“Манлай хүлэгч” галын гишүүн, Дархан мэргэн Т.Ариунбат: Насан гуайн адууны цагаан гүү МАНАЙ АДУУГ ИХ СҮЛСЭН

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 07 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хийморилог уяачдын нэг "Манлай хүлэгч" галын гишүүн, Дархан мэргэн Т.Ариунбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Удам дамжсан уяач гэсэн. Аавын тань талаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй байх.
- Миний аав Пэрэнлэйн Төмөрбаатар хуучнаар Дорноговь аймгийн Сүмбэр сум одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын унаган хүүхэд, жолооч мэргэжилтэй. Аавын аав нь Догийн Пэрэнлэй гэж хүн байсан. Дорноговь аймгийн Их-Эрээн сум байгаад сүүлд нутаг орон хязгаарлагдаад Сүмбэр лүү шилжсэн юм. До гэдэг хүний хүүхдүүдээс морь уясан хүн бараг байхгүй, харин манай өвөө Пэрэнлэйгийн хар ногоон адуунууд унахад их сайхан, хол аянд явах бол өвөөгийн адуунаас авч унадаг байсан тухай Сүмбэрийн өвгөчүүл ярьдаг.
-Аав нь ер нь хэдий үеэс морь уясан юм бол?
- Малчин ардын хүүхэд болохоор тэр үеийн хүүхдүүдтэй адил мал дээр л өссөн. Үеийнх нь хүмүүс аавыг морь уургалахдаа сайн байсан тухай ярьдаг. Өөрийн сургасан бариачийн цагаан өвгөний халиун мориороо сайн уургалдаг байснаа өөрөө ярьдаг. Цэгмэд гуай ч ярьж л байдаг юм. Манай дээдчүүл малыг хоёр нийгэмчилсэн юм билээ. Хоёр нийгэмлэхэд аав залуухан бариачийн цагаан өвгөний уургачаараа морь уургалан үеийн залуучуудад гайхуулж байсан гэдэг. Миний ухаан орсон цагаас аав мориноос салаагүй. Хуучнаар жолооч чинь албан хаагч тэгсэн мөртлөө аав морь уяад л явсан. 1986 онд Сүмбэр сумын наадамд нэг түрүү, хоёр айраг авсан. Тэр үед би морь унаж сурсан ч хурдны морь арай унаагүй байсан үе, аавын дүүгийн хүүхэд унаж байсан.
-Сүмбэр сумын наадмаар ямар ямар насны гурван морь айрагдуулж байсан юм?
-Би зургаатай байсан болохоор үүр түүрхэн санадаг хязаалан түрүү, өөр хязаалан айргийн гурав, даага гурвалсан. Аавын зээрд халзан үрээ их хурдан байсан. Урд нь сонгуулийн баяр, өөр зөндөө юманд морь нь орж байсан. Сайхан буурал морь нь сонгуулийн баяраар түрүүлсэн гэж аав ярьдаг юм. Миний мэдэх нь 1986 оноос хойш, сүүлд Хэнтийн Дарханы Дуламжавын хээр азарганы төл хээр азаргыг аав явж авсан. Тэр нь Сүмбэрт их хурдалсан. Тэр азаргыг идэрхэн байх үед Сүмбэр сумын гаргүй Дашзэвэгээс цавьдар даага аваад тэр нь азарга болоод их хурдалсан. Тэр цавьдар даагыг Сүхбаатар аймгийн Уулбаянгийн Хүрэлбаатар гэж манай энд эмчээр ирсэн хүн худалдаж авъя гээд очиход нь “Би Төмөрбаатар найздаа өгнө” гээд аавд өгсөн гэдэг. Цавьдар азарга сүүлд 90-ээд оны сүүл 2000-аад оны эхээр их хурдалсан. Аймгийн наадамд 1996 онд аман хүзүүдэхдээ улсын наадмыг зорьж явсан Сүхбаатар аймгийн Асгатын арал Чулуунбаатарын машин нь манай энд эвдрээд, Чойрын наадамд буурал азаргаа тавьсан. Тэр наадамд буурал азарга түрүүлж манай цавьдар азарга аман хүзүүдсэн. Тэр үед манай азарга их ойрхон зөв талд нь явсан би жаахан хүүхэд “Аав яагаад ингэсэн юм” гэсэн чинь “Миний хүү холоос яваа, хол юманд зорьж яваа улсуудад хэрүүл амны хэрэггүй” гэж билээ. 1997 онд Ёндон гуайн хүрэн азарга, манай азарга хоёр хурдан байгаад аймгийн наадамд манайх түрүүлж нөгөөх нь айрагдсан боловч дутуу эргэсэн гээд хасагдсан. Морь эрт мордоод хойноос нь тосгуулж очих гэж яваад наадмын тарган морьд явахгүй байсаар хоёр гурван км үлдсэн байхад эргэсэн юм. Тэгээд л тэрнээс хойш тэр цавьдар азарга нэг их айхтар хурдлаагүй. Цавьдар азаргыг ойр хавийн хүмүүс авъя л гэдэг байсан.
-Төлүүд нь яаж давхих уу?
-Төлүүд нь одоо хурдан байна. 2012 онд аймгийн наадамд дөрөвт орсон зээрд морь цавьдар азарганы төл. Хэнтийн Дуламжав гуайн хээр азарганы төл хээр гүү надад бий. Тэрнээс гарсан төлүүд нь их хурдалж байна. Тэгээд би дөрөв таван жил сургуульд яваад адуу цус сэлбэгдээгүй. 2003 онд сургууль төгсөөд ирэхэд зуд турхан болоод адуу шингэрсэн байсан. Тэгээд Дэлгэрэхийн дариа /дарийн/ Энхээ гэж хүнээс нэг сайхан шарга хязаалан үрээ худалдаж аваад тэрний үр төлүүд одоо хязаалан, соёолон болчихсон их сайн хурдалж байна.
-Шарга азарга чинь өөрөө яаж уралдсан юм. Танай адуунд ямар ямар угшилтай адуу байна.
-Шарга азарга их хурдан байсан ч хаврын бооцоот уралдаанд хөлийг нь гэмтээгээд төл авдаг л азарга болсон. Шарга азарганы эх талын дээл угшил нь 2009 онд улсад түрүүлсэн Дэлгэр хээртэй нэг юм гэнэ лээ. Цавьдар азарганы хамгийн сүүл эр төл цавьдар азарга болсон тэрийг тавьсан байгаа. Дээр нь МУ-ын Тод манлай уяач Ононгийн адууны тойруулга эхтэй, англи азарганы төл хээр азарга бидний үеийн залуучууд нийлж худалдаж авсан. Энд ажаагаа ярихгүй өнгөрч болохгүй байх. Манай ээж өргөмөл, төрсөн аав нь Цагаандэлгэрийн Дүлий Сампил гэж морь сайн таньдаг, эцэнхий туранхай адууг сайн уядаг хүн байсан. Тэр хүний адууны цуснаас их бага орсон байх гэж би боддог юм. Яахав дээхнэ үед аав гүү мал авч цус орсон байж магадгүй.
-Танайх гүү гаднаас авж байгаагүй юу?
-Гүү нэг их авдаггүй. Төмөр замын ачих буулгах ангийн дарга байсан МУ-ын Алдарт уяач Бямбадорж гуайн адуунаас тойруулга угшилтай сайхан зээрд гүү авсан. Уламжлалт уяанаас арай өөр уяагаар уралдах болсон учраас энэ шинэ цагийн сайн байгаа адуутай цус хольсон, захаасаа үр дүнгээ өгөх байх аа.
-Нэг азарга, нэг гүү байна. Өөр шинэ цагын цустай адуу байна уу?
-Өөр ч юм байхгүй дээ. Чойрт одоо хурдалж байгаа зарим адууны төлөөс бий. Жишээ нь Балжир /боохуур/ -ын хоёр хээр морь Сүмбэрт их хурдан байсан тэрний төл нэг алаг гүү бий. Говьсүмбэр аймагт хурдан морьтой Насан, Наранхүү, Буугийн Лханэрэн гэсэн цөөн хэдэн өвгөчүүл байсан. Насан гуайн адуу зэргэлдээ 50, 60 км-т байгаа сумдын айраг, түрүүг түүчихдэг байсан гэдэг. Тэр хүний адууны нэг сайхан Дүмбэн цагаан гүү байсан. Насан гуайн адууны цус манай адуунд бий, одоо хоёр гуравдугаар үедээ нугарчихсан ч гэсэн хурдалж байгаа. Адуучин Галсангийн Эрдэнэбилэг гэж хүний адуунд манай адуу байдаг байсан. Ээжийн элэг өвдөөд цагаан гүүний сүү уувал сайн гээд аав адууныхаа өртөгт тэр цагаан гүүг авч байсан юм лээ. Тэр Насан гуайн адууны цагаан гүү манай адуунд үрээд сүлсээн, ээж цагаан гүүний сүүг нэг их уугаагүй, “Нялх амьтны хажуугаар” гээд Эрдэнэчулуун Манлайгийн хэлдэг л болсон. Ер нь манай адуу тоймтой цөөхөн хэдэн цус холилдсон нэлээн чанартай адуу л даа.
-Бие дааж морь уяад Ариунбатын нэртэй адуу яаж яаж давхисан бэ?
-2003 онд сургууль төгсөж ирэхэд аавын адуу цөөрчихсөн, өөрөө засгийн ажилтай нас дээр гарсан болохоор би уяж эхэлсэн. Түрүүний ярьсан цавьдар азарганы төл, эх нь Насан гуайн адууны халиун гүүний төл зээрд морь надад уяаны эрдэм заан, адуунд улам шимтэн орох, айрагдаж цагаадахын баяр баясгаланг өгсөн адуу. Надад цаашдаа уяа сойлго тааруулах урам зоригийг нэмсэн. Миний зээрд морь жижиг том наадамд зөндөө түрүүлж айрагдсан. 2012 онд аймгийн баяр наадамд айргийн дөрөвт орсон, жижиг наадамд олон орсон. Энэ зээрд морины ах, цавьдар морь их хурдан байсан. Ойрхон наадамд бас их олон орсон, Угтаалын наадам, Цагаандэлгэрийн наадамд гуравт орж байсан. Сүүлд хулгайд алдчихсан юм.

"Тод магнай" сэтгүүл. Говьсүмбэр аймгийн тусгай дугаар. 2015 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна