Аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаатар: 80 жилийн дараа Дэрэн сумаас төрийн наадмын хязаалангийн түрүү хүртлээ

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 29 -нд

-Дундговьчууд хоёр жил дарааллан төрийн наадмаас хязаалангийн уралдааны түрүү хүртэж, торгон жолоо өргүүллээ. Нутгийн тань хайрханууд хамтдаа баярлаж байгаа биз ээ?
-Баярлалаа, тэгэлгүй яахав. Нэг аймаг хоёр жил дарааллан төрийн наадмын түрүү хүртэнэ гэдэг сайхан учрал тохиол шүү. Нутгийнхаа уяачдын амжилтын буухиаг таслалгүй үргэлжлүүлсэндээ баяртай байна.
-Баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Миний хувьд 2013 онд төрийн баяр наадмын хурдан морины уралдаанд эрлийз хул азарга аман хүзүүдүүлж байлаа. Хойтон жил нь хязаалан үрээ аман хүзүүдүүлж, 2015 онд эрлийз дээд насанд бас аман хүзүү хүртсэн. Хоёр жил дараалан төрийн наадмаас хишиг хүртээд, 2016 онд өнжөөд, энэ жил хязаалангийн түрүү хүртлээ. Энэ жилийн хувьд Шадар сайд маань зөв зүйтэй шийдвэр гаргалаа гэж хувьдаа дүгнэж байна. Учир нь, монгол уяач монгол адуугаараа уралдах нь хамгийн зөв. Хамгийн гол нь алаг цоог заримыг нь хасаад, заримыг нь хасахгүй байвал уяачдын эрх ашиг хөндөгдөнө. Тиймээс эрлийз цустай адуу болгоныг хасах хэрэгтэй. Мөн мордохоос нь л өмнө хасдаг баймаар байна. Түүнээс биш уралдаад ирсэн хойно нь хасчихаар бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг ганцхан өдөрт хүртдэг уяачдын хувьд гомдолтой байх нь аргагүй.
-Уяачийн ёс жудаг гэдэг зүйл үүн дээр л харагдаж байгаа юм л даа?
-Тийм. Уяач хүн минийх эрлийз шүү дээ гэдгээ мэдэж, мэдэрч байгаа бол жудаг заагаад, өөрөө уралдуулахаас татгалзчихдаг байх хэрэгтэй. Гэхдээ уралдаад ирсний дараа бол хэний ч сэтгэлд таагүй л санагдана шүү дээ.
- Хэдийгээр таны хязаалан түрүүлж, торгон жолоо өргүүлсэн ч адилхан бүтэн жилийн турш хөдөлмөрлөсөн энэ олон уяачийн хүч хөдөлмөр, хурдан шандаст хүлгүүдийн ажил талаар болж буйд сэтгэл дундуур л байгаа юм байна гэж ойлголоо?
-Тэгэлгүй яахав. Түүнээс биш өмнөх дөрвөн морь нь хасагдаад, минийх түрүүлчихлээ гэж баярлаад байх зүйл алга. Мэдээж мордохоос нь өмнө хасчихсан бол тэр хүмүүст ч бас гомдолгүй л байх байсан биз. Ах нь үүн дээр л жаахан сэтгэл дундуур байна даа.
-Зохион байгуулагчдын зүгээс эрлийз адууг уралдахаас өмнө хасдаг байх ёстой. Нөгөө талаас уяачид маань өөрсдийн морьдоо тохирсон ангилалд нь уралдуулдаг баймаар байна гэсэн санааг л хэлэх гээд байна аа даа?
-Яг тийм. Ах нь Дундговь аймагт бас уралдаад ирлээ. Хүрэн үрээ маань жаахан тамир дутуу байсан болохоор долоогоор давхилаа. Харин улсын баяр наадамд хасагдсан хоёр үрээ Дундговийн бүсийн уралдаанд түрүүлж, аман хүзүүдлээ. Дүрэм журам, ёс жудгаа яривал улсын наадамд хасагдсан адуу бүсийн уралдаанд ч бас хасагдах л учиртай байх. Өөрөөр хэлбэл, энэ шийдвэр хотод хэрэгжээд байгаа хэрнээ хөдөөд хэрэгжихгүй байна. Уяачид бүгд адилхан шүү дээ. Улсын наадамд бол ах нь сэтгэл хангалуун байгаа. Морьд ирсний дараа л би “Дөрвөн эрлийз үрээн дунд миний монгол үрээ хавчуулж ирлээ дээ” гэж хэлсэн. Уг нь тэр дөрвөн үрээг мордохоос нь өмнө хасчихсан байсан бол хэл ам гарахгүй л байсан юм.
-Энэ жил та хул азаргаа мордуулаагүй юм уу?
-Хул азаргаа Дундговийн бүсийн наадамд мордуулж, айрагдууллаа. Тавгийг нь цөмлөчихөөд, улсын баяр наадамд мордуулж чадсангүй ээ. Ах нь төрийн наадамд гурван удаа оролцож, гурвууланд нь айраг хүртсэн хүн. Хүмүүсийн хэлдэгээр ёндоотой сайхан наадаж байна.
- Танай адуу ч аргагүй хурдан байна даа?
-Олон жилийн хөдөлмөрийн маань үр шим, хурдан хүлгүүдийн минь буян заяа юм даа. Намайг улсын баяр наадмын анхны түрүүгээ авахаас 17 жилийн өмнө манай ах Эрдэнэбаяр улсын баяр наадамд хул соёолон айрагдуулсан юм.
-Олон жилийн дараа та амжилтын буухиаг нь үргэлжлүүлжээ?
-Тиймээ. Ингээд Дэрэнгээс улсын баяр наадмын хязаалангийн түрүүг хүртсэн хоёр дахь хүн нь би болж байгаа юм. Тодруулбал, одоогоос 80 жилийн өмнө буюу 1947 онд Дундговь аймгийн Дэрэн сумын уяач, мухар Гармаа улсын баяр наадмаас хязаалангийн түрүү хүртэж байсан юм билээ.
-Монгол хүний дундаж наслалт 60 гэж бодохоор нэг хүний бүхэл бүтэн амьдралаас урт хугацааны дараа Дэрэн сум төрийн наадмаас хязаалангийн түрүү авч байгаа юм байна шүү дээ?
-Тиймээ. Энэ  ч утгаараа би ард түмнээрээ, аав ээжээрээ, энэ адууг бий болгосон ахаараа, мөн өөрөөрөө ч бахархаж байна. Огшихоос ч өөр аргагүй. Учир нь, аймгаасаа гарч уралдахаар Дундговийн нэр гардаг. Аймаг дотроо уралдвал Дэрэн сумын нэр гардаг. Уяач гэдэг нутаг усныхаа нэртэй хамт явдаг сайхан хувь зохиолтой улс. Миний хувьд таван настайгаасаа эхэлж хурдан морь унасан. Түүнээс хойш 49 жил адуутай нөхөрлөж явна. Хэдэн жил сургууль соёлд яваад завсардсан боловч зуны амралтаараа нутагтаа ирж, морины ажил хийдэг байлаа. Энэ адууг бий болгох гэж олон ч жил хөдөлмөрлөлөө. Одоо үр шимийг нь хүртээд явж байна.
-Та улсын баяр наадамд хэдэн морь уралдуулахаар төлөвлөж байв?
-Ерөөсөө л хязаалан үрээ, азарга хоёртой ирсэн. Азаргаа улсын наадамд мордуулалгүй өнжөөгөөд, Дундговийн бүсийн уралдаанд айрагдууллаа.
-Дундговийн бүсийн уралдаанд хэдэн насны адуу мордуулсан бэ?
-Азарга, үрээ хоёроо л мордуулсан. Хязаалан үрээ маань улсын баяр наадамд уралдаад тамирдчихсан учраас айрагдаж хараахан чадсангүй. Гэхдээ л долоогоор давхина гэдэг чамлах зүйл биш. Хэрэв эрлийзийг хассан бол миний хээр үрээ гарцаагүй л айрагдах байлаа. Уяачид маань нэгэнт нэг тогоонд чанагдаж байгаа бол бусдадаа жудагаа үзүүлдэг л байх ёстой юм. Бусдынхаа хөдөлмөрийг үнэлдэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь ёс жудгаа бодож, тэр хүн өөрөө сэтгэл гаргах ёстой. Аливаа юманд хүлээцтэй хандах хэрэгтэй. Ургамал ч гэсэн монгол хөрсөнд ургавал ямар шимтэй байх билээ. Адууныхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд эрлийзжүүлж байгааг буруутгах аргагүй. Гэвч мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс л адуугаа эрлийзжүүлж байна. Харин боломж муутай, хөдөөгийн малчид адуугаа эрлийзжүүлж хүчрэхгүй байна. Хурдан адуу худалдаад авъя гэхээр заримынх нь үнийг дийлэхгүй юм. Гэтэл адуугаа эрлийзжүүлж хүчрээгүй хэдэн малчид маань хохироод байна шүү дээ. 25 хувьтай адуу энэ жилийн улсын баяр наадамд мордож л байна лээ. Гэтэл энэ адууг монгол адуунд тавьчихаар сүүлдээ мэргэжлийн хүн ч ялгаж танихад бэрх болно. Өөрөөр хэлбэл, хоёр гурван жилийн дараа гэхэд хүссэн, хүсээгүй л эрлийз болон монгол адуу холилдоно. Гэхдээ энэ цусыг хэдий чинээ холдуулах тусам адууны удам угшил нь холдож байгаа юм. Хүн ч ялгаагүй. Цусан төрөлтэйгээ суучих юм бол хачин юм гарна шүү дээ. Түүн шиг монгол адуу олон учраас давамгайлаад байгаа юм. Тэгээд ч Монгол шиг эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд энэ адууны дасан зохицох чадвар нь өндөр байна л даа. Энэ чинь гурав, дөрөв дахь үедээ ороод ирэхээрээ монголжчихож байна. Морин тойруулгын адуу л гэхэд одоо бүр монголжчихлоо шүү дээ. Гэхдээ энэ бол буруу юм биш. Энэхүү дасан зохицох чадвар нь монгол адуутай нийлчихвэл илүү байдаг. Хөлийн хурд нь ч хамаагүй илүү байдаг. Ингээд гүйцэгдэхгүй байгаа учраас л одоохондоо эрлийз хурлийзаар нь дуудаад байгаа юм. Зүүн зүгийн адуунууд хүртэл бүгд эрлийзжчихлээ. Яваандаа монгол ч бай, эрлийз ч бай Монголын хөрсөнд дээр бий болж байгаа учраас бүгдийг нь монгол л гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй л дээ.
-Төр түмний цэнгэл дэлгэр болох болтугай. Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна