Сүмбэр сумын МСУХ-ны тэргүүлэгч Ө.Алтан-Очир: Би ч олсон мөнгөө адуунд л зориулдаг хүн дээ

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 24 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын МСУХ-ны тэргүүлэгч Ө.Алтан-Очиртой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Манай дээдсүүд Дорноговийн Иххэтийн тайж гаралтай улс байгаа юм. Тэр үедээ Хэтийнбулагтаа овоо тахиж, бүүр наадам хийдэг байсан гэсэн. Эдний адууны угшил Галшар, Иххэт, Алтанширээ, Сүхбаатарын наад талын сумаар байдаг гэж учир мэдэх улс ярьдаг л юм. Гэхдээ би сайн мэдэхгүй. Би чинь Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул хүн. Сүмбэр сумынхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг юм. Морь уяхын тухайд 2008 оноос уяа сойлго тааруулж байна. Анх намайг морь уяж эхлэхэд манай ах Сандагдорж, түүний хүү Хэнбиш нар тусалж, гар нийлэн морь уядаг байлаа. Дүүгийн маань морьд олонтаа айраг түрүүгээр хурдалсан. Бид хамтдаа Сүхбаатар явж авсан зээрд халзан морь нь  олон медальтай. Тэр халзан мориныхоо амжилтаар сумын Алдарт уяач цолонд хүрээд байгаа. Ах дүү хоёр маань намайг хотод байх хугацаанд адуу малыг нь минь харж хандан, морины ажил хийнэ гээд арын албыг гар хүргэлгүй зохицуулчихдаг мундаг улс даа. Энэ ярилцлагын дашрамд тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Багадаа хурдан морь унаж байсан болов уу? 
-Тийм ээ, уралдаанч хүү явлаа. Борхүү гуайн морийг унаж уралддаг байсан. Хөгшин адуу маланд дуртайг маань эртнээс анзаарсан шиг байгаа юм. Анх эмнэг унаж сургахыг зааж өгч байлаа. Бүүр болоогүй тарвага агнахыг хүртэл зааж өгсөн гээч. Миний багад нас нь арай залуу байсан бол бүүр ч их юм зааж өгөх байсан болов уу. Мундаг өвгөн л дөө. 80 гарсан хойноо эмнэг тэмээ сургаж байсан гээд бод доо. Бас цангатай морин дээр мордоход эмээлийн ардуур суудаггүй байсан юм. Залуудаа хонгор морьтын Цэнд гуайн торгон цэрэгт байсан шиг байгаа юм. Банзар гуайн аав Дамбадаржаа гуай “хонгор морьтын Цэнд илүү гэрийн буурин дээр эргэж морь булигуулахгүй юм бол та хоёрыг ямар сайн эр” гэж хэлж байсан тухай ярьж байсан. Манайхан Гашууны Улаан эрэгт айл саахалт явлаа.
-Залуудаа тэгвэл шуугиулж явсан байх нь ээ?
-Адуу хөөгөөд явж байхад шар сүүлт зөндөө таарна. Өвгөн хутга балиусыг янзын ирлээд ширдэгэн доороо хийгээд тавьчихна. Тэгээд огтоно орон доороос гарч ирээд хоёр хөл дээрээ босоход Борхүү гуай хутгаа аваад хойд шилийг нь тас цавчдаг байсан. 70 гарсан хойноо шүү дээ. Ер нь их овжин овсгоотой. Мал энэ тэрээ алдлаа гэхэд мөрдөөд олчихно. Чойр энэ хоёрын хооронд мориор яваад хүнсээ цуглуулаад ирнэ. Харьцангуй унаа тэрэг сайжирчихсан байхад 20 гаруй км газар морьтой л явчихна. Сүүлд намайг уяач болсноос хойш дэрсний салыг мал иддэг боллоо. Тэрнээс бидний багад идүүлэхгүй. Дэрс идүүлээд Борхүү гуайд бас л загнуулна шүү дээ. Хөтлөөд услах гээд явж байхад доошоо тонгойгоод л яах ийхийн зуургүй хазчихна. Тэгээд хэрэг мандана. Өвгөн хөдөлмөр нийгэмлэгт ямаа хариулахын сацуу морь уядаг байсан юм. Би тэрийг нь унаж наймдугаар анги хүртлээ уралдсан. Тэр үед чинь жилдээ ганц л уралддаг байлаа шүү дээ. Хожмоо хүү Нэргүй нь цэргээс ирж, би адуу маланд нь цуг явдаг байсан.
-Уяачийнх нь хувьд та ямар дүн тавих уу?
-Морь сайн уяна л даа. Мориныхоо хоолыг тааруулах тал дээр их анхаардаг байсан. Өөрийнхөө хийж байгааг сайн харж тогтоо гэж хэлнэ. Нэг л удаа хэлж өгнө. Хоёр дахь удаад дахин хэлж зааж өгнө гэж байдаггүй хүн л дээ.
Намайг унаач байхад бас л мундаг мундаг өвгөчүүл байлаа, манай энд. Ахмад уяач Санжаа, салга Дамдин, чөтгөр Намсрай, Цэрэндэжид гуай, Отгонсүрэн гуай гээд л. Тэд чинь нэг л хэлнэ. Дараа ахин  зааж өгөхгүй. Тухайн үед хүүхэд байсан болохоор заримыг нь ойлгоод, заримыг нь ойлгохгүй л өнгөрч дээ.
-Борхүү гуайн адуунаас танд бий юу?
-Үүний өмнөх Боржигоноор Нэргүй ахтай зорьж очоод уулзсан. Жоохон халамцуухан явсан юм. Тэгээд “чи морь сайн уяж байгаа хүн. Манайд ааваас үлдсэн нэг алаг үрээ байна. Тэрийг чи л уралдуулах хэрэгтэй” гэсэн юм.  Дараа нь авах гээд очсон цэргээс ирсэн ганц хүүдээ өгөхөөр боллоо гэсэн. Гал голомтыг нь сахиж буй ганц хүүтэй нь би булаацалдах эрхгүй шүү дээ. Тэгээд л орхисон.
-Таны хувьд моринд ороод анх ямар адуугаар наадаж байв?
-Сургууль соёлын мөр хөөж, мориноос хэсэг хөндийрсөн л дөө. Тэр хооронд манайхны нэг ахдаа үлдээсэн хэдэн мал маань үрэн таран болоод дууссан. Ингээд нутагтаа ирээд бүхнийг шинээр эхэлсэн. Аз бол яг тэр жил надад нэгэн сайхан буян таарч, бүүр болоогүй найм түрүүлдэг байгаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын Адъяа гээд хүний адуунаас авсан юм. Манай эгчийн хүү Онгон суманд хүргэн ороход нь бэлэглэсэн шүдлэн үрээ. Би шүдлэнгээс нь тэжээгээд хязааланд нь уяад үзсэн жоохон тамирдаад байхаар нь орхисон. Тэгээд 2009 оноос хурдалж эхэлсэн. Соёолон үрээ очсон болгондоо түрүүлж байлаа. Архустын 80 жилд 190-ээд соёолон уралдаад айргийн дөрвөөр орж ирсэн. Тэгэхэд Мааньтын шарга халзан соёолон түрүүлж байсан. Уяачийг нь санахгүй байна. Шинэ уяач би гэнэдээд байгаа хүртэл алдахаа шахаж явлаа ш дээ.
-Яагаад тэр вэ?
-Морь цоллох болоогүй гэхээр хүлээгээд ойр зуурхан яваад ирсэн цоллоод дуусчихсан байх нь тэр. Болоогүй Баянжаргалангийн нэг хүрэн үрээ оруулаад цоллочихож. Бүүр сүүл энэ тэрийг боочихсон байсан. Уг нь надад пайз нь байгаа юм. Ингээд хамгаалалтанд зогсож байсан цагдаад учраа хэлж, байгаа авахуулж байлаа. Жоохон удсан бол тэгээд л алдах байсан байна лээ. Уяачид жудагтай байх ёстой л доо. Ер нь уяачийн ёс зүйн талаар орон нутагт ч яримаар санагддаг юм. Ингэж айрагдуулснаас хойш түрүү алдаагүй ээ. Дараа нь өнөө айлаас энэ мориныхоо хоёр ч дүүг нь авсан. Би ч олсон мөнгөө адуунд зориулдаг хүн дээ.
-Архустын 80 жилээс хойш яаж давхисан юм?
-Ганц л удаа айрагдсан нь тэр. Түүнээс уралдсан болгондоо түрүүлсэн. Нийт найман медальтай. Тэр жил уг нь улсад уралдъя гэж нэг бодсон ч эмээгээд, Архустайд очиж наадсан юм. Нутаг нь жоохон гантай байхаар нь Баян сумын Мааньтын энд ирж хооллож хоносон юм. Анх удаа морь уяж байгаа болохоор бүрэг ч байж. Ухаандаа морио олны хэл амнаас нууж байгаа царай нь тэр. Тэгээд жоохон хоолны алдаа гаргачихсан.  Харин дараа жил нь дүүг нь очиж аваад, Дундговийн Угтаал уулын тахилгат мордуулсан. Өнгөлж яваад мотоцикльтой хөндлөн ороод хөлийг нь тулгачихсан. Тухайн үедээ тэр Адъяа гэж хүн ахаасаа илүү хурдан гэж өгч байсан юм. Би суудлын жижиг тэргээр авсан морь л доо. Тэрнээс хойш уралдаагүй. Сайхан төлөө өгөөд л, төлүүд нь хурдлаад л байж байна даа. Бас Төв аймгийн Мөнгөнморьтоос гаралтай шарга азарга авч, одоо төлийнх нь түрүүч шүдлэн үрээ уралдаж байна. Шарга азарга сайн яривал хорих угшилтай адуу байгаа юм. Энэ жил Уяан товог дээр өтгөн наадам болсон. Тэнд хүрэн үрээ айрагдаж, нутгийнхаа нэрийг аваад гарлаа.
-Өөр танд уяачийн баяр баяслыг мэдрүүлж байгаа ямар хурдан хүлэг байна даа?
-Одоо надад Төмөрхуяг гуайн улсад аман хүзүүддэг хээр азарганы төлийн төл хээр морь бий. Хожмын өдөр төрийн наадамд тоосоо өргөн хурдлана гэж бэлгэшээн авсан юм. Тэр үедээ яг чацуу гүү цуг авчирч байлаа. Төмөрбаатар гуай бурхан болж, хүүд нь үлдсэн хоёр адууг би авчраад байгаа нь энэ. Ямартаа ч адууных нь удам угшлыг авч үлдэхсэн гэж бодсон юм. Би тэр гүүнээс нь гарсан төлийг хүүд нь эргүүлж өгнө. Өнөө маргаашгүй надаас авахаар ирэх гэж байгаа. Би одоохондоо адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр түлхүү анхаарч байна. 50 гараад адуутай болсон.
-Томоохон наадмуудаас хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Тав, зургаа айраг түрүү бий.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Уяа эвлүүлсэн энэ жилүүдэд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе, болох уу?
-Мэдээж уясан морио мордуулсан наадам бүхэн сайхан. Гэхдээ яг одоо нэг наадмыг онцолмоор санагдлаа. Хүүхэд байхдаа би Цагаандэлгэрийн Дүгэржав гэж айлын адуун дээр зун очдог байлаа. Нэг удаад очоод хулгайгаар эхийгээ хөхөж байгаа даагыг барьж аваад сургасан. Нэгдлийн адуу л даа. Болоогүй өнөөхөө уяад наадамд уралдуулсан. Эхэндээ ч өнгөлж явснаа даятаад, нэг ёсондоо баян ходоод болчихлоо. Уг нь найдвартай түрүүллээ л гэж бодсон 200 м-ийн хэрд нам зогсчихоод хөдөлдөггүй. Тэр үед чинь баян ходоодны даагыг унасан бөх машин дээр ачиж ирдэг байлаа. Тэгээд цоллооч “унасан хүүхэд нь томдоод...” гээд цоллож гарлаа. Би ч ичисхийгээд толгойгоо маажаад л  зогсож байтал түрүүлсэн морины байны дайтай шагнал өглөө. Түүнд нь лав гэрийн хулдаас байсан юмдаг. Ингээд бууж өгөх битгий хэл харин ч морь уях сонирхол илүү төрж байж билээ.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна