ТОД МАНЛАЙ УЯАЧ С.ЛУВСАНБАЛДАН: ҮР ХҮҮХДЭДЭЭ ЭД ХӨРӨНГӨ БУС, АМЬДРАХ УХААН Л ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ УЧИРТАЙ ЮМ БАЙНА
А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 27 -нд
Сүүлийн гурван жил дараалан цолоо ахиулж, Монгол Улсын Тод манлай уяач цол хүртсэн Сундуйн Лувсанбалдан гуай дуу цөөтэй боловч хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг, шулуун шударга зантай нэгэн. Тэрбээр өрөөлийн тухай хуучлахдаа магтаал, талархлын үгээ огтхон ч харамлахгүй хэрнээ өөрийн амжилтын талаар боломжийнхоо хэрээр л дарж ярина. Гэвч тухлан суугаад хэсэгхэн ярилцвал, түүний цөөн хэдэн үгийн цаанаас уяаны эрдэм, уяачийн мэдрэмж, амьдралын их ухаан нуугдан буйг төдхөнөө мэднэ.
-Монголчууд бид аливаа хүнийг өвөг дээдэс, удам угсаагаар нь тодорхойлдог онцгой ёс заншилтай ард түмэн. Энэ ч утгаараа “удамт хүний үр, угшилт гүүний унага” хэмээн онцолдог. Тиймээс монгол сайхан уламжлалаараа та манай уншигчдад эхлээд өвөг дээдсээ танилцуулах нь зүйтэй болов уу?
-Би Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, малчин гаралтай хүн. Миний аав Сундуй Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул бөгөөд энэ сумандаа олон жил удирдах ажил хийсэн. Харин миний ээж Хорлоо Төв аймгийн Батсүмбэр сумын Хөдөлмөрийн баатар саальчин хүн байсан юм.
Аавын маань өвөг дээдэс их эрдэм мэдлэгтэй, тарни номын уншлагатай, лам талын хүмүүс байсан юм гэнэ лээ. Намайг ухаан орох үед ээжийн маань аав амьд сэрүүн байсан юм. Тиймээс би ээжийнхээ аавыг л мэднэ. Бусдыг нь тийм ч сайн мэдэхгүй ээ. Ямартаа ч аавын маань аав Санж гэж бичиг номтой, хуучин үсгээр сайн бичдэг хүн байсан гэдэг. Аав маань ч бас хуучин болон шинэ бичиг үсэгт сайн суралцсан хүн байсан.
-Тухайн цаг үедээ нүдний гэм болсон ном эрдэмтэй хүний нэг байжээ дээ?
-Тийм. Тухайн үед ч бичиг үсэгтэй хүн ховор байсан байлгүй дээ. Өвөө маань өөрөө эрдэм номтой хүн байсан болохоор ганц хүүдээ мэддэг зүйлээ өвлүүлж үлдээсэн нь тэр байх. Аав цэргийн алба хаах хугацаандаа ч мөн бичиг үсгийн ажил л хийж байсан гэдэг юм. Тэгээд Батсүмбэр сумандаа ирээд сумын нарийн бичгийн дарга, бригад фермийн даргаар олон жил ажилласан даа. Үүнээс илүү зүйлсийг би ч ааваасаа асууж байсангүй. Аав маань ч нэг их нарийн ширийн зүйл ярихгүй, даруухан хүн байсан юм.
-Одоогийнхоор бол тэмдэглэгээ сайтай хүн байжээ дээ?
-Тийм. Хүн гэдэг амьтан өөрийгөө өнөө маргаашгүй бурхан болчихно гэж боддоггүй. Тиймээс ч аливааг урьдчилж цэгцлээд байдаггүй юм байна.
Би хар багаасаа гэрээсээ холдож, сургууль соёл хөөсөн хүн. Эрчүүд болоод ч тэр үү, юм ойлгодог болсон үедээ ч аавтай дотно ярилцаж байсангүй. Эргээд бодохоор харамсдаг юм. Хүн ер нь эцэг, эхээсээ сонсож мэдэж авах юмаа мэдэж үлдэх л учиртай юм билээ. Эцэг, эхээс өвлүүлж үлдээх учиртай зүйл бол эд хөрөнгө биш, тухайн хүний хийж бүтээсэн зүйлс, үзэж туулсан амьдралын талаарх мэдлэг л байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийнхээ юу хийж бүтээж явсаныг мэднэ гэдэг юутай ч зүйрлүүлшгүй баялаг өв юм байна шүү.
-Та ээжийнхээ тухай бол харьцангуй ихийг мэддэг юм шиг санагдсан?
-Тийм. Манай ээж Түнхэл сумын уугуул гэдэг юм. Ээжийг өргөж авсан өвөө маань Дундговь аймгаас Төв аймгийн Батсүмбэр суманд ирж суурьшсан юм билээ. Миний өвөө Цэдэндорж моринд эв хавтай, сайхан эмээл, хазаар, хөөрөг зэрэг хуучны эдлэл хэрэглэдэг хүн байсан юм. Ээж ч бас айлын ганц хүүхэд болохоор их сайхан морьд унадаг байлаа. Нутгийнхан нь Ганган Хорлоо гэлцдэг байсан юм.
Ээж маань анх тахиачнаар ажиллаж байгаад аавтай сууснаас хойш саальчин болсон гэдэг. Тэгээд л хамтдаа зүтгэж, энэ амьдралыг босгосон хүмүүс дээ. Ер нь манай гэрийнхэн нэг юмны төлөө зүтгэвэл бүгдээрээ санаа нэгдээд зүтгэчихдэг улс байгаа юм. Энэ зан чанараараа ээжийг Хөдөлмөрийн баатар цолонд хүргэхийн төлөө аав, дүү, бид гурав ээжтэй хамтдаа л зүтгэсэн дээ.
-Та бүхний хэдэн жилийн хичээл зүтгэл ээжийг тань Хөдөлмөрийн баатар болгосон бэ?
-1960-н хэдэн онд саальчин болоод 1980-аад онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэгэхээр хориод жилийн хөдөлмөр энэ цолыг авчирчээ.
-Социализмын үед бүх ажил төлөвлөгөө нормтой. Саальчид л гэхэд үнээгээ өдөрт гурван удаа саадаг. Бүр шөнийн 03 цагт босож, үнээгээ саадаг байсан гэдэг?
-Бүгд үнэн. Өдөр, орой, тэгээд шөнийн 3-4 цагт босож саадаг байлаа. Хүүхдүүд бүгд ээжтэйгээ хамт босож, тугалыг нь татаж өгнө.
-Айлын ганц хүүхэд эрх танхи л өсдөг дөө. Таны ээж их хөдөлмөрч хүн байжээ?
-Генинд байсан зүйл байх аа. Моринд их дуртай болохоороо тэтгэвэрт гарсаныхаа дараа ч намайг морь уяхад дагаад л явдаг байлаа. Ээжээс хойш хажууд хүн үгүйлэгдээд байх шиг санагддаг болсон.
МЕДАЛИЙГ НЬ АВЧ ӨВӨРТЛӨӨД, ДААГАА УНААД Л ДАВХИЧИХСАН
-Аав тань морь уях завгүй албан ажилтай байсан болохоор өвөө болон ээжийнхээ моринд дуртай занг өвлөж, багаасаа хурдан морьтой холбогджээ гэж ярианаас тань ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Би арван наснаасаа хойш морьтой холбогдсон. Аав бригадын даргаар ажиллаж байх үед манайх ерөөсөө л хоёр бор гүүтэй байлаа. Тэр хоёроос гарсан төл болгон нь хурдан. Аав өөрөө албан ажилтай болохоор тракторын жолооч Амгаабазар гэдэг хүнээр морио уяулдаг. Уясан болгон нь сумын баяр наадмаас айраг, түрүү алддаггүй байлаа.
-Аавынхаа морьдыг та унадаг байсан уу?
-Манайх Амгаабазар гуайнхтай айл зэргэлдээ амьдардаг байсан юм. Морьдыг Амгаабазар гуайн хүүхдүүд унаж, уралдуулна. Дараагийн бор гүүний төлөөс л би унаж эхэлсэн. Тэрийг манай Батсүмбэрийн нэрт уяач, жонгинуур Дамдинсүрэн гэдэг хүн уядаг байсан юм. Морь уяхдаа мундаг мэдрэмжтэй, одоогийнхоор бол Тод манлай уяач хүн л дээ.
1973 онд бил үү, 1974 онд Төв аймаг болон улсын баяр наадмыг нэгтгэж, зохион байгуулсан. Түүхэнд Төв аймгийн Батсүмбэр сумын Дамдинсүрэнгийн улаан буурал морь гэж бичигдсэн адуу бол манай аавын хоёр улаан буурал морины нэг байсан юм. Тухайн үед Дамдинсүрэн гуай өөр бригадаас шилжиж ирээд удаагүй байхад нь аав малчнаараа авсан юм гэнэ лээ. Гэтэл Дамдинсүрэн гуай нэг өдөр “Энэ бор гүүнээс гарсан болгон л хурдан гарах юм байна. Гэхдээ энэ нормын хоёр улаан чинь илүү хурдан юм байна. Би энэ улааныг чинь аваачиж уяж болох уу, дарга аа” гэж аавд хэлсэн гэдэг. Тэгээд л улсын наадамд уяж уралдуулж, гурваар давхиулсан байдаг юм. Тухайн үед би арай бага байсан учир Батжаргал гэдэг хүү унаж уралдсан. Түүний хойтон жил улаан гүүний төл хул даага болсон. Би тэр даагыг өөрөө сургаж, унаад давхидаг байлаа. Тар, сунгааны үеэр нийлж уралдчихаад л, гэртээ давхиж ирээд эхтэй нь хамт уяад байсан. Хүн дуурайгаад хорхойсож эхэлж байгаа нь тэр. Манайх тэр үед Хүүхдийн овооны бэлд зусаж байсан юм. Би ээжийнхээ дээлээр нэмнэж байгаад Хүүхдийн овооны араар тойрч, хөлс аваад, модны хугархай олж хусаад л, үеийн хүүхдүүдтэйгээ хамт үхэр тугалдаа ч даагаараа л давхичихдаг байлаа. Гэтэл тар сунгааны үеэр манай даага их хол түрүүлж ирсэн юм. Тэгсэн орой нь нэг их гоё морьтой хүн манайд ирлээ. Гэрт ороод, аавтай яриа үүсгээд суулаа. Чагнаад байсан “Дарга аа, танай хул даага их хурдан юм аа. Та бид хоёр ямар морь уяж уралдуулахад зам нийлэхгүй гэх биш дээ. Улсын баяр наадамд хул даагыг уяж уралдуулбал лавтай айрагдана шүү” гэж байна. Гэтэл ээж “Битгий дэмий юм яриад бай, Дамдинсүрэн минь. Үхрийн зэлэн дээр эргэлдэж давхиж байгаа амьтан яаж хурдан байх юм бэ. Чи тэр засгийн морьдоо л сайн уя” гэж байна. Гэтэл надад гэнэт харамлах сэтгэл төрөөд, орон доогуур гулсаад, хугарсан ханын завсраар гарч гүйгээд, гүүгээ тавиад хөөчихсөн. Дамдинсүрэн гуай ч “Та сайн бодоорой” гээд л явсан. Би ч тэр хүнийг явангуут нь гүүгээ бариад авч байгаа юм. Тэгээд унахдаа унаад, тавихдаа тавиад гэрийнхээ гадна эргэлдүүлсээр байтал одоогийнхоор дунд сунгаа болсон. Давхиад очтол манай Батсүмбэрийн нэг ах тааралдаад, эмээлийнхээ ганзагыг тас татаж аваад, миний дааганы сүүлийг шууж өгсөн юм. Тэгэхэд манай даага бас л хол түрүүлж ирсэн. Тэгээд гэртээ ирсэн аав, ээж хоёр “Миний хүү, хоёр сунгаанд түрүүлчихлээ. Одоо болно, боль. Хүмүүс хэл ам гаргана” гэсэн нь одоо ч санаанаас гардаггүй юм. Тэгэхэд би 12 нас хүрч байсан.
-Та дээр 10 наснаасаа эхэлж хурдан морьтой холбогдсон гээгүй билүү?
-Тийм. Өмнө нь би тар, сунгаанд очиж л байсан. Амгаабазар гэдэг ахынх олон хүүхэдтэй болохоор өмнөх бор гүүний төлөөс надад хүрэлцдэггүй. Тиймээс би айлд очиж, “хулгай”-гаар морь унадаг байлаа. Тэр үед цөөхөн хэдэн хүн улсын баяр наадамд явдаг байсан. Ойр зуурын хэрэгслүүдээ морин тэргэндээ ачаад, уралдуулах морьдоо хөтлөөд л явна. Улсын баяр наадам руу уяачид хөдлөхийн өмнөхөн Дамдинсүрэн гуай хүрч ирээд “Дарга аа, Хул даагыг чинь аваад явах хэрэгтэй байна. Би замдаа Партизанд сунгаанд оролцоно. Наадах чинь гарцаагүй айраг, түрүү авна” гэсээр хүрч ирсэн юм. Нэг, хоёр өдөр гуйсан боловч аав, ээж хоёр ер зөвшөөрөөгүй. Гэтэл нэг өдөр намайг гол дээр явж байтал Дамдинсүрэн гуай ирээд чихэр, амттан өгч “За, даага чинь хурдан байна. Чи ч эр хүн байна. Би чамд улсын наадам үзүүлнэ. Улаанбаатарыг чи ямар гоё гэж санана” гэх мэтээр ятгалаа. Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй, чихрийг нь авч идчихээд, даагаа унаад л давхичихсан. Тэгээд орой нь аавдаа хэлж үзтэл “Миний хүү болохгүй ээ, бригадын дарга хүн морь уяж болдоггүй юм” гэж байна. Ээж ч эсэргүүцээд халгаасангүй.
Маргааш өглөө нь яагаа ч үгүй эрт, намайг унтаж байтал Дамдинсүрэн гуай дахиад л хүрээд ирсэн. Гаансаа сороод, тамхины утаанд нь би ханиалгаад л, дүнгэр дүнгэр гэлцээд байлаа. Тэгсэн Дамдинсүрэн гуай “Та хүүгээ явуулчих аа. Эсвэл би даагыг чинь хариуцаад аваад явъя” гэж байна. Би тэр яриаг сонсмогцоо гүйж гараад л даагаа тавиад хөөчихлөө. Дамдинсүрэн гуай ч яваад өглөө. Тэгсэн ээж бодож, бодож байснаа “Нэг тохиролцоонд хүрэхгүй бол болохгүй нь ээ. Дамдинсүрэнг хүрээд ирээч” гэж хэлүүлэх үү гэж байна. Аав ч дорхноо хэлээд, Дамдинсүрэн гуай ч хүрээд ирлээ. Тэгээд ээж намайг дэргэдээ суулгаж байгаад “За, би хүүгээ даагатайгаа хамт чамд өгч явууллаа шүү. Хүү маань одоо дөнгөж 12-той. Чи яг өөрөө хариуцаж авч яваад ирэх хэрэгтэй” гэж байна. Дамдинсүрэн гуай ч “тэгье” л гэнэ. Тэгээд ээж “За миний хүү энэ ахыгаа дагаад яваад ир” гэлээ. Аав ч дуугүй л суугаад байлаа. Ер нь тэр үед хэр баргийн юмыг ээж л шийдчихдэг байсан юм.
Тэгж ээж асуудлыг дор нь шийдээд, авдарны хулдаасыг хуу татаад, их хөөрхөн өлгийний одеялыг хулдаасаараа өнгөлж оёод, борооны нэмнээ оёж өгсөнийг би одоо ч маш сайн санадаг. Маргааш нь “Миний хүү энэ хүний үгэнд нь сайн орж байгаарай. Том газар очно, аюултай” гэж надад захиад, хул даагаа Дамдинсүрэн гуайн уяан дээр аваачиж уясан юм. Тэр үед Дамдинсүрэн гуай надад “Морио үхрийн зэлэн дээр уяад байж болохгүй ээ. Морь хийморьгүй болчихдог юм” гэж учирлаж байсан санагддаг. Би ч дааганыхаа хажуунаас холдож чадахгүй хэрнээ бас тэр айлд хонож чадахгүй, хэцүүхэн байдалтай хоёр, гурав хоноод улсын баяр наадамд явах болсон. Замдаа Дамдинсүрэн гуайгаас нүд салгахгүй, дагаад л явлаа. Партизаны сангийн аж ахуйд очоод сунгаанд уралдуулсан манай хул даага бас л хол түрүүллээ.
Дамдинсүрэн гуай нутгаасаа гарахаасаа өмнөхөн аавд “За дарга аа, та долдугаар сарын 11-ний орой 6 цагаас радиогоор сүүлийн үеийн мэдээ чагнаарай” гэж хэлэхийг би сонссон юм. Гэтэл үнэхээр тэр хүний хэлснээр Доржпаламын хонгор даага түрүүлж, манай хул дөрвөөр давхисан.
-Хул даагаа та өөрөө унаж уралдсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Морь ч эргэсэн, би юугаа ч мэдэхгүй, тоосон дунд толгой эргэчихсэн явж байлаа. Гэтэл нэг мэдсэн чинь миний өмнө хоёр, гуравхан даага давхиж явсан. Тэгээд л гэнэт ухаан орж, уужирсан даа. Надаас өөр хүүхэд унасан бол илүү л дээгүүр давхиулах байсан байх гэж боддог юм. Тэгсэн морь цоллох үеэр манай аавын нэр биш “Дамдинсүрэн” гэсэн нэр цоллогддог юм байна. Тэгээд Ю.Цэдэнбал дарга, түүний гэргий хоёроос бэлэг аваад “бушуухан л харих”-ын хүслэн болж байлаа.
Явж явж Партизаны сангийн аж ахуйн энд ирмэгцээ майхны гол дээрээс медалийг нь авч өвөртлөөд, даагаа аваад ганцаараа давхичихсан. Тэгээд 30 гаруй км давхиад, орой 11 цагийн үед уйлж, инээсэн амьтан л гэртээ ирсэн. Дамдинсүрэн гуай ч сандраад морьдоо ч амраалгүй, миний араас шуугисаар ирсэн. Болсон явдлыг аавдаа ярилаа. Тэгсэн аав “Бид тэгж тохирсон юм аа. Бригадын дарга хүн морь уралдуулж болдоггүй гэж аав нь чамд хэлсэн шүү дээ” гэсэн юм. Одоо бодоход сэтгэл сэргээсэн сайхан түүх шүү.
Бодоод байх нь ээ, Дамдинсүрэн гуай их мундаг хүн байжээ. “Доржпаламын хонгор даага түрүүлнэ. Танай энэ хул даага айрагдана шүү” гээд шууд хэлдэг байлаа. Одоо бодоход, Доржпаламын хонгор даага нь эрлийз адуу шиг сайхан том даага байсан юм.
-Анхны наадам танд өгөөж буянаа харамгүй хайрлажээ. Хурдан ч даага заяаж. Дараа, дараагийн наадам танд хэр өгөөжтэй байв?
-Тэр чинь 1975 он шүү дээ. 1975 ондоо Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн өндөр Алтангэрэл гэдэг хүний улаан шүдлэнг унаж айргийн гуравт давхиулж байлаа. Хойтон жилээс нь Дамдинсүрэн гуайтай албан ёсоор нийлж уяхаар болж, тэр хүн наадмаас хойш манай гүүг адуундаа аваачиж тавьсан юм. Манай өмнөх бор гүүний нэг их сайхан хүрэн морийг ч бас уясан. Өөрөө ч бас сайхан хурдан адуутай хүн байсан юм. Тэгээд 1976 онд Дамдинсүрэн гуай манай хул шүдлэн, хүрэн морь хоёрыг уясан. Гэтэл яасан юм бүү мэд, улсын наадамд явдаг хүмүүс бүгд яваагүй. Сумын баяр наадамд хул шүдлэн түрүүлж, хүрэн морь гурваллаа. “Дараа жил хүрэн морио улсын баяр наадамд аваачиж, уралдуулна аа” л гэж байсан. Гэтэл сумын наадмын дараа хөдөө гэр рүүгээ яваад, маргааш нь хүнд буудуулчихсан байсан. Ан хийдэг хүн байсан юм. Хүн андуураад буудчихсан юм байна лээ, харамсалтай. Би тэр хүнээс чамлахааргүй юм сурч үлдсэн. Ингээд би хулыгаа хязаалангаас нь ганцаараа бие даан уяж эхэлсэн юм. Тэгээд Түмэннасан гэдэг ахтай хамт улсын баяр наадамд ирж оролцоод, хулаа 60 хэдээр, хүрэн морио 50 хэдээр давхиулсан. Тэр үед “Дамдинсүрэн гуай байсан бол...” гэж өөрийн эрхгүй бодогдож л билээ.
Соёолонд нь сумын баяр наадамд уяж байгаад азарганд бариулаад, наадамд явж чадалгүй, хавчигт нь засаад морь болгочихсон юм. Түүнээс хойш морьтой ноцолдож амжихгүй явсаар 18 нас хүрээд цэрэгт явсан даа.
АЙРАГ, ТҮРҮҮГЭЭ ТООЛОХОО БОЛЬЁ
-Та цэргийн алба хаана хаасан юм?
-Би анх Улаанбаатарт Хилийн Цэргийн холбооны 0151-р ангид хуваарилагдаж алба хаасан.
-Цэргээс ирээд хул морио уяагүй юм уу?
-Хавчиг наснаас нь хойш уяагүй байтал манай эндхийн Тогоо гэдэг хүн сонирхоод байсан юм билээ. Тэгээд аав зарчихсан байсан. Тогоо гуай ийш тийшээ явалгүй, энэ хавиараа л сайхан наадчихдаг байлаа. Би ч их л хардаг байлаа. Тэгээд сургууль соёлд яваад, дахиад л хурдан мориноос хэсэг хугацаанд холдсон доо.
-Та хэдий үеэс морины уяандаа эргэж ирсэн бэ?
-Цэргээс ирсэнийхээ дараа хойшоо техникумд сурч ирээд, эргээд морь уяж эхэлсэн юм.
-Аавынхаа хоёр бор гүүний удмын морь уяв уу, эсвэл...?
-Цэрэг, сургууль соёл гэсээр яваад ирэхэд хоёр бор гүү маань бараг байхгүй болсон байсан. Тэгээд би Дорноговь аймгийн Иххэт суманд очиж, сумын даргынхаас нь унагатай гүүтэй хэдэн адуу, өөр нэг айлаас хонгор халзан, хар алаг хоёр даага авч ирсэн юм. Амьхандаа адуун сүргээ сэргээх гэж байгаа санаатай. Тэр үед би Хөдөө аж ахуйн яаманд жолоочоор ажиллаж байлаа. Тэгээд хонгор халзанг нь шүдлэнгээс нь уяж эхэлсэн. Хар алаг нь охин л доо.
-Таны нэр дээр уралдсан морьдын айраг, түрүү одоо л эхлэх нь ээ дээ?
-Тийм. Хонгор халзангаа шүдлэнд нь уясан боловч туранхай байсан болохоор тэгс ингэсхийж байгаад гавьсан юмгүй тавьсан. Хязааланд нь уяж, улсын баяр наадамд уралдуулаад 100-н хэдээр давхиуллаа. Намар нь Зүүнхараад очиж, Нэмэхээ гэдэг найзаасаа хонгор даага худалдаж авлаа. Найз маань дааганд нь улсын баяр наадамд уралдуулж, 12-оор давхиулж байсан юм билээ. Ингээд хойтон жил нь хоёр адуу уяж, улсын баяр наадамд оролцлоо. Хонгор шүдлэн арваадаар, хонгор халзан соёолон 50-н хэдээр давхилаа. Тэгэхээр нь намар нь Зүүнхараагаас дахиад хонгор үрээ авч ирсэн юм. Гэтэл хойтон жил нь бяртай хэрнээ уралдахаараа жаахан явж байгаад суугаад болдоггүй. Есдүгээр сард намраар авч ирээд тэжээчихсэн адуу таргалаад, гол нь өөхөлчихдөг юм байна л даа. Тэгээд улсын баяр наадамд хонгор хязаалан 12-оор, хонгор халзан азарга 20-н хэдээр давхидаг юм байна. Аминдаа урагшлаад л байгаа юм. Нэмж авсан хонгор шүдлэн Алдар толгойн эндээс бүр алхаад урагшлаагүй. Гэвч огт шантраагүй.
-Зарим хүн айраг, түрүү л хүртэж чадахгүй бол морь барианд ойртож байгааг амжилт гэж үздэггүй. Харин та уясан адуугаа жил жилээр урагшлаад байгаад л урамшаад байжээ?
-Тийм. Улсын баярын наадамд 12-оор давхисан хонгор үрээгээ хойтон жил нь Манлай уяач Доржсүрэнд аваачиж өглөө. Найз маань өмнөх жил нь Цоггэрэлийн хул үрээг уяж, улсын наадмаас түрүү хүртсэн байсан юм. Тэгээд “Миний найз энийг л нэг уячих” гэсэн чинь “Лууяа минь, би хоёр үрээг чинь очоод уяж өгье” гэдэг юм байна. Ингээд би Доржсүрэнд хоёр хонгор үрээгээ авч ирж өгчихөөд, өөрөө бас хэдэн адуу бариад уячихлаа. Партизанд Доржсүрэнтэй хамт сунгаанд оролцлоо. Тэр сунгаанд миний хонгор халзан азарга Доржсүрэнгийн хүрэн, Зүүнхараагийн Доржоогийн хээр / сүүлд дархан Алтангэрэл авсан хээр азарга/ гээд улсын баяр наадамд айрагдсан хоёр азаргыг хөтлөөд л ирсэн. Хул соёолон ч хол тасархай түрүүллээ.
Тэгсэн Доржсүрэн “Хонгор азарга чинь маш сайн байна шүү. Чи одоо л учрыг нь олж эхэлж байна. Хул үрээ чинь энэ жил улсад очиж нэг юм дуулгана аа, миний найз тайван байж бай” гэдэг юм байна. Гэтэл хул соёолон их хол түрүүлж ирээд, даанч биднийг мэдээгүй байхад хөлөө төмрөнд авчихсан байсан. Ингээд улсын баяр наадамд найдлага тавьж байсан соёолон маань талаар болдог юм байна. Гэхдээ би азаргандаа ч найдвар тавьж байлаа. Тэгээд хонгор халзан азарга маань тэр жилийн улсын баяр наадамд 11-ээр давхисан юм.
Түүнээс хойш хонгор халзан азаргаа жил алгасалгүй уяж, сум орон нутгийн наадмаас хэдэн жилийн турш айраг алдалгүй наадсан. Хонгор халзан маань улмаар 2003 онд Пунцагбалжирын нэрэмжит Төвийн бүсийн өвлийн анхны уралдаанд гуравласан. Ер нь Иххэт, Галшар хоёрын залгаа нутгийн адуу гэдэг их өөр байдаг юм билээ. Тэр наадамд миний хул морь их насанд гурваар давхисан юм. Гэтэл нэр нөлөө бүхий хүмүүсийн 10-аад морь үлдсэн байгаад дахин уралдуулж , тиймэрхүү л юм болж байлаа.
-Танд заяасан адуу бүхэн сайхан хурдалдаг байжээ. Ийм хүнийг адууны тэнгэртэй гэдэг байх аа?
-Хурдан сайхан хүлгүүд заяадаг юм аа. 2002 оны хавар бооцоот уралдаанд миний хул даага түрүүлж Еxcel машин авч байж билээ. Тэр жилийнхээ улсын наадамд долоогоор давхисан юм. Мөн ч хурдан даага байж дээ. Энэ даага маань Монгол Улсын Алдарт уяач, манай Батсүмбэр сумын Даваасүрэн гуайн адууны угшилтай хурдан адуу байлаа. 2003 онд Архангай аймгийн 80 жилийн ойгоор зээрд шүдлэнгээ Зоригоотойгоо очиж айрагдуулж байлаа. 2005 онд Багануурт болсон өвлийн бүсийн уралдаанд Зоригоо, Баатараа хоёртойгоо очиж хүрэн соёолонгоо түрүүлгэж , буурал азаргаа тавлуулж байлаа.
-2010 онд зээрд даага улсын баяр наадамд долоогоор давхиж, хойтон жил нь шүдлэндээ улсад болон Дундговьд болсон бүсийн наадамд айрагджээ. Энэ зээрд хаанахын угшилтай адуу вэ?
-Эх талаасаа Баясаагийн адууны угшилтай. Би 2009 онд Дорнод аймагт болсон бүсийн наадмын үеэр унага байхад нь авсан юм. Хойтон хавар нь “Ирээдүйн түмэн эх”, улсын баяр наадам, Эрдэнэтэд болсон бүсийн уралдаанд тус тус долоолсон. Харин шүдлэндээ улсын баяр наадамд гуравлаж, Дундговьд болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Хязааландаа улсын баяр наадамд наймаар давхиж, Төвийн бүсийн уралдаанд дөрөв дээр гарч ирээд, долоолсон. Одоо төлүүд нь сайхан болж байна.
-Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн хээр үрээ тань мөн үү?
-Тэр уралдаанд шүдлэндээ түрүүлээд, хязааландаа Архангай аймгийн 90 жил, Хангайн бүсийн наадамд аман хүзүүдсэн. Соёолондоо дээд насанд уралдаад, 2014 онд Улсын наадамд гуравлаж Дундговьд очиж дөрөвлөсөн. Энэ жил л гэхэд хоёр ч зургаалчихлаа.
Гэхдээ би нэг юманд сүсэггүй болоод байгаа юм. Учир юу гэвэл, хүмүүс айраг, түрүү тоолоод байдаг болчихож. Үнэндээ халиун азарга, миний халтар хоёрыг тоолоод энэ жил хоёулаа л айргаас мултарлаа шүү дээ. Одоо ер нь тоолохоо больё.
АДУУНЫХАА ОНЦЛОГИЙГ ОЛЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ
-Сайн адуу, сайн эр хоёр ерөөл тавилангаар учирдаг гэдэг. Сайн адуу эзнээ хайж явдаг ч гэдэг. Жишээ болгоод, хээр азаргатайгаа ямархан хувь тохиолоор учирсанаа ярьж өгөөч?
-Манай Баясаа гэдэг дүү Өлзийтөд дөрвөн адуу аваачсан байдаг юм. Зоригоо гэдэг дүүгийн хашаанд байхад нь очиж үзтэл дөрвөн сайхан даага, түүн дотроо хоёр сайхан хээр халтар даага байна. Гэтэл нэг халтар нь миний нүдэнд туссан. Тэдэн дотроо хамгийн нарийн адуу харагдаж байлаа. Тэгээд би “Энэ нарийн халтрыг нь авбал яаж байна” гэсэн Баясаа маань “Та өөрөө л мэд” гэсэн. Тухайн үедээ мөнгөгүй явсан болохоор би ч тэгсхийгээд л яваад өгсөн. Маргааш нь эргээд иртэл өнөөх маань ганцаараа үлдчихэж. Тэгээд л авчихсан юм. Адуу, хүн хоёр бие биенээ мэдэрдэг гэдэг дээ.
Дааганд нь Батсүмбэртээ аваачаад уралдуулсан нэг их сайн яваагүй. Жинхэнэ хурдан адуу болохыг нь шүдлэнд нь л мэдсэн дээ. Тэгээд улсын баяр наадамд уралдуулах гэж ирсэн боловч “Тамир нь арай л гүйцэхгүй байна, больё” гэж бодоод уралдуулаагүй. Уг нь тэр жил уралдуулсан бол айрагдчих л байсан юм билээ.
Дараа нь, Сэлэнгийн Хүдэр сумын ойн уралдаанд очиж, түрүүлээд ирсэн. Цээлийн Баяраагийн хурдан халтар азарганы төл халтар ч бас тэндээс түрүү хүртсэн юм. Халтар маань Төвийн бүсийн уралдаанд ч бас түрүүлсэн.
Гэвч би өнөөх халтрыгаа л яаж уях вэ гэж шаналаад явлаа.
-Цустай адууны хөл гар нь нарийхан, эмзэг турьхан байдаг гэдэг. Гэтэл манай газар хатуу, хад чулуу ихтэй учраас амархан хөлгүй болчихдог. Тэгээд та уяаны ямар тактик барихаар шийдсэн бэ?
-Хурдан нь хурдан адуу юм байна гэдгийг нь мэдэрсэн. Гэтэл юмны урд гарч явахгүй, араасаа явдаг онцлогтой адуу байсан юм. Тарган уралдуулбал хөлгүй болчих юм байна гэдгийг хамгийн түрүүнд сэхээрсэн. Тэгээд би уралдаанч хүүхдэдээ “Тэртээ тэргүй гардаггүй адуу юм чинь тооцоотой араас нь яв. Ингэж чадвал нэгдүгээрт хөлтэйгөө, хоёрдугаарт давхил нь баталгаатай гарна. Тиймээс чи яарч гарч зугтааж хөөж болохгүй шүү” гэж захисан юм. Өмнө нь хоёр ч хүүхэд унасан, энэ жил гурав дахь нь унах гэж байна. Айраг, түрүү рүү улайралгүй, энийгээ хөлтэй байлгахын төлөө л ухаанаа зараад зүтгэж байна даа.
-Та халтрыгаа хөлтэй байлгахын тулд хэрэглэж байгаа арга туршлагаасаа хуваалцаач?
-Адууныхаа онцлогийг л олж харах хэрэгтэй юм билээ. Хүн ер нь адуу бүрийг мэдэрч, ойлгож чаддаггүй шүү дээ. Харин би энэ халтрыгаа адуу адуунаас гойд мэдэрдэг. Уяаны хувьд урт уяатай. Эрлийз адуу бэлэн давхилтай байдаг болохоор хөнгөн юм хийдэг ш дээ. Гэтэл манай халтар тийм биш. Миний халтрын эх нь их онцлогтой, цэвэр Монгол, жижигхэн халтар гүү байдаг юм. Баянцогтоос гаралтай гүү л дээ. Түүнээс гарсан төл болгон сайхан давхиж байна. Миний халтрын дүү нь Билгээ гэдэг залууд бий. Ах бор азарга нь “Туушин”-гийн Зоригтод байна. Нөгөө талаасаа Дэмбээ Манлайн халтар азарга бол аргагүй сайн төлтэй азарга шүү дээ.
Хүлэг, эзэн хоёр ямар учрал тохиолоор таарсан юм. Миний халтар ч зүтгэлтэй юм, би ч сэтгэл зүрхээ зориулж байгаа юм, уралдаад л байна. Энэ жил унаачийг нь долоон настай хүүхдээр сольсон. Хүүхэд бага болохоор жаахан туршлага дутаж л байх шиг байна.
-Хүүхэд, морь хоёр ижилсэх, бие биенээ мэдрэх хугацаа хэрэгтэй байх л даа?
-Тийм. Энэ жилийн өвөл халтар маань их хурдан байлаа. Тод манлай цолыг маань “угаах”-аар л хэмжээнд байлаа. Гэвч болохгүйгээ хүрэхээр болдоггүй юм байна. Хамгийн гол нь, адуугаа мэдэрч л уралдуулах нь чухал юм байна. Давхил нь орж, гараад л байна. Гэвч би энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү хурд оруулах маягаар уячихсан. Хүүхэд туршлага дутахаараа халаагүй байхад нь явуулах гээд шахаад байдаг юм байна. Би тэрэнд нь тааруулахын тулд жаахан хурд оруулж уях шаардлагатай болж байгаа юм. Бид гурав одоохондоо ойлголцож чадахгүй л байна. Гэхдээ боломжтой болгонд нь уралдуулж л байя гэж бодоод байгаа юм. Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Хөвсгөлд очиж уралдуулж үзлээ. Хөвсгөлд эхний хэд рүү ороод ирдэгээрээ л ирсэн. Барианд 3 км дутуу байхад засмал зам ороод ирсэн чинь хүүхэд нь айгаад, амыг нь татчихсан юм. Туршлагатай хүүхэд байсан бол засмал зам дээр илүү давхиулах байсан даа. Гэвч би энэ жил халтрыгаа хоёр ч удаа зургаалсанд сэтгэлээр унаагүй ээ. Одоо ч тэгээд шинэ цагийн адуу илүү сайжирч дээ. Амжилтыг нь чамлалтгүй.
-2012 оноос хойш таныг олон ч баярлууллаа. Дандаа л чансаа өндөр азаргануудтай уралдаж байна. Та ч халтартаа ухаанаа зарж, сэтгэлээ зориулдаг гэж байна. Азарга, их насны морины уяа сойлгыг тааруулна гэдэг уяачийн шандасыг сорьсон ажил. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, сэтгэл хамгийн их огшоосон наадам хэдэн онд, хаана тохиож байв?
-Халтар маань 2014 онд соёолон их хурдан байсан юм. Улсын баяр наадамд гуравлаж, Төвийн бүсэд дөрөвлөсөн.Ноднин бас их хурдан байлаа. Улсын баяр наадамд дөрөвлөөд, “Их хурд”-д хамгийн хурдан хүлэг шалгаруулахад тээр холоос хөөгөөд дөрвөөр орж ирж байснаа Тод Манлай Хишгээ, “Авзага трэйд”-ийн Мэндээгийн хонгор хоёр орж ирж, айргаас мултарсан. Тэгээд би Хэнтийд очоод, түрүүлгэе гэж бодож явсан юм. Гэвч аман хүзүүдсэн. Тухайн жилдээ их ачаалалтай уралдсан болохоор тохирсон хурд нь л тэр байсан байхаа даа. Энэ жил 5 том наадамд уралдсан даа. Би ч бас адууныхаа онцлогийг мэдрээд, жаахан зүтгэдэг газар байх хэрэгтэй, хэтэрхий уруу газар бол хөлөндөө халгаатай гээд эмээгээд байгаа юм. Энэ утгаараа өгсүүр газар хайж уралдуулаад байгаа ухаантай. Нөгөөтэйгүүр, халуун, хүйтэн аль ч газар аваачиж уралдуулж, адууныхаа тэвчээрийг үзье, өөрийнх нь үзүүлэлтийг тогтооё гэсэн зорилго тавиад байгаа юм.
-Та халтрыгаа их олон аймаг, бүсийн наадамд уралдуулсан юмаа даа?
-Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Төв аймагт уралдуулчихаад байна. Энэ нь нэг талаасаа их эрсдэлтэй шүү дээ. Гэвч хүний сонирхол гэдэг дарагддаггүй эд юм байна.
СУМЫН НААДАМД ЗУРГААН НАСНЫ АДУУ АЙРАГДУУЛААД ЗОГСОЖ БАЙХ БАС Л САЙХАН ШҮҮ
-Дээлээ гандтал явж явж, Төв цэнгэлдэхдээ олны өмнө нутаг орныхоо нэрийг дуудуулах л уяач хүний хамгийн том бахархал биз дээ. Гэтэл та яагаад тэндээ очдоггүй юм бэ?
-Төв цэнгэлдэхэд эрлийз насыг цоллодоггүй юмаа. Цоллодог бол очилгүй л яахав дээ. Гэхдээ Төв цэнгэлдэхэд даага, шүдлэнгээ цоллуулж л байсан шүү дээ.
-Та сүүлийн гурван жилийн дотор дээд гурван цолонд хүрлээ. Гурван жил дарааллан цолоо ахиулсан хүн танаас өөр байдаггүй байх аа?
-Манлайгаас Тод Манлай болсон Даш-Өлзий гуай байна. Өөр уяач байдаг байлгүй дээ .
-Та “Шинэ цагийн адууг эмзэг турьхан. Гэвч бид өөрсдөө л гамтай сайхан уралдуулж чадвал, шинэ цагийн адуу Монгол нутагт дасан ээнэгшиж, зохицож чадах юм байна“ гэдгийг та өөрийн арга туршлагаар нотолчихлоо шүү дээ?
-Адуу ер нь хөлтэй л байж уралдана шүү дээ. Тиймээс болоогүй үед нь уралдуулахаа тэвчиж, дараагийн наадамд нь хадгалж чаддаг байх хэрэгтэй. Гэвч хүнийг хэлэлтгүй, би өөрөө тэвчилгүй уралдуулчихаад л байгаа хүн дээ.
-Та нэгэн үе хонгор зүсмийн адуугаар дагнаад байсан. Одоо бол хээр, халтар зүсмийн адуугаар л наадаад байдаг болжээ?
-Тийм. Үүнээс өмнө би уяан дээрээ яг зургаан хонгор адуу уядаг байлаа. Тэр үед ч би уяж чаддаггүй байж дээ. Энэ жилийн хувьд уяан дээрх адууны нэлээд хувь нь халтар зүсмийн адуу зогсох байх.
-Нас, насны ижил зүсмийн морьд ч гайхалтай сайхан харагддаг шүү?
-Сайхан, сайхан. Цээлийн Баяраагаас авсан азарга маань хоорондоо үйлийн үргүй адилхан. Барагтай хүн ялгадаггүй шүү дээ. Зэрэгцээд зогсож байгаа нь тун ч сайхан шүү.
-Ээж, өвөө хоёр тань сайхан адуугаар гангарах дуртай улс байсан гэж та ярианыхаа эхэнд хальт дурдаад өнгөрсөн дөө. Та ч бас гангарах дуртай юу?
-Өөртөө таарсан эмээл хазаар, эдлэл хэрэглэл бэлдэнэ ээ. Эр хүний хувьд алгандаа багтахгүйг барихгүй ч, удам судартай хүний үргэлжлэл учир жанцантай хөөрөг барья ч гэж боддог юм. Тиймээс гэргийнхээ талын ахаас Булганы гаралтай хөөрөг авсан. Булган аймгийн Сайхан сумаас гаралтай Лувсанжамбаа, Намхай Аваргын өвөөгийнх нь барьж байсан хөөрөг.
-Хүүхдүүд тань ч бас моринд дуртай бололтой?
-Миний хоёр хүү сургууль соёл дагаад, суурин газар өсөж байгаа хэдий ч моринд их дуртай. Төрсөн дүүгийн маань хүү ч бас миний морьдыг унасаар байгаад дуртай болчихсон. Сайн уяач болох шинжтэй байна. Би ч одоо халаагаа өгч, ачаагаа хөнгөлдөг юм билүү гэсэн бодолтой явна.
-Та эртнээс энд тэндээс сайн угшилтай адуу авч, адууныхаа цусыг сайн сэлбэжээ. Залуучууд танай адууг сонирхож, үнэ хаялцуулдаг л байлгүй?
-Бодоод байх нь ээ, би адуу авч байснаас зарж байгаагүй юм билээ. Одоо миний хөрөнгө ерөөсөө 200 гаруй адуу л байна. Би айхтар үнэтэй ч адуу авч байсангүй, бас хямдхан ч адуу авч байсангүй. Морь уядаг хүмүүсийнхээ араас л аажуухан алхаж яваа хүн шүү дээ. Өөрөө сайхан машин авч унахаасаа илүү адууныхаа аманд хийх юм авчихъя л гэж боддог хүн. Ер нь, гэртээ талхтай, талхгүй байх надад бараг л хамаагүй шүү дээ. Гэргий маань ч намайг сайн ойлгодог юм. Тиймээс “цалин пүнлүүгээ яачихав” гэж шаналгаад байдаггүй. Явж, явж би ганц адуугаар тогтмол амжилт үзүүлж болдогийг харуулж чадлаа. Морь уясаны минь хамгийн том ололт энэ л байх.
Би бараг л 10 хэдтэйгээсээ эхэлж, адуу цуглуулж эхэлсэн байх. Өөрөө жаахан бүтэлтэйхэн байсан бол улс, бүсийн наадамд мөн ч олон адуу айрагдуулах байсан байх даа. Уг нь сумын нэг наадамд гэхэд зургаан адуу айрагдуулчихаад зогсож л байдаг байлаа шүү дээ. Жишээ нь, сумынхаа наадамд азарга, их нас аман хүзүүлгэж, соёолон, хязаалан түрүүлгэж, шүдлэн, даага айрагдуулж нас болгонд айраг, түрүүтэй наадаад их баярлаж байж билээ. Хөтөлийн 40 жилийн ойд хоёр адуу түрүүлж, гурван адуу айрагдаж байлаа. “Наадам жижигддэггүй юм “ гэж Тод манлай уяач Дугараа маань хэлж л байлаа. Намайг морь уяхад хамгийн их нөлөөлсөн хүн бол Монгол Улсын Манлай уяач Батчулуун найз маань. Найзыгаа морь уях эрдэмд сургасан ачит багш маань гэж бодож цаг үргэлж талархаж явдаг юм. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад найздаа, гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үе удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна