“Баянгийн манлай” МСУХ-ны тэргүүн, аймгийн алдарт уяач Д.Атарбаян: Адууныхаа тоогоор бид аймагтаа эхний хоёр, гуравт бичигддэг

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 30 -нд

- Сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр хэдий үеэс ажиллаж байгаа билээ?
- Манай сумын уяачдын холбоо 1995 оны намар Монгол адуу нийгэмлэгийн салбар холбоо нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ сумын Засаг дарга асан Алтангэрэл, манай аав Гомбын Доржсүрэн нарын хүмүүс холбооны шавыг тавьж байлаа. Улмаар холбооны тэргүүнээр аав маань долоо, найман жил ажилласан.  Харин залгаад Алтангэрэл дарга, Ундрах нар үргэлжлүүлэн, би 2010 оноос өнөөг хүргэлээ.
- Та  энэ хугацаанд ямар, ямар ажлыг хийж хэрэгжүүлээд байна вэ?
- Ундрах тэргүүний үед бид ярьдаг байлаа. Баян-Уул сумын Алдарт уяач цолыг бий болгоё гэж. Дээхнэ нэгдлийн үед сумын Аварга уяач гэж өгч байсан юм билээ. Ингээд ярилцаад өмнөх тэргүүний үед эхний 25 хүн сумын Алдарт уяач цолоо авсан. Харин намайг ажлаа авч байхад улсад гал уяаны тухай яриа ид хүчээ авч байлаа шүү дээ. Бид ч олны жишгийг дагаад гал уяаны зохион байгуулалтанд орсон. Мөн ажил авахаасаа өмнө уяачдын өргөөтэй болох ажлыг санаачлан эхлүүлснээ хийлээ. 2010 онд сумын Алдарт уяачийн энгэрийн тэмдгийг бий болголоо. Тэр үед “Дэвжих трейд” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач М.Ганболд ах маань ивээн тэтгэж, тус тэмдгийг Зоос гоёлд захиалж хийлгэсэн юм. Зургийг нь сумын технологийн багш Бямбадорж гаргасан. Энэ тэмдгийн ерөнхий санааг нь би хэлж гаргасан. Шарга азарганы дүрстэй энэ тэмдэгт морин эрдэнээс гадна эвхмэл Монгол бичгээр  Баян-Уул  гэж бичээд, өнгөрсөн, одоо, ирээдүй цагт энэ нутгийн морьд хурдан байхыг бэлгэдсэн. Тэгээд төрийн далбааны өнгөн дээр зургаан насны морьдыг багтаасан. Би чинь дуунд дуртай хүн. Тиймдээ ч жил бүр уяачдын баяраар уяачдын тоглолтыг зохион байгуулдаг болоод зургаан жил өнгөрлөө.
- Урлагийн тоглолт зохион байгуулж байгаа нь ямар зорилготой юм бэ?
- Уяачийн хөдөлмөр гэдэг хэцүү шүү дээ. Цаг наргүй, гадаа гандаж хөдөө хөрч явдаг улс. Тэр болгон олны өмнө гараад байхгүй. Тиймээс нүүр хагарч, зөвхөн мориороо олон түмнээ баясгах биш дуу хоолойгоороо ч нэг өдөр хөгжилдөөд аваг гэж бодсон юм. Тоглолтынхоо үеэр тухайн жилийн шилдэг уяач, унаач, шилдэг гал, манлай галаа шалгаруулдаг. Энэ нь тун ч шударга шалгаруулалт болдог болохоор хүмүүс талархалтай хүлээж авдаг. Бүүр галууд дотроо шилдэг уяач, шилдэг унаачаа шалгаруулна гээч. Бас Жолооч уяач гэж хамгийн хол явж морио уралдуулсан уяачдыг шагнаж урамшуулдаг. Энэ баяраар дөрвөн нас уралддаг байсан бол одоо зургаа болж нэмэгдсэн байна. Сумын Алдарт уяач цолны болзолд ордог том уралдаан л даа. 
2015 онд уяачдын холбооныхоо  20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энд уралдсан зургаан насны морьдын байг зургаан гал маань нэг нэгээрээ гаргасан. Их насны таван морийг таван адуугаар, дараагийн тавыг таван 5 хониор байлах жишээний.
- Гал уяаны системд орохоор уяачдын амжилт өсч байгаа нь анзаарагдана биз?
- Ажиглагдалгүй яахав. Уудам өндөрлөг, зундаа сэрүүн энэ  газрын адуу чинь хөрслөг, бядархуу. Энэ онцлогтоо тохируулан уяачид шинийг эрэлхийлэн ажилладаг. Нутгийн адуугаа зүүн зүгийн адуугаар цус сэлбэж, морь мал ч их сайжирч байна. Манай  “Чандмань хурд” галынхнаас 2012 онд Буяндэлгэрийн сарт хээр азарга Баян-Өлгийн даншигт түрүүллээ. Сүүлийн үед энэ галынхан бас их сайхан наадаж байна. Мөн сумын Алдарт уяач Ж.Дашхүү ахлагчтай  аймгийн Алдарт уяач Б.Галбаатар нарын уяачид бүхий  “Ажнай халтар” галынхан амжилттай сайхан наадаж, хурдан хар азаргаа 2014 оны Ховдод болсон баруун бүсийн даншиг наадамд айргийн тавд хурдлуулж, 2015 онд Увсын даншиг наадамд түрүүлгэсэн. Галбаатарын хар азарга чинь Төв аймгийн Заамар угшилтай. Заамараас хадам ах Цоор /Мөнх-Эрдэнэ/ явуулсан гэдэг. Сайн адуу эзнээ хайж явдаг гэж. Манай Баян-Уулд ирээд,  адуун сүргийн манлай азарга болоод, түмэн олноо баясгаж явна. “Ажнай халтар галынхан аймгийн Алдарт уяач Дашбалжирыг дагаж морьдоо уядаг байсан. Мөн Галбаатарын аав МУ-ын Аварга адуучин Буянбат гэж хүн бий.
- Баян-Уулчууд аймгийн баяр наадамд ямар амжилт гаргаж байна вэ?
- Нэгдэж чадсан галын морьд илүү амжилт үзүүлж байгаа юм. 2012 онд сумандаа болон ойр орчимд болсон баяр наадмаас 60 түрүү, 192 айраг авлаа. Аймагт манай “Удамт хүлэгч” галын уяач аймгийн Алдарт уяач Н. Отгонбаярын унаган хээр морь 2014, 15 онд дарааллан айргийн гурваар хурдаллаа. Үүнээс өмнө 2012 онд Есөнбулаг сумын 70 жилээр аймагт тавласан. Мөн Отгонбаярын унаган адуу бас их сайн давхиж байгаа гээд бахдан ярих сонинтой л байна.
- Суманд уралдааны стандарт дүрэм журам хэр мөрдөгдөж байна вэ?
- Уралдаанч хүүхдүүд маань даатгалдаа бүгд хамрагддаг. Сургуулийн болон Тамгын газрын нийгмийн ажилтантай хамтраад хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар хяналт тавьдаг. Үнэндээ  уралдааны зам маань сайхан зөөлхөн болохоор хамгаалалтын хувцсанд нэг их ач холбогдол өгдөггүй л дээ. Гэхдээ сумын ой болон том уралдаануудад хамгаалалтын хувцастай уралдахыг шаарддаг. Харин төхөөрөмжийн хувьд өөрсдөө бэлдэж хийсэн. Унадаг энэ төхөөрөмж маань 25 метрийн өргөнтэй.
- Танай сумын наадамд хичнээн морь уралдах уу?
- Сүүлийн үед наадам олон болоод уралдах морьдын тоо цөөрчихөж. Аймгийн Алдартаас дээш цолтой нь том наадамд явах сонирхолтой. Харин сумын Алдартууд аймаг руу явахыг илүүд үздэг. Нөгөө талаасаа унаач хүүхдүүд ховордчихлоо. Энэ мэт шалтгаанаас болоод бага нас гэхэд 50, 60 л орчим уралдаж байна. Тэрнээс ная, ерээд оны үед 100 гарч уралддаг байлаа шүү дээ. Гэхдээ баяр наадмаа илүү сонирхолтой болгох үүднээс нэг удаа сайхан морьтон шалгаруулж байлаа. Өөр нэг удаагийн Уяачдын баяраар “Адуучин” тэмцээнийг зохион байгууллаа. 2011 онд Цагаандалай гуайн явуулдаг “Адуучин” тэмцээнд нэг удаа оролцсон. Энд нэмэхэд 2012 онд Ерөнхий сайдын нэрэмжит “Адуучин” тэмцээнд манай сумын МУ-ын сайн малчин Түвдэннямын хүү Бямбабаатар оролцож, төрөлдөө тэргүүн байранд орж, улсын Аварга адуучин болсон. Ер нь Бямбабаатар,Бямбаа, Лхамдорж, Баяраа, Баярбилэгийн хүү Сумъяа нарын адуунд эрэмгий залуус бий шүү.
- Танай сум хоёр ч удаа Түмэн адууны баяраа хийсэн байхаа. Өнөөдөр адууны тоо  хэд хүрч байна вэ?
- Гурван удаа Түмэн адууны баяр хийсэн байдаг. Сүүлийнх нь 1996 онд болсон. Одоо бол адууныхаа тоогоор аймагтаа эхний хоёр, гуравт бичигдэнэ. 8500 орчим адуутай. Манайхан чинь 2001, 2009, 2010 оны зуднаар нутгийн адуу нэлээн цөөрсөн. Түүнээс хойш өсөөд дээрхи тоонд хүрч байна. Сумандаа хамгийн олон адуутай айл “Алтан зээрд” галын гишүүн, сумын Алдарт уяач Ц.Энхбаясгалан 144 адуу тоолуулсан байна. Нутаг орны онцлогоос болоод зуд болох магадлалтай, бэлчээр  багатай болохоор өвөлдөө манайхан Хүйсийн говь болон Монгол элсээр өвөлждөг.
- Зургаан багаас аль нь илүү хурдтай вэ?
- Баянхайрхан багийнхан илүүрхэнэ дээ. Морь уядаг нь ч арай олон. Ер нь манай Баянхайрханы өвөр тал адуунд ээлтэй нутаг.
- Сумын хэмжээнд хурдан морьдын уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
- “Баянгийн Манлай” холбоонд гишүүнчлэлтэй 120 орчим хүн бий. Ер нь бол нийт 150-иад хүн морь мал уядаг. Эднээс аймгийн цолтой 46, сумын Алдарт уяач 101 хүн байдаг юм. Манай сумаас чинь хоёр Тод манлай,  хоёр улсын Алдарт төрлөө шүү дээ.
- Одоо улсын цолонд ойрхон уяачид байна уу?
- Бий бий. Батжаргал, Мөнхбат, Мөнхдэлгэр, Отгонбаяр нарын амжилт тун дөхсөн байна.
 Баян-Уул сумын гурван үеийн сайн уяачдыг,  хурдан хурц хүлгэдтэй нь сонирхуулаач?
- Ахмадуудаас Дашбалжир, Далхсүрэн, Дашчирав, Төврагчаа, Дорж, Сачинсүрэн, Бэгзийн Ойдов, Бямбын Нацаг, Чойдогийн Лхагва, Дамдинбазар, Цэднээ, Доржсүрэн, Дампил, Бадамраа, Баасанжав, Доржхүү, Чулуунбаатар, Мөнхтогоо, Сугар, Чинзориг, хурдан хүрэн морьтой А.Цээсүрэн гээд л явна даа. Дампил гуайн хурдан хээр азарга, хээр азарганы нь төл хоёр халзан морь, сартай хүрэн морь нь их хурдан байлаа. Бас Дашбалжирын унаган адуу болох халтар морь 1997 онд Дэлгэрийн даншгийн морьд дутуу эргэхэд гурваар хурдалж байсан. Мөн 2003 онд хязааландаа Ховд аймгийн Дарви сумын хоёр  Алдартын наадамд аман хүзүүнийхээ мориноос км зайтай ирсэн аймгийн Алдарт уяач Г.Далхсүрэнгийн хурдан улаан морь байна. Тухайн үедээ улсын рекордыг эвдэж түрүүлсэн гэдэг юм. Энэ хэмжилтийг МУ-ын Манлай уяач Түвдэн Манлайн дүү Батмөнх гэдэг хүн хийж байсан. Мөн Дашчиравын хурдан бор азарга  Говь-Алтай аймгийн 50 жилийн ойгоор гуравласан. Энэ бор азарганаас олон хурдан төл гарсан. Тухайлбал Төврагчаагийн хүрлэг морь, Цэдэндоржийн хээр азарга зэрэг хурдан хүлгүүд тодорсон. Цаашлаад Ойдовын хул морь, хүүгийнх нь нэртэй халтар морь байна. Эднийхнээс сүүлд хоёр бор морь гарсан байдаг. Одоо энэ Идэрийн халтар морь, Мөнхбатын хулгар халтар азарга бүгд нэг удмын адуунууд. Нацаг гуайн хурдан хээр азарга нь суманд их олон түрүүлсэн. Түүний аав Бямба бас их мундаг уяач хүн байсан бөгөөд хурдан улаан морьтой. Ер нь Нацаг гуайн бага адуунууд их хурдан л даа. Наадам болгонд хоёр гурваараа л зогсож байдагсан. Төврагчаа гэж хүн сахалт Балжир гуайн хурдан хар морийг худалдан авч сумын наадамд таван удаа, төлийн баярт гурван удаа түрүүлгэсэн байдаг. Манай аав ч бас хул, хонгор морьд, зээрд үрээ, хурдан хээр азаргатай. Аавын аав Гомбо гэж хүн хүрэн морио аймгийн Улс хувьсгалын 25 жилийн ойгоор дөрөвлүүлж байсан удаатай. Тусгай чөдөр хэрэглэдэг их том морь байсан гэдэг. Харин өвөөгийн аав Зээмэн болохоор найрч, сийлбэрч, мөрч хүн байж. Мөр хөөж явсан түүхээс нь хүмүүс ярьдаг л юм.
- Тэр түүхээс зарим нэгийг ярьж өгөөч?
- Манай говийн баян Таасүрэн /Таалан/ гэж хүн адуу хөөж яваад их гарын халтар манан хөөргөө хаячихаж. Говь чинь өргөн уудам нутагтайг хэлэх үү. Дээр нь бороо ороод бог малын мөрөөр адууных мөр нь бүдгэрээд гурав хоног хайгаад олоогүй аж. Тэгээд манай тэр хөгшин дуудагдаж очоод, унаж явсан морийг нь бариулаад алхуулж, шогшуулж, хатируулж бүүр  цогиулж мөрийг нь үзчихээд мордож. Тэгж яваад бараг долоо хоног хайгаад олоогүй хөөргийг нь олоод иржээ. Өнөө хүн нь баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож унагатай бор гүү бэлэглэсэн гэдэг юм. Оройхон гэртээ халамцуу ирээд шон дээрээ буужээ. Тэгээд “Аюурзана доктор ирээ юу, шон дээр хул мориных нь мөр байна” гэжээ. Тэр өдөр Аюурзана гуай ирээд явсан байжээ. Бас Урд гол гэдэг газраас эхээсээ төөрчихсөн тугалын мөрийг Цахирын хадан дундуур хөөж яваад эх голоос олж ирж байсан гэдэг юм. Тийм л гярхай мөрч хүн байлаа. Түрүүн ярьсан бол ахмад үеийнхэн болж байгаа юм. Харин дунд үеийнхэн гэхээр бид болж байна. Мөнх, Отгонбаяр, Дашхүү, Ундрах, Галбадрах, Мэндбаяр, Алтангэрэл гээд л. Энд нутаг адуугаараа сайхан наадаж байгаа хэсэг байхад зүүнтээгээс азарга авчирч цус сэлгэн наадаж байгаа нь ч байна. Харин бидний дараагийнхаас Батболд уяачийн буурал морь, хээр морь, бор азарга, сартай хүрэн морь, Нямбаатарын халтар морь, саарал азарга, Дарьсүрэнгийн хонгор азарга, Баянбаатарын бор морь, Батбаярын хонгор, Мөнгөнтогоогийн хүрэн, Бөхбаатарын халтар, хамар цагаан хүрэн морьд сайн давхиж байна. Мөн өнгөрсөн жил саарал даагаараа одтой наадсан Хасбаатар, хүрэн даага, хонгор даагаараа сайн наадсан Энхбаатар болон Нямсанж, Баатархүү, Чойжинсүрэн, Лхамгарьд, Даваацэрэн, Наянтулга, Ууганбаатар нарын залуусыг нэрлэж болно.
- Өвөө тань морь уяж хурдлуулж байв уу?
- Миний мэдэхээс өвөөгийн хүрэн морь аймагт дөрвөөр давхиж байлаа. Бас нэг  ягаан саарал морьтой байсан. Өвөө маань олон адуутай хүн л дээ. Нэгдэлд 120 адуу нийгэмчилснээс 11 хул, гурван хүрэн зэрэг олон морьд явсан байдаг. Ингэж нэгдэлд олон адуу өгөөд, үлдсэнээс халиун, хул, хонгор морьд сайн  давхисан. Мөн манай авга ах Даваадоржийн хар морь, ууган зээрд үрээ, авга ах Доржпаламын хээр азарга, Алтансүхийн халтар морь ч хурданд тооцогдоно. Би чинь өвөөгийн хүүхэд. Манайх аймгийн төв дээр амьдардаг. Аав анагаахын сургуульд, ээж II-р 10-н жилд тус тус багшаар ажилладаг. Тэр үед хагас сайнд ч хичээл ордог байлаа шүү дээ. Тийм болохоор заримдаа чөлөө авч өвөөгийндөө хоёр өдөр өнжөөд даваа гарагийн 12 цагаас урьтан ногоон онгоцоор буцна. Бүүр хичээл орохоос 30 минутын өмнө харьж байгаа нь тэр шүү дээ. Амралтын өдрөөр ирэхэд унуулах гээд хөгшин аав хоёр морио чөдөрлөчихнө. Нэг л долоо хоног тийшээ явахгүй бол өвөөгөө санаад сүйд болноо. Би багадаа хүүхдүүдтэй тоглосон ч хэдэн сандлаа морь болгочихно, баримлын шавраар морь хийнэ. Амарсайхан гэж багын найз маань онгоцны нисгэгч болно гэж байхад би адуучин болно л гэнэ. Өдгөө тэр найз маань зохиолч болсон л доо.  Өнөө “Хэцүү анги, “Тусгай салаа”-г бичсэн нөхөр шүү дээ. Харин би мөрөөдөлдөө хөтлөгдөөд сургууль соёлд ч ороогүй. Нэгдлийн төллөх 150 эм хонийг, 50 адуутай маллаж ажлын гараагаа эхлүүлж байлаа. Адуугүй бол мал маллахгүй гээд тэр л дээ. Гэвч нэг их удалгүй нэгдэл тарж, компанийн малчин болсон юм.
- Таны ах дүүсээс морь уяж байна уу?
- Бид эцэг эхээс есүүлээ. Гэхдээ надаас бусад нь Улаанбаатар хотод байна. Аав, ээж болохоор Ар гүнтэд амьдардаг. Харин манай хоёр хүү багаасаа морь унаж өслөө. Одоо том хүү уяаны ажилд туслаад явна. Хүүхдүүд хоёр талаасаа уяач удамтай улс болж байгаа юм. Эхнэр маань Жаргалан сумын хүн л дээ. Хадам аав аймгийн Аварга адуучин, аймгийн Алдарт уяач Сономхүү гэж жороо морийг их сайхан унаж эдэлдэг, моринд явдал оруулдаг, морь сайн таньдаг, панз наймаа сайн хийдэг хүн байлаа. Хадмын унаган хар морь их ч сайн давхисан. 1996 онд манай сумын Түмэн адууны баярт ирж хонгор шүдлэнгээ түрүүлгэж байлаа.
- Анх ямар адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв?
- Би чинь багадаа гайгүй унаач явлаа шүү дээ. Аавынхаа уясан хээр азаргыг унаж, сумын наадамд хэд хэдэн удаа айрагдуулсан. Миний нэртэй хонгор морийг аав уяж, би унаад соёолондоо суманд тавлуулж явлаа. Бас авга ахынхаа зэгэл хүрэн морийг унана. Нэг удаа яг туган дээр ирчихээд үргээд ордоггүй. Тэгэхэд Хоохлой гэж мундаг уяачийн улаан, Чойсүрэнгийн бүлтгэр халтар гэж морь тус тус орж, би гуравласан. Яг түрүүлдэгийн даваан дээр чадаагүй шүү. Ингээд өвөө мөн аавыгаа дагаж моринд явсаар, яваандаа өөрөө уядаг болсон. Өөрийнхөө нэг хээр азаргыг дааганаас нь уяад, хусран даага Хөхморьт сумын харьяат, Улсын Начин Онхын нэрэмжит наадамд таваар оруулсан ч хүүхэд нь унаад долоолсон.
- Өнөөдрийн байдлаар та аймгийн чанартай наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
- 2008 онд Алтайн бахархал наадамд очиж, унаган хээр даагаа тавлуулж байсан бол аймагт халтар үрээгээ шүдлэнд нь айрагдуулсан. 2012 онд энд болсон зуны бүсийн хурдад азарга, хязаалан тус тус түрүүлгэлээ. Тэгээд даага долоо, шүдлэн наймаар давхиулсан. Түүний дараагаар Ховд аймгийн Дарви сумын харьяат, одоо Тод манлай уяач Мөнхтөр гуайн Манлайн мялаалга наадамд хязаалан халтар үрээ гурваар, хүрэн халзан шүдлэнгээ таваар, сартай хондон даагаа зургаа, хул азаргаа долоод давхиулсан. Тэр жил Баян-Өлгийн даншиг болох гээд тийшээ явж байсан морьдын зарим нь замдаа уралдсан болохоор бүсийн чанартай багахан хэмжээний даншиг наадам болсон юм. Харин 2013 онд Алтайн хавар уралдаанд соёолон халтар үрээгээ айрагдуулж, Ховдод очиж, Мөнхтөр Манлайн наадамд хоёр үрээгээ мордуулсан. Ховд аймгийн Булган суманд болсон баруун урд бүсэд саарал шүдлэнгээ аман хүзүү, Цэцэг сумын бүсээс халтар соёолон аман хүзүү, мөн 2010 онд Зэрэг сумын сургуулийн 70 жилийн ой гэж бүсийн чанартай наадамд хул азарга түрүүлгэж, халтар даага, хээр хязаалан аман хүзүүдүүлсэн. Энэчлэн одоогоор гурван түрүү, долоо, найман айрагтай болчихоод байна.  Үүн дээр сумын чанартай наадмын айраг түрүүгээ нэмбэл овоо юм гарах байхаа.
- Таны нэрийг олонтаа гаргасан ямар, ямар хурдан хурц хүлгэд байна вэ?
- Том хүүгийн маань нэртэй хээр морь байна. Даагандаа 2008 онд Алтайн бахархалд тавлаж байсан энэ хээрийн эх нь манай унаган адуу, эцэг нь Төв аймгийн Бүрэн сумынх. Мөн Хэрлэн уяач бэлэглэсэн халтар үрээ одоо азарга болсон байгаа. Энэ Төв аймгийн Сэргэлэн сумын “Сэргэлэн хурд” МСУХ-ын тэргүүн аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын унаган адуу юм гэнэ лээ. Ярианы дашрамд Хэрлэн, Сүхбаатар нарын уяачдадаа адуунд нь төрсөн унага бүхэн нь босоо тэнцэж, амгай зуусан хүлэг бүхэн нь айраг, түрүүнд хурдалж байхын ерөөлийг өргөе. Мөн Ядамын Түвшинбаяр гэж зураглаач дүүгийнхээ амар мэндийг эрье. Халтар үрээ маань Говь-Алтай аймгийн наадамд хоёр удаа, Ховдын бүсийн чанартай наадамд мөн хоёр удаа айрагдсан. Сумандаа бол олон түрүүлж айрагдсан буянтай амьтан. Харин хул азарга маань авга ах Доржпаламын адуу байгаа юм. Сүхбаатар аймгийн Халзан сумын унаган адуу юм гэнэ лээ. Дагвадоржийн Согоо хээртэй нэг угшилтай гэж ярьдаг. 2012 онд их хурдан байхдаа гурван ч удаа  түрүүлсэн. Сумандаа түрүүлээд, Говь-Алтайн зуны бүс, ах дүүсийн суварганы наадамд тус тус түрүү магнайд хурдалсан. Энэний төл нэг саарал үрээ одоо сайн давхиж байгаа бөгөөд Ховдын дөрвөн ч суманд айрагдсан.
- Говь-Алтайд дөрвөн ч удаа Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан боллоо. Та энд оролцож байв уу?
- Саяны бүсэд авга ахынхаа хээр азаргыг уяж очоод, тархины 10 дотор хэсэг явсан ч хойшилсон. 2010 онд хязаалан хээр үрээгээ авч очоод, 20 гаргаж давхиулсан. Түүнээс дөрвөн жилийн өмнө буюу 2006 онд болохоор морь уяж очоогүй, харин цоллосон. Би чинь урлаг, уран сайханд их дуртай гэж түрүүн хэлсэн дээ. Өнгөрсөн удаад СТА дуучин А.Мөнхбат манай суманд аялан тоглолтоор ирсэн юм. Улмаар уран бүтээлийн ах дүүс болж, нэг адуу бэлэглэснээ саяхан  өгч явууллаа. Энэ завшаанаар дуучин Мөнхбатдаа ч мэнд дэвшүүлээд авъя.
- Нээрэн та чинь МУСТА цолтой юм байна шүү дээ?
- Тиймээ. Зээмэн өвөө маань хонуут найрлахад нэг ч дуу давтаж дуулж байгаагүй тийм найрч нэгэн байсан гэдэг. Магадгүй өвөөгийн тэр авьяас өвлөгдөн ирсэн юм болов уу. 1988 онд сумандаа “Залуус” хамтлагийг байгуулж, дуучин нь болж явлаа. Манай хамтлаг  багш СТА  Дулмаа, одоо Атарт байгаа СТА Цэрэнноров, хотод байгаа Отгонбаяр, Эрдэнэтогтох тэгээд миний бие гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй. Түүнээс хойш дуунаас салсангүй. Өөрийн хэмжээгээр дуулж, болоогүй нутгийн гурав, дөрвөн морины дуу зохиолоо. 2005 онд улсын баяр наадамд очиж шилдэг морь цоллооч болсон бол Ардын урлагийн их наадмаас “Алтан од”  медаль авч, тэрэндээ зориулж “Аргамаг хурдан хүлгийн аялгуут магтаал”-аа бичлээ. Харин 2011 онд Ардын урлагийн их наадамд оролцлоо. Энэ бүхнийг маань үнэлж МУ-ын СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.
- Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Бидний ажилд дэмжлэг үзүүлсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
- Алтай сайхан нутгийг минь нар зөв тойрон яваа “Тод магнай” сэтгүүлийн хамт олон нэр шигээ тод гялалзаж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.35.74.218

    Saihan ahiinhaa yriltslagiig nulimastai unshlaa..Nutgaa ch sanalaa. Ah mini nutag usandaa nertei tushigtei, hundlel huleesen , Ulsdaa huch hodolmoroo orgoj yavaa avyastai ,enerengui ,ajilsag busdad tusarhuu egngiin negen malchin. Gevch ah mini urgelj baharhal mini, ulger duurial mini bolj yvdag daa...

    Reply