МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Л.ОЛОНБАЯР: МОНГОЛ ХҮНИЙ ЗүРХ СЭТГЭЛД ХҮРЧ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ОГШООДОГ ГАНЦ ЗҮЙЛ ХУРДАН МОРЬ
Монгол улсын Алдарт уяач Л.Олонбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр Хонгор нутгаар овоглодог бөгөөд нутгийнхан нь түүнийг булган сүүлтэй Алдарт хэмээх юм билээ.
-Тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж, улсдаа айрагддаг говь нутгийн хүүтэй уулзаж буйдаа баяртай байна. Сайхан нутаг байна лээ?
-Тэр сайхан нутаг усанд төрснөөрөө цаг үргэлж бахархаж явдаг хүн дээ би. Манай нутаг адуу цөөнтэй. Социализмын үед Баяр гэдэг хүн л адуу малладаг. Гэхдээ сумандаа байдаггүй наашаа хангай руу гарч нутагладаг байсан юм. Одоо бол адуу сайхан өсөж байгаа юм билээ. Би ноднин найман сард нутагтаа очоод их сайхан бэлгэшээлтэй явдалтай таарсан. Яасан гэхээр сумынхаа наад талын ууланд майхан бариад хонохгүй юу. Уг нь адуу малгүй, ямаа л байдаг уул. Тэгсэн шөнө унтаж байсан адуу тургих шиг. Зүүдэлж байна л гэж бодсон, өглөө сэрээд хартал майхан тойроод нэл нойтон баас. Үнэхээр их гайхсан. Тэгээд майханаа хураагаад цааш явтал араас хоёр азарга адуу дагаад. Хүн тууж авчраагүй л баймаар. Манай говь нутагт бол ховор үзэгдэл л дээ.
-Бэлгэтэй сайхан явдал болж. Таныг нутгийнхан тань булган сүүлтэй Алдарт гэх юм билээ. Нээрэн олон цолтнуудыг дагууллаа шүү?
-Хамгийн гол нь чанартай цолтнууд төрж байна. Яг үнэндээ Монголд улсын наадамд морь айрагдуулаагүй алдарт уяачид олон бий шүү. Миний дараа төрсөн цолтнууд бол улс, бүс, Их хурдад морь айрагдуулсан үнэн чанартай. Тэр бүү хэл Золбоот гэхэд л нэг дор гурван түрүү, нэг айраг авч Монгол даяар шуугиулж байлаа шүү дээ. Тэр утгаар нь би нутгаас төрсөн Алдарт уяачдаараа бахархаж байдаг. Цаашдаа ч хонгор нутгаас маань илүү олон Алдарт, Манлайнууд төрнө гэж бодож байгаа. Энүүхэндээ гэж хэлэхэд манай нутгаас төрийн наадамд ганц даага л түрүүлсэн байдаг. Өөр бусад насны түрүү байхгүй. Цаашдаа хонгор нутгийн маань уяачид улсынхаа наадамд зорин ирж, түмэн эхээ цоллуулах хэрэгтэй.
-Хэдэн онд хэний даага түрүүлж байсан юм бэ?
-2004 онд би шарга даага түрүүлгэж байсан. Харамсалтай нь үүнийг хүмүүс мэддэггүй.
-Цуваан дээр Тангаа Тод манлайн нэр дээр байдаг шүү дээ?
-Наад талаар чинь яривал их урт түүх болноо.
-Ярь л даа. Түүх үнэн мөнөөрөө хадгалагдаж үлдэх ёстой шүү дээ?
-Тэгвэл бүр эхнээс нь буюу морь яагаад уях болсон талаараа эхлээд яръя. Би 1980 онд сумандаа наймдугаар анги төгсөөд Улаанбаатар хотод орж ирсэн хүн. Түүнээс хойш миний хийсэн ганц том гавьяа бол социализмын үед есөн аймагт баригдсан хүнсний үйлдвэрт гар бие оролцсон явдал юм. Би үүгээрээ их бахархаж явдаг. Түүн дээрээ тулгуурлаад 1990 оноос 2000 он хүртэл бизнес эрхэлж, хоосонгүй хонгор нутгийнхаа нэрийг гарган шилдэг 50-ийн 25-д жагсаж байлаа. Ашиг орлого ч өндөр байсан болохоор нутаг орондоо хандив дэмжлэг ч нэлээд өгч байсан. 1999 онд болсон Ламын Гэгээний 360 жилийн ой, хангайн бүсийн наадмын хязааланг байлж байлаа. Түүнээс болоод л ер нь моринд орсон хүн шүү дээ. Дээр нь мэдээж найз нөхөд, хүрээлэн байгаа орчин бас нөлөөлсөн байх. Одоо энэ Манлай уяач Мөнхдашийн ах Цэвээндаш бид эртний найзууд. Найз маань намайг дагуулаад уралдаан наадамд их явнаа. Тэгж явахдаа Дааган Цэндээтэйгээ анх танилцаж байлаа. Хоёр морьтой очоод нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь айрагдуулчихаад байхад “хоёулаа түрүүлэх байсан юм” гэж зэмлэхийг сонсоод “уяачаа бүр илүү магтмаар юм” гэж бодогдсон. Гэтэл хожмоо бид хамтран морь уяж олон түмнээ цэнгүүлж байлаа. Юм гэдэг сонин шүү. Морь гэдэг хүний сэтгэл дагаж хурдалдаг амьтан. Би тэгж бодож бэлгэшээдэг. Намайг ийм сайхан хурдан хүлгүүдтэй учруулж, улсын цолонд хүргэсэн тэр буян заяа бол нутгийн намхан намхан бор толгод, элсэн дундуур чимээгүйхэн урсах гол горхиных юм. Яг үнэндээ би гурван жилийн дотор улсын Алдарт уяач болсон хүн шүү дээ.
-1999 оны даншгаас хойш морь уяхаар шийдсэн гэсэн. Тэгээд хаанаас анх адуу авсан юм бэ?
-Их сонин юм болсон. Зүв зүгээр байсан хүн чинь хамраас цус гоожоод тогтдоггүй тэгээд намар 10 сард эмнэлэгт хэвтлээ. Нэг өрөөнд байсан том толгойтой лам байрын өвгөн нутаг ус асуугаад тэгээд ярьтал бид нэг нутгийнх болж таарлаа.
-Баасанхүү начин байх нь?
-Тийм. Манай аавыг таньдаг гээд нүдэнд харагдтал ярьж байнаа. Бүүр болоогүй аавтай минь цуг архи хүртэл ууж байсан юм байна. Аавтайгаа уулзчихсан юм шиг сайхан санагдаад хоол ундыг нь зөөгөөд сүйд боллоо. Тэгээд яг гарах болсон чинь “за надад сайхан гаанс, сайхан эмээл бий. Чамд зарнаа. Чи их баян болсон гэсэн” гэж байна. Тэр үед хүний хэлсэн үнээр авчих чадалтай байсан юм чинь “за” л гэлээ. Очоод урт гэгчийн гаанс, сайхан эмээл хоёрыг нь авчихлаа. Тэгсэн эмээлийг нь тохох илжиг ч байдаггүй. Хоёуланг нь харахаас цаашгүй.
Тамхи татдаггүй бил үү?
-Татахгүй. Дэмий л амандаа зууна. Жилийн дараа өвгөндөө хэлсэн “за ах нь чамайг адуутай болгож өгнөө. Чи нэг өдөр хэдэн төгрөгтэй хүрээд ир” гэж байна. Тэгэхээр нь 15 сая төгрөг, 10 авдар архитай очоод өвгөнөө аваад Хэнтий рүү гараад давхичихлаа даа. Цэвээндаш бас цуг яваа. Жаргалтхааны ногоон Пүүжээ гэдэг айлд ороод өвгөн маань авдар архи дундаа тавьж байгаад л гэрийн эзэнтэй уугаад байна. Гэрийнх нь гадаа нэг их гоё морь байхаар нь ороод хэллээ. Тэгсэн “битгий солиороод бай наадах чинь гүү байна” гэдэг юм. /тачигнатал инээв/ Морь, гүүгээ ялгахгүй тийм амьтан л уяач болох гээд явж байгаа ш дээ. Дараа нь хашраад доогуур нь тонгойж харж байж хэлдэг болсон. Бас болоогүй нэрэлхүү хүн чинь бантсандаа нөгөө гүүгээ авъя гэсээр байгаад авчихаж байгаа юм.
-Уг нь уях морь хайж яваа билүү?
-Миний хувьд нөгөө эмээлээ тохох адуу л хайж яваа. Харин өвгөн болохоор уячих гайгүй адуу хайж явсан бололтой. Адууг нь харж байгаад нэг морь авах гэсэн эзэн нь “өө чи муу өгөр нүдтэй өвгөн. Хүний ганц өөдтэйг авах гэлээ” гэж байна. Тэгээд гэртээ орцгоогоод архиа уусаар хонолоо. Би ганц адуу авах гэж хонолоо гээд жаахан бухимдангуй байгаа. Тэгж тэгж нөгөө өвгөн чинь “Баасанхүү чи наадахыгаа аваад явж үз, би үхлээ” гэж байна. Шартаж байхгүй юу. Ингээд нөгөө айлаас чинь 700,000 төгрөгөөр нэг гүү, хоёр морь аваад цааш явсаар ахиад нэг айлд очоод адуу авлаа. Ингэсээр байгаад долоо, найман тооны адуутай болчихсон. Мал мэдэхгүй хүн чинь хазаар, ногт юу ч аваагүй. Нөгөө хэдийгээ маллах гэж махаа иднээ. Хэдэн тийшээ зугтаачихна. Араас нь машинаар хөөна. Тэгж явтал тал дүүрэн адуу өвөр лүү орж ирдэг юм. Тууж явсан жаахан залуутай нь мэндлээд “дүү адууны наймаа хийхгүй биз” гэсэн чинь “бүгдийг нь авах бол болно ш дээ” гэдэг юм. Тэгэнгүүт нь буугаад нэг шил архи задалж том жижиггүй бүгдийг нь 50,000 төгрөгөөр тооцож авахаар боллоо. За ингээд эмээл тохох адуу хайж явсан хүн гэнэт мянгат малчин шахуу болчихлоо./инээв/
-Хэдэн адуу байсан юм бэ?
-200 гаруй адуу байсан. Их гоё юм билээ ш дээ. Тал дүүрэн бэлчсэн адууг цөм минийх гэж бодох. Тэгээд нөгөө өмнө нь авсан хэдийгээ нийлүүлээд туулгачихсан. Энд авчраад адуучин байхгүй Улиастайн аманд хоёр гурав хонолоо. Чоно, нохойноос эхлээд хүн амьтан алж идчих гээд хэцүү юм билээ. Тэгж байгаад нэг юм учрыг нь олсон.
-Шарга үрээгээ дараа нь авсан юмаа даа?
-Тэгсэн. Тухайн үед Сүхбат Аварга одоогийнх шиг том босс болоогүй бөх байсан. Тэгээд “хэдэн төгрөгний хэрэг байна. Адуу зарна” гээд ирэхээр нь “үгүй ээ, би олон адуутай” гэсэн. “Чи ав. Чамд л өгье. Гурван сая төгрөг өгөөд өөрөө харж байгаад нэг азарга адуу аваарай” гэсэн юм. Би тухайн үед азарга адуу хэдэн тооны байдгийг ч мэдэхгүй. Тэгээд яахав, дараа нь авъя гээд мөнгөө өгөөд явуулчихлаа. Гэхдээ ганц л юм хэлсэн. Тэр нь “за би очоод энийг энийг авъя гээд заахад үгүй гэхгүй шүү” гэсэн юм. Намайг адуу мэдэхгүй гэж мэдэх болохоор “тэгээрэй” л гэсэн. Тэгэхээр нь би Баасанхүү начингаа дагуулаад очлоо. Адуу урдуур гарахад өвгөн гаансаараа миний суга руу ганц явуулдаг. Би нөгөөдөхийг нь нүдлээд хоцорно. Эрхбиш малын дэргэд өссөн хүнд тэр зэргийг чадвар байлгүй яахав дээ. Тэгээд буцаад эргэхэд нь энийг гэдэг байхгүй юу. Тэгэхээр нь нөгөөх чинь “наадах чинь манай хүүхдийн сэтэртэй юм” энэ тэр гэнэ. Тэгэхлээр нь би уурлаад “чи чинь яасан хаашаа арчаагүй цус вэ” гэсэн “за за ав” гэсэн юм. Ийм маягаар өвгөн бид хоёр наймыг нь сонгочихсон Сүхбат сонин болж байнаа. Тэгсэн Баасанхүү ах “ өнгөтэй өөдтэй болгоныг нь авчихна. Одоо өгснийг авъя” гэдэг юм. Тэгээд л гурван хөгшин гүү нэмээд бусдыг нь өөрсдөөр нь сонгуулаад 16,17 тооны адуу авлаа. Тэгэхэд би Сүхбатын хамгийн сорыг нь авсан юм шиг байгаа юм. Тэгж байтал найман сарын үед “ахиад нэг сая таван зуун мянган төгрөг хэрэгтэй байна” гэж байна. Тэгэхээр нь “за одоо ёстой үгүй” гэтэл нэг унагатай гүү бий. Ёстой хурдан адуу гэж байна. Өмнөх хэдийгээ маллах гэж хэцүү байсан ч найз юм болохоор зүсийг нь асуугаад мөнгөө өгөөд явуулчихлаа.
-Ямар зүстэй гэсэн юм бэ?
-Хүрэн. Сүүлд Иточугийн Энхбатад зарагдсан Одон хүрэн шүү дээ. Хоёр сарын дараа адуу чинь ирлээ гэхээр очсон навсайсан хоёр шарга юм зогсож байна. “өө Сүхбатаа чи хулхидчихсан байна. Энэ чинь шав шар юм байна” гэсэн чинь наадах чинь дутахгүй гэж байна. Шаргыгаа хүрэндээ хүрэхгүй гээд л тэгсэн юм шиг байгаа юм. За тэгээд яахав нөгөөхийг нь их адуундаа гаргалгүй Улиастайд аваачаад тэжээлээ. Манай ээж бараг 90 хүрэх гэж байгаа хөгшин тэжээл будааг нь яг дозоор нь яг цагт нь өгнө. Нэг минут ч өнгөрөөхгүй. Тэгээд хонио эргүүлэхдээ эхийг хөтөлж яваад унагаа араас нь тавина. Нөгөөх нь тэр дороос сум шиг ээждээ очно. Үндсэндээ түрүүлэх жилийнх нь ажлыг тэр хөгшин хийчихгүй юу. Гурван сарын үед аваад ирсэн тамир орчихсон гүү гишгэх гэж үзэж байна. Манай найзууд хараад бараг азарга болчихож гэж инээлдээд. Тэгээд Тангаагаар уяуллаа. Одоогийн уяачдын холбооны тэргүүн Энхболдын Мөлгөр хул, миний хонгор, шарга хоёр үрээ уягддаг. Хонгор нь тэр жил улсад зургаагаар давхисан ш дээ. Шаргыгаа түрүүлчихээр тоогоогүй болохоос биш. /инээв/Анх удаа улсын наадамд морь мордуулах гэж байгааг хэлэх үү Тангаагийн хэлсэн болгоныг нь хийсэн дээ.
-Тод манлай танд ямар үүрэг өгсөн юм бэ?
-Эхний сунгаанд шарга үрээ их хол түрүүлсэн. Дараагийн сунгаанд дахиад түрүүлсэн. Тэгсэн Сүхбатын дуу суларсаар сүүлдээ дуугарахаа байсан. Тухайн үед би “бөх хүн наадам ойртохоор ингэдэг юм байлгүй” л гэж бодсон. Тэрнээс өмнө чинь намайг тэврээд л, хүзүү атгаад “биедээ байхгүй бяртай” энэ тэр гэж хөөргөдөг байсан байхгүй юу./инээв/ Тэгж байтал наадам боллоо, шарга даага түрүүллээ. Наадмын дараа Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдын 80 жилийн ойд түрүүллээ. Сүхбаатарын Алтан-Овоо руу явж байх замдаа Онгон суманд болсон уралдааны бүх түрүүг авлаа. Хэдэн ч айраг авсан юм бүү мэд. Тэгэхэд Дааган Цэндээ цуг явсан. Хүмүүс асуухаар Балбар баяны адуу л гэдэг. Нэрээ хэлэхгүй байгаа. Тэгээд цаашаа элсэн дундуур явсан чинь Цэндээгийн машин эвдэрчихдэг юм. Би аавын цээжтэй явснаараа чирлээ. Цаашаа явсаар Дарьганга орсон Дааган Цэндээ хашир хүн “ээ хүний нутгийн хэц давж буухгүй” гээд наадмын талбайн цаана гарсангүй. Тэгсэн Тангаа “тэнд буулгүй яадаг юм” гээд явчихлаа. Би яахав уяачаа дагаад л Алтан-Овооны цаахна талд буучихлаа. Шарга даага аймаар яг л сум шиг. Дахиад түрүүлэх нь л гэж бодож байгаа юм чинь. Дараа нь Мөлгөр хулд ажил хийж байсан замын ховил руу уначихдаг юм. Бид ч сандраад баахан иод авчирч түрхлээ, спиртээр арчлаа. Нэмэр алгаа. Тангаагийн өмнөөс санаа зовоод “одоо нөгөө Энхболдод нь юу гэж хэлнээ” гэж бодохоор сууж болдоггүй. Манай Баянхонгорынхон хүний төлөө гэсэн сэтгэлтэй өрөвч улс шүү дээ.
-Улсад түрүүлчихээд очоо биз дээ?
-Тэгсэн. Урьд жил нь Төв аймгийн 70 жилийн ойд гурваар давхичихсан. Хурдан сайхан буян зовж байгааг харж чаддаггүй ээ. Тэгсэн нэг хөгшин “үхэр адуундаа эм, адуу үхэрдээ эм” гэж хэлсэн нь санаанд ороод үхрийн баас түүж ирээд 10 литрийн наранд халсан бүлээн усанд хийгээд дээр нь жаахан давс нэмж байгаад амаар нь цутгалаа даа. Тангаа хэл ам, сүүл рүү хатгаад байсан ер цус гарахгүй байсан юм. Жаахан байж байгаад хоёр хүүхэдтэй хамжиж босгоод хөдөлгөөдөхсөн чинь бааж байнаа. Баасаар нь нөгөө элс нь гараад тэгээд гайгүй болсон шүү. Тэгсэн элс идээд түгжирчихсэн байсан байна лээ. Уяачид мэдмээр л юм билээ. Хангай газрын тэжээлийн адуу элсийг хивэг шиг идчихдэг юм билээ. Манай морьд тэгээд идчихсэн байсан.
-Тэгээд Мөлгөр хулыгаа мордуулсан юм уу?
-Мөлгөр хул ясны хурдан адуу. Тийм аймар болчихоод таваар давхисан шүү дээ. Хүнээр бол сэхээнд ороод сэргэсэн гэсэн үг биз дээ. Миеэгомбын Энхболд гэдэг хүн моринд аргагүй хайртай. Тиймдээ ч уяачдын холбоог өдий зэрэгтэй авч явж байгаа юм. Би тэр хүнтэй ерөөсөө л хоёр таарсан. Эхнийх нь 2004 онд улсын наадамд үрээнүүдээ түрүүлгэчихээд нэг Болор тулгаж байлаа. Дараа нь 2007 онд намайг МУ-ын Алдарт цол авахад өрөөндөө уриад мөнгөн аяга бэлэглэж байсан. Адуу бол эзнийхээ сэтгэлийг дагаж хурдалдаг амьтан шүү. Тэр хүн одоо ч морьд нь сайн давхиж байгаа нь морины төлөө гэсэн чин сэтгэлтэй нь холбоотой.
-Шарга даага тань хэдээр давхисан юм бэ?
-Яахаа мэдэхгүй эргэлзэж байгаад Тангаагаас асуусан чинь “ирээд л хэвтэнэ дээ” гэж байна. Тэр холоос энэ сайхан хайрхныг зорьж ирчихээд явуулахгүй бол дэмий байх гэж бодоод мордуулчихсан. Сүүлийн 10-н хэдэн үрээн дотор цогиж явснаа гэнэт л пүн гээд л гараад явчихсан. Бид нар бүр татуулъя гэж ярьж байсныг яана. Тэгээд хойноос явсаар 12-т орсон доо. Одоо эргээд бодоход халааж байгаад мордуулсан бол түрүүлчих байсан юм билээ. Нээрэн тэр үед бас нэг сонин явдал болсон юм байна. Ярьчих уу?
-Ярь. ярь.
-Даага уралдахын урьд орой МУ-ын начин Дашдаваа гэж Сүхбаатар аймгийн ах хүүгийнд орлоо. Хоёр хүү нь аймгийн Арслан цолтой, бас морь уядаг. Гэр лүү нь орох гээд явж байсан уяан дээр нь дэл нь хийссэн нэг их том хар азарга дүүхэлцээд л, цаана нь хариугүй нэг муу хар даага уяатай байна. Нүдэнд тусаад байхаар нь авчихъя гэсэн “чиний шарга дааганы тал байна ш дээ” гэдэг юм. Улсад морь түрүүлгэчихсэн хүн айлд орохоор амьтан сүйд болноо.Тэгэхээр нь ганц, хоёр татчихаад хэл загтнаад болохгүй болохоор нь “миний дүү энэ гадаа байгаа хар даага маргааш айрагданаа” гээд л аваад хаячихлаа. Нөгөө хэд маань төрийн наадамд морь түрүүлгэсэн хүн мэдэж байгаа. Амны билгээс ашдын бэлгэ гээд сүйд болохгүй юу./инээв/Тэгсэн маргааш нь гурваар давхисан даа.
-Нүүр бардам очно биз дээ?
-Эхнээсээ нүдэнд тусаад байсан болохоор нь орой очоод “ахаа би хар бор даагыг чинь авъя” гэсэн “өө тэг тэг, танд өгөлгүй яахав” гээд тэгээд таван сая төгрөгөөр авч байлаа. Миний хамгийн үнэтэй авсан адуу тэр л байх. Мөн түүн шигээ хурдан адуу үзээгүй. Гэхдээ надад ирээд сумын наадамд ч түрүүлээгүй. Нэг бол гараад явчихдаг, эсвэл өөр тийшээ давхичихдаг, үгүй бол хүүхэд нь уначихдаг. Гэсэн хэдий ч арга байхгүй хурдан адуу. Би тэрэн шиг хурдан адуу өнөөдрийг хүртэл хараагүй.
-Алтан-Овоонд морь айрагдуулаагүй ч ганзага дүүрэн л ирж?
-Тэгсэн. Алтан-Овооноос ирчихээд байсан нэг өдөр Тангаа царай нь сонин болчихсон ороод ирлээ. “Шарга даагыг чоно идчихэж үү” гэсэн “үгүй ээ чоно идэхээс долоон дор юм болчихлоо. Хулгай аваад явчихаж” гэж байна. “Тэрийг хэн авдаг юм. Дор нь олно” гэтэл “би ч бараг эзнийг нь мэдээд байна” гэж байна.
-Таньдаг хүн нь юм уу?
-Төрсөн дүү нь. Ногоон Батаа гээд нэг залуу байдаг юм. Тэр хусчихаж. Аваачаад амбаартай хийж цоожлоод дөрөв тав ч хоног хоол өгөөгүй юмуу хоёр биенийхээ сүүлийг юу ч үгүй идчихэж. “Яаж байгаа юм” гэсэн “Сүхбат ёстой хог миний адууг хулгай хийгээд чамд зарчихсан байна лээ. Би одоо адуугаа авна” гэж байна. Нөгөөхийг нь Сүхбатад хэлсэн “чи шүүхэд өгчих наад муу чинь тэгдэг юм. Би шүүх дээр очоод наадахыг чинь талд орохгүй чиний талд орно” гэж байна. Би ч “юу солироод байгаа юм. Яахаараа шүүхэд өгдөг юм, чадахгүй” гээд нөгөө дүүд нь дахиад 1,5 сая төгрөг өгөөд үрээнүүдээ авлаа. Манай Баянхонгорынхны хамгийн тэнэг ч юм шиг, уужуу ч юм шиг цагаан зан уу. Заримдаа түүнээсээ болж их алдана шүү. Үрээнүүдээ авчраад ахиад Тангаагаараа уяуллаа. Эд нар муухай юм хийсэн улс шүү. Би энийг хэнээс ч ичихгүй ярина. Үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй. Дараа жил нь нэг барилддаг залуу надад “Олонбаяраа чиний хоёр адуун дээр чинь ажиллагаа явагдаад байна” гэж байна. Би ч “чи юу солиороод байгаа юм угаасаа ажиллагаа явуулж байж л хурдална ш дээ” гээд л өнгөрлөө. Тэгсэн үнэхээр хорлоод байсан юм билээ л дээ. Урьд жил нь улсын наадамд даагаа түрүүлэхэд уйлаагүй хэрнээ хойтон жил нь газар самардаад жинхэнэ уйлсан даа. Моринд хайртай эр улс тийм юм үзмээргүй юм билээ.
-Яагаад та тэгж бодсон юм?
-Бодох биш болсон явдал байхгүй юу. Тэр жил Иточугийн Энхбатад өгдөг хүрэн үрээ дөрвөөр давхисан. Хэрвээ миний үрээнүүдийг сайн уяачихвал хүрэн үрээ айрагдахгүй ш дээ. Тэгэхээр албаар нэгийг нь чөлөөтэй идүүлээд, нөгөөг нь болохоор хасаад хоёуланг нь айргаас мулталчихгүй юу. Тэгээд анх надад өгөхөөр яриад унждаг хүрэн үрээгээ айрагдуулж наадмын дараа Иточугийн Энхбатад 25 саяар зарсан. Тэр хор бүр эртнээс эхэлсэн билээ л дээ. Би л мэдэхгүй байхгүй юу. Шарга даага сунгаануудад түрүүлэхэд Сүхбат дуугарахаа байсан гэж ярьсан шүү дээ. Тэр үеэс эхлээд муугаа өгөх гэсэн сайнаа өгчихөж яаж авахав гэж бодоод л явсан юм билээ. Тэгээд дараа нь дүүгээрээ хулгайлуулж дахин мөнгө авч үзээд бүр болохгүй болонгуут сайн үрээнүүдийн хоолоор тоглочихож байгаа байхгүй юу.
-Таны үрээнүүд хэдээр давхисан юм бэ?
-Нэг нь 12, нөгөө нь 15-аар орж байсан. Бизнес хийдэг хүн их гярхай байдаг ш дээ. Эргээд бодсон хүүхэд мордохдоо хүртэл нэг сонин байсан санагдаад тэгэхээр хэдэн хундага архи уучихаад Аваргын гэрт яваад очсон. Гэр дүүрэн хүмүүс сууж байна. Зуухандаа гал түлчихэж. Тэгэхээр нь өшиглөчихсөн. Тэгсэн хоёр бөх намайг гүрвэл барьж аваад шидчихэж байгаа юм чинь. /инээв/ Түүнээс хойш гурав хонолоо. Хоёр үрээ маань бодогдоод болдоггүй. Тангаа руу ярьсан чинь Сүхбат адууг чинь аваад явсан гэдэг юм. Сүхбат руу залгасан “битгий хуц, чи миний аварга авсан гэрт агсам тавьсан. Би өөрийхөө адууг авсан” гэж байна. Тэгэнгүүт бодоод байсан мөнгө өгөхдөө ямар ч баримт аваагүй. Зүгээр л найз гээд бэлэн тоолоод өгчихсөн. Гэтэл адуун дээр нь Сүхбатын тамга байгаа.
-Түрүүнээс хойш хоёр үрээ гэж яриад байх юм. Шарга нөгөө нь...?
-Дашдаваа начнаас авсан бор үрээ. Бор үрээг авах гээд таван саяыг өгөх гэтэл Тангаа “надад мөнгийг нь өгчих. Би машинаа өгчихье” гээд авсан юм. Тэр үед Тангаагаас бас баримт энэ тэр аваагүй. Ингээд бодохоор шүүх цагдаа гэвэл хоёулаа Сүхбатын адуу болчих гээд байхаар нь Буяндоржийгоо гуйлаа. Тэгээд яваад очсон шөнийн гурван цагт аймаар тарган хонины гэдэс чаначихсан. Нөгөө миний өгсөн мөнгөөр байшин барьчихсан Баясаатайгаа сууж байна. Намайг гөлөөг ч гэж үзэхгүй. Би үүдэнд нь нэг ийм юм суугаад л байгаа. Буяндорж л яриад байгаа. Тэгж тэгж “за яахав зарлигаа өөрчлөхөөс” гэж байна. Тэгээд л давхиж очоод хоёр үрээгээ аваад Дааган Цэндээ дээр очсон. Тэр үед шарга үрээний эх шарга гүүг эсгий, эсгий гутал үйлдвэрлэлийн захирал Баатарцогтын буурал азарганд хураалгаад хөөрхөн унага гарчихсан. Бас Сүхбат надад бэлгэнд өгсөн сайхан буурал гүү байсныг бас аваачаад өгчихлөө. Ингээд наадамд явчихаад ирсэн чинь шарга гүүг бугуйлдаж унаад буурал гүүг хөтлөөд явчихлаа гэж байна. Гэнэт уур хүрээд залгасан ”чи хаана байна уулзъя” гэсэн “тэгье” гэнэ. Уур хүрээд хутга, буу агсаад очлоо доо. Тэгсэн муу санаатай хүн чинь “хөөе хөгшөөн хоёулаа муудалцаж болохгүй. Сайхан яръя. Хөгшин нь шаргаа худалдаж авъя” гэж байна. Яахав би тайвширчихгүй юу. Тэгээд “чи шарга гүүг яах гээд байгаа юм” гэсэн “хөгшөөн би бодоод байсан энэ чинь миний сүрхий угшилтай адуу юм байна. Би чамд буруугаа өгчихөж” гэнэ. Тэгэхээр нь таван сая төгрөг аваад өөрийнхөө бор үрээг аваад буцсан. Би харамч хүн биш. Харин манай нутгийн уул ус нэхэл хатуутай. Тэр явдлын өмнөхөн улсад түрүүлдэг шарга үрээний эх шарга гүү болон надад бэлгэнд өгсөн буурал зэрэг Сүхбатын долоон адууг аянга ниргэчихсэн юм билээ. Тэгээд арай зөөлөрч надтай наймаа хийе гэж байхгүй юу. Хүн хийсэн үйлийнхээ үрийг хэзээ нэгэн цагт амсдаг гэдэг үнэн шүү. Өнөө шарга үрээг өгсөн нь ч болсон юм. Тэрний дараа буурал морь маань над ирсэн.
-Шарга үрээ айрагддаг билүү?
-Тийм. Хэний билээ дээ нэр дээр уралдаж аман хүзүүдээд түүнээс хойш дахин давхиагүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд манай Баянхонгороос хэзээ нэгэн цагт шарга азарганы төл хурдан адуу гарна шүү. Чухам хэн гэдэг аавын ямар хүү уяж тодруулах юм байгаа юм.
-Яагаад ингэж хэлж байгаа билээ?
-Шарга азарга 2009 онд Ламын Гэгээний даншигт очиж уралдаад 51-т давхисан. Наад талын овоон дээр буугаад үзсэн шарга азарга нь байдаггүй гэнэ. Хаачив гэсэн чинь үхчихсэн байж. Тангаа тэр дор нь ээж рүүгээ яриад “шарга азарга үхчихлээ” гэсэн чинь “наана чинь нөгөө Олонбаяр явсан уу? гэж асууж. Би морь уралдаагүй ч очсон юм чинь. “Тийм” гэсэн чинь ээж нь “аюултай юм болж. Юутай ч толгойг нь өргө” гэсэн юм билээ. Тэгээд толгойг авч овоон дээр тавьчихаад явсан гэсэн. Тэр шарга азарга Баянхонгорт үлдсэн.Үлгэр, домог шиг сонсогдож байж магадгүй л дээ. Гэхдээ шарга азарганы сүнс манай нутагт үлдсэн.
-Хээр морио хэдэн онд авсан гэдэг билээ?
-2006 онд. “Морьт хангай” группийн ерөнхийлөгч Эрдэнээ гэж моринд дуртай залуу бий.Надаас олон дүү л дээ. Моринд чамлахааргүй хөрөнгө хаясан хүн. Тэрэнтэй цуг Сүхбаатар руу Цайрт минералын уурхайг үзэхээр очсон юм. Замд дугуй хагарч энэ тэр болсоор өглөө нэг айлд очлоо. Нөгөөдөх маань цаашаагаа явах гээд би болохоор замд жаахан уучихсан шараа тайлчихмаар байдаг. Тэгж байсан нэг айлын хашааны дээгүүр гурван адууны толгой цухуйж байнаа. Яваад орсон нэг өндөр шар нөхөр байна. Өглөө дөнгөж зургаа болж байхад хэдэн хүүхэд нь тэрүүгээр энүүгээр гүйгээд. Эхнэр нь эзгүй байгаа бололтой мань хүн цайгаа самраад л. Тэгэхээр би өөрөө бууж үлдээд нөгөөдөхөө уурхай руу нь явуулчихлаа. За тэгээд л хоёр морьтонгоо гаргаж ирээд уржнангийн улсад түрүүлдэг шарга үрээний эзэн байна гэсэн чинь гэрийн эзний нүд сэргээд л явчихлаа. Зуу татсан бие ч тавирлаа. Нөгөө нөхөр үхрийн фермтэй юмуу даа. Гадаа байгаа адууг харъя гээд гарсан хээр морь их туранхай юмаа. “Зарах уу” гэвэл “зарна” гэнэ. “Хэд юм” гэсэн чинь “өө хамаагүй ямар давхиж барьсан биш өөрөө мэдээд өгчих” гэж байна. Тэгэхээр нь хоёр, гурван сая төгрөг өгөхөд болох юм байна гэж бодоод суутал архины чимээнээр баахан улс ороод ирлээ. Бараг 10, 20-иод улс байсан байхаа. Нөгөө хэдэд нь 200.000 төгрөг тараагаад өгчихлөө. Бурхан дээр нь хоёр сая таван зуун мянган төгрөг тавьчихлаа. Тэгээд гэрийн эзний царай руу харсан чинь нүд нь гэрэлтээд янзын байнаа. За болчихож дээ гэж бодоод “наймаа сайхан боллоо” гээд портертой хүүхэд дуудаж 500.000 төгрөгөөр хөлслөөд ачих гэсэн нэг л сонин байнаа. Тэгэхээр нь эзнээс нь асуулаа. Баатархүү гэдэг юм байна. “Хээр морь яачихсан юм нэг оёг байна” гэтэл “наймаа буцахгүй биз” гэж байна. Тэгэхээр нь “үгүй ээ, үгүй. Хаалгаар гарах л юм бол би наймаагаа буцаахгүй. Харин хаалганы наана үхчих юм бол хэцүү шүү дээ, хөгшөөн” гэтэл “уг нь хурдан байсан юмаа. Би сая Дарьганга руу ачиж яваад замдаа унагаачихсан юм” гэдэг байгаа.
-Машинаас уу?
-Одоо мэдэхгүй. Машинаас юмуу, уралдаж байгаад унасан юм уу мэдэхгүй. За тэгээд авчраад эмчилгээ хийлээ дээ. Яг хүн үзсэн. Өвчний түүх нээгээд төдөн цагт тийм яриа хийсэн гээд л бичдэг. Тэгж долоон хоног эмчлээд адуун дээр гаргахдаа хүмүүстээ “15 саяар авсан адуу шүү. Сайн харж байгаарай” гэж хэлсэн юм. Тухайн үед манай адууг Баасанхүүгийн Ганаа гээд хүн малладаг. Зун зургаан сард яваад очсон ихээ аятайхан болгочихжээ. Надад хэлэлгүйгээр Төв аймгийн Алтанбулагийн ойд уралдуулсан чинь баян ходоод болоод “15 саяар ийм адуу авч байдаг” гээд уурлаж байсан гэдэг. За тэгээд зун нь улсын наадамд мордууллаа. Их нас будилсан. Та бүхэн мэдэж байгаа. Тэгсэн миний хээр эхнийхэд нь гурав дээр явж байгаад хүүхэд нь уначихсан байсан. Дараа нь морио хайгаад байсан нэг цэрэг барьчихсан “ах мөнгө өгөөрэй” гэж байна. Тэгээд хэдэн төгрөг өгсөн “ахаа таны морь хурдан юм билээ. Хүүхэд нь гурав дээр явж байхад нь үсэрчихсэн ш дээ” гэдэг юм. Тэгээд намар ахиад уралдсан. Гэхдээ эмчилгээ нь арай дутуу байсан байна лээ. Морь уяснаас хойш миний ганц сурсан ажил бол эм тариа, тэжээл будааг нь яг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өгдөг болсон. Үүнийгээ би хаана ч хэлнэ. Тэгээд намар нь дахиад 14 хоног эм тариа хийгээд л нам болгосон доо. Дараа жил нь хээр морь хавраас эхлээд 10 уралдаж, бүгдэд нь түрүүлж, айрагдсан ш дээ.
-Дүнжингаравын хурдаас эхэлсэн байх?
-Хавар Увсын галын наадмаас эхлээд хэд хэд уралдсаан. Тэгсэн “Дүнжингаравын хурд”-д тавлаад, улсын наадамд дөрвөлж, “Их Хурд”-д гурваар давхисан. Уг нь “Их хурд”-д түрүүлсэн ш дээ. Манай Цэндээ ч гэсэн давхар уяан дээр нь маш сайн уясан. Улсын наадамд дөрвөөр давхихад нь Цэндээ “би энэ хээр морийг “Их хурд”-д айрагдуулнаа” гэж байсан. Түүндээ ч хүрсэн. Тэрэн дээр нь би Цэндээг их үнэлсэн шүү.
-Архангайн хээрүүдийг замаас орсон л гэлцдэг?
-Арга байхгүй үнэн. Тэгээд морио цоллож чадахгүй гурван цаг болсон ш дээ. Өсөхбаяр Аварга чинь морьдынхоо медалийг нь аваад явчихсан. Нөгөөдүүл нь очоод авчихаж чаддаггүй. Тэгж байсан Иточугийн Энхбат, Үнэнбүрэн эд нар ирээд “за Олонбаяраа чи залуу хүн. Бид нар ойлгож байна. Хэрвээ чи зөвшөөрөх юм бол хэл ам гаргалгүй морьдоо цоллчихъё” гэсэн. Би яахав “та нар өөрсдөө л мэд” гэсэн. Манай Цэндээ харин дургүй байсан. Пи... хүртэл дуудаад л. Тэгээд цоллуулах гээд хээр морио хөтлөөд зогсож байсан чинь намайг толгойгоор сэжээд шидчихдэг юм. Би бүр нөгөө хоёр хээрийн нэгний тэнд унасан ш дээ. Уурласан л байх хөөрхий. Тэгэхээр нь мориныхоо толгойг илээд “хээрээ чи залуу, би залуу байна. Хоёулаа дахин зөндөө уралдана. Энэ наадамд чи түрүүлсэн” гэсэн чинь нам зогсчихсон. Адуу айхтар ухаантай амьтан. Тэгээд тэндээсээ Өмнөговь руу явсан. Ганц айраг ч аваагүй. Тэгээд буцахдаа хээр морио хүний машинд ачаад явуулчихсан чинь хүмүүс дэл, сүүлийг нь зулгаагаад хогийн шүүр шиг болгочихсон байсан. Тэр үед өөртөө их дургүй хүрч, харамсаж байлаа.
-Монгол улсын хамгийн том гурван уралдаанд айрагдсан адууг амраачихгүй?
-Харин наадахыг чинь өөртөө хэлж харамсаж явдаг юм. Тэгсэн дараа нь Цэндээ авч яваад Сайхансамбуугийн наадамд уралдуулахдаа тарваганы нүх рүү оруулаад хөлгүй болгочихсон байсан. Нөгөөхийг нь засаад Дүнжингаравт уралдуулсан. Бэртэл сэдрээд бүр уралдах аргагүй болсон. Тэгээд хоёр жил огт уралдуулаагүй. 2010 оны хавар Өлзийтөд болсон Увсын галын наадамд түрүүлээд, дараа нь Дүнжингаравт уралдсан. Төв аймагт болсон тэр наадам хачин их мөстэй байсан шүү дээ. Эхлээд азарга уралдсан. Олон азарга доголчихсон. Тэгээд эргэлзэж эргэлзэж Цэдэв ахаас асуусан “мордуул, мордуул” гэнэ. За тэгээд л тавьчихлаа. Хамгийн сүүлд гарч сум шиг зүсэж явсаар овооны орой руу ороод уначихсан. Би ёстой тэгж уйлж үзээгүй. Хээр морио хараад үнэхээр нулимсаа барьж дийлээгүй. Яс нь гараад ирчихсэн. Ингэж зовоож байхаар л гэж бодогдсон. Гурван өдөр уйлсан даа. Тэгж байгаад дахиад ноцолдсон. Хоёр жил ноцолдоод цоо эрүүл болсон. Тэгээд би хээр мориндоо” би чамайг одоо хэзээ ч уралдуулахгүй ээ” гэж амласан юм. Хүмүүс сайхан болчихож мордуулчихаач гэдэг. Би шийдвэрээсээ буцаагүй. Ер нь тэрнээс хойш халшраад байдаг болсон доо. Надаас илүү зовлон үзсэн уяачид олон бий байх. Би бол чадахгүй юм билээ.
-Одоо бий юу?
-Байхгүй ээ. Дахин уралдуулахгүйгээ хэлээд нутаг руугаа явуулах гэж байсан зүгээр байж байгаад үхчихсэн. Сонин шүү.
-Харамсалтай юм. 2007 оны Боржигоны бүсэд айрагддаг шарга үрээ хаанахын адуу вэ?
-Баасанхүү начны унаган адуу. Надад эхтэй нь бэлэглэсэн юм. Тэр жил улсад түрүүлсэн Сувдан зээрдийг чинь ганц дийлсэн адуу шүү дээ. Бичлэг харах юм бол гарсан цагаас Цагаан хөтөл хүртэл ганцаараа хөтөлсөн. Нэг их том цагаан дэлтэй гоё шарга үрээ бий. Даанч хөтөл даваад уяа руугаа хадуурчихсан. Тэндээсээ төвийн бүсэд очоод дөрвөөр давхисан. Уг нь Олонбаярын адуунд хурд бий шүү. Энэ сахалтай нөхөр л хэргийг нь гаргахгүй байгаа болохоос биш. Морь гэдэг адуу амьтан ш дээ. Монгол хүний зүрх сэтгэлд хүрч жинхэнэ утгаар нь огшоодог ганц зүйл хурдан морь. Үүнтэй маргах хүн байхгүй байх.
-Төрийн наадмын түрүү Зоос борын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Цэдэв ах Баянхонгор руу явуулах гээд арав гаруй адуу бэлтгэчихсэн. Зарим нь манай дээр байсан юм. Тэгсэн навсайсан бор даага үлдчихгүй юу. Ямар ялгалтай биш адуу тэжээхдээ овъёос өгсөөр байгаад хөөрхөн бондойгоод ирлээ. Боржигоны даншигт шарга үрээг дөрөвлүүлэхэд шүдлэн үрээ уралдаад хойхнуур давхисан. Гэхдээ би тэрнээс өмнө хурдан гэдгийг нь мэдчихсэн. Цэдэв ахад яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм. Сунгаанууд дээр их хурдан байсан л даа. Тэгээд тэр уралдаанд эхний 10 дотор явж байгаад 22-оор орохоор нь “үгүй ээ Цэдэв ахаа та нээрээ ёстой хог авч явах юмаа. Ёстой хэрэг алга. Ийм юмаар яадаг юм та” гэсэн “үгүй ул нь хурдан л байх ёстой юм даа” гэж байна. Тэгэхээр нь албаар нөгөө 22-т орсон гэсэн бичгийг нь үзүүлээд ганц нэг хундага юм уугаад ярьж суухдаа “энэ бор үрээг чинь би авъя” гэвэл “гурван сая” гэж авч байна. Тэгэхээр нь 1,5 саяар авсан. Тэгээд яг хээр мориныхоо технологиор намар есөн сараас эхлээд хавар гурав, дөрвөн сар хүртэл гардсан. Би чинь мориндоо амьтны гаралтайг ч өгнө, ургамлын гаралтай ч өгнө. Ингээд ид сайхан болж байсан чинь Буяндорж ирээд “найз нь чухал ажил хөөцөлдөөд байна. Чи нэг аятайхан адуу өгөөдөх” гэхээр нь өгчихсөн. Тэгээд л тэр жилээ түрүүлсэн дээ. Магадгүй над дээр байсан бол тэгж сайхан амжилт үзүүлэхгүй ч байсан юм бил үү. Ямар ч байсан тэр сайхан хурдан буянгаар хэсэг ч гэсэн овоглож явсандаа баярладаг шүү.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй хуучилсан Алдартдаа баярлалаа. Нутгийнх нь уул ус мөнхөд түшиж явах болтугай.
-Баярлалаа. Хонгор нутгийн маань дүү, бүсгүй хүн ийнхүү хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулж, тэр хэмжээгээрээ ажил үйлс нь өөдрөг яваад ах нь баярлаж явдаг. Морины төлөө явсан хүнд заавал буян нь ирдэг. Миний дүүг хурдан морины босоо цагаан хийморь мөнхөд ивээж хайрлаж явах болтугай. Ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна