Монгол Улсын Манлай уяач Л.Батмөнх: Уяач хүн морио үнэн сэтгэлээсээ арчлах хэрэгтэй
Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Лхагвын Батмөнхийн дэлгэрэнгүй ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. "Гацуурт" компанийн Л.Чинбатын ах гэдгээр нь уншигч та бүхэн андахгүй биз ээ.
-Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Би малчин хүний хүүхэд. Багаасаа ижий, аавдаа тусалсаар, мал маллах арга ухаанд суралцаж, хүний зэрэгт хүрсэн. Намайг багад манай сумын гурван хурдан хүрэн азарга аймгийн баяр наадамд дарааллан ирж, нутгийнхаа нэрийг дуурсгаж байлаа.Тэр үед ийм сайхан хурдан хүлгүүдтэй болох юмсан гэж битүүхэн мөрөөддөг байж билээ. Тэрхүү хүсэл мөрөөдөл минь сэтгэлийн мухарт хадгалагдсаар хожмоо адуу өсгөж үржүүлэх болсон.
-Тэгвэл та чинь эртний уяач байх нь ээ?
-Яг морь уяж эхэлсэн нь 1993 он. Аймгийн Алдарт уяач Дүгэрцэрэнгийн Цогбаярын хамт Завхан аймгийн Шилүүстэй сумаас Тод халтар морио анх авч байлаа. Тэр жилдээ Говь-Алтай аймгийн баяр наадамд 224 морь уралдахад, Тод халтар 16-гаар давхиж урам нэмсэн. Гэсэн хэдий ч улсын ажилтай, чөлөө зав муутай байсан учраас яг гардан уяж чаддаггүй байснаа нуугаад яахав.
-Хаа хаанаас ямар удам угшилтай морьд авч байсан бэ. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Ц.Баттулгаас даага, хязаалан авсан.
-Бэлэглэсэн юм уу?
-Тэр хоёр үрээ маань Өвөрхангай аймгийн 70 жилийн ойгоор нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь дөрвөөр давхин магнай тэнийлгэж байлаа. Мөн дараа нь Бат-Өлзий сумын болон багийн наадамд уралдуулж нэлээд олон айраг, түрүү авсан. Сайхан хурдан буянгууд байсан шүү. Орон нутагт наадаж байгаад 2007 оноос томоохон наадамд уралдмаар санагдаад “Босоо хүлэг” галд гишүүнээр орсон. Тэр намар нь Тод манлай уяач Батсайхан, Мөнхбат бид гурав зүүн бүсийн аймгуудаар явж Дорнодын Матадаас нэг азарга авсан. Тэгж явахдаа би Бэхбатын Бэххуяг гэдэг залууд нэг хурдан азарга байдаг тухай дуулсан юм. Өнөөхийг нь авмаар санагдаад болдоггүй ээ. Ингээд хэд хэдэн хүнээр яриулж байж Мөлүү хүрэнгээ өөрийн болгож байлаа.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн тань дээр ирээд уралдсан болгондоо айрагдсан байдаг.
-Тиймээ, 2008 онд “Босоо хүлэг” галын нэрэмжит уралдаанд гурваар давхиулж, “Дүнжингаравын хурд”-д дөрөв, “Авзага Дүнжингарав”-т дөрөв, улсын баяр наадамд дөрөв, Алтан Дарь-Эхийн овооны наадамд гурваар давхиулсан. Өөрөөр хэлбэл Мөлүү хүрэн азарга надад ирээд ганцхан жилийн дотор улс, бүсийн чанартай уралдаанаас дөрвөн айраг хүртэн, магнай тэнийтэл баярлуулсан, буянтай амьтан.
-Хэдтэй азарга ирж байсан юм бэ?
-Долоотой. Урьд жил нь Дорнод аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, “Их хурд”-д наймаар давхичихсан байсан.
-Удам угшлынх нь талаар тодруулж байв уу?
-Бэххуягийн ээжийн нагац ах Дугар гэдэг хүний унаган адуу юм гэнэ лээ.
-2007 оноос өмнө уралдаж байсан юм болов уу?
-Дорнодод нас болгондоо л уралдаж, тэр бүртээ дөрвөөр давхиж байсан юм билээ. Шүдлэндээ ч билүү, азаргасаж байгаад чихээ хазуулаад мөлүү чихтэй болчихсон гэдэг.
-Та Мөлүү л гээд байх юм. Хулгар хүрэн гэдэггүй билүү?
-Тийм ээ, хулгар адууг бас мөлүү гэж ярьдаг л даа. Хүмүүс бол Хулгар хүрэн л гэдэг юм.
Хурд нь танигдчихсан адуу нэлээдгүй үнэтэй байсан болов уу? Нууц биш бол Хулгар хүрнээ хэдээр авч байсан юм бэ?
-Тэр үедээ их л үнэтэй авсан даа.
-Анх харахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Жижигхэн биетэй богинохон хүрэн азарга байсан. Гэхдээ л миний санаа хувираагүй юм даа.
-Зарим адуу эзнээ танихаараа эвшээх, бие хаагаа өгч илүүлэх, замыг хөндөлсөх гэх мэтчилэн ааль үзүүлсэн байдаг. Хүрэн азарга эзнээ хэрхэн угтсан бэ?
-Мөлүү хүрэн их омголон адуу. Барагтай хүнийг өөртөө ойртуулахгүй. Тар хийсний дараа үзүүр дээр нь заавал хурдан хөлтэй мориор тосож барьж авахгүй бол зогсохгүй. Сум шиг л давхина шүү дээ. Мөлүү хүрэн азаргыг уралдах явцад тохиолдсон сонин, сонин тохиолдлууд их бий.
-Тэдгээрээс ганц, хоёрыг сонирхуулаач?
-2008 оны “Авзага Дүнжингарав”-т уралдахынх нь өглөө нь азаргаа хөтлөөд явж байтал хөлд нэг юм тээглэчихлээ. Тонгойгоод хартал морь буусан бодын шагай газраас дөнгөж цухуйж байна. Бэлгэшээлтэй санагдаад авчихлаа. Тэгээд Мөнхбатад хэлсэн чинь “Морь буусан бодын шагай эзнээ хүлээж байдаг юм гэнэ лээ. Их бэлгэ дэмбэрэлтэй юм боллоо” гэдэг юм. Тэр өдөр хүрэн азарга маань айргийн дөрөвт хурдалсан. Би өнөө шагайгаа мөнгөлүүлээд хадгалчихсан.Одоо ч надад бий.
-Бэлгэтэй сайхан л юм.
-2008 онд манай “Босоо Хүлэг” галынхан Алтан-Овооны наадмыг зорьж, зүүн аймаг руу явсан. Очсон өдрөө Шилийн Богд ууландаа гартал Төрийн тэргүүн маань нисдэг тэргээр бууж таардаг юм. Тэр үед Алтан-Овооны хайрлах айраг нэгээр зогсохгүй юм байна гэж бодоод дахин бэлгэшээх сэтгэл төрсөн. Орой нь манай галынхан дээр МУ-ын Заан Долгорсүрэн ,хоёр Аварга хүүгийн хамт ирж, хонолоо. Тэр үед би их Аваргад азарганыхаа жолоог нэг атгуулчихаад уралдуулах юм шүү гэсэн бодол төрөөд. Маргааш өглөө нь 6 цагт морио авчраад, уяагаа тойруулж байтал Аварга гараад ирчихсэн суниаж харагдана. Би ч бодож байснаараа азаргаа хөтөлж очоод жолоог нь атгуулангаа “улсад айрагддаг Мөлүү хүрэн маань энэ шүү дээ” гэж хэлсэн. Ингээд уралдааны замд нь гаргасан юм. Тэр наадамд 399 азарга мордсон юм. Тухайн үед Мөнхбат бид хоёр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга байсан Эзэннайрамдах гэдэг залуугийн машинд суугаад уралдааныг нь дагалаа. Гэтэл биднийг очиж амжаагүй байтал азарга эргэчихдэг байгаа. Миний хүрэн их дээгүүр эргэдэг азарга. Хоцорно гэж ер байдаггүй. Гэтэл тэр өдөр 100 гаруй азарга өнгөрчихөөд байхад миний хүрэн байдаггүй. Их л юм горьдож байсан хүн чинь сэтгэл нэг л сонин болоод явчихсан. Тэгтэл зуу нэлээн гарсан хойно хүрэн азарга гарч ирснээ азаргануудын хажуугаар нисэх мэт өнгөрчих нь тэр. Уг нь их жижигхэн биетэй азарга шүү дээ. Гэтэл тийнхүү давхиж байхдаа ямар том харагдсан гээч. Ингээд 20, 20-иор нь “идсээр” айргийн гуравт хурдалсан даа. Тэгсэн Тод манлай уяач Мөнхбат маань “хэрэв хүрэн азарга өнөөдөр гараа алдаагүй бол мөн ч хол түрүүлэх байлаа даа” гэсэн. Ингээд Алтан-Овооны наадамд анхны айргаа авч магнайгаа тэнийтэл баярласан даа. Харин маргааш нь миний гурван үрээ давхих байсан юм. Гурвууланг нь уралдааны замд гаргана гэхээс сэтгэл хөөрч, тэр шөнө нойр ч хүрсэнгүй. Өглөө нь үрээнүүдээ ажиглатал сормуус нь дэрвийчихсэн, их л цог жавхаатай харагдахаар нь битүүхэндээ горьдоод байгаа юм. Ямартаа ч нэр наадмаар хул үрээ түрүүлж, ягаан үрээ маань аман хүзүүдэн бас л одтой сайхан наадаж билээ.
-Аман хүзүүдсэн шүдлэн өөр хүний нэрээр цоллогдсон байдаг. Ямар учиртай юм бэ?
-Аман хүзүүдсэн Ягаан үрээ бол миний хүү Энх- Амгалангийн үрээ байгаа юм. Ягаан шүдлэн маань Шигшмэл монгол шүдлэнгийн уралдаанд гурваар давхиад, даагандаа То вангийн наадамд түрүүлж байсан юм. Тэр жилийн Алтан-Овооны наадамд 522 шүдлэн уралдсан. Хул нь эхний хэдтэй гараад нь Ягаан нь гараа алдаад хойхнуур гарчихсан. Хул үрээ дөрөв, таваар явж байснаа өнгөлөөд эхэлсэн. Газрын дунд ортол Ягаан шүдлэн гүйцээд ирсэн. Жаахан яваад л хоёулаа тасарчихсан. Тэгээд тэр чигээрээ явсаар барианд орсон доо. Үнэхээр бахтай сайхан уралдаан болсон шүү. Ёстой нөгөө омогшино гэдэг л тэр юм билээ. Яагаад гэхээр хоёр үрээ маань гурван цустай шүдлэнг дийлж түрүүлж айрагдсан.Мөнхбатаа маань ч уяа сойлгыг нь дэндүү сайн тааруулсан л даа.
-Ягаан үрээ хаанахын адуу вэ?
-Дорнод аймгийн Ганжаргалын унаган адуу. Би 2008 онд дааганд нь авсан юм.
-Хүрэн азаргатайгаа хамт авсан юм уу?
-Тиймээ. Шилмэл монгол шүдлэнгийн уралдаан болохын өмнөхөн Бэххуяг рүү яриад авсан юм. Надад ирэхээсээ өмнө аймгийн наадамд наймаар давхиад, То вангийн наадамд түрүүлчихсэн байлаа.
-Алтан-Овооны тахилга наадамд дөрвөн адуутай очоод дөрвүүлэнг нь айрагдуулсан байдаг. Хул хязаалан хаанахын адуу вэ?
-“Босоо Хүлэг” галын гишүүн Монкорын Гэрэлтийн унаган адуу. Харсан тэнгэр гэж байдаг л юм билээ. Баян хангай, байгаль дэлхийн минь буян заяа түшлээ л гэж бодсон.
-Та уул усандаа их шүтлэгтэй бололтой?
-Тэгэлгүй яахав. Монгол хүр бүр л уул, усаа шүтэж явдаг. Түүний адил эх орныхоо байгаль дэлхий, дээд хөх тэнгэр, алтан нар, мөнгөн сараа шүтэж залбирч явдаг даа.
-2008 он гайхалтай сайхан жил байжээ. 2009 онд хэрхэн наадлаа?
-2009 оноос өөрөө гардан морио уях шийдвэрийг гаргасан.
-Яагаад?
-Тийм шийдвэр гаргачихаад Мөнхбатаадаа “би өөрийн чинь хөдөлмөрийн үр шимийг хүртээд, 2008 онд улсын Алдарт уяачийн болзлыг хангачихлаа. Үнэхээр их баярлалаа. Гэхдээ хүнээр уяулчихаад алдар хэргэмийг нь өөрөө авна гэдэг санаа зовмоор юм байна. Яадаг ч байсан, одоо өөрөө уяад үзье” гэж хэлсэн. Тэгээд бие даан уяж, хавар “Дүнжингаравын хурд“ уралдаанд мордуулсан 20-н хэдээр давхисан. Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний наадамд их морь найм, хязаалан долоо, соёолон дөрвөөр давхиулчихаад их ч урамшсан. Дараа жил нь 2010 онд Говь-Алтай аймгийн 70 жилийн ой Баруун бүсийн даншиг наадам болоход шүдлэн аман хүзүү, хязаалан, соёолон таваар давхиулсан.
-2013 оны улсын баяр наадамд сартай зээрд даага айрагдсан байдаг?
-Тиймээ, тэр жилийн улсын баяр наадамд миний даага айрагдаж, Төв аймгийн 90 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд буурал халзан даага түрүүлсэн. Тэр цагаас хойш улс, бүсийн наадмаас айраг, түрүү огт алдаагүй. Тухайлбал, 2014 онд “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд даага, шүдлэн түрүүлгэж, бас нэг даага айрагдуулсан. 2015 оны “Зүүн бүсийн хурд”-д гурван үрээ маань дарааллан ирсэн. 2016 оны баруун бүсийн уралдаанд бас миний гурван үрээ дарааллаж ирсэн шүү дээ.
-Ингэхэд улс, бүсийн уралдаанаас нийт хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Улс, бүсийн наадмаас нийт дөрвөн түрүү, 21 айраг авсаны 60 хувь нь миний унаган адууны амжилт. Үүгээрээ би их бахархаж явдаг даа.
-Өдгөө Мөлүү хүрэнгийн төлүүд хэрхэн давхиж байна вэ?
-Одоо надад нэг сайхан шарга азарга бий. Шарга азарга хязааландаа Жавхлант шаргад дөрөв, соёолондоо өвлийн наадамд долоогоор давхисан. Өнгөрсөн жил Говь-Алтайн даншигт соёолондоо 10-аар ирлээ. Бас нэг бор морь хаврын бүсийн уралдаанд наймаар давхисан. Эдгээрээс гадна Түмэнцогт сумын наадамд түрүүлсэн даага, шүдлэн гээд багачуул ч нэлээд бий.
-Танай адуу Сүхбаатар аймгийн Түмэнцогтод байдаг юм уу?
-Тиймээ. Миний адууг Говь-Алтайн аймгийн Бигэр сумын харьяат Доржпаламын Батпүрэв гэж ажилсаг, сайхан залуу малладаг. Ер нь манай малчид бүгд Говь-Алтайнх.
-Нутгийнхнаа дэмждэг байх нь ээ?
-Манай нутгийнхан чинь ажилсаг, хөдөлмөрч улс. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөл байдалдаа зохицоод цаг нартай уралдаж, хөдөлмөрлөөд сурчихсан ард түмэн байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд шинэ цагийн адуугаар амжилттай наадаж байгаа.
-Монгол адуу, шинэ цагийн адуу аль аль нь л давхиж байна. Ер нь манай адуу нэлээд чанаржсан гэж бодож байгаа.
-Сайн азарга олонтой байх шүү?
-Төлийг нь авч чадаагүй болохоос биш Тод манлай уяач Содномцогоос анхны цэвэр цусны азаргаа авч байлаа. Бас нэг гүү авсан л даа. Дараа нь Тэрбиш гуайгаас хоёр халзан азарга, нэг охин даага авсан. Халзан азаргануудын төл болгон л хурдалсан. Дараа нь 2013 онд Ирланд явж гурван азарга, гурван гүү авч ирсэн.
-Анхны цэвэр цусны паспорттай адууг оруулж ирлээ гээд л шуугиж байсан санагдана?
-Тиймээ. Одоо надад хоёр азарга, нэг гүү нь байна. Нэг азаргаа найз Бэххуягт өнгөрсөн жил өгчихсөн юм. Цэвэр цусны адууны маллагаа ер нь асар их онцлогтой. Яахав, нэлээн хэдэн жил оролдоод ирэхээр гарт ордог л юм байна.
-Идэш ууш нь ч бас их нарийн нандин юм шиг байна лээ. Алим, ургамлын тос л өгдөг гэж сонссон?
-Ирландад очиход идэж байгаа өвс нь чихэр амттай, тос даасан, ямар ч шорооны хольцгүй, шал ондоо байсан. Монголын нөхцөлд тийм өвс өгөх боломжгүй шүү дээ. Тиймээс нутаг оронд нь зохицуулаад л тэжээж байна.
-Ирландаас авч ирсэн зургаан адууны төлүүд давхиж байгаа юу?
-Өнгөрсөн жил нэг шүдлэн үрээ Баруун бүсийн наадамд гурваар давхисан.
-Шинэ цагийн адууны арчилгаа маллагаа гэсээр “Морьтон” дэлгүүрээ нээчихсэн юмаа даа.
-Нэг талаасаа тийм санаатай.Нөгөөтэйгүүр, хурдан морины гол хоол тэжээл болох өвс, овьёосонд дутагдалтай, үл орлогдох шимт бодисуудыг нэмэлтээр хэрэглэхгүйгээр морь уях хэцүү болсон цаг. Хөлс, биеийн хүчний ачааллаар дамжуулан алдагдсан эрдэс бодис, уураг, амин дэмийг маш богино хугацаанд нөхөж, хүч тамир оруулдаг бүтээгдэхүүнүүд л хурдан моринд илүү үр дүн өгч байна гэдгийг сүүлийн жилүүдэд мэдэрч байна. Уяач хүн уяж буй морио үнэн сэтгэлээсээ арчлах хэрэгтэй. Туурайг бат бөх байлгахын тулд байнга гахайг нь цэвэрлэн тослож, эрүүл бат байдлыг хангах ёстой. Түүнээс гадна бэлтгэл гэдэг чухал зүйл бий. Хурдан морь сүүлийн үед жилийн бэлтгэлтэй болчихлоо. Хэн жилийн бэлтгэлээ зөв хийж чадна, түүний морь амжилт гаргадаг болчихлоо. Түүнээс биш эр хүн бүр л морь уяж байна шүү дээ. Тэгээд ч уяачийн чадвар нэмэгдээд, сайн уяачид ч олширлоо. Морь бол хатуу тоглоом, мянгаас тав нь л баригдана. Асар олон хүн уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд нь л тавд багтдаг.
-Танай бүтээгдэхүүн тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй болчихсон биз дээ?
-Манайх ихэнх аймгуудад гэрээт борлуулагчийн газартай. Жил ирэх бүр байнгын хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр л байна.
-Танай бүтээгдэхүүнүүд уяачдын дунд нэлээдгүй танигдаж, морьддоо хэрэглэх боллоо?
-Манайх Ирланд улсын хурдан морины тэжээл үйлдвэрлэгч “Connoll’ys Red Mills” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 4 дэх жилдээ ажиллаж байна. “Connoll’ys Red Mills” компани бол салбартаа тэргүүлэгч, 100 жилийн түүхт, туршлагатай компани. “Red Mills” брэндийн тэжээлээрээ дэлхийд алдартай. Манай орны морин уралдааны онцлог, байгаль цаг уур, өвс тэжээлийн шинж чанарт тохируулан “Connoll’ys Red Mills” компани мэргэжилтнүүдийн судалгаа, зөвлөгөөгөөр энэ гурван төрлийн тэжээлийг сонгон оруулж ирсэн. Тэжээлүүд маань маш дээд зэргийн орц, найрлагатай , маш хурдан хуацаанд шингэж, хүч тамирыг нэмэгдүүлдэгээрээ давуу талтай. Үүгээрээ ч олон хэрэглэгчдийг татсан гэж болно.
-Та ч бас морьддоо хэрэглэдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Эргэн тойрныхон ч бүгд хэрэглэнэ.
-Сүүлийн үед “Гацуурт”-ын Чинбатын нэр дээр морь мордуулаад байгаа. Дүүгээ моринд урвуулахаар шийдсэн хэрэг үү?
-Дүү маань багадаа надаас ч илүү моринд дуртай байсан.Бүүр илүү гярхай, илүү мэдрэмжтэй гээч. Даанч ажлын нь зав цаг амжихгүй юм. Тэгээд ч би ямар бэлэглэсэн адуунуудаа өөрийнхөө нэр дээр уралдуулаад байлтай биш. Ингээд 2010 оны хоёрдугаар сарын 21-нд буюу бар жилийн бар сарын бар өдөр “Алтайн хүлэгч” галаа байгуулж байлаа. Энэ галд ах дүү, төрөл төрөгсөд маань хамтран морь уядаг.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Чинбат захирлын оролцсон дугаарыг тод санаж байна.Тэр дугаарыг үзээд таны аавыг “амьдралын ухаантай хүн юм даа” гэж биширсэн шүү.Та ингэхэд эцэг, эхээс хэдүүлээ юм бэ?
-Бид 15-уулаа. Эжий, аав хоёр маань зургаан хүү, есөн охин төрүүлж өсгөсөн буянтай улс. Хоёр буурал маань бас дэндүү хөдөлмөрч улс л даа. Зөвхөн өөрсдөө ч гэлтгүй, удмаараа хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс байсан юм билээ. Таны хэлсэнчлэн амьдралын ухааныг нь ярилтгүй, үнэхээр мундаг. Уг нь үеийнхнийхээ адилаар дөрөвдүгээр ангийн л боловсрол эзэмшсэн хүмүүс шүү дээ. Хүн ер нь хөдөлмөрлөх тусмаа амьдралын ухаан суудаг юм билээ. Малчин хүний мянган мэргэжил гэж байдаг даа. Манай хоёрт тэр нь байдаг. Даанч би тэднийхээ аравны нэгд нь ч хүрэхгүй юм.
-15 дэрсхэн хүүхдийн хөвгүүдээсээ хоёр дахь та гэсэн. Дүү нараа харах, ээж аавдаа туслах гээд ажилсаг хүү байгаагүй гэж үү?
-Биднийг багад аав маань шөнийн 02 цагт босгоно. Дулааны улиралд бол гайгүй ч өвлийн хүйтэн шөнө бол тачигнана шүү дээ. Аав маань цаг нартай уралдаж ажлаа амжуулдаг байсан болохоор хөвгүүдээ хат суулгаж, юм үзүүлэх гэсэндээ тэгдэг байсан хэрэг л дээ. Тэгээд тэмээгээ унаад, аавыгаа дагаад түлшинд явна. Шөнөжин яваад, үүр цайхад заг түүх газартаа хүрнэ. Өнөөхөө өдөржин түүчихээд орой ачиж аваад маргааш өглөө нь гэртээ хүрдэгсэн. Бас эмнэг адуунуудыг өрөөлдчихөөд ах бид хоёрыг дээр нь суулгачихна. Тэр үед би сургуульд арай ороогүй, харин ах нэгдүгээр ангид сурч байсан юм. Нэг гараараа шанхнаас, нөгөө гараар сүүлнээс нь барина. Тэгээд аав нөгөө морио уртаа юмаар оосорлочихоод хөөнө. Тэгж байгаад мориноос мөн ч олон удаа унасан. Гэхдээ муудсан юм байдаггүй. Харин ч тэр хэрээр эрүүлжиж, хат сууж, зоригтой болдог юмуу гэж одоо боддог юм.
-Аав тань морь уяж байв уу?
-Манай аав уясан морьдоо сумандаа мордуулаад 10-ын дотор ирүүлчихдэг л байлаа.
-Аав тань эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. Харин ээж айлын ганц охин байгаа юм.
Хүүхэд л болсон хойно шөнийн 02 цагт нойроо харамлаад гомдоллож байв уу?
-Аавын хэлсэн бүхэн гэрт хууль л даа. Арын хаалга байхгүй./инээв/ Миний аав чинь өөрөө ганц ч хором зүгээр суудаггүй хүн байлаа. 15 хүүхдийнхээ гутлыг өөрөө оёно. Гарын доорх материал болох төмөр, модоор хэрэгцээний юмаа хийчихнэ. Болоогүй найр ахлаж, сайхан ерөөл магтаал хэлнэ. Их олон талын авьяастай хүн. Даанч тэр авьяас нь надад заяагаагүй бололтой.
-Говь-Алтайн найрын дэг жаяг айхтар юм билээ?
-Тийм шүү.Найрын дэг жаяг их хатуу. Аавыг маань олон хүүхэдтэй болохоор нутаг орныхон их хүндэлнэ. Найр наадамдаа байнга л урина. Тэр их уран цэцэн үгс хаанаас нь ч гардаг юм гэмээр урсгана л даа.
-Та Говь-Алтай аймагт дунд сургууль төгссөн үү?
-Бигэр суманд наймдугаар ангиа, Улаанбаатар хотод 9,10 дугаар ангиа төгссөн. Дунд сургуулиа төгсөөд, НАХЯ-ны цэргийн тусгай дунд сургуульд гурван жил суралцаад Говь-Алтай аймгийн Цээл суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Эндээ зургаан жил ажиллаад, ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуульд таван жил суралцаад ирсэн. Мэдээж энэ хугацаанд морь малаас нэлээн хөндийрсөн л дөө.
-Та ямар гавьяа шагналаар шагнагдаж байв?
-2009 онд Монгол Улсын Төрийн тэргүүнээсээ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдаж байсан.
-Та морио уяхын хажуугаар ямар ажил эрхэлж байна вэ?
-1999-2012 оныг хүртэл уул уурхайн салбарт ажилласан. Түүнээс хойш хувиараа бизнес эрхэлж байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогтод газар тариаланг, мал аж ахуйтайгаа хөгжүүлээд л явна.
-Өнөөдрийн амжилтын талыг бүтээлцэж яваа гэргий тань морь малд хэр хорхойтой вэ?
-Хадам аав, ээж маань хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн улс байгаа юм. Аав аймгийн Алдарт, ээж сумын Алдарт уяач цолтой гээч. Тэр утгаараа гэргий маань хурдан хүлгийн тоосонд өссөн хүн дээ. Намайг их дэмжинэ ээ. Хоёулаа гэр бүл болоод удаагүй байхдаа мориндоо тариа хийх гэж унагаачихаад, дуслыг яаж хийх учраа олохгүй, хөглөдөг л байлаа. Ер нь морь уяж эхэлсэнээс өнөөдрийг хүртэл цаг үргэлж надад түшиг тулгуур болж яваа хүн шүү дээ. Болоогүй эхнэрийн маань нэр дээрхи хурдан буянгууд нь хурдалсаар сумын Алдарт уяач цолыг хүртсэн.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүтэй.
-Хөвгүүд нь хурдан морь унах уу?
-Том хүү зургаатайгаасаа эхлээд морь унасан. Говь-Алтайд болсон Баруун бүсийн наадамд соёолон айрагдуулж, аймаг, сумын наадмаас ч хэд хэдэн айраг, түрүү авсан. Харин дунд хүү морины ажилд надаас дутахааргүй оролцож, надад тус их болдог. Морьтой “ноцолдоход” хүүхдийн бие чангарч, эрүүлждэг юм. Бага хүү бол морь сайн унана. Монгол эр хүний хувьд үндэснийхээ өв соёлыг мэдэж, түүнийг дагасан зан заншлыг мэддэг л байх ёстой. Би чинь зундаа 30 гаруй адуу уяж сойдог. Мэдээж ажил маш их. Т эр тоолонд хөвгүүд хамт очоод, тусладаг.Өнөөдрийн энэ амжилтыг гэр бүлийнхэн маань бүтээлцэж яваа юм.
-Уяачдыг өөрийнхөө хүүхдээр хурдан морь унуулдаггүй хэрнээ хүний хүүхдийг хайрлахгүй юм гэж шүүмжлэцгээдэг. Та энд ямар хариулт өгөх вэ?
-Хүүхдээр морь унуулахгүй гэдэг болж дээ. Монголчууд бид Хүннүгийн үеэс л адууг гаршуулж, өнөөдрийг хүртэл эдэлж хэрэглээд явна.Энэ ч утгаараа бид бусад орны хүмүүсээс моринд илүү ойр байдаг. Манай үндэсний өв соёлын нэгэн томоохон хэсэг нь морин уралдаан.Бид үеийн үед эрийн гурван наадмаа үзэж баярлаж, бахархаж, огшсоор л ирсэн. Үнэнийг хэлэхэд, хүүхдийн эрх ашиг гэж яривал хурдан морь унаач хүүхдүүдээс ч илүү эрх ашгаараа хохирч байгаа нь хэдэн мянгаараа байна.Тухайлбал, хүүхдүүд жилд хэдэн зуугаараа авто ослоор нас барж байна.Бас эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь авч чадаагүйн улмаас хичнээн хүүхэд хорвоог орхиж байна вэ?Энэ мэтийг хөндөж тавихгүй хэрнээ монгол хүн монгол уламжлалаа дагаж, морио унаж уралдуулахад шууд хориг тавих нь учир дутагдалтай. Мэдээж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал талаас нь анхаарвал зохих зүйлсийг үгүйсгэхгүй. Миний хамгийн их шүүмжлэлтэй ханддаг зүйл бол уралдааны зам. Улсын төсвөөс мөнгө баталж гаргаад байна л гэдэг. Гэвч уралдааны зам ер сайжрахгүй юм. Үүнээс болж хүүхэд, хурдан морь хоёулаа л эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ ч утгаараа хамгийн түрүүнд уралдааны замын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, үндэсний спортоо дэмжээд, морьд нь уралддаг уралдааны замтай, сонирхсон үзэгчид нь үзэх зориулалтын талбайтай болчихвол бид юунаас айх билээ. Нөгөө талаас гарааны төхөөрөмжөө онцгой сайн хийх хэрэгтэй байна. Хүүхдүүдийн хамгаалалтын хувцас стандартын шаардлага хангасан онцгой сайн байх ёстой. Хамгийн гол нь аюулгүй байх ёстой. Энэ бүхэн чинь хүүхэд, хурдан морины аюулгүй байдлыг хангахын тулд хийж буй анхан шатны ажлууд.
-Тантай санал нэг байна.Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхнийг морины босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна