Тод манлай уяач Д.Ганбаатар: Монгол уяачийн бий болгосон адуу дэлхийн том уралдаануудад түрүүлдэг болоосой хэмээн хүсч байна

Тэлмэн
2017 оны 11-р сарын 14 -нд

-2010 онд уулзахад “Монголын уяачид дэлхийд гарч уралдах цаг ойрхон байгаа” хэмээн ярьж байжээ. Бидний ярилцах энэ цаг мөчид таны үг биеллээ олсон байна. Алс холын мэт сонсогдож байсан тэр зүйлийг бодит болгож моринд хайртай монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн танд баярлалаа.
-Баярлалаа. Монгол хүн, Монгол уяач, Монгол хөдөлмөрч бизнесмэн том мөрөөдөлтэй, түүндээ хүрч чаддагийн жишээ. Энэ зөвхөн морин дээр ч биш бизнесийн аль ч салбарт тохиолдох гайхалтай мэдрэмж. Mongolian Saturday бол Ганбаатарын бус монголчуудын морь болсон. Монгол уяачийн морь дэлхийн аваргад түрүүлсэн тухай мэдээг сонсоод монголчууд тэр аяараа баярласан, бахархсан, омогшсон. Морь уядаггүй, морь ерөөсөө сонирхдоггүй хүмүүс ч гэсэн  онгирсон хөөрсөн. Монголчуудаа ингэж баярласныг сонсох миний хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй баяр бахдал, аз жаргал байсан.Одоо ингээд танд ярьж суухдаа ч түүнийг мэдэрч байна. Дэлхийн аваргатай болсон тэр гайхамшигт мөчийн тухай цаашдаа ч олон зуун жил яригдах байх. Мэдээж энэ түрүү бол морьтон монголчуудын хувьд сүүлийнх биш. Хэдэн жилийн өмнө танд хэлж байсан шигээ итгэлтэйгээр хэлэхэд дэлхийн морины том зах зээл дээр монголчууд мөдхөн томоохон байр суурь эзэлдэг болно. Энэ бол миний дараагийн том мөрөөдөл. Монголчууд та бид морины соёлоороо гайхагдах ард түмэн. Монголчуудын адуу шинжих, таних, эдлэх, уях, энэ бүх соёл дэлхийн аль ч улс орныхонтой харьцуулшгүй илүү. Морины соёл бидний генд хадгалагдан үр хойчид минь өвлөгдөж байдаг. 
-Санал нэг байна. Дэлхийд гарч уралдах бодол хэзээнээс төрсөн юм бэ?
-Морь уяад удаагүй байхдаа 2001, 2002 оны үед Доржсүрэн Манлай, Ганбат Алдарт нарын уяачидтай Япон, Солонгос, Австрали зэрэг орноор явж “морь уяхад хууль эрх зүйн орчин нь ямар байдаг” талаар судалж байлаа. Өөрөөр хэлбэл морин спорт өндөр хөгжсөн том зах зээлтэй, энэ улс орнуудад морь уралдуулбал бэрхшээлтэй болоод давуу тал нь юу байна гэдгийг ажигласан. 
-Бодож байснаас хамаагүй эрт юм гээч. 1998, 99 оны үеэс хурдан морь сонирхон цуглуулж эхэлсэн байдаг шүү дээ?
-Миний морь уясан уралдуулсан цаг хугацаа богино, туршлага нимгэн ч Монгол уяачийн ур чадвар мэдлэгт итгэж байсан гэх үү дээ. Зөн совин  ч гэж хэлж болох юм. Тэгээд тэр бодол минь улам бүр лавширч тав, 10 жилийн өмнөөс дэлхийн том уралдаанд морио түрүүлгэнэ хэмээн бодож, зарим  үед түүнийгээ илэрхийлдэг байсан.  
-Дэлхийн хэмжээний уралдаанд морио түрүүлгэнээ гээд л үү?
-Ганц өөртэй хамаатуулж бус монголчууд мориор дийлэх ёстой гэж. Зарим улсууд “хаа ч байгаа юм тэр морь нь. Морин спорт хэдэн зуун жилээр хөгжчихсөн тэр улс оронд морио түрүүлгэнэ гэдэг тэгж амархан бүтэх зүйл биш. Энэ нөхөр ч ер нь ёо ёотой байхаа” гэж хүртэл боддог байсан байх. Түүнийг нь ч буруутгах аргагүй. Яагаад гэвэл үнэхээр ч хэдэн зуун саяын хөрөнгө зараад насаараа уралдаад морио түрүүлгэж чадаагүй уяач олон бий.
-2000-гаад оны эхэн үед та бүхний очсон тэр улс орнуудын юу нь авууштай санагдаж байсан бэ?
-Нарийн сайн зохион байгуулалт. Бүх чиглэлдээ мундаг сайн зохион байгуулалттай. Үнэхээр гайхалтай гэж хэлж болохоор байсан. Тэр олон мянган үзэгчийг татаж байгаа менежмент, бооцооны систем гэх мэтчилэнгээс эхлээд санаа авах зүйл олон байсаан. Японы морин тойруулгын нэг удаагийн уралдааны бооцооны дүн нь 850 сая орчим америк доллароор хэмжигддэг. Нэг өдрийнх гээд тооцохоор ямар хэмжээний мөнгө эргэлдэж байгаа нь ойлгогдох байх. 
-Монголд морин тойруулга барих талаар эртнээс бодож төлөвлөж явдагийг тань мэднэ. Одоо ч хэвээрээ бололтой?
-Хэвээрээ байлгүй яахав. Морьтон монголчууд яагаад морин тойруулгатай байж болдоггүй юм. Одооны нийслэлийн удирдлагууд морь малтай ойрхон улс учраас найдаж л байна. Монголд морин тойруулга байгуулагдахгүй байгаа шалтгаан бол хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой. Эхлээд эрх орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.  
-Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад морь уях талаар судалж байгаад яагаад хаа холын Америкийг сонгосон юм бэ?
-Судалж үзэж байгаад хамгийн хууль эрх зүйн орчин сайтай, төвөг багатайгаар нь Америкийг сонгосон. Япон бол гадны уяачид нэвтрэхийн аргагүй өндөр шалгууртай юм билээ. Австрали болохоор зөвхөн тив дотроо л уралдахаар. Гэтэл бидний зорилго өөр. Америк бол агуу том зах зээл төдийгүй амжилт гаргаж чадвал дэлхийн аль ч улс оронд очоод уралдах боломжтой. Дубай, Европ гээд морин спорт хөгжсөн аль ч улс оронд уралдах бүрэн боломжтой. Дээр нь хууль эрх зүйн орчин нь боломжийн санагдсан. 
-Анхны морио хэдэн онд авч байсан бэ?
-2004 онд дуудлага худалдаанд оролцож арай хямд  үнэтэйгээс нь гурван адуу авсан. Тэгээд ганц хоёр жил туршиж үзээд 2010 оныг хүртэл завсарласан. Өндөр өртөгтэй оронд морь уяна гэдэг зөвхөн адууны үнээс гадна эмчилгээ, арчилгаа, маллагаа гээд сар тутмын өндөр зардлууд гарч байдаг. Тиймээс хэсэг завсарлахаар шийдсэн юм.
-Авах адуугаа өөрөө харж байгаад л сонгочихсон уу?
-Онон Тод манлай, тэдний хүү Батбилэг бас манай ганц хоёр найз цуг явсан. Эхний үед авсан адуугаа Америк уяачаар уяулсан. Тийм мундаг морь ч таараагүй байх, уяач нь ч бас мундаг байгаагүй биз. Анхны авсан морьд маань жижгэвтэр уралдаанд ганц нэг түрүүлсэн л дээ. Гэхдээ тэгсгээд уралдахаа больж, би ч хэсэг завсарласан.
-2010 онд илүү их хүсэл тэмүүлэл, туршлагатай эргэн ирсэн байх нь?
-Тэгж хэлж болноо. 2006 онд болихдоо “би ахин ирнэ ээ” хэмээн дотроо хэлж байсан юм. Ер нь тэгээд бизнес ч бай, спорт ч бай хувь хүний хүсэл эрмэлзэл их чухал. Том мөрөөдөж түүнийхээ төлөө хүсч тэмүүлэн эрмэлзэж чадаж байж амжилтанд хүрнэ. Дэлхийн хэмжээнд уралдахаар зорихдоо зөвхөн хувь хүний талаасаа бус монголчуудынхаа өмнөөс “Монгол хүн дэлхийн хэмжээнд уралдаж, уясан морь нь түрүүлэх ёстой” хэмээн хүсч бодож байсан учраас бурхан бидэнд сайн адуу заяасан. 
-Mongolian Saturday-г хэрхэн сонгосон тухайгаа ярьж өгөөч. Онон Тод манлай шинжиж таньсан гэдэг?
-Монгол уяачид ярьдаг шүү дээ “Адуу, эзэн хоёр биенээ хайж явдаг. Очих ёстой хүндээ очиж байж л  давхидаг” гэж. Би үүнд итгэдэг. Миний ам цагаан хээр азарга гэхэд л сумын наадамд уралдаж үзээгүй байсан адуу. Надад ирээд долоо, найман хоногийн дараа одоогийн Дүнжингарав уралдаанд уралдаж 300-гаад азарганаас түрүүлж байлаа. Тэрнээс өмнө МУ-ын Алдарт уяач Жамъяндорж гуайн нэрэмжит уралдаанд аман хүзүүдэж байсан. 10 хоногийн дотор битүү адуу ийм амжилт үзүүлнэ гэдэг нь учрах ёстой эзэнтэйгээ учирсаных биз дээ. Монгол уяачдын ярьдгаар бид хоёр бие биенийгээ хайж явсаар учирсан нь тэр. Mongolian Saturday-н хувьд ч ялгаагүй мөн тийм ерөөлөөр  учирсан хүлэг. Толгой сайхан, уртлага сайхан хүлэг шүү дээ. Жил бүр тэр 5000 дааганы дуудлага худалдаа болдог. Өдөрт дунджаар 200-300 адуу зарагддаг. Түүний нэг нь Mongolian Saturday. Тэр үед бид нэлээн хэдэн адуу авсан. Тэгээд эхний ээлжинд степ уралдаануудад уралдсан. Бидэн шиг дуртай уралдаандаа аваачаад уралдуулчихдаггүй. Эхлээд зэрэглэл багатай уралдаануудад уралдаж, түүндээ амжилт гаргавал ахисан шатны уралдаануудад оролцох эрхтэй болдог. 
-Mongolian Saturday-гийн түрүү монголчуудыг тэр аяар нь огшуулсан. Яг тэр мөчид та бүхний өмссөн хувцас бүр илүүтэйгээр омогшуулсан шүү?
-Өндөр зэрэглэлийн уралдаан болон ёслолын ажиллагааны үеэр үндэсний болон ёслолын хувцас өмсөхийг шаарддаг. Анхнаасаа монголчуудаа төлөөлж уралдаж байгаа гэж боддог байсан учраас үндэснийхээ хувцастай очсон. Дэлхийн аваргын тэмцээн учраас олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд очиж сурвалжилдаг. Тэр үед биднийг Ганбаатар, Цэрэнжигмэд гэж харахгүй. Монгол хүн, Монгол уяач л гэж  харна шүү дээ. Тэр утгаар нь үндэснийхээ дээл хувцсыг өмсөж очсон. Америкчууд чинь үнэн зүрхнээсээ, чин сэтгэлээсээ хүнд баяр хүргэдэг ард түмэн юм билээ.Таарсан хүн болгон баяр хүргээд хамт зургаа авахуулахыг хүснэ. Сүүлдээ бүр завьж чилсэн ш дээ. 
-Завьж чилэхээ...
-Инээсээр байгаад.../инээв/Зургаа авахуулахдаа инээмсэглэх ёстой биз дээ. Хамгийн гол нь баяр хүргэж байгаа тэр хүмүүс үнэхээр чин зүрхнээсээ баяр хүргэж байгаа болохоор өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрдөг юм билээ. Дээр нь Монгол хүн болсондоо баярлаж, бахархаж омогших сэтгэл төрөөд. Тэр өдрийн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. Товчхондоо бол хагас солиорлын байдалтай л байсан гэж болно. 
-Баярын нулимс дуслуулсан л байх?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн аварга гээд бодохоор баяр баяслын дээдийг мэдэрсэн. Монголчууд бид аз хийморийн тухай ярьдаг. Бидэнд сайн адуу заяаж дэлхийн аваргад түрүүлнэ гэдэг бол монголчуудын ярьдаг аз хийморь байдаг гэдгийг баталж байгаа юм. 
-Таны хэлсэнчлэн энэ бол том боломжийн эхлэл үүд хаалга байсан. Хонконг, Дубайн уралдаанууд Английн хатан хаантай уулзах гэх мэтчилэн олон гайхалтай боломжуудыг нээж өгсөн?
-Тиймээ. Рейтингээрээ тэргүүлсэн морьдын бүхий л зардлыг даагаад уралдуулах урилгууд ирдэг. Тэр жишгээр Хонконгод наадлаа, Дубайд наадлаа, Англид уралдлаа. Сайхан хүлгийнхээ буянаар Английн хатан хаантай уулзаж, танилцлаа. Энэ бүхэн зөвхөн Ганбаатар, Цэрэнжигмэдийг танилцуулж байгаа юм биш Монголыг, Монгол уяачдыг дэлхийд таниулж байгаа алхам юм. 
-Английн хатан хаантай уулзах нь нэр төрийн хэрэг хэмээн ярьдаг юм билээ. Аль талаас нь гарсан санал вэ?
-Зохион байгуулж байсан улсууд  “Монгол уяачид ирсэн байгаа. Уулзах боломж байна уу” гэж асуусан байх л даа. Тэр холоос зорин ирсэн, дээрээс нь дэлхийн аваргад морио түрүүлгэсэн уяачид гэдгээр хүлээн авч уулзахыг зөвшөөрсөн байх. Тэгээд ч хатан хаан өөрөө морь их сонирхдог гэнэ лээ. Их гоё энергитэй, сайхан хүн байна лээ. Уулзахад таатай санагдсан шүү. 
-Ганбат Алдарттай өмнө нь уулзаж Mongolian Saturday-гийн уралдаануудын талаар дэлгэрэнгүй ярилцаж байсан. Алдарт та хоёр эртний танилууд уу?
-Тиймээ. Ганбат гадаадад амжилттай ажиллаж чадна гэдгээ эрт мэдэрчихсэн байсан. Тэгээд л хоёр талаасаа санал нийлж ярилцаж байгаад хамтран ажиллахаар болсон доо. АНУ-д байгаа адууг Даваа гэж залуу малладаг. Гэр бүлээрээ очоод тэнд амьдарч байгаа. Мөн Бадрахаас эхлээд хэд хэдэн хүмүүс хааяа очиж тусалдаг. 
-Saturday-гаас бусад уралдааны морьдоо танилцуулаач?
-Долоо, найман бага адуу уралдаж байгаа.
-Бизнесийн болоод бусад талбарт олон зүйлээрээ анхдагч байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Миний мэдэхийн ах дүү Тод манлайгууд Монголын хурдан морины түүхэн дэх олон “анхдагч”-ийн эзэн байсан. Үүний нэг нь дэлхийн унаач бэлтгэсэн явдал. Лхагвасүрэн буюу бидний нэрлэдгээр Өөдөс Ирланд улсад суралцаад ирсэн шүү дээ.
-Тиймээ. Цаадах чинь одоо Макао, Хонконгод морь унаж байгаа. Мөдхөн Монгол уяачийн уясан морийг Монгол жокей унаад дэлхийн хэмжээний том уралдаанд түрүүлэхийг харах байх. Тэгж итгэл хүлээлгэж байгаа. Би монгол унааг хүүхдүүдээрээ их бахархдаг. Энэ цагийн Чингисийн баатрууд шүү дээ.
-Saturday-г нөгөө Франц жокей унаж байгаа юу?
-Хэнээр унуулах вэ гэдгээ бид шийддэг. Анх биднийг морь уралдуулахаар очиход сайн унаач олддоггүй байлаа. Морь нь ч ямар юм билээ, уяач нь ямар юм билээ гээд үл тоосон байдлаар ханддаг байсан. Mongolian Saturday-гийн ялалтын дараа байдал эрс өөрчлөгдөж том жокей нар, жокейн агентлагууд өөрсдөө санал тавьдаг болсон. Хэдэн онд билээ дээ. Онон Тод манлай оччихсон. “Монголын том уяач ирчихсэн байна гэхэд америкчууд тоодоггүй ээ”. Тэгэхэд “та нарыг нэг мэндэлдэг болгоноо” гэж хэлж байсан юм. Одоо америкчууд монгол уяачийн чадварыг үнэлдэг болсон. 
-Дэлхийн аваргад түрүүлэхэд хичнээн долларын шагнал өгдөг юм бэ. Янз бүрээр л ярих юм?
-Тэр ёстой нууц /инээгээд/. Нуугаад байх юу байхав. Сая долларын шагналтай уралдаан.Түүнээсээ татвараа төлөөд уяач, жокейдоо өгөөд 50 орчим хувь нь эзэндээ ирдэг.
-Макс группын ажилчдад түрүү морины хишиг хүртээсэн байсан. Манай нэг дүү танайд ажилладаг юм?
-Ах бид хоёрын хувьд хурдан буянгуудынхаа бай шагналаас түмэн олонтойгоо хуваалцдаг уламжлалтай. Тэр жишгээрээ бусдын төлөө сэтгэл гаргаж дэмжлэг үзүүлдэг. Цаашид ч гаргах болно.
-ММСУХ-ны дээд шагнал Молор Эрдэнэ одонгийн эзэн болсон. Хэд дэх нь вэ?
-Зургаа, долоо дахь нь л байх. 
-Дэлхийд гарч уралдах, Монгол уяачийн морь түрүүлэх мөрөөдөл тань биелж. Одоо таны хүсч буй зүйл юу вэ?
-Амжилтаа баталгаажуулах. Цаашлаад монголчуудын жүчээнээс хурдан  адуу олж авдаг давалгааг л бий болгохыг хүсч байна. Өөрөөр хэлбэл үржлийн адууныхаа аж ахуйг улам бүр сайжруулан чанаржуулахыг зорьж байна. Монгол уяачид өөрийн унаган, өөрийн тамгатай адуугаар наадахыг илүүд үздэг шүү дээ. Монгол уяачийн бий болгосон адуу дэлхийн том уралдаануудад түрүүлдэг болоосой хэмээн хүсч байна. Дэлхийн хэмжээний томоохон аж ахуйнуудын эгнээнд багтахыг мөрөөдөж байна. 
-Танай адуунаас дуудлага худалдаанд оролцдог уу?
-Ганц нэг морьд бас зарсан шүү.
-Дэлхийн аваргад морио түрүүлгэчихээд том мөрөөдөл тээн суугаа энэ эрхэм 20 жилийн өмнө морь уях бодолгүй явсан гэхээр сонин шүү. Ан хийж яваад адуу авчихсан гэдэг байхаа.
-Тиймээ, 1998, 99 оны үед л дээ. Эр хүн болсон хойно агаар салхинд гаръя, ан гөрөө хийе,  хийморио сэргээе гэсэн хүсэл байлгүй яахав. Өөрийн чинь хэлдгээр тухайн үед  би айхтар морь сонирхдоггүй байсан. Анд явж байгаад айлд амсхийж зүүрмэглэчихсэн байтал “хөөе Ганбаа энд хурдан азарга байна. Очиж үзье” гээд сэрээсэн. Нойрмоглоод юм ч асуугаагүй “тийм л хурдан адуу юм бол авъя” л гэж бодсон. Тэгээд хажуу айлд нь очоод харсан нэг азарга байна. Би ямар морь мэдэх биш. Сайхан л амьтан юм. “Авъя аа, авъя”  гэсэн. Хажууд байсан залуу “байж бай, үнийг нь яриадахъя” гэнэ. Тэгээд үнийг нь асуусан “сайн үнэ өгвөл өгнө дөө” гэж байна. Эзэн нь гээд надаас хэд дүү залуу байнаа. Тэгсэн нөгөө залуу “Лхагваанаа сайн үнэ чинь хэд юм” гэсэн “сая төгрөг” гэж байна. Тэгэхээр нь “за за авъя, авъя” гээд авчихсан. Үнэхээр ч гайхалтай хурдан буян байсан.  
-Удам угшлыг нь сонирхож асуусан уу?
-Жаргалантын морин заводын гаралтай. Битүү азарга аваад шууд түрүүлгэж айрагдуулна гэдэг ховор тохиол байх л даа. Тухайн үед битүү адуу байсан болохоор эзэн нь удам угшлыг нь хэлээд ерөнхийд нь сайн адуу гэдгийг хэлсэн. Жаахан ажил хийсэн байсан байх. Авчраад 22-ын товчооны орчим Хоргой Батсүх  гуайн хашаанд үлдээчихсэн. Тэнд хэд хоног ажил хийж байгаад давхилыг нь харсан  үнэхээр гайхалтай давхилтай адуу байсан. Долоо хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан суманд  хаврын бүсийн уралдаан болж зурхай дээрээс хөдлөөд л өнгөнд гарчихсан. Жийптэй гүйцээд очиход 10,20 метр холдчихсон. Тэгээд тэр чигээрээ явсаар түрүүлж, Түмэнбаярын цавьдар ташаа дэрлээд орж байсан даа.
-Түүнээс хойш ах дүү хоёр амралтын өдөр алгасахгүй сайн адууны эрэлд явдаг болсон гэдэг байхаа?
-Ах бид хоёр хотод төрж өссөн олон хүнийг морины соёл руу уруу татсан. Морь уях чинь гоё юм байна. Түрүүлгэж, айрагдуулж болдог юм байна гэдгийг өөрсдөөрөө үлгэрлэж монгол залуусаа нүүдэлчдийн соёлд дурлуулсан. Энэ талаараа бид үнэлэгдэх гавьяатай. 
-Ам цагаан хээр азарга тань анхны хаврын бүсийн уралдаанд түрүүлээд түүнээс хойш ямар амжилт гаргасан юм бэ?
-1998 оны хавар бүсийн уралдаанд түрүүлчихсэн болохоор 1999 оны жил нь улсын наадамд мордуулахдаа айрагдчих байх гэж бодож байтал 30, 40-өөдөөр давхисан. Ер нь түүнээс хойш дахин том наадамд айрагдаагүй ээ. Өвлийн бооцоот уралдаануудад бол хэд хэд айрагдсан. 
Төлүүд нь яаж давхисан бэ?
-Ам цагааны төлүүдээс айхтар мундаг давхисан адуу байхгүй ээ. Охин төлүүдээс нь харин сайхан хурд гарсан. 
-АХ-ын 79 жилийн ой буюу 2000 оны улсын баяр наадамд их насны морь айргийн гурав, соёолон айргийн таваар давхиулсан байдаг. Хаанахын адуунууд вэ?
-Их насны морь нь Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат өндөр Доржсүрэнгийн зээрд морь. Аймгийнхаа наадамд нэг удаа түрүүлсэн билүү айрагдсан морийг Ганбат Алдарт, Хоргой Батсүх ах бид хэд очиж авч байлаа. Гайхалтай сайхан хурдан буян. Ёстой л шавчихсан юм шиг гоё биетэй. Юм юм нь тэнцүү үнэхээрийн аварга адуу байсан. Ялангуяа салтаа бол ярих юм байхгүй. Алхаа гишгээ нь ч тэр. Тийм морь би ер нь ахиж хараагүй дээ. Хоргой ах харчихаад наагуур цаагуур нь гарахдаа “ав, ав” гэж дохин эрхий хуруугаа гозолзуулсаар байгаад хийлгэсэн наймаа. 
-Сайн адуу үнэтэй байсан байлгүй. Хэдээр авч байсан юм бэ?
-Долоо билүү найман сая төгрөгөөр тогтоод пургон машин дээр хэдэн төгрөг нэмж өгсөн санагдана. Тэгээд улсад мордуулалгүй Автозамын  газрын 70 жилийн ойд уралдуулсан түрүүлсэн юм. Аман хүзүүдчихлээ гэж бодож байтал үүдэн хойморийн зайнд хүрэхгүй газар дайраад түрүүлчихсэн. Тэгээд дараа жил нь улсын наадамд гурваар давхисан нь тэр.
-Тэр үед их нас, соёолон хоёрын аль нь түрүүлж морддог байсан юм бэ?
-Их нас нь түрүүлж уралдсан байх шүү. Урд жил нь хээр азарга айрагдана гэж бодож байтал чадаагүй. Тиймээс 2000 онд зээрд морио мордуулахдаа тийм ч итгэлтэй байгаагүй ээ. Яагаад гэхээр наадмын өмнөх сунгаанууд дээр хойхнуур давхиад байсан юм. Тэгтэл харин гурваар давхиж, төрийн наадмын анхны айргийг авчирсан. Түүнээс хойш төдийлөн амжилт гаргаагүй ээ. Анх авахад л хөлөндөө жаахан эмзэглэлтэй байсан юм. 
-Арвай хээрийнхээ тухайд юу хэлэхсэн бол?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын адуу. Онон Манлай битүү соёолон авчихаад байхад нь би гуйсаар байгаад авсан. Үнэн дээр нь гурван зуун мянган төгрөг нэмээд 1,5 саяар авсан юм. Тэгээд хавар Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан уралдаанд түрүүлгээд, зун нь төрийнхөө наадамд айрагдуулсан.
-Зээрд морины тухайд айрагдана гэсэн итгэл байгаагүй гэсэн. Тэгвэл Арвай хээрийнхээ хувьд...?
-Хавар нэг түрүүлсэн, бас сунгаануудад гайгүй сайн байсан болохоор битүүхэн горьдож л байсан.  Хээр азарга маань түүнээс хойш багахан наадмуудад ганц нэг айрагдаж, 2001 онд “Их хурд-2” уралдаанд 13-аар давхисан.
-Тамирын хурдад аман хүзүүддэг Дэлт хээр чинь хаанахын адуу вэ?
-Тэр чинь манай Төв аймгийн Борнуур сумын адуу. Би утсаар ярьж байгаад л авчихсан. Сайхан хээр азаргатай болчихлоо, зүс ижил сайн морьтой болъё гэж бодоод нэг найзаасаа асуусан юм. Тэгсэн Дашцэрэн гэж хүний сайн хээр морь байна гэсэн. Тэгэхээр нь би Сундуй Манлайг /Сандуйжав Тод манлай/очоод болбол наймаа хийгээдэхээч гээд явуулсан. Өмнө нь олон хүн очиж гуйсан юм билээ. Тэгэхэд өгөхгүй л гээд байсан гэсэн. Гэтэл Сундуй Манлайг очоод “Ганбаатар гээд нэг залуу хурдан морь сонирхдог болоод байгаа. Таны хээр морийг авъя гэж байна” гэсэн “за яахав тэр нөхөр чинь ирээд авдаг юм байгаа биз” гэж хэлсэн байсан. Тэр сайхан хөгшинтэй аав хүү шиг олон жил дотно нөхөрлөсөн дөө.
-Хэдтэй морь авч байсан юм бэ?
-2000 онд зургаа билүү долоотой морь авч байсан санагдана. Тэр жилээ улсад долоогоор давхиад, давхар уяагаар “Тамирын хурд”-д аман хүзүүдсэн. 2003 онд болохоор улсад аман хүзүүдээд, Данзанравжаагийн мэндэлсэний 200 жилийн ойд түрүүлээд, Архангай аймгийн 80 жилийн ойд гурваар давхисан. Ер нь олон орсон шүү. Дэлт хээрийн эцэг халиун азарганых нь дүү хар үрээ улсын наадамд айрагдаж байсан гэдэг юм. Эцэг халиун азарга нь болохоор сумынхаа наадамд долоо, найм орчихсон адуу.
-Эхэн үедээ хээр зүсмийн адуугаар түлхүү наадаж байжээ. 2001 оны наадамд Босоо хээр азаргаа даага  түрүүлгэсэн байдаг? 
-Нээрэн голдуу хээр адуугаар наадаж байсан байна шүү. Босоо хээр бол Сандуйжав Тод манлайн унаган адуу. Элбэг хээрийнх төл. Надад бэлгэнд өгч байсан юм. Босоо хээр даагандаа улсад түрүүлээд, шүдлэндээ аман хүзүүдсэн. Мөн шүдлэн жилээ Боржигоны бүсэд түрүүлээд, Сүхбаатар аймгийн 60 жилийн ойд бас түрүүлсэн. Даагандаа Өвөрхангай аймгийн 70 жилийн ойд бас түрүүлсэн юм байна.
-Жигүүр хулынхаа тухай ярихдаа таатай байдаг гэж бодож байна?
-Миний хайртай сайхан азаргануудын маань нэг.Төв аймгийн Эрдэнэ сумын хонгоруудын удамтай. Энэ удмын адуу төрийн наадамд дөрвөн үеэрээ түрүүлчихээд байгаа шүү дээ. Надад ирээд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд түрүүлээд, “Их хурд-4” уралдаанд 15-аар давхисан. Хул азаргаа би дараа нь Ганбат найздаа бэлэглэчихсэн юм.
-Улсын Алдарт уу?
-Тиймээ. Хул азарганы төлүүд нь ер нь гайгүй хурдан шүү. Охин төлүүдээс нь ч хурдан адуу цөөнгүй гарсан. Жишээлбэл ахад өгсөн охин төлийг нь Асгат сааралд хураалгаад хэд хэдэн хурдан адуу гарсан. 
-Жигүүр хул гэдэг нэрийг та өөрөө өгсөн үү?
-Тиймээ. Манай Жигүүр хул чинь суга цавиараа их элбэг үрчгэр ш дээ. Түүнийг нь хараад жигүүртэй юм шиг сайхан азарга хэмээн Жигүүр саарал хэмээн нэрийдэхээр болсон. 
-Тод манлайн нэрийн хуудас болсон хүлгүүдийн нэг нь Сарт хүрэн. Хурдан хүрэнгийнхээ талаар жаахан дэлгэрүүлээч?
-Сарт бол тойруулга удамтай  миний хамгийн анхны унаган адуу. Эцэг халтар азаргыг нь би 22-т байсан Огоо гэдэг хүнээс авч байсан. Манай мориныхон Огоо гэхээр андахгүй дээ. Тэр халтар азарга бол шарга азарганы ах дүүсийн хүүхэд. Сартын эх нь Мөнхбат Тод манлайн гүү. Би байдсан гүү авч байсан юм. Даагандаа улсын наадамд зургаалаад, шүдлэндээ аман хүзүүдсэн. Тэгж амжилт нь эхлээд Алтан-Овооны даншигт очиж дахиад аман хүзүүдсэн. 2005 онд хязааландаа улсад дөрөвлөөд, Өндөр Гэгээний наадамд очиж аман хүзүүдсэн. Дараа жил нь соёолондоо улсад аман хүзүүдээд, Тамирын хурдад түрүүлсэн. 
-Жилдээ хоёр л уралдуулдаг байсан юмуу?
-Эрлийз монголоор нь ялгадаггүй байсан үе л дээ. Аман хүзүүдэхдээ дандаа цэвэр адуунуудад даруулсан байдаг юм. 
-2000-гаад оны дунд үеэр уулзахад Макс угшлын адууг бий болгохоор зорьж байна гэж байсан. Түүндээ хүрч чадсан  гэж боддог уу?
-Унаган адуугаараа наадаж байна. Улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан азаргануудын тоо  бараг 20 хүрч байгаа байх.
-Говь-Алтай аймгаар явж байхад ах дүү Тод манлайгуудын адуу нэлээд байдаг юм билээ. Гадагшаа олон адуу гаргасан уу?
-Хүн юм авъя гээд ирэхээр “үгүй” гэлтэй биш. Заримд нь бэлэглэнэ. Заримд нь үнэ тохироод өгнө. Мөн сугалаагаар ч гэсэн олон адуу хүнд өгсөн дөө. Монголчууд хурдыг хуваах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Ах бид хоёр ч гэсэн тэгж бодож явдаг. 
-Сүүлийн үед дүү мөн хурдан моринд дурлаад байх шиг. Халиун азаргаараа сайхан наадаад байгаа дуулддаг?
-2015 оны улсын баяр наадмаар ах бид хоёрын унаган их насны морьд айрагдаж, морин соёолон маань түрүүлээд, дүүгийн хул азарга эрлийз ангилалд бас түрүүлсэн. Ах дүү гурвын адуу тэр тусмаа унаган адуунууд нь ийн төрийн наадамд түрүүлж, айрагдах нь тийм олон тохиохгүй л байх. Дүү маань бидний нэгэн адил моринд дуртай. Гэхдээ бүгдээрээ морь мал гээд яахав хэмээн би хувьдаа жаахан хазаарлаад байсан юм. 
-Эмэгтэйчүүд чинь ч гэсэн дутахааргүй дуртай байх шүү?
-Тиймээ. Ер нь морь түрүүлж, айрагдаад ирэхээр эргэн тойрныхны цөс хөөрчихдөг юм билээ. /инээв/ Манайхан эр, эмгүй моринд дуртай. Миний аав ээж хоёр ч ялгаагүй. Хүүхдүүдээ их дэмжинэ.
-Тэгж анзаарагддаг шүү?
-Аавын минь аав морь сайхан хурдлуулдаг нутагтаа нэртэй уяач байсан юм билээ. Аав минь бидэнд хэлэхгүй ч дотроо өөрийнхөө төрсөн нутагт, аавынхаа морь уяж явсан тэр дэнжид очиж өөрийн нэртэй морь түрүүлгэх юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг байж. Сумын 90 жилийн ойгоор бид нутагтаа очиж наадаад аавын даага түрүүлж, миний шарга морь түрүүлээд, ахын халтар морь айрагдахад үнэхээр баярласаан. Тэгж их баярлахыг нь би хараагүй. Аавыгаа амьд сэрүүнд нь тэгж баярлуулж чадсандаа  баяртай байдаг. Хүн нас нь ахиад ирэхээрээ жаахан хүүхэд шиг болчихдог юм билээ. Аав нь баярласан шүү гээд гар атгаад л, тэвэрч аваад л байсан. Тэр наадам бас санаанаас гардаггүй.
-Ах дүүс аз хиймориороо илүүрхэж айраг, түрүү бөөндсөн наадмууд цөөнгүй. Тэдгээрээс хамгийн нандин санагддаг нь хэдэн оны ямар наадам бэ?
-2005 оны наадмууд. Улсад ахын Асгат саарал түрүүлээд, Өндөр Гэгээний наадамд миний Жигүүр хул түрүүлж, ах дүү хоёр төрийн зарлигтай том наадмын азарганы түрүүг хүртсэн хамгийн сайхан санагддаг. Нөгөөтэйгүүр тэр жил чинь бид Сандуйжав Тод манлайгаас тусгаарлан бие даан морь уясан байсан юм. Саарал азарга сунгаануудад айхтаргүй байсан хэр нь ясны хурдан хүлэг гэдгээ харуулан төрийнхөө наадамд түрүүлж, Жигүүр хул маань манай ээжийн аав, манай өвөөгийн төрсөн нутагт очиж түрүүлсэн. Тэр үед телевизээр ярилцлага өгөхдөө баярын нулимсаа барьж дийлээгүй. Түүнийг яруу найрагч Баяржавхлан гэж залуу хараад шүлэг бичсэн байсан.
-Аливаа амжилтын ард ар гэрийнхний дэмжлэг байдаг. Гэргий тань сайн дэмжигч биз?
-Тэгэлгүй яахав. Бидний саяын ярилцсан тэр олон амжилтуудын ард миний гэргий бий. Манай хүн анх айхтар морь мал гэдэггүй байсан ч цаг хугацааны эрхээр уусчихдаг юм байна. Одоо адуу малан дээрээ очих дуртай. Морь мал унана.
-Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх жагсаалд оролцохоор Максын уяанаас олон морьтонгууд ирж яваа зураг байдаг.
-Манай том охин хүртэл морь унаж жагссан.
-Ингэхэд Тод манлайнх хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр охин, гурван хүүтэй. Хүүхдүүдээ  монгол ахуй соёлтойгоо ойр өсөөсэй гэдэг үүднээс адуу мал зүсэлж өгөөд, эмээл хазаарыг нь зэхчихдэг. 
-Сонгууль дөхөөд ирэхээр Максын Ганбаатар нэр дэвших гэнэ гэсэн яриа ёс юм шиг гардаг. Энэ яриа хэр үнэний ортой вэ?
-2008, 2012, 2016 оны сонгуулийн үеэр яригдсан яриа л даа. Нуулгүй хэлэхэд улс төрийн намуудаас удаа дараа манай намд элсээч, нэр дэвшээч гэсэн санал ирж байсан. Би улс төр сонирхдоггүй. Улс төрчид нь улс төрөө хийнэ биз. Бизнесменүүд бидний хувьд Монгол улсаа илүү сайхан болгохын төлөө, илүү олон ажлын байр бий болгохын төлөө, илүү ихийг хийж бүтээхийн төлөө шударгаар зүтгэхэд л болно. Би Монгол улс хүчирхэг болоосой. Бидний үр хүүхэд, үр ач нар сайхан амьдраасай. Монгол хүн толгой дээгүүр алхаасай л гэж хүсдэг. Гэхдээ улс орноо хөгжүүлье гээд улс төрд орж байгаа бизнесменүүдийг буруутгадаггүй. Тэгж ярьдаг хүмүүстэй санал нийлдэггүй. Тэр хүмүүс чинь бизнес хийхэд ямар хүндрэл байна гэдгийг мэдэрчихсэн, асуудлыг шийдэх гарцыг мэддэг улс. Олон тэрбум төгрөгийн татвар улсад төлчихсөн юм үзэж, нүд тайлсан хэр баргийн авилгад автахгүй хүмүүс төрд байхад буруудахгүй. 
-2015 онд нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсон нь дээрх харыг улам нэмэгдүүлсэн. Ингэхэд та ямар ямар сонгуульт албыг хашдаг вэ?
-Сонгуульд оролцох гэж байгаа хүн нутаг орныхоо төлөө сэтгэл гаргадаг гээд ойлгочихсон байдаг юмуу даа. Нутгийн зөвлөлийн даргын ажлыг аваад сэтгэл гарган ажил хийгээд эхэлсэн нөгөө яриа гараад  ирсэн. Нутгийн зөвлөлийн даргаас гадна одоогоор Монголын Жүдо Бөхийн Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Теннисний холбооны тэргүүлэгчээр ажилладаг. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Ерөөл бат сайхан оршиг. Уяач бүрийн мөрөөдөл нь биелсэн сайхан жил болох болтугай. Морьд нь  сайхан хурдан байг хэмээн “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан ерөөе.
-Ерөөл бат сайхан оршиг.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна