Уяач С.Бямбасайхан: Эрлийз адууг ялгаснаар монгол морьдод давуу боломж олгож чадлаа

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 25 -нд

- Төрийн их наадамдаа соёолон гуравлуулсан танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе?
-Баярлалаа. Би төрийн наадамдаа дөрөв дэх жилдээ морьдоо мордуулж байна. Улсын баяр наадамд айрагдсан халиун үрээ маань Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Саарийсүрэнгийн Төмөр-Очир гэдэг хүний унаган адуу байгаа юм. Энэ жилийн хувьд үүлдэрлэг чанараар нь эрлийз адууг ялгасан нь монгол адууныхаа хурд хүчийг бодитоор сорих боломж олголоо хэмээн бодож сууна.
- Өмнөх жилүүдэд мордуулсан морьд нь ямар амжилт үзүүлж байв?
-Ихэнхдээ 30, 40-н хэдээр л давхиж байлаа. Би Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул хүн. Гиннесийн номд Монгол адууг бүртгүүлэхээр 4000 гаруй морь уралдуулахад Говь-Алтайд миний морь бас 30-н хэдээр давхиж байлаа.
- Хаанахын угшилтай адуу байсан юм?
-Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат манай ахын унаган адуу.
- Та хэдий үеэс морины уяа эвлүүлж эхэлсэн бэ. Анхны айраг, түрүүгээ хэзээ хүртэж байв?
-Морины уяа эвлүүлээд долоо, найман жил болж байна. Анх Төв аймгийн Заамар суманд болсон баруун бүсийн наадамд соёолон хонгор үрээ түрүүлж байлаа. Бас л Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Төмөр-Очир гуайн адууны угшилтай үрээ байсан юм.
- Хэдэн насны морьд мордуулсан бэ?
-Ганц л морьтой ирсэн юм. Харин Дундговь аймагт болж байгаа Говийн бүсийн уралдаанд гурван морь мордуулсан. 10, 20-доор л давхилаа.
- Танай удамд танаас өөр морь уядаг хүн бий юү?
-Манай аавын дүү нийслэлийн Алдарт уяач Дүйхэржав гэдэг хүн бий.
- Даривынхаа ойд морьд мордуулсан уу?
-Мордуулалгүй яахав. Дүйхэржав ах маань аваад явсан.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна