Адууны шөрмөс, шандасны гэмтлийг цаг алдалгүй эмчилж, багадаа дөрвөн сар амраах хэрэгтэй

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 07 -нд

Малын эмч мэргэжилтнүүд морины уяа эхлэхээс уралдаан дууссаны дараа хүртэлх хугацаанд тодорхой тооны адуун дээр тандалт судалгаа явуулжээ. Үр дүнд нь уралдааны буюу хурдан адуунд тохиолддог халдварт бус өвчний 70 хувийг мэс заслын болон хөлний эмгэгүүд эзэлдэг болохыг тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан.Өөрөөр хэлбэл уралддаг адуунд тулгуур эрхтэн болох урд, хойд мөчний төрөл бүрийн эмгэг согог гэмтэл учрах эрсдэл өндөр байдаг аж. Үүсэх нөхцөл шалтгаан харилцан адилгүй ч гол төлөв уралдааны замын бартаа саад, булчин, шөрмөс, үений уян хатан чанар алдагдах, эрдэс  дутагдах, ачааллыг хэтрүүлэх, эмгэгийг бүрэн гүйцэд эдгээлгүй дахин ачаалах зэрэг байдлууд нөлөөлдөг байна.
Мөн судалгаагаар урд мөчний өвчлөлт даруй хэд дахин илүү байдгийг тогтоожээ. Халдваргүй өвчний 70 хувийг  эзэлдэг уралдааны моринд элбэг тохиолддог тулгуур эрхтний эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хэрхэн анагааж эдгээх талаар бид мэргэжлийн эмчээс зөвлөгөө хүслээ. Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангийн зочин бол “Монгол ВИ.И.ТИ.НЕТ” ТББ-ын төслийн зохицуулагч, малын их эмч Эрдэнэцогтын Наранхүү юм. Тэрээр 2007 онд ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгссөнөөс хойш тус байгууллагат ажиллан орон нутгийн малын эмч, малчдад сургалт хийхээс  гадна адууны эмнэлэг дээрээ түлхүү ажилладаг аж.
Хурдан моринд түгээмэл тохиолддог эмгэгийн нэг нь туурайн эврийн хэсэгт тохиолдох эмгэгүүд юм. Энэ талаар Э.Наранхүү эмч зөвлөхдөө:
Адуунд тохиолддог олон төрлийн өвчин эмгэг байдаг тэр дундаа Хурдан моринд хөлний бэртэл эмгэг сүүлийн жилүүдэд ихээр тохиолдох болсон. Хөлийн буруу тавилт, туурайн буруу ургалт, засалт зэрэг нь ихээхэн чухал бөгөөд эдгээр согогийг цаг тухайд нь засч янзлахгүй бол давхилд нөлөөлөхөөс гадна шөрмөс, шандсанд ирэх ачааллыг нэмэгдүүлж улмаар хөл гэмтэх бэртэх шалтгаан болно. Өөрөөр хэлбэл эрхэм уяач та бүхэн хурдан хүлгийнхээ эрүүл мэнд тэр дундаа хамгийн чухал басхүү эмзэг эрхтэн болох хөлөнд санаа тавихдаа туурайн хэсгээс эхлэх хэрэгтэй ул, гахай туурайн ханын арчилгаанаас  эхлэх нь зүйтэй юм. Ингэхдээ гүйцэтгэж байгаа үүргээс хамааран урд, хойд туурайн хэлбэр бага зэргийн ялгаатай байдгийг санахад илүүдэхгүй бизээ. Мөн монгол орны эрс тэс цаг уур, хангай, тал хээр хосолсон газар нутгийн байдлаас хамаараад ул туурайнд тохиолдох эмгэгүүд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл хангай буюу хад чулуутай элбэгтэй газрын адууны туурай хагарах, цуурах нь элбэг байдаг бол говийн адууных элэгдэж улдах нь олонтаа. Туурайн буруу ургалт, хагарах цуурахаас гадна хурдан морины уралдаан олширсонтой холбогдон адуу доголох асуудал элбэг тохиолдож байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс зарим уяачид тах хэрэглэж байгаа нь сайшаалтай ч зөв, мэргэжлийн түвшинд тахлахгүй бол сөрөг үр дагавар ихтэйг сануулах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл хамгийн наад зах нь адуундаа саад тээр болохоос эхлээд цаашлаад туурайн хананы холбоос эдийг гэмтээх, туурайг шархлуулах зэрэг сөрөг үр дагаврууд гарч болно. Туурайг шархлуулснаар  халдвар амархан нэвтрэхийн зэрэгцээ туурайн ханын холбоосыг салгаснаар үрэвсэл үүсч хүндэрдэг цаашлаад туурай зузаарч хурдан ургах бүр туурай мултарч унах зэрэг хүндрэлүүд учрах эрсдэлтэй юм. Тиймээс уяачид та бүхнийг аль болох туурайг нь байнга засаж анхаардаг байхыг зөвлөж байна. 
Хурдан морины эмгэгүүд дотор хөлний эмгэг гэмтэл голлох хувийг эзэлдэг ба үүн дотроос зөөлөн эдийн буюу шандас, шөрмөсний гэмтэл нь 90 хүртэл хувийг эзэлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Монголын морьд холын зайд хатуу, жигд бус гадаргуу дээр уралддаг учир түүнийгээ дагаад хөлний гэмтэл бэртэл авах нь элбэг. Тэрхүү бэртлийг бид шөрмөсөө цохих, нүдлэх, цус буух гэх зэргээр нэрлэж ирсэн ч шинжлэх ухааны үүднээс шөрмөс, шандасны гэмтэл хэмээн нэрийддэг аж. Tнэ талаар зочин маань:
Юун түрүүнд шандас, шөрмөс гэгч юу болохыг ялгаж салгаж зөв ойлгох нь зүйтэй. Шандасыг энгийн үгээр тайлбарлавал  ясыг ястай холбож байгаа холбоос эд. Өөрөөр хэлбэл бэрэвхийн үе, сагагны үе, туурайн үе зэргийг хооронд нь холбож байгаа эд юм. Харин шөрмөс гэдэг нь булчинг ястай холбож өгдөг холбоос. Энэ төрлийн бэртлийг гаднаас нүдээр харж, туурайн хутга, туурайн бахь ашиглан  гараар тэмтэрч болох ч рентген болон эхо аппарат ашиглан илүү тодорхой оношлох боломжтой. Энэ төрлийн гэмтэл авснаас хойш эхний 12 цагт  тусламж үйлчилгээг үзүүлэх нь зөв эдгэрэх цаашлаад  дахин уралдах чадвартай болгоно. Өөрөөр хэлбэл өнчин яснаас бусад төрлийн эмгэг эдгэх гол суурь нь бэртэл авснаас хойшхи эхний 12 цаг юм. Зарим уяачид хэдэн сар, тэр байтугай жил өнгөрчихсөн хойно нь морио үзүүлье, эмчлүүлье гээд хүрээд ирдэг. Энэ үед гэмтсэн шандас шөрмөс сорвижон бүдүүрээд эдгэчихсэн байдаг тул үр дүн гарахгүй. Нэгэнт сорвижоод бүдүүрээд эдгэчихсэн шандас, шөрмөс нь багахан хэмжээний ачаалал авах үед буюу сунгаа, тарны үеэр буцаад доголчихоод байдаг. Ингээд ирэхээр нь эмчид ханддаг. Харамсалтай нь бидний зүгээс туслах боломжгүй, нэгэнт оройтсон байдаг. Тиймээс уяачид та бүхэн уяаны явцад уралдаан, тар сунгааны дараа морьдоо тогтмол ажиглаж ямар нэг зовиур илэрвэл тэр дор нь малын эмчид хандах хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд ирсэн дуудлагаас ажиглаж байхад энэ төрлийн бэртэл нь бүх адуунд тохиолдох боловч бага насны адуунд илүүтэй байх шиг. Өөрөөр хэлбэл шандас шөрмөсний ид өсөлтийн үед нь хэт өндөр ачаалал авах, ачааллын давтамж ойрхон байх зэрэг нь бэртэл авах гол хүчин зүйл болох талтай.
-Шандас, шөрмөсөндөө бэртэл авсныг хэрхэн мэдэх вэ?
-Тар, сунгаан, уралдааны дараа морь чинь зовиурлан хөлөө сойх, доголох зэрэг байдлыг үзүүлж хөл нь халж хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл хаванг нь бууруулах, үрэвслийг нь намдаах, амраах эмчилгээг нэн тэргүүнд хийнэ. Ер нь доголын үед дөрвөн зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Үүнд нэгдүгээрт хүйтэн жин тавих. Энгийн юм шиг сонсогдож болох ч үр дүнгийн хувьд өндөр. Ялангуяа хүйтэн усанд сойж, тэлсэн судсыг агшаах нь үрэвслийг намдааж, өвдөлтийг багасгахаас гадна хаван хавдрыг өргөсөхөөс сэргийлдэг давуу талтай. Зөвхөн хавдсан хэсэгт мөсөн жин тавихаас гадна голын хүйтэн усанд зогсоож болно. Усанд сойхтой холбогдуулан хэлэхэд уяачид маань зун уясан морьдоо намар олон хоногоор голын усанд зогсоодог болж. Гэмтэл аваад удчихсан  буюу дээр ярьсан сорвижолт нэгэнт үүссэний дараа ийнхүү жин тавих нь үр дүн багатай байдгийг санахад илүүдэхгүй бизээ. Бэртэл авсаны дараа хүйтэн жин тавьж, усанд сойхоос гадна хаван хавдрыг газар авахуулахгүй байхын тулд боолт хийж болно. Ингэхдээ хэтэрхий чанга биш, хэтэрхий сул биш байх ёстой. Зарим малчид гялгар уутаар жимбийтэл нь боох юмуу скочоор ороочихсон байдаг. Энэ нь агаарыг нэвтрүүлэхгүйгээс гадна цусны эргэлтийг боогдуулж цаашлаад тухайн адууг бүр мөсөн хөлгүй болгох ч сөрөг талтай. Ер нь боолт багадаа хоёр хуруу орох хэмжээний зайтай сулавтар байх нь тохиромжтой. Доголын үед авах дараагийн арга хэмжээ бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм тариаг зөв тунгаар тодорхой зөв хэрэглэх явдал. Маш олон эм тарианууд бий. Хэрэглэхийн өмнө заавал малын эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Эм тариа болгон өөр өөр найрлага, тунтай. Мөн адуу болгон харилцан адилгүй бие бялдартай. Тухайн адууны амьдын жинд тохируулан эм, тарианыхаа тунг тохируулах ёстой тул заавал эмчид ханд хэмээн зөвлөж байгаа юм. Жин тавьж, үрэвслийг намдаагаад, боож хаван хавдрыг барьсаны дараа эм, тариаг зааврын дагуу хэрэглэхээс гадна дөрөв дэх гол хүчин зүйл бол амраах. Ер нь бол хамгийн үр дүнтэй сайн эмчилгээ амралт ч малчид, уяачид төдийлөн хэрэгжүүлэх дургүй байдаг. Энэ нь хамгийн чухал үр дүнтэй аргаас татгалзаж байна гэсэн үг юм.
-Ямар хугацаанд амраах ёстой вэ?
-Дор хаяж зургаан сар. Ингэж байж ачаалал даах чадвар нь сэргэнэ. Болж өгвөл нэг жил хүртэл хугацаагаар амраах хэрэгтэй. Манай уяачдын гаргадаг түгээмэл алдаа бол доголонгуут нь үрэвсэл намжаах эмчилгээнүүдийг хийгээд шинж тэмдгүүд дарагдмагц 14 хоног эсвэл сарын дараа дахиад уралдуулчихдаг. Энэ  үед бүрэн эдгээгүй байсан шөрмөс, шандас дахин сэдэрч илүү хүндээр гэмтэнэ. Доголчихсон байгаа адуундаа өвчин намдаадаг эм тариа хийгээд мордуулчихаж байгаа уяачийг нэг бус удаа харсан. Тэр тохиолдолд харин ч илүү их гэмтэх аюултай. Өөрөөр хэлбэл өвчнөө мэдрэхгүй байгаа адуу гэмтлээ хүндрүүлж болзошгүй. Орчин цагт урьдынх шигээ нэг адуугаар олон жил наадаж тогтмол амжилт үзүүлж чадахгүй болсон нь уяачидтай өөрсдөдтэй нь шууд холбоотой. Удам, угшил сайтай хурдлах чадвар өндөртэй бол нэг жилийн уралдаанаас татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Тэгж байж хурдан буян тань олон жил уралдана шүү дээ. Бэртэл гэмтэл аваагүй ч гэсэн морьдоо тодорхой хугацаанд амрааж шөрмөс, шандас сэргэх, ачаалал даах чадвартай болох боломжийг олгох хэрэгтэй. Тэр нь хамгийн багадаа 14 хоног, цаашлаад нэг сар. Мөн бэртэж гэмтээгүй ч байсан уралдаад ирснийх нь дараа хүйтэн жингээ тавьж байхад буруудах зүйлгүй гэдгийг давхар сануулах нь зүйтэй байх. Шандас, шөрмөсний гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд ачааллыг бууруулах. Өөрөөр хэлбэл олон давхар уяагаар гулсуулж уралдахаас татгалзах. Ядаж тоог нь цөөлөх. Дээр нь шингэнийг хангалттай хэмжээгээр өгөх. Манай уяачдын түгээмэл гаргадаг алдаа бол уралдааны замд гарах үед нь шингэнийг маш багаар өгдөг. Зүй нь аль болох ахиухан ус өгч байх хэрэгтэй. Хангалттай хэмжээний ус өгөх нь шингэн алдалт, бахардалтаас сэргийлэхээс гадна шандас шөрмөсөнд эерэг нөлөөтэй. Зөвхөн уралдахын өмнө ч бус ирснийх нь дараа ч гэсэн шингэнийг хангалттай өгөх хэрэгтэй. Ингэхдээ мэдээж нэг дор ихээр бус 15 минут тутамд бага хэмжээгээр өгвөл илүү үр дүнтэй байдаг. Энэ дашрамд сонирхуулахад морин спорт хөгжсөн бусад орнууд удам угшил сайтай ирээдүйд уралдана гэсэн адуугаа эхийн хэвлийд байх үеэс нь эхлээд тордож эхэлдэг. Өөрөөр хэлбэл эхэд нь сайн чанартай туулга өгөх, кальци, кали, төмөр зэрэг эрдсээр баялаг тэжээлээр тэжээх гэх мэт. Манайд хараахан энэ тогтцолцоо нэвтрээгүй хэдий ч уяачид маань санаж явахад илүүдэхгүй бизээ.
Сүүлийн жилүүдэд манай уяачдын санааг зовоож, адууг дахин уралдах боломжгүй болгож байгаа хамгийн түгээмэл эмгэг бол ясны тэр дундаа өнчин ясны гэмтэл юм. Өнчин яс гэдэг нь шилбэний болон бэрэвхийний ясны яг нийлэх хэсгийн ард олон шөрмөсөөр хамгаалагдаж байрлах хоёр хос тойг хэлбэрийн ясыг хэлнэ. Энэхүү гэмтэл чухам юунаас үүдэлтэй болох мөн хэрхэн урьдчилан сэргийлэх тухайд Э.Наранхүү эмч ийн зөвлөлөө.
Манай эмнэлэг дуудлагаар очиж оношлогоо эмчилгээ хийдэг. Зөөврийн рентген аппаратаар оношийг эрт зөв тодруулж зохих эмчилгээг цаг алдалгүй хийснээр таны хурдан морны уралдах насыг уртасгадаг гэж хэлж болно. Бид өнгөрсөн хугацаанд рентген аппаратаар 270 гаруй адууны зургийг авч харахад үүнээс 70 гаруй адууны өнчин яс нь гэмтэлтэй гарсан байдаг. Өөрөөр хэлбэл ясны бэртэл дотроо өнчин ясны гэмтэл давамгайлах хандлагатай байна. Хамгийн харамсалтай нь нэгэнт энэ төрлийн бэртэл авсан адуу ямар ч эмчилгээ хийсэн эмчилгээ авдаггүй. Өөрөөр хэлбэл таны хурдан хүлгийн өнчин яс гэмтсэн нь нэгэнт тогтоогдвол дахин уралдуулах ямар ч боломжгүй болдог. Ихэнхдээ уяачид оношлуулалгүй цаг алдаж басхүү өндөр өртөгтэй үр дүнгүй эмчилгээг хийчихсэн байдаг. Тиймээс юу гэж зөвлөх гээд байна вэ гэхээр юун түрүүнд зөв оношлуулах хэрэгтэй. Өнчин ясны бэртэх гол шалтгаан нөхцөл бол мэдээж механик хүчин зүйлүүд. Шөрмөсний ачаалал ихсэж сунаж ядрахаар шандсан дээр бүхий л ачаалал ирнэ. Шандасны ачаалал ихэсмэгц өнчин ясыг цуу татах, дундуур нь хугалах эмтлэх зэрэг сөрөг үр дагаврууд бий болдог. Иймээс л эрхэм уяачид та бүхнийг хурдан хүлгээ хайрлан гамнаж амралттай уралдуулахыг ахин дахин зөвлөөд байгаа юм.
-Хөлний бэртэл доголын үед анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нэн шаардлагатай  эм, тариануудыг санал болгооч?
-Манай байгууллага нь Англи, хойд Ирланд, АНУ-аас эм тариагаа оруулж ирдэг тэр дундаа Фенилбютазон, Флуниксин, Калвазон зэрэг доголын үед өгдөг эмүүдийг импортлон  оруулж ирдэг. Энэхүү эм нь үрэвсэл, өвдөлтийг намдааж хаван тэлэхээс сэргийлэн намжаадаг. Ингэснээрээ шандас шөрмөсний гэмтэлд өндөр үр нөлөөтэй, богино хугацаанд өндөр үйлчилгээ үзүүлдэг сайн талтай. Гэхдээ эрхэм уяачид аливаа эм тариаг хэрэглэхийн өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай хэмээн дахин сануулах байна. Та бүхний уясан хүлэг морьд эрүүл саруул, хурдан хурц байх болтугай.
-Бидний урилгыг хүлээн авч, манай уншигчдад зөвлөгөө өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.