МУ-ын Алдарт уяач Б.Сүхбаатар: Буурлуудын буян заяа түшиж ах, дүү азаргануудаар аатай сайхан наадаж байна

Тэлмэн
2017 оны 11-р сарын 20 -нд

Гал тахиа жилийн анхны дугаарын зочин хойморт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Баттулгын Сүхбаатар уригдан оролцож байна. Монгол хээрийн хурдыг таниулж, Дүү хээрээр одтой наадаж буй шинэхэн Алдарттай ийнхүү хөөрөлдлөө.

МИНИЙ ӨВӨГ ЭЦЭГ СЭРЭЭНЭН 1945 ОНД ХАР АЗАРГАА АМАН ХҮЗҮҮНД ХУРДЛУУЛЖ БАЙСАН
-Төрийн хишигт шинэхэн Алдартад халуун баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан төр улсаараа элбэг дэлбэг,төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийн өргөн дэвшүүлье. 
-Баярлалаа. Адууны угшил, хүний удмыг чухалчилсаар ирсэн эртний ёсон бий. Алдартын дээдчүүл хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Миний аав Төв аймгийн Баянцагаан сумын гаралтай хүн. Аавын өвөө болох Сэрээнэн гэж хүн 1945 онд АХ-ын 24 жилийн ойгоор хар азарга аман хүзүүнд хурдлуулж байсан юм билээ. Энэ тухай би нэлээд хожуу буюу саяхан л мэдсэн. 
-Сэрээнэн гэдэг хүний талаар дуулснаа ярьж өгөөч?
-Баянцагаан сумын 90 жилийн ойд зориулан сэтгүүлч, хурдан морь тайлбарлагч Оюунбаатарын гаргасан номон дээр манай өвөөгийн зураг нийтлэгдсэн байдаг. Мөн нутаг орныхны ярих нь манай өвөг эцэг Баянцагааны Өлзийт нуурын хойд энгэр, Нарангийн рашаан орчмоор нутагладаг ном эрдэмтэй, худаг гаргадаг, анч хүн байсан гэнэ лээ. 1930-н хэдэн оны хэлмэгдүүлэлтээр сахилаа гээж хар болоод хот хүрээ бараадсан юм шиг байгаа юм. Баянцагаанд Босго гээд тахилгатай овоо бий. Жил бүрийн намар тэр хавийнхан тайж тахидаг юм. Дөрвөн жилийн өмнө би зорьж очиж наадаж байлаа. Тэгсэн нутгийнхан “танай өвөө Нарангийн энгэрээр нутагладаг, худаг гаргадаг, анч, номтой хүн байсан. Өвөөгийн чинь гаргасан худаг одоо ч байна” гэх мэтээр ярьж өгсөн. Түүнээс өмнө 2012 оны сонгуулийн үеэр Даваахүү ах, Хэнмэдэх гуай хоёртой цуг сурталчилгаагаар явсан. Тэгэхэд Хэнмэдэх гуай “энэ муу золиг чинь удмаа татаад одоо улсад морь айрагдуулах болсон шүү” гэсэн юм. Гайхаад ямар учиртай юу яриад байнаа гэсэн “өвөөгийн чинь бор азарга хэдэн онд билээ улсад айрагдаж байсан” гээд яг оныг нь онож хэлээгүзй. Тэгж байтал Баянцагааны 90 жилийн ойн номон дээр өвөөгийн лоовуузан малгайтай бор азаргатайгаа авахуулсан зураг нь гарчихсан байсан. 
-Хар азарга юмуу, бор азарга юмуу?
-Номон дээр бол хар азарга гэсэн байсан. Хоёр хөгшин ярихдаа бор азарга гээд байсан. Бор азарга л болов уу даа.
-Сэрээнэн уяач төрийн наадамд азарга айрагдуулж байж. Түүнээс хойш үр хойч нь хэрхэн наадсан байдаг юм бэ?
-Сэрээнэн уяачийн хүү миний өвөө Жамбалсүрэн гэж хүн бол нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан эмч хүн. Түүний хүү Лувсанцэнд гэж миний аав. Ижий аав хоёр минь гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаад миний төрсний гэрчилгээг ээжээр овоглоод авчихсан юм билээ. Хожмоо овгоо солиулах гээд амжилт олоогүй. Тэгээд сая “Их хурд”-аар зориуд “Лувсанцэндийн Сүхбаатарын Дүү хээр” гэж бүртгүүлэн зарлуулсан шүү дээ. Анзаараагүй юу?
-Уучлаарай, Дүү хээр гэхээр Сүхбаатар л нүдэнд буухаас овгийг нь анзаарсангүй. Та айлын ууган хүү юу?
-Тийм. Дороо дөрвөн эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү. Харин ээж аав хоёр маань хоёулаа эцэг эхээс есүүлээ. 
-Ямар ажил алба хашиж байсан улс вэ?
-Миний аав Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газрын ерөнхий нягтлангаар олон жил ажилласан. Харин ээж маань Ахуй үйлчилгээнд оёдолчин хийж байсан.
16-ТАЙ МААР ГУАЙГ ДАГАЖ МОРЬ УЯАД, УЛСАД ЗЭЭРД ДААГАА 17-ГООР ДАВХИУЛАН БӨӨН БАЯР БОЛЖ БАЙЛАА
-Өмнө нь уулзахад зургаа, долоон настайгаасаа эхлээд адуу малд явж, саалийн гүү хураадаг байсан гэсэн. Нутгийн адуучдад тусалдаг байсан хэрэг үү?
-1976 оны явдал л даа. Би зургаа, долоон настайгаасаа эхлээд нагац эгч Рагчаагийнхаа хадам аав адуучин Пэрэнлэй гэж айлд очиж морь унангаа саалийн гүү ойртуулдаг байлаа. Анх тэгж л адуунд дуртай болсон доо. 
-Хурдан морь унаж байсан уу?
-1976 онд байхаа. Германы гадаад явдлын яамны сайд Монголд айлчилж, Түргэний голд адуу мал хураан бэсрэг наадам хийсэн юм. Тэр үед гадны зочид төлөөлөгчид ирэхэд маш их бэлтгэдэг байлаа шүү дээ. 60,70 километрийн цаанаас хэрэг болгон шинэ гэр авчирч бариад, нэгдлийн нэг суурь адууг хураан, морь уралдуулж их сүртэй юм болдог байсан юм. Тэгэхэд би Сэргэлэнгийн Гомбожав гэж уяачийн улаан буурал морийг унаж таваар давхиулаад, гадаадын зочдоос шоколад, мөсөн чихэр бэлгэнд аван бөөн баяр болж байлаа. Энэ мэтчилэн жижиг сажиг наадамд л морь унаж байснаас сум, аймгийн наадамд бол үгүй ээ. 
-Өнгөрсөн жил “Дүнжингаравын хурд”-д хамар цагаан зээрд азарга түрүүлгэсэн Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамбадаржааг манай хамаатан гэж байсан санагдана?
-Аавын төрсөн дүү, адуучин хүн л дээ. Манай аав л ном эрдмийн мөр хөөчихсөн болохоос бусад нь малчид. Дамбадаржаа ах чинь улсын наадамд хул морио хоёр айрагдуулан, ногоон даагаа түрүүлгэж байсан мундаг уяач шүү дээ. Би 2003 онд тэр ах дээрээ очиж анх морь уяж байлаа. Дамбадаржаа ахын хүү Гантөмөр миний морийг уядаг байсан юм.
-15, 16-тай жаахан хүү байхдаа алдарт Маар гуайтай морь уяж байсан гэдэг. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Маар гуай дээр ярьсан миний хуурай өвөө Пэрэнлэй гуайн адуунаас нормын морио унадаг. Би морийг нь юүлж өгдөг байлаа. Тэгж байгаад 1986,87 оны үед Маар гуайг дагаж нэг жил бага гурван насны адуутай улсын наадамд яваад зээрд даагаа 17-гоор давхиулан бөөн баяр болж байлаа.
-Түрүүлж, айрагдсанаас дутахааргүй санагдаж байсан биз?
-Тэгэлгүй яахав. Нүхтийн аманд ирж буудаллаад Маар гуайтай хамт морьдоо манаж хоносон нь одоо ч нүдэнд харагдаж байна. 
-Даага 17, шүдлэн, хязаалан нь хэдээр давхисан бэ?
-Нөгөө хоёр нь 70, 80-аадаар давхисан. 
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдагийн бас нэгэн илрэл Маар түүний хээр азарганы түүх юм. Алдарт уяачийг ойроос мэдэхийн хувьд дурсамжаасаа хуваалцаач?
-Эгэл жирийн малч ард. Миний дуулснаар Маар гуайн ах нь Бадарч гэж хүн байж. Нутгийнхан нь онгороо гэж дууддаг. Тэр хүн хээр азарганы эхийг нь билүү, эцгийг нь билүү Маар гуайд өгсөн гэдэг байх шүү. Маар гуайн охин Одноо /Одончимэг/ Хэнмэдэх гуайн хүү Мэндээгийн эхнэр. Өөрөөр хэлбэл Хэнмэдэх гуай Маар гуай хоёр худууд юм. Тод манлайтай худ ураг болсноос хойш морь уяж эхэлсэн гэдэг. Их хэнэггүй, ямар сайндаа хээр азаргаа хонины хашаанаас уячихдаг. Хүмүүс мориндоо давхил хийж байхад Маар гуай унах хүүхэд байхгүй гээд айлд даалуу тоглоод сууж байсан гэдэг. Тэгэхэд нь манай ээжийн төрсөн ахынх нь хүү Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ганхуяг “Маар гуай би азаргыг чинь уначихъя” гэж гуйгаад унаж байсан гэсэн. Алдарт хээр азаргыг ид хурдан байх үед нь тэр Ганхуяг гэж хүн унаж байлаа. Соёолон жилээ их хурдан байгаад долооны сунгаанд хол ирсэн юм билээ. Тэгсэн Маар гуай чөдөрлөж тавиад хөлийг нь холгоод уралдах аргагүй болгочихсон тухай Хэнмэдэх гуай ярьж байсан. Тийм л хэнэггүй хүн байж. Тэгээд тэр жил долооны сунгаан дээр хээр азарганы ард ирж байсан гурван соёолон улсад айрагдсан гэдэг. Сайн морь эзнээ уяач болгодог гэлцдэг. Хээр азарга Маар гуайг сайн уяач болгож, түмэнд таниулсан гэж би боддог.
-Дунд сургуулиа төгсөөд хэсэг зуур морь малнаас хөндийрсөн гэсэн. Дүү хээрийн эзэн ингэхэд ямар мэргэжилтэй хүн бэ?
-1990 онд техникумыг техникийн механикчаар, 2008 онд СЭЗДС-ийг банк санхүүгийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. 1990 онд механикчаар төгсөөд 1993 оныг хүртэл Оросод мэргэжлээрээ ажилласан. Түүний дараа бизнесийн мөр хөөж, гэр бүл зохион гал голомтоо бадрааж адуу малнаас хэсэг хөндийрсөн. Гэхдээ манай гэр бүлийн хүн уяач удамтай надаас ч илүү моринд дуртай. 
-Аль нутгийн бүсгүй билээ?
-Төв аймгийн Баянцагаан сумынх. Манай паралель ангид сурдаг байсан юм. Төрсөн дүү нь хурдан азаргатай Гансум гээд уяач бий. Та бүхэн таних байхаа. Манай хүний өвөө нь бас улсад морь айрагдуулж байсан.
-Сонин түүх байна. Хэдэн онд ямар насны морь вэ?
-Баарангийн Ядамжав гэж хүн 1956 онд бор шүдлэнгээ айргийн дөрвөөр, 1958 онд зээрд халзан шүдлэн айргийн гурваар давхиулсан байдаг.
-Танай эхнэр хурдан морь унаж байсан уу?
-Манай хүн унаж байгаагүй. Харин эгч нар нь, мөн Гансум унаж байсан гэдэг юм. 
-Танай хүүхдүүд моринд тэгтлээ дуртай байдагт гайхах юм алга?
-Манай охин илүү дуртай. Америкт сурч байгаа хэр нь “ааваа морьд ямар байна” гээд л асууна шүү дээ.
"ХУРДАН ЦАВЬДАРТ БОЛ ЗАЙ ГАРГАНА АА" ГЭСЭН ТОД МАНЛАЙН ҮГ ОДОО Ч САЙХАН САНАГДДАГ
-Алдарт морь уяхаар шамдах болсон нь хэзээнээс гэлээ?
-Хүүхэд байхад л миний нэртэй адуу мал байсан. 1998 онд унагаа тамгалахад хоёр азарга адуу хурааж байлаа. Морь уях тухайд бол 2003 оноос эхэлсэн. Дамбадаржаа ах дээрээ адуугаа аваачаад өөрийн хэдээсээ уяж эхэлсэн. Тэр жилээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Очирбат гэж ахтайгаа нийлэн цавьдар азаргаа уяад улсын наадамд 170-аадаар давхиулж байлаа. Цавьдар азарга Зүүнхараагийн адуу. Би хязааланд нь авч байсан юм. Жаахан цустай их сайхан адуу. 2003 оны өвөл Хэнмэдэх Тод манлайгаас Маар гуайн хээр азарганы үрийн үр цавьдар соёолон авч 2004 оны зун уяад Төв аймгийн долооны сунгаанд мордуултал, их хурдан байнаа. Тэгэхээр нь улсын наадамд уралдуулсан чинь Цагаанхөтөл хүртэл Содномцог Тод манлайн Од хээр түрүүнд, Энхтайваны Гоё халиун аман хүзүүнд, гурав дээр Улаан сайдын Бүжин хонгор, дөрөв дээр миний цавьдар соёолон хэсэг явсан. Тэгж байгаад суугаад 20-иодоор баригдсан даа. Би уг нь аймагтаа уралдчихъя гэсэн чинь Дамбадаржаа ах “хурдан байна, улс руу яв” гээд явуулсан юм. Тэр жил миний морийг хүү Гантөмөр нь уясан л даа. Цагаан хөтөл хүртэл эхний хэдэн морьтой явчихсан учраас би бараг л айрагдана гэж бодож байсан. 
-Бодож байсанчлан айрагдаж чадсангүй. Ямар дүгнэлт хийсэн бэ?
-Гантөмөр бид хоёр урд шөнө нь ачиж авчраад замын хажуугийн ногоон дээгүүр хөтөлж идүүлж байгаад мордуулчихсан юм. Тэр нөлөөлсөн байх. Улсын наадмын дараа “Их хурд“ үзэх зуураа Өвөрхангай аймгийн Хужирт сумын 70 жилийн ойд уралдуулж айрагдуулсан. Наадамд явсан нь бас их түүхтэй. Асашёорюү Дагвадорж том наадам хийнэ гэсэн сургаар ганц үрээгээ ачаад явчих санаатай байтал Дуламсүрэн Тод манлай “Их хурд”-ынхаа морьдыг ачиж байна. Зай гарвал цавьдар соёолонгоо аччих санаатай очвол Даш-Өлзий гуай “ямар адуу ачих юм” гэснээ “цавьдар соёолонгоо” гэтэл “аан хурдан цавьдарт бол зай гарганаа ач, ач” гэсэн. Долооны сунгаанд миний цавьдар соёолон өнгөнд уралдсаныг харсан байж л дээ. Тэр үг надад их сайхан санагдсан.
-Уяачид биенээ мориор нь л таньдаг шүү дээ?
-Тийм дээ. Тод манлайн машинд үрээгээ ачаад очиж “Их хурд“ үзчихээд, Хужирт руу яаж авч явах вэ гээд бодож байсан Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, МУ-ын Заан Амгаатай таардаг юм. Хүү нь миний найз л даа. Тэгээд заанаас бор азаргаа ачиж авчирсан машиныг нь гуйгаад Хужирт явж байлаа. Цавьдар үрээ маань хол тасарч яваад үзүүр дээрээ айлын гүүн зэл рүү хадуурч тавласан даа. Тэгээгүй бол түрүүлэх байсныг үгүйсгэхгүй. Шагналыг нь УИХ-ын гишүүн Сумъяабазар Аварга гардуулахад их сайхан бэлгэшээлтэй санагдаж билээ.
-Урам ордог байх, тийм үү?
-Тэгнэ. Тэр цагаас хойш адуу их цуглуулсаан. Баянцогтын Эрдэнэхуяг гэж ахаасаа Тойруулга угшилтай халиун, хүрэн гүүнүүд авч байлаа. Мөн Дорнодын Цэндбаатар, Батзориг нарын улсын Алдартуудаас олон адуу авсан. Нэг хэсэг морьд маань бага наадмуудад олон ч түрүүлж айрагдсан. Дамбадаржаа ахын бэлгэнд өгсөн хээр морь гэхэд л 2004 оны өвөл Булганы Баяннуурт болсон өвлийн уралдаанд түрүүлж, Орхонд болсон уралдаанд аман хүзүүдэн, Хишиг-Өндөрт болсон уралдаад түрүүлж мотоциклиор шагнуулж байлаа. Мөн Сүхбаатар аймгийн Халзан сумаас авсан бор хязаалан 2004 оны хавар гуравдугаар сарын 18-нд болсон цэргийн баярын уралдаанд түрүүлж, Орхонд болсон уралдаанд азарганд уралдаад айргийн гуравт давхиж байсан. Энэ мэтчилэн сумын чанартай уралдаанд түрүүлж, айрагдаад байдаг. Аймагт чаддаггүй ээ. Тэгж байсан 2008 онд Дорнодын Матадаас авсан шарга шүдлэн маань айрагдаж аймгийн наадмын анхны айргийг авчирсан юм.
ХЭЭР АЗАРГАНЫ ӨРТӨГ ӨӨРӨӨ Л ОРООД ИРСЭН
-Гэхдээ Сүхбаатар Алдартыг Монгол хээр азарга л түмэнд таниулсан. Үүнтэй маргахын аргагүй?
-Тэгэлгүй яахав. Улс, бүсийн хэмжээний наадамд амжилт гаргаж байж л сая түмэнд танигддаг юм билээ. 2008 онд Дорнодын Цэндбаатараас Эрээнцав гаралтай цавьдар азарга авч дараа жил нь 2009 онд Төв аймгийн наадамд дөрвөөр давхиулж байлаа. Үүнийг манай аймгийн уяачид, тодорхой хүрээний хүмүүс л мэддэг байх. Харин 2010 онд хээр азаргатайгаа учирч, улсын бүсийн наадамд айрагдуулснаас хойш намайг мэддэг таньдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн байхаа.
-Хурдан хүлэгтэйгээ учирсан түүхийг сонсох үргэлж таатай байдаг. Таныг бас нэгэн амттай түүхийг ярих байх хэмээн таамаглаж байна?
-Базарбумаатай танилцсан түүх бас их сонин. Миний найз Энхболд нэг өдөр орж ирээд, “Сүхээ би хэдэн адуу авах гээд. Тэр айлд ачааны машин хэрэгтэй гэж байна. Чи ачааныхаа машиныг өгчихөөч” гэж байна. Машинаа зарах бодолгүй байсан учраас эхлээд зөвшөөрсөнгүй. Тэгсэн нөгөөх маань “яг өнөөдөр машин хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь “за тэг дээ” л гэлээ. Тэгсэн нэг залуу орж ирнэ. Түүнд машинаа өгчихөөрэй” гэнэ. Удаа ч үгүй хөдөөний байрын бор залуу орж ирээд “ахаа энэ сайн машин уу” гэж байна. Нутаг хаана вэ? Талдаа хэдэн км вэ? гэсэн “талдаа 500 км” гэж байна. “За чи 500 км замаараа тав, арав яв. Наад машин чинь яах ч үгүй. Найзын гуйлтаар өгч байгаа юм. Найдвартай. Нэгэнт машиныг нь авч байгаа юм чинь хэрэгтэй гэвэл ачааг нь запас дугуйг нь ав” гэсэн “тэгье” гэнэ. Төв аймгаас л очиж авна даа гэвэд орой хүрээд ирсэн. Гэрт орж ирээд морины зураг харангуутаа “та морь уядаг юм уу. Би ч гэсэн морь уядаг. Гайгүй адуутай. Ах та манайхаар нэг зочлоорой. Сайхан танилцлаа” гэсэн. Би ч “за очноо” гэж хэлээд машинаа бусад хэрэгсэлтэй нь өгөөд явуулсан. Түүнээс хойш хааяа залгаад “ахаа та хэзээ ирэх юм бэ?” гэхээр нь “тэгж байгаад очиноо”л гэдэг. Яг үнэндээ очно гэж бодоогүй ч үгүй./инээв/ Тэгсэн нэг өдөр настайвтар хүн залгаад “өөрийг чинь Сүхээ гэдэг үү. Би Пүрэвдорж гэж хүн байна. Ах нь ганц хүүтэй, хэдэн адуутай хүн. Хэдэн үрээ засах гэсэн энэ хүү засуулдаггүй ээ. “Хотод нэг ахтай танилцсан. Ахад үзүүлж байж үрээгээ засна“ гээд. Хүү минь чи нэг хүрээд ирэх боломж байна уу” гэдэг юм. Хавар дөрвөн сард. Настай хүнд үгүй гэлтэй биш “өнөөдөр хэд дэх өдөр билээ“ гэсэн “гуравдахь өдөр” гэнэ. За ахаа би тав дахь өдөр гараад хагас сайны өглөө яваад очъё” гэж хэлээд утсаа тавилаа. Хэлснээрээ Сүрэнжавыгаа дагуулаад яваад очсон 200 гаруй адуу хураачихсан айл байнаа. Пүрэвдорж ах “за дүү хүү морь уядаг гэсэн. Ямар насны ямар адуу хэрэгтэй байна” гэнэ. Аав, хүү хоёр надад адуу бэлэглэх гэж байгаа нь илт. Би нэрэлхээд хэлж чаддаггүй ээ. Сүүлдээ нөгөө хоёр залхсан байртай болох үед эхийгээ хөхөж буй ногоон даагыг асуутал Базарбумаа дуун дээр “ахаа та хусран даага сонирхож байгаа бол наад ногооныг чинь би танд бэлэглэе” гэнэ. Тэгсэн Пүрэвдорж ах “за хүү адуу бэлэглэж байгаа бол би бас нэгийг бэлэглэнээ. Сайн гүү хийж аваарай” гээд ахиад ногоон алаг охин даага бэлэглэчихлээ. Тэгж байсан Пүрэвдорж ах “за дүү хүү панз хийвэл хий, хамаагүй шүү” гэж байна. Хоёрын хоёр адуу бэлгэнд авчихсан хүн хийхгүй бол болохгүй шүү дээ. “Өм татдаг“ гэдэг утгаар нь битүү их насны морь авъя гэж шийдээд хэлтэл хоёр сайхан морь бариад уячихаж. Нутгийн дүү Хэнмэдэх гуайн туслах уяач Шижээ, Сүрэнжав бид гурав хамт явж байсан. Хоорондоо ярьж байгаад хээр морийг авахаар тохироод хэлсэн “тэг тэг, энэ жил есөн настай битүү морь” гэж байна. Монгол хээртэй эцэг нэгтэй морь байсан юм билээ. 
-Үнэ хөлсөө ч ярилгүй авъя гэчихсэн үү?
-“Хэд ч гэсэн байсан авна даа. Битүү юм чинь гурван сая гэх болов уу, таван сая гэх болов уу” гэж бодоод өртгөө хэлчих гэсэн “сая таван зуун мянга болох уу” гэнэ. “Болноо, болно“ гээд дуун дээр нь наймаа хийгээд ирж байлаа. Базарбумаа болон Пүрэвдорж ахтай танилцсан түүх энэ. 
-Хээр морио уясан уу. Яаж давхисан бэ?
-Нөгөө хээр морио авчраад Хэнмэдэх гуайн хар морьтой сунгалаа. Ойрхон байнаа. Хэнмэдэх гуай ирээд “хүү минь чи давгүй морь авчирсан байна шүү” гэхээр нь бүр урамшаад. Аймгийн наадамд мордуулсан жалга тойрч жаахан будилаад долоолчихдог юм. Наадмын дараа Пүрэвдорж ах залгахаар нь “дүү нь гомдохгүй ээ. Та сайн морь өгсөн байна. Дүүд нь айрагдсантай адилхан” гэсэн юм. Наадмын дараа Бумаа ирээд “за ахаа би нөгөө хээр үрээгээ уяж үзлээ. Хурдан болох юм шиг байна. Сумандаа зургааллаа, сургуулийн ойд гурваар орлоо. Мань мэт сум, жалганы наадмаас давж уралдах биш. Та төвд авчирч уралдуул. Би танд авчраад өгье” гэсэн. Би ч “тэгээ л” гэсэн. 
-Монгол хээр ирсэн түүх эхэлж байна гэж ойлголоо?
-Яг тийм. Өмнөх жил нь биднийг очиход энэ жилийн ногооны хязаалан гээд хоёр сайхан хээр үрээ байсан. Тэр үед Базарбумаа “Сүхээ ахаа энэ хээр үрээ миний гүүний төл юм байгаа юм. Манай энэ хээр азарганы төлүүд ер нь хурдан. Танд хязаалан хэрэгтэй бол авахгүй юу” гэж байсан юм. Авъя гэсэн бол бэлгэнд өгөх гээд байгаа. /инээв/ Миний хувьд аймагт айрагдчихсан шарга хязаалан маань байсан болохоор “ах нь сайн хязаалантай хэрэггүй ээ” гэсэн Базарбумаа “ноднин сургачихсан юм. Энэ зун би уяж үзнээ” гэж байсан. Тэр хэлснээрээ уяж хэд хэд уралдуулсан юм билээ. Тэгээд 2009 оны намар надад соёолон азарга авчирч өгсөн. 
-Уучлаарай, ямар ханштай наймаа хийгдсэн бэ. Сонин байна?
-Зургаан сая төгрөгөөр л авч байсан.
-Бас ч тийм хямд өртөг биш байна аа?
-Цэндбаатар Алдарт, Хүрлээ Манлай хоёртой таараад Цэндбаатарт “хашаанд нэг үрээ бий, хараадахаач” гэсэн дуртай нь аргагүй Төв аймаг давхичихсан. Би тэр үед хотод ажилтай, хамт явж амжихгүй байсан юм. Удалгүй Хүрлээ залгаад “үзлээ. Сайхан л үрээ байна. Өө хэлсэн хүнд хойгуураа жаахан шувтан юмуу даа. Зургаан саяд ийм адуу арай л хатуу юм даа” гэсэн. 
-Алдарт юу гэхэв?
-“Үзлээ, сайхан үрээ байна. Гэхдээ энэ дайны адуу зургаан сая гэхээр үнэтэй юм” гэснээ “авч байгаа хүн өөрөө мэдэж байгаа биз. Хурдан байвал юу гэхэв” гэсэн. Хашир хүн л дээ. Монгол хээрийгээ явуулахдаа Пүрэвдорж ах “цуг ажил хийгээрэй“ гээд хонгор халзан үрээ өгч явуулсан юм. “Сумын наадмыг таван км хөтөлж яваад суудаг. Чи ахдаа хэдэн цаас болгоод өгчихнө биз” гэсэн байсан юм. Хаанаас нь ч харсан хонгор халзан үрээ хээрээсээ илүү. Манай Сүрэнжав хүртэл “Сүхээ ахаа хаанаас нь ч харсан хонгор халзан нь илүү юм байна. Тэгээд үнэ нь ч хямдхан юм. Хонгор халзанг нь авахгүй юмуу” гэж байсан. Ер нь манай хашаагаар орж ирсэн хүмүүс халзанг нь л хардаг. Гэхдээ яагаад ч юм надад тэр үгс нөлөөлөөгүй. Хэн ч юу ч гэж хэлж байсан хээрийгээ авна гээд шийдчихсэн. Үүнд бас нэг зүйл нөлөөлсөн байх. 
-Тэр нь юу билээ?
-Бага байхад Пэрэнлэй өвөөгийн их гоё улаан хээр морь байсан. Уядаг. Би түүнийг нь гоёлд унах гэхээр догшин гээд унуулдаггүй. Түүнээс болсон уу улаан хээр зүсэнд дуртай. Энэ маань ч нөлөөлсөн байх. 2009 онд бага зэргийн хямралтай байсан ч хээрийгээ авснаараа авна гээд шийдчихсэн байлаа. Тэр нь ч оносон. Хээр азарганы өртөг өөрөө л ороод ирсэн ш дээ. 
-Яаж тэр вэ?
-Аймагт шүдлэндээ айрагдсан шарга үрээгээ зараад. Миний тэр шарга үрээ хязааландаа Завханы Очирваанийн хурдад цээжинд уралдсаар байгаад долоолчихсон юм. Уралдааны үеэр Дайдийхүүгийн Баяраатай танилцаж нэг уяа болж буулаа. Дүү соёолон, азарга хоёртой ирчихсэн. Би аймагт айрагдсан цавьдар азарга, шарга үрээ хоёртойгоо очсон. Тэгээд морьдоо сунгасан чинь Баяраагийн Эрдэнэтэд айрагдсан хар хязаалангаас миний шарга үрээ 500 метр хол, Эрдэнэтэд зургаалсан саарал азарганаас нь миний цавьдар бас ахиад 500 метр зайтай ирэхгүй юу. Тэгсэн Баяраа “ахаа таны морьд хурдан байна шүү. Хаана яаж давхисан адуунууд вэ? гэхээр нь миний энэ хоёр Төв аймгийн наадамд айрагдсан гэсэн. 
-Шарга үрээ хараахан айрагдаж чадалгүй долоолж, цавьдар азарга яаж давхисан бэ?
-Цавьдар азарга 10-аар давхисан. Уралдааны дараа Баяраа “ахаа би морь сонирхож уяад удаагүй байна. Манайх шарга адууны сэтэртэй. Та шарга үрээгээ надад зарчихаач” гэсэн юм. Намар нь хээр азарга хашаанд ирчихсэн өртгийг нь бүрдүүлэх тухай бодож суутал Баяраа залгаад төд удалгүй гэрт ирж 10 сая төгрөг хадагтай бариад “ахаа шарга үрээгээ өгчих” гэсэн. Надад шарга үрээний эх нь төрсөн дүү нар нь байсан учраас дүүгийн саналыг хүлээн авч наймаа хийгээд хээр азарганыхаа өртгийг өгсөн. Ийм сайхан тохиолоор нөхөрлөсөн болоод тэр үү би Баяраад арай өөр ханддаг. Тэр ч утгаараа Монгол хээрийнхээ анхны төл хул соёолонг өнгөрсөн жил Баяраад өгсөн. Өнөөдөр “хул азарга Ялалт хүрэнгийн ард ирж байна. Хурдан байнаа Сүхээ ахаа” гээд ярьж байна лээ.
МАШ ТОМ СУРГАМЖ ҮЛДЭЭСЭН ТЭР УРАЛДААНЫГ ЯАЖ МАРТАХАВ
-Төрийн зарлигт наадмын анхны айргийг хүртсэн 2010 оны “Дүнжингаравын хурд” уралдааны дурсамж одоо ч тодхон хэвээр байдаг байх.
-Маш том сургамж үлдээсэн тэр уралдааныг яаж мартахав. Хээр азарга хурдан байсан ч зурхай дээр зургаад гишгэсэн. Зургаалсан гэж бодоод азаргаа хашаа руугаа аваад явчихсан байтал Дорнодын боомтоор орж ирсэн цэвэр адуу тавд баригдсан байна гэсэн асуудал гараад комиссынхон “үрээгээ авчирч цоллуул” гээд гэнэтхэн залгасан. Манай хашаа 500-хан метр зайтай юм чинь юу байхав Сүрэнжавтай хоёулаа үрээгээ хөтөлж очоод цоллуулах гээд зогсож байтал баахан хүмүүс давхиж ирээд медаль булааж, жааз өргөмжлөлийг нь хагалаад бөөн юм боллоо. Тэгэнгүүт нь би дугтуйтай мөнгө, хагарсан жаазтай өргөмжлөлийг нь Пүрэвийн Сэргэлэнд өгөнгөө “ийм маргаантай юм надад хэрэггүй ээ. Учрыг нь олсоны дараа болъё” гэж хэлчихээд явчихсан. Зун нь 61-ийн гарам дээр сунгаан хийж миний хээр соёолон Авзагын Мэндээгийн даагандаа Ирээдүйн түмэн эхэд түрүүлж байсан бортой уралдаж хол түрүүлсэн. Би хээр үрээнийхээ хөлсийг хусаад зогсож байхад бор үрээ ирж байх жишээтэй. Арын морьд ахиад нэлээд зайтай. 
-Замбараагүй хурдан байжээ?
-Тэгсэн. Сэргэлэн давхиж ирээд “Сүхээ минь энэ хурдан амьтны шагналыг өгөхгүй бол ёстой морины заяа гомдох байх. Чи завтай бол өнөөдөр холбоон дээр хүрээд ирээрэй” гэсэн. Үдээс хойш нь яваад очсон албан ёсны өргөмжлөлөө аяга, хадагны хамт гардуулсан. 
-Медаль, мөнгөн шагнал дагалдах ёстой биз дээ?
-Мөнгө төгрөг нь ч яахав. Медалийг нь олоод авчих юмсан гэж хааяа боддог л юм. 
-Улсын наадамд хэдээр давхилаа?
-Хүүхэд нь унаад айрагдаж чадаагүй. Ёстой энгүй хурдан байсан даа. Би одоо ч хээр азаргыг тэгж хурд орохыг хараагүй л байна. Тухайн үед эрлийз монголыг ялгадаггүй байлаа шүү дээ. Нэгдүгээр үеийн эрлийз адууг л хол хаяж байсан гээд бод доо. Зураасан дээр зургаагаар орж ирснээ зог тусч зогсоод есөд баригдсан. Батламжийг нь авах гээд очсон “хурдан хээрийг ухраалгүй бичээд өгчих” гээд есөд давхисан гэсэн батламж өгсөн. Түүнээс дүрмээрээ тав ухрах ёстой шүү дээ. 
-Давхар уяагаар “Хотгойдын хурд”-д түрүүлсэн. Сэтгүүлчийн асуултанд юу гэж хариулснаа санадаггүй гэж байсан. Догдлохоос ч аргагүй юм даа?
-Хээр азарга ирсэн жилээ тэжээл иддэггүй, эвгүй мордвол булгичихдаг байсан юм. Тэжээл идэхгүй болохоор туранхай талдаа нимгэн уягдсан. Сүрэнжав бид хоёр улсынхаа наадамд уралдуулаад л тавина гэсэн тооцоотой. Давхар уяагаар уралдуулна гэсэн огтын бодолгүй. Гэтэл улсын наадамд хүүхэдгүй уралдчихсан байдаг. Дээр нь бас ч хэд хоног амарчихсан учраас юмыг яаж мэдэхэв гээд Хөвсгөл рүү ачаад очлоо. Ядаж байхад тав хоног завсаргүй бороо орчихдог юм. Үрээгээ норгочихвий гээд давхар нэмнэж, нэмнээ нь норчихвол дээл хувцсаараа хүртэл хучаад хэдэн өдрийг барлаа. Тэгж байсан наадмаас гурав хоногийн урд 25-нд тэнгэр жаахан онгойж таван км давхил хийлээ. Сүрэнжав хоёул хоёр талаар нь дагаад гэдсэндээ хөндүүр авч уу, үгүй юу гээд хараад байгаа. Хөндүүртэй болсон бол заавал уяж хононо. Давхар уяаны туранхай адууг уяад хонохоор тамир нь бүр дийлэхгүй шүү дээ. Хэсэг эргэлзэж байгаад мордуулахаар шийдээд байтал соёолон мордохын урд өдөр Сүрэнжав “Сүхээ ахаа наадам ганц биш, болъё доо” гэдэг юм.
-Боломгүй л санагдаж дээ?
-Онон ахын хамаатан Жийгээ гээд манай нутгийн хашир уяачтай цуг буусан байсан юм. Тэгсэн Жийгээ хөгшин “энэ хурдан адуугаар, ингэж дэнчин тавьж уралдах ч гэж дээ. Гэдэстэй мордуулаад адуугаа алах нь уу?” гэсэн юм билээ. Нутгийн ахмад уяачийн үгийг сонсчихоод Сүрэнжав айчихсан. Би таг дуугүй дээшээ хараад л хэвтээд байгаа. 
-Яасан нь дээр вэ гээд дотор хүнээ чагнаад...
-Тийм. Тэгж байгаад Сүрэнжавт “за за хоолыг нь тааруулчих” гэсэн. Ийм шийдвэр гаргахад манай эхнэрийн нөлөө бас их байсан л даа. Моринд хачин их дуртай. Яг тэр үед ажлаар Хөвсгөлд оччихсон байж таараад, морь дагах эрх олоод ирж. Бидний яриаг сонсож байснаа “ганц адуу уралдуулах гэж авчирчихаад болохгүй бол татуулчихна биз. Уралдаан дагах эрх олоод ирж байхад” гэсэн. Дээр нь манай морины хүүхэд урвайгаад... За ямар ч байсан мордуулъя. Болохгүй бол татуулъя гэсэн шийдвэр гаргаад. Шөнө морио идүүлээд өглөө зургаан цагт ачих гэсэн Сүрэнжав машиныхаа түлхүүрийг хаячихаж. Хайгаад олдоггүй ээ. Дурандахаар морьд мордоод байдаг. Хөтлөөд явах гэхээр арай холдоод. Тэгж байгаад хажуу айлынхаа портерыг гуйж аваад хээр үрээгээ ачаад давхилаа. Очсон морь гарч байна. “Ажилтай явж байгаад хоцорчихлоо ганц үрээ гарчихъя” гэж гуйж байгаад эмээллэж чадсангүй зайдан мордуулаад явуулчихлаа. 
-Улсад унасан хүүхэд үү?
-Мөн. Улсын наадамд мордуулахдаа “тэгээрэй, ингээрэй” гээд хүн болгон түмэн захиас хэлсэн. Дараа нь бодоод байсан тэр дэмий санагдаад Хотгойдод уралдуулахдаа “за миний дүү, нэг их олон биш 200 гаруй л адуу байна. Манай тэндхийн сунгаанд энэ дайны адуу мордож л байдаг. Сунгаан гэж бодоод уралдчих. Эргэхдээ болгоомжтой эргээрэй. 200 адууны хойно гарсан ч яадаг юм. Сайхан сийрэгхэн зай харж байгаад л эргэчихээрэй. Үрээ чинь тамир муутай, хамаагүй балбаж, нүдэж болохгүй шүү. Зөнгөөр нь л явуулчихаарай. Ах нь харж явнаа” гэж хэлээд явуулсан. 
-Хүүхдэд өөрт нь даатгах нь зөв байх шүү?
-Тийм юм байна лээ. Тэр үед манай бага хүү хоёр настай. Морь гарах гэж байсан “ааваа бие засъя” гээд эхнэр нь сандраад. Би болохоор их тайван байсан. Цохионы ард очиж хүүгээ бие засуулчихаад араас нь хөдлөхөд морьд гараад таван км явчихсан. Очоод тоолсон хээр үрээ 33 дээр явж байна. Ахиад хоёр км явахад үзүүрийн үрээнүүд дээр оччихсон. Ихбаярын уяаны морин соёолонгууд ээлжилж нэлээд дайрсан. Цандэлэгийн хүрэн соёолон ч шахсан. Хүүхэддээ ташуур хүргэж болохгүй шүү гээд захиад яваа. Тэгсээр бүр хүмүүс рүү лав орсон хойно нь ганц дохисон манай хүүхэд ч хоёр талаар нь гуядсан, 20 метрийн зайтай түрүүлсэн дээ. Ийм бахдалтай түрүү хүртсэн хүн баярлахгүй гээд яахав. 
-Түрүү байтугай айраг ч төсөөлөөгүй байсан байх?
-Улсад мордуулахдаа түрүүлнэ гэсэн итгэлтэй байсан шүү. Хүүхэд нь унаагүй бол айргаас хасагдахгүй, аз байвал түрүүлнэ гэж бодож байсан. Гэтэл хоймор сайхан нутгаасаа анхныхаа түрүүг хүртсэн. Том наадмын хишиг тэр дундаа түрүү хүртэнэ гэдэг чинь тэс өөр юм билээ. 
-Дүнжингаравтай л харьцуулаад байнаа даа?
-Тиймээ. Үнэ хүндтэй анхны түрүү хүртсэн агшин миний амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүдийн нэг.
-Ирсэн жилээ тэжээл иддэггүй байсан. Хоёр дахь жилээсээ байдал өөрчлөгдсөн үү?
-Гайгүй иддэг болчихсон байлаа. Анх хээр азаргыг авсаны дараа эзэн нь “манай адуу туранхай талдаа давхидаг. Хээр азаргаа жаахан нимгэн тавиарай. Их тарган бол зооны бариатай шүү” гэж захиж байсан юм. Тэр ёсоор нимгэн мордуулаад Хотгойдын хурдад түрүүлгэсэн нь тэр.
МОНГОЛ ХЭЭРИЙН ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ ТҮРҮҮ "НҮҮРЭНТЭЙН ХУРД"-ЫНХ
-Хавчиг азарга “Дүнжингаравын хурд”-д айргийн гуравт хурдалж, давхар уяагаар “Нүүрэнтэйн хурд“-д түрүүлсэн. Хэдхэн хоногийн зайтай давхар уяагаар уралдахаар тэр жил тэжээл идээд бяртай байжээ дээ?
-11 сарын 10-даар тэжээх морьдоо оруулсан. Хээр азарга дажгүй сайхан хүчтэй байсан. Дүнжингаравт гуравлахад “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн улсад хязааландаа түрүүлсэн халтар азаргатай үзэж тарж, Батхүүгийн Соёмбо зээрд үзүүр дээр нь дайрч аман хүзүүдээд, халтар нь түрүүлсэн. 
-Ямар тооцоотой мордуулсан бэ?
-Хурдан байсан болохоор түрүүлнэ л гэж бодсон. Бат-Эрдэнийн халтар азаргыг соёолонд уралдана гэж тооцож байсан чинь азарганд мордсон. Тэгэхээр нь хүүхэддээ Бат-Эрдэнийн халтрыг дийлэхгүй байх. Холбоотой явж байгаад өгсүүр газар дайруулаарай гэж захисан. Тэр жил Дүнжингарав Төв аймагт болсон. Бор үзүүр чинь нэлээд хэдэн нугачаатай. Тэгш болон уруу газар хөлийн хурдтай адууг гүйцэхгүй байхаар шүү дээ. Дээр нь бас нэг давуу тал бий. Хээр азарга нэг урд нь орчихвол түрэгдээд яваад байдаг. Энэ бүгдийг тооцож үзээд “гурван өгсүүр дээр дайруулаарай.Тэгээд дийлэхгүй бол айрагдахаа бодоорой” гэж захисан. Манай хүүхэд яг л хэлснээр уралдсан. 
-“Нүүрэнтэйн хурд”-д хадгаа бэлтгээд ирсэн гэж байсан. Итгэл дүүрэн байжээ дээ?
-Долоо хоногийн зайтай болсон шүү дээ. Дүнжингаравын ард харсан ихээ гоё болчихож. Одоо ахиад Дүнжингарав болбол ч гоё байна даа гэж ярьж байгаад Багануур явахаар шийдсэн. Орой очсон Сүрэнжав “Сүхээ ахаа Соёмбо зээрд ирчихсэн байна” гэхээр нь “тэгвэл бүр л амттай болно биз дээ” гэж хариулсан.
-Түрүүлнээ л гэсэн үг биз?
-/инээв/ Маргааш нь азарга мордож байхад нэг адуу цасанд хий гишгээд хүүхэд нь уначихдаг юм. Морийг нь барьж аваад хүүхдийг нь мордуулсан чинь Дорнодын Батзориг “Сүхээ ахаа та өрсөлдөгчөө мордуулчихлаа” гэж байна. Тэр болтол анзаараагүй. Тэгсэн Батхүүгийн Соёмбо зээрдийн хүүхэд уначихсан байсан юм билээ. Тэгээд азарга эргэсэн Монгол хээр өнгөлж, араас нь Соёмбо зээрд гарч хоёул холбоотой явсаар хээр нь түрүүлсэн дээ. Монгол хээрийн хамгийн гайхамшигтай түрүү “Нүүрэнтэйн хурд”-ынх.
АНХ НАЙМАА ХИЙГДЭХЭД 500 МЯНГАН ДОЛЛАР БУЮУ ТУХАЙН ҮЕИЙН ХАНШААР 600 ХЭДЭН САЯ ТӨГРӨГ Л ЯРИГДСАН
-АХ-ын 90 жилийн ойн баяр наадам Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Уралдахаас хэдхэн цагийн өмнө шийдвэр гаргах амаргүй байсан байх.
-Товч, шулуухан хэлэхэд тэр шийдвэрийг гаргахад Дүү хээр л нөлөөлсөн. Даага байсан шүү дээ. 
-Аваагүй байсан биз дээ?
-Авчихсан байсан. Хотгойдын хурдад хээр азаргаа түрүүлгэчихээд хамгийн түрүүнд Пүрэвдорж гуайнд очсон. Тэгэхэд Дүү хээр эхийгээ дагаад худаг дээр явж байсан юм. Пүрэвдорж ах “хээр азарганы төрсөн дүү” гээд заасан. 2011 онд Дүү хээр сөнгө даага сургачихсан хэр нь уягдаагүй. Уяан дээр эрхлээд хэвтээд байхаар нь жаахан ажил хийгээд Төв аймгийн наадмын бага сунгаанд мордуултал 50 дааганд түрүүлчихсэн. Ажлыг нь жаахан чангалаад дараагийн сунгаанд мордуулахад 70 гаруй дааганд зайтай түрүүлсэн. 
-Ахын шийрийг хатааж, залгах хурд юм байна гэдэг тооцоо хийж?
-Тийм. Өмнөх жил нь “Хотгойдын хурд”-д уралдах гээд очиход уралдааны урд өдөр Цандэлэг Тод чинь наймаа хийе гэж байсан юм. 
-Монгол хээрийг...
-Хээр азаргыг. Тэрнээс өмнө нь ч хэд хэдэн хүн үнэ амлаж гуйж байсан. Би өгөөгүй. 2011 он чинь айхтар ханиадтай жил шүү дээ. 20-иод адуу уяснаа бүгдийг нь тавиад ганц хээр азаргатайгаа Богд уулын аманд очоод майхан бариад хэвтчихсэн байсан чинь Цандэлэг Тод манлай утасдаж байна. Өмнө нь хээрийг авъя гэхэд нь үгүй гэчихсэн учраас би ер юм санаагүй л дээ. “Хаана байна” гэхээр нь “морины ажил хийгээд явж байна” гэсэн чинь удалгүй Наранхүүг дагуулаад хоёр жийптэй давхиад ирсэн. Гурван цаг ярилцаад би яаж ч байсан шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд л явцгаасан.
-Хэдэнд билээ?
-Долоон сарын долоонд.
-Тод манлай санал болгосон байх нь ээ дээ?
-Цандэлэг, Наранхүү хоёр багшдаа /говийн хутагт Тагарваа агсан/мөргөхөөр очиход нь тэдний хүү Буяаг санал болгосон юм билээ. Тэгээд л “хийдэггүй наймаа гэж байдаггүй. Очиж уулзъя, чи таних уу” гээд Цандэлэгийг дагуулаад ирсэн. Гурван цаг хээр суугаад “за та нар ч ажлаа бод, би ч ажлаа бодъё” гэж хэлээд явуулснаас хойш Наранхүү, Цандэлэг хоёрын утсыг алийг нь ч аваагүй. Гурав хоног. 7 сарын 10-нд аймгийн наадамд уралдчихаад морьдоо ачиж байтал Цандэлэг “за наймаагаа болилоо. Сүхээ чи утсаа аваа. Адилхан эр улс байна Наранхүүгийн утсыг нэг аваад ярьчих” гэсэн. Дөнгөж яриад дууссан Наранхүү залгаад “хүний хайртай азаргыг гуйсандаа санаа зовчихлоо. Маргааш хамтдаа хээр азаргаа түрүүлгэе, амжилт хүсье” гэсэн юм. Ийм үг сонсоод би ч гэсэн уужраад “за тэгье миний адууг үнэлсэнд баярлалаа. Маргааш хээр азарга түрүүлэх юм бол надад төрсөн дүү нь бий. Төрсөн дүүг нь бэлгэнд аваарай. Илүү дутуу үнэ хэрэггүй шүү” гээд утсаа тасалсан. Ийм үг сонсоод сэтгэл бүр уужирчихсан. Сүрэнжав түрүүлээд хээр азаргаа ачаад явчихсан, би ганцаараа араас нь явлаа.
-Гурван хоногт хүнд байсан уу?
-Маш хүнд байсан юм. Байнга мессэж ирнэ. Сэтгэл уужирчихаад дуу аялчихсан ганцаараа давхиж явсан Наранхүү залгаад “миний хөгшин манайхаар нэг ороод гараарай. Шарга азарганыхаа хүүхдийн малгайнд хийдэг арвайнаас чамд өгье” гэж байна. Наймаа хийхгүй гэчихсэн учраас юу ч бодоогүй. Дээр нь шарга азарга чинь бидний шүтээн шүү дээ. Бэлгэшээгээд л давхиад буулаа. Орсон чинь яриа нь бас л биш болоод л явчихлаа. 
-За...
-“Сүхээ миний ярьсан үнэн шүү. Одоо ч өгсөн мөнгө бэлэн байна” гэхээр нь “чи бид хоёр ийм юм яриагүй. Би явлаа” гээд гарсан Наранхүү “найз нь зүгээр очоод азаргыг чинь үзчихэж болох уу” гэсэн. Тэгээ л гэнэ биз дээ. Гэртээ ирээд Сүрэнжавтай хоёул азаргаа хаана идүүлж хоолыг нь тааруулах уу гээд ярьж байтал Наранхүү ирээд “хоёулаа ерөөсөө нэг гар барьчихъя” гэсэн. Шөнийн нэг цагт яагаад ч юм бид хоёр гар барьчихсан. Тэрний дараа Наранхүү “за би чамайг эр хүн гэж боддог. Эр хүний гар хатуу шүү. Найз нь гэртээ хариад хүлээж байя. Очоод мөнгөө аваарай” гэж хэлээд давхиад явчихсан. Тэр агшинд яагаад гар барьсан, юу болж өнгөрснийг одоо ч ойлгодоггүй юм. Хэсэг хугацаанд дээшээ харж хэвтээд юу болоод өнгөрсөн талаар ойлгох гэж хичээсэн. Үүрийн дөрвөн цаг хүртэл гурван цаг яахаа мэдэхгүй хэсэг эргэлзсэн. Гэрийнхэн мэдчихээд охин “би хээр азаргаа л үзэх гэж ирсэн. Тэгвэл би наадам үзэхгүй гээд уйлаад байдаг. Арга буюу эхнэр охин хоёроо дагуулаад Наранхүүгийнд очлоо. Мэнд ус, яриа хөөрөөтэй их сайхан угтаж байнаа. Нөгөө хоёр мундаг бие хамгаалагчид чинь жөмбийгөөд суугаад байдаг. Наранхүү охинд маань шарга азарганы эр төлийг бэлэглэлээ. Нөгөө хоёр дуугарах янзгүй. Тэгж байгаад би “нэгэнт ав гэчихсэн юм чинь ав. Гэхдээ наад үнэ чинь ахадна. Чи намайг өгөхгүй гээд байсан болохоор үнээ өсгөөд байсан байх. Талыг нь л өгчих” гэсэн Наранхүү “нэгэнт зориулсан бүгдийг нь өгнөө” гээд өгсөн. 
-Яг хэд хүрсэн юм бэ. Янз бүрээр л ярих юм байна шүү дээ?
-Бэлэн 500.000 доллар.
-Дээр нь LEXUS-570 машин байсан уу?
-Үгүй ээ. Наймаа хийгдэхэд 500.000 доллар буюу тухайн үеийн ханшаар 600-н хэдэн сая төгрөг л яригдсан.
-Наранхүүгийн Монгол хээр азарга гэж зарлагдсан. Өглөө нэрийг нь солиулсан юмуу?
-Тэгсэн. 
-Таны нэр дээр уралдсан бол түрүүлэх байсан гэсэн бодол одоо ч салдаггүй?
-Маш олон хүн тэгж хэлдэг юм. Гэхдээ хээр азарга гайхамшигтай уралдсан. Хол ганцаараа зугтааж гараад... Зарим хүмүүс түрүүлчихлээ гэж бодсон байх. Наранхүү камер шүүж үзчихээд “аман хүзүү байнаа. Гэхдээ түрүүлснээс илүү гайхамшгийг үзүүллээ” гэж хэлсэн. Тэгээд гэрт ирсэн хойноо тэр үгээ дахин хэлээд 570-ынхаа түлхүүрийг хадагтай өгсөн. 
-Хөлсний хашаанд орж ирээд хээр азарганыхаа урд хөлнөөс адис авч байгаа тэр зураг одоо ч нүднээ харагддаг?
-Цагаан хөтөл даваад хээр азарга ганцаараа камерт орохгүй арилаад өгсөн. Тэгэхэд би нулимсаа барьж дийлээгүй, сүүлдээ бүр мэгштэл уйлсан. Тэгээд сайн уйлчихсан болохоор хөлсний хашаанд харьцангуй тайвширчихсан ирсэн л дээ. 
-Мордохынх нь өмнө, мордоод ирснийх нь дараа азаргандаа ямар нэг зүйл хэлсэн үү?
-“Сайн уралдаад түрүүлээд ирээрэй” л гэсэн. 
-Хээр азарганы уяачийг солихгүй гэдэг үг шийдвэр гаргахад нэлээд түлхэц болсон байх гэж боддог?
-Тэгэлгүй яахав. “Азарга чинь чам дээр байна, адилхан гүү хураалгана” гэсэн үг түлхэц болж хэдэн жилийн дараа дүү нь хурдална даа гэсэн бодол тайвшруулсан. Мөн урьдны улсын “хурдан адуу бол эрчүүдийн ханцуйн дотор явдаг зүйл. Олон хурдыг нэг саванд шингээхэд хэцүү” гэсэн үгс бас нөлөөлсөн л дөө.
-Хээр азарганы хишгийг олон хүнд хүртээсэн гэдэг юм билээ?
-Хээр азарга мордохын өмнө Сүрэнжавыг уйлж байхад Наранхүү “ах нь чамайг баярлуулнаа” гэсэн дээ хүрч стадионд цоллуулж зогсохдоо “би машин ярьчихлаа. Хоёулаа маргааш Сүрэнжавд Ланд-200 аваачаад өгчихье” гэсэн. Надад өгье гээгүй учраас би үгүй гэж хэлж чадаагүй. Харин “манай Сүрэнжав Ланд унаж барах болов уу” гэсэн “тэгвэл өнөөдөр мөнгийг нь бэлнээр өгчихье. Бэлтгэчихсэн байгаа. Чи амьдрал ахуйд нь зохицуулаад өгчихгүй юу” гээд өгсөн. Миний хувьд азарганыхаа хишгээс хүртээе гээд Базарбумаад 20.000 долларын үнэтэй Прадо-95 машин, 10.000 долларын хамт өгсөн. Мөн Пүрэвдорж гуайнд очиж бурхан дээр нь 10 сая төгрөг тавьсан. Хоёр мориныхоо хүүхдэд Төв аймагт хашаа байшин авч өгсөн. Хээр азаргыг унаж байсан хүүхдэд Наранхүү мөнгийг нь өгөөд Улиастайд хашаа авч байшин барьж өгсөн. Байшин сав барих ажлыг би хариуцсан. Түүнчлэн миний гол ажлыг нугалдаг дүүдээ азарганыхаа хишгээс байр авч өгсөн. Энэ мэтчилэн ер нь 50 хувийг нь хүмүүст хишиг болгон тараасан.
УНАГАН ЭЗНИЙГ НЬ ХАНАТАЛ БАЯРЛЦЦЛЪЯ ГЭЖ БОДСОН ЮМ
-Дүү хээрийг нэлээдгүй үнэд хүрсэн гэдэг. Нууц биш бол хэдээр авсан юм бэ?
-40 сая төгрөг. Хээр азарганы хурд танигдчихсан байсан болохоор унаган эзнийх нь сэтгэлийг ханатал баярлуулъя гэж бодож байсан юм.
-Унага 40 сая...
-Анхандаа тэгж өндөр үнэ яриагүй л дээ. 2010 оны намар Базарбумаа авчирч өгөхдөө үнэ хөлс яриагүй “ярьж болно биз дээ” л гэсэн. Тэгж байтал “ахаа би 15 хүний суудалтай нэг микро авчихъя” гэхээр нь “за тэг тэг чи зах дээр очоод шилж байгаад ав” гэж хэлээд ирэхэд хөдөөний хүн гарыг нь мялааж ганц хоёр сая төгрөг хэрэгтэй гээд өгсөн. Дараа нь нэг ирээд “би Маяти гээд ачааны машин авъя” гэхээр нь “тэг тэг машин ачуулчихсан Замын-Үдэд ирж байгаа. Тэрийг ав” гэсэн. Дараа жилийнх нь хавар дөрвөн сард хөдөө адуун дээрээ давхиж явсан Бумаа ярьж байна “ахаа танай хашаанд янзын гоё ачааны машин байнаа” гээд. Тэрийг нь би өөрөө ч үзээгүй. “За маргааш хот орохоороо үзээдэхье” гэж хэлээд ирээд лавласан манай Японд байдаг найз 35 саяар зараад өгөөрэй гээд тавиулсан “Isuzu Tini” гээд 4,5 тонны даацтай ачааны машин байна. Удалгүй манайд ирээд “би энийг л авмаар байна. Та хээр унагаа ав. Дээр нь би адуу нэмэрлэе. Гурав, дөрөв, таван адуу байсан ч хамаагүй. Харж байгаад дуртайгаа аваарай” гээд шийдчихсэн шинжтэй байнаа.Пүрэвдорж ах ч хамт ирчихсэн. Тэгээд Япон руу найз руугаа яриад “энэ машинаа өгчих, би 35 сая төгрөгийг чинь хоёр хуваагаад өгье. Өнөөдөр талыг нь, наадмаас өмнө үлдсэнийг нь өгье” гэвэл “чи нөгөө мориноосоо солих гэж байгаа юм биш биз” гэж байна. “Үгүй ээ, надад өөрт хэрэгтэй байна” гэсэн “за тэг” гэлээ. Тэгэнгүүт тэр дор нь Бумаагийн нэр дээр шилжүүлээд Сүхбаатарын ноймор авч өгөөд “за чи машинаа ав, би унагаа авъя. Бид хоёрын хооронд одоо өөр аваа, өгөө байхгүй” гэж хэлээд явуулсан. 
-Монгол хээрд адилхан тооны гүү хураалгахаар тохирсон гэсэн. Хэдэн гүү хураалгаж байгаа вэ?
-Таван гүү л хураалгадаг юм. Монгол хээрийн анхны төл хоёр хавчиг азарга байна. 
-Өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд” уралдааныг ярихгүй өнгөрч болохгүй. Моринд дуртай Монголын ард түмэн тэр чигтээ омогшиж огшиж үзсэн гайхалтай уралдаан шүү дээ.
-Моринд хайртай, морио дээдэлдэг хүн бүрийн хувьд хамгийн сэтгэл огшоосон уралдаан болсон. Азаргануудаа айрагдана гэдэгт итгэлтэй байсан ч хоёулаа тэгж хол тасарч түрүүлж, аман хүзүүднэ гэж бодоогүй. Уралдааны өмнө Сүрэнжав бид хоёр “энэнээс илүү эвлэнэ гэж юу байхав” гээд ярьж байтал Наранхүү залгаад ”яахаар байна” гэж асуусан. Тийм, ийм гэх юмгүй хэмжээндээ л уралдах байх даа гэсэн. Өөрөөр хэлбэл хоёр азарганыхаа хэмжээнд хүртэл уясан. Хэрхэхийг тэр өдрийн тэнгэр мэднэ гэсэн утгатай үг хэлээд хоёр азаргаа дэндүү сайхан хооллосон. 
-Хөлсний хашаанд таарахад харьцангуй тайван харагдаж байсан шүү?
-Ард талын адууг харсан чинь хажууд явсан Асашёорюү, Буяннэмэх хоёр “харалтгүй ээ, 600 метр” гэж байна. За за, ханиндаа юм чинь давхиж байгаад орчихно биз дээ гэсэн хэр нь дотроо хээр азаргаа түрүүлчихээсэй гэж бодсон. 
-Хоёулаа л хээр шүү дээ?
-Монгол хээрийгээ. Хоёр хүүхдийнхээ аль багаар хээр азаргаа унуулсан. 10 кг-ийн зөрүү гэдэг бас чанга шүү дээ. Наранхүү “Сүхээ түрүүлэх азарган дээрээ хөнгөн хүүхдээ мордуулаарай” гэсэн. Өглөө нь Монгол хээрийгээ эмээллэж жаахан хүүхдээ мордуулаад, Дүү хээрээ зайдан том хүүхдээр унуулсан. Ах хээрийн хувьд энэ жил 12-той. Тэр утгаар нь уралдаанч хүүхэддээ “цуг орж ирвэл дүү нь ахыгаа хүндлээрэй” гэж хэлээд явуулсан. Одоогоор миний мэдэхийн Монголын хурдан морины түүхэнд Дүнжингаравын гурван түрүү, гурван айрагтай азарга Монгол хээрээс өөр алга. Дүнжингарав чинь хаврын хамгийн том уралдаан. Чансаа ч өндөр. Тэр утгаараа ах хээрийг нь түрүүлчихээсэй гэж бодож байсан. Дүү хээрийн хувьд нас залуу.
ТЭР ХҮНИЙ МОНГОЛ АДУУГАА ЧИН СЭТГЭЛ ХУРДАН МОРИНЫ ҮНЭД ХУВЬСАЛ ХИЙЖ ЧАДСАН
-Дүү хээр шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн гуравт хурдалж, ахын шийрийг хатаах хурдан хүлэг болохоо дахин нотоллоо. Морины олимпоос айраг хүртэх завшаан барагтай аавын хүүд олдохгүй шүү.
-Гурван жилд нэг удаа Монголын морины олимпод тодорхой амжилт гаргасан хүлгүүд урилгаар оролцдог. Хэн хүссэн нь бус болзол хангасан нь уралддаг учраас хамгийн чансаа өндөр уралдаанд тооцогддог. Ах хээрийн хувьд ханиадтай байсан учраас мордуулаагүй. Дүү хээр өнгөрсөн жил ханиад хүрээд дархлаа тогтчихсон уу энэ жил ханиагаагүй. Улсын наадмаар уяаны алдаа гараад сайн давхиж чадаагүй. Харин наадмын ар дээр их гоё болчихоор нь “Их хурд”-аас хоёр хоногийн өмнө “тавд багтчих юм байна” гээд уралдуулахаар шийдсэн. Айрагдана гэдгийг нь мэдэж байсан болохоор сурвалжлагчийн асуултанд “орно л гэж бодож байсан” гэж хариулснаа сүүлд зурагтаар үзээд санаа зовох шиг болсон.
-“Нүүрэнтэй хурд”-д түрүүлэхэд нь хадгаа бэлтгээд ирсэн гэж байсан биз дээ. Итгэл дүүрэн байна гэдэг давуу тал биз дээ?
-Ноднин Дүнжингаравын урьд орой эхнэртээ “цүнхэнд хоёр хадаг хийчихээрэй” гэж хэлсэн. 
-Ингэхэд Дүү хээрийн төлүүдээс итгэл хүлээлгэж байгаа үрээ бий юу?
-Түрүүч нь шүдлэн болж байна.Уягданаа. Харин Монгол хээрийн хувьд эхний төлүүд нь хавчиг болж байна. 
-Азаргаар амжилттай нааддаг. Төрийн наадамд азарга аман хүзүүдүүлж байсан өвөөтэйгээ холбон бэлгэшээж байв уу?
-Буурлуудын буян заяа түшдэг байх л даа. Ер нь Монгол хээр ганц Наранхүүгийн биш, ганц Сүхбаатарын биш, ганц Пүрэвдоржийн биш бүх монголчуудын азарга. Дээр нь 2011 оны тэр үйл явдал бол Наранхүү бид хоёрын хоорондох хувь хүний наймаа гэхээсээ илүүтэй Монгол адууны үнийг өсгөсөн том алхам. Тэр хүний монгол адуугаа гэсэн чин сэтгэл зүрх хурдан морины үнэд хувьсал хийж чадсан. Түүнийг нь дагаад монгол адууны үнэ өсч, уяачид малчдад эдийн засгийн том түлхэц болсон байх. 
-Гэхдээ шинэ цагийн буюу цустай адуутай болохгүй бол уралдах аргагүй болчихлоо шүү дээ?
-Бий, бий. Акбарас гээд Англи азаргатай. Анхны төл нь өнгөрсөн жил улсын наадмын эрлийз дунд насны ангилалд аман хүзүүдсэн Анарын хонгор. Мөн Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлсэн Цэрэнбатын хүрэн халзан үрээ миний азарганы унага. Энэ мэтчилэн хурдлах л юм шиг байна.
-2017 оны уралдаанууд эхэлж байна. Алдарт энэ өвөл хэдэн адуу тэжээв?
-Зуныхаа уяаг бодоод зургаан насны 40 гаруй адуу тэжээгдэж байна. Ах дүү хоёр хээрээс гадна төрсөн зээрд азарга нь мөн уягдаж байна. Эх нэгтэй энэ азаргыг би дааганд нь авчирсан. 
-Ах дүү гурван азарга нэг уяан дээр уягдах нь ээ?
-Тиймээ, түүнээс гадна Монгол хээрийн төл хоёр хавчиг азарга бий.
-Ах дүү, аав хүү нар уралдах нь ээ дээ?
-Төрлүүдийн уралдаан болноо./инээв/ Гэхдээ сунгааны байр байдлаас болно биз дээ. 
-Сар шинийн босгон дээр бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Тахиа жил таны хувьд амжилт алдрын жил байх болтугай.
-Ерөөл бат оршиг. Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна