Амьдралын хамгийн сайхан дурсамжуудыг итгэл бүтээдэг

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 27 -нд

Амьдрал чухам юун дээр тогтдог тухай хү бүр өөр өөрийн онол, таамаглалаа дэвшүүлдэг. Тэдгээр онол, таамаглал нь тухайн хүний үзэж туулсан амьдрал, бие болоод сэтгэлээрээ амссан мэдрэмжүүдээс нь үүдэлтэй байдаг учраас алийг нь ч үгүйсгэх аргагүй.  Харин энэ удаагийн зочин Баатарын Энхбаяр “Амьдралын хамгийн дурсамжуудыг итгэл л бүтээдэг” гэж боддог, итгэдэг, бас баталдаг нэгэн аж. Үнэхээр ч түүний амьдралыг нэг үгээр илэрхийлье гэвэл “итгэл” гэдэг үгээс өөр ямар ч үг тийм сайхан зохицохгүй мэт санагдана.
Эвийн хос загас эвлэлдсэний учир
Улаанбаатар хотноо унаган охин Б.Энхбаяр Политехникийн дээд сургуулийн боловсруулах үйлдвэрлэлийн механик технологийн ангид суралцаж байхдаа амьдралын хань Д.Оюунбилэгтэйгээ анх танилцжээ. Бүтэн жилийн турш биесээ зэрвэсхэн харж явсан тэд хоёрдугаар дамжааны оюутнууд сангийн аж ахуйд ажилд гарах үеэр л бараг анх удаа үг солилцож үзсэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, оюутнуудад зориулсан оройн бүжгийн үеэд Д.Оюунбилэг гитар барин, зориуд үүдэн дээр отож, хотын дэгжин охины нэрийг асууж, яриа өдсөн ч Б.Энхбаяр нэрээ хэлэлгүй буцаад явчихаж. Тэр цагаас хойш Д.Оюунбилэг ч эргэлт буцалтгүй “давшиж”, Б.Энхбаяр ч тууштай эсэргүүцсээр байж. Нэг жил бүр ангийнхаа хэдэн хүүхэдтэй нийлж гэр аваад, байрных нь өмнө авч ирж бариад өвөлжчихсөн гэж байгаа. Тэгээд өглөө бүр замыг нь тосон дагаж, орой бүр самбарын араар нуугдан хүлээсээр дөрөв дэх хавартайгаа золгожээ.
Оюутны тав дахь намар дахин сангийн аж ахуйд ажилд гарч, Д.Оюунбилэг овжин зангаа ашиглан хайртай бүсгүйтэйгээ нэг майханд байрлах болжээ. Тэгээд нэгэн өдөр гар дээр нь ус хийж өгөх зуураа “Би чамайг таван жил гуйлаа. Одоо хариугаа хэлнэ байгаа” гэж зориг гарган хэлсэн гэдэг. “Их сургуулиа төгсөхөөс нааш хүнтэй үерхэж, амьдрал зохиохгүй” гэсэн зарчимтай Б.Энхбаяр хариугаа хэлэхийг бас л яарсангүй. Дахин нэг өдөр хүлээлгэсний эцэст маргааш орой нь шийдвэрээ гаргаж, ирээдүйн ханьтайгаа үерхэхийг зөвшөөрчээ.
Б.Энхбаяр энэ тухайгаа дурсахдаа, “За, болох л юм” гэтэл тэр намайг тэврээд л тариан талбайн дундуур гүйчихсэн нь одоо ч нүдэнд харагдаад байдаг юм” гээд нүдэнд нь жаргалын оч гялтганаж байсан. Тэд үерхэж эхэлснээ тэмдэглэж, “Найрамдал” сангийн аж ахуйд нэг их байлдаантай кино үзсэн гэдэг. Харин тэдний амьдралд байлдаан байтугай, ширүүхэн ам зөрөлт ч тохиож байсангүй. Б.Энхбаяр ханьдаа нялхамсан эрхэлж, тунирхан гомдоллодог хэдий ч буруу бүхнийг бүсгүй хүний уужуу ухаанаараа зөв рүү эргүүлж, хатуу бүхнийг гэргий ялдам аалиараа зөөллөсөөр иржээ. Д.Оюунбилэг дээд сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байсан ч сүүлдээ амьдралын эрхээр мөнгөн аяга урлаж, дархны ажилд шимтэх болсон байна. Гэвч энэ бол түүний эцсийн сонголт биш байв. Учир нь тэрбээл тун удалгүй эцэг дээдсийн уламжлалаа дагаж, монгол хүний гендээ хөтлөгдөн хурдан морь сонирхох болсон байна. Тэгээд тэрбээр “Би эзэмшсэн мэргэжлээрээ чамайг баярлуулж чадахгүй байж мэднэ. Харин морь уяж чамайгаа баярлуулна аа” гэж ам гарчээ. Д.Оюунбилэг ч хэлсэн амандаа хүрсэн юм.
Нялх биетэй гэргий нь Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд явуулахгүй гэж цааргалаад байхаар нь том хүүгээрээ далимдуулж, худлаа хэлээд наадамлах гэж яваад “баригдаж” байсан тэрбээр тэр цагаас хойш гэргийдээ ганц ч удаа худлаа хэлээгүй гэдэг. Б.Энхбаяр ч түүнд худал хэлэх шалтаг өгдөггүй, эр нөхөртөө тийм их итгэл хүлээлгэдэг гэргий байсаар иржээ. Д.Оюунбилэг ч энэхүү сайхан амьдралаа бэлгэдэж, эвийн хос загастай мөнгөн аяга урлан, гэргийдээ бэлэглэж байсан гэдэг.
Эхнэрийн итгэл, эрийн зүтгэл энэ амьдралыг цогцлоодог
Хурдан морь сонирхдог, уяачидтай ойр байдаг хүмүүс бол дээрх бяцхан түүхийн баатрууд хэн болохыг аль хэдийнэ таачихсан байх. Тиймээ, мэдээж энэ бол Монгол улсын Манлай уяач Д.Оюунбилэг болон түүний гэргий Б.Энхбаяр нарын хайрын түүх байлаа.
Д.Оюунбилэг Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж, таван жилийн дотор шинэ бүтээгдэхүүний оновчтой саналын патентыг хоёр ч удаа гардсан сүйхээтэй эр байв. Улмаар ардчилсан хувьсгалаас хойш Хайлаастын дунд сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллах болсонб айна. Яваандаа тэрбээр дархны ажлыг бие даан сурч, мөнгөн аяга хийж зардаг болжээ.
Харин гэргий Б.Энхбаяр нь “Монро мебель” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн байна. Гэвч тэр өөрийнхөө тухай барагтай л бол ярихгүй. Ам л нээвэл нөхрийнхөө тухай дурсаж, залуу насны гэгээн, цайлган дурсамжиндаа өөрөө уяран, нулимсаа нууж арчсаар сууна. Тэр төрөлхийн ийм уян зөөлөн бүсгүй байсан ч юм уу, эсвэл оюутан цагаасаа эхлэн хайраараа өлгийдөж, хайр, хүндэтгэлийн дээдийг мэдрүүлсэн эр нөхөр нь түүнийг ийм уяхан болгочихсон ч юм уу, бүү мэд.
Ямартаа ч түүний аав нь Дундговь, ээж нь Хэнтийн гаралтай хүмүүс байсан бөгөөд хотод гал голомтоо бадраасан байна. Б.Энхбаяр хотод төрсөн бөгөөд түүнийг бага байхад ажлын шаардлагаар гэр бүлээрээ найман жил Дарханд амьдарчээ. Тэр цагаас хойш тэрбээр Улаанбаатартаа л амьдарч буй. Эцэг, эхээс зургуулаа, айлын дунд охин боловч нэлээд эрх танхидуу өссөн бололтой.
Д.Оюунбилэг ч мөн амьдралынхаа туршид түүнийг хайр халамжаар дутаагаагүй нь түүний харцнаас илхэн байлаа. Ямар сайндаа л найз нөхөд нь хааяахан нийлээд шил юмны бөглөө мултлах үеэр “Яг одоо залга” гэсэн мессеж гэргий рүүгээ илгээж, Б.Энхбаярын дуудлагаар наргийн цэнгээнээс мултран, гэр рүүгээ л яарч байх вэ дээ. Эхнэр нь ч түүний энэ сайхан сэтгэлийн хариуг итгэлээр л барина. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр эр нөхрөө хурдан морь гээд хөдөө гадаа явахад огтоос хорьж цагддаггүй, араас нь цагаан сүүнийхээ дээжийг өргөөд л хоцордог байж. Хүүхдүүд нь аавыгаа дагаж, хурдан морь унана гэж зүтгэхэд эхийн сэтгэл багахан эмээлттэй байсан хэдий ч бас л хориглож чадаагүй гэдэг. Гэвч энэ бүхний эцэст тэр “Эр хүний амжилт гэргийн итгэл дээр тогтдог” гэдгийг мэдэрч, баталж чаджээ. Эр нөхрийнхөө уяаны ажилд хэтэрхий ихээр хошуу дүрж, хурдан хүлэг болоод хувь хүнийх нь хийморийг гундаадаг эрх бүсгүйчүүд шиг дураараа авирладаггүй гэргийгээрээ тун их бахархдагаа Д.Оюунбилэг Манлай хэнээс ч нуудаггүй байв. “Манай хүн хүнийг магтах лут авьяастай хүн дээ. Хамгийн жижигхэн зүйлийг ч магтаалаараа дэвэргэж, тухайн хүнээ урамшуулдаг байсан юм шиг байна лээ. Өөрөө ч бас багахан магтаалд урамшдаг хүн байсан юм” гэж Б.Энхбаяр эгч хэлсэн нь үнэн билээ. Д.Оюунбилэг агсан ч өөрийнхөө амжилтыг гэр бүл, гэргийтэйгээ холбон тайлбарладаг нэгэн байсан. Харин хоёр хөөрхөн хүү төрүүлэн өсгөж, өдгөө гурван ачтай өнөр өтгөн гэрийн эзэгтэй болсон Б.Энхбаяр бүсгүй “Миний ханийн амжилтанд “Агт-Эрдэнэ” гал уяаны хамт олны хичээл зүтгэл, дэмжлэг ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Би бодоо ч галынх нь хамт олонтой сайхан харилцаатай байдаг. Мөн цаг үргэлж биднийг дэмжиж, сэтгэл, зүтгэл, зөвлөмжүүдээрээ чиглүүлсээр ирсэн хоёр талын ах дүүс, найз нөхдөдөө маш их талархаж явдаг” хэмээсэн юм.
Хайр, хайр, бас дахин хайр
Энэ ертөнцийн хамгийн үнэ цэнэтэй, хамгийн урт настай зүйл нь хайр юм болов уу. Гэвч үүний үнэн баттай хариуг хэн зоригтой хэлж чадах бол?
Амьдралд үгээр хэлж, үзгээр бичиж болдоггүй хэдхэн зүйлс бий... Мэдээж тэдний нэгнь хайр. Тэгвэл хэн хайрыг хамгийн зөв тодорхойлж чадах бол?
Нэрийг нь хэлэхийн төдийд нүд нь гэрэлтэх тэр мэдрэмж. Дурсан санах бүртээ дурсамжийнхаа тэрхүү буйдхан хөндийд эргээд очсон мэт догдлох тэр мэдрэмж. Энэ орчлонгоос үүрд одсон ч мөч бүрт дэргэдээс ширтэж, гараас атган, мөр түшээд байгаа мэт санагдах тэр мэдрэмж. Он цаг урсан өнгөрч, огт мартагдахгүй дурсамж л үлдсэн хэдий ч дэргэд байхгүй гэдэгтэй нь эвлэрч чадахгүй байх тэр мэдрэмж. Магадгүй, тэгэхээр хайр гэдэг мэдрэмж юм байна. Хайр хэмээх мэдрэмжийг хэн хамгийн төгс илэрхийлж чадах вэ? Энэ асуултын хариулт нь, хайр гэдэг мэдрэмжээрээ “өвчилсөн” тэр нэгэн биз ээ. Тэгвэл хайр хэмээх мөнхийн сэдвийн талаарх түм буман асуултын минь хариулт яг одоо өөдөөс минь хараад сууж байна. Тэр бол Монгол улсын Манлай уяач Д.Оюунбилэг агсны гэргий Б.Энхбаяр.
Түүний ярианаас би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Юу гэвээс, хайр хэзээ ч өөрийгөө боддоггүй, чухамхүү хайрласан нэгнээ л боддог юм байна. Бид “Хоорондоо зуун хувь тохирсон” гэж ярьдаг даа. Тэгвэл Д.Оюунбилэг уяач хайрласан бүсгүйгээ, хайрласан бүсгүй нь түүнийг амьдралынхаа цаг мөч бүрдийд бодож, санаж, хайрлаж, хүндэтгэж, тэд хоёр биенийхээ төлөө л бүхнийг хийсээр иржээ. Амьдрал гэдэг тэр чигээрээ сонголт гэдэг шүү дээ. Тэгвэл өрөөлийн сонголтыг өөрийнхөөсөө өмнө тавьж, түүнд таатай байх л сонголтыг хийдэг бол тэд төгс нийцсэн хос биш гэж үү?
Би эндээс бас нэгэн асуултынхаа хариултыг оллоо. Хайр хүнийг амьдралд, зан суртахуунд ... ер нь бүх л зүйлд сургадаг юм байна. Гэхдээ ямар ч үггүйгээр. Өөрөөр хэлбэл, Д.Оюунбилэг агсан эргэн тойрон дахь хүн бүрээ хайрладаг байсныг, тэр хайраараа чимээгүйхэн хүмүүжүүлдэг байсны Б.Энхбаярын ярианаас олж мэдлээ.
Хүмүүс хайрыг цаг ямагт чамладаг. “Уячид уралдаанч хүүхдээсээ илүү морио хайрлаад байна” гэдэг. Эсвэл “Уяачид өөрийнхөө хүүхдийг хайрлаад уяж байгаа морио бодохгүй юмаа” гэдэг. Бас гэргийдээ юм хэлэхгүй, эвээр нь байлгаад байвал “эхнэрээ толгой дээрээ гаргачихаж” гэдэг. Эсрэгээр нь гэргийдээ хэдэн үг хэлчихвэл “эхнэрээ огт хайрлахгүй юм” гэдэг. Харин ... харин Д.Оюунбилэг агсны эргэн тойрны хэн нэгнээс энэ мэт хайр чамласан үгс олж сонсохгүй л болов уу. Учир нь, тэр эрийн хийморь дэврээсэн хүлэг морьдоо ч, наадмын индэр дээр нэрийг нь цоллуулахын төлөө хөлс, хөдөлмөрөө зориулсан уралдаанч хүүхдээ ч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөн амжилт ерөөдөг гэргийгээ ч, оноход нь хамтдаа дэрвэж, алдахад нь хамтдаа гэмшдэг ижил хэдэн нөхдөө ч хайр, хүндэтгэлээр дутааж байгаагүй нь түүний тухай дурсах хүн бүрийн харц, үг хоёроос илт мэдрэгддэг юм билээ.
Манлай уяачийн гэргий “Манай ханийн бас нэгэн давуу тал нь хурдан морь унадаг хүүхдээ хэзээ ч зэмлэж, хатуу хөтүү үг хэлж байгаагүй. Янз бүрийн айлын, янз бүрийн зан араншинтай хүүхдүүд ирдэг ч зөөлөн ааль аашинд ээнэгшин дасаад, бүгд л уян зөөлөн ааштай болцгоодог. Ёстой л “зөөлөн нь хатуугаа иддэг” гэдэг энэ байх даа” хэмээн дурссан.
Б.Энхбаяр бүсгүй ч “Ханиа бурхан болсны дараа миний сэтгэл дэн дун болчихсон. Бие эвгүйтээд эмнэлэгт очтол эмч нь “Чи манай эмнэлэгт биш, “Шархад”-нд очих ёстой хүн байна” гэж хүртэл зэмлэж байлаа. Нулимс хатдаггүй юм байна, би дөрвөн жил уйллаа” гэсэн. Хажууханд нь ханхайж байсан ханагар том хайрхан нэг л өглөө элс мэт нураад уначихаар арга ч үгүй биз ээ. Гэвч тэр амьдралынхаа 30 жилийн турш инээсэн. Хэн нэгнээс сэтгэлийн илч горьдож, амьдралын гал, хайрын дөлийг хаа нэгтээгээс хайж бэдрэх шаардлага түүнд одоо ч байхгүй, цаашид ч гарахгүй. Учир нь, эргээд дурсахын төдийд сэтгэлийн гал бадран дүрэлзэх тийм халуун илчтэй сайхан дурсамж түүнд олон бий. Тиймээс ч тэр ярилцлагынхаа төгсгөлд, “Би ямар морь ярьж мэдэх биш дээ. Хэн нэгэн яриач гэвэл нөхрийнхөө тухай л ярьчихдаг юм. Учир нь миний хамгийн сайн мэдэх зүйл бол Оюунбилэг юм шүү дээ” гээд нулимсаа арчаад инээмсэглэсэн. Одоо ч тэр жижигхэн алаг нүдэндээ инээмсэглэл тодруулсаар л суугаа гэдгийг би зөнгөөрөө мэдэрч байна. Учир нь амьдралын гал бол дурсамж юм.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 87

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна