Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд: Олон зуун жилийн түүхт даншиг наадмын довон дээр азарга түрүүлгэх хамгийн сайхан нь байсан
Монголын хурдан морины ертөнцөд аз хийморь, өмөөрөө илүүрхэгч ах дүү Тод манлай уяачдыг уншигчид андахгүй бизээ. Хүлэг морио эрхэмлэн дээдлэгч дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, удам сайт адуу цуглуулан, түүнийгээ улам бүр сайжруулсаар МАКС хэмээх бэсрэг угшлыг бий болгоод буй тэднээр бахархахгүй байхын аргагүй. Бид энэ удаа Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийг зочин хоймортоо урьж ийн халуун хууч дэлгэлээ.
-Баян-Уулчууд нутгаас төрсөн Тод манлайгуудаараа их бахархдаг юм билээ. Ингэхэд танайхан хэдэн үеэрээ энэ нутаг оронд ажиллаж амьдарч байсан юм бэ. Танай удамд уяачид олон байв уу?
-Бид малч удмын үр сад. Манай өвөө Совын Аюуш гэж Баян-Уул сумын Баянбогд хайрханыхаа баруун талаар нутагладаг, морь сайн уядаг, тухайн үедээ сумынхаа наадмын таван түрүүг авч байсан түүх байгаа, Сайн морь уядаг хүн байсан. Миний аав айлын ууган хүү. Багадаа хурдан морь унаж эмнэг хангал сургаж явсан. Аавын дүү нар ч ялгаагүй морь уяж, эмнэг хангал сургадаг байсан. МУ-ын Алдарт уяач Алтансүх аавын хамгийн бага дүүгийнх нь хүү. Бидний багад авга маань морь уяж уралдуулаад Дарив суманд түрүүлгэж мотоцикль авчихлаа гэж байсан. Аавын дунд дүү Цээсүрэн гэж одоо нутаг орондоо морио сайн уяж байна. Аймгийн Алдарт уяач цолтой. Сайхан хүрэн хурдан морьтой хүн бий.
-Өвөөгийнхөө талаар жаахан дэлгэрүүлээч?
-Совын Аюуш гэж хүн залуудаа барилдаж явсан байлгүй гэмээр сайхан бие хаатай, монхор хамартай хөгшин байсан. Морь уяхаас гадна дарх хийдэг, сумандаа алдартай дархан хүн. Өвөөгийн хийж байсан мөнгөн аяга, ээмэг бөгж зэрэг нь одоо ч айлуудад байгаа. Манай хамаатнуудад мөнгөн аяганууд нь байдаг юм. Бидэнд ч бий. Өвөөгийн тэр гарын ур дүйг манай Ганбаа, бас нэг охин дүү хоёр маань өвлөсөн шүү.
-Тод манлайг шаггүй оёдолчин байсан гэдэг юм билээ?
-Бид хоёр тарваганы арьсаар шуба, малгай оёж зардаг байсан шүү дээ. Сургуулийнхаа амралтаар арьсаа цуглуулж авчраад өөрсдөө элдэж боловсруулна. Заримдаа арьс захаас авна. Тэгээд будаад өөрсдөө эсгээд, өөрсдөө оёно.
-Аав тань гартаа эрдэмтэй байсан уу?
-Үгүй дээ. Миний аав доороо гурван эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй айлын ууган хүү. 1935 онд төрж айлын ууган хүүхдийн адилаар дүү нараа асрах, аав ээждээ туслах үүргийг хүлээж хүүхэд насаа үдсэн байх. Тэгээд эр бие нь тэнцэж цэргийн албанаа татагдаад, хотод суурьшиж үлдсэн. 40 гаруй жил эмийн заводод ажилласан. Бид хүүхэд байхдаа хааяа очиж үйлдвэрийн шугам дээр нь шошго наах зэрэгт тусалдаг байлаа. Хөвөн, бентний шошгон дээр нь аав өөрийнхөө хувийн дугаартай тамгыг дардаг. Шошгоо гэртээ аваад ирэхээр нь бид оройжин ээлжлээд л тамгалдагсан. Мөн хүүхдийн баяраар ажил дээр нь очиж уралдаан тэмцээнд ордог, ажиллагсдынх нь гуанзны хоолыг иддэг байсан минь санаанаас гардаггүй.
-Адуунд иртэй байсан гэлүү?
-Тиймээ. Хүүхэд байхдаа аавдаа туслаад морь мал уяж, эмнэг хангал сургадаг байсан. Нэгдлийн олон даага сургаж даагаар шагнуулж байсан ч гэж ярьдаг. Залуудаа адуу малтай ноцолдож явсан болоод моринд их дуртай хүн байсан даа. Хааяа адуун дээр очиж хононо. Бас бөх үзэх дуртай. Морь бөх хоёроос ер салахгүй дээ. Биднийг багад дагуулаад нутаг явдаг. Аавыг дагаж очоод морь мал унаж авга нартаа туслаад зуныг уйдахааргүй өнгөрөөдөгсөн.
-Хүйн долоон худагт энгэртээ Алтангадас гялалзуулчихсан хөлсний хашаа руу ирж яваа зураг нь манай архивт бий.
-Аав минь 44, 45 жил эмийн заводод ажилласан. Сүүлд тэтгэвэрт гарсан ч гэсэн дарга нар нь суулгах дургүй жижүүрээр ажиллуулдаг байсан. “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтангадас одон”-той. Мөн залуудаа цусаа их өгдөг байсан болохоор “Хүндэт донор” тэмдэгтэй, Түүндээ их хайртай байлаа. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж Ганбаа бид хоёр ажиллагсдаа уриалан, өөрсдөө манлайлан цусаа хандивлаж байсан.
-Ижий тань Өвөрхангайнх гэдэг билүү?
-Тиймээ, ээж маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрж өссөн. Бага байхдаа Улаанбаатар хотод орж ирсэн. Доороо хоёр дүүтэй. Аав нь Замбал гэж бас морь уядаг хүн байсан. Замбалын ногоон гэж ах дүү хоёр морьдоороо даншиг наадамд ирж уралдаж байсан гэдэг. Морь уяхаас гадна морь, бөхийн цол сайхан дууддаг. Ер нь юм юмны захтай нэлээн хөдөлгөөнтэй хүн байсан. Ямартаа л Нарийнтээл суманд анхны 10 ханатай гэрийг барьж байхав. Мөн дүнзэн байшингийнх нь буурь одоо ч байдаг юм. Дүү бид хоёр моринд ороод, морьд гайгүй давхидаг болсны дараа ээжийн ах өөрт нь хадгалагдаж байсан өвөөгийн тамгыг бидэнд албан ёсоор гардуулж өгсөн. Манай өвөө саран дэвсгэртэй хос арвай тамгаар адуугаа тамгалдаг байсан юм билээ. Өсөж үржиж байдаг будаа, дээшээ харсан сар гэхчилэн их бэлгэ дэмбэрэлтэй тамга л даа.
-Өвөрхангайд морь уядаггүй эрчүүд цөөн байх шүү. Танай хамаатнууд морь мал уядаг уу?
-Залуус маш их сонирхож байнаа. Бид хоёр ч гэсэн Нарийнтээл рүү цөөнгүй адуу өгсөөн. Тэр хавьдаа сайн л давхиж байгаа дуулдана лээ. Нарийнтээл Говь-Алтай явах замд байдаг. Хүүхэд байхдаа Говь-Алтай руу явах, тэндээс буцаж ирэхдээ ээжийнхээ нутгаар дайрч хамаатнуудынхаар орж хоол унд идээд хэсэг амардагсан. Одоо ч ялгаагүй Говь-Алтай явахдаа, бас буцахдаа Тээлээр заавал дайрна. Сумын дарга Засаг дарга, хамаатан садангууд маань хорхог хийчихээд хүлээж байдаг юм. Бид ч бас ээжийнхээ төрсөн нутгийн хөгжилд өөрсдийн тус нэмрээ оруулахыг хичээдэг.
-Та айлын ууган хүү юу?
-Тиймээ. Манайх долоон хүүхэдтэй айл. Би дээрээ нэг эгч, дороо таван дүүтэй. Миний дараагийн дүү Ганбаа. Бид хоёр насны зөрүүтэй. Нас ойролцоо болохоор багаасаа л бүх зүйлийг хамтдаа хийдэг байлаа. Мод хөрөөдөх, ус зөөх, хоол унд хийх, гурил зуурах, элдэх, самар түлээнд явах гэх мэтчилэн. Саяхан Ганбаа энэ тухайгаа яриад “дүү нь байж яг адилхныг хийдэг байсан. Би монжуулж байсан байна шүү” гэж байна лээ. /инээв/
-Та хоёрын хөдөлмөрч зан мэдрэгддэг шүү?
-Багаасаа л хөдөлмөрийн амтыг мэдэрсэн дээ. Ээж минь Урт цагааны гутал засварт ажилладаг. Цэргийн хуучин бакаль, хромон гутлуудын түрүүнд толгой татдаг байсан юм. Ганбаа бид хоёр ээжийг тосч авахаар очихдоо ээжийн зурж өгсний дагуу ул хадна. Ямар ч ажлыг голж байгаагүй тэр зан маань өнөөдөр өдий зэрэгтэй явахад хэрэг болж байгаа байх. Тэгээс эхлээд үе шаттайгаар өсөн дэвжиж ирснийг Монголын ард түмэн, манай үйлчлүүлэгчид сайн мэддэг юм байна лээ.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
-Би эрхзүйч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаагүй ч сурсан мэдсэн маань бизнес хийхэд их тус дэм болдог.
-Уяачдаас төрсөн хоёр дахь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон.
-Тэгсээн. 20 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, МУ-ын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан цолоор шагнуулсан. Макс групп маань 20-иод охин компанитай. Үйлдвэр үйлчилгээ, барилга, зам, уул уурхай, газар тариалан зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өнөөдрийг хүртэл бизнесийн олон салбарт манлайлан түүчээлж ирсэн.
-Монголын шилдэг бизнесменүүдийн нэг гэдэгтэй хүмүүс санал нэгдэх байхаа. Харин хурдан морь сонирхон уях болсон нь хэзээнээс билээ?
-1998 оны сүүл үеэс л юм даа. Эхний үедээ Ганбаагаа дагаад уралдаануудад хамт явдаг байлаа. Тэгсэн зун нь Ганбаа “таны нэр дээр нэг морио уралдуулнаа” гэж байна. Би ч баярлаад л. Өөрөө бас морь авч уралдуулъя гэж шийдээд Дорнодоос хамар цагаан хонгор морь авч сайн давхиулсаан. АХ-ын 80 жилийн ойгоор улсад 12, 13-аар давхисан шүү дээ. Тэр үед их олон морь морддог байсан. Дараа нь Төв аймгийн Жаргалантаас сумандаа нэг түрүүлгэсэн Тогоруу угшилтай хонгор азарга авч Нүүрэнтэйн хурдад түрүүлгэж байлаа. Ер нь нэг үе Ганбаа бид хоёр хагас бүтэн сайн алгасалгүй Төв аймгийн Борнуур, Жаргалант болон Хэнтийгээр явж аль сайн гэсэн адуутай айлуудынхаар очиж уях, унах морьдоос гадна сайн гүү нэлээд цуглуулсан. Сүүлдээ хүмүүс бид хоёрыг адуу авч байгааг дуулчихаад өөрсдөө ирж санал тавьдаг болсон.
-Хонгор азаргаа хэдэн онд авсан юм бэ?
-2001 онд хавчиг азарга аваад Багануурын “Нүүрэнтэйн хурд” хаврын уралдаанд түрүүлгэж, Заамарын хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхиулсан. Мөн тойруулгын уралдаануудад эхний хоёр гурваар ирдэг байсан. Тэр үед Сандуйжав Манлайн Идэр хээр, Дүү зээрд гээд хурдан, хурдан азарганууд олон байсан шүү. Тэгээд зун нь Налайхын сунгаанд уралдуулж байгаад хөлийг нь бэртээчихсэн юм. Уг нь их хурдан байсан л даа. Тухайн үед Сандуйжав Тод манлай “би Дүү зээрдийг улсын наадамд уралдуулахгүй ээ. Их хурд руу авч явна. Чи хонгор азаргаа яах юм” гэхээр нь би “АХ-ын 80 жилийн ой юм чинь улсдаа мордуулнаа” гээд явуулсан чинь 10-аар ирсэн. Түүнээс хойш дахин уралдуулаагүй ээ. Харин үр төлүүд нь сайн давхиж байгаа. 2004 оны Алтан-Овооны наадамд Энхтайваны Гоё халиун, Мөнх-Оргилын халиун гэсэн хоёр халиун адуутай үзэж байгаад дөрвөөр орсон. Дараа нь Багануурт болсон “Нүүрэнтэйн хурд”-д бүсийн наадамд айрагдсан хонгор морь тэр хонгор азарганы төл. Энэ хонгор морьтой эх нэгтэй хээр шүдлэн улсад хүүхэдгүй түрүүлж байсан шүү дээ.
-Хэдэн онд билээ?
-2007 онд. Шүдлэн жаахан эвгүй газраас эргэдэг байсан юм. Тэгсэн харин манай Өөдөс аварга уначихсан морь нь хүүхэдгүй давхисаар түрүүлж ирээд дүрмийн дагуу нэг ухарч аман хүзүүнд баригдсан. Дараа нь Боржигоны бүсэд түрүүлэхэд нь Цагаандалай “хүүхэдтэй ч түрүүлдэг, хүүхэдгүй ч түрүүлдэг юм байна” гэж хэлсэн шүү дээ. Одоо Хурдан хээр нэртэй сайхан азарга байгаа.
-Эцэг нь ямар азарга юм бэ?
-Эцэг нь Бенз хээр гэж байсан.
-Уяачидтай уулзаад өөрийнх нь нэрийн хуудас болсон хурдан хүлгүүдийнх нь тухай, тэдэнтэйгээ хэрхэн учирсан тухай сонсохдоо таатай байдаг. Төрийн наадмын түрүү Асгат саарал таных болсон түүхийг хуучлаач?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын нутгийн зөвлөлийн дарга Гомбосүрэн хүүхдийн ордны нярваар ажилладаг.
Манайх тэнд нь талбай түрээслэж Евро мебелийг ажиллуулдаг байсан юм. Нэг орой над руу залгаад “миний найз Асгатаас ирчихсэн байна. Чи танилцахгүй юмуу. Сайхан хурдан морьдтой. Адуу мал ихтэй хүн байгаа юм” гэж байна. Би зав гаргаад дороо давхиад очсон нэг ах хүү эмнэлэгт хэвтэж байгаа гээд сууж байна. Танилцлаа, Баяраа гэдэг гэнэ. Тэгээд надад хоёр сайн үрээ бий гэж байна. Тэр үеийн хүмүүс чинь худлаа ярина, хүн хуурна гэсэн ойлголт байхгүй ш дээ. Нэг нь урд жил нь Асгат сумынхаа наадамд түрүүлсэн хүрэн шүдлэн, нөгөө нь Асгат саарал. Баяраа ахыг энд эмнэлэгт хэвтэж байх хооронд Цагаанаа гээд хүү нь саарал хязаалангаа уяад 6 сарын 1-ний уралдаанд түрүүлгэчихсэн байсан. Ахад нь ийм хоёр хурдан хүлэг байна гэхээр нь би хараа ч үгүй хэр нь “саарлыг нь авъя” гэсэн юм. Яагаад тэгсэн гэхээр саяхан уралдчихсан юм чинь онгорхой байгаа байх. Авчраад уралдахад ажилтай байгаа юм байна” гэж бодсон л доо.
-Энэ яриа хэдийгээр болж байгаа юм бэ?
-6 сарын 10-д хавьцаа. Үнэ ханшаа ярьсан “сая төгрөг” гэж байна. Тэгээд авахаар болсон Гомбосүрэн найз маань “ингээд харахгүй наймаа хийчихэж болдог юмуу” гээд гайхаж байсан л даа. Баяраа ах тэр дороо хүүхдүүддээ нэг захиа бичиж өгөөд, түүнийг нь аваад Пионерын ордноос холдоогүй байтал нэг бүрхүүлтэй аавын цээж давхиж явдаг юм. Гар өргөөд зогсоосон чинь Налайхад амьдардаг морь зөөдөг жолооч гэнэ. Ярьж тохироод нэг хайрцаг хүнстэй цуг нөгөө захиаг нь өгөөд явуулчихлаа. Тэгсэн сониуч сахилгагүйдуу нөхөр байсан юм байлгүй нөгөө захиаг нь уншчихсан “аав нь дур мэдээд наймаа хийчихлээ шүү, Миний хүүхдүүд битгий харамсаарай. Саарал үрээтэйгээ нэг бэлгийн үрээ цуг өгөөд явуулаарай” гэсэн утгатай зүйл бичсэн байсан гээд дараа нь надад хэлж байсан юм./инээв/ Саарал азарга маань надтай учрах ёстой байсны бас нэг илрэл бол 6 сарын 1-нд түрүүлэхэд Онгуу Манлайгаас эхлээд улсууд их сонирхож Цагаанаагаас “аав нь хэзээ ирэх юм” гээд асуугаад байсан гэсэн. Хэрвээ Баяраа ах энд байгаагүй бол саарал хязаалан тэгэхэд зарагдчих байсан байна лээ.
-Аливаа зүйлийн учрал тохиол гэж сонин шүү?
-Жолооч яваад хоёр хонолоо. Одоо ирэх болж байгаа гэж бодоод би Налайхад очоод хоносон. Тэр шөнөдөө ирсэнгүй. Өдөрхөн хэрд жолооч маань ирээд саарал үрээгээ машинаас буулгаад харсан сайхан амьтан юмаа. Өөлбөл жаахан нимгэн л юм. Тэгээд ганц нэг ажил хийж байгаад сунгаанд нийлүүлсэн түрүүлчихлээ. Тэгсэн Энхтайванаас авахуулаад л “сайхан хурдан буянтай болжээ” гээд хүмүүс баяр хүргээд л. Харин унаач хүүхэд маань жаахан ууртай байхаар нь гайхаад асуусан Нэргүйн хонгор хязаалангийн хүүхэд хойноос нь шахсан юм билээ. Тэгэхээр нь манай унаач эргэж хараад “чи намайг гүйцнэ гэвэл 500 жил” гэж хэлчихээд ташуур өгөөд давхичихсан юм байж. Тэгээд түрүүлж ирчихээд “харин намайг гүйцнэ гэж байхгүй юу” гээд бухимдангуй байсан. Тэр хүү одоо цэрэгт яваад ирчихсэн том эр байна./инээв/
-Тэр жилээ улсад аман хүзүүдсэн билүү?
-Сайхан хөл чангатай аман хүзүүдсэн. Гэхдээ өмнө нь унаж байсан хүүхэд нь унаагүй. Бөгс нь холгочихоод өөр хүүхэд мордуулчихсан чинь нэлээд хойно эргэчихсэн юм билээ. Тэгээд Айдасын даваан дээр бараг 70,80-аар гарч ирээд урагшилсаар байгаад хоёроор орсон доо. Тэр жил Дундговийн Цагаандэлгэрт Ловон ламын нэрэмжит бүсийн том уралдаан болоод тийшээ Саарлыг мөн Хэнтийн Энхсүх Алдартаас авсан загал хязаалангаа аваад явлаа. Очоод саарлыгаа жаахан ул нимгэнтэй болохоор нь хайрлаад мордуулсангүй. Загалыгаа мордуулсан түрүүлчихлээ. Ганбаагийн Босоо хээр шүдлэн маань мордоод бас түрүүлчихлээ. Ингээд тэр том наадмаас хоёр түрүү хүртсэн. Цагаандэлгэрт тэгж сайхан наадчихаад Сүхбаатарын 60 жилийн ойд явцгаасан. Гэхдээ Саарлаа хайрлаад буцаачихсан юм. Тэгсэн Сүхбаатарт очсон Асгат сумын нэрийг улсын дэвжээнд анх удаа гаргалаа гээд настангууд нь барьж авч үнсээд сүйд болсон. Зарим нэг нь бүр уйлаад л...
-Морь түрүүлгэж, айрагдуулах гэдэг зөвхөн уяачийн бус Монгол түмний цэнгэл гэдэг нь аргагүй үнэн шүү?
-Асгатынхан нэг том гэр барьчихсан. Тэндээ урьж оруулаад Гомбосүрэн, Баяраа ах хоёр маань хүмүүстэй танилцуулаад л. Би Асгат саарлынхаа хишиг гэж гэрт байсан хүмүүст 10 мянган төгрөг тараагаад. Тэгээд л саарал азаргаараа нутгийн хурдаа улсад таниулсан гэдгээр нь бэлгэшээн Асгат саарал хэмээн нэрлэсэн юм. Тэрнээс хойш Асгат сумаас олон сайхан хурдан буянгууд төрж малчид, уяачдад ч нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байх. Нутгийн адууны хурдыг таниулсан хэмээн надад сумын Хүндэт иргэний тэмдэг өргөмжлөл гардуулж өгч байв.
-Сүхбаатарын 60 жилийн ойгоор хэрхэн наадсан бэ. Морь мордуулсан байлгүй?
-Босоо хээр түрүүлсэн. Хязааланд нөгөө загалаа мордуулсан чинь хоцорч гараад 811 үрээнээс 11-т орсон. Бас л хурдан адуу шүү. Сүхбаатарт Баруун талаас хотоос очиж түрүүлсэн анхны морь Босоо хээр байх.
-Соёолон азарга улсад түрүүлж, Архангайн 80 жилийн ойд мөн л магнайдаа тоосгүй ирсэн байдаг.
-Хавар Хүйн долоон худагт бооцоот уралдаан хийсэн юм. Тэгэхэд Цандэлэгийн Хятадаас оруулж ирсэн хээр азарга түрүүлээд, саарал аман хүзүүдсэн. Зун нь Хүйн долоон худагт болсон анхны наадамд түрүүлж байлаа. Олон зуун жилийн түүхт даншиг наадмын том довноо тийнхүү төрийн наадмын анхны түрүүг авчирсан даа. Өвөөгийнхөө морь уралдуулж наадаж явсан довон дээр соёолонгийн түрүү хүртэх үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж юм билээ. Дараа нь Архангай аймгийн 80 жилийн ойд очоод гурван түрүү хүртэн одтой сайхан наадсан.
-Асгат саарал дахин түрүүлээд...
-Зандан хүрэн азарга, шарга шүдлэн хоёр түрүүлсэн. Сүхбаатарын 60 жилийн ойгоор очиход Баяраа ах сайхан азаргатай бол гээд Зандан хүрэнг санал болгож байсан юм.Тухайн үед Сандуй Манлай уяан дээр нь очиж үзчихээд нэг их ойшоогоогүй. Надад ч гэсэн жижигхэн биетэй их нимгэн азарга санагдаад наймаа яриагүй юм.
-60 жилийн ойд уралдсан юм уу?
-Уралдаад 20, 30-аадаар ирсэн гээд байж байсан. Намар гэнэт азаргатай болмоор санагдаад Баяраа ахыг уулзуулаад Зандан хүрэнгээ авсан юм. 60 жилийн ойгоор очиход Баяраа ах Сүүн шаргын аав шаргыг шүдлэнд нь бас санал болгож байсан юм. Тэр үед Баяраа ахтай тэр хавийн ганц нэг хурдтай айлуудаар орсон юм. Тэдний нэг нь хурдан хүрэн морьтой Чулуунбаатар гуай. Тэднийхээр орж ярилцаж суугаад хүрэн морины дүү шүдлэнг авсан. Гэтэл хавар тэжээлд байхдаа моринд өшиглүүлээд хөл нь эвгүйтчихлээ. Доголоод уралдах арга алга. Тэгээд шүдлэн авах хэрэгтэй болчихоод шарга үрээний эзэнтэй холбогдсон Шаргын уулын наадамд айрагдсан гээд үнэ нь өсчихөж.
-Өмнө нь хэд байсан юм бэ?
-Сая төгрөг гэж байсан юм. Үнэ нэмэгдсэн ч хамаагүй авъя гээд ээж шарга гүүтэй нь хамт авч байсан. Ингээд тэр жилээ Налайхын сунгаанд Зандан хүрэн азарганд, Асгат саарал соёолонд түрүүлээд, шарга шүдлэн их хурдан байсан. Улсын наадмаас гурван түрүү биш юмаа гэхэд гурван айраг авчих боломж байсан л даа. Тэгтэл шарга шүдлэн өнгөнд явж байгаад хойшлоод, Зандан хүрэн ч бас айрагдаж чадалгүй 6-д рчихсон юм. Тэгээд улсын наадмын дараа Архангайн 80 жилийн ойд очиж азарга, соёолон, шүдлэн түрүүлгэж байлаа. Дараа нь 2006 онд бас Тамирын хурдаар унаган морьдоороо гурван түрүүг нь авч гурван 69 машинаар байлуулж байсан. Архангай ч бас түрүүгээ харамгүй хайрладаг сайхан нутаг шүү.
-Байнд ирсэн машинаа бэлэглэж байсныг санаж байна?
-Тиймээ. Нэг 69-ийг нь аймгийн Цагдаагийн хэлтэст нь бэлгэнд өгсөн. Цагдаа нар нь наадмынхаа талбай дээр жагсаж зогсож байгаад надад рапорт өгөөд, түлхүүрээ гардаж авахдаа “бид энэ машинаараа 10 жил албаа залгуулнаа. Танд баярлалаа” гэж байсан. 10 жилийн дараа очсон нөгөө машин чинь энэ гээд үзүүлж байна лээ.
-2004 он таны амьдралын бас нэгэн бахдалт он жилүүдийн нэг. Тэр жил төрийн наадамд Зандан хүрэн азаргаа айрагдуулж, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд Асгат саарал азаргаа тавлуулан, Алтан-Овооны их тахилга наадамд хонгор соёолон дөрөвт хурдлуулж чансаа өндөр гурван том уралдаанаас хишиг хүртсэн байдаг шүү дээ.
-Өөрийн чинь хэлдгээр баяр бахдалаар дүүрэн он жилүүдийн нэг. Асгат саарал азарга маань Их хурдад гараа алдаагүй бол илүү дээгүүр давхих байсан ч байж мэднэ. Гараа алдаад газар дундаа орсон байхад Өөдөс хоёр ташуураар ороолгочихсон явж байсан. Аргагүй хурдан буянтай азарга тулдаа ташуур дааж тэр холоос зүтгэсээр байгаад айрагдсан даа.
-Ингэхэд тэр жил Асгат саарал улсад мордоогүй юмуу?
-Мордсон. Өөдөс маань азарганаасаа уначихсан байсан юм. Тэгээгүй бол хоёр аварга амьтан хоорондоо үзэх л байсан л даа. 2004 онд “Их хурд”-д уралдаж ирээд хөл нь жаахан асуудалтай болчихсон. Сайхан хүлгийнхээ төлөө хичээл зүтгэл гарган гадны эмч нартай холбогдож зөвлөгөө аваад хөлний тариаг олж хийлгэж байлаа. Одоо уяачдын сайн мэдэх тэр тариаг би анх саарал азаргандаа зориулан оруулж ирж байсан. Тийнхүү тууштай сайн эмчилсний үр дүнд хөл нь эдгэрч 2005 онд төрийнхөө наадамд хоёр дахиа түрүүлсэн дээ. Миний саарал азарга чинь уралдсан наадам бүртээ түрүүлж, айрагддаг. Төрийнхөө наадамд гэхэд л хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн шүү дээ.
-2005 оноос хойш дахин уралдуулаагүй юу?
-Дараа жил нь сунгааны үеэр бэртэл нь сэдрээд тэгээд дахин уяагүй. Одоо төлүүд нь сайхан давхиж байнаа. Өнгөрсөн жил гэхэд Асгат саарал азарганы гурван төл айрагдлаа. Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд МУ-ын Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын халтар хязаалан түрүүллээ. Энэ бол саарал азарганы төл. Үүнээс өмнө саарал азарганы төл нэг хонгор морь С.Шинэбаатарт бас өгсөн юм. Тэр нь улсад хязааландаа долоо, соёолондоо 10 гаргаж давхисан. Хурдан адуу л даа. Урд нь дандаа эрлийзүүд нь ороход тэгж давхиж байна гэхээр монголдоо бол гарцаагүй түрүүлж, айрагдах адуу. Хонгор морь нь тэгж хурдлаад байхаар нь би дахиад халтар үрээ бэлэглэсэн чинь хангайн бүсэд түрүүлчихнэ лээ. Мөн Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд Ганбаагийн хүрэн хязаалан аман хүзүүдэж, Жамьяангийн саарал шүдлэн дөрвөөр давхисан.
-Саарал азарга одоо хэдтэй вэ?
-Саарал азарга 18 нас хүрсэн. Сая тэжээлд оруулчихаад ирлээ.
-Шинэбаатар Алдарт та хоёр нэлээд дотно бололтой?
-Тийм шүү, багын найзууд.Макс молл худалдааны төвийн нээлтэнд зориулан Асгат саарлын нэг төлийг дуудлага худалдаанд оруулсан юм. Худалдаанаас орсон орлогоор асрамжийн газрын бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламж нээхээр төлөвлөн гадаад дотоодын олон зочдын дунд үнэ хаялцуулсан. Ажнайн Бат-Эрдэнэ, Гурван галын Ганхуяг, Шинэбаатар нар үнэ хаялцаад Шинээ саарал үрээг 20 сая төгрөгөөр худалдан авсан юм. Амлаж байснаараа тэрхүү мөнгөөр Худалдаа хөгжлийн банкинд данс нээж бүтэн өнчин 40 гаруй хүүхдэд хадгаламж нээж өгсөн. 2006 онд Тамирын хурдад түрүүлж, Хэрлэнгийн хөдөө аралд айрагдсан халтар шүдлэн бол Асгат саарлын анхных нь төл.
Алтай руу Өвөрхангай, найз нөхөд, сугалаа гээд Макс угшлын адуу олон газар луу очсон доо. Очсон газар бүртээ л айраг түрүү авч байгаа. Өнгөрсөн жил Баян-Уул сумын уяачид руу сайн угшлын азарга явуулсан. Баг багийн уяачид жил жилээр ээлжлэн гүү хураалгаж байгаа гэсэн.
-Зандан хүрэнгийн төлүүд яаж давхидаг вэ?
-Хамгийн өндөр амжилт гаргасан нь Сөнгө зээрд байна. 2008 оноос хойш олон түрүүлж айрагдсан даа. Анзаараад байхад Ганбаа бид хоёрт адилхан насны хурд заяадаг. Миний Сөнгө зээрд, Ганбаагийн Тэнхлүүн зээрдээс нэг ах. Ганбаагийн Сүүн шарга, миний хамар цагаан халтар морь хоёр нэг оных, хамт уралдаж дандаа цуг ордог.
-Улс, бүсийн уралдаанаас олон айраг түрүү авсан нэгэн уяач сумын наадмаас анхны медалиа хүртэхдээ төрсөн мэдрэмжээ хуваалцсан нь сонин санагдаж байлаа. Та суманд наадаж байсан уу?
-Ганц нэг хаврын уралдаан, сумдын ойг эс тооцвол бараг үгүй шүү. Битүү морьдондоо ажил болгох гэж цөөн удаа уралдаж байсан байх.
-Уралдааныхаа бүхий л медалийг өөрөө хадгалдаг уу?
-Надад бий. Залуу байхад морьдынхоо медалийг арын дэвсгэр дээр нь оёх гэдэг сайхан ажил байлаа. Намар уралдаан дууссаны дараа өөрөө сууж байгаад оёно. Гоё мэдрэмж шүү.
-Тэгвэл хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн наадам хэзээнийх байсан бэ?
-Төрийн наадмын түрүү хүртэх сайхан. Тэр тусмаа 2005 онд саарал азарга маань түрүүлээд төрийн тэргүүнүүд манай уяан дээр ирэх их сайхан байсан. Ерөнхийлөгчийн сонгууль болсон жил шүү дээ. Азарга түрүүлсний дараахан сонгуульд ялсан шинэ Ерөнхийлөгч ирсэн бол үдээс хойш нь ажлаа өгсөн өмнөх Ерөнхийлөгч ирж байлаа. Монгол төрийн үе үеийн тэргүүнүүд тийнхүү хүндэтгэл үзүүлж байгаа нь морины л буян. Монгол улсын дөрвөн төрийн тэргүүний гурав нь манай уяан дээр ирсэн байдаг юм.
-Асгат саарлын дуу сайхан уран бүтээл болсон шүү. Нэг тийм чихэнд наалдацтай сонсогддог юм?
-Асгат саарлынхаа тухай дуу хийе гэсэн бодол тээгээд л явдаг байсан юм. Тэгээд Онон Тод манлайгаас “миний саарал азарга ямар хийцтэй адуу вэ?” гэсэн “арслан хийцтэй адуу” гэсэн. Тэгээд Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Данзан гуайтай зөвлөлдөж байгаад шүлгийг нь зохиож Чука аялгууг нь хийгээд Амартүвшин гэдэг залуу дуулсан.
-Та дуулдаг уу?
-Үгүй ээ, солгой хоолойтой.
-ММСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг. Өөр ямар сонгуульт албатай билээ?
-Чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаад больсон. Одоо Монголын морин спортын үндэсний холбооны тэргүүлэгчээр болон Монголын барилгын үндэсний ассасиоци гэх 150 гаруй аж ахуй нэгжүүдийг нэгтгэсэн төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
-Монгол уяачийн морь Дэлхийн Аваргад түрүүлсэн баярт мэдээ хуучраагүй л байна. Ингэхэд Цэрэнжигмэд Тод манлайн морьд ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Монголчууд бид бүхний нэрийг дэлхийд дуурсгасан, аргагүй сайхан үйл явдал болсон. Mongolian Sutarday Дэлхийн аварга болсон тэр өдөр монголчууд маань их огшсон, сэтгэл нь хөдөлсөн үйл явдал болсон. Монголчууд бид бүхнийг бурхан тэнгэр харж үзсэн гэж ойлгож явдаг.
Оросын холбооны улсын сонин хэвлэлээр монголчууд аргагүй чаддаг зүйлээрээ Дэлхийн Аварга боллоо хэмээн шуугиж байсан шүү.
Миний морь уралдаж байгаа. Нэг л өндөр амжилт гаргах байхаа.
-Дэлхийн алдарт Forbes сэтгүүлд ярилцлага өгсөн анхны Монгол уяачид бол та хоёр. Морины соёл өв уламжлалыг дэлхий нийтэд таниулж яваа та хоёроор бахархдаг шүү.
-Баярлалаа. Америкаас “Forbes”-ийн сэтгүүлийн сэтгүүлчид ирж ярилцлага авахад таатай санагдсан. Дүү бид хоёрын тухай гэдгээсээ илүүтэй Монгол уяачийн тухай, Монгол бизнесменүүдийн тухай дэлхийд таниулж буй хэрэг юм. Ер нь бол шударга хөдөлмөрийн үр шимээр амжилтанд хүрсэн бизнесменүүд гэдгээр нь онцолсон гэж байсан. “Forbes” дээр ярилцлага гарсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс танайтай ижил төрлийн бизнес явуулдаг, танай компанитай хамтарч ажилламаар байна гэсэн санал, захиа, имэйл ирдэг байсан. Мөн “Forbes” сэтгүүлээс таны тухай уншсан баримтат кино хийх хүсэлтэй байна гэж санал тавьсан. Бид саналыг хүлээн авч, сайхан кино бүтсэн нь бий.
-Монгол хүн гялалзаж явахыг сонсох сайхан байна. Тод манлайнх хэдэн хүүхэдтэй билээ. Хүүхдүүд тань морь маланд хэр эвтэй вэ?
-Манайх хоёр хүү, хоёр охинтой. Том хүү маань багын л моринд дуртай хүүхэд байсан. Одоо ч гэсэн наадам дөхөөд ирэхээр залуучуудтайгаа нийлээд адуу манана. Бага хүү бас морь унана. Ер нь манай хүүхдүүд бүгдээрээ л морь унах дуртай. Уржнан манай хоёр хүүхэд морь хөлслөхөөр явж байхад Онон Тод манлай харчихаад “охин нь хүртэл уначихсан явна” гээд ярьж байсан гэнэ лээ.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. “Тод магнай” сэтгүүлийг цаг ямагт дэмжиж ажилладаг танд дахин талархал илэрхийлье. Ажил үйлс нь хурдан морины босоо цагаан хийморь шиг өөдлөн дэвжиж өргөжин тэлэх болтугай.
-”Макс” групптэй хамтран ажиллаж байсан залуусын компаниуд өргөжин тэлж зах зээл дээр өөрийн гэсэн орон зайтай болж буйд бид баяртай байдаг. Тод магнай сэтгүүлээ ч гэсэн Монголын сэтгүүл зүйн салбарын номер нэг хэвлэл болохыг хүсье. Энэ их сайхан хийморилог сэтгүүл. Хурдан морийг Монгол улсад хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
-Амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна