МОНГОЛ БРЭНД ДЭЛХИЙ ДАХИНД НҮҮДЭЛЛЭНЭ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 20 -нд

Бид хэрэглэгч бус, үйлдвэрлэгч орон болох зорилт тавиад хэдэн жилийг ардаа үдлээ. Гэвч бид нэгэн цагт үйлдвэрлэгчид байсан. Өөрсдийн гараар гутал, хувцсаа оёж, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэр ч бүү хэл, малын арьс ширээ дотооддоо боловсруулан савхин хувцас үйлдвэрлэж гангардаг байлаа. Басхүү чихэр, гурил, талхны үйлдвэрүүд дотоодын хэрэглээг ямар ч асуудалгүй хангаж байсан алтан үе бидэнд бий. Гэтэл монголчууд зах зээлийн нийгэмд шилжих тэр үед хөнгөн үйлдвэрийн салбар тэр чигтээ уналтад орж, үйлдвэрлэгчээс хэрэглэгч орон болон хэдэн шат уруудсан билээ.
Гэвч тэрхүү алтан үеийн үйлдвэрүүд бүгд зах зээлийн шуурганд хийсчихсэн үү гэвэл бас үгүй ээ. Бидний халаглан дурсах дуртай тэрхүү дурсамжийн эхний хуудас бичигдэж эхэлсэн үe буюу 1934 онд аж үйлдвэрийн комбинатын УУГАН машинт үйлдвэр болох “Монгол Нэхмэл” ХК байгуулагдсан түүхтэй. Тэрхүү компанийн суурин дээр бүтцийн өөрчлөлт, технологийн шинэчлэл хийж байгуулсан “Монгол Текстайл” ХХK үйл ажиллагаагаа одоо ч тасралтгүй явуулсаар байна. “Тод магнай” сэтгүүл энэ удаа ямааны ноолуур, тэмээ болон хонины ноос, сарлагийн хөөврөөр нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын төдийгүй гадаадын зах зээлд нийлүүлдэг тус компанийг “Монголд үйлдвэрлэв” буландаа онцолж байна.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛТАН ҮEИЙН ДУРСАМЖИЙГ ТҮҮЧЭЭЛСЭН “МОНГОЛ ТЕКСТАЙЛ”
Монголчууд дэлхийн зах зээлд уул уурхай, ашигт малтмалаараа танигдсан. Харин бэлэн хувцасны зах зээлд танигдах, “Made in Mongolia” шошгыг дэлхийд түгээх үндэсний брэндтэй болох зорилго одоогоор мөрөөдөл төдий л байна. Тэгвэл монголчуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортын хэрэглээг таягдан хаях боломж бий юу? Мэдээж бий.
Дэлхий нийтээрээ натурал хэрэглээг сонгож байгаа нь өөрсдийн онцлог, газар нутгийн байршил, цаг уурын нөхцөл байдал, мал аж ахуйн гаралтай түүхий эд гээд ашиглаж болох бүхнээ ашиглан үйлдвэрлэл явуулах сэдлийг бидэнд төрүүлж байна. Монголчуудын энэхүү нөөц боломжийг олж харан, дэлхийд гарах гарцаа нээчихээд байгаа үндэсний цөөхөн үйлдвэрлэгчдийн нэг нь “Монгол Текстайл” ХХK юм. Тус компанийн хамт олон бэлчээрийн малын түүхий эдээр орчин үеийн загвар дизайн бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, олон улсын зах зээлд нийлүүлсээр нэлээд хугацааг ардаа үджээ.
Өнөөдөргүй маргааш, өчигдөргүй өнөөдөр үгүй. Өөрөөр хэлбэл, аливаа байгууллага, хамт олны туулж ирсэн зам, өнгөрсөнд хийж бүтээсэн бүхэн ард хоцордоггүй, эзнээ дагаад л явж байдаг. Ийнхүү дагаснаараа чиглэх зүгийг нь улам тодотгож, урагшлах замыг нь гэрэлтүүлдэг билээ. Энэ ч утгаараа “Монгол Текстайл” ХХK-ийн өнөөдрийг ярихын тулд өчигдрийг нь ч бас дурдах учиртай болов уу.
1934 онд уг компанийн анхны шав тавигдсан тухай нийтлэлийнхээ эхэнд дурдсан. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар 1960-аад оны сүүлчээр Хятадын тусламжаар үйлдвэрийн байраа шинэчлэн барьж, угаах, ээрэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Мөн хятад мэргэжилтнүүд уг үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд боловсон хүчнүүдээ ч Хятад улсад сурган, мэдлэг боловсролыг нь дээшлүүлдэг байв. Үүнээс 20 орчим жилийн дараа дахин шинэчлэл хийж, үйлдвэрээ Оросын тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. Ингэснээр хөнжил, ноосон даавуу, нарийн бөс даавуу, цэрэг шинель, үндэсний хувцас, ноосон пальто үйлдвэрлэн, ЗХУ болон БНАСАУ-д бүтээгдэхүүнээ экспортолж эхэлжээ. Улмаар 2001 оноос үйлдвэрээ бүрэн шинэчлэн босгосноор өдгөө сард 50 мянган метр нэхмэл даавуу, 8300 тонн утас, 6500 ширхэг сүлжмэл үйлдвэрлэх хүчин чадалтай үболоод байна. Тус компанийн Ерөнхий захирал Р.Энхболд эрхэм зорилгоо “хүмүүсийг гоёх” хэмээн тодорхойлсон. Тэрбээр хүн өмсөж зүүж байгаа бүхнээрээ имиджээ бүрдүүлж, үнэ цэнээ илэрхийлдэг гэдгийг онцлоод “Монголчуудын дийлэнх нь өнөөдөр гадаадын брэндээр имиджээ тодорхойлж байна. Тэгвэл бид мал аж ахуйн түүхий эдээр эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр монголчуудынхаа имиджийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Учир нь бидэнд хангалттай түүхий эд, нөөц бололцоо байна” хэмээсэн юм. Компанийнх нь үйл ажиллагааг сурвалжлах явцдаа түүнийг энэхүү зорилтоо биeлүүлж, илүү том зорилго руу тууштай алхаж явааг ч олж харлаа.
Олон улсын зах зээлд танигдаж буй монгол брэндүүдийн дийлэнх нь ноолууран бүтээгдэхүүн дагнан үйлдвэрлэж байна. Харин “Монгол Текстайл” ХХK ноос, ноолуур, хөөврийг бүгдийг нь түүхий эд болгон ашигладаг онцлогтой. Тэр дундаа сарлагийн хөөврийг тус компани анх зах зээлд гаргаж, олонд таниулсан бөгөөд эдний стандартаар Монгол улс сарлагийн нэхмэл бүтээгдэхүүний стандартыг тодорхойлдог. Мөн ноосон нэхмэлийн үйлдвэрийн чиглэлээр байгуулагдсан анхны зорилтоосоо хазайлгүй, ноосон  бүтээгдэхүүнийг дахин зах зээлд гаргах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тиймээс ч хонины ноосноос хялгасыг нь ялгаад ноолуурлаг хэсгээр нь эцсийн бүтээгдэхүүн хийх технологио сайжруулж байгаа аж. Ингэж хялгасыг нь ялгасан ноосоороо даавуу, төрөл бүрийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.
“НЭХМЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮД ХҮҮХЭД НАСАНДАА Л ЯВНА”
Манай улс жилдээ 3000 орчим тонн ямааны ноолуур бэлтгэдэг бөгөөд ноолууран түүхий эдийн бэлтгэлээр БНХАУ-ын дараа хоёрдугаарт ордог.
Ноолуурын голчийг олон улсын стандартад янз янзаар тавьдаг байна. Харин Монголын ихэнх ноолуурын микрон нь 16.5-аас бага байдаг. Мөн манай ямааны ноолуур Хятадынхаас урт байгаа нь сайн чанартай гэсэн үг. Нөгөөтэйгүүр Иран, Афганистаны ноолуур гүн хар байхад Хятадын ноолуур цагаан, Монголынх байгалиасаа таван өнгө байдгаараа онцлог. Энэхүү давуу тал дээрээ суурилан будаагүй ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь олон улсын зах зээлд ихээхэн нэр хүндтэй байдаг юм. Өнөөдөр бидний даган дуурайх дуртай хөгжлөөрөө илүүрхэгч Япон, Солонгос улс хөнгөн үйлдвэрээ төрийн бодлогоор дэмжих замаар дайны дараах эдийн засгийн хүнд байдлаасаа гарсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс импортын даавууг бүрэн хориглож, «нэхмэлийн үйлдвэр бол улс орны хөгжлийн тулгуур, эдийн засгийг өсгөх нэгэн чухал хүчин зүйл» гэдгийг дэлхий дахинд батлан харуулж чадсан юм.
Эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ хүнд үед монголчууд бид эдний туршлагаас суралцан хөнгөн үйлдвэрээ дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлж, хямралаас гарах боломжтойг сануулахад илүүдэхгүй биз ээ.
“БИД АМЬД ТҮҮХИЙ ЭДЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ”
“Монгол Текстайл”-ын хэрэглэгчидтэй уулзан ярилцахад “Сарлагийн хөөврөн цамц тохой нь цоорчихсон хэрнээ л дулаахан хэвээрээ, өмсөх тусам л зөөлрөөд байдаг”, “Нэг л өмсчихвөл тайлмааргүй санагддаг” гэх зэргээр дандаа эeрэг сайхан сэтгэгдлүүд хэлж байлаа. Тиймээс ч тус компанийн ажлын нэг өдрийг сурвалжлах явцдаа “Танай бүтээгдэхүүн ингэтлээ хүнийг өөртөө дасгадгийн нууц нь юунд байна вэ” гэж асуусан юм. Харин тэд “Түүхий эдийнх нь шинж чанар амьд юм. Бусад төрлийн түүхий эдэд ийм чанар үгүй. Жишээлбэл, монгол гэрийн бүслүүр сунаж, агшдагийг бүгд мэднэ. Энэ нь амьд материалаар хийгдсэнийг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, малын гаралтай түүхий эд л цор ганц амьдлаг чанартай. Харин бид энэ давуу талаа дэлхийд таниулж, чанараа мэдрүүлэх хэрэгтэй байна” гэж тун итгэлтэй бөгөөд бахархалтай хариулсан юм. 
“Дэлхийд нэрээ дуурсгахын тулд 6-7 мянган тонн ноолуурынхаа 90 хувийг Хятад руу гаргаж, дөнгөж аравхан хувиар нь эх орондоо үйлдвэрлэл явуулдагаа болих, ядаж 50 хувийг нь дотооддоо ашигладаг болмоор байна” гэдгийг ч хэлж байлаа. Мэдээж, дотоодын бүтээгдэхүүн гэхээр л бид чанар, эдэлгээнд нь эргэлздэг. Нөгөөтэйгүүр, “тэнгэрт хадсан” үнээс нь эмээдэг. Тэгвэл бид ноос, ноолууран бүтээгдэхүүний дулаан хадгалах хийгээд эдэлгээ даах чадварыг мэднэ. Сарлагийн хөөвөр ч мөн энэ талаараа ноолуураас илүү үзүүлэлттэй байдаг гэнэ. Жишээлбэл, ноолууран цамц сайхан дулаахан боловч хэтэрхий халууцаж, хүзүү хөших тал ажиглагддаг. Харин сарлагийн хөөвөр дулаан, сэрүүний тэнцвэрийг тэнцүүхэн хадгалдаг. Гаднах хүйтнийг дотогш нэвтрүүлэхгүй, биeийн дулааныг гадагш алдалгүй тэнцвэржүүлдэг. Энэ ч утгаараа АНУ-д хийсэн судалгааны үр дүнд дугуйчдын хувцсыг сарлагийн хөөврөөр хийх чиглэлийг барьж байгаа аж. Харин Монголд бол уулын спортынхны хувцсыг сарлагийн хөөвөр болон түүнтэй ижил шинж чанар агуулдаг хонины ноосоор хийж болох юм гэж бодогдож байлаа.
Нөгөөтэйгүүр, “Монгол Текстайл”-ын хамт олон үнийн хувьд монгол хүний дундаж орлогын түвшинд нийцсэн, уян хатан бодлогыг барьдаг аж. Энэ ч утгаараа “Хэдийгээр Монгол улс гуравхан сая хүн амтай ч бидэнд хэрэглэгчид хангалттай. Хамгийн гол нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж, бүтээгдэхүүний чанараараа тэдний үнэнч хэрэглээг бий болгох хэрэгтэй” гэж байлаа. Тэд одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд сүүлийн үeд хонины ноосон даавуун дээл нь хэрэглэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч байна. Түүнчлэн “Аргаль” бүтээлэг, хүүхдийн өлгий гэх мэт хэрэглэгчдийн хэдийнэ танил болсон брэнд бүтээгдэхүүнүүдийн талаар энд танилцуулах нь илүүц биз ээ. Харин нэгэн хэрэглэгчийн “Манай хүүхэд өлгийгөө нярайгаасаа 13 нас хүртлээ хэрэглэж байна. Элээж чадаагүй л байна” гэсэн чанарын тодорхойлолтыг нэмж дуулгая.
Тус компанийнхан зөвхөн хонины ноосоор ч гэлтгүй, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр ч бас даавуу үйлдвэрлэдэг бөгөөд ийм пальто, дээл нь аль хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгчдийн хүрээлэлтэй болжээ. Эмэгтэй хүн иймэрхүү сонин содон бөгөөд чанарлаг бүтээгдэхүүнтэй “нүүр тулахаараа” хамгийн ойр дотны хүмүүсээ л боддог нь гэм биш зан. Би ч бас энэ компаниар зочлох явцдаа сэтгүүлийнхээ уншигчид болох уяачид болон уралдаанч хүүхдүүдийн талаар л бодож явлаа.  Манай уяачид бусдаас ялгарах, моданоос хоцрохгүй байхыг эрмэлздэг хүмүүс. Мөн өвлийн жавар, зуны халууныг ажралгүй алтан туурайт хүлгийнхээ дэргэд л жилийн дөрвөн улирлын турш өнждөг билээ. Энэ ч утгаараа тус байгууллагын дахин давтагдашгүй загвар хийцтэй, нар, салхины ая даах чанарлаг дээл хувцас нь уяачдад тун тохирох хэрэглээ мэт санагдсаныг нуух юун. Мөн уралдаанч хүүхдүүдийг сарлагийн хөөвөр болон хонины ноосон комбинзоноор жигдрүүлчихэж ч болмоор санагдсан. Өөрөөр хэлбэл уяачид, малчид та бүхнийгээ  өөрсдийнхөө бэлтгэсэн  байгалийн гаралтай цэвэр экологийн  түүхий эдээр бүтээгдсэн орчин  үеийн загвар хийц бүхий, олон улсын чанарын стандартад нийцсэн, үндэсний үйлдвэрийнхээ хувцсаар гангарахыг уриалж байна. Бидний энэ сонголт үндэсний хэв шинжит Монгол брэнд дэлхийд нүүдэллэхэд түлхэц болох нь дамжиггүй юм.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна