МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ И.ЗОЛБОО: МОНГОЛ ХҮН ХҮҮ ТӨРӨХӨД БАЯРЛАДАГ ШИГЭЭ ЭР УНАГА ТӨРӨХӨД БЭЛГЭШЭЭДЭГ САЙХАН АРД ТҮМЭН

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 12 -нд

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Искрагийн Золбоотын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1968 онд аймгийнхаа төрөх тасагт төржээ.

Гавьяа шагнал: МХЗЭ-ийн Цэргийн алдар алтан медаль, МХАҮТанхимаас олгодог Хийморийн одон

-Таны тухай мэдээллийг бичих бүртээ аавын тань нэр ямар учиртай юм болоо гэж боддог. Эхлээд энэ асуултандаа хариулт авчихъя?
-Миний аав 1948 онд төрсөн хүн. Хэн гэдэг хүн ямар учир шалтгаанаар Искра гэдэг нэрийг өгснийг асууж байгаагүй юм байна. Ямартаа ч оч гэсэн утгатай гэдгийг л мэдэх юм. Бодвол очноос гал үүсдэг. Оч шиг гэрэлтэж, гал шиг дүрэлзэж яваарай хэмээн бэлгэдсэн юм байлгүй дээ. 
-Нээрэн ч тэр бэлгэдэл ёсоор таны аав салбартаа оч шиг гэрэлтсэн Гавьяат барилгачин хүн. Искра Гавьяат аль сумын хүн бэ?
-Миний аав МУ-ын Гавьяат барилгачин, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийг батлалцсан хүн. 1948 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн нутаг Лонхны бууц хэмээх газар төрсөн гэдэг. Аавын минь төрсөн тэр газар бол Гурван мандал гэж чандманьласан гурван мандалтай  үзэсгэлэн төгс маш сайхан нутаг. Баатар гэж хүний өргөмөл хүү. Төрсөн дүүгийнх нь хүүхэд юм билээ. Өөрөөр хэлбэл Баатар төрсөн эмэгтэй дүүгээсээ өргөж авахгүй юу. Эхээс тавуулаа. Аав доороосоо хоёр дахь нь. Төрсөн эцэг нь өндөр Жамбал гэж лам хүн байсан. Хэлмэгдүүлэлт хараахан дуусаагүй байсан болохоор хүүгээ төрсөн дүүдээ өргүүлээд өөрөө хот руу шилжсэн байдаг. Аавыг өргөж авсан Баатар нь Баянбүрд багийн анхны нэгдлийг байгуулж, даргаар нь ажиллаж байсан хүн. 
-Хэзээнээс барилгын салбарт ажиллах болсон юм бэ?
-1966 онд 7-р анги төгсөөд, ЗХУ-д барилгын ТМС-ийг төгсөж ирээд л энэ мэргэжлээрээ ажилласан байдаг. Хоёр жил ажиллаад бригадын дарга болж дэвшээд ахин курст суралцаж инженер болсон хүн. Баянхонгор аймаг дахь социализмын үед баригдсан ихэнх байшин барилгуудад аав оролцсон. Зөвхөн аймгийн төв дээр баригдсан барилгын 60 гаруй хувьд нь өөрөө биечлэн оролцсон байдаг юм. За тэгээд Өлзийт, Бууцагаан зэрэг сумдын сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлгийг барилцсан. Энэ насаа бүтээж босгох үйлд зориулсан хүн. Хөдөлмөр бүтээл, зүтгэлийг нь төрөөс үнэлж, МУ-ын Гавьяат барилгачин цолоор шагнасан. Мөн хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа хошуучилж Ардын их хурлын депутатаар сонгогдоод тэндээсээ МУ-ын бага хурлын гишүүнээр сонгогдож анхны үндсэн хуулийг батлалцаж байлаа. 1990 оны Улсын бага хуралд нийгмийн салбарын төлөөлөл багтсан байсан. Тэр дундаа ажилчин ангийн төлөөлөл 11 хүн байсны нэг нь миний аав. Шинэ Монгол улсын үндсэн хуулийг батлалцсандаа аав минь маш их бахархдаг байсан. Ер нь манай аав хүүхдүүдэдээ “хийсэн зүйлийнхээ төгсгөлийг л үзэж сураарай. Хүн хэзээ ч хаана ч хэнтэй ч уулзсан нүүр бардам цагаан мөртэй амьдрах ёстой” гэж захидаг байлаа. Өөрөө ер зүгээр суудаггүй. Тэтгэвэртээ гарчихсан хэр нь барилгын компаниудад зөвлөгөө өгдөг. Бурхан болохдоо ч гэсэн хотод байдаг барилгын компанид зөвлөх инженерээр ажиллаж байгаад автын ослоор эндсэн шүү дээ. 
-МУ-ын Гавьяат барилгачин Шагдаррагчаа гуай хөвгүүдээ зуны амралтаар нь барилга дээр ажиллуулж, өөрсдийн хүчээр мөнгө ол гэдэг байсан гэдэг. Магадгүй таны аав бас тийм шаардлага тавьдаг байв уу?
-Түүх давтагддаг л юм байна. Би айлын ууган хүү. Доороо гурван эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Намайг 5-р ангид байхад ээж маань төрөхийн хүндрэлээс болж цус харваад хэвтэрт орчихсон. Аав маань ганцаараа ажил хийж, ар гэрээ авч явдаг байлаа. Ажил өглөө 8 цагт цуглардаг байхад аав 5-6 цагт босож бидний хувцсыг угааж, боорцог хийчихээд явдаг. Хүн удирдаж байгаа хүн өөрөөрөө үлгэрлэдэг хариуцлагатай байх хэрэгтэй гэнэ. Ажилчдаа ирэхээс өмнө түрүүлж очоод хийх ажлыг нь хуваарилчихсан байх ёстой гэдэг. Би яг өөрийн чинь сая ярьсантай адилхан 5-р ангиа төгсөөд л зуныхаа амралтаар тоосго үүрч, шавар зөөдөг болсон.Үеийн хүүхдүүд тоглож байхад би ажиллаж байдаг. Зуслангийн хамгийн сүүлийн 6-р ээлжинд 14 хоног амарна. Тавдугаар анги төгссөн жилээ Сангиа гэж хүний бригадад ажиллаж байсан бол 6-р ангийнхаа амралтаар Шаргалжуут рашааны чулуун зоорийг барьсан. 7-р анги төгсөөд Баянлигийн цэргийн ангийн барилга дээр, 8-р анги төгсөөд Хүрээмаралын дунд сургуулийн барилга дээр, 9-р анги төгсөөд аймгийн төвд ажиллаж байлаа. Дунд сургуульд байхдаа бусад хүүхдүүд шиг бүтэн зунжин амарч үзээгүй ч, тэгж өссөндөө огт харамсдаггүй. Аав минь хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, зөв амьдрах аргыг зааж өгсөн. 
-Алдарт бас барилгын салбарын хүн үү. Ямар мэргэжилтэй вэ?
-Конкурс өгсөн боловч тэнцээгүй. Тэгэхээр нь намар нь цэрэгт яваад Өвөрхангайн 256-р нэгтгэлийн мото буудлагын ангид алба хаасан. Арми бол дэг журамтай, хүнд их юм сургадаг  газар. Би армид байхдаа олон зүйл сурсаан. Багаасаа хөдөлмөрлөж, ном зохиол их уншдаг байсных уу, байлдааны буудлагуудыг дандаа онц дүнтэй гүйцэтгэдэг байсан. Тэгээд 1988 онд МХЗЭХ-ны 70 жилийн ойгоор буудлагын тэмцээнд оролцож амжилттай буудаад, манай хороо анх удаа  байлдааны буудлагын аварга болж, би цэргийн Алдар алтан медалиар шагнуулж байсан юм. 
-Барилгачин Золбоо уяач болсон нь хэдий үеийн түүх вэ. Ер нь яагаад хурдан морь уях болсон юм бэ?
-Тавдугаар ангид орохоосоо өмнө ээж минь эрүүл саруул байхад зуны амралтаар  хөдөө ахындаа очиж  хонь хариулж, адуу хураадаг байлаа. Ах маань бас морь уядаг. Түүнийг нь би дөрвөн жил унасан. Намартаа шинэ бакаль, дээлтэй л ирдэг байлаа.
-Ахынх чинь Бууцагаанд уу?
-Тийм, багадаа Бууцагаанд байсан. Юм бас их сонин байх юмаа. Миний морийг нь унадаг байсан ах одоо морь уяхаа больсон. Гэхдээ залуу хойчоо бэлтгэхэд хувь нэмрээ оруулаад явж байна. Манай тэр авга ах үе дамжсан хатгуурчин. Дээр ярьсан шүү дээ, аавын минь төрсөн эцэг “өндөр” Жамбал гэж хүний хүү. Намайг багад хүмүүсийн мал хатгаж эмчлээд л түүнээсээ болоод дуудагддаг байлаа. Бүүр нэг удаа намайг дагуулаад уул руу гарч, хүн харуулж байгаад мал хатгаж байлаа. Шагайн судас хатгах чинь бас л  амаргүй шүү дээ. 
-Авгыг тань хэн гэдэг юм бэ?
-Дорждэрэм гэж хүн одоо ч Бууцагаандаа амьдарч байна. Говь-Алтайн даншигт түрүүлсэн саарал азарга хөлгүй болчихоод тэр хүн хөл оруулж байлаа. Говь-Алтайн даншигт түрүүлж, Увсад айрагдсан шарга азаргыг бас л тэр хүн хатгаж анагааж байлаа. Ахын маань тэр мундаг авьяасыг нутгийн залуус өвлөж аваасай гэж хүсдэг. 
-Хүүхдүүд нь хатгадаг байлгүй?
-Хатгахгүй байна. Хатгаж ханана гэдэг хэн дуртай хүний хийх ажил биш. Авьяас чадвар, мэдрэмж чухал. Ах маань намайг “тийм хүн байвал дагуулаад ирээч.Би чаддаг мэддэг зүйлээ зааж өгье. Энийг аваад үхэлтэй биш” гэдэг юм. 
-Энэ тухай ярьж эхлэхдээ “юм гэдэг сонин шүү” гэсэн. Тэр ямар учиртай үг вэ?
-Нэгэн үе би тэр хүний морийг унадаг байсан одоо ах маань миний морьдыг эмчилж байна.Тэрийг л хэлсэн юм.  
-Хэзээнээс хурдан морь уяж байгаа билээ?
-2004 он. Морь уях болсон нь бас их сонин түүхтэй. Найзууд маань морь уядаг болчихсон, намайг ч “морь аваач” гэдэг байсан. Би болохоор нэг их шамдахгүй. Гэхдээ уралдаан, наадам боллоо гэхэд очоод үзчихнэ. Тэгсэн нэг удаа нөхдүүд миний шарыг малтаад...
-Яаж малтахав?
-Манай Дашдорж гээд найз байдаг юм. Нэг удаа надаас “танай Бууцагаанд хурд байдаг уу?” гэж байна. “Байлгүй  яахав” гэсэн. “аймгийн төвд Бууцагааны морь айрагдаж байхыг үзсэнгүй. Мөнгө, төгрөгтэй ч гэхдээ хорголоо тоолсон юмнууд байх юм” гэж байна. Надад хандаж хэлээд байгаа юм шиг санагдаад “чи намайг хэлж байгаа юмуу” гэсэн. “Чамаас өгсүүлээд байж л байна” гэдэг байгаа. Гэнэт шар хөдлөөд “хойтон би нутгаасаа хонины морь авчраад чиний хонгор морины урд гишгүүлнэ” гээд хэлчихсэн. Тэгээд хавар нь Амарсанаад “хонинд унадаг гайгүй шиг адуу олоод өгөөч” гэсэн юм. Тэгсэн нэг нөхрийн архинд унадаг, бас нэг хөгшний хонинд унадаг хоёр морийг санал болгосон. Би хоёуланг нь авсан. Хонинд унадаг нь тэр жилээ доголоод уралдаж чадаагүй. Харин архинд унадаг нь аймгийн наадамд аман хүзүүдсэн. 
-Найзуудынхаа өмнө нүүр бардам...
-Тэгэлгүй яахав. Сүүлд найзуудаар суугаад ярьсан  нөхдүүд бүр албаар ярилцаж байгаад миний шарыг малтсан юм билээ. Цаад чинь хор шартай ингэж хэлбэл морь авна гэж. Тэгээд тэд ч бодсондоо, би ч хэлсэндээ хүрсэн./инээв/ Тэр жил манай сумын 80 жилийн ой тохиож байсан юм. Түүнд очоод нөгөө хоёрыгоо мордуулсан нэг нь гурваар, нөгөө нь дөрвөөр давхисан.
-Аан нээрэн, тэгэхэд Цэдэв гуайтай таарч наймаа хийсэн гэдэг байх шүү?
-Нэг сайхан азаргатай болъё доо гэж бодож яваад Цэдэв гуайтай таарсан. Манай сумын хүн. Бас аавтай сайхан нөхөрлөдөг байсан юм билээ. Тэгээд ярилцаж байгаад саарал азаргаа авахаар болсон. Тэр жил саарал азарга соёолон улсын наадамд долоод давхиад, Бууцагаан, Өлзийтийн ойд азарганд уралдаад түрүүлчихсэн байсан. 
-2005 онд хэрхэн наадсан бэ?
-Моринд сэтгэлтэй бидний хэдэн нөхөд 2005 онд  нэлээд хөрөнгө босгоод аймгийнхаа хаврын уралдааныг хийтэл Өвөрхангайнхан хамаг түрүүг нь аваад явчихсан. Ёстой эвгүй болдог юм билээ. Нутгийн олныхоо нүүрийг яаж харнаа гэж бодогдоод Дүгэрсүрэн бид хэд цөм халгаад байсан. Дүгэрсүрэн бид хоёр чацуу. Гэхдээ бидний үеийнхний хувьд морины загалмайлсан эцэг. Тэр үеийн залуусыг уриалан дуудаж, аймгийнхаа хурдан мориныг хөгжилд шинэ хуудас нээсэн хүн.
-Хэдэн айраг авсан юм бэ?
-Хоёр гурван айраг авсан байх. Тэр шөнө миний нойр хүрдэггүй.
-Ингэхэд саарал азарга чинь яаж давхисан юм бэ?
-Доголон уралдаж чадаагүй юмаа. Урд жил нь аймагт аман хүзүүдсэн морио орно гэж бодож байсан чинь 13-р давхиад. Тэгээд л хямарчихгүй юу. Үүрээр дөрвөн цагт Дүгэрээ рүү залгасан бас унтаж чаддаггүй гээд сэрүүн байсан. Тэгэхээр нь би очоод “яахав ийхэв” гээд нэлээд ярилцсан. Эцэст нь зүүн талаас адуу авчрах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрээд тэр өглөөгөө Дүгэрээ Сүхбаатар яваад, би гурав хоногийн дараа гэрээсээ гарч Түмэнцогтоор дайраад Хэнтийн Баянхутаг, Дорнодоор явж 20 гаруй адуу авсан. Дүгэрээ анхны ачилтаараа 40 гаруй адуу авчирсан. 
-2005 оны аймгийн баяр наадам ч бөөн хүлээлт байж дээ. Авчирсан адуунуудынхаа чансааг харна биз дээ?
-Хамгийн сайхан нь бидний авчирсан адуунууд цөм давхисан. Бас зүүн талаас адуу аваад хотод иртэл Цэдэв ах уулзаад “адуу сонирхохгүй юу” гэхээр нь буурал морио авсан юм. Ингээд шарга азарга, буурал морь  гээд хурдан хүлгүүдээ ачаад ирж байлаа даа. Ингээд ярьсан сайхан байна шүү. Дараа жилийнх нь ачилтаар Дүгэрээгийн хондон азарга, буурал морь ирсэн шүү дээ.
-2005 оны аймгийн наадмын тухайгаа жаахан дэлгэрэнгүй яриач?
-Буурал морь аман хүзүүдсэн. Уг нь ёстой хол түрүүлэх байсан юм. Даанч миний алдаанаас болоод чадаагүй. Аймгийн наадмаас арваад хоногийн өмнө Баян-Овоод уралдаан болно гээд. Тэгсэн Дүгэрээ “хэн нь ямар морьд авчирсанаа шалгаж үзье. Энд уралдъя” гэсэн. Авчирсан адуунаас 10-аад нь зарагдчихсан. Гурав, дөрөв нь уягдаагүй байсан ч “тэгье” л гэлээ. 6 сарын 29-нд  билүү 30-нд болсон суварга уралдаанд би гурван их насны морь мордуулсан буурал нь түрүүлээд, нөгөө хоёр нь гурав, дөрвөөр ирлээ. Дүгэрээгийн шар хээр аман хүзүүдсэн. За дараа нь соёолон тавьсан миний хоёр үрээ түрүү, аман хүзүүнд давхилаа. Арын морьдоосоо хол тасарсаан. Хязааланд бас хоёр үрээ хоёр, гурваар ирсэн. Шүдлэнд болохоор хүүхэд нь унаад айрагдсангүй. Дааганд бас хоёр үрээ тавьсан түрүү, аман хүзүүгээр давхилаа. За ингээд нас болгонд хоёр, гурваар түрүүлгэж айрагдуулаад. 
-Азарганаас бусад. Саарал азарга яаж давхисан бэ?
-Хөлний асуудлаас болоод уралдаж чадаагүй. Аваад нэг хоёр жил уралдуулж чадаагүй. Хөл нь ерөөсөө болдоггүй байсан юм. За тэгээд хэд хоногийн дараа аймгийн наадам болсон. Тэр жил манай аймаг жаахан гандуу байсан. Нэг хүн надад “шар цагаагаар угаавал хөлс нь сайн гардаг” гэхгүй юу. Тэгэхээр нь хариуцаж байсан нөхөртөө нэг адууг тэгээд угаачих гэсэн нөгөөх чинь бүгдийг нь угаагаад. Аймгийн наадмаар хөлс зуурсан адуунууд үзүүр дээрээ баригдаж, их нас, соёолон аль аль нь аман хүзүүдсэн. 
-2006 он бол таны амжилтын оргил үе. Хавраас эхлээд уралдсан байх?
-Урьд жил нь хамаг түрүүгээ алдчихсан улс чинь уралдалгүй яахав. Өвөрхангайгаас Отгоннасан Манлай ирчихсэн. Дүгэрээ бид хоёрын хувьд авчирсан адуунуудаа шалгах хамгийн том боломж. Аймагт зүүн талын адуу цөөн байсан болохоор тэнд илүүрхсэн. Харин одоо яг зүүн талынхаа адуутай уралдах учраас ямар вэ гэдэг нь мэдэгдэнэ шүү дээ. Их насанд миний буурал морь хол тасархай түрүүлж, Отгоннасангийн жижиг буурал  аман хүзүүдлээ. Азарганд Дүгэрээгийн хондон түрүүлж, миний саарал аман хүзүүдэж, хонгор азарга маань таваар давхилаа. Соёолонд морь уралдуулсангүй. Тэр эрчээрээ Өвөрхангайн бүсэд очиж буурал морь, саарал азарга хоёроо  айрагдуулаад, Дүгэрээ хондон азаргаа түрүүлгэлээ. Аавын хөвгүүд аваа өгөөтэй нааддагийг харуулсан тэр наадам их сайхан байсан. За тэгээд аймагтаа хүрээд ирсэн тэр үеийн аймгийн Засаг дарга байсан Зоригтбаатар биднийг хүлээж аваад “энэ жил Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойтой. Түүхэнд ганц тохиох энэ том ойд та бүхэн нутаг орныхоо нэрийг гаргаарай. 1999 оноос хойш Баянхонгорынхон аль ч газрын даншигт орсонгүй” гэсэн юм. 
-Тэгээд Дүгэрсүрэн Улсын наадмыг, харин та баруун бүсийг зорьсон.
-Тэгсэн. Дүгэрээ улсад явж байгаа болохоор аймагтаа уралдаагүй. Харин би аймагтаа уралдаж, буурал морио түрүүлээд, бас нэг их морь айрагдуулж, саарал азарга түрүүлгэсэн. Соёолонд болохоор найздаа өгсөн өсгий цагаан хүрэн үрээ айрагдаж, шүдлэн түрүүлгээд, даага аман хүзүүдүүлэн гурван түрүү, гурван айраг авсан. Манай аймгийн хурдны цөм бол Баян-Овоо. Баян-Овоо сумын 60 жилийн ойд гурван их насны морьтой очоод нэгийг нь түрүүлгэж, хоёрыг нь айрагдуулсан. Азаргаа уяаны алдаанаас болж аман хүзүүдүүлээд, шүдлэнгээ аман хүзүүдүүллээ. Даага л айрагдаж чадаагүй. Ингэж наадчихаад бид хоорондоо ярьж байгаад хоёр хуваагдаж уралдахаар боллоо. Заг Байдрагийн хүрэн бэлчирт Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан том наадамтай байсан. Тийшээ туслах уяачаа хүүхэдтэй нь саарал азарга, хонгор даага хоёроо өгч явуулахаар болоод. Өөрөө буурал морь, шарга шүдлэн, хүрэн соёолон, дээр нь анх сумаасаа авч аймагт аман хүзүүдүүлсэн хүрэн морио аваад Говь-Алтай явахаар боллоо. Анхны айргийг минь авчирч, адуунд оруулсан хүрэн морио хэзээ ч орхидоггүй. “Том наадмын тоос үзэг, аваад явна” гээд шийдчихсэн. Тэр шөнө нь Алтай явах морьдодоо жаахан хийх ажил байсан болохоор туслах залуугаараа адуугаа мануулахгүй юу. Шөнө давхиад очсон манай хүн байдаггүй. Хөдөөний хүн чинь хөөрүү шүү дээ. Би азарганы түрүүг авах нь найдвартай гэж хөөрөөд архи уучихсан байсан. Маргааш өглөө нь төлөвлөгөө өөрчлөгдөв. “Нүдэн дээр архи ууж байгаа хүн. Хамар даваад л архидана. Тийм болохоор бүгдээрээ Говь-Алтай явна” гээд шийдчихсэн. Ингээд л бүх адуугаа аваад Говь-Алтай руу явсан даа. 
-Нэг талаараа харин ч зөв үедээ архи уусан юм биш үү. Тэгээгүй бол азарга түрүүлээ ч үү, үгүй ч үү?
-Аливаа юмны учрал ерөөл гэдэг сонин шүү. Яг үнэндээ би буурал морь, шарга үрээ хоёрынхоо аль нэгийг нь л айрагдаж магадгүй гэж горьдож байсан. Түүнээс гурван түрүү хүртэнэ гэж ёстой бодоогүй. Эхлээд азарга уралдлаа. Миний саарал азарга чинь араас туулдаг адуу. Зул задраад км шахуу болоход би “саарал азарга маань түрүүлэх нь юу юм, айрагдах нь тодорхой болчихлоо” гэж бодсон. Ерөөсөө түрүүлж гардаггүй адуу. Тэгтэл эхний хоёр азаргатай гараад тасарчихсан. Тэгээд л газар дундаас эхэлж өнгөлсөөр түрүүлсэн дээ. Дараа нь даага мордсон. Хонгор үрээ түрүүлдэг шарга шүдлэнгийн төрсөн дүү нь. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Насанбат гэж хүний унаган адуунууд. 
-Ганц айраг горьдож очсон хүн наадмын эхний өдөр дөрвөн нас уралдахад хоёр түрүү, нэг айраг авчихаар ямар бодол төрөх үү?
-Их тайван тогтуун байсан ш дээ. Багаасаа хөдөлмөрлөж байсан болохоор аархах, онгирох зан байдаггүй юм. Тэр үеийн Ерөнхий сайд одоогийн ММСУХ-ны тэргүүн М.Энхболд гуай байсан. Миний буурал морийг Говь-Алтайнхан мэддэггүй байсан юм билээ. Хүрээмаралын 80 жилийн ойд түрүүлсэнийг нь мэдэх нутаг залгаа Гуулин, Дэлгэрийнхэн л “буурал морийг чинь дийлэх адуу байхгүй” гэж байсан. Хүрээмаралын 80 жилийн ойгоор бороо орчихсон байхад миний буурал морь бараг хоёр км шахуу тасарч түрүүлсэн байхгүй юу. Ерөнхий сайд надаас “одоо аль насандаа итгэж байна” гэж асуухаар нь “хүрэн соёолон маань гайгүй байгаа” гэсэн.
-Айрагдаж чадаагүй байхаа?
-Чадаагүй. Уг нь сайн л адуу даа. Гэхдээ тэнд айрагдаж бараагүй. Харин буурал морь маань хол тасархай түрүүлж, хүрэн морь маань 26-гаар  давхисан. Миний аав буурал моринд үнэхээр хайртай хүн байсан. Уяаны бүх ажлыг нь хийдэг. Морины уяа эхлэхээр ирчихээд л хоол хийгээд сууж байдаг. Бас болоогүй адууны хомоол цэвэрлэнэ. Буурал морь түрүүлчихлээ гэсэн. Жолоочоо дуудаад шөнө нь Говь-Алтайд хүрээд ирсэн. Тэгээд л буурал морио хаана ч байсан хөтлөөд явж байдаг байсан даа.
-Баруун бүсийг хүлгийн хурдаар эзэгнэсэн айхтар эр дараа жил нь улсад ирж,  наадамчид ч битүүхэн хүлээж байсан?
-Шарга үрээ маань есөөр, бусад нь 30 гарч давхисаан. 2008, 2009 онд морь мал уяж чадаагүй. Яагаад гэхээр аав маань өнгөрөөд.
-2010 онд?
-Тэр жил ч бас уяагүй. 2011 оны баруун бүсээр Увсад хоёр насны гурван адуутай очсон. Зам муутай, морины хөлд халгаатай газар байна лээ. Шарга азарга айрагдаж, хоёр соёолон өнгөлсөөр байгаад суусан. Их морь маань эхний өдөр түрүүлсэн ч тооцоогүй.
-2012 онд яаж наадлаа?
-Баян-Өлгийн даншигт очиж шарга азаргаа наймаар давхиулсан. 2013 онд Завханы даншигт шарга азарга маань түрүүлсэн. 2014 оны Ламын Гэгээний 375 жилийн ойд хүрэн соёолон аман хүзүүдүүлж, шинэ цагийн үрээ айрагдуулсан. 2006 оноос хойш хоёр жил л яваагүй. Түүнээс биш жил болгон аль нэг бүсийн уралдаанд заавал очиж уралддаг. 
-Олон сайхан хурдан буянгаар наадаж байсан. Аль нэгэнд нь арай илүү элгэмсэх үү?
-Бүгдэнд нь л хайртай. Гэхдээ шарга азаргандаа арай илүү байж мэднэ. Яагаад гэхээр их зовлон үзсэн адуу байгаа юм. Хөл, хатгаа гээд л... Манай нэг хүн бүүр нам унагаж ч үзсэн. Гэсэн хэдий ч ямар ч наадамд 10-аас хойшоо давхиж үзээгүй адуу даа. Харин миний буурал морь бол аргагүй хурдан итгэлтэй адуу. Харамсалтай нь хоёрхон жил л уралдсан. Өвөл гэнэтхэн болохоо байчихсан. Хүнээр бол харвалт юмуу даа. Тэр үед ёстой шоконд орсон. 
-Шарга, саарал  азарганы тань төлүүд хэрхэн давхиж байна вэ?
-Нэг хэсэг манай адуу нэлээд хорогдсон. 2010 оноос хойш овоо өсөж байна. Одооноос л хэдэн сайхан үрээ гарч ирэх янзтай. Аймгийн наадамдаа хэд хэдэн удаа айрагдчихсан. Унаган хонгор азарганы маань төл хонгор морь аймагт нэг аман хүзүүдэж, нэг түрүүлээд байна. Саарал азарганы төлүүд сайн давхиж байна. Харин шаргын маань төлүүд нэг их уралдаагүй ээ.
-Таныг уяач болгосон нутгийн хүрэн морь одоо хэдтэй вэ?
-Хүрэн морио сэтэрлэчихсэн. Одоо хайрхандаа яваа. 
-Алдарттай ярилцах амттай сайхан байлаа. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.

-Миний хамгийн сайхан наадам бол 2006 оны  Баян-Овоогийн 60 жилийн ой. Аавтайгаа хамт наадсан болоод ч тэрүү их эрхэм сайхан санагддаг юм. Их насны морь будлиад газар дундаа орж байхад би гурван морио татуулсан. Гурвуулаа өнгөлчихсөн явж байсан юм. Хамгийн хол явсан адуу 1-2 км байхад, миний морьд шүдлэнгийн газар хүрчихсэн явсан. Тэгээд буцаж татаад уралдуулахад буурал морь маань түрүүлээд, нөгөө хоёр нь айрагдсан. Тэр бол үгээр л хэлшгүй их бахдал байсан даа. Үнэн хэзээд дийлдэг юм билээ. 
-Ингэхэд Алдартын хүүхдүүд моринд хэр сонирхолтой вэ?
-Би гурван хүүхэдтэй. Хоёр нь охин. Нэг нь хүү. Манай дунд охин моринд их хорхойтой. Миний санах ой, архив шүү дээ. Ах нь авмал адуугаар сайхан наадсан. Улсын цолонд хүрсэн. Гэхдээ сүүлийн үед өөрийн унаган адуугаар наадахыг илүүд үзэж байгаа. Миний морьдыг уядаг Төмөрбаатар гэж залуу бий. Баянхонгорынхон Нараа л гэдэг юм. Сүүлийн гурван жил дараалан Баянхонгорын шилдэг уяачаар шалгарч байгаа. Манай хүн жилдээ нэг ганц удаа архи уудаг. Уухдаа багаа, жаахан уугаад л халчихдаг. Тэгсэн саяхан над руу ярилаа. Их хөөрчихсөн байхаар нь “архи уучихсан юмуу” гэсэн. “Үгүй ээ би адуун дээрээ байна. Хоёр сайхан унага гарлаа” гэсэн. Монгол хүн хүү төрөхөд баярладаг шигээ эр унага төрөхөд дутуугүй баярладаг. Адуугаа дээдэлдэг сайхан ард түмэн. Удахгүй хоёр сайхан үрээ цахиур хагалаад хурдлах ч юм билүү. 
-Ерөөлөөр болог. Хонгор нутгийнхаа хийморийг өргөж  яваа эрхэм танд дахин баяр хүргэж, талархал илэрхийлье. Ярилцсанд баярлалаа.
-Дүүдээ ч гэсэн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна