Аймгийн Алдарт уяач Ч.Амарсанаа: Баруун аймгууд морь малаа унаж эдлэх, хайрлаж хямгадахдаа зүүн аймгуудаас илүү

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 05 -нд

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Аймгийн Алдарт уяач Ч.Амарсанаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жил буюу 2006 онд аймгийнхаа шилдэг уяач болж байж, одтой наадмынхаа дурсамжаасаа хуваалцаач?
-2006 онд 11 түрүү, 13 айраг авч сайхан наадан аймгийн шилдэг уяач болсон. Эндээс гурав нь Засгийн газрын тогтоолтой улс, бүсийн наадмын түрүү, айраг.
-Хаанахын ямар наадамд тийм одтой наадаж, шилдгээр шалгарч байв аа?
-Тэр жилийн цагаан сар 1 сарын 28-нд болж, аймагт хаврын уралдаан тэр үеэр болсон юм. Тэнд улсын Алдарт уяач Золбоот ахынхаа буурал морь, саарал азарга хоёрыг түрүүлгэсэн. Хоёр дахь уралдаан нь аймгийн Номгон хайрханы хурд хаврын уралдаан. Тэнд буурал морь түрүүлээд, саарал азарга аман хүзүүдсэн юм байна. Тэгээд зун нь аймгийн наадамд буурал морь, саарал азарга хоёр хоёулаа түрүүлж, шарга шүдлэн бас түрүүлээд, таваг цагаан хүрэн соёолон дөрвөөр, хонгор даага аман хүзүүнд давхиж байсан юм. Аймгийн наадмын дараа Баян-Овоо сумын ой болоод тэнд буурал морь түрүүлж, саарал азарга аман хүзүүдээд, шарга шүдлэн аман хүзүүдэж, жижиг хондон морь гурваар, халзан морь таваар, таваг цагаан хүрэн соёолон айргийн таваар давхисан. Тэгээд дараа нь Говь-Алтай аймгийн 70 жил, баруун бүсийн даншиг наадамд буурал морь, саарал азарга, шарга шүдлэн гурвуулаа түрүүлсэн. Халзан морь гурав дээр явж байгаад хүүхэд нь унаад есөөр орсон байхаа. Хонгор даага гурваар айрагдсан.  Тэгээд л тэр жилээ Аймгийн Алдарт уяач болж байлаа.
- Нэг жилийн амжилт гэхэд итгэмээргүй олон түрүү, айраг байна. Говь-Алтай аймаг ус унд муутай учраас энэ талын бэрхшээл гарч байв уу? 
-Тэр жил долоон морь уяад Говь-Алтайд дөрөв нь түрүү, айраг авч, Баян-Овооны ойд бүгд л айраг, түрүүгээр давхиж байсан. Говь-Алтайд бол бид нар морио ачиж очоод аймгийн төвдөө ойрхон олон уяачид цугласан газар очиж буусан. Тэнд 5тонн ёмкостоор ус тарааж өгч байсан болохоор ус ундны гачаалд ороогүй. Ус зөөж өгөөд, морь малыг нь торны ард оруулж нэг зэрэг гаргаад, ер нь будилаангүй сайхан наадам болж байсан.
-Бүсийн хэмжээний даншиг учраас улсын нэртэй том уяачид зартай хурдан хүлгүүдтэйгээ очиж уралдаа байлгүй?
-Миний танихаас Монгол улсын Манлай уяач Говь-Алтайн уугуул Баастын морьд, Макс Ганбаатарын морьд очсон байсан. Их олон газраас морьд цугласан байсан, би даанч тэр болгоныг нь сайн танихгүй ээ. Манай Баянхонгороос бол бид хэдээс өөр нэг их хүн очоогүй ээ. Тухайн үед нэг их ачиж явдаггүй байсан болохоор ч тэр байх. Тэгэхэд их насанд буурал морины дараа 
Отгоннасангийн буурал морь аман хүзүүдэж байсан. Өвөл нь манай аймагт ирээд манай буурлын дараа аман хүзүүдэж байсан болохоор Говь-Алтайд Отгоннасангийн бууралтай л уралдах байх гэж бодож байсан юм. Ямар ч байсан явдгаараа л явсан даа. Бид нар чинь бага наадамд уралдуулаагүй ерөөсөө л аймаг, нэг сумын ойд уралдаад л ерөнхийдөө тэр даншигт л бэлдэж, өвөлжин, хаваржин морьдоо тэжээсэн.
-Гэхдээ л хавраас хойш дөрөв уралдчихсан, тав дахь уяагаар баруун бүсэд явж байсан байна шүү дээ.
-Тэр хавар нь бас манай суманд бүсийн уралдаан болоод, буурал морь түрүүлж, халзан морь нэг соёолон хоёр бас аман хүзүүдсэн. Хавар нь хоёр уралдаад, зун гурав уралдаж байсан. Ямар ч байсан бага наадам гэлгүй зорьсон бүсийнхээ наадамд л тавья гэсэн бодолтой давхар уяа хийсэн. Эхний хоёр наадамд бол морьдоо нэг их шавхаж уралдаагүй, даншигт л тааруулж тавья гэсэн бодолтой. 12 сараас хойш найман сар тэжээсэн болохоор хүчтэй, тарган ирэн дээрээ л явж байсан. Намар найман сарын гурванд манай сумын Нөмөрт хайрханд ургын баяр болоод уралдаж тэр жилийн уралдаанаа отголж байсан юм.
-Улсын хэмжээний бүсийн наадмаас гурван түрүү авна гэдэг агуу амжилт шүү.
-Харин тийм. Говь-Алтайн даншигаас ядаж ганц нэг айраг авъя гэсэн бодолтой байснаас биш гурван түрүү авна гэж ер санаагүй. Тэр үедээ гурван түрүү авлаа гээд нэлээн шуугиан тарьж байсан. Тэр тусмаа азарга, их морины түрүү гэдэг чинь тухайн наадмыг авчихаж байна л гэсэн үг шүү дээ.
Тэр жилээ Искрагийн Золбоот ах маань Улсын шилдэг уяач болж, би аймгийн шилдэг уяач болсон. Шандаст трансын Золбоот гэхээр хүмүүс андахгүй.
-Энэ Золбоот гэдэг хүний морийг яагаад уях болсон юм бэ?
-2004 онд манай сумын 80 жилийн ой болох гэж байлаа. Аймагт явж байтал надтай таараад “Аймгийн наадамд ямар ч байсан 10 дотор орчихоор нутгийнхаа морийг авч уралдуулмаар байна” гэсэн юм. Тэгээд би эндээс гилтэн Баяраа гэж хүнээс хондон морь, Болдын Улаанаа гэдгээс зээрд морь авч өгөөд, тэр жилээ нэг нь аймагтаа аман хүзүүдээд, нөгөө нь гурваар орж байсан. Тэгээд 80 жилийн ойд ирж уралдаад гурав, дөрвөөр давхисан. Тэр үеэс хойш морийг нь уяж өгч байгаа юм.
-Аль ч довонд очсон түрүү магнайгаас буудаггүй буурал морь, саарал азарга хаанахын адуунууд вэ?
-2005 оны хавар Хэнтий, Сүхбаатараар явж 20 адуу аваад, буцах замдаа манай Бууцагаан сумын Улсын Алдарт уяач Цэдэв гэдэг хүнээс тэр буурал морийг худалдаж авч байсан юм. Цэдэв гуай Искра гэж Золоо ахын аавтай нэг багийн, нэг ангийн найзууд гэнэ лээ. Тэр ондоо сайн дасаж нутагшаагүй байсан ч аймагтаа аман хүзүүдсэн.Азарга нь Буяндэлгэрийн Жинст хонгорын удам, Чимэддоржийн хул азарганы төл.
-Та миний уулзаж байгаа 85 дахь ярилцагч болж байна. Энэ хүмүүсийн ихэнх нь удам дамжсан уяач нар байна. Таны тухайд?
-Манай аав морь уядаг, сумандаа бол олон айраг түрүү авч байсан Чулуунбаатар гэж хүн бий. Аавын аав болохоор Лодойн Далантай гээд Хатанбаатар Магсаржавын цэрэгт явж байсан хүн байлаа. Тэр Далантай гэж хүний том толгойт хээр морь, шийр цагаан хүрэн морь, хээр азарга гээд л олон морьд байсан гээд аав зурагнуудыг нь үзүүлж байсан. Аавын өөрийнх нь бор морь, халтар азарга хурдан байлаа. Гуравдугаар багийн өртөөний адуунаас 20 даага сургаад тэр дундаас нэг даага авсан нь халтар азарга байсан. Халтар азарга шүдлэнгээсээ хойш сумандаа олон айрагдаж, түрүүлсэн. Харамсалтай нь 2000 оны зуданд адуугаа цасан шуурганд тавиад туучихсан юм. Зуд болохын урьд жил дөнгөж нас нийлсэн залуу адуу байсан.
-Аавыгаа дагаж уяач болжээ дээ?
-Бас манай ээжийн ах нэгдүгээр багийн уяач Цэцэг гэж хүнийг дагаж үсэргээ сунгаа, наадамд дагаж явдаг байлаа. Тэр хүний жороо хар морь суманд нэлээн хэдэн жил түрүүлсэн байх. Хоёрдугаар багийн наадамд 10 түрүүлсэн хүрэн морьтой Дашдэндэв, тэмээчин Одхүү гээд хөгшчүүлийн даага, үрээг сургаж, уяа морьдыг нь хөлсөлж цуг явдаг байсан. Тэр хөгшчүүлийн морь малын уяаны талаар ярьж байсан яриа нь санаанд их тод байдаг юм.
-Тэр үеийн хөгшчүүл морь мал уяж байхдаа юуг чухалчилдаг байв?
-Тэр үеийн хөгшчүүл эрт ногоо идүүлж, сайн унаж, хүч таргыг нь буулгаж бай гэдэг.
Тухайн үедээ нэг улсын наадмаар л уралдаад тавигддаг, давхар уяа гэж байгаагүй. Ногоонд цатгаад баас нь задгайраад ирэхийн цагт, мах нь хөөгөөд ирэхээр 5 сарын 20-ноос 6 сарын 10-ны хооронд морь уяанд орохоос өмнө ойр ойр унаж, тууш уяанд сайн хөлсийг нь гаргаж тавьдаг. Тэр нь ч одоо бодоход их л ортой. Шинэ ногоонд гэдэс хоол нь солигдож, тамир тэнхээ суудаг байсан нь одоо мэдэгдэж байгаа юм.  Өвөл бол 11 сараас хойш хүүрэгтүүлээд уяж хонох юм бол байлгүй яахав.
-Төв аймгийн Тожил гэж мундаг сайн өвгөн уяач гуч эмээллээгүй морийг улсын наадамд уралдуулах хэрэггүй гэж ярьдаг байсан гэдэг. Тэр нь өвөл цагийн уналгаа эдэлгээ, цантуулах тухай юм байна л даа.
-Тэгэлгүй яахав. Ялангуяа энэ цагт 11сарын 20-ноос 12сарын 10-ны үеэр морины хүч, далангийн өөхийг сайн шавхаж байж л тэжээлэнд оруулахгүй бол болохгүй. Би тэр улсуудын бичсэн номыг бол байнга л хардаг юм.
-Танай суманд сайн хатгаж ханадаг эрдэмтэй ямар уяач байна вэ?
-Манай нутагт дээхэн үедээ Цэцэг, Дашдэндэв, Даринчулуун гээд хатгуурчид байсан. Одоо хатгаж байгаа нь Дашдорж, инээдэг Дорждэрэм гээд хөгшчүүл байна. Тэр улсуудаар заалгаад сайн хатгаж байгаа залуучууд ч зөндөө байгаа. 
-Өөрийн тань морьдоос амжилт үзүүлж байгаа хаанахын ямар ямар угшилтай адуунууд байгаа вэ?
-2007 оноос хойш нэг хэсэг морь уяхгүй завсарласан. 2014 онд 90 жил болох гээд зүүн аймгуудаар явж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Арилд гэж хөгшинөөс даага, шүдлэн нийлсэн дөрвөн адуу авчирч уясан. Тэгээд 90 жилдээ хүрэн шүдлэн маань түрүүлээд, хонгор шүдлэн айргийн таваар орсон. Нэг хязаалан үрээг нь Монхоо гэдэг дүүдээ өгсөн нь айргийн таваар ороод, найз Төмөрсүхдээ хонгор шүдлэн өгсөн нь айргийн гурваар давхиж, авчирсан адуу дөрвүүлээ айрагдаж байсан юм. Тэр намар нь 10 сард дахиж яваад хүрэн хязаалан, хүрэн шүдлэн үрээ, таваг цагаан хүрэн даага авчирсан. Тэд нар бас сайн давхиж байгаа. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын МСУХ-ны тэргүүн Очирхуяг гэж залуугаас авсан хүрэн даага ноднин сумандаа болон Хүрээмаралд аман хүзүүдээд, энэ жил төвийн бүсийн соёолонд хязаалан үрээ тавьж уралдуулаад гурваар давхиад байна. 
-Зүүнээс авчирсан болгон хурдалдаг гэвэл бас үнэнд нийцэхгүй байх. Тэндээс очоод хурдан адуу таньж авна гэдэг бас чухал. Таны хувьд хурд танихдаа гайгүй юу?
-Би зургаан насны морийг зургууланг нь жигд уядгаараа өөрийгөө давуу болов уу гэж боддог.
Сүхбаатар, Хэнтий, Дорнодын бараг бүх сумаар явсан. Уяаны хувьд манай эндэхтэй эрс ялгаатай.
Зүүн талын уяачдаас баруун аймгийнхан морины уяа сойлго, ёс заншил, дэг жаягийн хувьд илүү гэж боддог. Зүүн аймгийнхан бол ер нь адууныхаа угшил удмыг л сайн мэдээд байна уу гэхээс наад захын ёс заншлаа сайн мэддэггүй юм шиг л санагддаг. Ярьж хэлж байгаа нь хүртэл сонин санагдаад байдаг юм. Айрагдсан морийг орчлоо ч гэх шиг, манай энд бол айрагдлаа гэж ярина. Морь мал олонтойдоо ч тэгдэг юмуу хөлийг нь аваад доголчихсон сайн морьд олон таардаг. Манай баруун аймгууд бол морь малаа хайрлаж хямгадаж чаддаг. Жишээ нь Монгол улсын Алдарт уяач Золбоот гэдэг хүний шарга даага 2005 онд аймагт түрүүлж, 2016 онд шарга азарга төвийнхөө бүсэд аман хүзүүдлээ. Арван хэдэн жил уралдахад нь хөл гар нь зүгээр, тогтмол амжилт үзүүлсэн байна. 
-Миний тавих асуулт энэ хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
-За ингээд “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсээд, нийт монголчууддаа морьд нь хурдан, хүүхэд нь сэргэлэн байх болтугай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна