Монгол улсын Алдарт уяач Б.Цэдэв: Улс, бүс, Их хурдын түрүү тодроод байгаа Сүхбаатарт унаган адуугаараа уралдаж айрагдууллаа

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 17 -нд

Баянхонгор аймгийн хийморилог уяачдын төлөөллийг танилцуулж байна. Энэ удаад Монгол Улсын Алдарт уяач Б.Цэдэвийн ярилцлагыг хүргэе.

-Алдартын бага нас аав, ээжийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Миний аав Баасан гэдэг хүн морь сайхан уургалдаг, сайхан унаж эдэлдэг, эдлэл хэрэгсэл сайтай ер нь морины соёлыг тээгч хүн байсан. Гэхдээ намайг мэдээ ороход аав маань тэгж морины сайнаар гангарахаа байсан, нэгдлийн олон мал малладаг болчихсон байсан. Миний хувьд мэдээ орсон  цагаасаа эхлэн нэгдлийн адуу сургаж, морь уургалж, булгиулж, сайхан тогтож байгаа, нутгийн харчуудыг харж бахархан тэдэн шиг болохыг мөрөөддөг байлаа. 
-Мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
-Өөрийгөө моринд дажгүй л хүүхэд байсан гэж боддог. Дээр үед нэгдлийн арван адуу сургавал тэр насных нь нэг адуугаар шагнадаг байлаа. Би гуравдугаар ангиасаа эхлээд дөрвөн насны 40 адуу сургаж долдугаар анги  төгсөхдөө өөрийн гэсэн дөрвөн адуутай болсон байсан. Хамгийн сүүлд соёолонгууд сургаад соёолонтой болж байлаа. Аав ээж маань нэгдлийн тэмээ малладаг ч би моринд их дуртай, адуутай л ноцолдож явдаг хүүхэд байсан. 
-Аав тань морь уядаг байгаагүй юм уу?
-Уянаа. Намайг дөрөвдугээр ангид байхад сумын наадамд соёолон айргийн дөрвөөр давхиулж байсан.Чөлөө зав нь болдог бол морийг гайгүй уях байсан байх. Даанч ажил ихтэй, дээр нь зарим зун манай нутагт ган болно. 
-Би таны дээдчүүлийг мундаг уяачид байсан байх гэж боддог байлаа.
-Манай аавын жинхэнэ эцэг нь До гэж хүн байсан. Тэр хүн морь мал нэг их сонирхдоггүй байсан юм билээ. 1934 оны хүн амын тооллогоор 40 хэдтэй байсан гэхээр 1890-ээд оны хүн болж байгаа биз.
-Тийм байна?
-Морь мал сонирхдоггүй ч сүрхий илээч бариач хүн байсан гэдэг. Өргөмөл аав нь Дамбаравжаа гэж хүн байсан. Тэр хүн бас л адуу мал сонирхдоггүй байж. Манай аав бол сайхан барилдчихдаг, моринд иртэй эрэмгий хүн байсан. Тэр нь хожмоо намайг морьтой холбогдоход нөлөөлсөн байх. Өөр нэг хүчин зүйл бол дээр үед морь дэллэх, хөөвөрлөх, тамгалахдаа сумын төвийн албан хаагч, авгай хүүхнүүдийг дайчилдаг байлаа. Хайч бариад л өртөөний адууг нийтийн хүчээр дэллэж, хөөвөрлөнө шүү дээ. Тэгэхэд би хэзээний оччихсон нусан дээр нь бууц шавчихсан халтар юм тоосон дотор зогсч байдаг. 
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Ууган хүү. Өөрийн ээжээс хоёул. Миний ижий 27-хон настай цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, аав минь дахин ханьтай болж, зургаан дүүтэй болсон. Биднээс надаас өөр морь мал сонирхдог хүнгүй. Би одоо харин сургах гээд  л оролдож байна.
-Арваад жилийн өмнө анх уулзаж ярилцаж байсан тэр л Цэдэв яг л янзаараа өмнө минь сууж байна. Та ер нь биеэ их сайхан зөв авч явах юмаа?
-Миний ээж, аавын талынхан цөм барилддаг сайхан бие хаатай улс. Тэгж үзэхээр уяач гэхээсээ илүү бөхийн удам над бий. Тэгж бодоод залуудаа ядаж улсын начин болчих  санаатай л явлаа. Даан ч сургууль, соёл гэсээр ид үеэ өнгөрөөчихсөн юм. Цэрэгт очоод “Алдар” спорт хороонд хувиарлагдаж бөх больё гэж бодохоор аймгийн намын хорооныхон цэрэг татлагын машинаас буулгачихдаг. Ерөөсөө цэрэгт явуулдаггүй. Тэгэхээр нь “эд намайг хөгшрүүлж байж л цэрэгт явуулах нь гэж бодоод 23  хүрэнгүүтээ сургуульд явчихсан. 29 -тэй төгсөж байгаа хүнд ямар юмны цэрэг, спорт байх вэ дээ тэгээд л орхисон доо. Магадгүй хожмоо эрийн гурван наадмын нэгээр нь ч болохноо оролдож цолтой болъё гэж бодоод морь уясан байх.
-Цэрэгт явуулаагүй ч сумын наадамд зодоглуулдаг байсан байлгүй дээ?
-Барилдалгүй яахав. Гэхдээ цол молонд хүрээгүй ээ, хөгшчүүлийн хайртай бөх л байсан./инээв/
Би чинь бас чөлөөтөөр барилддаг байсан. Зүүн дөрвөн аймгаас уралдаад түрүүлдэг, барилдаад түрүүлдэг байлаа. Хөнгөн атлетикаар нэгдүгээр зэрэгтэй. Ер нь тэгээд бидний үеийнхэн чинь архи, дарс, караоке, бүжиг бус спорт л хөөдөг байлаа шүү дээ. Тэрний хүчээр өөрийн чинь хэлсэнчлэн өдий зэрэгтэй яваа байх.
-Спорт хүнийг зөвхөн бие физиологийн тухайд бус оюун санааны түвшинд ч гэсэн ихээхэн задалж, хөгжүүлдэг байх?
-Тэгэлгүй яахав. Хөнгөн атлетикээр хичээллэхэд хүний бие их задардаг. 1973 онд би хойшоо сургуульд явсан. Тэр үедээ хэнийг ч өргөөд даахаар болсон байсан шүү. Хүмүүс жаахан харагдаад байдаг болчихдог юм билээ. Хөнгөн атлетикаар би бүсэд түрүүлж, буухиа гүйлтээр мөнгөн медаль авсан. 
-Сониуч асуулт байж мэднэ. Таны энэ сор их донжлог шүү?
-Оюутан байхад л гараад ирсэн эд. /инээв/ Манай ээжийн талынхан эрт цайдаг улс. Цагаан толгойтой хүмүүс байдаг байсан. 
-Ингэхэд та чинь ямар сургууль төгссөн юм бэ?
-Би чинь долдугаар анги л төгссөн хүн. Сүүлд оройгоор 10 дугаар төгссөн. Тэр хоорондоо слесарь хийдэг байлаа. Оройгоор 10 анги арайхийн төгсчихөөд ичих ч үгүй бас конкурст ороод тэнцчихсэн. /инээв/ Гурван шалгалт өгч хоёр дээр нь гурав, нэгэн дээр нь сайн аваад гурвууланг нь гурав өгсөн хүний урд  орж байлаа. Яг үнэндээ эхний үед хичээлээ гүйцэхгүй баларсан шүү. Оройгоор арав төгссөн ажиллаж байгаад очсон хүн чинь дөнгөж төгссөн хүүхдүүдийн дэргэд үхэр шиг л байдаг юм билээ. Тэгэхдээ нэгдүгээр курс төгсөхөд нөхдүүд надаас асуудаг болсон. Материалын эсэргүүцлийн бодлогыг надаас өөр бодож чадах хүнгүй. Төмс шаруулаад хөлсөнд нь бодлогыг нь бодож өгдөг байлаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг мундаг үг шүү. Би Киевт тав, Иркутьскт нэг жил нийт зургаан жил сураад арьс ширний үйлдвэрт томилогдож зах зээлд шилжтэл инженер, орлогч дарга гээд бүхий л албан тушаалд нь ажиллаж байлаа. 1990-ээд оны эхээр үйлдвэрлэл цаашид явахгүй ойлгомжтой болж эхэлмэгц “үйлдвэр унагасан” нэрд унахгүйн тулд би ажлаа өгсөн.
-Та тэгээд ажлаа өгөөд юу хийсэн юм бэ?
-Орос Монголын хамтарсан барилгын компанийн Монголын талын захирлаар гурван жил ажиллаад аваарт орж эрүүл мэндийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон. Бараг анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани байх шүү. Түүний дараа “Хийморь” гээд ганц гишүүнтэй компани байгуулж хэсэг үзлээ. Түүнийгээ татан буулгаад нэг найзтайгаа хоёул Байгаль орчны яамтай хамтран “Жийн трейд” компанийг байгуулж хэсэг явсан. Уг нь боломжийн байсан ч төрийн яам аж ахуй эрхэлж болохгүй гээд болиулчихсан. Түүний дараа МТТ-инженеринг компани  байгуулан хэсэгтээ ажилласан. 
-Хурдан морь сонирхон адуу цуглуулж эхэлсэн нь хэзээнээс юм бэ?
-1995 оноос юмуу даа. Тэр үед үндэсний үйлдвэрлэл гэдэг зүйл  зогсчихсон бид хувийн бизнес эрхэлж байгаа болохоор харьцангуй завтай байлаа. Хүн чинь жаахан завтай болохоороо  сонирхол хоббигоо дагадаг юм билээ. Жинст хонгорын эзэн МУ-ын Алдарт уяач Буяндэлгэр бид хоёр хобби болон мэргэжлээрээ дамжуулаад их ойр л доо. 2000 онд улсын наадамд аман хүзүүддэг миний алаг морийг  уяачдын холбооны ерөнхийлөгч байхдаа надтай хамт явж авч өгч байсан юм. 
-Галшарын адуу гэдэг билүү?
-Тийм. Буяндэлгэрийн найз нь Галшир сумын засаг дарга, Гавьяат эдийн засагч Дирилагаар яриулж байж авсан адуу. 
-Анхны адуунуудын нэг үү?
-Үгүй ээ, 1995 онд эхлээд Дорнодоос адуу авсан. Яагаад гэхээр Хэнтийн Галшарын мундаг уяач, сайн адуутай Насан-Очир гэж хүн Дорнодод очиж эмчлүүлээд өөрийг нь эмчилсэн хүндээ адуугаа тэр чигээр нь өгсөн юм билээ. Нөгөө эмч нь адууг нь махлаад эхлэхээр нь Баваа Гонгор гэж хүн солиод авчихаж. Тэр адуунууд нь Дорнодоор их сайн хурдалж. Би тэдний адуунаас азарга, гүү хоёр авсан. Дорнодод сайн давхидаг өөр нэг угшил нь Марушийн ухаа азарганы төлүүд. Маруш гэдэг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны гаралтай сайн эр байж л дээ. Тэдний адууны гаралтай мөн азарга, гүү хоёр авсан. Тэгээд л тэднийгээ зөрүүлж тавиад адууныхаа суурийг тавьсан даа. Түүнээс гадна би Дорнодод сайн давхиж байсан хөлтэй хөлгүй найман азарга би авсан. 
-Ямар, ямар...?
-Марушийн ухаа, Гонгорын саарал, Дүүдийн хар, МУ-ын Алдарт уяач Хүрлээгийн хар, Доржийн сааралын төл саарал гэх мэтчилэн. Заримыг нь мартчихаж. Дан ганц азарга гэлтгүй сайн гүү ч бас цуглуулсан. Донойн Цэгмидийн хүү Минжүүрээс Бөгөн хулынх нь удмын хүрэн халзан азарга авч байлаа. Мөн Галшарын  Наваанжанцан гэж өвгөнөөс цагаан азарга авсан. Өвгөн цагаан  азаргаа Өвгөн Ноёны донж ногоон азарганы долоо дахь үеийн адуу гэсэн. Миний бодлоор Хэнтийд Цэдэгийн бор гэж хурдан азарга байсан. Тэр бор азарганы  төлийн төл байсан байх. Сүүлд Сүхбаатараас ч нэлээд адуу авсан. 
-Дорнодоос азарга адуу тууж ирсэн гэдэг юм билээ?
-1998 онд 300 гаруй хонь, 80-аад үхэр, 30 гаруй адуутай наашаа нүүж ирээд Говьсүмбэр аймгийн нутаг Малхын талд нутаглаж байлаа. Тэнд хэдэн жил болоход миний адуу сайхан өссөн. 
-Алаг морио хэдийд авсан юм бэ?
-Байгаль орчны яамтай хамтарсан компанитай байсан гэсэн шүү дээ. Тэгэхэд над дээр улсууд их ирнээ. Ганц нэг зуу татаад морь ярьцгаана. 1998, 1999 оны үед л байх. Яагаад гэхээр 1999 онд Баянхонгорт  бүсийн том наадамтай байсан. 
-Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны  мэлмий гийсний 360 жилийн ойд зориулсан...?
-Яг тийм. 1000 морь уралддаг. Тэр наадамд дээд гурван насны морь түрүүлгэнэ гээд Даваахүү, Батчулуун нарын олон улсыг “сайн морь олж өгөөрэй” гээд хоргоодог байсан юм. Даваахүүг  бүр онгоцоор ийш тийш нь явуулж шинжүүлж байлаа. Тэгж байсан Манлай уяач Г.Батчулуун ”Өвгөн ноёны наадамд хараахан айрагдаж чадаагүй алаг үрээ  байна. Тэр сайн адуу шүү” гэсэн. Өвгөн ноёны наадамд гарсан цагаасаа өнгөлсөөр байгаад долоолсон юм билээ. Яагаад тэгсэн гэхээр уяж байсан эзэн нь алдаад уралдах өдрийн нь бага үдэд олоход цүдийтэл идээд ус уучихсан нууран дотор зогсож байсан гэсэн. Тэр чигт нь мордуулахад хөтөлсөөр байгаад сууж долоолсон. Үнэхээр хурдан адуу юм” гэж Батчулуун надад хэлэхгүй юу. Тэгээд сураглаад байсан хүн авчихаагүй юм шиг байхаар нь би Буяндэлгэртэй хамт явлаа. Буяндэлгэр сумын засаг дарга найзыгаа дуудаад, ММСУХ-ны Тэргүүн, Засаг дарга нь дээр нь би гээд сүртэй гурван улс очихгүй юу. Тэгсэн Мөнхтөр урьд өдөр нь жаахан уусан бололтой  даалуу тоглоод сууж байна. Жаахан сууж байгаад “алаг морь чинь байна уу” гэсэн “байна” гэнэ. “Зарах уу”  гэсэн “зарна” гэнэ. За тэгээд өгдөг авдаг дээрээ тулсан нэлээд өндөр үнэ хэлж байнаа. Тэгсэн Буяндэлгэр над руу “явъя” гээд дохиж байна. Гараад аавынд нь  хүрээд ирлээ. Тэгээд Засаг дарга нь “энэ хүмүүс танай хүүгийн алаг морийг авах гээд хотоос ирж. Тэгсэн Мөнхтөр өндөр үнэ хэлээд хөдөлдөггүй” гээд аавд нь матлаа. /инээв/
-Өндөр ханш гэдэг нь хэд байхав?
-Дөрвөн сая.
-Тэр үедээ ч өндөр л дуулдсан байх?
-Гэхдээ 1995 онд дөрвөн саяар адуу авч л байсан. Пунцагбалжир Сүхбаатарын Хүзүү Цэвэгсүрэнгээс дөрвөн саяар адуу авч байсан гэдэг байх шүү. Аав нь Засаг даргынхаа яриаг чагнаж байгаад “би цаадахад чинь уг нь сүү өгч л өсгөсөн юмсан. Сүүлийн үед тийм юм  хэрэглээд болоод байгаа дуулдана лээ. Нэгэн цагт би өөрийнх нь толгойг мэдэж байсан юм. Одоо ганц адууны толгой мэдэхтэйгээ байлгүй. Авбал ав” гэхээр нь дүүд нь хоёр сая төгрөг л байна гээд мөнгөө өгчихсөн. Маргааш нь адуугаа хураачихсан байхад нь давхиад очлоо. Миний гол шинжээч Буяндэлгэр шүү дээ. Тэгээд л 1998 оны хавар таван сард алаг морио авсан даа. 
-1999 онд яаж давхисан юм бэ?
-1999 оны улсын наадамд уралдуулаагүй. Дан уяагаар нутагтаа түрүүлгэнэ гэсэн  чадаагүй алдчихсан. Гүйгээд алга болчихсон. Улсууд наадаж байхад би мэдрэл муутай хүн шиг морио эрээд явж байлаа шүү дээ./инээв/ 
-Нөгөө дээд гурван нас түрүүлгэх өнгөрөө...
-Өнгөрсөөн. Хээр азарга хойхнуур давхиад, хүрэн соёолонгоо ханиаднаас болоод уралдуулаагүй. Дараа жил нь улсад аман хүзүүдсэнийх нь дараа Мөнхтөр “Галшард очихдоо манайхаар ороод нар зөв тойроод гарсан бол алаг морь түрүүлэх байсан” ухааны юм яриад. Тэгэхээр нь чи нуухан нүдлээгүй эрүүл байсан бол тэндээ л наймаагаа хийнэ шүү дээ гэсэн.
-2000 онд Ганбаатарын халзанд хоёр удаа даруулсан...
-Тэгсээн. Би улсад яг түрүүлчихлээ гэж бодсон. Анх удаа улсын наадамд ирж байгаа юугаа ч мэдэхгүй хөгийн амьтан. Хүрэн пүүсүүн дээл аваад өмсчихсөн. Нөгөөхийнхөө хормойд түүртээд... Архангайд бас яг тэгсэн. /инээв/2003 оны Өвгөн ноёны наадамд бас хүрэн халзан моринд миний хул дайруулаад аман хүзүүдсэн. Тэгэхэд хүмүүс “Цэдэв халзан морь дийлдэггүй юм байна” гэж байсан. Нээрээн л бодоод байсан халзан адуунд гурван удаа дийлдсэн байна лээ. 
-Алаг морь чинь дахиж уралдаагүй юмуу?
-Улс, хангайн бүсэд аман хүзүүдсэн жилээ эндчихсэн.Маллаж байсан хүн нь нэг өдөр утасдаад “алаг морь чинь үхчихлээ” гэсэн.Малын эмч Норовжамцаас ямар шалтгаанаар үхсэн байна  гэсэн чинь дотуураа цус алдчихсан байна гэсэн.
-Хөлний асуудал уу?
-Үгүй ээ, таргалахгүй нэг зүс алдаад байсан юм. Олон уралдсантай ч холбоотой байж мэднэ. Нөхдүүд надаас нуугаад ес уралдсан байна лээ. Дээр нь тэжээл, овъёосыг нь миний авч өгснөөр өгдөггүй байсан юм шиг байгаа юм. Улсын наадмаас өмнө долоо уралдчихсан байсан. Надад хэлэхгүйгээр. 
-Улсын наадам найм дахь уралдаан нь юмуу?
-Тийм. Сонгуулийн жил шүү дээ. Миний нэг найз Төв аймагт нэр дэвшсэн “Жаргалантад мотоциклийн байтай уралдаан хийнэ” гэхээр нь очиж уралдаад ИЖ планет 5-аар шагнуулсан. Тэгээд дахиж битгий уралдаарай” гэсэн чинь хэлэлгүй уралдаад байсан байна лээ. 
-2001, 2002 онуудад улс бүсээр наадаагүй юмуу?
-Миний хээр азарга Түргэний голд болдог байсан хаврын бүсийн уралдаанд хоёр түрүүлсэн ш дээ. Тэр наадам чинь тухайн үедээ улсын бүсэд тооцогддог байсан.
-Хээр азарга тань хаанахын адуу билээ?
-Миний унаган адуу. Дорнодоос авсан саарал азарганы төл. Эх нь хонгор халзан гүү байсан. 2003 онд таваар давхиад хөлгүй болчихсон юм.
-Өвгөн ноёны наадамд аман хүзүүдсэн хул морь хаанахын адуу юм бэ?
-Дарьгангын адуу.Төмөрбаатар гэж хүнээс би битүү морь авч байсан юм. Тэр хавиар урьд нь олон явсан болохоор нутгийн настайчууд “тэнд нэг сайн адуу байна” гээд зааж өгдөг байхгүй юу. Хул морийг аймгийн Алдарт уяач Рэнцэнгийн Гомбожав гэж хүн зааж өгсөн юм. 2002 онд Сүхбаатар аймгийн 60 жилийн ойгоор аваад хойтон жил нь уяад улсад мордуулаагүй, Өвгөн ноёнд тавиад аман хүзүүдсэн нь тэр. Харамсалтай нь бас л 2004 оны өвөл хөлгүй болчихсон юм.
-Галшард бас нэг борлог үрээ түрүүлсэн байдаг. Тэр хаанахын адуу вэ?
-Бид Чонон хөх л гэдэг, улс янз янзаар бичих юм даа. Борлог үрээ Дорнодын Цагаан-Овоогийн Батзоригийн адуу. Би даага авсан юм. Тэр жил манай уяа үнэхээр сайн байсан. Дугараа уядаг байсан юм. Өвгөн ноёнд дөрвөн шүдлэн оруулсан. Миний борлог түрүүлээд, хоёр, дөрөв, таваар Тэрбишийн үрээнүүд орж, их насанд миний хул айрагдан, соёолонд Тэрбишийн хүрэн халзан азарга түрүүлж байлаа. Борлог үрээ маань дараа нь Боржигонд бас айрагдсан шүү дээ. 
-Өнгөрсөн жил зүүн бүсэд айрагддаг халзан мориныхоо талаар яриач?
-Миний унаган адуу. Одоо унаган адуугаараа л наадна шүү дээ. Уг нь миний морь аман хүзүүдсэн. Зурган дээрээс ч харж болно. Гэтэл зохион байгуулагчид нь булхайцаад гуравт барьчихсан. Тухайн үед хүмүүс хэлэхэд нь тоогоогүй. Зураг харсан үнэхээр аман хүзүүдсэн байна лээ. Тэгэхээр нь хэлсэн бичлэгээ устгачихсан гээд үзүүлээгүй. Миний халзан морины эх нь Дорнодоос авсан хонгор халзан гүү. Харин эцэг нь Тэрбишийн Алтан-Овоонд аман хүзүүдэж, Өвгөн ноён, улсын наадам, Сүхбаатарын 60 жилийн ойд тус тус таваар давхисан, аймгийн наадамд гурав түрүүлсэн  буурал азарга. Жинхэнэ монгол азарга. Тийм болохоор нь энэ хонгор морио хөлийг нь авчихна гэж харамласаар ноднин анх уралдуулж байгаа юм. Улс, бүс, Их хурдын түрүү тодроод байгаа Сүхбаатарт унаган адуугаараа уралдаж айрагдууллаа. 
-Адууныхаа чансааг үзжээ дээ?
-Ээ яг тэгсэн. Тийм зорилготой очсон юм, угаасаа.
-Баянхонгороор явж байхад танаас авсан, сайн давхиж байгаа адуунууд цөөнгүй байна лээ?
-2003 онд улсын Алдарт уяач болчихоод нутаг руугаа хэдэн адуу явуулсан. Намайг чинь хүмүүс “тэнгэрт нислээ” гэж хөөргөөд би сумандаа азарга, гүү хоёр өгсөн. Тэр маань бас юм болсон байна лээ. Дараа нь 2008 онд сум болгонд нэг адуу өгсөн ш дээ. Хүмүүс сонгуультай холбож ойлгоод байдаг. Зүгээр л нутгийн адуугаа сайжруулья гэж өгсөн юм. Гэтэл зарим нь сумандаа ч хүрээгүй дуулддаг. Уг нь үржлийн зорилгоор дан азарган үрээнүүд өгсөн. Баянцагаанаас бусдад нь шүү. Тийшээ байдас явуулсан. Өөрийнхөө адууг хоосонгүй гэж мэддэг учраас засч хонины морь болгож байхаар хэрэгтэй хүнд нь өгчихье гэж боддог юм. 
-Алдартын унаган адуунаас хамгийн өндөр амжилт гаргасан нь Зоос бор уу?
-Тийм. Улс, бүсийн наадамд дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдсэн адуу шүү дээ. Түүний дараа Ховдын Батсуурийн Энхбаяр гэж залууд өгсөн үрээ маань бүсийн наадамд нэг аман хүзүүдсэн,Завханд нэг айрагдсан. Ховдын бүсэд аман хүзүүдсэн хар үрээ  манай адуу. За тэгээд Золбоотын саарал азарга, буурал морь мөн манай адуу. Ингээд яриад байвал олон доо. 
-Саарал азарганы эцэг нь хаанахын адуу юм бэ?
-Миний анхны авсан хоёр азарганы ах Чимэддоржийн саарлын төл байгаа юм. Сүхбаатарын 60 жилийн ойгоор очиход “та энийг ав” гээд над өгсөн юм. Буурал морь нь болохоор Дорноговийн Дэлгэрэхийн Отгон гэж хүнээс аваад уяж амжаагүй байсан адуу. Эхний хоёр нь сайн давхиад ирэхээр Золбоот надаас нэлээн хэдэн адуу авсан. Гүү ч авсан. Ноднин түрүүлсэн хүрэн халзан азарга нь эхийгээ дагаж очсон унага. Баянхонгорын Баянцагаанд миний 30,40 адуутай Уртнасан гэж залуу бий. Өөрөө ч сайн уядаг юм шиг байна. Морьд нь ч сайн давхина. Бууцагаанд Монхоон гээд манай хамаатны хүү бий. Бас л сайн уяж байгаа. Сумандаа ер нь айраг, түрүү алддаггүй гэсэн шүү. За тэгээд МУ-ын Алдарт уяач Дамбын Баяраа гэхэд үндсэндээ миний  адуугаар наадаж байна. Богдын Дашлхүмбэ бас нэг халзан морь авсан нь сайн давхидаг гэнэ лээ. Энэ мэтчилэн морь авсан залуучууд сайхан давхилаа гэхээр сүүлийн жилүүдэд өөрөө морь уяж зовохоо байсан ш дээ. Наадмаар хуушуураа идэж, айргаа уугаад зурагт үзээд хэвтэж байдаг болсон./инээв/ 
-Олон жил адууны үржүүлэг хийлээ.Туршлагаасаа хуваалцаач. Залуучууд юун дээр анхаарах ёстой вэ?
-Хэлбэр хийцийг нь хараад хурдлах чадварыг нь хэлдэг мундаг улс байна. Надад тийм авьяас байхгүй учраас угшил сайтай адуугаар адууныхаа цусыг сайжруулж, цаг үргэлж сэлбэж байсан. Ном сонин уншиж байхад эрлийз адууг дөрөв дэх үед нь буцааж оруулах учиртай л гэх юм билээ. Би хувьдаа Монгол адуунд тийм бололцоо байхгүй л гэж боддог. Өөрийнхөө адуунд тэгж үзээгүй. 
-Улсын Алдарт уяачийн тухайд асуух асуулт энэ хүрээд өндөрлөж байна. Хурдан морины зүтгэлтний хувьд асуух хэдэн асуулт байна.
-За /инээв/
-Нийслэлийн морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Холбоо байгуулагдах үеийн түүхээс хуучлаач?
-Бөхчүүд битүүнд гарсан жилийнхээ өнгийг үздэг. Түүн шиг уяачид гарсан жилийнхээ өнгийг тольддог уралдаантай байх ёстой гэж бодсон. Өлзийт хороололд хотын морь сонирхогчид ч төвлөрөөд ирсэн шүү дээ.Тэгэхээр нь Баярмагнай гуай, Даваахүү эд нартай зөвлөж байгаад л санаа нийлсэн арваад хүн сая сая төгрөг нийлүүлэн 2002 оны 2 сард Дүнжингарав уралдааныг анхлан зохион байгуулсан юм. 
-Яриаг тань тасалсанд уучлаарай. Ингэхэд ”Дүнжингарав” гэдэг нэрийг яг хэн өгсөн юм бэ?
-Би өгсөн. Дүнжингарав гэдэг нэр чинь бас их түүхтэй төрсөн. 1992 онд би аваарт ороод эмнэлэгт хэвтсэн гэсэн шүү дээ. Тэгэхэд жирэмсэн эхнэрээ сахисан нэг залуу хамт байлаа. Тухайн үед бүх зүйл картанд орчихсон. Юм хомс. Гэтэл миний найзууд бүгд хүнсний үйлдвэрт дарга хийдэг. Миний хөргөгч хэзээ ч дундарахгүй. Тэгээд л би нөгөө хоёрыгоо хоол хүнсээр тэтгэж байгаа бүхнээ хуваана. Нөгөө залуугаас “юу хийдэг вэ” гэсэн “Дүнжингарав чуулгын уран сайхны удирдаач” гэлээ. “Дүнжингарав гэдэг  чинь юу билээ” гэсэн “уулын нэр” гэдэг юм.Тэгээд сүүлд уралдаандаа нэр хайгаад уулын нэр өгөх үү гэж ярилцаж байхдаа гэнэт санахгүй юу.Толь бичиг аваад үзсэн чинь төвдөөр  “Сайн бүхнийг ивээн тэтгэгч, цагаан лавай оршвой” гэсэн утгатай урд Богд уулын маань төвд нэр юм билээ. Тэгээд би энэ нэрийг өгсөн. Харин тэгсэн хэзээ билээ Цагаандалай би өгсөн гээд зурагтаар яриад байна лээ. 2009 оныг хүртэл бид “Дүнжингарав” уралдаанаа гуйлга түүлгээр хийгээд л байсан. Гол нь би тэгж зүтгүүлээд байсан нь Улаанбаатар хотын спортын хороотой ярилцаж байгаад, нийслэлийн төсвөөс зохион байгуулдаг болгох санаатай байсан юм. Бүр дүрэмд нь нийцүүлэх гээд Улаанбаатар хотын морин спорт уяачдын холбоо гэсэн бие даасан төрийн бус байгууллага хүртэл байгуулсан. Тэр тамга одоо Самдандовжид байгаа даа.
-Мөнхбаясгалан тэргүүнд хүлээлгэж өгсөн биз дээ?
-Үгүй ш дээ. Хотын морин спорт уяачдын холбоо чинь хоёр тамгатай явж байгаа. Би тэднийг ир нэгд, энэ тамгыг ав гээд. Тэд ирэхгүй. Нэг ийм л байдалтай 2-3 жил боллоо. Муу, сайн ч гэсэн үүсгэн байгуулагч нь юм байна. Тэд ирж нэгдэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Би Монголын морин спортын хөгжлийн унтрашгүй гал голомтод сэтгэлийн цучил нэмэрлэсэн нь тэр.
-Үүнтэй маргашгүй. Ярилцлагаа адуутай нөхөрлөсөн эр хүний хамгийн жаргалтай дурсамжаар өндөрлөе.
-Мэдээж өөрийн адуу түрүүлж, айрагдаж том бахархал, баяр хөөр. Хүнд өгсөн адуу давхих түүнээс дутахгүй баяр жаргал. Гэхдээ хамгийн сайхан нь ерөөсөө өөрийнхөө хэдэн адууны захад очоод зогсож байх юм шүү дээ. Үүнээс илүү амралт, тайвшрал гэж байхгүй. Уяач хүн өөртөө хамгийн сайхан амралтыг бүрдүүлдэг. Үүгээрээ бусдаас ялгаатай. 
-Сайхан хариулт байна. Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэнд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. 
-За дүүдээ ч гэсэн баярлалаа. Идэвхитэй олон жил энэ сайхан ажлыг дагнан хийж их туршлага хуримтлуулсан байна. Анх “Хийморь” сонины сэтгүүлч гээд сээтгэр охин ирж байсан бол одоо буурь, дадал суусан мундаг сэтгүүлч болжээ. Ихийг бүтээсэн гэдэг нь илт байна. Ингээд дүүдээ ажил бүхэн чинь адууны цагаан хийморьээр  бүтэж байхын ерөөл өргөе. 
-За баярлалаа. Ерөөл бат оршиг.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна