилцъя. Та хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж морь уяж байгээ билээ?
-Би дээдсүүдийнхээ тухай ярих дуртай. Манай өвөө Чойндон гэж Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хүн. Дээр үед Да хүрээнд шавилж байсан юм билээ. Нутгаас хүрээ орохдоо гол төлөв жороо морь унадаг. Хожим нутаг орондоо ирээд морь уяж Чойндонгийн цагаан саарал гэж  хурдан морьтой байсан гэдэг. Өвөө их сайхан дуулдаг. “Цагаан саарал” гэж уртын дууг их  дуулдаг байсан гэдэг юм. 70 гарчихсан хойноо “миний хүү цэргээс ирсэн. Хүүгээ барилдаж, морио уралдаж түрүүлэхийг харах юмсан. Тэгвэл санаа амар тайван нойрсоно” гэж хэлээд дараа жил нь манай аав наадамд түрүүлж сумын Заан цол авч, нөгөө саарал морь нь түрүүлж. Тийнхүү хэлсэн нь биеллээ олмогц “хэлснээр боллоо. Одоо тайван явах болжээ” гэж байсан тухай нутгийнхан нь ярьдаг юм.Панз наймаа их хийдэг гүйлгээ ухаан сайтай хүн байсан гэнэ билээ. Харин аавын тухайд морь уядаг, уртын дуу сайхан дуулдаг, сайн барилддаг хүн байсан. Сумандаа хоёр түрүүлсэн сумын Заан цолтой.
-Ямар ямар хурдан хурц хүлгүүдтэй байсан гэдэг вэ?
-Муухай хээр, Биндэрийн шарга, Довжийн бор халзан зэрэг хурдан хүлгүүдтэй байсан. Аавыг минь морь уяж байх үед цол хэргэм олгодоггүй байж. Уяачийн хөдөлмөрөө үнэлүүлж чадалгүй 47,48-тайдаа залуугаараа мөнх бусыг үзүүлсэн дээ. Аавыг залгамжлаад Биндэр ах маань морь уяж, шарга морио сумын наадамд хоёр ч айрагдуулсан. Шаргыг залгаад ахын нэртэй Биндэрийн бор халзан гэж хурдан морь гарч, дааганаасаа эхлээд соёолон хүртэл Төгрөг сумын наадамд дөрвөн удаа түрүүлсэн. Миний хувьд ч ялгаагүй багаасаа адуу маланд сонирхолтой, аав ах нарыгаа залгамжлан морь уяна даа гэж боддог байсан. Гэтэл цэргийн албанд ирж 320-иод адуу хүлээж авлаа. Тэрэн дунд армийн нэртэй хурдан хурц хүлгүүд олон байлаа.
-Жишээлбэл...
-Ховд аймгийн Алтай сумын харьяат Батсүх гэж хүнээс 30-н хэдэн цэрэг 10-аад гэр, 11000 гаруй мал хүлээж авсан. Тэгэхэд Батсүх ах  буурал морь, хүрэн морь хоёр барьж нэгэнд нь хазаар, нөгөөд нь ногт хийж “за миний дүү хол, ойр адуу малын эрэл их гардаг юм. Тэгвэл энэ хүрэн морийг унаарай. Эр хүн байна. Морины сүүл шуудаг л байлгүй. Энэ буурал бол аргагүй хурдан хүлэг. Уяарай” хэмээн оодондуу сүүлтэй буурал морь өгсөн. Жаахан залуу малын салаан даргаар томилогдож тэр олон хүн, малыг хариуцахаар болоод эхэндээ сүрдэж л байлаа. ХААИС төгссөн малын эмч мэргэжилтэй гэдгээр нь тийнхүү итгэл хүлээлгэсэн хэрэг байх л даа. 
-Уяачийн гараагаа оодон буурлаас эхэлж. Миний таамаг зөв үү?
-Тиймээ. Буурал морио уяад тэр жилээ 20-иодоор давхиулчихлаа. Газар нутгийн онцлогоо мэдрээгүй, уяаны арга барилаа олоогүй байсан хэрэг байх л даа. Дараа нь Алтай суманд болсон бэсрэг наадамд их нас, соёолон, хязаалан, шүдлэн уялаа. Их насны морьдын уралдаан будилж, соёолон, хязаалан, шүдлэнгээ хоёр, гурав, дөрвөөр давхиуллаа. Хойтон жил нь буурал морь маань түрүүлж, шар хээр морь маань таваар давхисан. 
-Уяаг нь дор нь олсон байна шүү?
-Дараа жил нь Төгрөг суманд болсон дөрвөн эрдэмтний баярт буурал морио аваачиж түрүүлгээд улам их урам орсон доо.
Намайг уяачийн дөртэй болгосон хүлэг бол Цэргийн буурал. Буурал морь Цээл, Төгрөг, Халиун, Шарга, Тонхил, Дарив зэрэг сумдад уралдаж байсан. Цэргийн буурал гэхээр Ховд, Говь-Алтайн уяачид андахгүй дээ. Их ч олон жил уралдсан. 24 хүрээд өнгөрсөн  шүү. 1994 он хүртэл буурал морио уяад сумын чанартай наадмын дөрвөн түрүү, зургаан айраг бэсрэг наадмын 10-н хэдэн айраг хүртсэн байсан. Жишээ нь Алтай суманд миний буурал морь нэг түрүүлж, нэг айрагдсан. Бугат суманд соёолондоо түрүүлсэн, нийлсэн жилээ айрагдсан. Бугат суманд нийтдээ хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Төгрөг суманд нэг түрүүлж, нэг айрагдсан. Тонхил суманд нэг айрагдсан. Ховдын Алтайд нэг айрагдсан. Ховдын Алтайн тавдугаар отрядын Улаан хадны заставын 20 жилийн ой болоход түрүүлсэн. Яргайтын заставын 40 жилийн ойд түрүүлсэн. Ингээд яриад байвал олоон, олон. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг шиг би ажлаа өгөхдөө дараагийн хүндээ хүлээлгэж өгсөн.Би буурал мориндоо хайртай, минийх гээд албаны адууг аваад явчихаж болохгүй шүү дээ. Буурал морь маань дараагийн эздээ ч гэсэн баярлуулж олон амжилт үзүүлсээн.Он цагаасаа түрүүлээд төрчихсөн хүлэг.
-Яагаад он цагаасаа түрүүлээд төрчихсөн гэж...
-Одоотой адилхан  бүсийн уралдаан гэж байсангүй. Хэрвээ энэ цаг үед төрсөн бол улс, бүсийн чанартай томоохон уралдаануудад түрүүлж, Говь-Алтай, Ховд гэлтгүй улс даяар цуутай хүлэг болох байсан биз. Тэр үед Бугат сумын нутаг Дөрвөлжийн нуур гэдэг газар Тонхил, Бугат, Төгрөг гурван сум нийлсэн өдөрлөг болдог байлаа. Тэр өдөрлөгт буурал морь надад байхдаа ч тэр, Ишбат, Туулбаатар хоёрт очоод ч дархан айрагдаж түрүүлдэг.Нэг адууны амжилтаар цол хэргэмд хүрсэн хүн цөөн байдаг гэдэг. Тэгвэл нэг адуу олон хүнийг амжилтанд хүргэсэн нь бүр цөөн байдаг байх. 
-Нээрэн ховор байх шүү...
-Хамгийн эхлээд Батсүх гэдэг хүнийг нэрд гаргасан. Дараа нь намайг, тэгээд Ишбатыг, сүүлд нь Туулбаатарыг нэрд гаргасан. Гэхдээ Ишбат, Туулбаатар хоёрын хувьд өөр бас мундаг морьдтой байсан. Харин миний хувьд буурлаас өөр морь байгаагүй. Тийм болоод ч тэрүү би буурал морио одоо хүртэл нандигнан дурсаж явдаг.Пүрэвдорж генералын захиалгаар зуруулсан зураг нь, Бат-Эрдэнэ аваргын наадамд түрүүлсэн медалийнх нь хамт одоо ангийн алдрын танхимд бий.
-Танд ирэхээсээ өмнө буурал морь хэд түрүүлж, хэд айрагдсан байсан юм бэ?
-Нэг түрүүлж, нэг айрагдсан долоон настай морь хүлээж авсан. Би яг дөрвөн жил болоод 11-тэй ид уралддаг байхад нь дараагийн хүндээ хүлээлгэж өгсөн. 
-Буурал морь ямар хэлбэр хийцтэй, уяаны ямар онцлогтой адуу байсан бэ?
-Анх ирэхэд нутгийнхан Цэргийн буурлыг хулан, тахийн цустай эрлийз гэдэг байсан. Манай энд тахь байх ямар ч нөхцөлгүй. Тэгэхээр хүмүүс хурдыг хулан, тахьтай зүйрлэж байсан юм шиг байгаа юм. Цэргийн буурал бол  цэвэр монгол адуу. Манай хил хамгаалах газарт Тонхил, Төгрөг, Бугат, Ховдын Алтай зэрэг сумдаас агт нийлүүлдэг байж. Эх нь Тонхилоос ирсэн хүрэн гүү. Эцэг нь Яргайтын борлог гэгддэг хөх борлогдуу азарга байсан. Сүүлдээ нас нь ахиад цагаан борлог болсон гэж хүмүүс ярьдаг юм. Би аль алийг нь үзээгүй. Харин ах нь гээд хулгар чихтэй буурал морь байсныг мэднэ.
-Уягдаж байсан уу?
-Үгүй ээ. Цэргүүд адуу малд унадаг гайгүй хөл хөнгөнтэй буурал морь байсан. Тэр хүрэн гүүнээс гурван унага л гарсан. Том нь тэр буурал морь, дүү нь гээд нэг хээр байдас хүлээж авж байсан. Хээр байдаснаас олон сайхан морьд гарсан ч уяад давхиагүй ээ. Азарга гүүний тохироо таараагүй байж мэднэ. 
-Армийн адуунаас өөр ямар хурдан хүлгүүд төрсөн бэ?
-Цэргийн буурлаас өмнө Босоо хүрэн гэж алдартай  морь байсан юм билээ. Гэхдээ амжилтаараа буурал моринд хүрэхгүй. Цэргүүд холын замд их унадаг, түүний аяыг нь даадаг байсан гэж ярьдаг. Босоо хүрэн Бугат сумын баярт ганцаараа тасархай түрүүлж яваад замаасаа хадуурч гараад, түүнээсээ хойш  шулуун уралдахаа больсон гэнэ лээ. Цэргийн буурал бол андуухан харсан хүнд тахь хөндлөн хараад зогсож байгаа юм шиг. Хэн ч харсан “энэ яах аргагүй тахийн эрлийз юм байна” гэхээр. Дөрвөн хөл, цээж мундаа, толгой сайтай. Босоо хийцтэй адуу. Хамар самсаа, чих, магнай, нүд ярих юм байхгүй. Харайхаараа дэл нь босч хийсээд л... Их тайван зантай. Араас гарч зугуухан явсаар дөрвөн км явахад урд нь гарчихна. Нэг тэгээд гарсан бол сууна гэж байхгүй. Уяа сойлгын хувьд хүнд хүчир зүйл байхгүй. Би буурал морийг адуунд шахуу байлгаж байгаад уралдуулчихдаг. Барьж авч унаж жаахан хөлсийг нь гаргаад адуунд нь тавьчихна. Маргааш өглөө нь  авчраад уяна гэх мэтээр.
-Дөрвөн жил ажиллаад мал ахуйгаа хүлээлгэн өгч...
-Малаа хүлээлгэж өгөөд нэгдүгээр заставын даргаар томилогдсон. Гэхдээ морио орхиогүй ээ. Зун наадмаар ээлжийнхээ амралтыг авах юмуу болохгүй бол чөлөө аваад морио уяна. Манай заставын адуунд Нямцэрэнгийн борлог, Гиваагийн халиун зэрэг сайхан морьд байдаг. Тэднийг уяж хурдлуулдаг байлаа. Бугат сумын харьяат аймгийн Алдарт уяч Гиваапил гэдэг хүнээс худалдаж авсан гүүнээс маань эр саарал унага гарч их хурдалсаан. Сүүлдээ хар болчихсон. Хар морио би хязаалангаас нь эхэлж оролдоод Бугат суманд хоёр, Төгрөг суманд хоёр, Алтай суманд хоёр нийтдээ зургаан удаа айрагдуулсан. Түрүүлгэж чадаагүй. Уясан морьд маань хурдлаад ирэхээр урам орж, Завханы Шилүүстэй, Отгон зэрэг сумдаас адуу зөөж эхэлсэн. Адуутай болчих санаатай. Гэхдээ дунд нь яах аргагүй ажлын шаардлагаас болоод хоёр жил өнжсөн байх. Яагаад гэхээр манай адуу эндээс 160 км зайтай байдаг. Дээр нь зуд турхан ч болоод хэсэг хөндийрсөөн. Тэр хоорондоо Алтай сумынхаа залуучуудад морь уях тал дээр нь зааж зөвлөөд л... 
-2010 оны зуд нэлээд хохирол учруулсан бололтой?
-Тийм, 20 гаруй адуутай болж байтал айхтар зуд болоод ганцхан шарга морьтой үлдсэн. Адуу мал сонирхож байсан хүн чинь тэгэхээр бүр гонсойдог юм билээ. Ганц хоёр гайгүй үрээ даагатай болчих юмсан гээд тэрүүхэндээ бодоод л явдаг. Тэгж байтал 2012 онд манай ангийн захирагчаар хурандаа Баатарсүх гээд Сүхбаатарын Онгоны ангийн захирагч байсан залуу хүрээд ирлээ. Ирэнгүүтээ “за хэдэн адуутай вэ? Хөдөө аж ахуйн албаны дарга нь хэн бэ” гэхээр нь би босоод “13-хан адуутай”л гэлээ. 
-Тэгтлээ цөөрсөн юм уу?
-Тийм. 2010 оны зуд манай эндхийн адууг ер нь дуусгасан шүү. Амины адуу ч тэр, албаны адуу ч тэр ялгаагүй дууссан. Шинэ захирагч  “за дэд хурандаа та нэг бодлого боловсруул, би ч нэг бодлого боловсруулъя. Ингэж таарахгүй ээ” л гэж байна. Тэгснээ нэг өдөр намайг дуудуулаад, яваад очсон “за Ганбаатар дэд хурандаа та тооцоо гарга. Малынх нь хүмүүстэй ярь. Зүүн талын гурван отрядаас 60 адуу шилжүүлж авбал ямар вэ?” гэдэг юм.
-Зүүн талын гурван отряд гэдэг нь...
-Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Хэрлэн сумын отрядыг хэлж байгаа юм. “Би дээшээ дарга нартай ярина. Чи өөрөө ангиудын малын эмч, хөдөө аж ахуйн албаны дарга нартай ярь. Боломж юу байна судал” гэсэн. Захирагчийн өгсөн үүргийн дагуу судалж, холбогдох хүмүүстэйгээ ярилаа. Дээрээс зөвшөөрчихвөл ямар ч асуудалгүй гэнэ. Ингээд нааш нь авчрах зардлыг Баатарсүх хурандаа зохицуулаад арван хэдэн хоног явж 60 адуу авчирч байлаа. Сая хагас жилийн тооллогоор манай отрядын адуу 166 болж өссөн байна лээ. Тэрэн дунд хурдан хурц нь ч бий.
-Албаны адуу ч өсч. Аминых яалаа?
-Яаж зүгээр байхав хэдэн адуу цуглуулсаан. Одоо өөрийн гэсэн хэдэн адуутай болж байна. Цэргийн хүн учраас морьдоо аваад наадам хэсээд байж чадахгүй л байна. Түүнээс аймгийн наадамд уралдчихаар адуунууд бий, бий.
-Сумандаа хэрхэн наадаж байна вэ?
-Алтай сумынхаа  90 жилийн ойд дөрвөн соёолон уралдуулж нэгийг нь аман хүзүүдүүлэн, нөгөө гурвыг нь долоо, найм, есөөр давхиуллаа. Өнгөрсөн жил Бугат сумын баярт их насны морь зургаад давхиулж бэсрэг наадмуудаас  гурван түрүү, долоон айраг авлаа. Ер нь жил болгон л хишиг хүртчихээд байдаг юмаа. 2013 онд зүүн талаас олон адуу авчирсан жилээ дөрвөн хязаалан мордуулж, хоёр гурав, дөрвөөр давхиулж байлаа. Албаны адууг хэдэн ахлагч, цэргүүдтэйгээ нийлээд нэг уяа гал болон уяж байна. Бусдын жишгээр өвөлдөө тэжээдэг болсон. Тэжээхээр хашаа шаардлагатай болж, энэ хашааг барилаа. Тэгээд сумандаа хамгийн анхны хаврын уралдааныг хийж үзлээ. Баатарсүх хурандаа Алтай суманд хурдан морийг хөгжүүлэхэд их юм хийж байгаа шүү .
-Та сумын чанартай наадмаас хэдэн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Би 2014 онд сумын Алдарт уяач болохдоо долоон түрүү, 16 айрагтай байсан. Одоогийн байдлаар найман түрүү, 32 айрагтай болоод байгаа.
-Морь уях өв соёлыг үе уламжлан түгээдэг. Дөрөв дэх үеийн уяачид бэлтгэгдэж байна уу?
-Би хоёр залуутай. Миний хоёр хүү морь уях сонирхолтой. Ялангуяа бага банди. Зун амралтаараа ирээд мориноос ер нь холдохгүй шүү. Яваандаа морины сүүл шуух байхаа. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Би “Тод магнай” сэтгүүлийг сүүлийн тав, зургаан жил тасралтгүй захиалан, дугаар бүрийг нь хадгалдаг. Зарим үед хөдөө гадаа морь мал уяад явахдаа шаардлагатай гэснээ өвөртлөөд явна. Уяачдад хэрэгтэй мэдээллийг хүргэж байдаг, унших дуртай сэтгүүлийн маань хамт олон хүрэлцэн ирсэнд маш их баяртай байгаа. Хөдөө  явах ажилтай байсан ч та бүхэнтэйгээ уулзъя хэмээн хойшлуулаад хүлээж байлаа. Ажилд тань амжилт хүсье ээ.
-Маш их баярлалаа. Зах хязгаар нутагт байнгын уншигчтайгаа уулзах надад ч таатай байна.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна