АЛТАЙ НУТГИЙН АЛДАРТ УЯАЧ, АХМАД ДАЙЧИН ДЭЛГЭРИЙН ТУВААНЖАВ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 04 -нд

Дөрвөн туурайн гишгэгдэл нь цэцэгт буусаар тэнгэрийн тоостой өрсөлдөн цахилж ирэх хулангийн удамт хурдан хүлгийг уяж, сойж уралдуулна гэдэг хэн хүний хийж чадах ажил биш ээ. Уясан ажнай хүлгүүдээрээ нэгэн жарны турш нутаг усныхандаа шагшигдсан Дэлгэрийн Туваанжав хэмээх буурал Халиун сумын тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг.
Улсын Алдарт уяач Д.Туваанжав 1920 онд тэр үеийн Засагт хан аймгийн гол хошуу өнөөгийн Говь-Алтай Халиун сумын  Дунд голын аманд тайж Дэлгэрийн хүү болон төрж адууны салхинд боргошсон хүн. 10 настайгаасаа хурдан морь унаж, эцэг эхдээ туслан мал маллан, тариа тарьж явсан тэрээр 1941 онд цэргийн албанд мордож Завханы 32 дугаар морьт хороо, Матадын 8 дугаар морьт дивизэд тус тус алба хаан салааны туслах, хүнд пулемётын тасгийн дарга хийж байжээ. Улмаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Долнуур чиглэлээр давшин Хятадын Цагаан хэрэм хүртэл байлдаж явсан ахмад дайчин юм. Түүний эх орны чөлөөлөх дайнд оролцсон гавьяа зүтгэлийг үнэлэн Зөвлөлт-Монголын  “Бид ялав” медаль, Байлдааны Гавьяаны улаан тугийн одон болон бусад медалиар шагнагдаж явжээ.
Ийнхүү хорин хэдхэн насандаа эх орныхоо төлөө бие сэтгэлээ зориулж  явсан  Д.Туваанжав монгол ямааг янгиртай эрлийзжүүлэн шинэ үүлдэр гаргаж авах судалгааны ажилд Гомбын Базартай хамтран ажиллаж явсан бөгөөд Г.Базарыг биологийн ухааны доктор цолыг хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөөс тэр хийсэн бүтээсэн үлдээх мөртэй явсан хүн. Алдарт уяач цолыг 1994 оны 7 сарын 9-нд аймгаасаа анх удаа хүртжээ. Олондоо “Оожоо” хэмээн авгайлагдсан энэ хүний уясан шандаст олон хүлгүүд аймаг, сумандаа түрүүлж, айрагдаж хурдалж явсан удаатай.
Оожоогийнх хурдан удмын 20 гаруй адуутай. Тэрээр морьдынхоо тухай хуучлахдаа:
Манай хээр морь анх Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийг байгуулагдсаны баярт зориулсан их насны морьдын уралдаанд түрүүлсэн.
Хээр морийг одоогийн философийн ухааны дэд доктор, дипломатч Ч.Даваадаш унаж уралдуулсан юм даа. Халиун сум ажил амжилтаараа олондоо гайхагдсаны нэгэн адил миний хээр морь энэ баярт торгон жолоо өргүүлснээс хойш аймгийн наадамд гурав түрүүлж, дөрвөн удаа айрагдсан хэмээн хуучилж байсан удаатай. Буурал Алдарт амьд сэрүүн ахуйдаа /1996 онд/аймгийнхаа сонинд өгсөн ярилцлагыг уншигч танаа сийрүүлэн хүргэж байна.
МОРЬ УЯНА ГЭДЭГ ТАНИХААС ЭХЭЛДЭГ
-Таны нас сүүдэр хэд хүрч байна. Хэдэн жил морь уяв даа?
-Гал хулгана жилийг 77-ны нас сүүдэр зэрэгцэж угтлаа. Жаран жил морь уяж, хөлсийг нь хусав шив дээ. Одоо ч зөвлөгөө өгдөг хүн болж хувирлаа.
-Таны адуу хаанахын угшил вэ. Хурд олонтой юу?
-Манайх өөрийн унаган адуутай айл. Гэхдээ хүмүүсээс хурдан адуу худалдаж авна аа. Нийтдээ хурдан удмын 20 гаруй адуутай. Хурдална гэж бодож байгаа дөрвөн морь бий. Голдуу бага насных л даа. 
-Уржнан танай суманд таны нэрэмжит бага наадам болоход их насны морьдын уралдаанд аман хүзүүдсэн хүрэн морийг таных гэж байсан...
- Тийм ээ. Урд нь огт уяж үзээгүй морь л доо. Ноднин аймагт уясан чинь аравт хурдалсан шүү.
-Танай хээр морийг жараад онд аймагт хоёр түрүүлсэн гэж бичсэн байна лээ. Гэтэл гурав түрүүлсэн гэлцэх юм. Энэ ямар учиртай вэ?
-Хээр морь аймгийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан л даа. 1963 онд түрүүлснийг нь будилуулаад байх шиг байгаа юм.
-Яагаад будилсан юм бол оо?
-Тэр жил манай аймгийн наадамд Завханаас морьд ирсэн юм. Манайх л болсон хойно гадны морьдыг гадуурхаж түрүүлүүлэхгүй санаатай байхгүй юу. Гэтэл манай хээр морь түрүүлээд ирлээ. Тэгсэн чинь морь баригчид манай хээрийг Завханы морь гэж андуураад зориуд будлиулсан юм байна лээ. Тэр үедээ бөөн л юм болж байсан.  Уг нь түрүүлсэн морины пайзыг манайх авсан байсан л даа. Тэр үед одооных шиг медаль гэж байсангүй. Заримдаа үнэмлэх өгнө, заримдаа өгдөггүй байсан үе шүү дээ. 
-Хээр морио сумандаа уяж хурдлуулж байв уу?
-Гурван удаа уяхад гурав түрүүлсэн. Нийтдээ найман удаагийн түрүү авсан морь байгаа юм. Анх нэгдэл буй болоход түрүүлсэн. Дараа нь Цээл суманд таван сумын фестиваль гэж болоход сум бүрээс таван морь ирснийг 40 км-т уралдуулахад түрүүлж байлаа. Манай хээр морь гараагаараа л явна. Ер нь гараа сайтай морины гарааг хорьдог буруу. Ааш зан сайхан, хөөрнө гэж байхгүй. Хөөрнө гэдэг уяа нь таарахгүй байгаагийн шинж. 
-Аймаг сумын наадамд хээр мориноос өөр хурдалсан ямар, ямар морьд байна вэ?
-Нэг халиун морь аймагт гурван насанд айрагдсан. Их насанд сумандаа гурав түрүүлж, дөрөв айрагдсан. 1986 онд Цээл сумын ойд түрүүлсэн. Бас нэг морь бага насандаа хоёр айрагдаж байлаа. Шагай хээр, халтар сайн давхидаг, айрагддаг морьд байсан. Тэр жил би аймгийн наадамд хээр морио уяж түрүү авчихаад ирсэн чинь сумын наадамд саарал морь минь түрүүлчихэж. Хамгийн сонирхолтой нь манай хөгшин уясан юм. Энэ үеэр Туваанжав гуайн гэргий С.Жавзан ярианд оролцож:
-Миний морь уях гэж юу байх вэ. Манай хүн“ саарал морь аймагт нэмэргүй” гээд орхичихсон юм. Тэгэхлээр нь гаднаа аргамжиж байгаад наадмын урд орой хүмүүст өгөөд явуулсан чинь түрүүлчихдэг байгаа гэв.
-Та сумын төвд алба хашдаг байсан хүн. Төв суурингийнханд морь уях чөлөө хэр олддог байв?
-Чөлөө олдохгүй, олдохгүй. Харин Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү нэгдлийн дарга байхдаа “Туваанжав хурдан морьтой хүн” гээд надад чөлөө өгдөг байсан юм. Би нярав, агент зэрэг ажил голдуу хийсэн дээ. Сумандаа бас гайгүй анчинд тооцогддог гадаадынханд зуучилдаг байлаа.
-Таныхаар бол хурдан морины шинж ямар байх ёстой вэ. Нууц биш бол гол гол шинжээс нэрлэхгүй юу?
-Эхлээд толгойг нь харна. Хатингир толгойтой, чихний уг бүдүүн, үзүүр хурц, чамархай хонхор, арьс нимгэн, сагаг богино, хөл нарийн, шөрмөсний хий гүнзгий, салтаа уужим, борви эгц, шингэн үстэй, хавирга нь бөөрөнхий бөгөөд олон, хамар уужим, эргүүлэг олонтой, эгц өмнөөс нь харахад тойг нь урд хоёр хөлийнхөө гадуур гарч харагддаг. Бас дотрын шинж гэж бий. Мэдээж уушиг сайтай байж таарна. Зүрх сайтай морины нүд хар буюу хүрэн улаан байдаг.
-Уяач хүнд морь уяж байхдаа цээрлэх зүйл гэж байх уу?
-Байна аа. Хүмүүстэй маргах, ан гөрөө хийхгүй, айл хэсэх архи уух хориотой.
-Танай хүү “Ентүм” компанийн захирал Т.Гантөмөрийн хүрэн морь 1994 онд аймгийн наадамд түрүүлсэн. Ер нь хэр зэрэг хурдан морь вэ?
-Манай сумын Чацаргана багийн Жамсрангийн унаган адуу үнэхээр хурдан хүлэг. Би даага байхад нь авах гээд чадаагүй юм. Хязааландаа билүү, аймгийн 50 жилийн ойд түрүүлсэн. Манай хүү авч нас нийлсэн жилээ аймагт торгон жороо өргүүлсэн дээ. Өнгөрсөн жилийн Сар хайрханы наадамд найдлага тавьж байсан. 
-Хурдан удам гүүгээ дагадаг уу, азаргаа дагадаг уу?
-Адуу эх талаа илүү дагадаг. Тэгэхээр сайн гүү олж авах хэрэгтэй юм билээ.
-Өөр аймагт ч юмуу Улаанбаатарт очиж наадаж байв уу. Улсын нэртэй, цуутай уяачдыг хэр таних вэ?
-Аймгаасаа гадагш гарч үзээгүй ээ. Сайн уяач, шандастай хүлгийн талаар сонсож дуулах л юм. Уулзаж учирч байсангүй. Харин Алдарт уяач Гэсэрваанийг танина. Манай сумын хүн төдийгүй, манай хөгшинтэй ах дүүгийн хүүхэд.
Галшар, Тэсийн унагыг хурдан гэлцэх юм. Бигэрийн Д.Пүрэвдоржийн Галшар удмын хүрэн азарга /Сар хайрханы наадамд азарганы уралдаанд айрагдсан/-ийг харсан. Ай даа, мөн сайхан амьтан байдаг шүү. 
-Жилийн дөрвөн улиралд хурдан морийг яаж арчлах ёстой вэ?
-Өвөл унах онц биш. Гэм согог суусан бол хөлдөөнө гэж бий. Харин хавар ногоонд цатгаад унана. Гэхдээ хангай, говийн онцлог гэж бий. Өөрөөр хэлбэл байгаль цаг агаар өөр, идэш нь ондоо шүү дээ. Говийн морийг хангайд уявал давхина. Харин хангайн морь говьд гавихгүй. Гэхдээ уяачаас шалтгаална. Морь уяна гэдэг морио танихаас эхэлдэг. Сайн морь гээд таамгаар уявал аварч ч мэднэ, алж ч болно. Би намар морь уях дургүй, өвөл бүр ч уяхгүй.
-Та өвөл морь унах онц биш, түүгээр ч барахгүй уяхгүй гэлээ. Гэтэл өвөл морь уралдуулах боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Өвөл морь уралдуулдаг ёс байдгийг мэдэхгүй. Харин уядаггүй морьдоо ойр зуур үсэргэж хийморио сэргээж болох. Гэхдээ нутаг нутгийн онцлог гэж байлгүй яахав. Манай энд өвөл морь уях хэцүү.
-Зүүн аймгийн морь улсад уралдаж байна. Баруун аймгийн морьд очвол хэр зэрэг давхих бол?
-Монгол орны хаана хурдан морь байна вэ гэдгийг олж болно. Өөрөөр хэлбэл хэдэн км-т хэдэн минут, хэдэн секунд давхив гэдгийг мэдэхэд болно. Түүнээс Улаанбаатарыг тойрсон хэдэн аймаг, хэдэн сумын морь жил бүр улсад түрүүлж айрагдсанаар монголын хурдан хүлгийн баримжааг тооцно гэвэл өрөөсгөл санагддаг. 
-Танд баярлалаа урт удаан наслахыг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна