Аймгийн Алдарт уяач Ц.Дэлгэрдалай: Халзан морь намайг дээлэндээ багтахааргүй болтол нь баярлуулсан

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 14 -нд

Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Дэлгэрдалайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Халтар халзан морины эзэнтэй нүүр тулан уулзаж буйдаа баяртай байна. Таны унасан газар угаасан ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье?
-Миний аав Цогоо Баянхонгор аймгийн Богд сумын хүн. Харин  ээж маань Баянхонгор аймгийн Баацагаан сумын гаралтай. Залуусын жишгээр оюутан байхдаа гэр бүл болоод ээж маань нутагтаа ирж намайг төрүүлсэн юм билээ.Тэгэхээр яг миний төрсөн нутаг бол Баацагаан. Сумын төв Баянсайр  буюу хүн эмнэлэгт мэндэлсэн. Хэдийгээр би хөдөө өсөөгүй ч зуны амралт болгоноороо замын унаанд суугаад нутаг руугаа явдаг. Бүтэн гурван сар аав, ээжийнхээ ах дүү нарынд мал хуйтай ноцолдож байгаад ирдэг. Гэхдээ ихэнхдээ Богдод аавынхаа ах дүү нарынд байдаг. Яагаад гэхээр тэд маань  мал ихтэй малчин улс. Миний аав чинь эцэг эхээс арвуулаа, өнөр бүлийн гишүүн байхгүй юу. Харин ээжийн талынхан болохоор сумын төв дээр байдаг. Тэгж хөдөө хоттой өссөн маань намайг хожуу хурдан морь сонирхоход нөлөөлөөд зогсохгүй эрүүл чийрэг болгосон.Бие хааны хувьд тэгтлээ том байгаагүй ч ангийнхаа бүх банди нарыг барилдаад хаядаг байлаа. Адуутай ноцолдоход хүний судас шөрмөс тэгж чангардаг хэрэг л дээ. Дээр нь хөдөө өссөн хүүхдүүд техник гэдэг юм уу, барилдааны эв дүй талаасаа хамаагүй илүү байдаг шүү дээ.
-Эмнэг хангал сургаж байв уу?
-Аавын дүүгийн хүргэн нь нэгдлийн адуучин. Тэднийх 17 зэл унага уядаг. Нөгөө олон унагыг өглөө барихаас өдөржин ивэлгэх гэдэг чинь бөөн ажил шүү дээ. Тэгээд хажуугаар нь өнгөрсөн жилийн унага тэр тооны даагыг сургана. Би ганцхан наадмаар л бүдүүн морь унадаг. Тэгэхээр хөнгөн тэргэнд суучихсан юм шиг зүйрлэшгүй гоё мэдрэмж төрдөг байж билээ. Бүдүүн морь ядаж л амаа мэддэг болчихсон. Хамаагүй түшиг тулгууртай, биед түүргүй. Даага бол мөнхийн займчаастай. Нэг дааганы амыг мэдүүлж, тайвршуулахад хэд хоног болно. Нарийндаа даага сургана гэдэг эхлэн суралцагчийн юмуу унаанд муу хүүхдийн хийх ажил биш. Хүнээр бол үсэг мэдэхгүй хүүхдийг уншуулж бичүүлж сургахтай адил. Гэхдээ тэгж зунжин даага унадаг байсан маань миний биеийг задалж, эрүүл чийрэг өсгөсөн.Одоо ангийнхантайгаа уулзаад “би энэнтэй барилдаад унагаадаг байлаа”гээд биерхүү найзуудаа заахаар гэр бүлийн маань хүн гайхдаг. Намайг тэгж хүн болгосон ах эгч нартаа “та нар өөсдийнхөө хүүхдүүдийг над шиг загнаж мордуулахгүй байна” гээд бас үг хаянаа. Дааганаас унаж үхдэггүй гээд л загнаад мордуулдаг байсан шүү дээ./инээв/ Одоо эргээд бодоход тэр бол миний амьдралын хамгийн жаргалтай үе.
-Хурдан морь бол унадаг л байж?
-Даага сургадаг хүүхэд уналгүй яахав. Дөрөв, таван жил унасан. Гэхдээ хөдөө байнга байдаг хүүхдүүдийн хэмжээнд бол хүрдэггүй байсан байх. Хичнээн сайн байсан ч би зуны гурван сар л морь унадаг. Нөгөө хэд бол жилийн дөрвөн улиралд унана шүү дээ.
Манай аавын нагац талынхан сайн унана шүү дээ. Тэр утгаараа арай дутуу байсан байх гэж боддог. Манай өвөө мундаг тэмээчин.Тэмээ эдлэх соёл бусад талаасаа гайхалтай. Тэр утгаараа ч юмуу манайхан морь мал уяж сүйд болдоггүй. Ер нь сумынхаа наадамд их морь түрүүлгэж үзээгүй байсан улс. Бүр дээр үед буюу аавын  аав, миний буурал аавын ээжийн талынхан их насны морийг найман жил айрагдуулж байсан гэдэг. Аавын ах дүү нар дотроос хурдан моринд дуртай сэтгэлтэй нь миний аав. Яагаад гэхээр нагац талынхан нь эртнээсээ хурдан морьтой хүмүүс байж. Бас нэг гайхалтай түүх бол миний өвөө Аюушийн Лхагва гэж хүний дээд тал Лэгмэндаваа гэж хүн  жороо мориороо нутагтаа цуутай байж. Манай баруун аймаг чинь жороо морь их сонирхдог. Одоогоор бол lexux 570 шүү дээ. Лэгмэндаваа өвөө маань жороо зээрд мориороо 10-аад жил ноёлж домог болж мөнхөрсөн хүн.
-Хүүхэд насны дурсамж дурдатгал хэзээнээс сэдэрч хурдан моринд шимтэх болсон юм бэ? Би хувьдаа таны нэрийг 2009 оноос сонсож байлаа?
-Би багадаа томчуудын яриан дундаас наадмын дэвжээ эзэгнэсэн тэр сайхан бөхчүүдийн талаар, түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийн тухай домог шиг яриа сонсож өссөн хүүхэд. Тэр тухай сонсох бүрт дотроос нэг юм хөөрч, “хурдан морьтой болоод сумандаа түрүүлгэж үзэх юмсан” гэж боддог байлаа. Тэгээд 2000-гаад оны эхэн үед Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Батзаяа гээд найзтайгаа “Их хурд”-д түрүүлсэн морины тухай ярьж цэц булаалдаваа. Тухайн үед би одоо залуучууд хөл бөмбөг, сагсан бөмбөг сонирхож байгаа дайны бөхийн спортыг их сонирхдог. Найзуудадаа “өв соёлын том бүтээгдэхүүн шүү” гэж ирээд сэнхрүүлдэг. Гэхдээ морийг бөхийн дайны мэдэхгүй жаахан төсөөрчихсөн байсан юм. Тэгээд найзтайгаа “Их хурд-1” уралдаанд түрүүлсэн морины тухай маргаад...
-Лхүндэвийн хонгорын тухайд уу?
-Би Дундговийн Эрдэнэдалайн Гомбо-Очирын саарал морийг түрүүлсэн гэж боддог байсан юм.
-Говьшанхын хурдыг түрүүтэй андуурсан юм болов уу?
-Тийм байх. Халхын гурван том даншигт түрүүлсэн морь ш дээ. Нэгийг нь би  “Их хурд” гэж ойлгоод найзтайгаа маргасан “өө чи тэгвэл морь сайн мэддэггүй юм байна. Наадах чинь даншигт түрүүлсэн морь” гэсэн юм.Сүхбаатарынхан адууны удам угшил амжилтыг андахгүй, морины тухайд илүү хөгжчихсөн улс. Түүнээс хойш Батзаяатайгаа сайхан нөхөрлөөд анхны морио найзаасаа авч байлаа.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Монхорын Батзаяа гээд залуу бий. Өвөг дээдэс нь бас их хурдтай. Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнгөөлэйгийн харууд тэдний адууны дээд талын угшил юм билээ.
-Найзаасаа авсан морь чинь яаж давхисан бэ?
-2005 онд зун ойгоороо уралдуулах гээд хавар дөрвөн сард очиж авч байгаа юм. Тэр үедээ бол юу ч мэдэхгүй, ямар ч туршлагагүй. Одоо бодоход хэтэрхий тулгасан байна лээ. Дөрвөн сард бэлчээрээс нь авсан адуу өөр нутагт очоод долоон сард өндөр амжилт үзүүлэх арга байхгүй. Өвс нь халиурсан талын адуу аваад говьд очиж байгаагаа ер тооцоогүй. Дээр нь цоорчихсон хурдан адуу аваагүй. Битүү хязаалан үрээ, нэг байдастай авсан. Гэсэн хэдий ч бас ч чамлахааргүй 11-ээр давхисан. Энэ нь миний сайных ч биш хамт явж сонгож өгсөн Баасанхүү ахын маань л буян. Морь авах болоод аавынхаа дүүд хандахад манай сумын уугуул, улсын Начин Баасанхүү гээд хийморьтой сайхан ахыг санал болгосон. Тэгээд аавынхаа дүүгээр дамжуулж танилцаад хамт явсан. Баасанхүү ах маань  миний гол морьдын ихэнхийг нь авч өгсөн буянтай буурал. Морь таних шинжих тухайд үнэхээр мундаг. Тооны онолоор яривал зүй тогтол маягийн юмуу даа. Хурдан адууны шинж, зохилдолгоог тархиндаа хийчихсэн хүн.
-Халтар халзан морийг тань бас авч өгсөн гэдэг байхаа?
-Тийм. 2005 онд сумынхаа ойд морь айрагдуулж чадсангүй. Тэгээд эр хүн л болсон юм хойно  айрагдчих адуу авъя гэж боддог юм билээ. Дараа жил нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойтой. Тэгээд ойгоо тэмдэглэсэн Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Дарьганга зэрэг таван сумын наадмыг сонирхлоо. Ойд түрүүлж, айрагдсан морьдыг судлаад сураг тавиад байсан Асгатын 80 жилийн ойд айрагдсан даага боломжийн санагдаж байна шүү. Тэгээд 2005 оны намар нэлээд оройхон ярьчихаад, 2006 оны хавар Батзаяа найзтайгаа Баасанхүү начнаа дагуулаад явлаа. Тэгсэн яг Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаан нь болж байдаг юм. Нөгөө үрээгээ авах гэсэн аль хэдийнэ эзнээ олчихож. Сүхбаатар аймгийн харьяат улсын Начин Дашдаваа гэж хүний хүүхдүүд бас сүрхий морь уядаг. Аавынх нь үеийн улсын начин ирсэн гээд биднийг хүндэтгээд сүйд. Тэгж байгаад хамгийн түрүүнд Баяраа гэдэг залуугийн морьдыг харлаа. Баасанхүү начин морь мордохоос өмнө  намайг дуудаад хоёр гурван адуу санал болголоо. Тэгэхээр нь би “өө яахын яахын зорьж ирснээрээ айрагдсан адууг л авъя” гэлээ. Тэгэхэд хэлсэн хоёр адууны нэг нь миний халтар халзан морь. Тийм л мундаг хурд таньдаг хүн. Тэр наадмыг Асгат сумын харьяат “Одкон холдинг” компанийн захирал Мөнхбат гэж хүн ивээн тэтгэж байсан юм. Уралдаан дууссаны дараа түрүүлсэн шүдлэн, аман хүзүүдсэн дааганы эзэнтэй уулзсан бүтээгүй.
-Яагаад?
-Түрүүлсэн шүдлэнг миний төсөөлж байснаас нэлээд өндөр дуугарсан. Тэр үрээ Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Онгуу Манлайн ах Ганхуягийн нэр дээр айрагдсан шүү дээ.
-Дааганы эзэн юу гэсэн юм бэ?
-Цоллогоон дээр уралдааныг ивээн тэтгэсэн Мөнхбат “энд айрагдсан бүх адууны улсад уралдуулах зардлыг би даана” гээд зарлачихсан чинь үрээгээ зарахаа байчихсан.
-Халзан үрээ тань хэдээр давхисан юм бэ?
-30 гарч ирсэн байх. Тэр болтол би халзан үрээг таг мартчихсан. Тэгсэн 2004 оны “Их хурд”-д Сүхбаатар аймгийн Асгат сумаас нэг хүрэн морь очжээ. Онцгой хурдан адуу байсан гэнэ. Гэмтээгүй бол улсад хоёр гурав түрүүлчих байсан гэлцээд.
-Чулуунбаатарын хүрэн байх нь?
-Тийм. Асгатынхаа 80 жилийн ойд түрүүлээд, Сүхбаатар аймгийн 60 жилд түрүүлээд, 2003 онд Хэнтий аймгийн 80 жилд түрүүлсэн. Зүүн бүсийн хоёр том ойд дараалан түрүүлсэн аварга адуу байж. 2004 оны Их хурдад очиж ойчоод ард нь байсан Цэвэгжавын Буган хээр аман хүзүүдсэн юм билээ. Ингэж ярьж байхдаа нөгөө халзан үрээг өмнө нь гурав уралдан хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн гэдгийг мэдсэн. Сүхбаатарынхан чинь морь ярихдаа мундаг ш дээ. Тэгээд л халзан  үрээг авах нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Яваад очсон бас нэг хонгор шүдлэн хамт байна. Хонгор үрээ уралдаанд халтар халзангаасаа дээгүүр давхисан. Бараг 10 хавьцаа орсон байх.Тэгсэн Баасан ах “хоёуланг нь авчих, хоёулаа мундаг юм байна” гээд тэгсэн эзэн нь “би энэ жил хоёр адуу л бэлтгэсэн. Нэгийг нь зарчихъя. Нөгөөг нь зарахгүй ээ. Наадам дөхөж байна. Би бас адилхан моринд дуртай эр хүн” гэсэн. Ингээд бид халтар халзангаа авсан даа.
-Хожмоо тэр хонгор үрээний талаар сураг ажиг тавьсан уу?
-Сүхбаатар аймгийнхаа наадамд айрагдсан.
-Нууц биш бол тэр үед халтар халзангаа хэдээр авч байсан юм бэ?
-Таван сая орчимд л авсан байх. Хоёулаа нэг тоо бодож үзье.Тэгэх үү.
-За тэгье
-2004 онд хамгийн өндөр үнэ хүрсэн морь бол Цэвэгжавын Буган хээр. Билэгдэмбэрэл Тод манлай тухайн үедээ 18 сая төгрөгөөр авч байсан юм билээ. Тэгэхэд  сайн адуу 10 саяар хүрээгүй байсан. Тэрнээс хоёр жилийн өмнө 2002 онд  та нар санаж байгаа бол Цэрэнжигмэд Тод манлай Асгат саарал азаргаа нэг сая төгрөгөөр л авч байсан. Тэгэхээр 2002-2004 он хүртэл хоёр жилийн хугацаанд хамгийн дээд талын морь 18 сая хүрсэн. 2006 онд намайг халтар халзангаа авах үед Тавантолгой трансын Дагвадорж 10 гаруй сая хүрэн адуу авсан. Тэгэхээр 10 сая хүрсэн морь хуруу дарам цөөн байсан байгаа биз. Тэгж тооцоод би найман сая төгрөгтэй явсан. Түүндээ ганц, хоёр гайгүй адуу авчихна гэсэн бодолтой байсан. Яагаад гэхээр өмнө нь ярьсан Асгатад айрагдсан үрээгээ 3,5 саяд авахаар тохирсон байсан. Тэгэхээр халтар халзангийн үнэ хэн хэнийг маань сэтгэл хангалуун үлдээсэн байх. Тэгээд ч Баасанхүү ах “болж өгвөл эзнийх нь сэтгэлд хүрсэн үнээр авч байгаарай” гэж захидаг байсан юм.
-Наймаагаа хийгээд авчихлаа. Дараа нь...?
-“Агт-Эрдэнэ” галын уяач Г.Буянтогтох миний ээжийн дүүгийн хүүхэд байхгүй юу. Манайх хотод байдаг учраас ээж, аавын ах дүү нар цөм манайхаар ирнэ. Буянтоо манай бага дүүтэй чацуу. 2005 онд хуримаар нь очихдоо морь уядаг, талийгаач   Оюунбилэг Манлайгийн туслах уяач гэдгийг нь мэдэж байгаа юм. Оюунбилэг ахтайгаа ч сайхан танилцлаа. Тэгээд 2006 оны зургаан сард халтар халзангаа авангуутаа Буянтоо дээрээ аваад очсон. Тэгсэн Билгээ ах өмнө нь Цогтсайхан ахтай адуу авахаар явж байхдаа харж байсан юм билээ. Намайг аваад очингуут “нөгөө халзанг чинь аваад ирж Цогоо” гэсэн. Их Монгол улсын 800 жилийн ойд уяачид эртнээс бэлтгэсэн ш дээ. Манайхан 61-н гарам дээр Онон Тод манлайнхтай ойрхон. Тэгэхэд Босоо дэлтийн Ганбат чинь Билгээ ахаар морио уялдаг байсан юм. Би ганц морьтой болохоор гэр бариагүй Ганбаагийнд байдаг. Манай Билгээ ах чинь их олонтой хүн ш дээ. Сүхбаатарын Эрдэнэцагаанаас яруу найрагч Амартайван ах 30 машинтай морьдоо ачиж ирээд манайхны хажууд буучихсан. Говьсүмбэрийн аймгийн Алдарт уяач Адъяасүрэн гуай, хүү Нямхүүтэйгээ ирчихсэн. Сунгаан их өтгөн болноо. Миний халзан морь сунгаанд үнэхээр хурдан байсан. Гэтэл Билгээ ах “тэжээлтэй ч, арай л олон уралдаж дээ. Хаврын тарчиг цагт засаатай хязаалан үрээ гурав уралдана гэдэг” гээд л байсан. Гуравны сунгаанд “Мон-Эрдэнэ”-ийн Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн битүү зээрд үрээ түрүүлж, аман хүзүүнд нь миний халзан, гуравт хоёр жилийн өмнө улсын наадамд даагандаа түрүүлсэн Сүхбат Аваргын ах Тангаа Батсүхийн шарга, дөрөвт өмнөх жил нь шүдлэн үрээ улсад айрагдсан байсан Төв аймгийн Баян сумын уугуул Довдонбалжирын саарал гээд дан довтой адуунууд ордог юм. Дунд сунгаанаар авга ахыгаа “морь хурдан байна. Та нар ирж үз” гэж дуудуулаад авчирсан. Сэргэлэнгийн цаанаас  морио тавиад бид өөрсдөө замд нь тослоо. Энхмөнхийн хүрэн, Тангаагийн шарга, Довдонбалжирын саарал  гурвын ард таван үрээ явж байна. Тэрэн дунд халзан үрээ байдаггүй. Хараад байсан арав гаруй дээр явнаа. Тэгснээ туулсаар байгаад нөгөө таван үрээг өнгөрөөд гурав руу орчихлоо шүү. Тэгснээ барианы наана онхолдоод уначихдаг юм. Тэгэхэд л морь гэдэг цагаан хэл ам ихтэй байдгийг мэдсэн шүү. Би өөрөө нас залуу, аав маань сэхээтэн хүн учраас манайхан ер нь лам хар гэж явдаггүй. Цагаан сараар ээж маань ёс болгож засал хийлгэдэг. Тэгээд уг нь ламдаж байгаад л мордуулсан ч 800 жилийн ой тэр чигээрээ будилаан болж, халзан үрээ 51-т давхисан. Тэгээд улсын наадмын дараа найман сард нэлээд амрааж амрааж байгаад Манлай уяач Далайгийн нэрэмжит уралдаанд мордуулж дөрвөөр давхиулсан.
-Тэгээд 2007 онд?
-2006 оны намар Билгээ ах бид хоёр ярьж байгаад халзан үрээгээ хөнгөлчихсөн. Энэ хорвоо ертөнцөд төгс зүйл гэж байхгүй. Би сайхан хурдан буяндаа хутаг суулгах гэж байгаа юм биш шүү. Ерөнхийдөө миний халзан морь голоороо жаахан нарийн адуу. Тийм болохоор намар нь хөнгөлчихсөн. Тэр нь ч зөв байсан байна лээ. Өвөлжин тэжээгээд морио бэлтгэчихсэн байтал хавар нь аав маань бурхны оронд одоод халзан морио уралдуулж чадахгүй л байсан. Тэгсэн нэг өдөр талийгаач Билгээ ах надад “миний хүү эр хүнд аав өнгөрнө гэдэг хамгийн хэцүү. Гэхдээ аавыгаа бодоод аль болох хийморилог явах ёстой” гээд Түвдэн Манлайн түүхийг ярьсан. Тэгээд л нэг талаараа бурхны оронд байгаа аавыгаа баярлуулъя, нөгөө талаараа ард үлдсэн ээжийнхээ сэтгэлийг засъя гээд Увсын галын уралдаанд уралдуулсан дан довтой адуутай уралдаад халзан үрээ маань гурваллаа. Зун нь Билгээ ах маань улсад айрагдчих магадлалтай байна гээд халзан моринд илүү анхаарал тавиад. Бага сунгаан дээр түрүүлснээ дунд сунгаанд тав зургаа болоод ухарчихлаа. Тэгсэн би жаахан хайрлаад дутаачихлаа гээд 7-р сарын 7-нд Багануур явж уралдахаар боллоо. Тэгж байсан 7 сарын 4-нд манай аавын ганц ах нь өнгөрчихдөг юм. Тэгээд би бүр ямар ч уралдаж наадах сонирхолгүй болчихсон. Тэгсэн Багануурын наадамд халзан морь бараг км хол зайтай түрүүлжээ. Болоогүй миний нэг хээр морь бас түрүүлчихэж. Билгээ ах маань “за миний хүү сэтгэлээ бариад, заслаа сайн хийлгэхийг бодоорой. Халзан морь чинь улсад айрагданаа” гэсэн. Харамсалтай нь  засал номоо сайн хийлгээгүйнх юмуу, сэтгэл хүнд байгаад дагасан уу халзан морь хүмүүсийн үзүүр хүртэл таваар явж байгаад хадуурч тойроод 11-ээр орсон. Тэгэхэд Билгээ ах маань бүр сөхөрч суугаад “би улсын наадамд морь айрагдуулах хувьгүй юм байна.Ийм сайн бэлэн адууг айрагдуулж чадсангүй” гээд нулимс унагаж байсан. Урьд өдөр нь Сувдан зээрд түрүүлчихсэн, уяан дээр байхад шүү дээ.
-Уясан эзнийх нь нэрээр цоллуулаарай гэсэн гэдэг?
-Яг тэгж хэлсэн. Уяачид байх ёстой жудаг, ёс зүй гэдэг юм тэр хүнд л байсан. Ер нь бол цөөхөн дээд боловсролтой уяачдын нэг шүү дээ. Тэр нь ч нөлөөлдөг байсан байх. Билгээ ах бол гүйлгээ ухаантай, маш мэдрэмжтэй хүн. Тэгээд бид наадмын дараа Хөвсгөлийн бүсэд очоод Сувдан зээрд түрүүлж ирээд аман хүзүүдэж, халтар халзан дөрвөөр ирж байгаад хүмүүс рүү налж ороод айрагдаж чадаагүй. Олс татчихсан байсан хаагуур нь орчихсон юм бүү мэд. Одоо эргээд бодоход бид уул, усыг нь аргадах ёстой байсан байна лээ.
-Халзан морь чинь ер нь л хадуурчихаад байдаг юмуу?
-Сургалтын алдаа юмуу ганцаараа өнгөлж яваад л хүмүүс рүү налчихаад байдаг. Тэгээд 2008 онд хавчиг морь зориуд нутагтаа аваачаад өнжөөсөн юм. Тэгсэн сонгуульд зориулсан том уралдаан болно гэхээр 2007 онд Багануурт түрүүлсэн хээр морио уралдуулаад түрүүлгэж байлаа. Тэр хээр морь Дорноговь чигийн адуу, Чойроос авч байсан юм. Билгээ ах бид хоёр Барга адуу авах гэж яваад бололгүй Монгол руугаа ирж байтал манай хэд Чойрт уралдаж байна замдаа буучих гээд. Шинэ дэлхий холдингийн захирал Алтанхуягийн морьд манай дээр байдаг. Алтанхуяг ах тэнд уралдаж байсан юм. Тэгээд уралдаан үзэж байсан Билгээ ах жижигхэн хээр морь заагаад би нөгөөдөхийг нь жаахан голонгуй. Болж өгвөл өөрийнхөө сэтгэлд нийцсэн адуу авчих санаатай. Гэтэл араас том хээр морь давхисаар байгаад айрагдчихсан чинь нөгөөх байдаг байгаа. Гүйцэд сунаж харайдаг. Давхилдаа том харагддаг адуу, миний тэр хээр морь.
-Халзан морь тэр жил ерөөсөө уралдаагүй юу?
-Нутагт манай ах дүү нар уралдуулж, хэд хэдэн айрагдуулсан байна лээ. Тэгээд чиний энэ чинь аргагүй хурдан адуу юм гэж утсаар ярьж байсан.
-2009 он халзан морины амжилтын оргил үе?
-2009 он бол үнэхээрийн гайхамшигтай сайхан жил байсан. Дүнжингаравт гуравлаад, Сэлэнгийн хаврын бүсэд дөрвөлөөд, Ламын Гэгээний 370 жилийн ойд түрүүлсэн.
-Улсын наадамд хараахан айрагдаж чадаагүй. Ямар дүгнэлт хийдэг вэ?
-Сунгаан болгон дээр манай галын морьд л өнгөлдөг байсан. Халзан морь тэр тусмаа их хол ганцаараа гараад явчихдаг. Би ажил ихтэй байгаад хоёр сунгааныг нь  очиж үзэж чадаагүй. Тэгээд улсын наадамд Батзаяагийн маань найзын хүү Адъяабазар гэж сэргэлэн хүүхэд унасан. Урд нь морь унаж байгаагүй юм билээ. Тэгээд “ахаа би эмээллээд уначих уу. Түрүүлж ирээд хүмүүс рүү орчихвол би эмээлтэй бол татаж дийлнэ. Зайдан болохоор татаж дийлэхгүй” гээд байхаар нь эмээллээд  мордуулчихлаа. Тэгсэн харин замдаа эмээлэээ хаяад тэгсээр байгаад долоолсон. Бүсийн наадамд түрүүлж, айрагдаад байгаа хэрнээ улсад ордоггүй адуу байдаг ш дээ. Жишээлбэл Цандэлэгийн Соёмбо хүрэн. Миний халтар халзан тийм л л адуу. Хурдантай нь хэн ч маргахгүй ш дээ. Улсын наадмын дараа Билгээ ах маань “энэ жил улсын наадамд айрагдах биш түрүүлэх байсан шүү” гэж ярьдаг байсан.
-Гэхдээ нутгийн дэвжээнээ түмэн эхийг дийлэн урамтай түрүүлсэн шүү дээ?
-Хүний унасан газар, угаасан ус. Төрсөн нутаг гэдэг аргагүй өөр шүү. Нутагтаа очиж сайхан наадаад үнэхээр их баярлсан. Гайхамшигтай сайхан байсан. Би яагаад ингэж байн байн уул, усаа аргад гээд байна вэ гэхээр тэр хавар Дүнжингаравт айрагдсаных нь дараа Билгээ ах “чи яваад Их Богд хайрхан дээрээ гарчихаад ир” гэсэн юм. Билгээ ахад Цэнд-Аюуш Манлай “цаад хүүгээ хайрхан руу нь нэг гаргачих” гэсэн юм билээ.Тэгж нутгийн уул усаа аргадсаны дараа халзан морь маань сайхан түрүүлсэн. Баянхонгороос ирээд Монголд авто замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд улсад түрүүлсэн Бэлоны Баатархүүгийн Дэлгэр хээр, аман хүзүүдсэн Егүзэр хээр, гурвалсан Пүрэвийн Бат-Эрдэнийн хүрэн  гэсэн төрийн наадмын хурдан хүлгүүдтэй уралдаж түрүүлсэн. Тэгэхэд Билгээ ах “халзан морь түрүүлэх байсан гэж би хэлсэн шүү дээ. Гэхдээ жаахан юм дутчихсан юм” гэж байсан. Тэрний дараа Тод манлай уяач Даваахүү гуай 1000 морь уралдуулах зар тарааж газар газраас шигшигдсэн 365  хүлэг уралдахад бас ахиад түрүүлсэн. Тэр жил халзан морь намайг ёстой нөгөө дээлэндээ багтахааргүй болтол нь баярлуулсан даа.
-Оносон сайхан зүйрлэл байна. 2010 оны тухайд?
-2010 онд бас л улсад айрагдчихна гэсэн бодолтой байсан. Их хурдтай жил шүү дээ. Мөн л манай галын морьд сунгааг өнгөлж халзан морь хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Гэсэн ч улсад арав гаргаж давхиад, Их хурдын үеэр гарааны төхөөрөмжин дээр уначихсан. Түүнээсээ хойш уралдаагүй ээ. Одоо Төв аймгийн Алтанбулаг сумын Нөхөрлөлийн нутагт байна. Хурдан гэдгээ таниулчихсан амьтныг зовоогоод яахав.
-Сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?
-Морьтой нэг холбогдсон хүн хэзээ ч болино гэж байхгүй. Би жил бүр морио уядгаараа уяж байгаа. Гэхдээ өмнөх шигээ идэвхтэй бус байгаагаа хүлээх нь зөв байх. 2013 онд Сүхбаатар аймгийн 70 жилд 21-ээр давхисан хонгор халзан морь авсан. Саяхан дахиад нэг морь авлаа. Өнгөрсөн жил нутгийнхаа ойд очиж хоёр айраг авлаа. Энэ мэтчилэн наадаж л байна.
-Морь мал гайгүй давхиад ирэхээр нутаг руугаа ганц гайгүй үрээ өгчих юмсан гэж бодогддог юм шиг. Танд тийм бодол төрж байв уу?
-Зөндөө өгсөн, зөндөө хурдалсан. Бэлэглэсэн адуунууд маань Баянхонгорт маш сайн давхиж байгаа. Баянхонгорын анхны  “Шигшмэл хурд”-д миний бэлэглэсэн их насны морь түрүүлсэн. Баацагаанд ээжийнхээ дүүд бэлэглэсэн бор үрээ өөр хүнд зарагдаад аймгийн наадамд гурав түрүүлсэн. Энэ мэтчилэн яриад байвал олон доо.
-Хурдан хүлгийн хиймориор төр түмнээ цэнгүүлж буй танд амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Ажил үйлс нь дэлгэрч явах болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 122.201.24.250

    Haltar halzan moriniiho ezen etseg ehiin todruulad ogch chadahgv baij yaaj mori ni tawhidag bna uganan ezeniih ni neriig ydaj neg durdchaach deelende bagtahgv bayrlaad bga ni bol

    Reply