Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ: Нэг жил төрийн наадамд зургаан насны морь түрүүлгэж, айрагдуулсан түүх ховор байх шүү
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн дэлгэрэнгүй ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Таалан болгооно уу.
-Шарга сумаар овоглож явдаг Тод манлайн дээдчүүл хэдэн үеэрээ энэ нутагт ажиллаж амьдарч байсан улс вэ? Бидэнд өвөг дээдсийнхээ талаар ярьж өгөөч?
-Манай аавын талд морь мал уядаг сүрхий уяачид байгаагүй ч малч удмын хүмүүс. Аавын аавыг Адилбиш, ээжийг нь Гүнсэн гэдэг. Хоёулаа Говь-Алтай аймгийн Шарга сумын хүмүүс. Эмээгийн аав Паадаг гэж олон малтай, мундаг малч хүн байсан гэнэ лээ. Дээр үед мал нийгэмчлэх хөдөлгөөн өрнөхөд нэгдэлдээ хамгийн олон мал хандивлаж байсан гэдэг юм билээ.
-Хаагуур нутаглаж байсан улс вэ?
-Манай дээдчүүл Улаантуг бригад, Гурванбогд уул хавиар нутагладаг байсан юм билээ. Харин манай өвөө Говь-Алтай аймгийн нефьт баазын ерөнхий нягтлангаар, эмээ болохоор нэгдлийн ахлах тогоочоор ажилладаг.
-Аймгийн төвд амьдардаг байжээ дээ?
-Тиймээ, аав ээж хоёр хотод ажил төрөлтэй учраас бид эмээ, өвөө дээрээ өссөн. Намайг гэхэд л өлгийтэй байхад нь өвөө эмээд аваачаад өгчихсөн юм билээ.
-Та айлын хэд дэх хүүхэд юм бэ?
-Би айлын гурав дахь хүүхэд. Дээрээ нэг эгч, нэг ахтай, доороо нэг дүүтэй.
-2010 онд улсад хязаалан түрүүлгэсний дараа уулзахад өвөг дээдсээ залгамжлан морь уяж, төрийн наадмын түрүү хүртлээ гэсэн нь ээжийн талынхнаа хэлж байжээ дээ?
-Тиймээ, манай ээжийн талынхан бол яалт ч үгүй үе дамжсан уяачид, хурдан морины зүтгэлтнүүд. Миний өвөө МУ-ын Алдарт уяач Төмөржааг хурдан морь сонирхогчид андахгүй байх. Биднийг багад өнгөрчихсөн болохоор миний хувьд тэгтлээ сайн мэдэхгүй ээ. Ямар ч байсан манайхыг Амгаланд байхад ирдэг. Ширүүндүү зан ааштай. Болохгүй бол сур барьж аваад ороолгочихдог. Байнга монгол дээл, монгол гуталтайгаа явж байдаг халзан толгойтой, гаанс нэрсэн сайхан янхигар хөгшин байсан. Ээж маань ах дүү нарынхаа нэгэн адил багаасаа аавынхаа уясан морийг унаж уралддаг байгаад яваандаа сонгомол морин спортоор хичээллэж Монгол улсын спортын мастер, Гавьяат тамирчин, зууны Манлай тамирчин хэмээх эрхэм алдрын эзэн болсон доо. Мөн нагац ах Даваадорж маань МУ-ын Манлай уяач цолтой. Одоо хүү Батбаатар нь аймгийн Алдарт уяач цолтой бас морь уяж байна.
-Багаасаа спортоор, тэр тусмаа морин спортоор хичээллэсэн ээжийг тань шаардлага өндөртэй болов уу гэж таамагладаг. Багадаа хэр зэмлүүлдэг байв?
-Ер нь манай аав ээж хоёр хатуу чанга улсууд. Биднийг эрхлүүлэхээс илүү зааж сургаж, шаардлага тавьдаг. Манай аав тээврийн жолооч. Дуу багатай ч өөрийн үзэл бодолдоо хатуу байр суурьтай. Хатуу боловч цөөн хэдэн үгээр үзэл бодлоо илэрхийлнэ. Болохгүй бол нэг сайн ороолгоно. Ээж ч бас ааваас дутахааргүй хатуу чанга шаардлагатай. Өөрөө спортын хүн учраас тэгдэг байх л даа. Бид ч бус ажлынхан хүртэл ээжээс эмээдэг байсан шүү. Тэрний хүчээр бид нар энэ цаг үетэй хөл нийлүүлэн алхаж байгаа юм болов уу гэж боддог.
-Эмээ, өвөөгийн хүү сургуульд ороод л ижий аав дээрээ иржээ дээ?
-Тиймээ. Тэгээд хичээл амрангуут маргааш нь гуяа алгадаад л тээврийн машинд дайгдаад юмуу, аавынхаа машинд суугаад өвөө, эмээ рүүгээ явна шүү дээ. Зунжин өвөө эмээтэйгээ байж байгаад хичээл орохоос ганц хоёрхон хоногийн өмнө ирнэ. 12,13 хүртлээ тэгж явсан. Түүнээс хойш хотод ирж Амгалангийн 27-р сургуульд суралцаж төгссөн.
-Тод манлай багадаа ямархуу хүүхэд байсан болоо?
-Нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй, спортод дуртай хүүхэд байсан.
-Нээрэн барилдаж байсан гэдэг билүү?
-Чөлөөт болон үндэсний бөхөөр барилдаж, спортын төв ордон, 73-р сургуулийн чөлөөт бөхийн дугуйланд явдаг байсан. Миний анхны багш бол Цэрэндагва, Сэрээтэр нар юм. Спортын төв ордонд Баянмөнх багшийн удирдлаган дор хичээллэж чөлөөт бөхөөр нэлээн хэдэн тэмцээн уралдаанд орж ганц нэг медаль авч байсан. Тэрнийхээ хажуугаар үндэсний бөхөөр барилдах их сонирхолтой. 1993, 94 оны үед улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдаж улсын Гарьд цол хүртэж байлаа.
-Хурдан морь унаж байсан уу?
-Бид улсын наадамд хурдан морь унаж байгаагүй ээ. Наадмаар ээжийгээ дагаж цэнгэлдэхэд морин парадын үзүүлбэр үзүүлдэг. Баянхошуу, Яармагаас Төв цэнгэлдэх хүртэл морьтой ирж бэлтгэл хийчихээд буцаад морьтойгоо явдаг. Тэрэндээ их дуртай байлаа. Манай ах, дүү бид гурав гурвуулаа тэгж морь унадаг байсан. Ер нь манай гэрийнхэн бүгд моринд сайн шүү. Одоо ч гэсэн хэн нь ялгаагүй ямар ч эмнэг адуу байсан айж эмээлгүй мордчихно.
-Багадаа ирээдүйгээ хэрхэн зурагладаг байсан бэ. Морь уяж уралдуулах талаар бодож төсөөлж байсан уу?
-Морь мал уяад том цолтой уяач болно гэж бодож байгаагүй. Тэр үед бизнес гэдэг үгийг мэддэггүй байсан болохоор сайн наймаачин болно л гэж боддог байсан. Би ер нь багаасаа наймаа хийсэн ш дээ. Хичээлээ таслаад дэвтэр номоо нуучихаад автобусны буудал дээр тамхи, самар зардаг. Тэгээд аав ээждээ баригдаад “дамчин болох нь уу” гээд загнуулж байлаа. Тэр үед дамчин гэдэг үг их таагүй сонсогддог байсан байх. Гэсэн ч хашрахгүй нуугдаад янз бүрийн юм зараад л. Цайз зах дээр нэхий хүртэл авч зарж үзсэн. Ер нь наймаа арилжаа хийх сонирхолтой өөрийнхөө хүчээр л мундаг наймаачин болох зорилготой байсан даа.
-“Алтай констракшн” компанийн суурь хэзээ тавигдсан бэ?
-Янз бүрийн наймаа хийж олсон мөнгөө хуримтлуулсаар 1999,2000-аад оны үеэр найзтайгаа хамтран авто машины граш барьж эхэлсэн. Тэр найз маань “Эко констракшн” компанийн захирал Нямдаваа. Бид хоёр анх гурав, дөрөвдүгээр хороолол, зургадугаар бичил хороололд машины граш барьдаг байсан. Өөрсдөө 100 айл орж материалаа цуглуулаад, өрлөгөө өрнө, хаалга үүдээ гагнана. Хаа байсан Амгалангийн төмөр замын засварын газар очиж нугасаа зуруулна. Тэр үед миний төрсөн ах Батбаасан төмөр замын төв засварын газарт токарьчин хийдэг байсан юм. Тэгээд ахыгаа гуйж байгаад хаалганы нугасаа зуруулна. Энэ жишгээр бараг 300, 400-гаад граш барьсан байх. Тэгээд тус тусдаа барилгын компани байгуулаад мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэн 2003 онд анхны орон сууцаа барьж байлаа.
-Хамгийн анхны орон сууц хаана баригдсан бэ?
-Хан-Уул дүүрэг, 120 мянгатад 48 дугаар сургуулийн хойд талд хоёр блок гурван орцтой 60 айлын сууцыг анх барьж байлаа. Монголын орчин үеийн барилгын салбарын хөгжлийн эхэн үе гэх юмуу даа. Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш нэг хэсэг энэ салбар уналтанд орчихсон байсан шүү дээ. 2000-гаад оны эхэн үе бол энэ салбарын сэргэлтийн үе юм. Улс орны хөгжилд барилга, дэд бүтэцийн салбар чухал үүрэгтэй.
-“Алтай консракшн” компани хэдэн удаагийн шилдэг компаниар шалгарсан бэ?
-Дөрвөн удаа Шилдэг барилгын, зургаан удаа барилгын шилдэг компаниар тодорсон. Би нэг байгууламж барьчих юмсан гэхээсээ илүүтэй Улаанбаатар хотын хөгжил, МУ-ын хөгжил цэцэглэлтэнд ямар нэг хэмжээгээр хувь нэмрээ оруулах юмсан хэмээн зорьдог. Өөрөөр хэлбэл хотынхоо өнгө үзэмжинд чимэг нэмэх тийм барилгыг барихыг хичээдэг.
-Хичнээн салбарт бизнес эрхэлдэг вэ?
-"Алтай констракшн” маань “Алтай” групп болж өргөжсөн. Бид барилга, газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын материал, зам гүүр зэрэг нэлээд олон салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. Халх голд 20.000 га-д тариалалт хийж байна. 30000 га-аас хадлан өвс тэжээл бэлтгэж түүгээрээ МУ-д анх удаа жилд 100000 тн-ы хүчин чадалтай малын тэжээлийн үйлдвэр ашиглалтанд орууллаа. Манай үйлдвэр бол Монголын анхны орчин үеийн бүрэн автоматжсан тэжээлийн үйлдвэр. Монгол орны шимт хөрсөнд ургасан ургамлаар бүрэн найрлагат буюу маш сайн малын тэжээлийг үйлдвэрлэж Япон, Солонгос, Хятад, Орос руу экспортолж эхэлж байна. Мөн бид дөнгөж сая нэгэн шинэ том төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ бол МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дэх “Сүү” хөтөлбөр юм. Манай группийн охин компани болох MDM буюу Mongolian dry milk компани малчдын гар дээр байгаа малын гаралтай түүхий эд буюу сүүг эдийн засгийн эргэлтэнд оруулж, малчдыг өдөр тутмын байнгын орлоготой болгохоор сум болгонд төхөөрөмжөө байршуулаад байна. Монгол улс жилдээ 50 гаруй сая долларын хуурай сүү гаднаас импортоор авдаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл энэ MDM компани байгуулагдсанаар энэ их хөрөнгө Монгол улсдаа үлдэх юм.
-Хямралын үед шинэ үйлдвэр, шинэ бүтээн байгуулалтын талаар сонсох сайхан байна. Уяачийн түүхээр ярилцлагаа үргэлжлүүлье. Хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-Хурдан адуу худалдаад авчих чадваргүй, адууныхаа тэжээлийг худалдаад авчих чадваргүй байж морь, морь гээд үсчээд байвал бас хэцүү л дээ. Тэгж боддог учраас бизнесээ хөл дээр нь зогстол морь мал гээгүй ээ. Тэгж байгаад 2007 оны хавар Содномцог ахтай уулзаад Булган орж адуун дээр нь очоод хэдэн гүү авсан юм. Тэгээд дүүдээ уяач олж өгөөч гэсэн Дугарааг танилцуулсан. Ээжийн минь шавь багаас бие биенээ мэдэх учир сэтгэлд илүү дотно санагдаад хамтрахаар болсон. Одоог хүртэл цуг морио уяж сайхан нөхөрлөж байна.
-Хэзээ “Од” галын гишүүн болсон бэ?
-Од хээр улсын наадамд түрүүлсний дараа Содномцог ах, Буяндэлгэр гуай, Бат-Эрдэнэ Аварга, Бадамжунай ах эд нар нийлээд “Од” галаа байгуулж байсан юм билээ. Миний хувьд 2007 онд морь уяхаар шийдээд Содномцог ахад “дангаараа яваад байж яахав. Танай галд чинь оръё” гэсэн тэд нар ярилцаж байгаад авахаар болсон байсан.
-Хавар гүү авсан гэсэн. Дараа нь хаа хаанаас хурдан адуу авсан бэ?
-2007 оны дөрвөн сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Амаржаргалаас хүрэн халзан морийг нь авсан. Тэгээд зун наадмаар жижиг дөрвөн ханатай гэр бариад хамгийн доод талд нь буусан. Галын отгон гишүүн учраас эрэмбээрээ бууж байхгүй юу. Гэр барьдаг гэхээр нь нэг гэр хийлгэж аваад нэг ор, нэг авдар, нэг ширээ, нэг сандал тавьчихсан сууж байсан Өсөхөө Аварга ирчихээд “гэр нь ямар жижигхэн юм. Гурав алхахаар хойморьт нь хүрчихээд, гурав алхахаар гарч явчих гээд. Дээр нь бүх юм нь нэг байдаг нь ямар учиртай юм” гээд шоолж байсан юм. Тэгээд дээр нь ганц морьтой гээд. /инээв/Тэр жил хүрэн халзан морь маань улсын наадмыг хөтөлж явсаар хүмүүсийн хөлд орж ирээд сууж зургаалсан даа.
-Халзан морийг хэн санал болгосон юм бэ?
-Цог ах “Хэнтийд нэг ийм сайн морь байна” гээд санал болгосон юм. Цог ах ч өөрөө санаархсан, хүмүүс бас сонирхоод байсан ч эв нь таарахгүй байсан юм билээ. Тэгээд намайг галынх нь гишүүн болохоор Цогоо ах өөрөө тэр Амаржаргалынд очиж хэд хоног сахиж гуйж байж надад авч өгсөн дөө.
-Хэнтийн хөдөө аралд түрүүлчихсэн адуу нэлээн өндөр дуугараа байлгүй?
-10-аад сая төгрөгөөр тооцоод тал мөнгөнд нь хонь авч өгч, талыг нь бэлнээр өгсөн байсан. Амаржаргалын ээж нь морио зарахгүй гээд Цог ах гурван хоног гуйж байж авч өгсөн дөө. Халзан морь Долоон худгийн гурван сунгаанд гурвууланд нь түрүүлсэн. Яг наадмаар Олонбаярын хээртэй хоёул урд хойноо орж явсаар хүмүүсийн үзүүрт ирж жаахан сулраад зургаалсан. Ажил нь жаахан дутсан байх л даа. Тэгээд Их хурдад уралдуулах гээд аваад очсон хүүхэд нь унаад цаашаа хадуураад явчихсан. Тэрнээс хойш нэг их давхил гараагүй ээ.
-2008, 2009 онуудад хүрэн халзан адуугаар хэсэг наадсан байдаг. АХ-ын 87 жилийн ойд хүрэн халзан соёолон айрагдсан байдаг. Энэ хаанахын адуу вэ?
-Бас л Цог ахаар дамжуулж авсан адуу. Цогоо ах Хэнтийн Цэрэн ах руу яриад нөгөөх нь эзэнтэй нь ярьж байгаад гурван сая төгрөгөөр хүрэн халзан соёолонгоо авч байсан юм. Ирсэн хавраа Далан дээр болсон хоёр гурван ч уралдаанд түрүүлээд, зун нь /2008 онд/ улсын наадамд гуравласан. Тэрнээс хойш 2016 оныг хүртэл улс, бүсийн наадмуудаас айраг түрүү тасраагүй ээ.
-Булган аймгийн 70 жилийн ойд хүрэн халзан шүдлэн дөрвөөр давхисан байдаг.
-Тэр бол манай Дугараагийн унаган адуу. Дугараа надад бэлэглэж байсан юм. Халзан үрээ Булган аймгийн 70 жилийн ойд дөрвөөр, Заамарын хурдад гурваар давхисан.
-Даншиг халзангаасаа хойш хүрэн халзан зүсмийн адууг таалдаг болчихсон хэрэг үү? Тэгж бодогдохоор байна?
-Би ер нь хүрэн зүсэнд дуртай. Магадгүй анхны авсан морь хүрэн халзан зүстэй байгаад тэгдэг ч байж мэднэ. 2008 оны Алтан Овооны их тахилга наадамд бас хамар цагаан хүрэн азарга аман хүзүүдсэн. Битүү адуу аваад айрагдуулж байсан юм. Тэр жил гурван хүрэн халзан адуугаар төрийн наадам болон бүсийн уралдаанаас дөрвөн айраг хүртсэн.
-Халзан азарга нь хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Эрдэнэбилэг гэдэг хүний адуу. Намайг ид морь сонирхож байхад манай хамаатны Гантөмөр гэж хүн “Сүхбаатараас ганц азарга авчирсан авах уу” гэхээр нь хараа ч үгүй “тэгье, тэгье аваачаад буулгачих” гээд л авчихсан. Дугараа “үгүй ядаж морь авахдаа надаас асууж үзэж харж бай” гэж байсан юм. Гэхдээ би алдаагүй ээ. Халзан азарга зүүн бүсийн хурд чуулсан тэр том наадамд аман хүзүүнд хурдалсан.
-Даян түмэн эх хүрэн морьтой холбогдсон түүх мөн л сонин байдаг. Гологдож үлдсэн хүрэн морийг та авч төрийн түмэн эх болгосон гэдэг байхаа?
-Хүрэн морины түүх бас их сонин л доо. Гантөмөр гэхээр мориныхон андахгүй дээ. Энэ хүн бол манай аавын талын хамаатны хүргэн юм. Тэр надаас мөнгөний хэрэг гараад байна гээд 1,5 сая төгрөг аваад “танд нэг үрээ өгнөө” гэсэн юм. Зүүн талаар явж адуу малын наймаа хийдэг. Баруун тийшээ олон сайн адуу гаргасан хүн л дээ. Сар гаруйн дараа Дугараа бид хоёр Төв аймгийн Цээл рүү адуу руугаа явах гэж байсан тааралдаад “би цуг явъя. Танд нөгөө үрээгээ өгье” гэсэн. Торгоны замын Гантөмөрийн адуунд байсан юм билээ лээ дээ. Тэдний адуу Цээлд ойрхон байдаг. Тэгээд очоод хүрэн үрээг над зүсэлж өгсөн. Тэгсэн эхлээд Хоргой Батсүх гэдэг хүн авч хэдэн сар болоод мөнгөө өгөлгүй наймаа буцсаныг Гантөмөр гуай бас авна гэчихээд больчихсон байсан. Анх харсан хүмүүс жаахан голонгуй байдаг. Ер нь ч тэгээд айхтар мундаг хийцтэй адуу бол биш.
-Тэр жилээ уягдаагүй гэдэг билүү?
-Хязаалан хавар нь тэжээгээд ганц нэг уралдуулсаан. Дараа жил соёолондоо улсын наадамд наймлачихаад Ламын Гэгээний 370 жилийн ойд очиж аман хүзүүдсэн. 2010 онд хавчиг морь олигтой давхиагүй ээ. Говь-Алтайн 70 жилийн ой баруун бүсийн уралдаанд аваад очсон хэсэг тархинд явж байгаад замын дундаас суугаад татуулчихсан. Тэгээд 2011 онд улсын наадамд долоолоод, Дорноговь аймагт болсон зүүн бүсийн уралдаанд тавласан. Дараа жил нь Дүнжингаравт 12-оор давхиад, Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Тэгээд зун нь улсад түрүүлж, давхар уяагаар Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой төвийн бүсийн уралдаанд дахиад түрүүлж байлаа.
-2013 он бол гайхалтай жил. Их хурдын түрүү, түүнээс өөрөөр илэрхийлэх аргагүй юм?
-Хавар Дүнжингаравт таваар давхиад, Эрдэнэтийн бүсэд очиж долоолсон. Зун нь улсын наадамд түрүүлээд, шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд гайхамшгийг харуулж дахин түрүүлсэн. Их хурдын түрүү ганц миний төдийгүй монголчуудын хувьд дахин давтагдахгүй түрүү байсан байх. Тэнд байсан бүх хүн хүрэн морийг айрагдахгүй нь гээд бодчихсон байсан шүү дээ.
-Тэгж бодож байсан хүний нэг таны өөдөөс хараад сууж байна?
-Замын тал өнгөрчихсөн. Барианд ороход долоо, найман км дутуу байхад хүрэн морь 37 дээр явж байсан. Тархины адуу бараг дөрөв, таван км зайтай. Дугараа бид хоёр ч гэсэн “за хүрэн морь явахгүй юм байна. Хонгор морио очоод үзье” гээд урагшилсан тав зургаа дээр явж байна. Гэхдээ ахих янз алга. Тэгэхээр нь буцаад хүрэн морио хараадахъя гээд очсон байрандаа. Жаахан ойртоод хүүхдэдээ “явах нь уу” гэсэн “явна” гэж байна. Тэгэхээр нь “явуулаач” гэж хэлэв үү үгүй юу сум шиг л дайраад гарсан.
-Дараад л яваад байж дээ?
-Явуулах гэхээр нэг их явж өгөхгүй байсан юмаа. Жаахан явж байгаад онгойсон юм шиг байгаа юм. Тэгээд л зогсож байгаа морины хажуугаар гарч байгаа юм шиг зөрсөөр түрүүлсэн. Тэнд байсан үзэгчид уухайлан дэмжиж ёстой нэг огших шиг болсон. Ийм сайхан хувь тохиол хүн болгонд тохиохгүй байх. Өнөөдрийн Тод манлай уяачдаас тав байна уу, зургаа нь л төрийн наадамд их насны морь түрүүлгэсэн байдаг. Их морь гэдэг олон жилийн унаганууд их хол зайд уралддаг. Тэр утгаараа уяач, унаач хүүхдийн бүхий л эрдмийг шалгадаг. Зургаан насны морьдын уралдаанаас хамгийн шалгуур өндөртэй нь. Жилдээ нэг болдог төрийн наадмын их насны морины уралдаан босго өндөр. Гэхдээ гурван жилд нэг болдог Их хурдын их насны морьдын уралдаан түүнээс илүү өрсөлдөөнтэй, чансаа өндөртэй. Ийм том босгыг давж, нэг адуугаар одтой сайхан наадсандаа баяртай явдаг. Өнгөрсөн жил долоо дахь удаагийн Их хурд уралдаан боллоо. 21 жилийн түүхэнд долоон уяач л их насны морь түрүүлгэсэн гэх алдрын эзэд болж. Бид түүний нэг нь гэж бодохоор өвөг дээдсээрээ бахархаж буурлуудынхаа буян заяанд талархахгүй байхын аргагүй.
-Хүрэн морь улсад түрүүлсний дараа Дугараа Тод манлайтай ярилцаж байлаа. Тэгэхэд “төрийн наадамд их насны морь түрүүлгэх уяач бүрийн цээжин гүний их хүсэл” гэж байсан. Хүрэн морь та хоёрын чин хүслийг хэдэнтээ гүйцэлдүүлжээ?
-Анхны жил түрүүлэхэд Дугараа бид хоёр хөлний хашаанд очоод хүлээж байсан. Морь Цагаан хөтөл дээгүүр давахад хөлсний хашаа руу очоод хамгаалалтын цагдаа нараас “ороод байж байя” гээд гуйж байлаа. “Яах гэж байгаа юм” гэхээр нь “манай морь түрүүлэх гэж байгаа юм” гэсэн оруулчихсан.
-Газар яагаа ч үгүй байдал яаж ч эргэж болно шүү дээ?
-Уяач морио мэдэрнэ гэж нэг юм байна. Цагаан хөтөл дээгүүр тэгж орж ирж байгаа бол хүрэн морь түрүүлнээ гээд итгэлтэй байсан. Яагаад гэхээр сунгаануудад их хурдан байлаа. Одоо заримдаа хүрэн морь айрагдаагүй бол эвгүй байдалд орох байсан байх даа гэж бодогддог юм. Миний хувьд хүрэн морины хоёр дахь түрүү нэгдэхээсээ ч илүү амттай байсан.
-2013 оны юу. Яагаад?
-Уралдааныг нь гэртээ зурагтаар үзээд айрагдахгүй юм байна даа гэсэн бодол төрөөд сүүлдээ зурагтаа ч үзэж чадахаа байсан. Сэтгэл тогтохгүй гэрийнхээ гадаа гарчихаад ийш тийш холхиод. Тэгсэн Дугараа “түрүүлчихлээ” гээд л орилоод гараад ирсэн. Тэр үгийг сонсоод машиндаа чихэж аваад айргийн морины хашаа руу давхисан. Очоод буусан 15,16 том хүн буусан. Яаж багтаад орчихсон юм бүү мэд. Тэрэн дунд ээж хүртэл орчихсон. Буцаад гэртээ харих гэсэн багтдаггүй. Нэмж хоёр билүү гурван машин дуудаж байж бүгдээрээ багтаж харьцгаасан. Хүний сэтгэл хөөрчихсөн байгаа үедээ юуг ч анзаардаггүй бололтой юм билээ. /инээв/
-Таны баярт мөчүүдийг хамгийн түрүүнд хуваалцдаг хүн бол ээж тань. Хэзээний л ирчихсэн хүүдээ баяр хүргээд зогсож байдаг.
-Зарим үед надаас илүү миний морьдын айраг, түрүүгээр бахархаж, баярлаж явдаг хүн бол ээж. Ажил төрөлтэй байдаг юмуу зочидтой байгаад хоцроход ээж аль хэдийнэ очоод хүүхдээ үнсээд морио хөлслөөд зогсож байдаг. Удам угсаагаараа, хүүгээр бахархаж байгаа ээжийгээ харах надад ч гэсэн сайхан байлгүй яахав. Айргийн морьдын цэнхэр хашаанд ээжийгээ өшөө ч илүү олон оруулах юмсан гэж хичээдэг.
-Багад тань хатуухан хүмүүжүүлсэн гэсэн. Одоо хүүдээ урмын үг хэлэх үү?
-Магталгүй л яахав. Морь айрагдах болгонд баяр хүргэж урмын үг хайрладаг. Аав маань ч ялгаагүй байнга л баяр хүргэж дэмжиж байдаг. Сэтгэл хөдлөл ихтэй болохоороо гэртээ ганцаараа сууж үзчихээд очиход уйлчихсан сууж байдаг юм.
-2010 онд тантай ярилцахад халтар хязаалан түрүүлсэн тухай баярт мэдээг аавдаа дуулгахад уйлаад ярьж чадахгүй байсан гэсэн шүү дээ. Хэн хүнгүй л догдолсон байх?
-Тэгэлгүй яахав. Миний халтар азарга надад төрийн наадмын анхны түрүүг авчирч байсан. Тэр бол 2010 он. Хязаалан үрээ улсын наадамд түрүүлээд, хэдхэн хоногийн дараа Говь-Алтай аймгийн 70 жилийн ойд ахиад түрүүлж байлаа. Баруун бүс , аймгийн түүхт ойд үзүүр дээрээ 60 миллийн хурдтай тарлаж орж ирээд үзэгчдийг суудлаасаа өндийтөл огшоосон доо. Алтай нутагтаа очиж аавынхаа нэрийг дуурсган уясан морио урамтай сайхан түрүүлгэсэн тэр баярт агшныг би яахан мартах билээ. Хэзээ ч мартагдахгүй байх. Түүнээс өмнө улсын наадамд халтар азаргаа түрүүлэхэд ганц аав ч бус би өөрөө ч баярын нулимсаа барьж дийлээгүй.
-Халтар азаргыг Бандгаа Тод манлай бэлэглэсэн гэдэг билүү?
-Үгүй ээ. Бандгаа Ганхуягийн унаган адуу. Би наадмын өмнөхөн Төв аймгийн Ган-Очир гэдэг залуугаас аваад улсад уяачийнх нэрийг солилгүй “Ган-Очирын уясан Бат-Эрдэнийн халтар хязаалан” хэмээн мордуулж байсан.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт гаргасан байсан юм бэ?
-Шүдлэндээ Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Надад ирээд тав уралдаж дөрөв түрүүлэн, нэг аман хүзүүдсэн. Хөлний асуудлаас болоод эрт уралдахаа больсноос биш. Халтар азарга нийтдээ зургаа уралдаж дөрөв түрүүлэн, хоёр аман хүзүүдсэн аргагүй хурдан буян шүү.
-2013 он таны амжилтын онцгой жил байжээ. Монгол морийг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн уралдаанд зээрд морио аман хүзүүнд хурдлуулсан шүү дээ?
-2013 оны бас нэгэн онцлог бол би улсын баяр наадамд зургаан насны зургаан морь уяад бүгдийг нь түрүүлгэж, айрагдуулсан. Сартай хээр азарга аман хүзүү, хүрэн морь түрүү, зээрд соёолон аман хүзүү, бор хязаалан айргийн дөрөв, хүрэн шүдлэн айргийн тав, хар даага айргийн дөрвөөр тус тус давхисан шүү дээ. Зургаан насны морь төрийн наадамд түрүүлгэж айрагдуулсан түүх ховор байх шүү.
-Сум, аймгийн наадамд юу юм гэхээс улсын хэмжээнд байхгүй байхаа?
-Би бас тэгж бодож байна. 2013 онд Дүнжингараваас эхлээд тооцоход Дугараа бид хоёр 18 айраг, түрүү авсаны зургаа нь түрүү, 12 нь айраг байдаг юм. Тэрний дараа жил ч бас сайхан наадаж долоо, найман айраг, түрүү авсан. Манай “Од” гал чинь гурван жил дарааллаж, МУ-ын шилдэг гал уяагаар шалгарсан шүү дээ.
-2014 онд хүрэн морийг амжилтаа бататгачих болов уу гэсэн хүлээлт их байсан шүү.
-Гурван жил дарааллаад түрүүлгэчихье гэсэн бодол бидэнд ч байсан. Сунгааны ард хөл нь жаахан эвгүйтчихээр нь би их мэдэмхийрээд Дугараатайгаа ярьж байгаад мордуулаагүй юм. Тэгээд дутаачихсан юм шиг байна лээ. Түүнээс их сунгаагаа хийсэн бол айрагдчих байсан байх. 2014 онд айрагдаж чадалгүй зургаад давхихад нь хүрэн морь Дугараа бид хоёрын биш Монголын ард түмний адуу юм гэдгийг мэдэрсэн. Олон хүн яагаад айрагдаж чадсангүй вэ, зүгээр үү гээд санаа тавьж байсан л даа. Түмнийхээ хайртай хүлгийг хоёр жил өнжөөлөө. Энэ жил ногооны 13-тай морь. Гамнаж байгаад уралдуулах л санаатай байна. Ер нь бол анх ирэхдээ л хөлөндөө жаахан асуудалтай, шөрмөс бүдүүрчихсэн байсан юм. Манай Дугараа сайн тулдаа олон жил аргалж уралдуулж байгаа даа.
-Уяачдаа сэтгэл хангалуун байдаг бололтой?
-Тэгэлгүй яахав. Манай Дугараа бол энэ цагийн шилдэг сайн уяачдын нэг. Ахмад уяачдынхаа уламжлалт уяаны эрдмийг өвлөн авч орчин цагийн уяаны арга барилтай хослуулан уяж чадаж байгаа цөөн уяачдын нэг. Өөрөөр хэлбэл уламжлал, шинжлэлийг хослуулан уядаг хүн. Адуу малын холбогдолтой ном сэтгүүл их уншина. Ямар сайндаа л анагаахын оюутнуудын гарын авлага болсон хүний биеийн анатомийн номыг уншчихсан, адууныхтай харьцуулаад сууж байхав. Дээр нь моринд их сэтгэлтэй. Бид анх нийлэхэд Дугараа нэг азарга адуугаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал Нямзагд ахад таван сая төгрөгөөр зарчихсан байсан. Тэгээд намайг сайн гүү сурагласан “Нямзагд гуайд зарсан адуун дотор нэг сайн хул гүү бий. Тэрийг авъя” гэхээр нь очоод уулзсан 5000 доллароор ав гээд бид авч л байсан юм. Тэр хул гүүний анхны төл нь гурван бүсийн наадамд айрагдсан миний сартай хээр шүү дээ.
-Уяачийн сайнтай маргахгүй ээ. Уралдаанч хүүгээ хэрхэн үнэлдэг вэ?
-Би нэг их олон хүүхдээр морь унуулж байгаагүй. Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Гансүх гэж хүний хүүхдүүд л дээ. Анх Бөөдий буюу Сэргэлэнбаатар гээд ах нь миний морийг унадаг байсан. Тэгээд Сүхбат ахыгаа залгаж унаад, одоо дүү нь морь унаж эхэлж байна. Бид олон жил ойр дотно явсаар ах дүүс шиг болцгоочихсон. Эд нар маань ч хүүхдүүдээрээ миний морьдыг унуулах дуртай. Би ч гэсэн эд нараараа унуулах дуртай. Мориныхоо хүүхдүүдэд анх морь унасан цагаас нь эхлээд хадгаламжийн дэвтэр нээн хуримтлал үүсгэдэг. Сэргэлэнбаатар маань одоо туслах адуучин болчихсон. Өөрийн гэсэн орон гэр, адуу малтай. Морь унаж байх үеийнхээ хуримтлалаараа адуу гүү цуглуулж аваад чанаржуулж байна. Мориныхоо хүүхдүүдийг ийн сайн явахад бид ч гэсэн эцэг эхийнх нь нэгэн адил баяртай л явдаг.
-Өнгөрсөн жил нутагтаа хүрэн морины мялаалга, Тод манлай уяач цолны хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан. Бүсийн хэмжээний том уралдаан боллоо гэцгээж байна лээ шүү, Алтайн уяачид?
-Би Тод манлай цолныхоо мялаалга наадмыг хавар Цагаан хөтөлд хийчихсэн байсан. Гэтэл нутаг усныхан маань “Тод манлай нутагтаа нэг сайхан наадам хийгээч” гэсэн хүсэлт тавьсан учраас уул усаа, түмэн олноо баярлуулах үүднээс сайхан наадам хийсээн. Бүх сумын уяач нар сэтгэл гарган ирж оролцон, нас болгон 100 гарч мордсон. Их нас бол бүр 200 гарч мордоно лээ.
-Нутгийн адууг чанаржуулахад бас нэлээд анхаардаг бололтой дуулдана лээ?
-Миний унаган адуунаас Говь-Алтай аймагт очоод давхиж байгаа нь олоон. Анх аймгийнхаа МСУХ-той ярьж байгаад Сүхбаатар аймгаас 20 гүү аваачиж өгч байсан. Сая мялаалга наадмаар манай өөрийн унаган нэлээн хэдэн даага очлоо. Тэд нарын үр төлүүд удахгүй давхицгаах байлгүй дээ. Мөн Шарга сумынхаа МСУХ-нд өгсөн азарганы үр төлүүд сайхан хурдалж эхэлж байгаа гэнэ лээ. Хүнд өгсөн адуу давхисан тухай дуулах сайхан л байдаг юм.
-Бэлэгт цөөнгүй өгнө биз?
-Жилдээ 10, 20 адуу өгчихсөн л байдаг юм. Хурдыг хуваа гэдэг биз дээ. Нэгэн үе авч байсан бол одоо бас өөрийнхөө унаган адуугаар амжилттай наадаж байна. Халхын хурдан буян гэдэг ганцхан надад цуглахгүй л дээ. Гэхдээ Дугараа бид хоёр сүүлийн хоёр гурван жил унаган адуунуудаараа уралдах бодлого барьж байгаа. Даага, үрээнүүд маань сайхан л давхиж байна.
-Танай уяан дээр Их аваргатай цөөнгүй таарч байлаа. Эртний найзууд уу?
-Бид бөхөөр нөхөрлөсөн багын найзууд. Спортын төв ордны бөхийн секцэнд хамт хичээллэж барилдаж явлаа. Найз маань сүүлийн үед морь сонирхон уяж, төрийн наадмаас айраг, түрүү хүртээд байгаа.
-Спортод элэгтэй ханддаг нь багадаа барилдаж байсантай холбоотой бололтой. Чөлөөт бөхийн холбоонд сонгуульт албатай байхаа?
-10 жил ажиллаад 2016 онд өөрийн хүсэлтээр албан ёсоор удирдах зөвлөлөөс гарсан. Шинэ залуу үедээ хийх боломжийг олгох ёстой шүү дээ. Хүүхэд байхаасаа энэ спортоор хичээллэж байсан учраас чөлөөт бөхөд элэгтэй. Энэ спортоор хичээллэж хүч хөдөлмөр цаг заваа зарцуулан, нэг насныхаа амьдралыг зориулж амжилт гаргаж буй тамирчдаа өөрийнхөө хэмжээгээр дэмжихийг хичээдэг. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бөх, үндэсний бөхийн 30 гаруй тамирчинд байр өгсөн байна дээ. Би Говь-Алтай аймгийнхаа үндэсний бөхийн “Хантайшир” дэвжээний тэргүүнээр ажилладаг. Манай Говь-Алтай дээр үеэсээ бөх сайтай. Хантайшир дэвжээ дахин байгуулагдсанаас хойш бөхчүүдийн маань амжилт илт сайжирч байна. Бөхийн гал голомтоо бэхжүүлж, цаашдаа залуу халаагаа бэлтгэхийн тулд аймагтаа “Хантайшир” бөхийн дэвжээнийхээ салбар бөхийн төрөлжсөн сургуулийг нээхээр төлөвлөж байна. Хавраас хэрэгжих байх. Саяхан бид аймгийн Засаг даргын тамгын газраас газраа авчихсан. Спорт заал, дотуур байр, саун, душ бүхий бөхийн төрөлжсөн сургууль нээгдчихээр залуус маань илүү их амжилт гаргах боломжтой болох байхаа. МУ-ын нутаг дэвсгэр дээр бизнес хийгээд тэр нь үр өгөөжтэй, ашиг орлоготой ажиллаж байгаа бол буцаагаад тодорхой хэсгийг нийтийн эрх ашгийн төлөө зарцуулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэнд сэтгэл санаа, урлаг уран сайхан, гоо зүйн таашаал өгч байдаг урлаг, спортын хөгжилд зарцуулж байх хэрэгтэй. Энэ бол бизнесмэн хүний үүрэг. Түүнээс гоё сайхан харагдах арга хэлбэр биш юм. Магадгүй би бизнес хийгээгүй спортоор хичээллэж байсан бол өөр хэн нэгэн бизнес эрхлэгч мөн л үүргээ ухамсарлан дэмжих байсан байх.
-Бизнесмений үүрэг нэлээд олон оронтой тоогоор илэрхийлэгддэг байх шүү?
-Манай санхүүгийн албаныхан надад хатуу сануулга өгөөд байгаа./инээв/ Захирлаа, одоо наад өглөг чинь хэтэрлээ шүү гээд л... Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд зөвхөн Саруул хороололд гэхэд гурван тэрбум гаруй төгрөгийн байрыг хүмүүст өгсөн байна лээ. Ингээд тооцоод үзвэл багагүй хэмжээний дүн гарах байхаа.
-Хатуу сануулга өгөхөөс аргагүй сонсогдож байна шүү. Танай эрчүүдээс танаас бусад нь морь уяж байна уу? Нэг гэрийнхэн бие биедээ татагдаад орчихдог?
-Уяхгүй ээ. Гэхдээ бүгдээрээ моринд сэтгэлтэй, дуртай. Улсын наадмаар бүгдээрээ л манай уяан дээр ирж дэмжицгээдэг юм. Атгасан гар шиг биенээ дэмждэг ах дүүсээрээ бахархдаг шүү. Манай ах, дүү хоёр аавыг дууриагаад техник сэтгэлгээтэй. Хоёулаа авто спортоор хичээллэдэг, спортын мастерууд.
-Нээрэн машины ховор цуглуулгатай гэгддэг шүү дээ. Ингэхэд Тод манлай ямар хоббитой вэ?
-Морь.
-Хөөрөг цуглуулдаг гэж сонссон юм байна?
-Өөрийнхөө хэмжээнд хэдэн сайхан хөөрөг цуглуулсаан. Ер нь хуучны сайхан монгол эдлэл чадлынхаа хэрээр цуглуулдаг юм. Гэхдээ улайраад, бүр мундаг хобби болгоод хөгжүүлсэн юм алга. Өөртөө таалагдсан юмаа аваад үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхийг хичээдэг. Эртний эдлэл цуглуулдаг гэгддэг бизнесменүүд чамирхал, хобби гэдгээсээ илүүтэй соёл, түүхийн үнэт өв болсон сайхан эд эдлэлүүдээ гадагшаа алдчихгүй юмсан гэсэн үндсэрхэг үзэл л бий.
-Дагвадорж Тод манлай мөн тэгж хэлж байсан. Та чөлөөт цагаа юунд зориулдаг вэ?
-Чөлөөт цаг гарвал эхнэр хүүхдүүддээ зориулахыг хичээдэг. Гэр бүлээрээ гадагшаа дотогшоо явж амарч зугаалах дуртай. Ер нь миний хобби бол аялах.
-Эхнэрийг тань урлагийн хүн байдаг гэж сонссон юм байна?
-Яг ч урлагийн хүн биш л дээ. Чөлөөт уран бүтээлч гэх юмуу даа. Уран зураг зурна, хайчилбар хийнэ. Уг нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг төгссөн эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ багын л зураг зурж, хайчилбар хайчлах дуртай байсан гэдэг. Түүгээрээ үзэсгэлэн гаргасан. Миний хувьд ханийнхаа уран бүтээлийг хамгийн ойроос дэмжигч.
-Морьдыг чинь зурж өгөх үү?
-Халтар хязааланг маань улсын наадамд түрүүлсний дараа зурж өгсөн. Зарим морьдыг хайчилбараар хайчилж өгнө. Өөрөө унаган хотын хүүхэд учраас эхэндээ морь малнаас жаахан хөндий байсан. Гэхдээ одоо бол хагас, бүтэн сайн болгонд бид гэр бүлээрээ Өлзийтөд очиж морь унадаг. Морь унаж хэдэн км явчихаад ирэхэд бие хөнгөрөөд, сэтгэл санаа сэргээд сайхан шүү. Болдог бол Улаанбаатар хотын эргэн тойронд хэдэн сайхан морин тойруулгатай болчихвол хотын хүүхдүүд хагас, бүтэн сайнд очиж морь унаж амраад монгол ахуйтайгаа суралцана шүү дээ.
-Миний чин хүсэл шүү дээ. Энэ их ажлынхаа дундуур цаг зав гарган хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажил үйлс нь арвай буудай мэт урган дэвжих болтугай.
-За баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна