Аймгийн Алдарт уяач Х.Гансүх: Миний цанхир морь найман удаа түрүүлсэн

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 17 -нд

Говь-Алтай аймгийн хийморилог уяачдын төлөөллийг танилцуулж байна. Алтай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Гансүхтэй ярилцсанаа хүргэе.

-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Манай аав морь уядаг ч “намайг морь уяна” гэхээр дэмждэггүй.Тэгээд 1980 хэдэн онд ээж, ааваасаа нууж хулгайгаар шахуу нэг даага уяж сумандаа түрүүлгэн морь уях эрхтэй болж байлаа шүү дээ. Яривал хөгжилтэй л дөө.
-Ярь л даа...
-Аав өөрийнхөө уядаг хээр морийг сумын Заан Отгонбаатарын аавд өгч явуулаад уяулахаар болж.
Эндээс 11 км Хатад гээд газар л даа. Тийшээ ногоо сайн гарсан байна гээд хээр морио өгч явуулах болсон тухай сонсчихоод адуугаа замд нь ойр хураачихаад байгаа. Тэгээд яг явахдаа хүрэн даагаа хамт бариад авалгүй яахав. Морь авахаар ирсэн хүн “аав чинь ганц хээр морь л” гэсэн дээ гэхээр нь “та аавд дуугүй л байгаарай” гээд гуйчихлаа. Зун даагаа уяна гээд хавар яагаа ч үгүй эрт сургаад бүдүүн морь шиг ухасхийтэл харайлгадаг болгочихсон. Хээр морийг уяж өгөхөөр болсон Доржсүрэн ахдаа бас  “энэ даагыг өөрөө аваад ирсэн юмаа” гээд үнэнээ хэллээ. Ингээд үсэргэсэн миний даага айраг дотор давхиад байнаа. Би бөөн баяр.Хүмүүс миний даагыг тоож байгаа янз алга. Наадам боллоо. Их морь түрүүлж уралддаг. Хээр морио унаж ирчихээд, хүрэн даагаа унаад гарлаа. Сэтгэл хөөрөөд янзын байнаа. Даага ч ялгаагүй газар цавчлаад л.”Өнөөдөр хүрэнтэйгээ түрүүлж чадахгүй юмаа гэхэд айрагт орчихно. Тэгвэл аав, ээж хоёр ч баярлана даа” гэж бодоод байж байтал даага эргэлээ. Гурван хүрэн даага сугараад гарчихсан. Нэг нь манай хүргэн ах, сумын Алдарт уяач Пүрэвийнх, нөгөө нь сумын Алдарт уяач Батбаатарынх. Холбоотой явсаар яг бариан дээрээ миний хүрэн ухасхийгээд түрүүлчихлээ.Бөөн баяр...
-Хэдэн настай байсан юм бэ. Даага унаж байсан гэхээр нэг их томгүй байжээ дээ?
-Гуравдугаар ангид сурдаг байсан. Хээр морио унаж наймаар давхиулаад, хүрэн даага түрүүлгэчихсэн.
-Аав ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Нөгөө хүрэн даагыг миний морь биш байна. Би хээр морь л өгч явуулсан гэдэг юм.
-Танихгүй байгаа юмуу?
-Танилгүй яахав. Манай хүүгийн даага. Би дургүйлхсэн чинь замаасаа барьж аваад явчихсан байна лээ. Морь солих гээд очсон алга байсан. Тэгсэн хүүхэд чинь авчраад түрүүлгэчихэж” гэсэн. Доржсүрэн ах хажуунаас нь “чи одоо энэ хүүг битгий морь мал уялаа гэж зэмлэ. Наадах чинь морь уячих хүүхэд байна лээ” гэхэд миний баярласныг яана. Сэтгэл хөөрөөд л... Тэрнээс хойш хоёр гурван жил хурдан морь унаад хасагдсан даа. Би чинь биерхүү хүүхэд байсан юм.
-Түрүү дааганы байнд юу өгдөг байсан юм бэ?
-Мөнгө өгч байсан санагдана.Хэдэн төгрөг өгснийг нь санахгүй байнаа. Аав бай шагналыг нь  авчихаад надад 25 төгрөг өгч байсан юмдаг.
-Их мөнгө шүү
-Их их. Гэхдээ тэр үед надад хүрэн дааганаас минь сайхан зүйл байгаагүй. 
-Хүрэн үрээ дараа жил нь яаж давхисан бэ?
-Шүдлэн үрээ таваар давхисан. Хязааланд нь засчихаад уяж чадаагүй. Дараа жил нь соёолон морь наймаар ирэхэд нь улсууд “аргагүй ээ, ноднин засчихаад уялгүй өнжөөсөн” гэж байсан. Харамсалтай нь тэр жил хангайн амьтан идчихсэн. 
-Уяачийн гараагаа хэдий үеэс эхэлсэн бэ?
-Миний нэртэй гүүнээс эр шарга унага гарч, 1990-ээд оны үед сумын ойд аман хүзүүдэж байлаа. Тэр жил  Төгрөгийн шар халтар даага түрүүлсэн. Энэ цагаас нагац ах Пёдр, авга ах Галидав нарыг даган морь уяж эхэлсэн дээ. Пёдр ах “Хоёр жил дагуулъя. Тэрнээс хойш өөрөө биеэ даагаад морио уя” гэсэн. Бие дааж морь уяад түрүүлгэж чадаагүй ээ, харин айргаас бол мултарч байгаагүй ээ. Ажийн нуруунд морио уяж байгаад наадам маргааш нөгөөдөр болно гэхэд л орж ирдэг.
-Магнайг тань тэнийлгэсэн буянт хүлгүүдээ танилцуулаач?
-Миний хань Цагаанхүү гэж хүний гурав дахь охин. Манай хадам хөгшний отгон дүү нь Цээлийн хүнтэй сууж аав нэг хул азарга авахаар ярьсан юм билээ. Тэгээд очиж авч чадахгүй байсаар 1994 он хүрч, би “хүү нь морины сонирхолтой юм чинь тэр хул азаргыг чинь авчихъя” гэж хэлээд аавтай хамт явсан. Нөгөөхөө авчраад азарга тавьсан нэг жил хул, хар зүстэй хоёр эр унага гарч, дааганд нь уяад хулыг нь гурваар, харыг нь зургаагаар давхиулж байлаа.
-1995 онд гэсэн үг үү?
-Тийм болж таарах нь. Энэ хоёрын дараа цанхираараа бас сайхан наадсан юм байна.
-Цанхираа ...
-Манай энд шар халтар зүсмийн адууг ингэж нэрлэдэг юм. Пёдр ахын дүү Батбаатараас авч байсан юм. Цанхир морь маань шүдлэн, хязааландаа сумандаа түрүүлээд, нас нийлсэн хойноо дахин хоёр түрүүлсэн. Хязаалан намраа 9-р сарын 17-нд болсон сургуулийн баяраар бас түрүүлсэн юм байна. Миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ цанхир. Том бага нийлсэн наадамд найман удаа түрүүлсэн. Манай сумынхан андахгүй дээ. Их морь болсон  хойноо 2002 онд сумын наадамд түрүүлээд, 2007 онд аман хүзүүдээд, 2008 онд  айргийн гурваар давхиж, 2009 онд дөрөвлөсөн юм байна. 
-Аймгийн Алдарт уяач цолонд хүрэхэд цанхир морины чинь амжилт ихээхэн нөлөөлжээ дээ?
-Тиймээ, 11 түрүү, 24 айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. 2010 онд манай энд айхтар зуд болж, адуу мал ч цөөрөн, унах хүүхэдгүй болоод дахин морь уяагүй ээ. 
-Зэвсэгт хүчний 304 дүгээр ангийн хөдөлмөрийн аваргаар шалгарч байж. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Хүүхдүүд сургууль соёлд орох болоод төв бараадсан юм. Тэгээд зүгээр сууж байхаар гээд 304 дүгээр ангийн даргатай уулзсан “чи гал түлж чадах уу” гэж асуугаад галчаар ажилд авсан. Зургаа, долоон жил ажиллаад хөдөлмөрийн аварга болсон доо. Хүнд хэцүү цагт минь тусалсан сайхан хамт олон байгаа юм.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Хамгийн сайхан бахтай наадмын дурсамжаар өндөрлөе.
-Хамгийн ихээр баярлуулж огшоосон наадам бол хүрэн даагаа түрүүлгэсэн тээр жилийн наадам юм даа.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна