Нийслэлийн Алдарт уяач Л.Отгонбаатар: Морины бурхан тэнгэр ивээж, хар морь намайг олон түмэнд таниулсан

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 29 -нд

 Хүлгийн хиймориор илүүрхэгч эрхмүүд тухлан саатдаг “Хийморилог зочин” булангийн энэ удаагийн дугаарт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Нийслэлийн Алдарт уяач Лхагважавын Отгонбаатар оролцож байна. Улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртээд буй хийморилог эрхмийн хурдан хүлэгтэй холбогдсон түүхийг хамтдаа сонирхцгооё.

- Таны дээдчүүлд хусуур сойзоор гангарсан уяачид байв уу?
-Би чинь Архангай аймгийн Өндөр-Улааны хүн. Миний ээжийн аав баян Нямбуу гэж сум орон нутгийнхаа толгой баячуудын нэг явлаа. Ажилч хөдөлмөрч өвөө маань цаг заваараа морь уяна. Гэхдээ их айхтар амжилт үзүүлж байгаагүй гэдэг юм. Намайг гурав, дөрөвтэйд өөд болсон. Харин ах нар бол өвөөгийн гэрт өссөн л дөө. Тиймдээ ч морь маланд эрэмгий, сайн ноцолддог хүмүүс байлаа. Даанч одоо жоохон хөндийрчихөөд байна. Харин манай аав багш, ээж тогооч. Би багадаа ээжийгээ дагаад хөдөөгүүр их явдагсан. Сургуулийн хүүхдийн идээг авах гээд зундаа малчид бараадаад  л явна. Зуны нэг сар байрны хүүхдүүдийн цагаан идээг ингэж базаадаг юм. Тэгж явахдаа хонинд явж, гар хөлийн үзүүрт нь тусалж гүйгээд морь унана. Одоо бодоход багаасаа моринд дуртай хүүхэд байж. Өвөөгийн гени байдаг шиг байгаа юм.
- Та багадаа хурдан морь унаж байв уу?
-Санаандгүй явж байгаад бригадын өдөрлөгөөр их насны морь унадаг юм. Бараг л моринд хүнддэхээр болсон үе. Зургаа, долоодугаар ангийн хүүхэд байлаа.  Уг нь яг тавлачихаар байсан ч туршлагагүйтээд, явах замаа зөв сонгож чадалгүй нүх таарч тойрсоор зургаагаар оруулсан. Анх удаа айргаас атган алдаад чадаагүй тэр өдөрлөг одоо ч санаанаас гардаггүй юм. 
- Таны моринд орсон түүх хэзээнээс эхэлдэг юм бэ? 2009 оноос байна уу?
-2012 онд анх моринд орж байлаа. 2009 онд Ламын гэгээний ойд хар үрээ орсныг та андуураад байх шиг байна. Тэр бол өмнөх эзэндээ байхдаа гаргасан амжилт. Бас улсын чанартай нэг наадамд ороод, аймгийнхаа бүсийн наадамд хэд хэд орчихсон байсан юм. Би чинь 2013 оны хавар худалдаж авч байлаа.
 Энэ хар морь хаанахын удам угшилтай юм бэ?
-Хар морь Дорнод аймгийн Халхгол сумын адуу. Ченжүүдээр дамжаад Баянхонгорт ирж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ганхүлэг гэдэг залуу авсан юм билээ. Тэгсэн 2013 онд миний найз Аюуш “чи энэ хар морийг аваа, чамд юм дуулгана. Манай найз Хүлэгээ зайлшгүй шалтгаанаар зарах болчихоод байна” гэсээр надад авчирч өгсөн. Үнэхээр ч ирсэн жилээсээ юм дуулгасан даа, хөөрхий.
 - Таныг моринд уруу татсан зүйл юу байв аа?
-Адуунд дуртай хүүгээ аав их дэмжинээ. “Хүүгээ адуутай болгоно” гэж авсаар нэлээн ч адуутай болсон. Би чинь дунд сургуулийн сурагч байхдаа ч, оюутан болсон хойноо ч ахтайгаа өнөө хэдэн адуутайгаа ноцолдоно. Гүүгээ барьж, даагаа сургана гээд л ажил мундахгүй. Гэхдээ 2001 онд их сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд хөндийрсөн л дөө. Тэгсэн 2010 онд Төгөлдөр найз дахин моринд дурлуулах нь тэр. 
- Буурал морины юу?
-Тиймээ, буурал морины Төгөлдөр. Манай их сургуулийн ангийн хүүхэд байгаа юм. Надад нэг морь өгсөн ч би авч амжаагүй яваад байсан юм. Тэгсэн 2011 оны 12 сард “он гаргаад морийг чинь аваачиж өгнө. Чи морио аваарай, зөндөө удчихлаа” гэнэ. Ингээд яг л хэлснээрээ 2012 оны нэгдүгээр сарын 1-нд нэг хонгор морь аваад ирлээ. Харсан хүн болгон л ямар сайхан морь вэ гэлцээд л. Би ч өнөөхөө Хадбаатар найзаараа хэлүүлж байгаад Дундговийн залуу уяач Батдэлгэрт аваачиж өгөөд тэжээлгэлээ. Харсан мориныхон бүгд л боломжийн юм гээд магтаад байхаар нь би хөөрөөд шууд улсад уралдуулна л гэж бодсон. Тэгсэн жоохон саад гараад улсад явсангүй. Харин Булган аймгийн Гурванбулаг суманд уралдуулсан байсан. Би ч дараа нь л мэдсэн юм.
 - Яагаад?
-Би чинь том зорилго тавьчихсан. Нөгөөдүүл болохоор улсад үзэх арай болоогүй гээд байдаг. Тэгээд надад хэлэлгүй суманд тавьчихсан юм билээ. Нэг удаа адуугаа эргээд давхиад очсон “сумын наадамд уралдаад дөрөвлөсөн. Энэ морины чинь өргөмжлөл” гээд өгдөг байгаа. Хэдийгээр яг уралдаж байгааг нь хараагүй ч айргаар хурдалсан гэдгийг нь сонсоход сайхан байлаа. Морь мэддэг хашир нөхдүүд их мориор анхны айргаа хүртэнэ гэдэг чинь бэлгэшээлтэй хэрэг хэмээн дуу нэг ярьцгаана. Тэр жил нэг иймэрхүү өнгөрлөө. Харин 2013 онд би хэдэн адуу цуглуулаад Өлзийт хороололд нэг айлын хашаанд тэжээлээ. Батдэлгэр ч ажилтай болоод явчихав. Ингээд өөр уяачийн эрэлд гарсан. Тэгж яваад Батчулуун Тод манлайн төрсөн дүү Бат-Эрдэнэ гэж ах хүүтэй уулзаад учраа хэллээ. Уяад өгье гэнэ. Хоёулаа хамтраад 2013 оны өвөл морьдоо тэжээж эхэллээ. Би чинь хонгор морио бас аваачаад өгчихсөн байгаа ш дээ.
- Хонгор мориноос өөр ямар адуу авсан юм?
-Өөр хоёр үрээ авсан. Өөр сүйдтэй юм байхгүй ээ. Тэгсэн дөрвөн сар болох гэж байсан Аюуш найз над руу яриад “ийм хар морь байна. Чи аваа” гэхээр нь “хаана байгаа юм” гэвэл Баянхонгорт гэв. Би ч завгүй байсан болохоор Бат-Эрдэнэ уяачаараа үзүүлье гээд явуулсан хашаанд аваад ирлээ. Харвал сайхан морь байна. Амжилтыг нь үзвэл 2009 онд Ламын гэгээний наадамд орчихож. Бас тэр жилээ соёолондоо буур Жамъян аваргын 110 насны ойд эрлийзүүдтэй уралдаад түрүүлсэн байлаа. Дараа нь их морь нас нийлээд Баянхонгорынхоо бүсийн наадмуудад дандаа айрагдаж түрүүлжээ. Үүнийг нь гэрчлэх медалиудыг нь үзүүллээ. Ингээд уяачтайгаа зөвлөлдөж байгаад авсан.
- Нууц биш бол хэдээр авч байсан юм бэ?
-Тэр үедээ гайгүй авсан шүү.  Ингээд морьтой болчихлоо. Хүний хүсэл гэдэг чинь хязгааргүй шүү дээ. Тэгсэн соёолонтой болмоор санагдаад болдоггүй. Энэ тухайгаа Төгөлдөр найздаа хэлбэл “ Жавхлант шарга” үзэх гээд явж байна, хараад ирье гэлээ. Түүнээс удсан ч үгүй над руу залгаснаа аятайхан морин соёолон алга. Байсан ч дэндүү өндөр өртөгтэй юм. Манай дүүд нэг азарган соёолон байна. Оросын гурван баатар гээд морьтой тамхи байдаг даа. Тэрний хар азарга шиг гээд надад төсөөлүүлэх гээд янз янзаар дүрслэлээ. Би ч авъя гэсэн нэг их сайхан бүдүүн халтар соёолон ирлээ. Ингээд 2013 он гарсаар нэг их морь, нэг азарган соёолонтой болж, зуныхаа уяаг таван сарын сүүлээр эхлүүлсэн ч бага, дунд давхилын өмнөхөн бүх морьд маань ханиад хүрчихсэн. Улсад уралдуулнаа гээд итгэчихсэн байсан надад үнэхээр хэцүү санагдаж билээ. Ингээд мориныхон андахгүй дээ, Нараа эмч дээр очлоо.
- Наранбаатар уу?
-Бишээ, эмэгтэй эмч байгаа юм. Би ч танихгүй л дээ. Хүмүүсээс дам дуулаад, очиж уулзаж байгаа нь тэр. Тэгээд манай хэдэн адууг үзээд эмчилгээ хийлээ.Ингээд улсад мордуулж чадаагүй. Тэр жил манай Өндөр-Улаан сумын 90 жилийн ой, Архангай аймгийн 90 жилийн ой тус тус  болсон. Би чинь морь уяад анх удаа нутаг усандаа наадахаар явлаа. Тэнд азарга, их нас, соёолон явуулснаас соёолонгоо ахын нэр дээр, хар морио өөрийнхөө нэр дээр мордуулсан ч  дөхөөгүй. 17-гоор л давхилаа. Харин бурхан болсон аавынхаа нэрийг гаргахсан гэж хүслийг маань ахын нэр дээр мордуулсан хонгор соёолон биөлүүлсэн. Ингэж анхны түрүүгээ хүртэж байлаа.
- Соёолон түрүүлгэх хүслээ биелүүлсэн болохоор их баярласан байх даа?
-Тэгэлгүй яахав. Нутгийнхан ч их баярласан. Монголчууд чинь зэргэлдээх сумандаа наадмаа алдахгүй гэж бяцхан өрсөлддөг дөө. сумандаа наадчихаад дараа нь Архангай аймгийн түүхт 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд хар морио, халтар соёолон, азаргатайгаа авч очлоо. Азарга дундуур сайхан давхиж, хар морь аман хүзүүдэх нь тэр. Ингэж улсын чанартай бүсийн наадмаас анхны айргаа авч байгаа юм. Харин халтар соёолон дан морин соёолонгуудтай үзүүрт давхиж яваад замын дундаас нь будлиан гараад долоолчихсон. Үнэхээр шударга бус юм болсон л доо. Тухайн үедээ болсон шударга бус байдлын тухай морины комисст хэлж л байлаа. Монгол наадам ийм байж болохгүй шүү дээ. Хурдан морины уралдаан гэдэг хамгийн шударга ариун  байх ёстой. Гэвч зарим нэг нөхдийн увайгүй үйлдэл яавч  буруу л даа. Манай сумын аймгийн Алдарт уяач Зодов гэж залуугийн өмнөөс их харамссан. Түүнд ийм сайхан хурдан буяныг сайн уяж байж ингэж луйвар хийж болохгүй ээ гэж хэлсэн. Тэр ойлгосон ойлгоогүйг мэдэхгүй. Би үнэхээр их гомдсон л доо.
- Баярлах гомдох зэрэгцсэн наадам болжээ?
-Тиймээ. Миний гомдлыг манай нутгийн морины комиссынхон тоож авч хэлэлцээгүй. Нутгийн морь түрүүлчихлээ гээд хөөрөөд л байсан. Хэрвээ түрүүлээгүй бол  Хөвсгөл аймгийн нэг залуугийн морь түрүүлэх байлаа. Монгол наадам л юм чинь хэний ч морь түрүүлж болно биз дээ. Гэтэл явцуу эрх ашигтай, ахархан  бодолтой хүмүүс монгол наадмыг гутааж байгаа нь тоогүй.
- Хар морь таны хүссэн амжилтыг гаргаагүй нь юунаас болсон юм бол?
- Уяа нь гүйцээгүй байсан хэрэг. Гэхдээ их гоё бэлтгэл ажил болсон л доо. Суманд уралдуулчихаад маргааш нь харахад цаанаа л гоё болчихсон байлаа.  Харсан уяач маань аймагт уралдуулбал юм дуулгана даа гэнэ. Ингээд нутагтаа очиж сайхан наадаад ирж билээ. Тэндээс хотод ирсэн “Монгол морь- Гиннест” уралдаан болно гэж байна. Уяач ахтайгаа зөвлөлдөөд, “үзэх үү ах аа” гэсэн үзэлгүй яахав гэв. Тэгээд бэлдэж эхэлсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын урдхан талд Тод манлай уяач Онон, Батсүх нарын томчуудын адуутай цуг бэлтгэл хийж үсэргэлээ. Нэг өдөр Батсүх  Тод манлай утасдаад “Отгоо хар морь чинь сайхан байгаа юм байна шүү” гэлээ. Яаж байна ахаа гэж лавшруулбал “Авзагын Мэндбаярын хар морь бол мундаг адуу.  Сунгаан дээр ямар ч түүртэлгүй дийлж байна. Ер нь Гиннест түрүүлчихнэ гэж хүмүүс таамаглаж байгаа. Онон багш ялгаагүй тэгж бодож байгаа” гэлээ. Сайхан сонстож байсан ч битүүхэндээ эмээсэн л дээ. Эрт хөөрөөд, тэр амжилтандаа хүрч чадахгүй бол гэж. Ингээд товлосон өдөр ч боллоо. Тод манлай ах “Отгоо бэлэн сэтгэл зүйтэй байна шүү. Орно наадах чинь” гэв. Тухайн үедээ бид мэдээлэл муутай байсан болохоор мориныхоо хоолыг тааруулахад амаргүй байлаа. Бүртгэл, зураг авахуулах, бүс бүсээр нь байрлуулах гээд зохион байгуулалтын ажил их байсан л даа. Тэгээд хангайн бүсийн хашаанд оруулж, бариад зогстол 10,20 минут болов уу үгүй юу хүүхдүүд мордоцгоосон. Гэтэл төдөлгүй цэргүүд ирээд буулгачихлаа. Удалгүй дахиад мордуулчихлаа. Би ч юмыг яаж мэдэхэв гээд хүүхдээ мордуулчихаад гуравдугаар эгнээнд чихэлдээд зогсчихлоо.  Төхөөрөмж ч унаад эргэлээ. Тэгэхэд бид нэг цагийн хоол алдсан л даа.
- Бүсдээ бол түрүүлсэн тиймээ?
-Бүсдээ бол сайхан түрүүлсэн л дээ. 4249 морь нэг дор эргэнэ гэдэг бас гайхамшигтай юм байна лээ шүү. Тэр олон морины  төвөргөөнийг үгээр хэлэхэд бол зүйрлүүлж хэлэх үг олдохгүй. Их сайхан мэдрэмж төрүүлсэн. 4249 мориноос 11-ээр давхиад, бүсдээ түрүүлнэ гэдэг бол үнэхээр  гоё. Тэгэхэд ногоон хашаанд мориныхоо хөлсийг хусаад зогсож байхад Цагаанхөтөлөөр морины цуваа үргэлжилсээр л байсан гээд бод доо. Хурдан морь гэдэг хурдан л юм байна гэдгийг тэгэхэд илүү ойлгосон. Нэг хэсэг нь гараанаас гараад аль хэдийнэ ирчихсэн байхад нөгөө хэсэг нь давхиж л байх жишээний. 4249 морь уралдаж байгааг хараад анх удаа л мэдэрсэн мэдрэмж байгаа юм.

Ирэх жилээс хар мориныхоо зодгийг тайлна

- 2013 он таны хувьд амжилтын оргил үе болсон байх нь ээ?
-Тэгж болно шүү. Морины бурхан тэнгэр намайг ивээсэн л дээ. Хар морь намайг олон түмэнд таниулсан жил байлаа. Ер нь морь мал хурдлаад, сайн сайхан яваа маань эцэг эхийн минь л буян. Энэ хоёр маань олон түмэнтэй эвтэй найртай байж, зөв амьдарч явсны  буян надад иржээ.  Дээрээс нь би өөртөө зөв гэсэн замаараа л яваа хүн. Хэн нэгнийг гомдоож, бас хэн нэгэнд гомдож явсангүй. Өмнөх жил нь соёолон түрүүлгэсэн нь ч мөн нөлөөлсөн болов уу. Үнэхээр өөр юм билээ. Ганцхан миний жишээн дээр ч биш. Максийн Ганбаа ахыг хар л даа. Соёолон нь улсад түрүүлээд, дараа нь Saturday дэлхийд түрүүллээ. Энэ л миний хараад байгаа  соёолонгийн хийморь лундаа юм болов уу.
- Дараа жил нь яаж наадсан билээ?
-Бат-Эрдэнэ ах хот орчмоор морио уяна гээд үлдэж, би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогтын зааг дээр адуугаа аваачсан. Нэгэнт л адуу маланд орсных сайхан газар өвөлжүүлье гэж бодоод Тод манлай уяач Батсүх ахтайгаа нэг гал болж явцгаасан. Би чинь моринд ороод л улсын наадамд уралдуулна гэж том зорилго тавьсан хүн. Тод манлай ах уралдаан болгон дээр морио бэлтгэж бай. Тэр морь хамаг тамир тэнхээгээ бараад л уралдаж байгаа болохоор хайрлаж байх ёстой. Уралдаан болгонд мордуулаад байвал гэмтэх, бэртэхээс авахуулаад эрсдэлтэй зүйл их гардаг учраас жижиг наадмуудад уралдуулдаггүй. Тэртээ тэргүй улсын наадамд эрэмбэтэй уралдаж байгаа адуу жижиг наадмуудад ч эрэмбээрээ л хурдална. Гэхдээ тэр амьтныг тэглээ гээд баярлаж хөөрөх биш нэгэнт танигдсан хурдан буяныг хайрлах ёстой. Уралдаан болгон дээр их бага хэмжээний гэмтэл авч байдаг, оёг суудаг гэж ярьдаг нь олон юм бодогдуулна шүү.  
2014 онд улсын наадамд хар морио 50 гаргаж ирүүлсэн. Халтар соёолонгоо азарганд тавиад 30 гаргаж давхисан. Залгаад Дорнод руу бүсийн наадамд явж, хар морь дундуур давхиж, халтар азарганы хүүхэд унаад, замаас нь онцгойнхон барьж аваад ирсэн. Харин эрлийз дунд насанд шүдлэн үрээ тавьсан нь 12-т давхисан. Иймэрхүү амжилттай наадаж байлаа.
 - Шинэ уяачийн уяаны арга барилд дасаагүйгээс болсон юм болов уу?
-Мэдээж уяаны арга барил өөрчлөгдөнө л дөө. Энэ нь миний л алдаа болов уу. Гэхдээ хар морины минь үзүүлсэн амжилт надад хангалттай.
- 2009 оны соёолон тиймээ?
-Одоо 12-той морь байгаа. Өнгөрсөн өвөл Тод манлай Батсүх ах “би хоёр жил хар морьтой ноцолдлоо. Энэ сайхан буяны хурдыг нь гаргаж чадсангүй. Аргыг нь олохгүй байна. Дээрээс нь бид хоёрын хоёрын энерги таарахгүй байх шиг байна” гээд надад хэлэлгүйгээр хуучин уяач Бат-Эрдэнэ ахад аваачаад өгчихсөн байсан. Дараа нь “чамаас асуулгүй шууд өгчихлөө шүү Отгоо” гээд ярьсан л даа. Тэгсэн ахар сүүл нь жоохон гэмтчихсэнээс болоод эмзэглээд өнгөрсөн жил олигтой уралдаж чадсангүй. Улсад 50 гаргаад, Хэнтийн бүсэд 20 гаргаад ирсэн. Би өөрөө ч очиж үзэж амжаагүй л дээ. Одоо ч ингээд танагтай дээр нь больё доо. Ирэх жилээс хар мориныхоо зодгийг тайлна. Хийх юмаа хийчихсэн, үзүүлэх амжилтаа гаргачихсан амьтныг зовоогоод яахав.
- 2015 онд улсад оруулаад, уяачдын холбооны наадамд оруулсан Хурд ир чинь хаанахын адуу юм?
-Хурдан хүрэн л гэдэг юм. Тангаа ахын өгсөн нэр. Харин манай хүүхэд Хурд ир гээд бүртгүүлээд явуулчихсан байна лээ. Тод манлай уяач Алтангэрэл гэж хүний бага хүрэн азарганы төл. Харин эх нь буддёный үүлдрийн гүү бий.  2013 оны өвөл унага байхад нь эхтэй нь авч байсан юм. Надад ирээд  таван сард болсон Нийслэлийн Хангарьд уралдаанд эрлийз дунд насанд явж, аман хүзүүдсэн. Дараа нь улсын наадамд дунд насанд тавьсан. Би чинь 2015 он хүртэл төрийн наадмаас айраг авч үзээгүй. Наадмын тэр өдөр хоёр үрээгээ зурхай руу гаргаж өгөх гэж  байсан Батсүх ах “ёслол төгөлдөр гаргаж өгнөө. Хурдан хүрэн үрээ улсын наадмаас цагаа амсуулна. Юманд учир, суманд занги гэдэг юм” гээд хоёулаа хоёр сайхан морь бэлдэж байгаад унаад, сайхан дээл хувцсаа өмсөөд гаргасан. Эргэж ирээд сайхан цай цүү болж байтал морьд ч эргэлээ. Юм сонсогддоггүй ээ. Хоёулаа зурхай руу очоод тослоо. Нэлээн дөхөөд ирчихсэн ч бас л сонсогддоггүй ээ. Тэгж байтал бараг л бариа руу орж ирэхийн алдад Отгонбаатарын хүрэн үрээ гэж  дуудагдаад, ороод ирэх нь тэр. Зөв талдаа хүрэн үрээ, буруу талдаа Онон багшийн Үзмэн бор давхиж байгаа. Бид хоёр яг урдаас нь хараад зогсож байгаа юм. Тэгээд зөв талаараа ороод ирлээ. Бид хоёр чинь тэврэлдэж аваад, өөрийн эрхгүй нулимс сул асгарчихсан. Тэр үед улсын наадам гэдэг ямар өндөр босготой болохыг илүүтэй мэдэрсэн. Түрүүлчихлээ л гэж бодсон цэнхэр хашаанд очоод морь бариачаас асуусан аман хүзүүдсэн гэв. Үнэхээр нөгөөдөх нь толгой илүү гарсан юм байна лээ. Тэгж улсын наадмын анхны айргаа хүртэж байлаа.
- Улсын наадмын дараа хаагуур наадсан бэ?
-Өмнөговь аймагт болсон “Говьшанх-5”-д уралдаад аман хүзүүдсэн. Манлай уяач Намдагийн Хүрлээгийн Ланд авдаг хурдан Ембүүтэй уралдсан. Тэр ч мундаг үрээ л дээ. Гараад л алга болчихсон. Тэгээд миний үрээ араас нь нэхсээр сүүлдээ холбоотой яваад, яг л улсын наадамд ордог шигээ ташааг нь дэрлээд аман хүзүүдсэн. Би чинь Өмнөговь руу ерөөсөө очиж үзээгүй, анх очиж байгаа нь тэр. Ингэж хадмынхаа нутагт очоод одтой наадаад авсан. Төсөөлж байснаас шал өөр, сайхан нутаг байна лээ. Морь цоллосон Уяачдын холбооны нь тэргүүн Амараа ах Намдагийн Хүрлээгийн Ембүү түрүү магнай болсныг дуулгахад хүмүүс алга ташаад сүйд. Харин намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Отгонбаатар гэсэн өнөө алга ташилт намсав. Цааш нь “Отгонбаатар яс юман дээрээ Өмнөговийн хүргэн. Хадам аав Цогцол, татварын хэлтсийн дарга Цог-Эрдэнэ ах хэмээн лавшруулан танилцуулбал “үү” гээд л орилолдсон. Жоохон инээдтэй ч юм шиг. Дараа нь Уяачдын холбооны 20 жилийн ой болж, хүрэн үрээгээ тавилгүй яахав. Тэнд улдаад урд хөлийг нь хамгаалсан ч хойд хөл нь доголчихсон. Гэсэн ч бие хаа нь гайгүй болохоор тавиад тавласан. Гэхдээ одоо болтол хүрэн үрээнийхээ тэр уралдааныг үзэж чадаагүй. Тод манлай ах маань бол үзэж ирчихээд үнэхээр гал гарсан уралдаан боллоо гээд л ярьдаг байхгүй юу. Тэр жил хүрэн үрээ улсын чанартай гурван наадам, нийслэлийн нэг наадамд уралдаж, гурван аман хүзүү, нэг айраг авсан.
- Харин 2016 оны тухайд?
-2016 онд дээд насанд уралдах байсан ч туршлагагүйтээд би алдаа гаргачихсан. Тамир муу байсан л даа. Соёолон азарга болж байгаа юм чинь гүү өгөхгүй бол болохгүй гэж бодсон. Тэгээд гүүг нь орой тавиад, ороог нь муу гаргачихсан.
- Хэдэн гүү өгсөн юм бэ?
-Дөрвөн гүү өгсөн. Нэмээд уяан дундуур ганц нэгийг өгсөн л дөө. Уг нь улсын наадмаар уралдуулчихъя гэж бодсон ч ерөөсөө тамир нь хүрэхээргүй байсан юм. Бид ч элдэв янз бүрийн витамин өгөх нь  алдаа болж мэдэхийн гэж хаширлаад саамласан. Улсад чадаагүй ч Их хурдад уралдуулъя гэж бэлдсэн  боловч нэг л болоогүй. Хэсэг харзнаж байгаад Өмнөговьд болсон Таван толгой трансын 50 жилийн ойгоор очиж мордуулаад тавлуулсан.
"Тод магнай" сэтгүүл №84

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна