Сагил сумын уяачдын холбооны тэргүүн Б.Одонням: Сагилын хаврын уралдаан аймгийн бооцоот уралдааны өнгийг тодорхойлдог
Увс аймгийн Сагил сумын уяачдын холбооны тэргүүн Б.Одоннямтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Адууны өлгий Тэс нутгийн хүү хурдан морины нуруун дээр өссөн байх даа?
-Тэгэлгүй яахав. 1960 онд Тэс суманд төрсөн би долоо хүрээд л хурдан морь унаж эхэлсэн. Багадаа өөрийнхөө улаан морийг унана. Бас нагац ах Жангараа, авга ах Сүндэв, Цэрэнжав нарын уяж сойсон хурдан морьдыг унаж хурдлуулдаг байлаа. Жангараа ах олон жил аймагт морь түрүүлгэж, айрагдуулсан хүн. Ингээд 13-14 хүртлээ унаж байгаад, морины ажилд тусалж, цэрэгт явсан. Ирээд хатир, жороо, хурдны морьд уяж эхэлсэн дээ. Нэгэн цагт манай аймагт Тэс, Зүүнговийн хурд тэргүүлдэг байлаа. Манай Тэсэд өвөлдөө их хүйтэн, зундаа их халуун. Тэр хүйтэн, халууныг Тэс адуу тэсэж давж сурсан, бие хаа, шөрмөс сайтай. Тэсэд халуун болохоор хар мах гэж суухгүй, хөнгөн. Гэтэл хангайн сумдад зундаа сэрүүхэн болохоор адууны зоог хар мах нь барьчихдаг. Тэрнээс болоод хөлийн хурд нь дутуу юм болов уу гэж би дүгнэсэн.
-Ер нь хэдэн үеэрээ уяа эвлүүлж байна вэ?
-Манай аав уралдуулж байсан нь цөөн. Харин аавын ах дүү нар олон жил морь уралдуулсан улс. Бас ээжийн дүү Жангараа ах насаараа морь уясан. Одоо ч хүүхдүүд нь морь уяж байна. Надад олон морь байсангүй ээ. Улаан мориороо л хэд хэдэн удаа сайхан наадсан. Аймагт таван насандаа түрүүлж, Тэсдээ айрагдуулж байлаа. Аймагт түрүүлэхэд Жангараа ах уяж сойсон юм. Бид унаж хурдлуулах л ажилтай. Гэхдээ тийм ч сайн унадаггүй байжээ. Одооны хүүхдүүд морь сайн унаж байна. Уяачид ч сайн уяж байна, мэргэжлийн шахуу болчихлоо шүү дээ.
-Цэргээс ирээд ямар ямар амжилт гаргав?
-Цэргээс ирээд аймгийн Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер Пүрэвийн Юнрэн гэж хүнээс хатирдаг хул морь худалдаж аваад Тэсэд түрүүлгэлээ. Дараа нь Гонгор гэж залуугаас жороо хээр морь худалдаж авч, 1990 онд Сагилын ойд түрүүлгэснээр эргэлт буцалтгүй моринд орсон. Цогтоогийн жороо хээр морийг авч аймагт айрагдуулж, Сагилд түрүүлгэлээ. Бас нэг жороо хар морь надад олон жил айраг амсуулсан. 2004 онд Бөхмөрөн сумын ойд таван настай түрүүлж, 2005 он Сагилын ойд мөн түрүүлж, залгаад гурван хоногийн дараа болсон аймгийн даншигт дөрөвлөсөн. Түүний дараа аймагт дөрвөн жил хоёрт ирсэн. Сумандаа бол олон айраг түрүүтэй сайхан хүлэг байлаа. Ер нь манайхан хатираа, жороо морь их сонирхоно. Өнгөрсөн зун гэхэд манай нэг дүүгийн хатирдаг морь аймагт түрүүлж, Тэс, Түргэнд очиж дахин түрүүлээд байна.
-Жороо, хатирдаг морь одоо ямар ханштай байх уу?
-Үнэтэй байлгүй яахав. Гурван саяас л эхэлнэ шүү дээ. Гэхдээ одоо надад жороо, хатир байхгүй. Хоёр байсныг ноднин зараад, нэгийг нь нутгийн залууд өгчихсөн. Тухайн үедээ Гонгорын жороо хээр морийг 5000 төгрөгөөр авч байлаа. Тэгэхэд мотоцикль 8400 төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр ч хурдан морь илүү үнэ хүрдэг болчихлоо.
-Морины наймаа их хийж байна уу?
-Өнгөрсөн 10 сард Дорнодын Матадын адуу Завхан сумаас авсан. Энэ жил наадамд үзэх санаатай. Бас нэг бор хязаалан бий. Уржнан 2013 онд аймаг, суманд тус тус түрүүллээ. Даагандаа нэг хүрэл,10 алт авсан адуу даа. Үүний ах нь нэг алаг азарга бий. Даншгаар долоод ирж, дараа жил нь Сагилд болсон бооцоот уралдаанд түрүүлээд, аймгийн бооцоонд дахин түрүүлсэн. Тэр зундаа Сагилд бас түрүүлээд, хязааландаа дахиад түрүүлсэн. Нийт 7-8 алтан медальтай. Их насны 12-13 медальтай улаан морь бас бий. Гэхдээ одоо ч хөгширсөөн, хөөрхий. Бас Сагилд айрагдаж, түрүүлж, аймагт айрагдаж байсан жороо хээр морь байснаа ноднин зарчихлаа. Шинээр уяач болж байгаа Сагилын залууд угшилтай гүү, бөөсөгтэй мориноос өгчихсөн юм.
1990 онд их насны хээр морь аймагт, Сагилд тус тус айрагдуулаад зарчихлаа. Нэг хурдан морь 3-4 бод гэхээр тоог нь бодоод өгчихдөг юм. Зарлаа гэдэг чинь амьдрал мал сайтайн шинж биз. Тэрнээс өлөв долов амьдралтай байсан бол тэр болгон зараад байхгүй шүү дээ. Би 1991 оноос Сагил суманд ажиллаж, амьдарч байгаа хүн дээ.
-Сагилд Тэс адуутайгаа ирсэн байлгүй?
-Тэгсэн. Одоо Тэс угшлын гүүнүүдээс сайхан унага гарч байна. Хэдэн жил Тэс угшлын азарга тавьсан. Мөн Өндөрхангайгаас халиун алаг азарга дөрвөн жилийн урд тавилаа. Төлүүд сүрхий байна. Даагандаа түрүүлдэг бор хязаалан Өндөрхангайн азарганы төл байгаа юм. Бас Зүүнговийн улсын аварга Дамдинсүрэн гэж хүний адууны угшилтай хээр азарга тавьсан. Түрүүн ярьсан бор алаг хавчиг азарганы эх нь мөн л Тэс угшилтай. 2011 онд Жавын Бат-Очир гэж залуугаас даагатай гүү худалдаж авсан юм. Тэр даага надад олон айрагдаж, түрүүллээ.
Гэхдээ одоо ч хаа сайгүй зүүн зүгийн адуу давамгайлах хандлагатай болчихлоо. Сүхбаатарынхан 20,30-аад жилийн урьд Тэсээс баахан шилмэл гүүнүүд аваачсан гэдэг юм. Тэдний цус л байгаа байхаа. Сүхбаатар, Дорнод, Хэнтийгээс ирсэн адуунууд зарим нь раммтай байгааг харахад Тэс гүүний цустай болов уу гэж таамагладаг юм. Яг уяаг нь зөв олчихвол Тэс, Зүүнговь, Сүхбаатарын адуунууд хоорондоо хол зөрөө байхгүй л дээ.
-Гэхдээ зарим уяачид зүүн зүгийн адуу манай энд зоргоороо айраг, түрүү хүртчихээд байдаггүй юм гэж ярих юм билээ?
-Олон жил морь уялаа. Эндээс харж байхад газар газрын хурд тухайн орон нутагтаа л хурдан байдаг юм. Их элстэй Тэсийн дэвжээн дээр Сүхбаатар адуу түрүүлнэ гэхэд хатуу. Эсрэгээрээ Тэсийн сайн сайн адуу хатуу газар очоод нэг их гавьяа байгуулдаггүй юм. Хоёр, гурван жил дасгаж байж уралдуулбал юу юм гэхээс.
-Та төрсөн нутгаа зорьж нааддаг биз дээ?
-Нааднаа. Гэхдээ өнгөрсөн зун нутгийн ойд явж чадсангүй, хөл гар өвдөөд. Манайхны адуу угшил нь Тэс ч туур нь жижигхэн байдаг онцлогтой. Миний жороо хар Тэсэд очоод гуравлаад ирж байлаа.
-1991 онд Сагилд ирээд удирдах ажил алба хашиж байсан юмаа даа?
-Аймагт хоёр, гурван жил машин барьсан болж байгаад хадмуудаа дагаад анх Сагилд ирж байлаа. Манай хадмууд уг нь Тэсийн улс л даа. 1979 онд Сагилд нүүж ирсэн анхны долоон айлын нэг нь байгаа юм.
Би чинь одоо 56-тай хүн. Сүүлийн үед “хөгшин азарга жороо сурав” гэгч болоод байгаа гэх үү дээ. Сагилын уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байна. Миний өмнө аймгийн Алдарт уяач Цогт-Очир гэж хүн тэргүүнээр ажиллаж байгаад 5,6 жилийн өмнө хот руу нүүгээд явсан юм.
-Сагил сумын уяачдын холбоо хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-Байгуулагдсан нь эрт ч албан ёсоор бүртгүүлж тамга тэмдгээ аваад таван жил болж байна. Төгсөө даргаар дамжуулж тамгатай болж байлаа. Би аймгийн Алдарт уяач болоод 10 жил болж байна. Түүнээс хойш 11,12 хүн аймгийн Алдарт боллоо. 30 гаруй сумын Алдарт уяач төрүүллээ.
Манай уяачид зургаан түрүү буюу 12 айраг, тэгээд их нас, азарга хоёр 50 хувь болно гэдгийг тэр болгон мэддэггүй. Аймагт ганц хоёр айрагдуулчихаад аймгийн Алдарт болчих юм шиг бодоод байдаг. Бас суманд 4-5 удаа морь айрагдуулчихаад сумын Алдарт уяач болмоор байнаа гэнэ.
-Сагил сум аймагтайгаа ойрхон. Тэгсэн атлаа танайхан аймагтаа нааддаггүй бололтой?
- Түнэрэв над мэтийн цөөхөн хүмүүс л явдаг юм. Аймагт зундаа их халдаг болохоор манайхны морьд таардаггүй. Хангайд сэрүүн шүү дээ. Тэгэхээр наадмаас хоёр, гурван хоногийн өмнө очвол морь харшдаг. Энэ мэтээр гарч уралдаж чадахгүй ч Бөхмөрөн, Түргэн, Давстаар наадаж байна. Саяхан Давстад бооцоот уралдаанд манайхан олон айраг, түрүүтэй наадлаа. Эндээс Мэндбаяр маань 3,4 морь айрагдууллаа.
Би уяачдадаа хэлдэг юм, сайн адуу худалдаж ав. Адуугаа сайхан чанаржуул гэж. Манайхан ч явж байна. Улаанбаатар, Сүхбаатараас адуу авчраад л байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас өөр аргагүй болж байна шүү дээ. Ямартаа ч хоёр жилийн дараа гэхэд шинэ цагийн монгол адуу дийлж уралдах байхаа. Аймагт ч, суманд ч ялгаагүй.
-Сумын хэмжээнд морь уядаг хичнээн хүн байна вэ?
-Өндөр мод, Хариг багт морь уядаг хүмүүс олон бий. Лав 70,80 уяач бий болов уу. Эндээс Харигийнхан их олуулаа болоод байгаа. Бас Боршаа багийнхан ч аймагт сайхан наадаж байна.
-Сагилын эрдэмт уячид, хурдан хүлгүүдийн талаар мэддэгээ хуваалцаач?
-Дээхнэ үеийнх нь уяачдыг мэдэхгүй. Өөрийн мэддэгээс сонирхуулахад Цогт-Очир гэж мундаг уяач байлаа. Одоо Улаанбаатар өөрийн болон өрөөлийн морийг уядаг юм гэнэ лээ. Адуу шинжихдээ гаргуун хүн дээ. Бас Гивээ гэж хатирдаг морьтой, мундаг хөгшин байв. Тэр морь нь манай арын хэдэн сумдаар дандаа л түрүүлдэг, 1991 онд аймгийн ойгоор хоёрт ирж байсан. Тэр үед аймгийн наадамд хатир, жороо, их нас, бага насны адуунд Тэс, Зүүнговь ноёлдог байлаа. Мөн насаараа морь уясан, хурдан азаргатай аймгийн Алдарт уяач Гаваана гэж байна. Сүүлийн үеийнхнээс гэвэл Бадамсүрэн өнгөрсөн хоёр жил их насны түрүүг авчихлаа. Аймгийн дэвжээнд морь айрагдуулаагүй болохоос хэрвээ сумын амжилтыг тооцдог бол аймгийн Алдарт авахаар залуу. Түүнчлэн Баруунтуруунд очиж морь түрүүлгэж, Тэсэд айрагдуулсан Мягмаржав, Мэндбаяр гээд нутгийн лут уяачдын шийрийг хатаах залуус олон байна.
-Улсын баяр наадмаас гадна Сагил суманд тогтмол явагддаг хэдэн уралдаан байдаг вэ?
-Хаврын бооцоот уралдаан байна. Сая дөрвөн сарын 15-даар болсон энэ уралдаанд Давст, Түргэн, Улаангом, Өлгийгөөс уяачид ирсэн. Аймгийн бооцоот уралдааны өнгийг тодорхойлсон сайхан наадам болсон. Аймгийн бооцоонд манайд түрүүлж, айрагдсан эхний таван морь яг тэр эрэмбээрээ ирнэ лээ. Тэгэхэд би манай Сагилын бооцоо чинь хүчтэй болж байна шүү гэж хэлж зогслоо. Үүний дараа жилтний баяр гэж болдог юм. Тухайлбал, энэ жил хонь жилтэй улс нийлээд зохион байгуулдаг. Улсын баяр хүртэл бүх баг жилтний баяр хийдэг уламжлалтай.
Энэ жил манайхан хурдан морины уралдаанаа Улаандаваанд хийхээр болж байгаа. Өөрөөр хэлбэл сэрүүн газраа уралдана гэсэн үг. Баг багт хандив амлуулсан. Одоо ноолуураа гарч дуусахаар багийнхаа хурлыг хийчихээд, арван хүн хоёр машинтай явуулж хандиваа цуглуулна даа. Их насны морийг байлахаар төлөвлөж байгаа юм. Илүү гарсныг нь сумын бүтээн байгуулалтанд зарцуулна даа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна