Аймгийн Алдарт уяач Д.Дөш:Уяач хүнд ялгаагүй л төрийн наадам шүү дээ
Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамдингийн Дөшийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1945 онд Хойд Яргайтын ам хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ.
-2013 онд Завхан аймагт болсон ЗГ-ын тогтоолт баруун бүсийн наадамд халзан үрээгээ айрагдуулсан байхаа. Эндээс яриагаа эхэлье?
-2013 онд энд аймгийн баруун бүсийн наадам, манай хоршооны 20 жилийн ой болж халзан үрээ маань гурваар ирж, сумынхаа баяр наадамд аман хүзүүдсэн. Дараа нь Завхан руу хоёр үрээтэй явлаа. Бид чиргүүлээс морио уячихсан. Улаанбаатар хотоос маш олон уяач иржээ. Янз янзын алаг асар, цоохор гэр эрээлжлээд л. Манайхны архан талд Дундговийн Эрдэнэдалайн Эрдэнэчулуун Манлай гуайнх байна. Тэргүүн хонгорыг, өөрийнхөө хүрэн морьтой уячихсан. Тэгээд маргааш өглөө нь азарга явсан уртын дуу дуулж, лам ном уншаад, идээ засчихсан морио гаргаж байж билээ.
-Уяачид морь мордуулах ёсыг хийдэг. Танай энд хийдэггүй юм уу?
-Манай энд ёссоод байх юм байхгүй ээ. Морио асар тойруулаад л гаргадаг байлаа. Сүүлийн үед асар ч тойруулахгүй шууд л гаргаж байна. Яахав өөрсдийн хэмжээнд арц хүжээ уугиулнаа. Эндээс Түвдэнгийн хээр, манай халзан үрээнүүд очсон. Тэгээд хоёр хязаалангаа мордууллаа. Би нэг хадтай толгой дээр гараад суучихсан. Эд нар өөдөө явчихсан утсаар л яриад байгаа юм. Манай Баян-Уулын Мөнх гэж сайн уяач байлаа. Хүний бага эмч л дээ. Тэр Улаанбаатар хотоос танай Түвдэнгийн хээр үрээ хол тасархай өнгөлж явнаа гэж утсаар ярилаа. 200-гаад үрээ мордсон юм чинь. Түвдэнгийн хээр үрээ түрүүлж байвал миний халзан ямар ч байсан газрын талд хүрэхэд ирнэ дээ гэж бодлоо. Холбоо барьж байгаа нэг ч хүн алгаа. Тэгсэн ашгүй утас ахиад дуугарч дагаж явсан Ундрах ярьсанаа халзан үрээ чинь 10-н хэд дээр гарна лээ гэв. Төдөлгүй Мөнх “халзан үрээний чинь хөл нь мөн шиг харагдлаа. Зарлахгүй байна. Ес, арвын хавьцаа орлоо” гээд тасаллаа. Тэгсэнээ эргэж залгаад “халзан үрээ эхний тав руу орж явна” гэдэг юм байна. Тэгээд бодохгүй юу. Тав руу орж байна, лав суухгүй гэж. Олон хүн зэрэг залгаад утсаа авч болдоггүй. Тэгсэн аймаг дээрээс Тайширын усан цахилгаан станцын ерөнхий инженер залуу залгаад “та ерөөсөө энэ утсыг салгаж болохгүй шүү. Би хэлээд байя. Халзан үрээ чинь гурав руу орж ирлээ. Сул үрээ урд нь явна. Тэргүүн хонгор гэдэгтэй дөхөж ирлээ” гээд утсаар тайлбарлана. Гурав дахь давхар уяагаар, хавар нь засчихсан байсан болохоор унаач хүүдээ “явмааргүй байвал нэг их сайхан татаад алхуулаад яваарай. Тэгээд уяа луугаа ирэхийг бодно шүү. Цагдаа их байгаа учраас наад руу чинь явж чадахгүй” гэж хэлээд мордуулсан. Ингэсэн шүдэлгээний тэр өөд гараад иртэл өнөө хүүхэд чинь ороолгоод эхний хоёр үрээн дээр тохуулчихлаа. Би морь барианы газраас буюу 3 км зайнаас хараад байгаа. Утас ч дуугарлаа, авсангүй. Тэгсэн нэг тохож орж ирээд нөгөө Тэргүүн хонгор чинь гараад явлаа. Ингээд Хөвсгөлийн Тосонцэнгэлийн хүрэн үрээ сул түрүүлж, хоёр дээр Тэргүүн хонгор, гурав дээр халзан үрээ харайлаа. Би урд жил нь Баян-Өлгийн даншигт халзан үрээгээ шүдлэн байхад нь авч очоод найм дээр ирж байлаа. Их хойноос гарсан. Ер нь гараа муутай л даа. Харин хүүхэд онцгой сайн байсан болохоор хаана морио амраах уу, хаана явуулах уу гэдгээ хэлүүлтгүй зохицуулчихдаг.
-Архангайн Цэнхэрийнх байхаа.
-Хязаалан айрагдуулчихсан хүн чинь зориг ороод соёолон мордууллаа. Тэр алаг үрээ бас их сайн байсан. Уралдааныг мөн л Ундрах дагасан. Ундрахын нэг үрээ бас явсан юм. Түүн рүү залгасан утсаа авдаггүй. Арайхийж нэг авснаа “миний бор үрээ 10-н хэд дээр явж байна. Алаг үрээ чинь харагдахгүй байна” гэв. Яг л халзантайгаа адилхан. Тэгсэн гэнэтхэн утас дуугарсан. Авбал “алаг үрээ чинь тав руу орж ирж байна” гэдэг юм. Алаг үрээ ч ил гараад ирлээ. Яг барианы доод талд урд жил нь Баян-Өлгийд түрүүлчихсэн манай аймгийн хүрэн үрээ явна. Тэрний урд талд нэг өнгөлөөд л нөгөөдөх чинь алдаад, тэгээд аман хүзүүн дээр баригдсан. Наад алаг чинь их түүхтэй л дээ. Бөхийн холбооны дэд тэргүүн Данзан гэж хүн манай бандид бэлэглэсэн байхгүй юу.
-Баруун бүсэд соёолон аман хүзүүдэхэд хүнд өгчихсөн байсан уу?
-Өгчихөөд эзэн нь ирээгүй. Хүүхдийг нь дагуулаад бид нар уяж өгсөн юм. Тэгж Завханд хоёр үрээтэй очоод, хоёуланг нь аман хүзүүдүүлчихээд Стана машинд морио аччихлаа. Босоогоороо яг сайхан таарна гээч. Зогсоогоод шалавхан буулгаад л шээлгэчихнэ. Суудлыг нь бүгдийг авч байгаад арын хоёр суудлыг нь үлдээгээд оруулчихдаг юм. Толгой нь бараг хажууд яваа юм чинь. Заримдаа хошуугаараа араас хүрнэ. Би Баян-Өлгий рүү хар, хүрэн халзан хоёр морио хоёуланг нь аваад явсан. Баян-Өлгийд морь уралдуулахад хэцүү газар байна лээ. Шуугиад л яг дайн болж байгаа юм шиг. Морь шүдэлж бүртгэж байснаа эргүүлж явуулаад л. Манай энэ Бандгар нөхөр их л чадалтай хүүхэд. Гэсэн ч алдана лээ. Тэгэхэд миний хар морь лав 100 м тасарч явсан. Чадалтай хүүхэд ороолгоод л урд нь ороод явсан. Өвөрхангайн Отгоннасангийн шодон бууралтай бас л үзсэн.
-Данзан гуай хаанаас авсан юм болоо?
-Хэнтий аймгийн Баянхутагийн Бух хэмээх улсын Заан Жунай, улсын Аварга Мөррэнцэн нар ах дүүс. Энэ хоёр Хувьсгалын жилүүдийн материал нь олдохгүй Бөхийн холбоонд өргөдөл бичиж өгч л дээ. Жунай нь Буур, Бух гэж хоёр хүүтэй. Харин Мөррэнцэн Аварга нь лам хүн байсан учраас хүүхэдгүй. Тэгээд Бух гуай өнөөх өргөдлийг Данзанд аваачиж өгөхдөө хоёр гурван залуутай очжээ. Тэрний нэг нь манай хүү явсан юм. Тэгээд хүссэн ажил нь бүтэмжтэй болж, талархснаа илэрхийлж, Данзанд нэг адуу аваарай гэсэн юм билээ. Тэгэхэд манай хүү Балжирын Гантуяа гэж Хэнтий аймгийн олон малтай, Улсын аварга малчныд очоод хоёр, гурван адуу зарах уу гээд асуусан чинь өнөөх нь “яасан золигийн хүүхэд вэ, дан уядаг адуунууд заачихлаа. Сайн хүү байна. Хүүгийнхээ нүдийг мялаая” гээд нэг даага бэлэглэсэн байгаа юм. Данзан ч өөрийнхөө адууг манай бандийг ав гэж хэлсэн. Тэгээд адуугаа авах гээд очсон хүргэн Гансүх нь өвгөний өгөх гэж байсан буурал сүүлтэй хээр даагыг алдчихаж. Оронд нь алагийг өгчихье гээд эмнэг үрээг өгсөн Бух гуай бүтэн зүстэй юм өгчихье гэж бодсон юм гээд жаахан дургүй байж. Тэгээд явдлын улсыг алийн болгон байлгахав гээд өгсөн. Манай бандид өгсөн Баянхутагийн Балжирын Гантуяагийн хээр үрээ одоо азарга болсон. Түвдэнгийн хээр, халзан, энэ гурав соёолон хүртлээ үнэхээр хурдан байсан. Ирснээсээ хойш дандаа айрагдсан. Тэгж ирсэн түүхтэй юм. Данзан чинь манай хөгшний хамаатны хүн. Ховд аймгийн Дарви сумынх шүү дээ.
-Энэ алаг хоёр бүсэд орсон биз дээ?
-Тэгэлгүй яахав. Соёолондоо ороод, 2014 онд Ховдын Галданбошигтын ойд айргийн дөрвөөр орсон. Тэгэхэд Энхсайханы ягаан морь тавласан бол Гантөмөрийн морь түрүүлсэн. Ямар ч байсан манай Говь-Алтайн таван морь орсон юмдаг. Гэхдээ нэгийг нь Ховдын Дарвийн Мөнхтөр нэрэн дээрээ цоллуулсан. Түүнээс хойш мордсон болгондоо айрагдсан. Энэ жил 2016 он гэхэд манай сумын 90 жилд аман хүзүүдээд, Ховдын Дарвийн сургуулийн 90 жилд түрүүлээд, Бат-Эрдэнэ Тод манлайн наадамд аман хүзүүдлээ.
-2015 онд хаана уралдсан юм бэ?
-Увсад уралдаад тойрдог дээр дутуу тойроод 13-аар ирсэн. Хавчиг айрагдсанаас нь хойш авсан эзэд нь өөрсдөө уяж байгаа. Данзан гуай хүнд өгчих л гэсэн юм. Тэгээд хүний өгсөнийг хүнд л өгсөн. Халзангаа дээр гэж бодоод авч үлдсэн. Халзан нь номхон харин алаг нь жоохон шижээрхүү байсан. Халзанг нь манай банди аймгийн Цогбаяраас шүдлэн үрээ авчирсан юм. Тухайн үедээ бас л үнэтэй авсан. Таван сая төгрөгөөр жоохон шүдлэн үрээ авчирч байлаа. Тэр чинь 2012 оны таван сар. Ирсэн жилээ шүдлэн суманд түрүүлээд, Баян-Уулын бүсийн уралдаанд айргийн дөрвөөр, Баян-Өлгийн даншигт наймаар давхиад, хязаалан, соёолондоо хавар нь хатгаад жоохон эвгүйтчихсэн. Тэгээд Ховдын Дарвийн 90 жилд түрүүлж, Тонхилын 90 жилээр гуравлаад, 2014 онд Ховдын баруун бүсэд ахиад наймаар орсон.
-Дараа жил нь хаагуур уралдуулсан бэ?
-Манай энд хавчиг жил нь өнжөөдөг. Долоотой морь суманд ганц уралдлаа. Уяачдын баяраар нэг түрүүлсэн. Тэгээд хөл нь жоохон эвгүйтчихээр нь би өөрөө эмчилсэн. Усанд уях сайнгүй гэхээр нь хонины зунгагтай ноосоор бүүр зориулалтын юм шиг бүч уяад, шорвог хар цай шингээгээд 15 минут болгодог. Өдөрт таван литр хар цайгаар ингэж шавшаад зүгээр болсон. Тэгсэн энэ хүүхдүүд чинь уралдуулах гээд болдоггүй. Хавар болсон Уяачдын баяраар явуулчихъя, газар нь ч гайгүй юм гээд манай банди зүтгээд байдаг. Тэрэнд нь явуулсан түрүүлж байна лээ. Дараа нь сумын 90 жилийн ойд мордуулсан.
-Алаг үрээгээ хэдээр өгсөн юм бэ?
- Би чинь алаг морио зарчихаад алаг гүүний эхийг нь эр унага дагуулаад таван сая гаруй төгрөгөөр авсан. Харин алаг үрээгээ 2,5 саяар өгсөн. Тэр залуу надад цагаан хул амтай хүрэн морь бэлгэнд өгсөн. Энэ жил манай 90 жилээр нэг зээ маань уяж айрагдуулна лээ. Тэнд айрагдаад Ховдын Дарвид айрагдсан. Тэр алаг морины эзэн ер нь хурдтай адуутай юм билээ.
-Дагаж ирсэн эр унагыг нь уяж байна уу?
-Дагаж ирсэн алаг унагаа бараг гүүнийхээ үнээр шахуу зарчихсан. Алаг морины эзний дүү нь авсан ч уяхгүй байгаа бололтой. Надад гэдсэндээ ирсэн нь эр хээр унага гарсан. Энэ жил уях санаатай байтал жоохон эвгүйтэж бариад, уяагүй. Тэр алаг морины дайтай хурдан хүлэг болох байхаа.
-Сүүлийн жилүүдэд халтар азаргаар одтой наадаж байгаа бололтой?
-Дөрөв түрүүлж, хоёр айрагдсан наад халтар азарга чинь Сүхбаатарын Асгатын адуу. Цогбаяр халтар үрээ авчирсаныг би 2012 оны өвөл авсан. Дараа жил нь Дарви сумын баяр наадам, Тонхил суманд болсон аймгийн бүсийн уралдаан, Ховд аймгийн Цэцэг суманд болсон аймгийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Манайд ирэхээсээ өмнө Наранд айрагдсан юм гэнэ лээ. Авчирсан өвлөө тэжээгээд өвлийн уралдаанд тавьсан түрүүллээ. Тэгсэн Ховдын Цэцэгт мотоциклийн байтай том уралдаан болно гэхээр нь Станадаа хар морь, азарга хоёроо ачаад замд гарлаа. Замд улаан шуурга шуураад явуулдаггүй. Тэгээд зогсмор болоод очиж хонолоо. Маргааш өглөө нь азарга мордоод их ч холоос тавилаа. 100 гарсан азарга мордсон. Их ч хурдтай азарганууд ирсэн тэр уралдаанд хол түрүүлсэн. Харин хар морь гуравласан. Тэрнээс хойш халтар азарга энэ суманд олон түрүүлсэн. Өвлийн уралдаанд гурав, сумын баярт хоёр түрүүлээд, нэг удаа гурваар ирсэн санагдана. Тэгээд ерөөсөө төл авч чадахгүй болохоороо ноднингоос уяхаа байчихсан. Одоо зүгээр л төл авъя гэж бодож байна.
-Хурдан хар морь бас л таны итгэл хүлээлгэдэг морьдын нэг юм байна. Хаанахын хэний адуу вэ?
-Аймгийн эмч Ундрахад адуу авахаар явсан гэхээр нь залгалаа. Морь захиадахъя гэсэн “адуугаа аваад дуусчихсан. Маргааш буцах гэж байна” гэнэ. Тэгэхээр нь “өөрөө мэдээд нэг адуу аваад ирээрэй” гэж хэллээ. Маргааш өглөө нь Ундрах залгаад “1,5 сая төгрөг миний данс руу хийчих. Сая төгрөгөөр захаас нь нэг юм авчихъя” гэж ярилаа. Тэгээд адуу авдаг Гүржавын Халтар гэж хөгшин дээр очоод учраа хэлсэн өнөө хүн “энэ харыг аваад яв. Би харайх болов уу гэж боддог юм. Энд даанч унах хүүхэд олдохгүй юм. Хавчиг морь шүү” гээд өгөөд явуулж.
-Нэг сая төгрөгөөр үү?
-Ундрах хэдээр авсаныг нь мэдэхгүй ээ. Би 1,5 саяыг л өгсөн. Сүүлд нь мөнгө нэмж өгөх үү гэсэн өө яахав яахав тээврийн зардалдаа таарсан гэсэн. Тэгэхээр саяар л авсан юм болов уу. Тэгээд аймаг дээр ирчихээд морио ав гэж хэлүүлдэг юм байна. Очоод харсан нэг хар морь байна. Ирээд хүүхэд унуулсан сайн юм. Гэхдээ их аагтай. Хоёр хүүхэд хоёр талд нь явж байж гаргаж өгнө. Үсэргээнээр бол бараагаа харуулахгүй. Тэгсэн яг наадам дөхөөд ирсэн хөлс нь урсаад л, эвгүйтээд байнаа. Манай банди Баярмагнай гэж багштайгаа ярилаа. Би ч нэрийг нь дуулснаас үзээгүй л дээ.
-СГЗ Баярмагнай ах уу?
-Тиймээ. Тэр хүн бас их юм хэлсээн. Өөр хүнээс асууя, орой чам руу залгая гэсэн. Тэгсэн хэн, хэн гэлээ дээ сайн уяачдаас асууж өгсөн. Манай хөгшин чинь тэгэхэд сургуулийн захирал хийдэг байлаа. Сургуулийнх нь 80 жилийн ой болох гээд байдаг. Наана нь бас нэг хээр, хүрэн хоёр азарга уяж байлаа. Нөгөө хар морь чинь их сайн байсан ч мах нь жоохон хөөгөөд байна. Тэгсэн манай эндхийн миний үеийн нэг хөгшин арцтай усаар усладаг, арцаар цай чанаж уулгадаг юм гэнэ лээ гэж хэлэхгүй юу. Тэгэхээр нь услалгүй байгаад 20 л арцтай ус чанаад, орой нь тавилаа. Тэр өдөр жоохон тар хийчихсэн байсан болохоор тогтож ядаад л байна. Нөгөө арцтай ус руугаа тавьсан нэг, хоёр балгаснаа хэсэг зогсоод дараа нь зүгээр залгилчихлаа. Тэгээд яахав Баярмагнай гуайн хэлснийг хийгээд л явууллаа. Одоо манай бандийн компьютер дээр тэр бичлэг нь байдаг юм. Би тэрэн шиг түрүүлж байгаа морь энэ яваа насандаа үзээгүй. Ганцаараа тасархай түрүүлж ирээд, дараагийн морь минут 20-н хэдэн секундын дараа ирж байлаа. Хойд жил нь тэр өдөр хоол нь шингэрчихээд байхаар нь усгүй явуулж алдаа гаргаад аман хүзүүдчихдэг юм. Харин тэрний дараа жил хол түрүүлсэн. Надад гурав, дөрвөн ч мотоцикль авчирч өгсөн буянтай амьтан. Очсон газар бүртээ л түрүүлсэн дээ.
-Одоо хэдтэй юм бэ?
-Одоо уяхаа больсоон. 10-н хэдтэй болж байна. Уявал ч уячихаар л даа. Улсууд намайг уяач аа л гэх юм. Үнэндээ өөрийн гэсэн хүүхэд алга. Морьтой хүн хөтөлж гаргаж чадахаа байсан. Дөрвөн залуу авч яваад, ээлжилж хоёр талд нь гарч улаан нялга юм болоод л ирдэг. Хөөрхийг тэгж зовоогоод яахав.
-Та ер нь хэдий үеэс морь мал уяж байгаа юм бэ?
-1972 оноос хойш морь уялаа. Одоо галын зээ хүүтэйгээ уяж байна. Гурван хүү Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм. Уяа сойлго тааруулсан энэ хугацаанд сумын наадамд хязаалан л түрүүлгэсэнгүй. Түүнээс бусад бүх адууг түрүүлгэсэн. Хоёр ч бүдүүн морь, хоёр азарга, хоёр соёолон хамтад нь айрагдуулж үзлээ.
-1978 оноос эхлээд л морь айрагдуулж эхэлжээ?
-Тэгсээн. Надад нэг сайхан хээр морь байсан юм. Таван жил дараагаар айрагдсан. Хоёр дээр хоёр, дөрөв дээр хоёр, тав дээр нэг ирсэн. Дөрөв дээр ирдэг хоёр жилээ хоёуланд нь түрүүлэхээр байсан ч хадуураад айрагдсан. Уяач хүнд сум, аймгийн наадам ялгаагүй л төрийн наадам шүү дээ. Төрийн наадамд азарга, их морь түрүүлгэнэ гэдэг хүн болгонд заяахгүй.
-Энэ хаанахын адуу юм?
- Манай энд Норовоо Луваа гээд хөгшин морь уядаг байсан. Ганц бие хүн байгаад бурхан боллоо. Тэгээд ясыг нь барьсан хүнд тав айрагдсан хээр морийг өгч л дээ. Би тэр хүнээс нь авахаар Шаргад 1800 төгрөгтэй очлоо. Тэгсэн өнөө хүний эхнэр эмчилгээнд явсан. Хэдэн хүүхэдтэйгээ байна. “Та хээр морио зарах уу” гэсэн “зарна” гэнэ. Ямар үнэтэй юм бэ гэвэл би малын үнэ мэдэхгүй. Морь мал ч уяж явсангүй. Өөрөө мэдээд ав гэнэ. Би бол 1000 төгрөгөөр л өгчихмөөр байна гэлээ. Тэр үеийн 1000 төгрөг их мөнгө л дөө. Би ч өвөртөлж очсон ганц шил юмаа, 1200 төгрөгтэй өгсөн. Бас гурван хүүд нь 100 ,100-н төгрөг өглөө. Ингээд 1500-аар аваад надад 300 нь үлдлээ. Ирээд морио барьж авах гэсэн манай аавтай нас чацуу морь уядаг нэг хүн би авсан юм гээд нөгөөдөхийг чинь бариад авчихлаа. Би ч үнэнээ л хэллээ. Хэрвээ та авсан юм бол сүүлд уулзаж байгаад мөнгө төгрөгийг нь аваад өгчих. Та ав гэсэн өнөө хөгшин “Жуужуу нь авъя л гэж бодсоноос авсан барьсан юм байхгүй л дээ. “Чи ав ав” гэсэн юм. Би ч моринд гар татаж үзээгүй хүн л дээ.
-1976 ондоо айрагдуулж чадаагүй юм байна тиймээ?
-Чадаагүй ээ. 1976 оны ойгоор 16 дээр ирсэн санагдана. Харин дараа жил нь дөрөв дээр ирсэн. Тэрнээс хойш завсаргүй таван жил айрагдсаан. Би ер нь морийг өтөлтөл нь уядаггүй. Сайн морь адуунд байж л байвал болоо.
-Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар хурдан хүлэг байна вэ?
-Бас нэг бор мориор хэсэг наадсан. Манай өөрийн унаган адуу л даа. 1991 онд соёолон гуравлаад, 1994, 97 онуудад хоёр айрагдсан. Түүнээс өмнө 1980 онд Бондгор хээрийг хязааланд дөрөвлүүлсэн. Соёолондоо бас нэг түрүүлсэн юм байна.
-Хамгийн үнэтэй нь хэдээр авсан байх уу?
-Халтар азаргыг долоон саяар авсан.
-Одоо таны адуу улс, бүсийн наадамд орж байна. Танайхаас үрээ байдас авчихъя гэсэн хүмүүс ирэх үү?
-Ирнээ. Би зарахыг нь зарчихна. Бас бэлэглэнэ. Ер нь миний өгсөн адуунууд гайгүй давхина. Би ч хүнд муу юм өгдөггүй. Яг нэг дор байгаа хүмүүс чинь муухай шүү дээ. Маргааш өглөө би таарна. Энэ хурдан гэж өгчихөөд нөгөөдөх нь үсэргэнэ. Наадам болоод харайхгүй бол хүний нүүрийг яаж харах билээ. Тэгэхээр махны адууны үнэнээс арай жоохон дээхнүүр л өгчихдөг юм.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон юм бэ?
-Би их эрт болсоон. Одоо бараг 20-иод жил болж байна уу.
-Таныхаар уяач хүнд ямар зан чанар чухал вэ?
-Уяач хүн атаа хоргүй байх ёстой. Тийм хүний л морь давхина. Бусдынхаа амжилтаар бахархаж сурах хэрэгтэй. Тэгэхэд зарим хүмүүс миний морь харайгаагүй байхад, энэнийх харайчихлаа гэхчилэн илүү хараад байвал өөрт нь л тусна. Би ер нь морь малаа үхүүлээд байдаггүй л дээ. Тэгэхэд энэ жил 2016 он ой хийгээд 14 морь үхүүллээ. Тийм наадам гэж байх уу гээд би хэлээд л байгаа юм. Морь уралдах газрыг сумын төвийн цаана уралдуулъя гээд байхад залхуу шиг улс нь уралдуулна. Очих унаа байхгүй гэж зөрөөд сумын төв дээр уралдуулаад Дуйнхаржав гуайн нөгөө сайхан хээр морь эндлээ. Газрын уруу тэр хурдтай давхиж байгаа адуунууд тэгээд л хөлгүй болно шүү дээ. Хайран юм. Би боддог юм, уяач хүн нэрэлхүү байж болохгүй. Атаач байж болохгүй. Нэрэлхүү хүн чинь хүнээс мэдэхгүй чадахгүйгээ асууж чадахгүй. Би бол ерөөсөө ч нэрэлхдэггүй. Хөгшин мөртлөө утасдаад л Баян-Уулын Мөнх эд нараас асуучихдаг юм. Зарим нь танай морь гайгүй харайлаа л гэх юм. Гэхдээ таны нэр дуулдахаас өөрөө харагдахгүй юмаа гэдэг. Би тэнд очоод ёолкны чимэглэл шиг тал талаас нь зүүгдээд яахав гэж боддог. Харж байхад зарим нь авгай хүүхэдтэйгээ зүүгдчихсэн явах юм байна лээ. Би бол морины цол дуудаж байхад очихгүй, айргийн морины хашаанд ч ордоггүй ээ. Зарим улсууд амгайнд нь багтахгүй гараа хийчихсэн зогсож байх юм билээ. Соёолон адуу түрүүлэх чинь бас зовлонтой л доо. Хүмүүс бие биенээсээ өрсөөд дайрна. Гэхдээ би хүүдээ хэлдэг. Амьтан авч л байг даа, битгий зугт гэж.
-Ер нь таныг морь уяхад юу нөлөөлсөн бэ?
-1976 оноос эхлээд л тасрахгүй морь уялаа. Сүүл рүүгээ энэ моринд хорхойтой болоод, одоо бол хүүгээ гайгүй шиг адуутай болгочихсон гэж зүтгэж явна. Одоо миний зорилго л тэр. Хүүгээ хаана ч очсон морьдоо сэлгээд уячихдаг байгаасай гэсэндээ гайгүй азарга, гүү цуглуулаад л байна. Гэхдээ олон адуу цуглуулчихаад морь сайн харайхгүй байх чинь хэцүү л дээ. Уяачид “моринд дэндүү дуртай эр хүн айраг авахгүй бол гунддаг юм” гэлцдэг. Үнэн шүү. Бас нөгөө талдаа их олон айраг түрүү авах хэцүү. Санаа зовоод байдаг юм. Хэл амнаас гадна дархлагдчихсан юм шиг нэг л хүний морь дандаа харайгаад байх чинь ямар олиг байхав.
-Та энэ нутгийнхаа ахмад уяачийн тоонд орно биз?
-Тэгэлгүй яахав. Одоо ч Буриад бид хоёроос өөр хөгшин нь байхгүй болжээ. Би морь уяхгүй шахуу байна. Морь уяж байгаа газар л одоо бос, хөөе ингэ тэг, хоол ундыг нь өг гэхчилэн үглэж явдаг ажилтай болсон. Ганц адуу уях дэмий, овоо хэдэн юмтай болбол бас сэлгэсхийгээд уяна. Уядаг адуугаа хайрла, унаач хүүхдээ хайрла. Хүүхэд хамгийн гол амжилт гаргаж байгаа хүн гээд л ярьж эхэлнэ шүү дээ. Ер нь уяач хүн морийг тартагт нь тултал ёстой уяж болохгүй. Доголон морь адуун дотор явж байх ёстой муухай.
-Та манай уншигчдад энэ нутгийн дээхнэ үеийн сайн уяачдыг, уяж байсан морьтой нь мэддэгээ сонирхуулаач?
-Дээр үед чинь сайн сайн уяач нар олон байлаа. Би ч морийг нь үзээгүй л дээ. Лав Аяагалсанчоймбол гэж их хурдан морьтой хүн байсан. Манай энд чинь дүрвэж ирсэн хасагууд амьдардаг байлаа. Тэгээд болоогүй казакын морийг түрүүлгэхгүй гэж гэмтэй юм болно. Нэг наадмаар морь их сайн таньдаг Аяагалсанчоймбол хөгшин “энэ жил энэ хасагийн халиун морь түрүүлэх нь” гэж хэллээ. Тэгэхээр нь өнөө хасагийг халиун морио зарчих гээд эндэхийн наймаачин Даваа-Амбаа очиж. Өнөөх нь зарахгүй гэхээр нь “миний хазаартай мордуулчихаач” гэжээ. Ингээд тэр наадамд халиун, халтар хоёр морь үзсээр байгаад халиун нь цээж илүү гараад баригдсан. Харин Ярваачантуугийн халтар морь шороо үмхэж, чулуу хага хазаад үхсэн гэж байгаа юм. Ингээд хасагийн морь түрүүлэх болсон чинь Даваа-Амбаа хөгшин чинь заргалджээ. Тамгын газар хэргийг нь шүүнэ гэсэн монголчууд хэзээний муу юманд хор найруулахдаа сайн болохоор хуйвалдаж. Энэ хазаар хэнийх үү гэсэн Даваа-Амбаа хөгшин минийх гэжээ. Үнэн үү гэж хасагаас асуувал тийм л гэж. Тэгсэн хазаарын эзний л морь байна гээд Даваагийн халиун түрүү авсан гэж ярьдаг юм. Өөр нэг түүх сонирхуулахад Лодоннүүнүү гэж нэг хүн бий. Тэрний гурван бүдүүн морь нэг, хоёр, гурав дээр ирж байлаа. Нэргүйбаатарын аавын халтар морь, нигаа Нямаагийн хээр гэж бас байлаа. Хээр морь их ч олон түрүүлсэн. Гэхдээ шарга морь, хээр морины түрүүг улсууд янз янзаар ярьдаг юм. Хоёр их сайн морь зэрэгцээд л ороод ирдэг. Зарим нь шарга морь түрүүлсэн, зарим нь хээр түрүүлсэн гээд л. Завсаргүй олон жил зэрэгцэж ирсэн юм билээ. Нэг нь малчин хүнийх, нэг нь сургуулийн захирлын адуу байсан юм. Харин дунд үеийнхэн чинь жоохон саармаг болчихсон. Одоо бол залуучууд сайн уяж байна. Би залууст хэлдэг юм. Морь сайн харайж байгаа хүмүүс бас л бодох хэрэгтэй. Наадам, бригадын өдөрлөгт хамаагүй уясан морьдоо тавихад хүрээд л ирнэ. Тэгэхээр залуучуудын идэвхи жоохон буурнаа даа. Би бол ерөөсөө бригадын өдөрлөгт морь уяж үзээгүй. Энэ нөхрийг зээ хүүгээ хэлэв ч би бас болж өгвөл бригадын өдөрлөг битгий уяж бай гэж хэлдэг юм. Наад улсуудад завсар олгож байх хэрэгтэй. Бусад уяач нь юм аваг л дээ. Жишээ нь гурвуулаа морь уялаа гэхэд дандаа миний морь түрүүлээд байвал та хоёрын идэвхи буурнаа даа. Ээлжлээд түрүүлэг. Хоёр Мөнх ид байхдаа тэгж хэлдэг байсан гэсэн. Амартүвшин Заан гэж манай сумын хүн “хоёр Мөнх ч бас ухаантай шүү. Тав зургаан сард бид нарт бэлтгэлээ сайн хийнэ шүү” гэж хэлдэг байсан гэж ярьсан. Тэгээд бэлтгэлээ сайн хийвэл амлаж авдаггүй байж. Тэр жил нь сайн барилдаж өөдөө гараг гэж чөлөөлдөг байсан гэсэн. Амартүвшин Зааныг нэг жил “чи ноднин чадаагүй, энэ жил бэлтгэл жоохон муу байна” гэж хэлжээ. Тэгээд дөрөв дээр амлаж аваад хаячихсан гэж байгаа. Хойд жил нь “хоршооллын зааланд дориун барилдаж байна. Бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж. Тэгээд тэр жил бэлтгэлээ сайн хийгээд Заан болсон шүү дээ. Тэрэн шиг морь сайтай хүмүүс бол юм болгон дээр морь уяад байвал уяачид цөөрнө. Хүн ухаантай байх ёстой.
-Дарив сум Говь-Алтай аймгийнхаа сумдаас адуугаараа, хурдаараа альхан хавьд бичигдэх вэ?
-Манайх чинь нэг үе хамгийн муу нь байлаа. Баян-Уулынхан Дарив явахад айраг авчихдаг юмаа гэж ярьдаг байсан. Одоо бол тийм байхгүй. Миний бодлоор Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Дэлгэр гээд манай Дарив орох байх шүү. Энэ жилийн ойгоор /2016 он/ хичнээн гадны морьд ирэв. Ховд, Завханы морьд ч ирлээ. Манайхаас гурван бүдүүн морь түрүүллээ, аман хүзүүдлээ, тавлалаа. Зургаа дээр манай халзан морь ирлээ. Арав дотор манай дөрвөн морь ирлээ. Соёолон түрүүллээ, ахиад соёолон дөрөв дээр ирлээ. Мундаг байгаа биз. Сүүлийн үед мөнгөгүй бол морь уяна, адуугаа сайжруулна гэдэг амаргүй болсон. Энэ хавар гэхэд манай сумын улс 300-гаад сая төгрөгөөр адуу авсан байна. Тэгэхээр тэр их хөрөнгө зарсан юм чинь хөдөлмөрлөхөөс өөр яах билээ. Гол нь морийг хайрлаж хамгаалж, уясаар байх л хэрэгтэй. Би хэлдэг юм. Нэг л өдөр цагаа болохоор харайдаг юмаа гэж. Зарим нь ганц хоёр жил болоод морь харайхгүй байна гээд шантарна л даа. Тэгэхэд би 20-н хэдэн жил морь уяж байж их морь түрүүлгэсэн. 1972 оноос уяад 1990-н хэдэн онд морь түрүүлгэсэн. Төрийн наадамд азарга, их морь түрүүлгэж байна гэдэг цаана нь уйгагүй зүтгэл хөдөлмөр байгаа юм шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Та нарт ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
139.5.219.230
Сайхан ярилцлага болжээ ах минь биё эрүүл.морид нь хурдан байх болтугай
Reply