Тэнгэр шиг бай!

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 18 -нд

Утга зохиол судлаач, доктор П.Батхуяг Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлэгт сэтгэц шинжлэлийн үүднээс задаргаа хийжээ. Уг өгүүллийг толилуулж байна. 
Харамсалтай нь биднээс даанч цөөхөн нь “ТЭНГЭР ШИГ БАЙ”-хад суралцсан байдаг. Дийлэнх маань газар шиг хатуу ширүүн билээ. Тэнгэр уужим гэх билигдлээс гадна агуу их зөөлний мөн чанарыг агуулж байдаг. Цаглашгүй шинжийг үзүүлж,  хэмжээгээ  эс таниулах  увдисыг зөвхөн тэнгэр эрхшээсэн нь түүний сүр хүчний нууц гэдэг. Оршихуйн хувьд ч “тэнгэр шиг байх” үзэл зөвхөн нүүдэлчдийн хүрээний ойлголт биш. Эртний Мисирүүд, Ромд ч бүр наашлаад Майячууд ч “тэнгэр” хэмээх сүр хүчний ойлголттой байсан юм. Чухам илүү гүн төгөлдөр үзэл санаа болгож “НҮҮДЭЛЧИД” боловсруулсан гэж сэтгэгчид бараг нотолдог.  Зарим нь “тэнгэризм” хэмээх гүн ухааны иш онол буйг ч барин тавин баталдаг.
Басхүү “тэнгэр” бол орчин цагт амар хялбар ашиг хонжоо, нэр сүр олохыг санаархагчдын өмнөө барьдаг хамгийн хүчирхэг зэвсэг нь болжээ. Эртний үзэл санааны ”хэрхэхийг тэнгэр мэднэ” хэмээх далдын сүр хүч,  итгэл үнэмшлийн ойлголт энэ цагт бусдыг айлган сүрдүүлэх, номхотгон дагуулах бусармаг буруу хэлбэрээр дэлгэрч байна. Илүү гүнээр харвал шинэ физикчдын хэлээд байгаа шиг “орчлонгийн хамгийн нэгдмэл цул зүйл боловч олон нэгдмэл бие даасан бөөмсөөс бүрдэж, цаг хугацааны бүхий л мэдээллийг өөртөө хадгалж байдаг” ч байж мэдэх юм. Ямартаа ч тэнгэрийн нэгдмэл цул чанар нь “мэдээлэл” багтаах хамгийн зах хязгааргүй, огт-оргүй зүйл болох нь тодорхой. Энгийнээр бол таны амьдралдаа инээсэн тоо бүхэн чинь тэнгэрт тэмдэглээстэй байгаа гэсэн үг. Тэр нь “ тэнгэртэй хүн”,” тэнгэр нь хаясан /орхисон/ хүн”, “тэнгэр шиг сэтгэх”,” тэнгэр сэтгэл”, / хэлний хөгжлийн явцад” тэнэгэр” болж хувирсан/” тэнгэрийн зүүдний хүү”, “тэнгэрийн эрхшээл” зэргээр үндэстний оюун санааны “үнэмлэхүй” мэдлэг ойлголтууд бий болжээ. Тиймээс ч хүн төрөлхтөний хамгийн түгээмэл бүх шашинд БУРХАН- ТЭНГЭР, ТЭНГЭР-БУРХАН хэмээх анхдагч чанараар адил юм. Эсвэл бидний танин мэдэхүй хязгаар нэг зүйлийг хэдэн талаас, өөр өөрийнхөө хүсэл таашаалаар нэрлээд, ойлгоод байдаг болохыг ч үгүйсгэхгүй.
Харин “тэнгэр шиг бай”-х тухай ойлголт өнөө цагт хүн-нийгмийн харилцааны сүлжилдсэн ээдрээтэй олон асуудлаас “гарах”, өөрийгөө тайвшруулах, тайтгаруулах, чөлөөлөх  арга зам болж төсөөлөгдөх болжээ. Тэгэхээр домогчлолын үеийн тэнгэрийн тухай ойлголт, сэтгэлгээ орчин цагт илүү “ахуйн” шинжтэй болсныг хүлээн зөвшөөрнө.
Яруу найрагч Очирбатын Дашбалбарын харьцангуй олонд түгсэн” Тэнгэр шиг бай” шүлэг дээрх ажиглалттай ямар нэг сэжмээр холбоотой. Мартин Хайдаггерийн антологи философийн “АХУЙ” чухамдаа оршихуй юм бол тэр л “оршихуйг” тэнгэр шиг байлгах, тэр л оршихуйд хүн “тэнгэр шиг байх” гэдэг илэрхийлэл нь уран сайхны талаасаа шинэ илэрхийлэл болж байна.
Хамаг бүгдээр чамайг
Хараан нулимж байвч, тэнгэр шиг бай
/О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ хэмээжээ. Хүний оюуны чадамж одоохондоо ийм түвшинд хүрээгүй. Хэрэв таныг бүгд харааж зүхээд байхад та тэнгэр шиг  нам гүм, амгалан, нэг дүрээрээ байх гэж хичээж болох ч тэр бүгдийг даван туулахад “сэтгэцийн” талаасаа давшгүй хүнд нөхцөлд шилжинэ. Та хямарна. Эцэст нь ямар нэг хэмжээгээр эсэргүүцэл илэрхийлнэ. Харин ТЭНГЭР бол биднийхээс ондоо орон зай. Магадгүй АХУЙ нь ч биднийхээс огт өөр. Платоны үеийн “ахуйн” тайлбар “өд сөдгүй хоёр хөлтөн”, Диогений дэгдээхэй авчирч харуулдаг шиг тийм гэнэн зугаатай, эсвэл биднийхээс ч дор яршиг төвөгтэй байхыг таашгүй. Гол нь ТЭНГЭРИЙГ боломжийн урт хугацаанд ажиглаж, / зөвхөн харах ажиглах л боломжтой гэж итгэдэг үүднээс илэрхийлсэн болно/ бидний таньж мэдсэн өчүүхэн хязгаарт “АМГАЛАН, МӨНХ, ЗАХ ХЯЗГААРГҮЙ, ХУВИРАЛТГҮЙ, ЭВДЭРШГҮЙ, ЦАГ ХУГАЦААГҮЙ” гэсэн тодорхой ойлголтууд бүрэлдэж бий болжээ.
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
/О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ гэснээр тэнгэрийн талаархи АМГАЛАНГИЙН тухай үзлийг илэрхийлж байна. Магадгүй тэнгэртэй холбогдох уран сайхны хамгийн түгээмэл үзэл нь энэ юм. Гэтэл хүний сэтгэл зүйд тэвчээр барагдсан ч тэнгэр шиг байх чадвар хомс. Бас “алтан титэм өмсөөд, юу ч болоогүй юм шиг тэнгэр шиг байж” чадах эсэх талаар хүн төрөлхтөн уран сайхны сэтгэлгээний дэндүү олон хувилбар дэвшүүлжээ. Өмнөд Хятадын үхэрчин хүүгийн домгоос эхлээд Библийн Понти-Пилат, Макбет, Фауст, профессор Пнин хүртэл ямар нэг боломж олдонгуут л “тэнгэр” шиг чанараа хэрхэн амар хялбараар алдаж буйг харуулдаг. Хүний туйлын чанар,   байж болох мөн чанар нь энэ. Гэтэл яруу найрагч  хүнийг илүү БУРХАНЛАГ чанарт сэтгэлээ чиглүүлэхийг сургамжилжээ. Үнэндээ хүний ахуй хийгээд оршихуйн хамаг зөрчил эндээс үүдсэн юм. Хичээхийг оролдох ч боломжгүй мэт санагдах хоёрын тэнцвэр Ф.Ницщегийн “ хүн,  бурхан, бүтээгч” хэмээх эргэлзээг одоо ч төрүүлдэг. Харин Прометей гал олж өгөөд тэрхэн үедээ хэрхэн баярлаж байсныг Эсхилээс төсөөлж болно.  Одоо харин хүний АХУЙН эсвэл ОРШИХУЙН хамаг үл бүтэх явдал бүгдийг хараад Зевсийн зөв байсанд итгэж байгаагаар илэрхийлж болох  юм. Түүнтэй адил  тэнгэр ӨНӨ МӨНХИЙН тухай ойлголт ч хуучирна. Яагаад тэнгэр үгүй болсон ч дэлхий дээр амьдрал үргэлжилсээр байна гэж төсөөлж болохгүй гэж...
Өнө мөнхийн тэнгэр шиг бай...
...Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
/О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ хэмээсэн нь  ХҮНД тулгараад байгаа ЗОВЛОН, ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН бүгдээс гэтлэх ТАЙВШРАЛ-д хүргэх сэтгэлзүйн нөлөө байна. Тэнгэр өнө мөнх, үүрд  дээр цэлийх тухай тайвшрал “Сэтгэлзүйн  зөвлөгөө өгөх төв”-д үйлчлүүлснээс ч илүү нөлөө үзүүлнэ. Хүн чухамдаа ирээдүйд ямар нэгэн горьдлого тээх зүйл л хайж байдаг сэтгэлзүйтэй амьтан. Тэнгэр тэрхүү горьдлогынх нь хамгийн том илэрхийлэл.  “Тэнгэр нурчихаагүй цагт” болно, бүтнэ гэж тайвшруулах арга одоо ч хүмүүсийн харилцаанд байсаар байна.
Итгэл үнэмшлийн дэс дараалал байдаг гэж үзвэл арифметикийн энгийн үнэнээс илүү эргэлзээтэй, бүр илүү магадлалтай үнэн хүртэл хатуу тогтсон үе шатууд байх болох тухай Бертран Расселийн үзэл ч гарцаагүй үнэн болж таарна. ТЭНГЭР тэгэхээр тэрхүү итгэл үнэмшлийн дээд шат. “Тэнгэр байгаа тайвшир” гэсэн ухуулга ч харьцангуй үр дүнтэй гэсэн үг л дээ.
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
/О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ гэж сэтгэлзүйн хувьд тайвшруулавч “гүн тэнгэр хэмхрэх” тухай хэмхэрч болох тухай эсвэл тэнгэр дээрээс нурах тухай цогц санаа, сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл эртнээс Монголчуудад  байсныг яруу найрагч энэхүү бүтээлдээ ашиглажээ. Санаатай бичив үү? Санамсаргүйгээр бичигдэв үү гэдэг бол дараагийн ноцтой асуудал. Ямартаа ч “тэнгэр нурах шиг” болов хэмээх монгол хэлний хэлц хүний сэтгэл зүйн гүн хямралыг илтгэж байдаг.  Харин эсрэг сэтгэлгээнд тэнгэр ХУВИРАЛТГҮЙ,  ЭВДЭРШГҮЙ “ хэмээн номлодог. Тийм ч биз, үгүй ч биз.
Ямар ч байсан “сэтгэл эвдэрвэл тэнгэр эвдрэх”, тийм нэг  холбоо хамаарлын тухай Монголчуудаас өөр сэтгэж бодож, бодотойгоор боловсруулсан үндэстэн үгүй. Тэр ч байтугай энэ нас, бие үгүй болохыг “тэнгэрт дэвших” гэж шууд л хэлчихсэн. Үйлийн үр хаана боловсрох тухай заахдаа ч өөр орон зай, буюу ТЭНГЭРТЭЙ холбож ойлгодог байжээ. Алив бүхэн зуурдын боловч тэнгэр мөнх хэмээх язгуур үзэл нь “МӨНХ ХӨХ ТЭНГЭР” хэмээх шүтлэг, оюун санааны итгэл үнэмшлийг бий болгожээ. Яруу найрагч тэр суурь зарчмаар шүлгээ бичсэн. Суурь зарчим гэснээс эцэст нь “ТЭНГЭР ШИГ БАЙ” хэмээх язгуурын үзэл өнөөдөр олон хүнд илүү ч хамаатай санагдана. Бид “тэнгэр шиг байх” тухай ядаж бодохоо байчихжээ.
ЖИЧ. Хамаг хэргийн учир шалтгаан энд байна. Эцэст нь энэ шүлэг яруу найрагчийн үр хүүхдүүддээ үлдээсэн “сургаал”.  Магадгүй сургаалын хэмжээнээс  ч алс холыг харсан яруу найрагчийн интуици /зөн бэлгэ/ ч юм  билүү гэх бодол ойрын үед олон төрөх болсныг цөөнгүй хүн уучлан болгооно биз.     
Цорын ганц хүү минь бас охидууд минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай.
Хувь заяатай ямагт эвлэрч тэвчээртэй бай
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү
  /О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ 

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2017-09-15.  PEACE TOWN

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна