“Манлайн хурд” МСУХ-НЫ тэргүүн, аймгийн Алдарт уяач Ө.Мөнхтайван: ТЭР МЭДРЭМЖИЙГ ХҮРТЭХ ГЭЖ МОНГОЛЫН 120 МЯНГАН УЯАЧ МОРЬ УЯЖ БАЙНА

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 27 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат нэрт уяач, хурдан морь шинжээч Ц. Занданбал агсны нэрэмжит “Манлайн хурд” МСУХ-ны тэргүүн, Өмнөговь аймгийн “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Өөдөсийн Мөнхтайвантай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Өнгөрсөн жил 20 нас хүрсэн “Манлайн Хурд” МСУХ улсын шилдэг салбараар шалгарсан. Та шилдэг холбооны хэд дэх тэргүүн нь вэ?
-Өнгөрөгч 2016 онд говийн нэрт уяач, хүлэг шинжээч Цэрэндоржийн Занданбал агсны нэрэмжит Манлай сумын “Манлайн хурд” МСУХ 20 нас хүрч, Монгол Улсын шилдэг салбар холбоогоор шалгарсан. 20 жилийнхээ түүхт ойтой давхцан улсын шилдэг салбар холбоогоор шалгарсан “Манлайн хурд“  МСУХ-г тэртээ 1996 онд аймгийн Алдарт уяач Б.Батхүү, Морьт хэмээх Дэлгэр, Жингээгийн Бат-Эрдэнэ тэргүүтэй уяачид санаачлан байгуулж анхны тэргүүнээр Б.Батбаяр сонгогдсон байдаг. Б.Батбаяр ах маань олон жил холбоогоо удирдаж уяачдаа идэвхжүүлэх, орон нутагтаа хурдан морийг хөгжүүлэхэд ихээхэн зүтгэл гаргаж олон ч ажлыг хийж хэрэгжүүлсэн байдаг. 16 жилийн дараа буюу 2012 онд Батбаяр ах аймаг руу шилжих болж, холбооны тэргүүнээр О.Алтангэрэл, дэд тэргүүнээр миний бие сонгогдсон. Үүнээс гурван жилийн дараа буюу өнгөрөгч 2015 онд  сумын уяачид дахин хуралдаж намайг тэргүүнээр сонгосон юм. 
-Тэргүүний албыг авснаас хойш  хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч танилцуулаач?
-Байгуулагдаад 18 жил болсон үйл ажиллагаа нь жигдэрсэн холбооны Тэргүүн болох сайхан л юм билээ. Холбооны урьдын удирдлагууддаа баярлаж явдаг. Намайг Тэргүүн болоход уяачдын маань эхний хүсэлт сумандаа аймгийн чанартай бүсийн уралдааныг зохион байгуулах байсан. Үүнээс гадна холбооны байгуулагдаад 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, холбооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлэх, залуу уяачдынхаа идэвхийг дээшлүүлж, үйл ажиллагаандаа татан оролцуулах, ахмад уяачдынхаа хурдан морь уях, адуу эдлэх арвин баялаг туршлагаас суралцах, уралдаанч хүүхдүүдээ урамшуулах мөн тэднийхээ аюулгүй байдлыг хангах зэрэг олон ажил хүлээж байсан. Ингээд эхний ээлжинд манай холбоог үүсгэн байгуулалцаж байсан Морьт Дэлгэр ахын хүү моринд дуртай зохион байгуулах авьяастай Д.Хотолбаатарыгаа залуучуудын төлөөлөл болгож нарийн бичгийн даргын орон тоо гарган ажилд авсан. Мөн дэд тэргүүнээр сумын ИТХ-н дарга, аймгийн Алдарт уяач О.Бат-Эрдэнийг сонгосон. Ингээд  бид хамтраад аймгийн бүсийн уралдаанаа уяачдынхаа хүчээр амжилттай зохион байгуулж чадсан. Уяачдын холбоо гэдэг байгууллага бол моринд дуртай, Монголоо гэсэн сэтгэлтэй, өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн Монгол улсаа авч явах үүргээ гүнээ ухамсарладаг хүмүүсийн сайн дурын нэгдэл шүү дээ. Би энэ хүмүүсийн зорилго нэг учир жаахан л зохион байгуулалт хийхэд  ямар ч зүйлийг хийж чаддагийг харсан.
-Улсын шилдэг салбар холбооны цаашдаа хийхээр төлөвлөж буй ажлууд сонин байна. Зах зухаас нь дуулгаж болох уу?
-Бидний цаашдын хийхээр төлөвлөж байгаа ажил бас нэлээд байна. Юуны түрүүнд уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд онцгойлон анхаарна. Үүний тулд эцэг, эх, асран хамгаалагчид, уяачид, уяачдын холбооны гурвалсан хамтын ажиллагаа ихээхэн чухал. Манай эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдээр морь унуулахаас татгалзах хандлагатай болсон. Үүнтэй уялдуулан хүүхдээр морь унуулах  нь тэдний эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдөг болох, мөн самбаачлах чадвар болон бусад ямар давуу талуудыг бий болгодог тухай сургалт уулзалтыг зохион  байгуулахаар төлөвлөж байна.  Сая манай ММСУХолбооны удирдлага болон аймгуудын Уяачдын холбооны тэргүүн, нарийн бичгүүд Хөх хотод зохион байгуулагдсан Хятад Монголын 2 дахь удаагийн Олон улсын ЭКСПО д оролцоод ирлээ. Бид Хөх хот дахь морин тойруулгын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тойруулгын уралдаан үзэж, удирдлагуудтай нь уулзсан. Тэдний тойруулгын үйл ажиллагаа жилийн дөрвөн улиралд явагддаг юм байна. Уралдаан бол байнга биш гэнэ. Тэгээд бусад үед нь юу явдаг болоод жилийн дөрвөн улирал зогсдоггүй юм бэ гэсэн чинь өвөлдөө мөсөн зам тавьдаг гэнэ.  Зун, намрын уралдааны засвар хүүхдүүд морь унадаг гэнэ. Хүүхдээ морь унуулж сургахааар Бээжин болон бусад хотоос эцэг эхчүүд нь нэлээдгүй хэмжээний мөнгө төлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл манай хөрш Хятад улсад хүүхдээ морь унуулж сургахын тулд мөнгө төлдөг байхад манайд эсрэгээрээ  хүүхдээр морь унуулахгүй тухай яригдаж байна.
-Албан ажлын тухайд ийм байж. Ярилцлагаа төрийн наадамд соёолон айрагдуулж байсан баярт мөчийн дурсамжаар үргэлжлүүлье. Энэ түүх одоо ч таны хувьд сэтгэл догдлом хэвээр биз?
-Тэгэлгүй яахав. Миний амьдралын үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай сайхан мөчүүдийн нэг нь. Энэ л мэдрэмжийг хүртэх гэж Монголын 120 мянган уяач морио уядаг. Эднээс тэр жилдээ азтай 30 уяач төр түмнийхээ өмнө морио цоллуудаг юм уудаа. Тэр жилийн наадам ганц миний хувьд бус нийт Өмнөговьчуудын баяр бахдалын өдөр болсон.
-Нээрэн өмнийн говийн хоёр уяачийн соёолон нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдсан шүү дээ?
-Тийм ээ. Урьд өдөр нь азарга уралдаад Тод манлай уяач Б.Бат-Эрдэнэ ахын Улс халзан хоёр дахиа түрүүлчихсэн байсан. Маргааш нь соёолон уралдаж аймгийн Алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын Богд халтар түрүүлж, миний Хулан хээр таваар давхисан шүү дээ. Би “Ажнай” галын гишүүн. 2012 онд манай галынхан одтой сайхан наадаж хязааланд Д.Баянбатын Наран хонгор, Дагваа захирлын Унагалдай зээрд хоёр айрагдаж, азарганд Улс халзан, соёолонд Богд халтар түрүүлж, Хулан хээр айрагдсан. Тэгээд бүгдээрээ төв цэнгэлдэхэд морио цоллуулах гэж ороод зургаа татуулж байлаа. Дурсгалтай, дурсамжтай сайхан наадам байсан шүү. 
-Хурдан хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Хулан хээртэйгээ учирсан түүхээ хуучлаач. Уншигчдад сонин байна байх.
-Хулан бид хоёр бид ёстой учрах гэж учирсан хоёр байгаа юм. Өрнөх бид 2011 оны хавар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат лам хэмээх Бат-Эрдэнэ ахынх руу өмнө нь харчихсан байсан улаан азаргаа авахаар явж байлаа. Олноо Өндөр хэмээн алдаршсан  Чулуун  ахын хүү Ч.Ганболд бид хоёр эртний найзууд. Найз маань замаараа манайхаар ороорой,  адуу харуулна шүү гэсэн байсан юм. Тэгээд замаараа Мөнххаан орж хөдөө гэрт нь очтол уяан дээр нэлээд хэдэн морь уяатай байна. Тэдэн дунд миний халзан морь, Хулан хээр морь маань байсан. Халзан морь нь  шүдлэн, Хулан хээр нь хязаалан. Хэсэг хугацааны дараа  ойрхон газар давхил хийх болж Өрнөх бид хоёр дагаад харлаа. Шүдлэнгийн уралдаанд халзан үрээ түрүүлж байна. Хязаалан уралдсан Хулан хээр аман хүзүүддэг юм. Тэгсэн манай Өрнөх «Тайван ахаа хоёулаа Баяндэлгэр явахаа больё. Бид хоёрын хэргийг бүтээх адуу чинь энэ хээр үрээ л байна» гэнэ. Би юу гэхэв, уяачийнхаа үгийг дагаад  «тэгье» л гэлээ. Хулан хээр маань ингэж л надад ирсэн түүхтэй. Хэрвээ найз минь биднийг уриагүй бол, бид гэрээр нь ороогүй бол Хулантайгаа таарахгүй байсан байж мэднэ. Гэвч учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэг болж бид тэнд таарсан.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт гаргасан байсан юм бэ? 
-Шүдлэнд нь уяж байгаад тавьчихсан битүү үрээ байсан.
-Улсад ирж уралдъя  хэмээн зориглохыг бодоход хээр үрээ орон нутагтаа сайн давхиж байжээ дээ?
-Үнэхээр хурдан буян байсан даа хөөрхий. Над дээр ирээд найм уралдахдаа тав түрүүлж нэг айрагдсан. Тэр айраг нь улсын наадмынх. Хоёр удаа хавар уралдаж арваадаар давхисан. 
-Ингэхэд та төрийн наадмаас айраг хүртэнэ чинээ санаж байсан уу?
-Миний хувьд “төрийнхөө наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөчихье. Улсын наадам ямар байдгийг үзье” л гэж очсон. Дээр нь нэг сунгаа дутуу байсан болохоор тэгтлээ найдаагүй л дээ. Хугацаа ч тулчихсан байсан болохоор нэг их юм бодолгүй мордуулчихсан. Тэгээд гэртээ суугаад зурагт үзэж байсан чинь Түмэнбаярын халтар, Дагваа захирлын хул, манай хээр гээд гурав, дөрвөн таньдаг үрээ өнгөнд гараад ирлээ. Эхний дөрөв, таван үрээ тасраад явсан Өрнөх маань сандраад гараад явчихлаа. Би ч ялгаагүй. Тогтож сууж чаддаггүй. Гэрийнхээ гадаа гараад сүү өргөөд зогсчихсон. Манай галынхан гэр дотор хашгиралдаад л....
-Зурагт үзээд сууж төвддөггүй гэх юм билээ. Уяач тань их догдолсон байсан шүү?
-Өрнөх маань тэсэхээ байгаад  эхлээд зайдан морьтой гараад давхисан цагдаа оруулаагүй  гэсэн. Тэгэхээр нь буцаж ирээд мотоцикль унаад явсан дахиад оруулаагүй  гэсэн. Тэгээд л мотоциклио орхиод тэр холоос гүйгээд очсон цагдаа нар оруулахгүй тойруулсаар байгаад морьд цэнхэр хашаанаас гараад явчихсан хойно нэг юм оруулсан юм билээ. Намайг очиход нь унаач хүүхэд нь эмээлээ тэвэрчихсэн зогсож байсан гэсэн. /инээв/
-Та бас хожуу очсон юм уу?
-Би машинтай тойрч явсаар бас нилээд удаж байж очсон. Өрнөхийг очиход хойд талын том гэр дотор бүртгэж байсан юм билээ. Гүйсээр яваад ортол хүн ихтэй, бүгчим байж л дээ. Тэгээд намайг очиход Өрнөх маань дусал залгуулчихсан, Адъяасүрэн маань эмээлээ тэвэрчихсэн зогсож байсан. /инээв/ 
-Морь хурдлахад уяачаас ялгаагүй үүрэг гүйцэтгэдэг хүн бол унаач. Таны соёолонг унаж, уралдсан Адъяасүрэн шаггүй уралдаанч уу?
-Өөрөө уралдаж байгаа юм шиг сэтгэж, морио унадаг их сэргэлэн хүүхэд. Зурхайд орох гэж байхдаа мориноосоо түрүүлээд өөрөө орох нь уу гэлтэй толгой, бие нь тэмүүлж байгаа харагддаг юм. Унаач болгон тэгж тэмүүлбэл морь нь их хурдална даа. Энд нэгэн түүх сонирхуулахад, улсын наадамд соёолон айрагддагийн өмнөх жилийн цагаан сараар манай эхнэр “Дээл захиална, ямар өнгөтэй байх вэ?” гэхээр нь би “Улсын наадмаар хээр үрээгээ айрагдуулчихаад хүрэн дээлтэй цэнгэлдэхэд орно” гэж тоглоом шоглоомоор захиалгаа өгсөн юм. Гэтэл үнэхээр л улсын наадамд хээр үрээгээ айрагдуулаад, хүрэн дээлтэйгээ цэнгэлдэхэд орсон. Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Морь уяж байгаа хүн бүрийн л хүсэл мөрөөдөл улсын наадмаас айраг, түрүү хүртэх байдаг. Би мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа. 
-Монгол хүн бэлгээрээ, хятад хүн бэлээрээ гэдэг л болж дээ. Улсын наадмын дараа Хулан хээр аль бүсэд уралдсан билээ?
-Дундговьд. Тэр жил маш их бороотой байсан шүү дээ. Тэгээд тэнд хөлийг нь эвгүйтүүлчихсэн юм.
-Харамсалтай юм болж...
-Овоо гайгүй болоод, ижлээ гүйцдэг болтол азарга өшиглөөд, хөлийг нь амраахаас өөр аргагүй болсон. Хүлэг эзэн хоёр биесээ хайж төрдөг. Эрдэнэт хүлгийн минь босоо цагаан тоос одоо ч арилаагүй  Эрийн хийморийг маань даллан дуудсаар байгаа. Хүлэг минь газрынхаа ажлыг амжуулчихаад тэнгэрт байгаа аавд минь, хүлэгч байсан өвөг дээдэст минь унаа нь болохоор заларсан. 
-Богинохон хугацаанд гайхам амжилт  үзүүлжээ. Нэрийг нь та өөрөө өгсөн үү?
-Үгүй ээ, Чулуун гуай өөрөө өгсөн юм. 
-Хулан хээрээс хойш ямар хурдан хүлгүүдээр наадаж байна вэ?
-Би Хулангийнхаа хоёр дүүг хоёуланг нь авсан. Эцэг, эх нь солигдоогүй хавчиг морь, халзан азарга хоёр бий. Бага дүүг нь хоёр жил өнжөөчихлөө. Дундах  дүү халзан азарганых нь  төл энэ жил аймгийн наадамд өнгөлж яваад, зургаалсан. Бүсийн уралдаанд мөн өнгөлж яваад хойшилчихсон. Энэ мэтээр одоо Хулангийнхаа дүүгийн төлөөр уралдаж эхэлж байна. Чулуун ах, найз Ч.Ганболдоосоо авч байсан цэгээн халзан үрээ маань одоо их насны  морь болоод сайн давхиж байгаа. Дөрвөн жил тутамд болдог Өмнөговь аймгийн шигшмэл хурд  уралдаанд Номгон сумын харьяат Т.Ганжаргалын хул, Т.Золжаргалын хул болон миний цэгээн халзан морь дараагаараа орж, нэг галын уяачдад тохиогоогүй амжилтыг үзүүлсэн. 
-Орон нутагтаа наадаж байгаад улсад ирж уралдах уу?
-Тэгнээ. Энэ жил  гэхэд  Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ны нарийн бичгийн дарга Хүдэрхангайн ах, Холхоон зээрдийн эзэн Баттөр гэж ахаас авсан ногоон үрээ маань Дундговийн бүсийн уралдаанд сайн давхилаа. Мөн миний бор азарганы төл болох хоёр, гурван  үрээ айрагдаагүй ч сайн уралдсан. Ер нь миний морьд аймгийн наадамд бол түрүүлж, айрагдаад л байгаа. 
-Таны аав нутаг орондоо нэртэй уяач байсан гэдэг. Танайхан хэдэн үеэрээ хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-Манай өвөө Манлай сумандаа алаг адуут Алтангэрэл гэгддэг сайн уяач байсан. Хурдан алаг морьдоо уяж 1936 оноос хойш сумын наадмаас  айраг, түрүү алдалгүй наадаж байсан тухай нутгийнхан ярьдаг юм. Тэр ч утгаар нь би Манлай сумынхаа 88 жилийн ойн баяр  наадамд очихдоо сурагласаар өвөөгийнхөө хурдан алагуудын угшилтай нэг байдас олж авсан. 
-Тэгвэл та чинь гурав дахь үеийн уяач болох нь...?
-Тиймээ, миний аав Өөдөс эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн хурдан морь уяж уургын  хээр морио Манлай сумандаа хоёр түрүүлгэж, аймгийн баяр наадамд нэг айрагдуулсан энэ нутгийн нэртэй сайн уяачдын нэг. Аавын тэр хээр морь бүтэн өдөржин адуу хөөгөөд цуцдаггүй тийм мундаг хүлэг байсан гэнэ лээ.  
-Нээрэн таныг нэрт уяач Занданбал агсны удмын хүн гэж сонссон юм байна. Тэр хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Алдарт уяач Занданбал гуайг манай удмын хүн гэдгийг бид саяхан ургийн баяраа хийж байж л мэдэж авлаа. Со ноёны уяач байсан түүнийг Өмнөговь байтугай монгол даяараа мэднэ шүү дээ.
-Хэдэн үеэрээ морины уяа эвлүүлж явсан хүмүүсийн удмыг залгаж мэндэлсний хувьд та багадаа хурдан морь унадаг л байсан байлгүй?
-Үгүй ээ. Зуныхаа амралтаар л хөдөө гэртээ очиж, хонь хариулдаг, хонины морь унадаг хүүхэд байлаа. Морь сайн унадаггүй байсан болохоор морио зогтусахад нь ойччихдог... /инээв/ 
-Гэтэл өнөөдөр төрийн наадамд морь айрагдуулсан том уяач болчихсон сууж байдаг. 
-Үүнд авга ахын маань нөлөө их бий. Д.Нарангэрэл ахыг маань Өмнөговийнхон Асгат хээр азарганы  эзэн гэдгээр нь андахгүй. Ах маань  2011 оны хаврын уралдаан дээр таарахдаа “Ах нь дүүгийнхээ нэр дээр азаргаа мордуулна аа” гэсэн юм. Үүнээс өмнө уралдаан л дагаж давхидаг байсан би өөрийн нэр дээр адуу мал уралдуулж байсангүй. Өөрийн нэр дээр уралдаж байгаа гэж бодоход цаанаа л сайхан юм билээ. Ингээд л тэр өдрөөс эхлэн аймгийн 80 жилийн ой, “Говь шанх-4”-т өөрийн нэр дээр нэг үрээ ч гэсэн мордуулъя гэж бодсон. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Өндөр Чулуун гэж  хүнээс хэдэн сайхан морь найзаараа дамжуулан авсан. Чулуун гуайн хүү Ганболд бид хоёр гэмгүй сайхан нөхөрлөдөг юм. Ийнхүү  2011 онд адуу мал гэж оролдож эхэлсэн жилээ Шанхын бүсээс түрүү хүртэж, улмаар улсын наадамд соёолон айрагдууллаа. Энэ бүх амжилтанд манай уяач Болд-Өрнөх болон намайг дэмждэг олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн. 
-Морь уяна гэдэг олон хүний хөлс хүч сэтгэл шингэсэн хүнд хөдөлмөр. Энэ удаа миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Төрийн наадамд морь түрүүлгэх мөчид дахин баяртайгаар уулзъя.
 -“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд ажилд нь амжилт хүсье. Мөн энэ завшааныг тохиолдуулаад намайг дэмждэг гэр бүлийнхэн, ээж, найз нар,  уяач, унаач хүүхдүүд, тэднийхээ ар гэрийнхэнд баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна. Морь уяна гэдэг бол төрийн хэрэг гэдэг. Төрийн энэ их хүндтэй хэргийг сайн гүйцэлдүүлэхэд та бүхний минь сэтгэлийн дэм их шүү. Цаашид уяачидтайгаа хамтарч хийх ажил маш их байна. Хамтдаа сумынхаа МСУХ-г санасандаа хүртэл хөгжүүлнэ ээ.
"Тод магнай" сэтгүүл Манлай сумын тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна