Морины Мо буюу зурсан зураг бүхэн нь шившлэгтэй зураач

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 13 -нд

Орчин цагийн уран бүтээлчдийг “юунд ч баригдахгүй, чөлөөтэй сэтгэдэг” гэсэн товчхон тодорхойлолтон дунд бүгдийг нь “хашиж” орхидог нь надад огтоос таалагддаггүй. Нэгэн үе би өөрөө ч бас хил хязгааргүй сэтгэгчдийг ийм тодорхойлолтон дунд хашиж орхидог байснаа үгүйсгэхгүй л дээ. Харин саяхнаас, тэр дундаа зураач, яруу найрагч, уран бичээч Ганзоригийн Мөнхбаатарын талаар бичих даалгавар авсанаас хойш “Уран бүтээлч хүн чухам юунд баригддаггүй юм бол?” гэсэн асуулт намайг хоргоож эхэлсэн юм.
Уяачдад хурдан шандаст хүлгүүдээрээ, хүлгүүдэд нь эзнээрээ, харин уран бүтээлчдэд бүтээлээрээ овоглогдох сайхан хувь тохиол заяадаг. Гэтэл энэ залууд уран бүтээл туурвидаг сэдвээрээ овоглох онцгой хувь тохиожээ. Морины Мо гэж.
Би Морины Мо-г үeийнхнээсээ нэлээд хожуухан буюу таван жилийн өмнөөс л мэддэг болсон юм. Түүний талаарх анхны сэтгэгдэл ерөөсөө л “элдэвтэй амьтан” гэсэн хоёрхон үгээр илрэн гарч билээ. Учир нь, тэрбээр зурна, сийлнэ, баримал хийнэ, шүлэг бичнэ, дуулна, хөтөлнө. Урлаг уран сайхны хувьд ёстой л шидийг үзүүлнэ дээ.
Түүнтэй танилцсанаас хойш Монголын Зохиолчдын эвлэлийн байрны III давхарт байрладаг урлангаар нь дөрөвхөн удаа л зочилжээ. Эхний удаа түүнийг “Өргөст саран” яруу найргийн номын баяраа тэмдэглэхэд нь найрагч нөхдийнхөө хамтаар урланд нь түр саатсан юм.  Энэ үеийг илүү тодруулахын тулд саатах бус тухлах гэсэн үгийг сонгох нь илүү тохиромжтой байх.
Мо-гийн өрөөнд ороход уран бүтээлчид, тэр дундаа зураачдын өрөөнөөс л голдуухан ханхийдэг тамхины эхүүн үнэрийн оронд будаг, бэхний зөөлөн үнэр сэнхийж байсныг одоо ч тодхон санаж байна. Жижиг буйдан, компьютерийн ширээ, хаа сайгүй хөглөрөх цаас, цонхны тавцан дээр өрөөстэй номууд, жаазтай өргөмжлөл, дурсгалын зүйлс, хананд түшүүлж тавьсан уран зургууд, хараахан дуусгаагүй байгаа хар зургууд... Хэтэрхий нам гүмээсээ болоод ч тэр үү, зураачийн урлангууд надад тун эл хуль санагддаг. Харин Мөнхбаатарын урлан элбэг дүүрэн ажээ. Анх шагайхад хөл гишгэх зайгүй мэт л санагдаж байв. Гэвч бидний хэдэн нөхөд уран бүтээлч андынхаа ажлын хэрэгслүүдийг эвтэйхэн цэгцлээд, төдхөнөө тухалж амжсан юм. Бүгд яруу найраг, тэр дундаа Ганзоригийн Мөнхбаатарын бичдэг яруу найргийн тухай ярьж байлаа. Харин миний анхаарал өрөөгөөр дүүрэн хөглөрч буй уран бичвэрүүдийн нэгэн дээр төвлөрч байлаа. Дийлэнх хүмүүс “ямар нэгэн үгийг монгол бичгээр урнаар таталган бичих”-ийг л уран бичвэр хэмээн ойлгодог нь нууц биш. Мо үүнийг бие даасан нэгэн урлаг хэмээн ойлгодог бололтой. Учир нь, тэрбээр уран бичвэр бүрээ бэхний цацалт, цэг, толбо гэх мэт жижигхэн зүйлээр “амилуулсан” байлаа. Үүнийг л хүмүүс “юунд ч баригдалгүй, чөлөөт сэтгэх” хэмээн тайлбарлаад байгаа хэрэг. Надад “энэ бол бүтээлийн амь” гэж санагдав. Харин Мо “Чөлөөтэй сэтгэх ямар нэгэн зүйлд баригдахгүй байх гэдэг уран бүтээлч хүний туйлын зорилго биш л дээ. Бүтээх нь л чухал учраас тэр зүг рүү л ханддаг даа. Өөрөөр хэлбэл, чөлөөтэй сэтгэдэг байх гэж хачин этгээд зүйл хайхаасаа илүү донжийг нь тааруулахыг л хичээдэг. Ер нь аливаа уран бүтээл, бүтээл болж харагддаг жижигхээн  нууц нь бяцхан донжийг нь олсонд л байдаг гэж боддог. Би тэр жижигхэн донжийг л олох гэж хичээдэг” хэмээн тайлбарласан. Тэр хайдаг зүйлээ ч олдог нь уран бичвэрүүдээс л тодорхой байв.
Сониуч зан ямагт дараагийн асуултыг дагуулдаг шүү дээ. Тэр л жамаар би “Тэгвэл энэ залуу уран зурагтаа тэр жижигхэн донжийг хэрхэн олдог бол?” гэж өөрөөсөө асуулаа. Хариултыг нь Мо-гийн урлан доторх дууссан хийгээд дуусаагүй бүтээлүүдээс хайв. Мэдээж түүний уран бүтээлийн зонхилох сэдэв нь адуу, тэр дундаа хурдан шандаст хүлгүүд. Зураг дээрх хурдан хүлгүүдийн булчин шөрмөс нь зангирч, галбир хийц нь товойгоод, уран зургийн мөн чанарыг сайн ойлгодоггүй нэгний ч сэтгэлийг хөдөлгөхүйц уран харагдах аж. Гэвч энэ бол зүгээр л нэг хурдан морины хөрөг биш юм. Хурдны гайхамшиг болсон ирвэс, эр зоригийн бэлгэдэл болсон бүргэд, монгол түмний эдийн дээд хэмээн хүндэтгэдэг хадаг, аливаа бүхнийг ариулдаг бойпор гэх мэт зүйлийг хурдан хүлгүүдтэй хамтад нь нэгэн цогц болгон дүрсэлсэн байх юм. Үүнийг ч бас хүмүүс “юунд ч баригдахгүй, чөлөөтэй сэтгэх” хэмээн тодорхойлоод байгаа бололтой. Яагаад гэвэл, бид өмнө нь хурдан морины ийм хөрөг харж байгаагүй билээ.
Энэ бүхнийг хараад учрыг нь ухаж ядан суухдаа нэлээд хэдэн жилийн өмнөх нэгэн явдлыг гэнэт санав. Аз болоход сэтгүүлч мэргэжил минь надад өдөр тутам асар их мэдлэгийг өгч байдаг юм. Тэр юу вэ хэмээвээс, бурханч лам Г.Пүрэвбат гуайтай уулзан ярилцах үеэр тэрбээр нэгэнтээ хурдан морины бурхны тухай тун цухасхан дурдаад “амаа хамхичихсан” юм. Учир нь, тэрхүү бурхныг Монголд одоогоор хэн ч бүтээгээгүй учир тэрбээр бүр шинж тэмдэг, дэг жаягийг нь сониноор зарлаж, хэн нэгний мөнгө олох өгөөш болгохыг хүсээгүй хэрэг. Түүний цухасхан яриаг эргэн сийрүүлэхэд, Мөнхбаатарын зургуудад дүрслэгдсэн амьтдын заримынх нь шинж, мөн чанар хурдан морины бурханд байдаг гэсэн нь толгойд харвав. Гэвч энэ бол миний л таамаглал шүү дээ. Таамаглалаа батлахын тулд үнэнийг мэдэх хэрэгтэй. Тиймээс яруу найргийн талаарх яриан дундуур тэс хөндлөн дайрч “хурдан хүлгүүдийн хамт дүрсэлсэн эдгээр амьтад ямар учиртай юм бэ?” гээд асуучихав. Гэтэл тэр юу гэж хариулсан гээч?
“Миний зурсан зураг бүхэн уншлага шившлэгтэй” гэж шивнээд, яриаг энэ сэдвээс булзайруулчихаж билээ. Уг нь би тэгэхэд түүний урланд сэтгүүлчийн хувиар бус найзын журмаар л зочилсон юм. Гэхдээ түүний бүтээлүүд онцгой анхаарал татаж байсан учир анхны зочлолтоороо ийм мэдээлэл цуглуулж амжсан юм.
Харин дараагийн удаа би түүний урланд ажил хэргийн журмаар зочилж очсон юм. Магадгүй, өмнө нь дутуу мэдсэн зүйлээ гүйцэт мэдэхсэн гэсэн хүсэл л намайг тийш нь хөтөлсөн байх. Урлангийнх нь хаалгыг таттал өрөөгөөр дүүрэн хүн. Уг нь би түүнийг ганцаархнаа бүтээлээ туурвиад, оршихуйдаа орчихсон суугаа байх гэж бодсон юм.
Орлоо, мэндэллээ, гэнэт зочлох болсон учир шалтгаанаа ч хэллээ. Гэтэл Мо өрөөнд нь байгаа хүмүүстэй танилцахыг надаас хүсэв. Бүгдтэй нь гар барин танилцлаа. Дуучин, зураач, уяач, бизнесмэн, тэгээд Мо-гийн хоёр шавь. Мэдээж түрүүлж ирсэнээрээ тэд ажил хэргээ бүтээх нь зүйн хэрэг. Харин тэдний хажууд байж болно гэсэн эрхийг уран бүтээлчээс авсанаараа би энэ хугацаанд ч бас мэдээлэл цуглуулах боломжтой болсон юм.
Тун удахгүй хурдан морины тухай нэг сайхан дуу, домог болсон нэгэн хүлгийг дүрсэлсэн уран зураг, басхүү нэгэн буурлын хөрөг энэ өрөөнөө “амилах” нь. Цаашлаад уран бүтээлч залуу “Сувдан хөлс” хэмээх анхны үзэсгэлэнгээ түмэндээ дэлгэх нь. Бүгд шинэ мэдээлэл байлаа.
Түүнийг утга зохиолын дээд шагнал “Алтан өд” наадам болон “Монголын мянгат малчид”-ын цомыг урласан гэдгийг мэднэ л дээ. Харин  “Дундговь аймгийн Луус сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын хурдан хар морины баримлыг Г.Мөнхбаатар суманд нь босгосон” гэдэг бол цоо шинэ бөгөөд хамгийн соргог мэдээлэл байлаа.
Эдгээр мэдээллийг цуглуулсаны дараа ирсэн хэргээ бүтээсэн хүмүүс урлангаас буцацгааж, ашгүй хүмүүсийн хөл шингэрэв. Үүнтэй зэрэгцэн би ч бас ажлаа эхлүүллээ. “Ямар олон зочидтой байх юм бэ? Урлан чинь ч багадаж байгаа юм байна даа. Хэзээ мөрөөдлийн урландаа тухлах вэ?” гэвэл “Надад мөрөөдөл бий. Гэхдээ мөрөөдлийн урлан байхгүй. Учир нь, хамгийн гайхамшигтай урлан миний цээжинд байдаг юм” гэж Мөнхбаатар хариулав.
Дараагийн асуултаа ч тавьж амжаагүй байтал хаалга сэвхийтэл онгойж, дахин нэг зочин ороод ирэх нь тэр. Үнэндээ энэ удаа би дотроо бага зэрэг ундууцаж байлаа. Энэ зочны ярианаас өмнөхөөсөө ч сонирхолтой мэдээлэл цуглуулж чадна гэдгээ таамаглаагүй хэрэг л дээ.
Зочин, Мо хоёрын дунд тун ажил хэрэгч яриа өрнөж байв. Тэрбээр Монгол Улсын Манлай уяач цолтны нэгэн алдартай хүлгийг зуруулахаар Мөнхбаатарыг зорин иржээ. Тэрбээр зураач залууг хэр баргийн сэтгүүлчээс дутахааргүй “байцааж” байлаа. Тэд бүр удаан ярилцах шинжтэй болоод явчихав. Би байж ядаж эхлэв. Болж өгвөл яриаг нь таслаад, ажлаа бүтээчихээд гарах санаатай хоолойгоо застал өнөөх залуу Могийн уран зургийн амь нь болсон өнөөх амьтад, шашны хэрэгслүүдийн утга учрын тухай асуучих нь тэр. Мо хариуд нь “Зурсан зураг бүхэн минь дом шившлэгтэй юмаа. Өөрөөр хэлбэл, хэл ам, хэрүүл тэмцэл, элдэв гай барцадаас бүрэн хамгаалж, сүлд хийморь, буян заяаг нь тэгшитгэх домыг нь би зан үйл, ёс жаягийнх нь дагуу зургандаа шингээн дүрсэлдэг юм” хэмээлээ.
Би мэдэхсэн гэж зорьж ирсэн зүйлийнхээ хариултыг бараг л олчихлоо. Гэвч дахиад хэдхээн зүйл нэмээд мэдчихсэн гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, Могийн урлангаас гарч чадалгүй суутал дараагийн зочид ороод ирэх нь тэр. Уран бүтээл ярих гэж, шинэ бүтээл туурвиулах гэж зорьж ирсэн хүмүүсийн урдуур дайраад, хүлээлгэх ч хэцүү. Өөрөө хүлээх ч бас хэцүү байв. Тиймээс өнөөдөр авсан мэдээлэлдээ түр сэтгэл ханаад урланг орхин гарлаа.
Үүнээс хэдхэн хоногийн дараа “Сувдан хөлс 1” үзэсгэлэнгийн урилгыг зураачийн өөрийнх нь гараас гардсан юм. Уран бүтээлийн үдэшлэг, уран зургийн үзэсгэлэнд сааталгүй удсаныг ч хэлэх үү, цуглуулсан мэдээлэл минь Г.Мөнхбаатарын талаар нийтлэл бичихэд хангалтгүй санагдаж байсныг ч хэлэх үү, энэ урилга намайг асар ихээр баярлуулав. Би энэ удаа түүний уран бүтээлийн тухай бус амьдрал, амьдралыг хардаг өнцгийг нь олж харах зорилготой Q art галлeрeйг зорилоо.
“Сувдан хөлс” үзэсгэлэнгийн танхим ч бас хүмүүсийн хөлд дарагджээ. Зураг үзэх гэж дугаарлах нь холгүй байгаа энэ газар би Мөнхбаатартай тухтай ярилцана гэдэг ч үлгэр бололтой. Тиймээс үзэсгэлэнгийн зочид дундаас мэдээлэл цуглуулахаар шийдэв. Гэхдээ уран бүтээлийн чиг хандлага, үнэ цэнэ, Мөнхбаатарын авьяас чадварын талаарх яриануудад огтоос ач холбогдол өгсөнгүй. Тиймээс уран бүтээлчдээс холдож, үзэсгэлэнг үзэхээр ирсэн тод магнай, торгон жолоотнуудын төлөөллүүд рүү дөхөхийг хичээж байлаа. Аз болоход, тэд яг миний хүссэн зүйлийн талаар ярилцаж байлаа.
Тодруулбал,  нэгэн үе “Хүннү молл орж үзээгүй бол хүн биш” гэсэн үг моодонд орж байсан бол одоо “Морины Могоор морьдынхоо хөргийг зуруулаагүй бол уяач биш” гэсэн хэллэг морь сонирхогчдын дунд дэлгэрээд байгаа гэнэ. Түүнчлэн “зураг бүхэн минь шившлэгтэй” хэмээдэг энэхүү зураачаар хөргийг нь зуруулж, хоймортоо залсанаас хойш тэдний морьд одтой сайхан наадаж, эздээ баярлуулж байгаа гэнэ. Тиймээс ч тэд Мөнхбаатарын энэхүү үзэсгэлэнг наадмын өдрүүдэд Хүйн долоон худагт гаргаж, хурдан шандаст хүлгүүдийнхээ буян хишгийг даатгаж, сүлд хийморийг нь даллуулах хүсэлтэй байгаа гэнэ.
Гэвч сэтгүүлчид их өөнтөгч, хорон үгтэй хүмүүс байдаг юм. Тэр л зангаараа тэсгэлгүй, “Мо зураач болохоос лам биш шүү дээ” гэж үг сөргөөдөхөв. Тэднийг над руу сүрхий том харахтай зэрэгцэн, соёл урлагийн салбарт нэлээд одтой яваа нэгэн эрхэм “Ламд биш урлагт итгэж, сүсэглэдэг болсон цаг шүү дээ, миний дүү” гэх нь тэр.
Мөнхбаатар бол бусдын л жишгээр амьдарч, харин бусдаас илүүг бүтээхээр тэмүүлж яваа жирийн л нэгэн бүтээлч. Түүний уран бүтээлийн гэрэл, сүүдэр хийгээд өнгө аяст уран бүтээлч ахынх нь хэлсэнээс илүү сайн тайлбар хайгаад ч олж чадахгүй юм билээ. 
Амьдралын тойрогт ч бас Мөнхбаатарын туурвисан хийгээд туурвиж буй бүтээлүүд олон өнгө, төрөл бүрийн хэлбэр дүрстэй. Гэвч бас “Амьдралыг уран бүтээл шигээ урлаж чадахгүй байх аа. Санаснаар болдоггүй хорвоо шүү дээ” хэмээн санааширна. Тэгээд бас “Тааварлашгүй олон асуултын дунд бид хүсэл мөрөөдөл дүүрэн амьдарч яваа. Амьдрал гэдэг төлөвлөгөө тооцоогүй зүйл бөгөөд санасанаар болдоггүйд л түүний утга учир оршдог байх. Тийм байгаад нь би их баяртай байдаг” гэж бүхнийг эeрүүлнэ.
“Бүтээж туурвихаас гадна хэлж яримаар зүйлс олон байдаг уу” гэхэд “Бусдад хийгээд хэн нэгэнд зориулж хэлэх үг даанч алга. Учир нь, хорвоогийн нар манддагаараа мандаж, үүлс бүрхэж бас цэлмэж, байгаль дэлхий оршдогоороо оршиж, хүний амьдрал урсдагаараа урсаж байгааг шүүн тунгаах эрх надад байхгүй. Аугаа найрагч Д.Нямсүрэн гуайн хэлсэнээр “Хамаг бүхэн сайн сайхнаас эхэлнэ” гээд инээмсэглэнэ.
Хэрэв түүний дотоод сэтгэл рүү нэвтрэхийг хүсвэл энэ цагаахан инээмсэглэл л надад замчлах болов уу. Яагаад гэвэл, түүний бүтээлийн сайн сайхан нь өөрийнх нь сайн сайхнаас эхэлдгийг дийлэнх нөхдийнх нь “хүүхдээрээ, яг байгалиараа, таг хөдөөгөөрөө” гэж хэмээн ёжлон өхөөрддөг энэ л инээмсэглэл надад хэлж өгсөн. Өөрөөр хэлбэл, нуршуухан нийтлэлийнхээ эхэнд би “Уран бүтээлч хүн чухам юунд баригддаггүй юм бол?” гэж өөрөөсөө асуусан даа. Энэ асуултын минь хариултыг энэ инээмсэглэл надад өгсөн. Тодруулбал, энэ инээмсэглэл “Уран бүтээлч хүн муу муухайд баригддаггүй. Учир нь, сайн сайхан зүйлс түүнийг битүү хүрээлж байгаа цагт тэр хил хязгааргүй сэтгэж, бүтээж, туурвисаар л байдаг” гэж надад хэлсэн. Уран бүтээлчийн тэрхүү сайн сайхнаас л бүтээл төрдөг аж.

Ц.Баттуяа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.