Аймгийн Алдарт уяач Б.Сайнбаяр: 2010 онд миний уясан болгон орж байсан

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 25 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Сайнбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийн алдарт уяач цолыг  ямар айраг, түрүүгээр хэдэн онд авсан бэ?
-Өнгөрсөн өвөл /2012 он / аймгийн Алдарт цол авсан. 2011 онд аймгийн наадамд хүрэн даага аман хүзүүдүүлж, бүсэд бас аман хүзүүдүүлсэн. Мөн аймгийн Гандан хийдийн ойд үрээ түрүүлгэж, энд тэндэхийн сумдын наадамд олон удаа айрагдуулсан.
-Аймагт айрагдуулсан даага ямар угшилтай вэ?
-Манай өвөг дээдсийн удмын адуу байгаа юм. Эх талын дээд удам нь Бундуут халтар, шууд удам нь манай өвөөгийн халтар азарганы төл, эцэг тал нь ахын хадам болох Хүрлээ даргын азарганы төл. Хүрэн даагандаа суманд нэг уралдаж гуравт, аймагт очиж уралдан аман хүзүүдээд, Дорноговийн бүсэд аман хүзүүдэн, 3 уралдахдаа 3 орсон юм. Үрээндээ аймгийн ойд гурваар ирж байгаад цагаан зураас дөхөөд иртэл шогшиж байгаад зургаагаар орсон юм. Тэгээд дараа нь Замын үүдийн 18 жилийн ойд авч очиж түрүүлгэж ирээд удалгүй зарагдсан.
-Хаашаа, хэн гэж хүнд хурдан даагаа өгөв?
-Өнгөрсөн намар Улаанбаатар руу Шунхлайн Пүрэв гэдэг өвгөнд зарсан. Уралдааны бичлэг үзээд, сураглаж байгаад л ирсэн гэсэн.
-Шунхлайн Пүрэв гэхээр АПУ-гийн Батсайханы аав Пүрэв байх нь ээ? Хурдан хүрнийг нь хэдээр үнэлсэн бэ?
-Тиймээ. 80 саяар авсан. Би хоёр адуу л гаргасан. Соёолон хар азаргаа бас хот руу Симба Батсайхан гэдэг хүнд өгсөн юм. Орой нь авъя гээд утасдаад шөнөжин давхиад өглөө 6 цагт дөнгөж морьдоо барьчихаад байж байтал ирээд авчихсан. 2010 онд миний уясан болгон давхиж байсан. Эхлээд хүрэн даагаа заралгүй авч үлдээд, харыгаа 15 саяар зарсан юм. Хар соёолон өвөл нь уралдаж айрагдаад, сумандаа хаврын наадамд бас олон айрагдаж түрүүлчихсэн байсан. Аймагт битүү адуу тавласан.
-Өвөг дээдсийн адууны удмаар уралдаж байгаа гэхээр тэд бас уяач хүмүүс байв уу? Хэд дэх үеийн уяач вэ?
-Манай аав Баатаргал сумын алдарт уяач цолтой. Өвөө маань ч морь уядаг байсан юм. Би гурав дахь үеийн уяач, багаасаа морь мал хариулж, унаж өссөн. Ээжийн дүү нагац ах болон аймгийн 50 жилд хар үрээ түрүүлгэж байсан сумын алдарт уяач Цогтбуянт нарыг дагаж эднээс их зүйл сурсан даа.
-Гурван үеэрээ морь уяж байгаа болохоор адууныхаа удам угшилаа сайжруулж, нэлээд цус сэлбэсэн байх?
-Өвөөгийн халтар азарганы дээд угшил нь эмээгийн ах Цэвэгсүрэнгийн бундуут халтар азарга юм. Цэвэгсүрэнгийн хүү Эрдэнэдалай гэж аймгийн алдарт уяач, түүний хүү аймгийн алдарт уяач Бадарч гээд уяачид бий. Тэднийхний адууны угшил. Манай адууны гол цөм нь бундуут халтрын охин төлүүдэд азарга сольж тавиад гарсан. Сүүлийн үед Цогтбуянтын азарга, Хүрлээ даргын халтар азаргануудыг тавьсан.  Гүү тал нь бол бундуут халтрын төлийн төлүүд байгаа. 
-Аймгийн алдарт болоход хамгийн олон айраг түрүү авсан ямар морь байна?
-Хүнд их танил болгосон нь хар соёолон азарга эхэлж 2011 оны Жавхлант шаргад хөтөлж яваад суугаад 30-аар орсон. Эндээс л Халзангийн Сайнбаяр гэдгийг хүмүүс мэддэг болсон. Хар азаргаа аймагт 2 удаа уралдуулж нэг аман хүзүүдүүлж, нэг тавлуулж, сумынхаа овооны тахилгад түрүүлгэсэн. Тэрний дүү ноднин Дорноговийн бүсэд 15-аар оруулаад тэгээд аймагт давхар уяагаар ирж аймгийн Гандангийн ойд түрүүлж байсан.
-Хүрэн үрээ нэгэнт хүнийх болсон болохоор түүний ах дүү, гайгүй давхичихаар адуу үлдсэн үү?
-Хүрэний эцэг өөртэй дүү хонгор даага байгаа. Сумын алдарт уяач Түвшинбаатарын хонгор азарганы төл. Мөн хар азарганы төрсөн дүү ноднин гайгүй сайн давхиж, энэ тэндэхийн сумдын наадамд олон түрүү авсан. Тэгээд бас бус битүү, бага насны гайгүй сайн давхичих адуунууд байна.
-Улсад уралдах талаар бодож байна уу? Эсвэл дов өндөрдөнө гэдэг шиг шантрах асуудал байна уу?
-Улсад уралдаагүй байгаа, гэхдээ улс, бүсэд уралдах зорилго их байдаг. Ноднин гэхэд хүрэн үрээгээ хадгалж байгаад бүсэд сайн давхиулах бодолтой байсан ч жаахан алдаанаас болж зургаагаар оруулж, дараа нь хүнд өгсөн. Хар азаргаа ч гэсэн улсад уралдуулна гэж бодоод сумандаа сунгаж түрүүлгэчихээд байсан юм.
-Адуугаа хүнд өгсөн мөнгөнийхөө тодорхой хувийг эргээд адууны удам угсааг сайжруулах, цус сэлбэхэд зарцуулдаг уу?
-Өө тэгэлгүй яахав. Ядаж зарсан адууныхаа орыг олж авна, тэгэхдээ гайгүйхэн адуу авахыг бодно. Адууны цусыг сэлбэх зорилгоор өөр аймгуудаас даага, байдас ч юмуу авч байгаа. 
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна