Монгол улсын Алдарт уяач С.Мөнхбат: Европын хамгийн алдартай азарга Галилеогийн төлийг Монголдоо авчирч, цэвэр адууны үржүүлэг хийж байна

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 15 -нд

Хүний удам, адууны угшил гэдэг үгийн үнэ цэнийг улам бүр мэдрэх. Тэр уг нь аймгийн төвийн хүү. Аав нь ажилсаг хэмээх Сосор жолооч. Ээж нь ч мөн ялгаагүй насаараа жолоо мушгисан нэгэн. Ахаасаа олон насны зөрүүтэй бага хүүгээ аав ээж нь амьхандаа энхрийлэх ч нөгөөх нь урь оров уу үгүй юу хөдөө айл руу явна хэмээн зүтгэнэ. Зэмлээд ч тусыг үл олох тул морь битгий унуулаарай хэмээн захиж хөдөө явуулдаг байж. Ийн хөдөөгийн эгэл амьдралд дурлаж, хүлгийн нуруун дээр дарцаглаж явахыг жаргал хэмээн үзсэн Мөнхбат хүү олон жилийн дараа төрийн зарлиг уншуулж, Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг гардан авахдаа  Хундага тайж, Гончиг тайж, Очир тойн, Сэрээ тойн зэрэг нутгийн зартай уяачид өвөг дээдсээ санагалзаж зогссон гэнэ лээ. Шинэхэн Алдартыг зочин хоймортоо урьж хууч дэлгэснээ уншигч танаа хүргэе.

МАНАЙ ДЭЭДЧҮҮЛ ҮЛ-ОЛДОХЫН ТАЛААР НУТАГЛАЖ ЯВСАН НЭРТЭЙ УЯАЧИД 

-Алтан унжлагат гал тахиа жилийн босгон дээр МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хэдэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байгаа энэ вэ?
-Баярлалаа. Монголчуудын уламжлалт баяр сар шинийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг төрийн тэргүүнээсээ гардаж авлаа. Энэ бол миний 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шим юм. Их баяртай байгаа. 
-Хулд нутаг хурдтай гэдгээ баталж нэг дор хоёр Алдарт төрлөө.
-Тиймээ. Манай нутаг эрт дээр үеэсээ хурдан хурц хүлэг морьд, эрдэмт мэргэн уяачдаараа цуутай. Энэ нутгаас МУ-ын Манлай уяач нэг, улсын Алдарт уяач дөрөв төрөн гараад байна.
-Манлай нь хэн билээ?
-Содномпил гуай чинь манай Хулдынх шүү дээ. Алдарт уяачид гэвэл хамгийн анхных нь Махбуриадын Энэбиш агсан. Дараа нь манай Баяр /Бандиагийн Баярсайхан/ болсон. Бид Баяраагаа сайхан булган сүүлтэй байна хэмээн бэлгэшээж байгаа. Яагаад гэхээр өнөө жил түүний хүү Лхагва-Очир, миний бие улсын Алдарт уяач цолыг зэрэг хүртлээ.
-Танай дээдчүүл нутаг усандаа нэртэй уяачид байсан хэмээн сонсож байсан юм байна. Тэднийхээ талаар хуучлаач?
-Ээжийн талын өвөг дээдэс болох Хундага тайж, Гончиг тайж, Очир тойн зэрэг хүмүүс нь нутаг хошуундаа нэр хүндтэй, морь сайн уядаг, хурдтай уяачид байсан. Энэ хүмүүс Хулд сумын урдуур Олдох, Цагаан чулуу хавиар нутагладаг байсан юм билээ.
-Тантай аль талаараа хамаатах вэ?
-Ээжийн талаар. Их дээр үеийн улс учраас би сайн мэддэггүй юм. Ямартаа ч нутгийнхны ярих нь морь  таньдаг, сайн уядаг байсан гэнэ лээ. Тэднийг залгамжилж морь уян удмынхаа нэрийг өргөсөн хүн бол МУ-ын Алдарт уяач Энэбиш агсан. Энэ хүн бол дээрх тайжуудын удмын хүн. Бид хаяалууд юм. Харин аймгийн МСУХ-ны тэргүүн Ганхүү ах бид хоёр бол үеэлүүд. Ганхүү ахын ээж, манай ээж хоёр төрсөн эгч дүүс. 
-Тайж, тойн гэхээр хөрөнгө чинээний хувьд чамлахааргүй улс байсан байлгүй. Адуу мал олонтой байсан гэнэ үү?
-Тэгэлгүй яахав. Их олон малтай, баян чинээлэг улс байсан гэнэ лээ. Тэргүүн хонгорын эзэн Эрболдын аав Дэмчигцоодол чинь яг манай нутгийн хүн байхгүй юу. Мань эрийн ярих нь “Тайж ах дүү хоёр одоогийн Өмнөговь аймагт болсон даншиг наадамд оччихоод “Бид хоёрын морь түрүү, аман хүзүүдэх нь тодорхой байна, Өнөө шөнийн хоол нь мэднэ” гэж ярилцаж байсан юм гэнэ лээ. Тэгээд шөнө морины хоолоо тааруулж байхдаа дүү нь гэлүү сэмхэн босоод өөрийнхөө моринд жаахан ажил хийгээд маргааш нь түрүүлгэж байсан” гэдэг юм. Тэгэхээр мэдрэмжтэй сайн л уяачид байсан байгаа биз.

АНХ МОРЬ УНААД ЦААСАН БОРЫГОО АЙРАГДУУЛЖ БАЙЛАА

-Алдарт төвийн хүүхэд хэдий ч ээж, аавдаа зэмлүүлэхээ ч тоолгүй хөдөө амьтай нэгэн байсан хэмээн сонсож байсан. Хөдөө явах тэгтлээ сайхан санагддаг байсан хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Ямар сайндаа л аав, ээждээ загнуулан барин зүтгэж байхав. Миний үеийнхэн зуны амралтаараа пионерийн зуслан явж амрах гэж тэмүүлдэг байхад би хөдөө явна гээд зөрүүдэлдэг байлаа. /инээв/
-Аав, ээж тань ямар ажил эрхэлж байсан улс вэ?
-Миний аав Хулд сумын харьяат Орилжингийн Сосор гэж Дундговь аймгийн 17-р авто баазыг анх үүсгэн байгуулалцсан цөөн жолоочийн нэг. Насаараа жолоо мушгисан ёстой нөгөө бурхан жолоочдын нэг дээ. Аав маань ажилсагаараа алдартай хүн. Хэдэн жилийн өмнө бурхны орноо одсоон.
-Ээж тань...
-Бас жолооч. Гэхдээ жижиг тэрэг барьдаг байсан. Хамгийн сүүлд түргэний машин барьж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Тухайн үед жолооч нар өндөр цалин авдаг, бололцоотой амьдралтай байлаа. Тийм болоод ч тэрүү нутгийнхан манайхыг баян Сосорынх гэдэг байсан./инээв/ 
-Тээврийн тэрэгний жолооч нар өндөр цалин авдаг байсан гэх юм билээ?
-Социализмын үед жолооч нар их нэр хүндтэй байлаа. Ялангуа хөдөө явахад их хүндэтгэнээ. Нүүлгэж өгдөг байсан болохоор арга ч үгүй байх л даа. Намайг хэдтэй байхад юм бэ дээ, аав ЗИЛ хэд билээ бөмбөгөр кабинтай шинэ тэрэг авлаа. Тэрнийх нь хамар дээр цагаан баавгайтай. Хөдөө айлд оччихсон нэг их халуун нартай өдөр гадаа сууж байсан чинь нэг машин ирээд. Тэгсэн би гэрээ санасан юмуу яасан юм  “хамар дээрээ цагаан баавгайтай машин үзэгдэнэ үү” гээд асууж байснаа ер мартдаггүй юм. Тэгсэн тэр Өмнөговийн жолооч байсан.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би эцэг эхээс гурвуулаа. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Айлын бага хүү. Манай хоёр надаас өөр. Хөдөө явах дургүй. 
-Хөдөө хэнийд очдог байсан юм бэ?
-Ээжийн ах Амаа гэж айлд очдог байсан юм. Амаа нэгдлийн адуу малладаг. Сургуульд ч ороогүй жаахан байхдаа тэднийд очно гээд уйлна. Аав ээж хоёр айлд очиж зарагдах гэлээ гээд зэмлэхээр зүтгэсээр байгаад явдаг. Гол нь морь л унах гэж тэр шүү дээ. Би багын л  адуунд дуртай хүүхэд байсан.
-Хурдан морь унадаг байсан юм уу?
-Ээж ахдаа намайг морь унуулж болохгүй шүү гээд захичихсан. Амаа бид хоёр хуйвалдаад ээж, аавд хэлэлгүйгээр Хулдын наадамд түүний  Цаасан бор морийг унахаар боллоо. Их хурдан морь л доо. Анх удаа хурдан морь унаж байгааг хэлэх үү Цаасан бор гараад л тасарчихсан. Нэг мэдсэн ганцаархнаа явж байдаг юм. Жаахан айсхийгээд явж байсан арын морьд ирээд. Тэгээд л айрагдуулсан даа. Тэр бор морь Хулд сумын наадамд олон түрүүлж, айрагдсан мундаг адуу л даа.
-Амаадаа магтуулсан уу?
-Хүрээд ирсэн манай гэрийнхэн хувийнхаа 67 гээд машинаар ирчихсэн наадам үзэж байсан.Тэгээд Амаа бид хоёр баригдахгүй хаачихав./инээв/Түүнээс хойш  цөөхөн хэдэн удаа хурдан морь унасаан.
-Отгон хүүгээ эрдслээс сэргийлээд морь унуулахаас татгалздаг байсан хэрэг байх даа?
-Тиймээ. Эгч, ах хоёр маань надаас найм, есөн насны зөрүүтэй. Тийм болохоор эрхлүүлнээ. Гэхдээ зөв эрхлүүлнэ. Долдугаар анги хүртлээ зун болгон хөдөө явдаг байсан. 
-Нутгийн тулхтай уяачдын амтат хуучийг чагнаж байв уу?
-Хүүхэд болохоор үнэ цэнийг нь мэддэггүй,анзаардаггүй байсан байх л даа. Яруу найрагч Баянмөнхийн өвөө нь Хулд сумын харьяат, “хурдан морьт” Авирмэд гэж хүн байдаг юм. Нутгийнхан хурдан морьт гэхээр андахгүй. Саяхан зурагтын нэвтрүүлэгт орохдоо нэрийнхээ учрыг тайлбарласан чинь манайхны дээдчүүл өгсөн юм билээ. Яасан гэхээр морь гаргаж өгчихөөд өөрөө түрүүлээд ирсэн гэсэн. Тэгэхэд нь манай дээдсүүд “хурдан морьтой хүүхэд юм” гэсээр хожмоо нэр нь шахуу болчихсон юм билээ. Хүүхэд байх үеийн дурсамж гэхээр наадам тараад аймгийн төвөөс морьдоо хөтлөөд сум руугаа явдаг байсан л хамгийн түрүүнд буудаг юм. Зуны халуунд олон цагаар морь хөтлөөд гэлдрүүлэх ч бас л амаргүй шүү. Нутгийн бараа харагдахаар нүд сэргээд, дуу аялаад л ...

АЙМГИЙНХАА 60 ЖИЛИЙН ОЙД ХЭЭР ҮРЭЭГЭЭ ДӨРВӨӨР ДАВХИУЛЖ АНХНЫ АЙРГАА ХҮРТСЭН

-Нэг хэсэг сургууль соёлын мөр хөөгөөд адуу малнаас хөндийрсөн байх?
-Тэгсээн. 1981 онд 10-р ангиа төгсөөд Зөвлөлтийн бэлтгэлд нэг жил суралцаад 82 онд Москвагийн Автозамын дээд сургуульд оюутнаар элссэн. Монголдоо Польтехникийн дээд сургуулийн барилгын инженерийн ангид суралцаж төгсөхөд Монгол улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж таараад  бусдын нэгэн адил хувийн бизнес эрхэлж хэсэгтээ хобби хүсэл сонирхолдоо зав гаргаж амжихгүй л байсан. Тэгж байгаад 1990-ээд оны сүүл үед Уртын Дамдинжав гуайгаас Иж планета 5 мотоциклиор хавчиг хээр азарга авч байлаа. 
-Ардын дуу болтлоо аялагдсан алдарт Толин хулын унага эзэнтэй хэрхэн танилцсан юм бэ? Тэр түүх сонин байна?
-Төв аймгийн дарга байсан “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Гомбожав гуай миний төрсөн ах Мөнхбаатар хоёр нэг айлын баз хүргэнүүд юм. Гомбожав гуай Уртын Дамдинжав гуайтай хамаатан юм билээ. Тэгээд тэр жил улсын наадамд морь уяад ирчихсэн Яармагт байхад нь намайг танилцуулсан юм. Морь уях битүүхэн хүсэлтэй явсан надад Дамдинжав гуай дүүгийнхээ хээр азаргыг санал болгоод би хэлсэн үнээр нь авч байлаа.
-Тэр хээр азарга яаж давхисан бэ?
-1998 оны  “Их хурд-1” уралдаанд 40,50-иадаар давхисан. Налайхад байсан Улсын Алдарт уяач Ажгаагийн Алтангадас уядаг байсан юм. Хээр азарга уг нь сайн адуу. Даанч хэргийг нь гаргаж чадаагүй. Хэнтийн Мөрөнгөөс авсан сайн зээрд морьтойгоо хамт хулгайд алдчихсан юм. Нэг үе Налайх хавиар хулгай ширүүн байсан шүү. 
-Тийм байх шүү. Адуугаа тэр чигт хулгайд алдсан гээд нулимс дуслуулан ярьж байсан нэгэн уяач санаанд орох чинь...
-Хамт алга болсон Гомбын зээрд гэдэг тэр их сайхан адуу байсан. “Их хурд-1”-д бас л 20-н хэдээр давхиж байсан юм. Хулгай хар мөртэй гэдэг шүү дээ. Дөнгөж морь уяж эхлээд чамгүй үнэтэй адуу автал хулгайд алдчихаар урам хугардаг юм билээ. Адуу гэдэг нэг талаараа аз хийморийн амьтан шүү дээ. Тэгж бодоод хэсэг завсарлахаар шийдэж  хоёр гурван жил өнжөөд 2002 онд аймгийнхаа 60 жилийн ойд хээр шүдлэнгээ дөрвөөр давхиулсан. 
-Хаанахын адуу юм бэ?
-Алтангадас Алдартын адуу.Надад өгсөн юм. Аймгийнхаа түүхт ойгоос анхны айргаа хүртээд их урам орсон. Тэгээд л түүнээс хойш мориноос холдоогүй ээ. Тэр жил Ганхүү ах бид хоёр түрүүлсэн их насны морийг нь УАЗ-469 машинаар байлж байсан юм. Тэр үедээ том бай л даа. 
-Тэгэлгүй яахав. Одоо ч багад тооцогдохгүй байх
-Удалгүй би адуугаа авч Төв аймгийн Алтанбулаг суманд аваачин адуу судлаач Самданжамц гуайн худуудаар хэсэг уяулсан. Бага жижиг наадмуудад айрагдаж байсан ч томоохон наадамд ороогүй ээ. Тэгээд 2008, 2009 оны үед Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат талийгаач Хуягбаатар найзтайгаа таараад хамтрахаар шийдсэн. 
-Та олон газраас адуу авсан уу?
-Сүхбаатар, Хэнтий чигээс их олон адуу авсан. Одоо өсөж үржээд Ганхүү ах бид хоёрын адуу 200 гаруй болчихоод байна.

САЙН ХҮЛЭГ ЭЗНЭЭ ХАЙЖ ЯВДАГ ГЭДЭГ ҮНЭН ЮМ БИЛЭЭ
-Төрийн наадмын хишиг хүртээсэн хүрэн морьтойгоо хэрхэн таарсан юм бэ? Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг шүү дээ?
-Наад үг чинь үнэхээр үнэн шүү. “Их хурд”-д түрүүлдэг Эрдэнэгэрэлийн халзан морийг мэднэ биз дээ.
-Нээрэн таныг зуучилсан гэдэг байх шүү?
-Тэр үед би Тогтох гээд Өвөрмонгол найзаасаа хээр азарга, хээр морь авч өөрөөр нь уяулж байсан юм. Хээр морь нь их сайн адуу. Давхил хийхэд дандаа халзан мориныхоо урд ирдэг. Тийм болохоор би халзан морийг авъя гэж шамдаагүй. Гэтэл яг наадмын урдхан хээр морины маань хөл болохоо байчихаад уралдуулж чадсангүй. 
-Хурдан байсан адуу эмгэг олчихоор хэцүү шүү?
-Хэлээд яахав. Халзан морио Өвөрмонголоос ирсэн  хүүхдээр унуулаад явуулчихсан гараад л өнгөлчихсөн. Гэтэл нөгөө золиг чинь Цагаан хөтөлийн доор зам товчлох гэж байгаад унаад. Морийг нь  барьж авч мордуулах гэж хугацаа алдаад улсад 10-аар давхисан юм. Тэгсэн Тогтох сэтгэлээр унаад халзан морио зарчихаад явмаар байна гээд болдоггүй. Тэгээд л би Эрдэнэгэрэл найздаа санал тавьж наймаа хийлгэсэн юм. 
-1.5 саяар зарагдсан гэдэг билүү?
-10 саяар авсан санагдах юм. Аваад хэдхэн хоногийн дараа “Их хурд”-д түрүүлээд, Алтан-Овооны тахилга зүүн бүсийн наадамд тавлаад, дараа жил нь Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд дөрвөлсөн шүү дээ. Яагаад халзан морины тухай яриад байна вэ гэхээр сайн морь эзнээ эрж явдаг гэдэг үнэн юм билээ гэдгийн бас нэгэн жишээ болгох гээд. Хүрэн морины тухайд манай аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Рэнцэн хурандаа 2010 онд санал болгосон юм. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шарын Тожингуудын угшилтай. Дарьганга суманд амьдардаг Шарын Мөнхбаатар гэж гагнуурчин залуу байдаг юм билээ. Рэнцэн ах, Эрдэнэчулуун Манлай хоёр тэр залуутай наймаа хийж, нийлж байгаад морь аваад тэр жилээ улсад 10-аар давхиулсан. Түүнийхээ дараа надад санал тавьсан юм.
-2010 онд улсад арваар давхисан морь чамгүй үнэтэй байсан байлгүй?
-Морио үзэж хараагүй хэрнээ 20 хэдэн сая төгрөгийн наймаа хийчихсэн. Гэхдээ алдаагүй ээ. Наймаа хийсний дараа Эрдэнэчулуун Манлай “хүрэн морио очиж үзээч” гээд. Миний морь шинжинэ гэж юу байхав. Харсан аятайхан адуу санагдаад “сайхан морь байнаа. Манлай минь сайн уях юм байгаа биз дээ” гэсэн. Урдаас “аваачиж өөр хүнээр  уяул” гэж тоглоом хийгээд ... /инээв /Та өөрөө л уяаг нь эвлүүл гэсэн Эрээ хурандаа /Рэнцэн/“муу туучий намайг хүрэн морьтойгоо цуг зарчихлаа шүү” гээд бөөн инээдэм болсон. Манлай бид хэд чинь бүр багын найзууд л даа. Аав нь сахал Дамбадаржаа гээд жолооч байсан. Баазын байрны найзууд байхгүй юу. Тухайн үедээ Манлайн дүү Энхсүхтэй би тоглодог. Одоо бурхан болчихсон. Харин Манлай манай Мөнхбаатар ах, Ганхүү ах нартай нэг үеийнх. 
-2011 онд хэд уралдсан юм бэ?
-Дундговь аймгийн 70 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан. Тэрний дараа жил Дүнжингаравт 13-аар, “Их мандал” говийн бүсийн даншигт 11-ээр давхисан юм. 2013 онд болохоор Дундговь аймгийн баяр наадамд аман хүзүүнд хурдлаад, “Их хурд”-д хараахан айрагдаж чадалгүй зургаалсан. Тэрэн дээр ёстой миний хоншоор дутсан байх. Тэгээд Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн наадамд очиж бас ахиж зургаалаад, Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдааны зүүн бүсэд аман хүзүүнд давхисан.
-2013 онд нэлээн олон уралджээ?
-Тэгсээн. Улсын наадамд хойхнуур давхисан санагдаж байна. 
-Хоёр ч том наадамд зургаалж. Зургаа зуу хоёр адилхан гэж бодогддог юм байна уу?
-Өө бодогдолгүй яахав. 2013 онд Их хурдад  уралдахаар болсноо Манлай надад хэлээгүй. Уралдаанд явах замдаа Хуягбаатарынхаар орж хоночихоод ирсэн юм билээ. Тэгэхэд нь Цаасан бор гээд Хэнтийн Энхболд гэж залуугаас авсан их морь бас уягдаж байсан юм билээ. Манлай харчихаад талийгаач Хуягбаатарт “бор морь чинь хурдан байгаа юм байна. Их хурд руу аваад явбал яасан юм” гэж хэлсэн юм билээ. Тэгсэн Лхаагий хүрэн морины дүү цэгээн морио аваад ирсэн байсан. Би чинь 2013 оны “Их хурд”-д хоёр морь мордуулсан ш дээ. Хүрэн моринд ажил хийчихээд явж байх үед нь манай хүргэн зургийг нь дарчихсан. Сошиалд их тархсан байна лээ. Чи үзсэн үү./авчирч үзүүлэв/
-Тийм шүү. Цөөнгүй удаа харж байсан юм байна
-Зэрвэс харахад чоно шиг байгаа биз. Хурдан морины бүхий л шинжүүд тодорсон зураг хэмээн хүмүүс их үнэлээд байгаа юм. Их хурдын урьд орой Манлайн хамтаар тэр хавиар явж уралдах морьдыг шинжсэн юм. Сайн морьд олон ирсэн байсан л даа. Тэгсэн Манлай “за Мөөгий минь сайн залбираарай, чиний хүрэн морь айрагдаж мэдэхээр байна шүү” гэсэн. Би ч тэр шөнө хэрэндээ л сайн залбирч хоолыг нь тааруулж хариуцлага өндөр хоносон. Гэтэл маргааш нь хүүхэд гараа алдаж гараад зүтгэсээр байгаад зургаалсан даа. Магадгүй ахиад жаахан явсан бол баталгаатай айрагдах байсан байх. Дараа нь бичлэгийг нь үзээд тэгж бодогдсон. Тухайн үед Манлай “Мөөгий чиний  хоншоор дутаад байна шүү” гэсэн. Завханд очоод уралдсан ахиад зургааллаа. Манлайн хэлсэн үг санаанаас гардаггүй. Чиний хэлдгээр зургаа, 100 хоёр адилхан юм билээ. Завханаас буцах замдаа Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд уралдуулсан Цаасан бор морь маань түрүүлээд, хүрэн морь гурваллаа. Тэр наадамд Манлайн хүрэн азарга зургаалсан юм. Тэгэхээр нь уралдааны дараа зориуд “зургаалаад байсны учир нь танд байсан байна шүү” гэж хэлээд бөөн инээдэм болсон. 
-Тэрний дараа Гиннесийн уралдаанд уралдсан уу?
-Тэгсэн. Би хувьдаа уралдуулах бодолгүй байсан. Гэтэл мань эр /Манлай уяач Эрдэнэчулуун/ ирчихээд “одоо л аятайхан болчихож” гээд. Уяан дээр ирсэн нутгийн уяачид болохоор “ээ дээ хэтэрчихсэн юм бишүү” гээд байдаг. Би Манлайгаас илүү хүрэн морио мэдэрнэ гэж юу байхав гэж бодоод дуугараагүй. Гэхдээ дотор яагаад ч юм айрагдчих болов уу гэсэн бодол байсан шүү. 
-Юу нь тэгж итгэл төрүүлсэн юм бэ?
-Яагаад ч юм тэгж санагдсан. Тэгээд дэлхийн хэмжээний тэр том уралдаанд бүсдээ аман хүзүүнд хурдлахад үнэхээр их баярласан. Монгол хүн морио айрагдаж түрүүлэхэд баярлахгүй байна гэж юу байхав. Самсаа шархирч огшоод л... 
-2014 онд танд төрийн наадмын анхны айргийг авчирсан...
-Тэгсэн. Төрийнхөө наадамд айргийн дөрвөөр давхиад, давхар уяагаар “Их мандал” төвийн бүсийн даншигт аман хүзүүдсэн шүү дээ. Бүсийн наадамд морь айрагдах сайхан ч улсын наадмынх илүү санагддаг юм билээ. Төрийнхөө наадамд их морь айрагдуулчихаад цоллуулж зогсохдоо  өвөг дээдэс минь дээд тэнгэрээс харж байгаа байх даа. Тэдний минь буян хишиг надад ирлээ хэмээн бодсон.
-Хүн баяр жаргалтай мөчдөө хамгийн дотны хүнээ санагалздаг гэдэг. Бас бусдад талархах сэтгэл төрдөг юм шиг байгаа юм?
-Тэр үнэн юм билээ шүү. Сая Алдарт уяач цолоо гардан авах мөчид мөн л өвөг дээдэс эцэг эхээ санагалзсан. 
-Хүрэн морь 2015 онд улсад арваар давхисан. 2016 онд хэдээр давхисан юм бэ?
-Нас нь ахичихсан учраас уралдуулаагүй юмаа. Хүрэн морийг Эрдэнэчулуун Манлай маш сайн уясан. Ер нь тэгээд харж байхад сайн морь, сайн уяачтай таарч байж л сая амжилт үзүүлдэг юм байна. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Эрдэнэчулуун Манлайдаа талархаж явдгаа илэрхийлье. 
-Заримдаа цэгээн гээд зарлаж байх юм. Танай нутагт хүрэн адууг цэгээн гэдэг хэрэг үү?
-Тийм тал ч бий л дээ. Гэхдээ миний хүрэн морийг хүрэн л гэдэг. Зурагтынхан заримдаа андуураад цэгээн гээд зарлаад байдаг нь хүрэн морьтой эцэг нэгтэй цэгээн морьтой андуурдаг байж болох юм. Дундговь хавиараа сайн давхиж байгаа адуу л даа
-2014 оны “Дүнжинагаравын хурд”-д бас нэг хүрэн морь айрагдсан. Тэр биш үү?
-Биш ээ, 2014 оны Дүнжингаравт дөрвөөр давхидаг хүрэн морь бол Эрдэнэчулуун Тод манлайн адуу. Уяа сойлгыг нь талийгч Дашдэлэгийн Хуягбаатар найзын маань хүү Лхагважав тааруулдаг. Бид Дүнж хүрэн гэдэг юм.
-Эрдэнэчулуунуудын өгсөн хүрэн зүсмийн адуугаар одтой нааддаг хүн юмаа даа?
-Нээрэн тийм байна шүү. Нэлээд хэдэн жилийн өмнө би Эрдэнэчулуун Тод манлайдаа нэг өрөө байр бэлэглэж байсан юм. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдэгчлэн Эрдэнэчулуун маань надад сайхан хүрэн морь бэлэглэсэн. Мөн миний хүү Жавхаад шарга азаргатай нь уралддаг байсан хар азарганыхаа төл зээрд халзан даага өгсөн. Тэр халзангийн төл хар даага өнгөрсөн жил говийн бүсийн уралдаанд талийгаач Хуягбаатарын бага хүү Лхагважав маань уяж хурдлуулан барианы зурхай хүртэл шувтан хөтөлж яваад үзүүр дээрээ аман хүзүүдүүлсэн. Хуягбаатарын маань хэдэн хүүхдүүд Ганхүү ах бид хоёрын морьдын уяа сойлгыг тааруулдаг. Эд нар маань маш сайн ирээдүйтэй уяачид байгаа юм. 
-Дүнж хүрэн чинь одоогоор ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Дүнжингаравт айрагдсан жилээ Мандалын хурдад бас айрагдсан. Том наадамд цөөн орсон ч бага наадмуудад олон түрүүлж айрагдсан шүү. 
-2016 оны говийн бүсийн уралдаан Дундговьчуудынх боллоо. Таны хувьд унаган тамгатай хар даагаа аман хүзүүнд хурдлуулсан?
-Тэгсээн. Миний өөрийн унаган хар даага аман хүзүүдэж, Баярын маань унаган үрээ айрагдсан. Одоогийн байдлаар би том наадмаас түрүү хүртээгүй. Дандаа л айрагдуулж байна.
Европын хамгийн үнэтэй азарганы төлийг Монголдоо авчирсан
-Түрүү хүртэх мөч тун ойрхон бий байхаа. Та адуугаа чанаржуулахад нэлээд анхаардаг шүү дээ. Ирландаас авчирсан нөгөө хэд дажгүй юу?
-Адууны удам угшил маш их чухал. Морин спорт өндөр хөгжсөн улс орнууд адуугаа чанаржуулахад олон зуун жилийн өмнөөс анхаарч өнөөдөр түүнийхээ үр дүнг хүртэж байна шүү дээ. Монголчууд бид ч гэсэн тун удахгүй уламжлалт морин уралдаанаас гадна олон улсын стандартад нийцсэн дэлхийн хэмжээний уралдааныг эх орондоо хийдэг болох байх. Түүнд бэлтгэж уржнан Ирландаас хоёр гүү, нэг азарга авчирсан. Азаргыг нь Жорж гэдэг юм. Та бүхэн дуулсан л байх. Алдарт Галилеон төл шүү дээ. 
-Европын хамгийн үнэтэй азаргануудын нэг биз дээ?
-Тиймээ,над тэр алдарт азарганы үр төлийг авах сайхан завшаан тохиосон юм. Галилеогийн нэг удаагийн хээлтүүлэг 350  мянган еврогийн үнэтэй байдаг. Гэтэл надад 50.000 еврогоор авах завшаан тохиосон. Тэгээд хоёр гүүний хамт уржнан монголдоо авчраад өнгөрсөн жил эхний төлүүд нь гарсан. 
-Ямар унага гарсан бэ?
-Эр унага гарсан. Нэгэнт ийм сайн цус аваад ирсэн юм чинь цэврээр хадгалъя гэсэн бодолтой Англи гүүнүүд хураалгаж байгаа. 
-Хэр нутагшиж байна даа. Арчилгаа маллагаа чухал байх шүү?
-Тэр хамгийн чухал нь. Ирланд бол зөөлөн чийглэг уур амьсгалтай мөнхийн ногоон орон шүү дээ Харин манайх болохоор эрс тэс хуурай уур амьсгалтай. Тэгж бодоод жүчээгээ нэлээд сайжруулсан. Ирландын жишигт арай хүрэхгүй ч монголдоо гайгүйд тооцогдох байхаа. Цэвэр адуунуудын маань үржил, арчилгаа маллагааг  Нараа эмч хариуцдаг. Монголд төрсөн унаганууд нь цаг уур, орчиндоо дасан зохицох чадвар нь илүү бололтой юм. Цөөн тооны гүүнд цэвэр үржүүлэг хийхээс гадна эрлийз ангилалд уралдах ирээдүйн хурдуудыг бэлтгэх үүднээс монгол гүү мөн хураалгаж байгаа. Ноднин 20-иод гүү тавьсан, энэ жил чадвал 20-иод гүү хээлтүүлэх бодолтой байна.
-Удахгүй Америк явна гэж байсан. Ажил хэргийн шугамаар уу, аль эсвэл адуу малын хэргээр үү?
-Ирланд, Англи бол жинхэнэ утгаараа адууны орон. Морин спортоо бизнес болгож чадсан. Саяхан бид олон улсын үржлийн фермерүүдийг сурталчлах арга хэмжээнд оролцоод ирлээ. Ирландад 25, 26 том үржүүлгийн ферм байна. Дэлхийд алдартай ноймер нэгд тооцогддог  Күүлмоор студиэс эхлээд Арабын Шейхийн ферм ч бий. Тэдний туршлагаас судаллаа. Одоо Америкийн  Кентаки мужид очиж туршлага судлах бодолтой байна. Энэ сарын сүүлчээр /4-р сар/явах бодолтой байгаа. Ийнхүү гадны өндөр хөгжилтэй улс орны туршлагаас хуваалцаж байж л хөгжинө шүү дээ.
-Ирээдүйд Монголдоо үржлийн томоохон студи байгуулахаар зорьж байгаа юм байна гэж ойлголоо. Миний таамаг зөв үү?
-Тиймээ. Жорж дээрээ тулгуурлаад өөрийн гэсэн үүлдэр гаргаж  авъя гэж бодож байна. Жорж маань халтар зүстэй. Монгол нэрийг нь Мандал гэдэг. Хэдэн жилийн дараа Мандал халтарын гээд том угшил гарах байх гэж боддог. Хэдэн жилийн дараа монголд морин тойруулга баригдах байх. Тэнд уралдах адуунуудыг эртнээс бэлтгэх ёстой. Энэ бол дан ганц хувь хүний, миний бодол хүсэл биш улсын хэмжээний бодлого байх ёстой. Ирландын үржлийн фермүүдийн нэг удаагийн хэлтүүлгийн үнэ  5000-300000 еврогийн ханштай. Нэг азарга дунджаар 30-40 гүү хээлтүүлнэ гээд тооцохоор  ямар их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа нь тооцогдож байгаа биз. Ийм том зах зээл хүлээж байхад манай МСУХ ч юмуу, томоохон бизнесменүүд хамтраад олон улсын стандартад нийцсэн адууны үржлийн ферм байгуулж болохоор юм шиг санагдсанаа нуугаад яахав. Сая  үржлийн фермерүүдийн сурталчлах арга хэмжээнд оролцохдоо Гобс гээд дуудлага худалдааны газраар мөн орлоо. Гуравхан өдөрт  1000 еврогоос эхлээд 200, 300 мянган еврогийн үнэтэй 750 адуу зарагдаж байна. Дээр нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр тойруулгын уралдаанууд зохион байгуулагддаг гэж үзэхээр энэ салбарт ямар их хэмжээний хөрөнгө эргэлдэж байгаа нь төсөөлөгдөх байх. Улсынхаа төсөвт ч нэлээд хэмжээний хөрөнгө оруулдаг гэнэ лээ.
Дан ганц хөрөнгө мөнгөний хувьд ч биш мал эмнэлэг, үзвэр үйлчилгээ  гээд морь тойрсон бусад салбарууд нь маш өндөр хөгжсөн. Нэг жишээ хэлье л дээ. Сая би Жоржийнхоо үсийг, унаганых нь үстэй авч  очоод Ирландад байдаг дэлхийн нэг номерийн адууны хурдны шинжилгээ хийдэг лабораторид нь шинжлүүллээ. Англи адууг СС, ТТ гэж хоёр ангилдаг юм. СС гэдэг нь ойрын зайны уралдааных, ТТ гэдэг нь холын зайны уралдааных. СС ангиллын адуу нь харайх, бүжиглэх зэрэгт илүү амжилт олдог. Өөрөөр хэлбэл, олимпод орох адуу гэсэн үг. Харин ТТ ангиллын адуу уралдана.
-Жоржийн төл ямар ангиллын адуу байсан бэ?
-Жорж Галилеогийн төл учраас ТТ ангиллын адуу. Унага нь түүнийг нь дуурайгаад ТТ ангиллынх байна лээ. 
-Эх нь мөн ТТ байсан гэсэн үг үү?
-Тиймээ. Тэгэхээр холын зайн уралдааны адуу гэсэн үг. Энэ мэтээр адууг унаганд нь аль төрөлд өрсөлдвөл илүү амжилт үзүүлэх вэ гэдгийг нь урьдчилан тогтоочихдог болсон байна. 
-Бүх зүйлд шинжлэх ухаанч үндэслэлээр хандана гэсэн үг байх нь ...
-Яг тийм. Тэндээс суралцах юм их байна шүү.
-Өрөөнд орж ирсэн цагаас эхлээд л таны ширээний ард байх тэр нэгэн зураг хараа булаагаад байх юм. Учиртай л эд байх даа?
-Хурдан адууны гурван үеийг харуулсан сайхан зураг байгаа юм. Манай нутгийн нэг зураач зурж өгсөн юм. Захынх нь Галилео байна. Голынх нь Франкел гээд миний Жоржийн ах. Нөгөө захынх нь Галилеон эцэг алдарт Сайдлерс Веллс бол манай Жоржийн өвөө шүү дээ. Сайдлерс Веллсийн эцэг нь алдарт Умардын бүжигчин гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. 
-Олонтаа дуулсаан. Гэр бүлийнхэн тань хобби хүсэл сонирхлыг чинь дэмждэг үү?
-Манайх  хоёр охин, хоёр хүү, зургаан ач, зээтэй. Хүүхдүүд маань бүгд бизнесийн салбарт ажилладаг. Том охин Саруул маань “Хулан-Уул” компаниа удирдан EFES хүнсний сүлжээ дэлгүүр, ресторан болон бусад бизнесээ удирдан явуулдаг. Том хүү Лхагвасүрэн маань миний мэргэжлийг өвлөн барилгын инженер болж “Эфэс констракшн” гэдэг барилгын компаниа удирдаж байна. Дараагийн охин маань анагаах чиглэлээр төгссөн. Одоо “Цацрал” гоо сайхны салон ажиллуулдаг. Харин бага хүү маань намайг дуурайсан моринд дуртай. Багадаа улсын наадамд хурдан морь унаж байсан. Улсууд хүний хүүхдээр морь унуулдаг гээд шүүмжилдэг. Гэтэл унах насны хүүхэдтэй хүн бол унуулна ш дээ. Хүү минь хотод төрж өссөн хэдий ч моринд их дуртай. Дээдчүүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж морь уях байх хэмээн итгэдэг юм. Тэгээд саяхан Ганхүү ахтай уулзахдаа “уяач удам маань та бид хоёроор дуусахвий гэж эмээдэг байсан Жавхаа залгах бололтой” гэсэн дуртай байна лээ. Хүүдээ урам зориг өгөх үүднээс аймгийн чанартай уралдааны амжилтаа хүү дээрээ тооцуулж байгаа. Миний хүү Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. “Efes хүнс” гээд мах махан бүтээгдэхүүн савлах, талх нарийн боовны үйлдвэрээ ажиллуулдаг юм. Ажлынхаа хажуугаар адуу малынхаа асуудлыг хариуцна. Би зарим нэгийг нь мэдэхгүй байхад Жавхаа андахгүй шүү. Миний хань Цэцэгсүрэн уяач хүний арын бүх ажлыг надаар хэлүүлэлтгүй амжуулдаг хүн бий. Манай гэр бүлийн бизнесийн болон манай Монгол улсын Алдарт уяач гэсэн хүндтэй цол хэргэм авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол миний хань байгаа юм.  
-Хулд  сумын МСУХ-ны тэргүүнээр ажилладаг. Холбооныхоо сонин сайхнаас дуулгаач?
-Би Хулд сумынхаа МСУХ-ны тэргүүн, аймгийнхаа “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг. Өнөө жил манай аймгийн МСУХ-ны 20 жилийн ой тохиож байгаа юм. Ойгоо тохиолдуулан 4 сарын 2-ноос эхлээд /Цагаандэлгэр сумаас/бүх сумдаараа тойрч уяачдын зөвлөгөөн хийх юм. Хулд суманд 4-р сарын 17-нд зөвлөгөөнтэй. Тэр үеэр нэлээд олон зүйл хийхээр төлөвлөж байна. Ноднин бид зөвлөгөөн хийхдээ сумынхаа бүх уяачдын тамганы дардсыг эсгий дээр даруулах ёслол хийсэн. Өвөрмөц их сайхан ёслол болсон. Хулдаас эхэлсэн сумынхаа газрын зураг бүхий эсгий дээр дарсан тамганы дардсыг бүх суманд хийхээр төлөвлөж байгаа. 
-Өвөрмөц сайхан санаа байна шүү.
-Харсан хүн болгон сайшааж байгаа. Миний зүгээс өнөө жил сумынхаа  “Хийморьт хүлэг” МСУХ-г гэртэй болгохоор төлөвлөж байгаа.
-Шинэ цагийн адуутай болох гэсэн нутгийн уяачид танд хандаж байна уу?
-Ноднин хоёр гурван хүн гүү тавьсан. Тэрний нэг манай Баяр хүрэн азарганыхаа төлийг хураалгасан. Энэ жил унагална. Бид ээлжилж төлийг авахаар ярилцсан юм. Манай Хуягбаатарын хүү Пүүжээгийн хурдан зээрд үрээний эхийг бас гишгүүлсэн. Бид хоёр бас ээлжилж төл авахаар тохиролцсон байгаа. Сая Ирландад явж байхдаа Сайдлерс Веллсийн төл азарганы төлийг гайгүй үнэтэй авах боломж гараад Баяртаа санал болгож, авсан. Польшид явж байгаа гэнэ лээ. Удахгүй ирэх байх. Энэ мэтчилэн манай уяачид дор бүрнээ адуугаа сайжруулж л байна. 
-Сайн сайхныг хүсч тэмүүлж байдаг тантай ярилцах таатай байлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай. Морь уях төрийн хэрэгтээ шамдан Тод манлай уяач болоорой.
-За баярлалаа. Ерөөлөөр болог. Танай сэтгүүлээр дамжуулан Монголынхоо нийт морь сонирхогчид, уяачдадаа уясан хүлэг болгон чинь хурдан сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна