Манлай уяач Ц.Бааст: Тодорсон адуу хүнээс авч үзсэнгүй, эрлийз адуугаар айраг, түрүү авч байсангүй
Алтайн хийморилог эрсийн нэг Төгрөг сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Цэрэндоржийн Баастыг уншигч танаа уулзуулж байна. 1949 оны хавар Төгрөг сумын нутаг Дайрагт хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр цэрэг эх орны хүү төдийгүй сайн хүлгийн шандсаар гайхуулагч юм.
Зэвсэгт хүчний хурандаа, улсын Манлай уяачийн сонирхолтой хуучийг амтархан уншаарай.
Гавьяа шагнал:
-Цэргийн гавьяаны одон
-Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг
-АХ-ын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль
-Тусгаар тогтнолын одон
-V, VI, VII таван жилийн гавшгайч
-Зэвсэгт хүчний жанжин штабын хүндэт тэмдэг
-Таны өвөг дээдэс Төгрөг сумын уугуул хүмүүс үү?
-Тийм ээ. Миний өвөө Зэрлэг их ажилсаг, мал хөрөнгөтэй хүн байсан юм. Аав маань ганц эгчтэй, айлын ганц хүү л дээ. Манай аав 1937 оноос Сүхбаатар аймгийн Наран сумын Нарангийн 17-р отрядад таван жил таван сар цэргийн алба хаагаад ирсэн хүн. Улмаар 1945 онд чөлөөлөх дайны бэлтгэлд Архангайд байж байгаад жилийн дараа халагдаж, нутагтаа ирээд манай ээжтэй гэр бүл болсон гэдэг.
-Ямар ажил алба хашиж байсан хүн бэ?
-Нарангийн отрядад жагсаалын бага дарга байсан юм билээ. Нутагтаа ирээд багийн даргаар ажиллаж байгаад 1959 онд нэгдэлд орсон. Мөн ан гөрөө хийж, жин тээдэг байлаа. Хамгийн сүүлд 1963 онд тэмээн жин тээсэн гэдэг юм. Манайх тэмээ олонтой, аав хоёр хүнтэй 30-аад тэмээ хомноод л гардаг байлаа.
-Нэгдлийн тэмээ хариулдаг байсан юм уу?
-Тиймээ, тэр дундаа ат хариулж байсан. Манай аав их ажилсаг, гар аргаар тариа тарьж, хөх арвайн гурил хийнэ. Арьс нэхий элдэнэ.
Хөгшин аав маань намайг сургуульд ортол манайхтай айл байдаг байсан юм. Өвөл хөлдсөн бүрдийг сайхан ухаж зайдаад, гар худаг хийчихдэг байлаа. Өвөлжин малаа тэндээсээ усалчихдаг. Хөгшин аавыг тэрийгээ хийх чадваргүй болсны дараа манай нутагт худаг гаргах нэг ч хүн гараагүй. 1959 онд мал нийгэмчилж, манайх говийн бүс гээд 75 толгой малтай л үлдсэн. Аав маань 1976 онд Улаанбаатарт орж ирсэн юм.
-Ээжийн тань талынхан бас малчин хүмүүс үү?
-Манай ээжийн аав цагаан тэмээт Жамъян гэдэг хүн байсан. Жас буюу гандан хийдийн лам нарын тэмээг хариулдаг байсан юм гэнэ лээ. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хос зогдортой тэмээ гэдэг алдартай зүйл байгаа биз. Тэр чинь манай ээжийн аавын тэмээ байхгүй юу. Ээжийн өмчинд хос зогдортой тэмээ ирсэн байгаа юм. Тэр нь өсөж үржсээр л өдийг хүрсэн. Нутгаасаа гараад удчихсан болохоор хос зогдортой цагаан тэмээг өөр хүнийх гэж ярьдаг болчихсон юм билээ. Гэвч үнэн түүхээрээ бол манай өвөөгийнх юм байна лээ.
Манайх тэмээ, монгол үхэр олонтой, хоёр азарга адуутай, цөөн ямаатай айл байсан. Аав маань атан тэмээгээ шүтдэг.
-Аав тань морь уядаггүй байсан юм уу?
-Уядаггүй. Манай садангууд л морь уядаг байсан. Би Говь-Алтай аймгийн долоон жилийн сургуулийг 1965 онд төгссөн юм. Тэр үед сахилгагүй хүүхдийг ганц шийтгэдэг газар нь ТМС байлаа шүү дээ. Тэгээд Завханы барилгын ТМС-д хоёр жил сурч онц төгсөөд, Улаанбаатарт барилгын техникумд Говь-Алтайгаас би, Завханаас Цэрэндорж гээд ганц ганц хүүхэд очсон юм. Сурлагаараа биш сахилгаараа шүүмжлүүлж явсан болохоор “хотод суралцах томилолт аваад ирлээ” гээд багш нартаа үзүүлээд, сагсуурч л байлаа.
-Та хэр зэрэг сахилгагүй хүүхэд байсан юм бэ. Зодоон цохион хийх үү?
-Хүүхэд зодчихсон “хэрэг”-тэй. Би шинэ жилийн тоглолтонд чоно болсон юм. Манай ангийн хүүхэд миний толгойг хэд цохичихоор нь тоглолтоо таслаад, хичээлдээ ороод суучихсан. Гэтэл манай физикийн багш Намсрай миний онц дүнг баллуурдаад 2 тавьчихдаг юм байна. Тэгээд л багшдаа өширхөөд, багш нарынхаа үгийг тоодоггүй, заримыг нь бүр санаатай чаддаг болчихсон.
-Аав, ээждээ хэр зэмлүүлж байв?
-Би айлын том хүү шүү дээ. Тиймээс ч аав, ээж хоёр нэг их юм хэлдэггүй байсан.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Есүүлээ, таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй. Би дээрээ нэг эгчтэй, айлын том хүү.
-Хотод Барилгын техникумд хэр дэггүйтэв. Эсвэл нэрээ бодоод томоожчихсон уу?
-Барилгын техникумд амжилттай суралцаж байгаад 1968 онд төгсөх курстээ цэрэгт татагдсан. Тэнд цэргийн авто сургуульд суралцан, жолооч болсон. Би хотоос цэрэгт татагдсан юм. Тэр үед хотын паспорт олддоггүй байлаа шүү дээ. Цэрэгт татагдсанаараа далимдуулан, сар гаруй хөөцөлдөж байж хотын паспорттай болж байлаа. Генерал Цог гуай тэр үед Батлан хамгаалах яамны орлогч сайдаар ажиллаж байсан юм. Би Монгол Улсын их сургуулийн барилгын инженерийн ангид орох санаатай. Санаагаа Цог гуайд хэлсэн чинь “чи нутагтаа оччихоод ир. Би хөөцөлдөөд өгье” гэсэн юм. Нутагтаа байж байгаад иртэл “намрын ажилд яваагүй” гээд авдаггүй. Тэгээд л лааз өшиглөж эхэлсэн дээ. Гэтэл цэрэгт манай дарга байсан хошууч Нямсүрэн гэдэг хүн таараад, “ангидаа очиж машин барь” гэсэн юм. Жолооч хийж байтал хар замын бателион Баянчандманьд байгуулагдлаа. Тэнд анхны цэргийн жолоочоор ажиллаж байгаад халагдсан. Гэр бүлийнхээ хүнтэй ч тэнд танилцсан. Хоёр ч хүүхэдтэй болчихсон байсан. Манай 144-р анги Лүн руу шилжлээ. Эхнэр Баянчандманьд ажилтай болохоор би тэндээ үлдсэн. Манай эхнэр засварын газар техникчээр ажиллаж байсан юм. Тэгтэл “Чи ерөөсөө манай засварын газрын ерөнхий механик бол. Фонд хангамж хэсгийн орлогч дарга бол” гэдэг юм байна. Би эхэндээ эргэлзэж байсан ч хийгээд л үзсэн. Тэндээ хоёр жил ажиллаж, бүүр дадлагажаад дунд засварын газрын орлогч дарга боллоо.
Баянчандманийн засварын газар 21 аймгийн бүх мал эмнэлгийн 69-ийг засдаг байсан юм. Би тэр үед автограж, уурын зуух, засварын газар, үйлдвэрийн цех, нүүрсний контнёр гээд бүгдийг хариуцдаг байлаа.
Баянчандмань засварын газрын Баянчандмань мал аж ахуй хүрээлэнгийн харьяа, Мал аж ахуйн туршлагын ферм нэртэй аж ахуйн байгууллага гэж байсан. Энэ хоёрыг нэгтгээд Баянчандманийн сангийн аж ахуй болгож, намайг орлогч даргаар томиллоо. Гурав, дөрвөн жил болоод сангийн аж ахуйг татан буулгаад, Цэргийн сангийн аж ахуй болгосон юм. Гэтэл Батлан хамгаалах яамны сайд нар нь намайг таньдаг болохоор “энэ нөхрийг авна” гэдэг юм байна. Ингээд эргээд цэргийн хүн боллоо байна. 400 үнээний механикжсан ферм, 600 молтогчин туулайн ферм, гахай, шувууны фермтэй, нутгийн үүлдрийн малтай, 600 га-д талбайд төмс хүнсний ногоо, 1200 га-д үр тариа, 400 гаруй га-д тэжээлийн ургамал тарьдаг том газар байсан юм. Тэнд л би моринд “орсон” доо.
-Тэгэхээр хэдэн оны үед моринд “орсон” гэсэн үг билээ?
-1971 онд цэргээс халагдаад, 1976 онд Баянчандманийн сангийн аж ахуйн орлогч даргаар томилогдсон юм. 1981 онд Цэргийн сангийн аж ахуй болж өөрчлөгдсөн.
-Олон адуутай байсан уу?
-Ю.Цэдэнбал дарга Болгараас 1980-аад оны эхээр бэлэглэсэн плевен үүлдрийн азарга, гүү хоёр байсан. Анх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд өгсөн боловч тэндээ маллаж чадахаа болиод, Баянчандманийн сангийн аж ахуй руу шилжүүлсэн юм билээ. Тэр ч янзын гоё адуу байсан. Би чинь хүүхэд байхдаа л хурдан морь унаж байсан. Тэгээд тэндээ нутгийн уяачидтай танилцаж байлаа.
Тухайн үед морь уралдуулах хориотой байсан шүү дээ. Морь уядаг хүмүүс даргаасаа зөвшөөрөл аваад Октябрийн болон Майн баяраар л морь уралдуулдаг.
-Анх Болгар азаргыг уясан юм уу?
-Үгүй ээ. Тэгж байтал болгар гүү унагалаад, эр, охин хоёр унага гаргасан. Охиныг нь шүдлэн байдас, эрийг нь соёолон үрээ байхад азарга нь амьсгал хураасан. Үрээ нь азаргасаад ирэхээр нь сангийн аж ахуйгаасаа шилж байгаад олон унагалсан том гүүнүүд тавьж, 40 гаруй эрлийз адуутай болсон юм. Гэгтэл ч хүмүүс хавар, намар хоёр морио уралдуулна, улсын баяр наадмаар ч уралдуулна гэдэг юм байна. Төв аймгийн 60 жилийн ойгоор морины комисс гэж байгуулахад би оролцсон юм. Тэгээд л моринд хорхойссон доо. Би Ардын хувьсгалын 50 жилийн ой болсон 1971 оны долдугаар сард цэргээс халагдсан юм. Даргынхаа машиныг жолоодон Айдсын даваагаар хурдан морь дагаж байхдаа л “морь их сайхан юм” гэж бодож явсан л даа.
Баянчандманийн Цэргийн сангийн аж ахуй ч сайхан газар байсан. Ажил ч их, тэр хэрээр амжилт бүтээлтэй. Зүүнбаян, Булган, Эрдэнэт, Өвөрхангай гээд цэргийн ангиудыг хангаад зогсохгүй, ногоо нь илүү гараад Оросын цэргийн ангиуд руу нийлүүлж байлаа. Жилд сая гаруй литр сүү нийлүүлдэг. Цэргийн байгууллагад өгөөд үлдсэнийг нь Сүүний үйлдвэрт тушаадаг байлаа. Гэтэл бас хэл ам гарсаар байгаад 1986 онд Цэргийн сангийн аж ахуй татан буугдаад, энгийн сангийн аж ахуй болчихлоо. Би тэр үед ахлах дэслэгч цолтой байлаа. Гэтэл “Яам дуудаж байна” гээд хурлаар ордог юм.
Баянчандманийн 144-р цэргийн ангийн суурин дээр морин дивиз байгуулагдсан юм. Тэнд ар талын даргаар томилдог юм байна. Гэтэл 1988 онд яаман дээр дахиад дуудлаа. Тэгээд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 232 дугаар анги руу томилогдов оо. Олон жил ажиллаж, цол ахиад цалин ч хөөрхөн авдаг болчихсон байсан болохоор машин бариад ч яах билээ гэж бодоод тэр ангийн адууг нь хариуцахаар болсон юм. 103 адуу, 105 үхэр, тэгээд хонь, ямаа, төлтэйгээ нийлээд 8884 мал байна. Тэнд би уяач Сүрэнхортой танилцсан юм.
-Таны дээгүүр давхисан морьд Хэнтий чигийнх голдуу байсан нь ийм учиртай байжээ?
-Тийм ээ. 105 адуунаас 20 гаруйг нь шилмэл адуу болгоод, Сүрэнхорд өгсөн. Унах морь цөөхөн юм. Цэрэг малчинтай байлаа. Тэгээд махны хэрэгцээнд адуу авъя гэсэн санал тавьж байгаад Баянхутагийн нэгдлээс 30, 40-өөд адуу авч ирүүлсэн юм. Тэдний дунд ч бас гайгүй морьд хэд байсан. 1988 оны намар байсан юм. Тэгээд тэндээс 30 гаруйг нь Сүрэнхорд өгчихлөө. 1989 оны улсын баяр наадам Хэнтий аймгийн Дархан сумын ой, нэгдлийн 30 жилийн ойтой давхацсан юм. Уригдаад очлоо. Манай цэргүүд нэг азарга, нэг их насны морь уясан юм байж. Гэтэл өглөө нь азаргаа алдчихаж. Тэгсэн нөгөөдүүл чинь “Сүрэнхорын хээр л энэ жил давхина даа” гэлцээд л байна. Би тэр морийг нь сайн мэдэхгүй л дээ. Сүрэнхорыг морь уядаг гэхээр нь л шилмэл адуу үүсгээд өгчихсөн юм. Тэгж байтал хязаалан эргэх боллоо. Сүрэнхорын хээр яалт ч үгүй түрүүлээд ирж байна аа. Хойтон жил нь Монголын нууц товчооны 750 жилийн ой тохиосон юм.
Намайг очихоос өмнө Мөрөн сумаас авч ирсэн хэдэн адуун дотор нэг их гоё улаан хээр азарга байсан. Тэрийг би Сүрэнхорд өгсөн адуун дунд оруулаад өгчихсөн юм. Наадам ч дөхлөө. “Чи манай ангийн хээр азаргыг уяна биз дээ” гэсэн чинь “уяна, уяна” л гэж байна. Би наадмын морины комиссоор ажиллахаар боллоо. Сүрэнхорын хээрд 298 гэсэн ноймор өглөө. Учир нь, манай Баянчандманийн морин дивиз 298-р анги байсан байхгүй юу. Гэтэл цэргийн холбоогоор “298 ноймортой хээр азарга явж байна, ард нь бор азарга явна” гээд л. Яалт ч үгүй Сүрэнхорын хээр ороод ирлээ. Араас нь Мөнгөнморьтын бор азарга ирлээ. Харин армийн хээр азарга маань нэлээд хойгуур ирсэн. Үндсэндээ Сүрэнхорын хээр азарганы бэлтгэлийг хангадаг адуу байсан л даа.
-Сүндэв гуайн Үүлэн бор биз дээ?
-Тийм ээ. Тэр үеэс л моринд хачин их хорхойсож, хойтон жил улсын баяр наадамд явна гээд бэлтгэж эхэлсэн дээ.
-Шууд л улсын баяр наадамд уралдъя гэж шийдсэн юм уу?
-Би Баянхутаг сум орж нэгдлийн адуучин Ганболд гэдэг хүнээс сүүтэй даага эхтэй нь хамт авсан юм. Мөн Хөхийн Гомбосүрэн, Хөхийн Дугарсүрэн гэж байсан юм гэнэ лээ. Тэдний талаас хязаалан үрээ аваад, Ганболдоос бас нэг соёолон хээр алаг морь аваад, Сүрэнхортойгоо хамт улсын баяр наадамд явахаар шийдсэн юм.
-Авсан адуугаа шууд Улаанбаатарт аваад ирсэн үү?
-Сүрэнхор Дулаанд ирчихсэн байсан. Би ч шууд л Сүрэнхорд авч ирээд өгчихсөн. Тэр үед хүмүүс морь бараг ачдаггүй, ачиж ч мэддэггүй байлаа. Тэгээд Сүрэнхор манай хээр азаргыг өөрийнхөө хээр азарга, бас нэг даагатай ачаад улсын баяр наадамд ирэв ээ.
-Хоёр азарга, нэг даагатай л ирсэн хэрэг үү?
-Тэгээд хээр алаг соёолон, бас нэг хязаалантай ирсэн юм. 7-ны сунгаанд Сүрэнхорын хээр азарга түрүүлж, миний хээр алаг айрагдлаа. Тэгээд л доголчихсон. Сүрэнхорын даага бас гайгүй давхисан. Миний зэгэл засаатай үрээ ч бүр явахаа байлаа. Бид Буянт-Ухаад буусан юм. Даваахүү, Сундуй гуай, Хурц гурав манай урд талд нэг уяан дээр байсан. Сүрэнхор “азарга сайн байгаа. Ахиад Түргэнд сунгасан. Нийлүүлэхгүй” гэж байна.
Тэгсэн Түргэний голын хойд энгэр дээр Данзанням гуайн уяа байна. Тийшээ очих гээд явж байтал замд нуух нь цувсан өндөр хонгор халзан морь таарлаа. “Ийм туранхай адуу явдаг л юм байх даа” гэсэн юм бодсон. Яваад очсон чинь Данзанням гуай таяг бариад, хөлөө жийгээд сууж байна. Өрөөсөн хөл нь бэртчихэж. “Ямар хүмүүс урдуур хоёр азарга давхиулчихав аа” гэж байна. “Бид хоёр давхиуллаа” гэвэл “тийм байх аа. Арай өөр хөдөлгөөнтэй байсан юм. Азарганыхаа түрүүг зүүн тийш нь, бага насныхаа түрүүг Сэлэнгэ рүү өгчихвөл таарна” гэсэн юм ярьж байна
-Та хэдтэй уулзсаныхаа дараахан Даваахүү гуайг дуудаад “энэ тамиргүй азарга түрүүлнэ гэж юу байх вэ. Наад азаргандаа гүү өг” гэсэн гэдэг. Учрыг нь лавлах нь ээ, ороо нь сайн гараагүй байсан гэдэг байх аа?
-Би тэрийг нь дуулаагүй. Тэгээд бид хоёр очиж бүртгүүллээ. Азаргандаа нэг ноймор авлаа. Морь явахад Сүрэнхор маань “би энд сууж байя. Чи яв” гэсэн юм. Хурц бид хоёр Батлан хамгаалахын хорооны Б69-д суугаад явлаа. Би улсын баяр наадмын морийг анх удаа л гараан дээрээс нь дагаж үзсэн нь тэр. Машин гүйцэхгүй болохоор Түргэний голын цаахна талд зогсоод хүлээлээ. Тэгсэн нэг их удалгүй азарга ч гараад ирлээ. Сүрэнхорын хээр, Энхдаваагийн хар, Рэнцэндоржийн хар, тойруулгын халзан, Өнжүүл хавийн нэг зэрэг тэргүүтэй таван азарга гараад ирдэг юм байна. Цөмөөрөө гол руу ороод, гараад л явчих юм. Айдсын давааны нэг овооны хажуугаар эргэдэг байлаа шүү дээ. Тэгээд гараад иртэл Тойруулгын халзан, Сүрэнхорын хээр, Рэнцэндоржийн хар гурав зэрэгцээд давхиж явна. Алдартолгойн хажуугаар өнгөрөхөд нь бид дагаж давхиад, Буянт-Ухаагийн дэргэд зэрэгцэж ирсэн юм. Тэгээд л Сүрэнхорын хээр түрүүлсэн юм.
-Таны Баянхутагаас авсан хэд чинь сураггүй юу?
-Сураггүй. Наадмын хоёр дахь өдөр манай жолооч хүрч ирээд “Дарга аа, Сүрэнхор чинь мэддэг юм байна. Чанга яригчийн дор суучихаад л “Маргаангүй түрүүлсэн адуунд хэл ам гэж юу байх вэ. Маргаангүй түрүүлэх юм байна. Сүүлдээ л жаахан хэл ам дагуулах юм байна даа” гэдэг юм байна.
Тухайн үед шүдлэн хамгийн сүүлд уралддаг байсан шүү дээ. Хоёр шүдлэнгээ тосож авчихаад хүрээд ирсэн чинь манай гэр байдаггүй. Тэгсэн чинь гэрээ ачаад, Донойн Сундуй гуайн урд очоод буучихаж. “Манай эхнэрийн хамаатны нэг залуу ирсэн. Араар тойроод явах зам мэднэ. Эртхэн явуулж л байя гээд адуугаа явуулчихлаа” гэж байна. Би шүдлэнгээ явуулчихаад, Яармагт аавынхаараа орж хоол идчихээд ирсэн. Тэгээд Донойн Сундуй гуайнхаар орчихоод комбинатын цагаан хаалга өнгөрөөд л танктай хөшөөний хавьд иртэл манай адуу яг төв зам дээгүүр явж байна. Тэгж явсаар байгаад Чулуун овоонд ирээд “би зэвсгийн агуулахын хаалга онгойлгож өгчихөөд ирье. Та нар ингээд явж байгаарай” гээд явсан юм. Тэр үед ямар одоогийнхтой адил олон машин тэрэг байх биш. Тэгээд яваад иртэл ХАА-н материал техникийн хангамжийн хажууханд дайраад хаячихсан байсан.
-Сүрэнхорын хээр азаргыг хоёр байдастай хамт дайрчихсан гэдэг билүү?
-Хээр азаргыг морьтой хүнтэй нь хамт дайрчихсан байсан. Би ч дайруулсан хүнээ цэргийн эмнэлэгт аваачиж хэвтүүлчихээд, буцаж адуугаа дагаж явсаар хашаанд оруултал өглөө болсон. Эмнэлэгт хэвтүүлсэн хүүхдээ эргэж очтол ухаангүй нам. Хэдэн сарын турш нойргүй морь маначихсан хүүхэд аргагүй шүү дээ. Эмчээс асуусан чинь “санаа зоволтгүй, бусад ажлаа амжуул” гэж байна. Би Баянхошуунд очиж цай уучихаад буцаад иртэл бөөн үймээн шуугиан. Сүрэнхорын хээр азарганы нэг нүд сохорчихож, бас хөх махаа ураад хаячихаж. Тэгээд бид хоёр мориныхоо байг авахаар Яармаг руу явлаа. Даваахүүгийнд яваад очтол Мөөеө Аварга нэлээд халамцуу сууж байна. “Буянтай амьтан байсан юмсан. Худлаа л байдаг байгаа даа” гээд сууж байна. Сүрэнхор нэг ч хүнд хэлж болохгүй шүү гэсэн юм. Гэтэл бүгд сонсчихжээ. Бид хоёр ч юу ч хэлэлгүй, бай шагналынхаа хагасыг нь аваад л давхиад иртэл хээр азарга үхчихсэн байсан.
-Мөргүүлчихээд зүгээр босоод адуун дотроо яваад байсан гэдэг биз дээ?
-Тийм ээ. Мөргүүлсэнийхээ дараа босоод Хужирбуланд хүртэл хөлөөрөө яваад очсон юм. Тэгсэн дотуур цус алдаад байсан юм байна лээ.
-Энэ явдал зөвхөн Сүрэнхорд гэлтгүй Хэнтийчүүдэд ч нэлээд хүнд туссан байх аа?
-Тийм ээ. Би ч тэнд очоод хоёрхон жил болж байсан юм. Гэтэл Хэнтийн ард түмэн ерөөсөө л Төв аймгийнхан алсан гэж үзэж байсан. Намайг Төв аймгийн хүн гэж ойлгоод Төв аймаг руу зориуд аваачиж, Даваахүүтэй нийлээд алчихлаа гэсэн яриа гарчээ. Цэнхэрмандал, аймгийн төв хоёр дээр миний эсрэг жагсаал болж “Баастыг аймгийн депутатаас нь огцруулж хөөж явуулна” гэдэг юм байна. Би тэр үед “Хүнд тус хүргэх гэж хүний морь дагаж яваад хэл аманд орж байхаар өөрөө л морьтой болж, уралдуулъя” гэж шийдсэн юм.
-Тэр явдлаас хойш олон жил өнгөрлөө. Гэвч хэрэг хуучирдаггүй гэгчээр одоо хүртэл ярьсаар л байна. Зарим нь хээр азаргыг бүүр хөөж байгаад зориуд дайрсан ч гэж ярьдаг юм билээ?
-Хөөж байгаад дайрсан гэдэг бол хэтрүүлэг. Гурван согтуу амьтан машинтай гэнэт гарч ирээд, харанхуйд явж байсан адуу гэрэлд цохигдоод хөдөлж чадалгүй дайруулчихсан гэдэг. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй явсан гэнэ лээ. Би тэр гурвыг нь хараагүй л дээ. Хожим 90 мянган төгрөг өгөөд л өнгөрсөн.
Ерөнхийдөө ардчилал дөнгөж гарч байсан үе. Хуучин, шиний үзэл, нэг хэсгээ дарж, нэг хэсэг нь нэр хүнд олох гэж хичээж байлаа. Тэр үед манай хүүхдүүдийг Дэлгэрхаанд сургуульд нь явуулахаа ч больж, хаа таарсан газар нь чулуугаар шидэж хөөдөг болсон.
-Та тэр үед нэлээд дээгүүр алба хашиж байсан хүн. Тэдгээр эсэргүүцлийн эсрэг ямар үйлдэл хийв?
-Суманд болон аймгийн төвд жагсаал болсон гэсэн. Би тэрийг нь хараагүй л дээ. Ямартаа ч тэр жил бие тааруу байсан болохоор Аварга тосонгийн амралтанд явж байтал хоёр залуу намайг барьж аваад зодохыг завдсан. Шөнө унтаж байхад тооноор чулуу орж ирэх ч энүүхэнд байлаа.
Би тэр үед сумын депутат, аймгийн депутат, сумын намын хорооны гишүүн, сумын захиргааны гишүүн байлаа. Тиймээс намын хорооны дарга, сумын дарга хоёр дээр ороод “та нар Сүрэнхорыгоо дууд, хэл ам гаргаад байгаа хүмүүсээ дууд. Юу гэж ярихыг нь сонс. Би сумын товчооны гишүүний хувьд та нараас шаардаж байна” гэсэн. Сүрэнхорыг дуудаад, хурал хийсэн. Сүрэнхор тэр хурал дээр юу ч дуугараагүй.
-Юу ч дуугараагүй гэхээр дотроо нэг бодолтой байжээ дээ?
-Хэн мэдэх вэ. Түүнээс хойш сонин хэвлэлүүдээр ч миний тухай зөндөө л юм бичсэн. Ингэж муу хэлүүлж байхаар өөрийн юмтай болъё л гэж шийдсэн дээ.
-Өөрийн юм өргүй гэдэг дээ?
-Тийм ээ. Би Хэнтийд ангийн захирагчаар 16 жил ажилласан. Сүүлд сумын Засаг даргаар жил гаруй ажиллаад, тэтгэвэрт гарсаныхаа дараа ч үргэлжлүүлэн хийсэн. Тэгээд Сэлэнгэд байж байгаад эргээд Хэнтийдээ оччихсон байсан юм. Тэр үед манай анги аймгийн цэргийн бүх ангийг махаар хангадаг байлаа. Сүхбаатар, Дорнод руу малын мах авахаар бэлтгэж байтал Цэрэндамба гэдэг өвгөн ороод ирлээ.
“Даргатай хоёрхон л юм яримаар байна” гэнэ. Тэгээд “би бор үрээгээ зармаар байна” гэлээ. Өмнөх жил нь буюу 1994 оны намар Сүрэнхорынхон ургийн баяр хийж, даага уралдуулахад аман хүзүүдсэн адуу л даа. Тэгээд хэдээр зарах вэ гэсэн чинь “Дагва 100 мянгаар авъя гэсэн юм. Та бол гадны хүн. 150 мянгаар л өгье” гэдэг юм байна.
-Таныг Төв аймгийн хүн гэж бодсоор л байсан хэрэг үү?
-Говь-Алтайн хүн гэдгээрээ гадны хүн болчихож байгаа юм л даа. 1995 онд 150 мянган төгрөг гэдэг бас чанга шүү. Өөрийн унаж байсан 469-өө акталбал авчих санаатай 600 мянган төгрөг хадгалж байсан юм. Түүнээсээ авах санаатай явж байтал Аюуштай таарлаа. Бид хоёр танилцаад удаагүй байсан юм. Тэгээд “Ах нь адуу авсан. Чи уя” гэвэл “Тэг тэг. Гэхдээ одоо уяа эхэлчихсэн, өнөө маргаашгүй Хэнтий явах гэж байна. Та өөрөө дөхүүлээд өгчих” гэсэн юм. Хэрхэн дөхүүлэх талаар бодол болоод ажил хөөцөлдөж байгаад орой хүрээд ирсэн чинь Хэнтийн нэг залуу манай хүргэнийг дагаад ирчихсэн байж таарлаа. Тэгээд замыг нь зааж өгөөд, адуугаа авч ирүүлж, Аюушийнд хүргүүлэхээр болов оо. Маргааш нь ч сайн өдөр байж таарсан. Цэрэндамба гуайд мөнгөө, ганц шил архи, хадагтай бариад, үрээгээ дөхүүлээд өгөөрэй гэж гуйлаа.
Би тэр үед цөөн хэдэн адуутай. Сүрэнхортой хамт авч байсан хэдэн адуу маань азарга болчихсон, зэгэл нь хураачихсан, дээр нь хоёр гүү нэмээд Халтар гэдэг айлд байлгаж байсан юм. Маргааш нь гэгээтэйд Хэрлэнгийн хөвөөнд давхиад очтол нөгөө бор үрээг ч авч ирээд нийлүүлчихэж.
Бор үрээгээ тамгалаад, маргааш өглөө нь нөгөө залуудаа хөтлүүлээд л явууллаа. Тэгээд би Сүхбаатар аймаг руу явчихсан юм. Нөгөөдөх маань бодогдоод болдоггүй. Ажлаа цэгцэлж шөнө гэртээ ирмэгцээ ярилаа. “Алаг морь ирсэн үү” гэсэн чинь “үгүй” гэж байна. Маргааш өглөө нь хот орох санаатай гэрээсээ гараад явж байтал Галбадрах хурандаатай таарлаа. Тэгсэн чинь “Та чинь ямар хаашаа хүн бэ. Тийм хурдан адуу авчихаад өөрөө алга болчихдог. Цаадах чинь анхны давхилд өнгөлсөн. Маргааш дунд давхил. Очих юм байгаа биз дээ” гэж байна. Маргааш нь дунд давхил Налайхад болсон юм. Би ч давхиад л очлоо. Ард бөөн ажил үлдсэн. Буцаж яваад их давхил дээр иртэл Хэнтийн Содномын хээр халзан шүдлэн түрүүлээд, минийх аман хүзүүддэг юм байна. Гэтэл Пунцагбалжир хүрч ирээд “Таны бор морь доголчихлоо” гэлээ. Жаахан гутрах маягтай байж байтал манай адуу гараад ирлээ. Тэгсэн зүгээр явж байна аа. Учрыг нь асуувал Пунцагбалжир маань зориуд тэгж хэлж, хэл ам дарсан юм байж. Тэндээ хоночихоод маргааш нь Буянт-Ухаад буулаа. Орой нэг тарлалаа. Янзтай хөдөлж байна аа. Батлан хамгаалах яамны сайд Жадамбаа гуай бас бус хүмүүстэй ирлээ. Аюуш ч “Уяа сайн байна. Миний хоёр ч ноднингийнхоо багцаанд л давхина. Харин энэ хүний хоншоор л мэднэ дээ” гэчихээд яваад өглөө. Тэгэхээр нь би айрагдах л ухааны юм бодсон. Уралдаан ч боллоо. Аюушийн хоёрын нэг нь тав, нэг нь гурваар, ёстой л ноднингийнхоо багцаагаар ирлээ. Шүдлэн давхилаа. “12 ноймортой бор үрээ өнгөлж явна” гээд чанга яригчаар зарлаж байна. Тэгтэл Буянт-Ухаа дээгүүр ганцаараа гараад ирлээ, араас нь том үрээ нэхэж явна. Тэр нь Сэлэнгийн Баруунбүрэнгийн зүүн хойдын нэгэн уяачийн цагаан хар шүдлэн байсан юм. Ингээд миний шүдлэн түрүүлж, тэр шүдлэн аман хүзүүдсэн. Тэр цагаас моринд бүр хорхойссон. Тэгээд Өндөр гэгээний нэрэмжит уралдаан руу ачиж очоод аман хүзүүдүүлсэн.
-Та анх авсан үрээгээ уяад л шууд улс, бүсийн наадмын аман хүзүү авчихжээ?
-Тийм. Тэгээд 1996 оны өвөл Дэлгэрхаанд болсон өвлийн наадмын үеэр би гол дүрд тоглолоо шүү дээ. Өчнөөн гэр барьчихсан, гэр болгонд нь тавгийн идээ, хонины ууцтай. Уяачдын холбооныхон наадмаа амжилттай зохион байгууллаа гээд цайллага хийж, урилга явууллаа. Ирсэн хүн бүрт айрагдсан их нас, азарганы зургийг өгсөн юм. Надад Доржсүрэнгийн хээр морины зураг таарлаа. Тэгээд жаахан халчихсан байхдаа “энэ хээр мориноос дутахааргүй их насны морь авна” гээд зарлачихгүй юу. Их насны нэг морины сураг сонссон, тэрийг л авна гэж бодож явсан хэрэг. Түүний дараа эмнэлэгт хэвтэээд гарч ирээд Аюушийнх руу давхиад очлоо. “За, би нэг их насны морь үзнэ. Хоёулаа санаа нийлбэл авна шүү. Санаа нийлэхгүй бол авахгүй” гэж хэлчихээд маргааш нь ажилдаа ч очилгүй шууд нөгөө морийг үзэхээр Жаргалтхаан руу давхилаа. Эзэн нь шоронд орчихсон, малчин нь адуу руугаа дагуулаад очлоо. 12, 13 адуу байна. Цагаан хоолойтой, нурууг нь авчихсан, хариугүй халзан морь байна аа. Туранхай ч гэж жигтэйхэн юм.
Гэрт нь яваад очтол “Дүүгээ эргэх гээд мөнгө хэрэгтэй байна. Зарчихна аа” гэж байна. Үнийг нь асуувал гурван сая гэж байна. Тэгэхээр нь “Азарга бол яая гэх вэ. Их насны морь хомоолоос өөр юм гаргах биш. Тэгээд ч ийм туранхай, нурууг нь авчихсан” гэсэн чинь Аюуш “Би Дэлгэрхаанд аман хүзүүдсэн толгой хаядаг хээр морио сая 500 мянгаар өгсөн шдээ” гэж байна. Би уг нь сая руу унагах санаатай байсан ч тэр залуу сая 500 мянгаас буулгаагүй юм. Тэгээд 500 мянгыг нь бэлэн мөнгөөр, үлдсэнд нь мал авна гэсэн юм. Ингээд 13 адуу, 38 хонь өгч авахаар тохирч, хүүхдээр маллуулаад буцлаа. Хонгор халзан морио тэгж л авсан даа.
Нэг удаа буцааж алдаад, олж авсан. Тэгээд улсад уралдаж байгаад нүх рүү ойчоод...
-1996 онд уу?
-Тийм.
-1999 он хүртэл улсад айраг, түрүүнд ороогүй л байсан санагдах юм?
-1996 онд 12-оор, 1997 онд бас л 10 гаргаж ирсэн юм. 1998 онд “Их хурд”-д 11-ээр давхисан. Тэгээд 1999 онд улсад гурав, Говь шанхын уралдаанд тав, “Боржигон”-д гурав, Цагаандэлгэрт таваар давхисан.
-Уяач хүн адууныхаа уяаг олно гэж байдаг даа. Аргагүй хурдан адуу хэрнээ 1996-1999 онд улсад айрагдаагүй гэхээр уяаг нь сайн олж чадахгүй байсан юм болов уу?
-Долоотой надад ирсэн юм. Найман настайдаа гурван сунгаанд түрүүлсэн. Гэвч улсын баяр наадмаар жаахан хадуурч давхиад наймаар ирсэн. Нэг л болж өгөхгүй байсан юм аа.
-Яг хаанахын ямар угшлын адуу вэ?
-Хэнтийн Цэнхэрмандалын нэгдлийн адууны эхтэй, азарга нь зүүн талаас хулгайгаар орж ирсэн хонгор азарга байсан юм гэнэ лээ.
-Дараагийн жилүүдэд хэр давхисан бэ?
-2001 онд “Их хурд”-д зургаа, улсын баяр наадамд 12-оор ирсэн.
Хэд хүртлээ уралдсан бэ?
-Залуугаараа үхчихсэн. Хар гэдсийг нь авах гэж байгаад халгай өгчихсөн юм байна лээ. Тэгээд амьсгаа нь таараад уушги руу нь орчихсон.
-Та “Доржсүрэнгийн хээрээс дутахгүй морь авна” гэж ам гарсан гэж ярилаа. Таны хонгор халзан морийг бусад уяачид хэр тоодог байв?
-“Баастын морь хөгшин царайлчихаад аюултай” л гэдэг байсан.
-1997 онд улсын наадамд аман хүзүүдсэн хонгор даага чинь хаанахын адуу вэ?
-Миний том хонгор азарганы төл. Том хонгор маань Сүхбаатарын Мөнххааны адуу байсан юм.
-1998 онд Баянцагааны наадамд түрүүлсэн шүдлэн мөн үү?
-Мөн. Даагандаа Эрдэнэтэд бас тавласан. Баянцааганд түрүүлсэн жилдээ улсын баяр наадамд гурваар давхисан.
-Тэгвэл 1998 онд улсын наадамд дөрвөлсөн хул даага тань ямар угшилтай адуу вэ?
-Сүхбаатарын Уулбаяных. Ононгийн хээр морьтой нэг угшлынх.
Хонгор халзан азаргатай л эргээд холбогдоно л доо. Яагаад гэвэл, хонгор халзан морио авчихаад Сүхбаатарт явж байтал хонгор халзан хязаалан таарсан юм. 1998 оны хавар л даа. Мал авахаар явж байхдаа танилцсан Лхагваа гэдэг найзын маань адуунд засаатай хонгор халзан хязаалан, бас нэг даага байна.
Үнэ хөлсөө ярилцаж тохироод, “За чи улсад айрагдах хоёр адуу ачиж үз. Би чамд бензин хийлгэж өгнө өө. Өөр юу ч өгөхгүй” гэж Дэлгэрхааны Дугарсүрэн гэдэг жолоочид хэлсэн чинь “За” л гэж байна.
Дэлгэрхаанд ирээд маргааш нь шууд ачиж хотод ирэх гээд уяад эхэлчихсэн. Тэгээд өглөө боссон нөгөө сүүтэй дааганы чинь эх унагалчихаж. Тэрийг хонгор халзан азаргатайгаа ачаад хүрч ирээд буулгах гэсэн Аюуш алга байна. Дааганыхаа багцааг авахаар дааган Ганаагийнд яваад очлоо. Ганаа “За даа, Бааст ах аа. Би даагандаа жигүүр ургуулахгүй л бол таны энийг чинь гүйцэхгүй юм байна” гэсэн. Харин хонгор халзан адууг маань ер тоосонгүй. Тэгэхэд Ганаа надад нэг үнэн юм хэлсэн. “Бааст ах аа, та наадахынхаа эхийг унагатай нь хамт аваад ир. Тэгвэл адаглаад наадахын чинь сэтгэл санаа нь шал өөр болно. Эхээс нь салгачихдаг чинь буруу шүү” гэсэн юм. Би ч нялх унагатай гүү яаж ачиж авч ирэх вэ дээ гэж бодоод авч ирсэн ч үгүй.
Тэгээд сунгаанд дагаад явсан чинь хонгор халзан хязаалан нэг их сайн ч биш, тав, зургаагаар л яваад байна. Даага маань ч айрагтай л яваад байна. Даанч саам уудаггүй, тэжээл ч байдаггүй.
Улсын наадам боллоо. Бор шүдлэн азаргандаа 1997 онд доголчихсон. Тэгээд ерөөсөө хонгор халзан морь л байгаа. Хонгор даага тэр жил хязаалан болсон. Хонгор халзан хязаалан маань зарлагдаж байна. Гэвч суугаад 23-аар ирсэн. Ямар ч тэжээл өгөөгүй юм чинь аргагүй шүү дээ. Аюуш маань тэр цагаас хойш хонгор халзан азарганд маань хайртай болсон доо.
-Даага нь айрагдсан уу?
-Тэгсэн, миний сөнгө даага дөрвөөр ирсэн. Тэгэхэд Эрдэнэчулууны том шарга таваар ирж байлаа.
-Хонгор халзан азаргыг та хязааланд нь авсан. Даага, шүдлэндээ уралдаж байсан юм болов уу?
-Шүдлэндээ сумандаа гурваар ирж байсан юм гэнэ лээ.
-Үнэрхээд байсан нь үүнээс болсон юм болов уу, эсвэл удам угшлаас нь болсон юм болов уу?
-Сүхбаатарт овооны наадамд айрагдлаа л бол үнэд ороод явчихдаг юм билээ.
-Хонгор халзан чинь тэр жилдээ улсад 23-аар давхисан. Хойтон жил нь яасан бэ?
-1999 онд соёолондоо улсын баяр наадам гурваар давхисан.
-Тэгээд хэсэг завсарлаад, 2002, 2003 оноос дээгүүр давхиж эхэлсэн билүү?
-Тийм. Говь-Алтай, Цагаандэлгэр. Говьшанх гээд наадмуудаас айраг, түрүү авсан.
-Баруун бүсийн наадамд аман хүзүүдсэн хээр шүдлэн ямар тохиолоор тантай учирсан адуу вэ?
-Миний унаган шүдлэн. Эх нь Сандагдоржийн хар азарганы хамаатан. Сандагдоржийн бүл болох Сандагдоржийн аав Цэрэндамба гуайн дүүгийн хүүхэд манай адуучин байлаа. Тэгээд намайг Монгол Улсын Манлай уяач цол хүртэхэд эхийг нь бэлэглэсэн юм.
Хэдэн онд Монгол Улсын Манлай уяач цол хүртсэн билээ?
-2002 оны 12 дугаар сарын 18-нд. Миний Нууц хээр гээд хээр азарга байсан. Хойд далан дээр улсын өвлийн уралдаанд гурваар давхисан. Тэр хээр шүдлэн чинь Нууц хээр азарганы төл байгаа юм.
-Нууц хээр хаанахын угшилтай вэ?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын Болдоо гэдэг хүний адуу. Үндсэндээ Аюушийн хээр азаргатай ойролцоо л төрлийн адуу.
-Та дандаа Сүхбаатар, Хэнтийгээс адуу авчээ. Хамгийн үнэтэй авсан ямар адуу байв?
-Хонгор халзан азарга, хонгор халзан морь хоёр л байна. Нэгийг нь сая 500 мянган төгрөгөөр авч байлаа.
-Төрийн наадамд уяж байсан морьдоосоо алийг нь илүү үнэлдэг вэ?
-Хонгор даагаа л илүү үнэлдэг юм. Гэхдээ би соёолонд нь зарчихсан.
-Хонгор, хонгор халзан голцуу зүсмийн адуугаар нааддаг хүн юмаа даа?
-Нэг хэсэг хонгор, хонгор халзан, хүрэн адуугаар наадсан шүү.
-Ерөнхийлөгч танай уяан дээр ирчихсэн зогсож байгаа зураг энд байна. Энэ ямар учиртай зураг вэ?
-1999 онд хоёр адуу маань улсын баяр наадамд гуравладаг жил.
-Тэр үед танай армийнхан нийлээд “Морьтон” галыг байгуулсан байх аа?
-Тийм. Намайг тэтгэвэрт гарснаас хойш “Морьтон” гал байхгүй болж байх шиг байна.
-Одоо таны адуун дотор хаанахын ямар, ямар угшлын хүлгүүд байна?
-Сүхбаатарын Уулбаяны Хүүхэн шүүлэн, Ширээтийн цагаан гээд дөрвөн том угшил бий.
-Ширээтийн цагаан чинь Баяндэлгэртээ харьяалагддаггүй билүү?
-Үгүй, жинхэнэ Уулбаяны адуу. Миний бор азарга чинь Ширээтийн цагаан адуу байгаа юм. Энэ хонгор халзан азаргыг Дэлдэн ногоон гэдэг юм. Уулбаяны Далий ногоон, хүрэн адуу гээд угшлууд бий. Хүрэн адууны угшлын хүрэн азарга надад байсан юм. Дэлгэрхаан суманд хоёр, гурав түрүүлсэн, улсад уралдуулж амжаагүй.
Сүүлд Говь-Алтайд аман хүзүүддэг хээр бас их хурдан адуу байсан. Даанч Сэлэнгэд аваачаад цусны өвчтэй болгоод алдчихсан.
-Шумуулаар дамждаг цусны өвчин үү?
-Тийм. Тэнд хэдэн сайхан адуугаа алдсан. Цусны өвчин туссан адууг харж байгаад устгуулдаг шүү дээ. Үнэхээр харамсмаар.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би зургаан хүүхэдтэй.
-Морь уях үйл хэргийг тань залгаж байгаа хүн бий юу?
-Байхгүй. Манайх дан охидтой. Хүргэчүүд дандаа ажил албатай. Нэг л хүргэн маань одоо мал дээр байна. Гэхдээ морь уях зав нь таарахгүй л байна. Хурдан морь унадаг хүүхэд ч байхгүй болж дээ.
-Та шинэ цагийн адуугаар наадаж байв уу?
-Үгүй ээ, би монгол адуугаар л нааддаг хүн.
-Тураг өтлөхөөрөө уулаа, хүн өтлөхөөрөө нутгаа гэдэг. Нутагтаа хамгийн сүүлд хэзээ очив?
-Сумынхаа ойгоор очсон. Дараа нь нэг удаа онгоцоор очсон. Түүнээс хойш очиж чадаагүй.
Хурдан адуу эзнээ хайж явдаг гэж үнэн юм билээ. Би Уулбаянд мал, мах авахаар очоод байсан юм. Нэг хүн надтай уулзъя гээд байна гэнэ. Тэгсэн гэзэгтэй, сахалтай, жижигхэн биетэй хүн ороод ирлээ. “Намайг Дугаржав гэдэг юм. Та манай адуун дээр очиж үзээд, сэтгэлд таарах юм байвал авахгүй юу” гэж байна. Би өдөр очиж үзье гэж хэлчихээд очиж чадалгүй хоёр хоночихсон. Гэтэл нөгөө хүн маань дахиад хүрээд ирлээ. Намайг завгүй байгааг ойлгоод хоёр үрээ хөтлөөд иржээ. Гараад харсан чинь хоёр сайхан үрээ байна. Цоохор нь сайхан тарган юм. Цаана нь арай жижгэвтэр биетэй, хязаалан болов уу гэмээр дэлтэй хүрэн үрээ байна. Хүрэн нь л шууд нүдэнд туссан л даа. Цоохрыг нь нэлээд голж байгаад үнийг нь сонсоё гэсэн чинь 80 мянга гэдэг юм байна. Би чинь даралт ихтэй хүн. Бараг л харвачих шахлаа.
-80 мянга гэдэг тухайн үедээ тийм их мөнгө байсан юм уу?
-Тийм ээ, их мөнгө. “За, би барахгүй юм байна, Дугаржав гуай. Хоёрдугаарт би энийг чинь уяж чадахгүй юм байна. Айхтар арьс чангатай, айхтар суганы бариатай” гэж хэлчихээд яваад орчихлоо. Тэгээд бас буцаад явчихвий дээ гэж бодоод хүнээр харуултал нөгөө өвгөн чинь тамхиа татаад л суугаад байна гэнэ. Гарч бие засчихаад “Өвгөн гуай яваагүй юм уу” гэсэн “Яваагүй ээ” л гэж байна. Нэгэнт зориод ирсэн сэтгэлийг нь бодоод “Энэ хүрэн чинь номхон юм уу” гэвэл “номхон, номхон” гэж байна. “Тэгвэл хүүхэд унаанд сургадаг юм бил үү, хэд вэ” гэсэн чинь дахиад л 80 мянга гэнэ. Дор нь оосорлоод татуулж аваад л явуулчихсан. Тэгсэн дараа нь нутгийнхандаа “Энэ цэргийн даргад ч нэг “алууллаа” даа. Юу ч мэддэггүй юм болов уу гэсэн чинь ёстой айхтар амьтан байсан байна” гэж ярьсан байна лээ.
Түүний дараахан Дэлгэрхаандаа ирээд нэг уралдаанд оролцохоор болов оо. Даага, хязаалан, соёолон, их нас гэсэн дөрвөн нас уралдуулна гэсэн зар гарсан байна. Тэгэхээр нь хүрэн үрээгээ барьж аваад тамир суулгахын тулд 13, 14 саамлаад, давхиулж үзлээ. Мундаг юм аа. Сайн давхиж байна. Маргааш уралдана гэж байхад хөлс авчихаад их насны морьтойгоо хамт “услаад ир” гээд хүүхэд явуулсан чинь байдаггүй, алга болчихлоо. Хойноос нь мотоцикльтой, машинтай хүүхдүүд явууллаа. Сураггүй. Тэгсэн нөгөө хүүхэд маань бүүр харанхуй болсон хойно “алдчихлаа” гэсээр ирдэг юм. Хоёр машин, хоёр мотоцикльтой шөнөжин хайгаад олдоггүй. Адуун дээрээ ч ирдэггүй.
Өглөө их нас гарах үеэр очоод хүн амьтнаас сураглалаа, байдаггүй. Тэгсэн их нас эргэж байх багцаанд нэг нөхөр “Цагааннуурын тэр рүү хоёр адуу харагдаж байсан. Холбоотой, холбоогүйг нь мэдсэнгүй. Цаашаа Аваргын гол гараад явчихна лээ” гэж байна. Нэг нэмнээ, хүүхэд хоёр аваад давхиад очтол хоёулаа холбоотой чигээрээ Цагааннуурын шаварт орчихсон, сэрийсэн гэдэстэй, нуль хужир болчихсон зогсож байна. Хоёуланг нь гаргаж аваад, хязаалан үрээгээ нэмнэж аваад, их морийг нь эмээллэж, хүүхэддээ унуулаад “за чи хөтлөөд сайн давхина шүү. Хөшөөн дээр очоод байж байя” гэж хэлээд буцлаа. Хөлөргөх гэж байгаа санаатай. Тэгсэн жаахан амьсгаатай байна. Хөлсийг нь хусаад, сүүлийг нь боох гэж байтал хязаалан уралдах гээд зам руугаа гараад ирдэг юм байна. Замаас нь тосоод тавьчихлаа. Тэгсэн наахнаас эргэчихлээ. Сайн юм аа. Нэг их олон медальтай сүүтэй хээр хязаалан Мөрөнгөөс ирсэн байсан юм. Түүнтэй хамт л өнгөнд яваад байна. Араас нь хоёр адуу ирээд дөрвүүлээ нийлээд хэсэг явлаа. Тэгсээр яваад дөрвөөр ирлээ. Гэтэл хүмүүс “Наанаас эргэсэн. Маргааш дахиж уралдана” л гээд байна. Би “Уралдвал ч уралдаасай” л гэж бодож байлаа. Цэрэндамба гуай манай машинд сууж явсан юм. Тэгээд “Өнөө шөнө битгий идүүл. Хоол ундгүй л маргааш уралдуулчих” гэж байна.
Есдүгээр сарын нэгэн байсан юм. Хүйтэн бороо хаялаад байхаар нь шөнө авч ирээд нэмнээд уячихлаа. Би ч сүүл рүүгээ хөвөнтэй дээл, зузаан гутал өмсөөд машиндаа ороод суучихлаа. Жаал харж байгаад хөлсийг нь буулгаж аваад, нэмнээтэй нь байлгаж байгаад хоёр сайн идүүлж аваад бүр дулаан нэмнээгээр нэмнээд уячихлаа.
Үүр цайх үед босоод нэмнээг нь аваад уячихлаа. Хүмүүс босож эхлэх үеэр өөрөө машинтай дагаж явж байгаад услаад уячихлаа. Тэгээд сумын төв дээр очоод наадмын талбай тойроод гаргалаа. Хязаалангууд зөндөө л байна. Бүр соёолонгийн газар дээр очоод тавилаа шүү. Нөгөө хээр үрээтэй хоёулаа гараад л явлаа. Хонины хонхорт ирээд гаргачихъя гэсэн нөгөө өвгөн чинь гаргуулдаггүй шүү. “Болохгүй ээ, дарга минь. Наадах чинь эндээ зөндөө юмтай, таных юм байхгүй шүү дээ” гээд байна. Медалийг нь хэлж байгаа нь тэр. Тэгээд барианы дор байдаг мөргөцөгөөс 100-гаад метрийн зайтай газраас гаргалаа. Нөгөөдөхөөс чинь дөрөв, таван морины зайтай түрүүллээ. Их хурдан.
-Түүнээс хойш хэр давхив?
-Дэлгэрхаанд манайх мянгат болсон. Нууц хээр айрагддаг тэр жил л дээ. Сүрэнхорын ах Намсрайжав нэг наадам зохион байгуулахад хол түрүүлсэн. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга байсан С.Жаргал Согийн хөндийд нэг наадам хийсэн юм. Тэр наадамд зургаагаар ирсэн. Наймтай нь улсад аваад ирсэн чинь гэдсэнд нь амьсгаа байгаад болдоггүй.
Түүний төл болгон нь хурдан гарсан. Лхагваа гэдэг манай найз надад нэг хул даага, засаагүй хязаалан, нэг морь өгсөн. Цагаан морь нь замдаа эцээд Мөнххаанд орхичихлоо. Маргааш нь хүүхэд явуулж авахуулаад, хараад байсан чинь их л хурдан адуу шиг харагдаад байна. Соёолон боллоо, хавчиг боллоо, хүүхдүүд нэг их унуулахгүй. Овоо номхон юм. Тэгсэн хавар нэг ажилтай явж байгаад иртэл гурийтал уяад тавьчихсан байна шүү. Манай адуу малыг хардаг хөгшний дүүгийн хүүхэд байсан юм. Би түүнийг зэмлээд сүйд боллоо. Тэгээд түүнийгээ уясан чинь Дэлгэрхаанд хоёр түрүүлсэн. Тээр жил тойрогтой наадам болсон доо.
-“Макс”-ынхны зохион байгуулсан наадам мөн үү?
-Тийм. Тэр тойрогтой наадамд зургаа, долоогоор орсон санагдаж байна. Мөн Дэлгэрхаанд болсон Чингис хааны 800 жилийн ойн наадамд гурваар давхисан. Говь-Алтайн наадамд авч явах гэж байтал манай аав бурхан болсон юм. Аавынхаа 49 хоногийг өнгөрөөчихөөд иртэл хүрэн морийг маань хулгай аваад явчихсан байсан.
-Сүүлийн үед морь уяж байна уу?
-Харваснаасаа хойш хоёр эрлийз даага уясан. Нэг нь улсын баяр наадамд 10-аар давхисан. Түүнээс өөр морь уяагүй.
Биеэ бодохгүй бол болохгүй байна аа. Гэхдээ энэ жил санаа байна. Гайгүй уралдчихмаар нэг морин соёолон байгаа. Сургаагүй юм. Очиж сургах юмсан гэж бодоод л явна.
Сүхбаатарын Уулбаянд манай найз Лхагваагийн дөрвөн азарга байгаа. Манайд ирэхдээ хүүхдэд нь нэг шарга даага бэлэглэсэн юм. Сүүтэй даага байж таараад, “эхтэй нь авмаар байна” гэхээр нь өгөөд явуулчихсан. Тэднийх гайгүй шарга азаргатай л даа. Тэгэхээр нь “Чи азаргандаа тавина шүү” гэж захисан.
Гэдсэндээ миний хүрэн азарганы төлийг тээж очсон юм. Тэнд очоод гарсан төл нь одоо хязаалан үрээ байх ёстой. Уулбаяны 90 жилийн ойн наадамд наймаар давхисан. Намар нь Мөнххаанд гурваар давхиж, Түмэнцогтод аман хүзүүдсэн. Дааганыхаа намар арслангийн наадамд бас ханиачихсан хэрнээ наймаар орж байсан. Дүү нь шүдлэн байдас байгаа. Түүний дүү сүүтэй даага байгаа. Тэр бас овоо давхих байх.
Очих юмсан гэж бодоод л байна. Дөрөвдүгээр сар гаргаад бие гайгүй болохоор явна даа.
-Ид уяж байсан он жилүүдээ одоо эргээд харахад алдаа нь юу байв, оноо нь юу байв. Энэ талаар бодож болгоож суугаа л байлгүй?
-Би тодорсон адуу хүнээс авч үзээгүй. Өөрөөр хэлбэл, улсад давхиад айрагдаж, түрүүлсэн адуу үнэ цохиж авч байгаагүй. Бэл муутайдаа тийм үнэтэй адуу үнэ цохиж авч чаддаггүй байсан ч байж болох юм. Гэхдээ шилж авсан адуу болон унаган адуугаараа айраг, түрүү авч байлаа. Айраг, түрүү авсан адуун дотор маань нэг ч эрлийз адуу байгаагүй. Найз нөхдийгөө, Аюушийгаа дагаж олон газар явж, юм үзэж, нүд тайлсан. Төрийн буянд олон янзын унаатай явж олон аймаг, сумаар орж, сайн агттай адуунаас шилж сонгож явсаны буян юм болов уу гэж боддог.
Манай нутгийнхан миний аавыг Шилжээ гэж авгайлдаг. Аав маань хот руу явахдаа сайхан хурдан хүлгүүдээ нутгийнхандаа тараасан. Тэр адууных нь нэг болох бор гүүнээс гарсан болгон нь сумандаа айрагдаж, түрүүлсэн гэж сонсогддог. Тэгэхээр сайхан өвөг дээдсийн минь буян заяа оршсон юм болов уу.
Манай гэргий ч бас моринд дуртай. Энд ороод ирвэл хазааргүй морь шиг ярина. Ямар сайндаа манай Аюуш “Айлын авгай нар сүүтэй үнээ л яриад байх юм. Харин та морь л яриад байх юм. Ямар учиртай юм бэ” гэж манай хүнийг цаашлуулж байх вэ дээ.
Аюуш маань манай адууг сайн уяж байсан. Би албан ажилтай байлаа. Зарим хүн хоёр янзын гараар уядаг. Манай Аюуш тийм биш. Сайн нөхөр, сайн хань, сайн хамт олонтой байх шиг сайхан юм хаана ч үгүй. Манай батлан хамгааглахын удирдлагууд намайг морь уялаа гэж ганц ч удаа зэмлэж байгаагүй. Би ч тэр хэмжээгээр ажил төрлөө цалгардуулалгүй хийх ёстой гэж бодож, хичээдэг байлаа. Шунаг сэтгэл гаргаж улсын мөнгө төгрөг шамшигдуулж, элдэв санаа өвөрлөж яваагүй болохоор бас өдий хүртэл амьд яваад байгаа юм болов уу гэж боддог юм. Бие эрүүл байсан бол би энд биш тэнд байх байлаа. Баруун тийшээ Говь-Алтай руу хэдэн адуу өгсөн. Өмнөговьд хэзээ өгсөнөө мэдэхгүй байна. Гэхдээ Бааст гуайн адууны адуу гээд нэр гаргаж байгаа адуунууд зөндөө л байна. Алтан тууртын буян гэдэг мундаг. Гэхдээ бас хэл ам хэцүү. Ямар сайндаа л ийм байдалтай сууж байх вэ дээ. Гэвч энэ бол бусдын буруу биш. Ийм асуудлаа засаж, янзалж чадаагүй миний л буруу.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа.
А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
102.89.46.104
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Reply102.89.46.204
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply66.181.186.221
Uneheer mundag hun Yuma
Reply